A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2000 оны 72 дугаар тогтоолын хавсралт


ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ГЭРЭЭГЭЭР ГҮЙЦЭТГҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР
Нэг.Хөтөлбөрийн үндэслэл
Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн бүх салбарт явагдаж байгаа өөрчлөлт, шинэчлэлтийн үйл явц эрүүл мэндийн салбарыг нэгэн адил хамарч байна. Эрүүл мэндийн салбарын өөрчлөлт, шинэчлэлтийн тулгуур зорилтуудын нэг нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд төрийн бус болон хувийн хэвшлийн байгууллагын оролцоо, гүйцэтгэх үүргийг өргөжүүлж, өмчийн олон хэвшилд суурилсан эрүүл мэндийн салбарын тогтолцоог бүрдүүлэх явдал юм. Энэхүү тогтолцоог бүрдүүлэхдээ эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний онцлог, түүний чанар, хүртээмжийг харгалзсан уян хатан бодлого баримталж, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага үүсэн хөгжих таатай орчинг бий болгохын зэрэгцээ хувьчлалын хамгийн оновчтой хэлбэрийг сонгон авч хэрэгжүүлэх юм.
1997 оноос эхлэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх туршилтыг хэрэгжүүлж, эхний үе шат дуусч байна. Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 160,  218 дугаар тогтоолын дагуу эрүүл мэндийн салбарын хувьчлалын үндсэн хэлбэр эмнэлгийн байгууллагын удирдлагыг гэрээгээр гүйцэтгүүлэх туршилтыг явуулав. Энэ ажлын хүрээнд дүүргийн нэгдсэн эмнэлэг, зарим сумдын эмнэлгийн удирдлагын үйл ажиллагааг хувийн хэвшлийн байгууллага болон иргэдээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх журам, гэрээний загварыг боловсруулан туршилтын үйл ажиллагааг зохион байгууллаа.
Нийслэлд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, орон нутагт 16 аймгийн 47 сумын эмнэлгийн удирдлагын үйл ажиллагааг гэрээгээр гүйцэтгүүлэх туршилт явагдав. Энэхүү туршилт нь эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, салбарын эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэхэд чиглэгдсэн бөгөөд цаашид эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэхэд анхаарах асуудал, баримтлах зарчмыг тодорхойлоход чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон юм.
Хүн амд үзүүлж буй эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, эдийн засгийн үр өгөөж хангалтгүй байгаа өнөөгийн нөхцөлд эрүүл мэндийн салбарын хязгаарлагдмал хөрөнгө, нөөцийг үр дүнтэй ашиглах, бүх шатны эрүүл мэндийн байгууллагын удирдлагын арга барил, хариуцлагыг сайжруулах замаар тусламж, үйлчилгээний чанарыг зохих  түвшинд хүргэж сайжруулах шаардлагатай байна.
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг эмч, эмнэлгийн ажиллагсад, төрийн бус болон хувийн хэвшлийн байгууллагаар шударга өрсөлдөөний үндсэн дээр гэрээгээр гүйцэтгүүлэх ажлыг үргэлжлүүлэхэд чиглэсэн эрх зүйн орчин, санхүүжүүлэх механизмыг бүрдүүлэх зайлшгүй шаардлагаас үүдэн энэхүү хөтөлбөрийг боловсрууллаа.
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүл мэндийн тухай багц хууль, Иргэний эрүүл мэндийн даатгалын хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад акт, энэхүү хөтөлбөрийг мөрдлөгө болгоно.
Хоёр.Хөтөлбөрийн  зорилт,  хэрэгжүүлэх зарчим
 1.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэхэд төрийн бус, хувийн хэвшлийн байгууллага болон иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар эмчилгээ, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, салбарын эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэхэд энэхүү хөтөлбөрийн зорилт оршино.
 2.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ дор дурдсан зарчмыг баримтална:
а/шалгаруулалтыг ил тод, шударга өрсөлдөөний үндсэн дээр явуулах;
б/эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг нийгмийн гишүүн бүр хүртэх боломжтой байх нөхцөлийг бүрдүүлэх;
в/эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх болон анхан шатны тусламжийг бэхжүүлэхэд дэмжлэг болох;
г/төсөвт зардлыг хэмнэх, чанартай тусламж, үйлчилгээ үзүүлэх эрмэлзлэлийг төрүүлэхэд чиглэгдэх;
д/нэг шатлалд эмнэлгийн тусламж, үйлчилгээг ижил нөхцөлд үзүүлж байгаа байгууллагын хувьд гэрээний нөхцөл адил байх;
е/эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, эмчилгээний стандарт, үнэ тариф нь төрийн хяналт, зохицуулалттай байх; 
ж/эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өнөөгийн түвшин, чанарыг бууруулахгүй байх, тусламж, үйлчилгээний төрөл, хэлбэр, үйлчлэх хүрээг хэвээр хадгалах, түүнийг цаашид сайжруулах.
 Гурав.Хөтөлбөрийн хамрах хүрээ
3.Хөтөлбөрт төрийн өмчит эрүүл мэндийн байгууллагын дараахь тусламж, үйлчилгээ хамрагдана:
а/анхдагч шатлалын тусламж, үйлчилгээ буюу ерөнхий мэргэжлийн тусламж, үйлчилгээ:
Багийн, өрхийн, сумын болон сум дундын эмнэлгийн тусламж, үйлчилгээ хамаарна;
б/хоёрдогч шатлалын тусламж, үйлчилгээ буюу үндсэн мэргэжлийн тусламж, үйлчилгээ:
Аймгийн болон дүүргийн нэгдсэн эмнэлгийн үйлчилгээ, тэдгээртэй дүйцэх түвшний ор бүхий эмнэлгийн (төрөх газрууд г.м) үйлчилгээ хамаарна;
в/гуравдагч шатлалын тусламж, үйлчилгээ буюу төрөлжсөн нарийн  мэргэжлийн тусламж, үйлчилгээ:
Улсын хэмжээний үйлчилгээтэй клиникийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн тусламж, үйлчилгээ хамаарна.
Дөрөв.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа, арга, хэлбэр
4.Хөтөлбөрийг 2000 оноос эхлэн хэрэгжүүлэх бөгөөд  дараахь аргыг хэрэглэнэ:
а/тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх:
Эмнэлгийн удирдлага тодорхой үйлчилгээг гэрээний үндсэн дээр аж ахуйн нэгж, иргэнээр гүйцэтгүүлэх бөгөөд ашгийн тодорхой хувийг эмнэлэг авна. Аж ахуйн нэгж, иргэн нь тухайн үйлчилгээг стандартын түвшинд чанартай гүйцэтгэх үүрэг хүлээх бөгөөд эмнэлгийн удирдлага нь яам болон нутгийн захиргааны байгууллагын өмнө гэрээгээр гүйцэтгүүлж байгаа үйлчилгээний эцсийн үр дүнгийн талаар хариуцлага хүлээнэ. Лабораторийн шинжилгээ, дүрслэл оношилгоо болон угаалга, ариутгал, цэвэрлэгээ, гал тогоо зэрэг эмнэлгийн туслах үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлнэ;
б/удирдлагын /менежментийн/ гэрээ:
Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага нь эрүүл мэндийн байгууллагыг удирдах үйл ажиллагааг удирдлагын өндөр мэргэшил, дадлагатай, хөрөнгө, нөөцийг үр ашигтай зохион байгуулах чадвартай хувь хүн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагаар гэрээний үндсэн дээр  гүйцэтгүүлнэ.
Менежментийн гэрээний үндсэн нөхцөл нь зардлаас давсан орлогыг тухайн эмнэлгийн хөрөнгө оруулалт, эмнэлгийн менежментийг сайжруулах, урамшуулахад зарцуулах явдал юм. Энэхүү хувь, хэмжээг төрийн захиргааны төв байгууллагаас тогтоох бөгөөд удирдлагын гэрээнд тодорхой тусгаж өгнө. Зардлаас давсан орлогоос эмнэлгийн удирдлагад олгох хувь нь эмнэлгийн үйл ажиллагааг хамгийн үр ашигтай байдлаар зохицуулах хөшүүрэг болох юм.
Менежментийн гэрээ нь аль болох бага зардлаар стандартын шаардлага хангасан эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг үзүүлэх замаар зардал хэмнэж, ашигтай ажиллах сонирхлыг урамшуулахад чиглэгдэнэ.
5.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чиглэл бүрийн онцлогт  тохирсон хэлбэрийг сонгоно.
а/өрхийн эмнэлэг:
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлнэ. Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээг нэг иргэнд ногдох зардлын хэмжээ болон бүртгүүлсэн иргэдийн дундаж тоонд үндэслэн төр хариуцан санхүүжүүлнэ;
б/сумын эмнэлэг:
Сумын эмнэлгийн удирдлагатай сумын Засаг дарга, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга нар гурвалсан гэрээ байгуулж ажиллана;
в/аймаг, дүүргийн болон клиникийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүд:
Эмнэлгийн удирдлагын үйл ажиллагаа, үндсэн болон туслах үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх арга хэлбэрийг хэрэглэнэ.        
Тав.Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт
6.Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төрийн захиргааны байгууллагууд дараахь үүргийг гүйцэтгэнэ:
 а/төрийн захиргааны төв байгууллага /Сангийн яам, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам/:
1/Эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх бодлого, чиглэлийг тодорхойлон, холбогдох заавар, журам боловсруулан хэрэгжилтийг зохион байгуулах;
2/Эрүүл мэндийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгож, эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхлэх эрх олгох, эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хяналт тавих, шалгуур үзүүлэлтийг боловсруулах;
3/Тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэж буй байгууллагын үйл ажиллагаа, тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, эмчилгээний стандартын мөрдөлтөд мэргэжлийн хяналт тавьж  ажиллах;
4/Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэхтэй холбоотой асуудлаар мэргэжил, арга зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлэх;
5/Удирдлагыг гэрээгээр гүйцэтгүүлж байгаа эрүүл мэндийн байгууллагын  санхүүжилтийг /төсвийн болон даатгалын/ хугацаанд нь  олгох.
б/Төрийн өмчийн хороо:
1/Төрийн өмчийн эд хөрөнгийн эзэмшилт, хадгалалт, хамгаалалтад хяналт тавьж, түүнийг сайжруулах ажлыг зохион байгуулан гүйцэтгэлийг хянах;
2/Төрийн өмчийн эд хөрөнгийн анхан шатны бүртгэл, тооллого, тайлан тэнцэл гаргах ажлыг зохион байгуулан  удирдах, төрийн өмчийн эд хөрөнгийн ашиглалтад хяналт тавих;
3/Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэхээр шалгарсан гүйцэтгэгч аж ахуйн нэгж, иргэнтэй төрийн өмчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах талаар гэрээ байгуулан хэрэгжилтэд нь хяналт тавих.
в/Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга:
1/Орон нутагт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх хөтөлбөрийн  хэрэгжилтийг тухайн шатны Засаг дарга нь холбогдох газруудтай хамтран зохион байгуулж, түүнд хяналт тавих;
2/Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэхээр шалгарсан гүйцэтгэгч аж ахуйн нэгж, иргэнтэй гэрээ байгуулж,  биелэлтийг хангуулах;
3/Хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өнөөгийн түвшин, чанарыг бууруулахгүй байх, эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтийг цаг хугацаанд нь олгох арга хэмжээг авах;
4/Эрүүл мэндийн болон бусад салбар, аж ахуйн нэгж, хамт олон, хувь хүн, олон нийтийг хүн амын эрүүл мэндийг хамгаалах, сайжруулах ажилд өргөнөөр татан оролцуулж, тэдний үйл ажиллагааг нэгтгэн зохицуулах.
Зургаа.Хөтөлбөрийн үр дүн, шалгуур үзүүлэлт
7.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараахь үр дүнд хүрсэн байна:
а/эмнэлгийн байгууллагын удирдлага нь эмнэлгийн төсөв, хөрөнгө, нөөцийг хэрхэн үр ашигтай зарцуулахыг өөрсдөө мэдэж шийддэг байх;
б/эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээний ажил хэвийн явагдах, үйлчлүүлэгчийн эрх, ашгийг хамгаалах, тэдний эрэлт, хүсэлтэд нийцсэн үйлчилгээ үзүүлэх, оношилгоо, эмчилгээний багаж, тоног төхөөрөмжийн ашиглалт, хангамж сайжирч, санхүү, аж ахуйн хувьд эмнэлгийн үйл ажиллагааг илүү үр дүнтэй явуулах нөхцөл бүрдэх;
в/эмнэлгийн удирдлагын багийн гишүүд болон эмч, ажилтнуудын ажлын хариуцлага, идэвхи, санаачилга дээшилж, хүнд үйлчлэх, ажилдаа хандах дадал заншил, сэтгэлгээнд нааштай өөрчлөлт гарах;
г/үйлчлүүлэгч /өвчтөн/ нь эмч болон эмнэлгээ өөрөө сонгох боломжтой болох, эмч, эмнэлэг нь чанартай сайн үйлчилгээгээр өвчтөнийг өөртөө татахын төлөө өрсөлдөх;
д/эрүүл мэндийн байгууллагын бүтэц, ажиллагсдын орон тоо нь тусламж, үйлчилгээний эрэлт хэрэгцээгээр зохицуулагдаж байвал зохих түвшинд хүрэх бөгөөд өрсөлдөөний дүнд эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж  дээшлэх.
8.Хөтөлбөрийн хэрэгжилтийг дараахь шалгуур үзүүлэлтээр үнэлнэ:
а/эмнэлгийн тусламж, үйлчилгээний шатлалаар хүн амд үзүүлэх зайлшгүй шаардлагатай багц үйлчилгээний чанар, хүртээмж дээшилсэн байх; 
б/эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд төрийн бус болон хувийн хэвшлийн байгууллагын гүйцэтгэх үүрэг, оролцоо нэмэгдсэн байх;
в/эрүүл мэндийн салбарт шударга өрсөлдөөн өрнөх нөхцөл, боломж бүрдсэн байх;
г/эрүүл мэндийн байгууллагын хөрөнгө, нөөцийн ашиглалт, санхүүгийн бие даасан байдал сайжирсан байх.
 
----оОо----