A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2003 оны 121 дүгээр тогтоолын хавсралт

МОНГОЛ ОРНЫ ИДЛЭГ ШОНХОРЫГ ХАМГААЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
(Энэ хавсралтыг 2011-*09-21-ний 277-р тогтоолоор  хүчингүй болсонд тооцсон)
Нэг. Нийтлэг үндэслэл
Дэлхийд тархсан 28 зүйл шонхортны овгоос 10 зүйл нь Монгол оронд бүртгэгдсэний дотор биеэр том, анд хэрэглэгддэг нь идлэг шонхор юм. Энэ зүйл нь манай орны ойт хээр, хээр тал, говь, заримдаг цөлийн баянбүрд, хад цохиотой орчноор өргөн тархсан бөгөөд хаврын улиралд 6,0 мянга орчим, намрын улиралд 11,5-16,5 мянган толгой идлэг шонхорын нөөцтэй байдгийг судалгаагаар тогтоосон байна.  Идэш тэжээлийн хүрэлцээ, амьдрах орчны нөхцөлөөс хамааран идлэг шонхорын тархац, тоо толгой байнга өөрчлөгдөж байдаг ажээ. Хэдийгээр манай оронд идлэг шонхорын нэлээд нөөц байгаа ч гэсэн уг амьтныг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн үржих орчин бүрдээгүйн улмаас тэдгээрийн өсөлт, тоо толгойд сөрөг нөлөөлсөөр байна.
"Амьтан, ургамлын ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах конвенци"-ийн гишүүн орны хувьд Монгол Улс уг конвенцийн 2 дугаар хавсралтад орсон идлэг шонхорыг хамгаалах асуудлыг төрийн бодлогын хэмжээнд авч үзэж, түүний идэш тэжээл, нөхөн үржих таатай орчинг бүрдүүлэх, зориудаар гаршуулан өсгөн үржүүлэх ажлыг зохион байгуулах, байгалийн популяцыг сэлбэн хамгаалах нь зөвхөн манай улс төдийгүй олон улсын ач холбогдолтойн зэрэгцээгээр гадаад орнуудаас эдийн засгийн дэмжлэг авах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.
 
Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт
2.1. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь идлэг шонхорын нөөц хомстохоос урьдчилан сэргийлэх, түүний шалтгааныг арилгах, тоо толгойн хэвийн өсөлтийг хангахтай холбогдсон менежментийн ажлыг шинэчлэх, энэ талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлоход оршино.
2.2. Дээрх зорилгыг хангах үүднээс дор дурдсан зорилтыг дэвшүүлж байна:
2.2.1. идлэг шонхорыг хамгаалах, өсгөн үржүүлэх, зохистой ашиглах эдийн засгийн үндсийг бүрдүүлж, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох;
2.2.2. идлэг шонхорын экологи-биологийн судалгаа, мониторингийн ажлыг тогтмолжуулах замаар тархац, нөөц болон гадаадад гаргаж болох тоо хэмжээг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нарийвчлан тогтоох, удмын санг хамгаалах, мэдээллийн санг бүрдүүлэх;
2.2.3. идлэг шонхорын хамгаалалтыг сайжруулахад нутгийн иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх;
2.2.4. идлэг шонхорыг зориудаар гаршуулан өсгөн үржүүлж байгалийн популяцыг сэлбэх сүлжээг орон нутагт бий болгох;
2.2.5. идлэг шонхорыг хамгаалах, өсгөн үржүүлэх чиглэлээр үр дүнд хүрэхүйц олон улсын болон өөрийн орны төслүүдийг хэрэгжүүлэх.
 
Гурав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл  ажиллагааны чиглэл
Энэхүү хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр дор дурдсан арга хэмжээ авна:
3.1. Идлэг шонхорыг хамгаалах, өсгөн үржүүлэх, зохистой ашиглах эдийн засгийн үндсийг бүрдүүлж, хууль эрх зүйн орчинг  боловсронгуй болгох зорилтын хүрээнд:
3.1.1. амьтны аймгийн тухай хуульд махчин шувуудын талаар нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж шийдвэрлүүлэх;
3.1.2. идлэг шонхорын үндсэн тархац нутгийг орон нутгийн болон улсын тусгай хамгаалалтад хамруулж, хамгаалалтын менежментийг сайжруулах;
3.1.3. идлэг шонхорыг барих, ашиглах журам, зааврыг боловсронгуй болгож мөрдүүлэх;
3.1.4. идлэг шонхорыг зөвшөөрөлгүй, хууль бусаар барих тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг чангатгах;
3.1.5. идлэг шонхорыг хамгаалах ажлыг эрчимжүүлж, хууль бусаар барьсан талаар мэдээлсэн иргэдийг урамшуулах механизмыг бий болгох;
3.1.6. идлэг шонхорыг хамгаалахад олон улс, бүс нутгийн болон хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх;
3.1.7. идлэг шонхорын амьдрах орчин, тэдгээрийг хамгаалах ач холбогдлын талаар ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад анхан шатны мэдлэг олгох, иргэдэд идлэг шонхорын талаар сурталчлах, таниулах ажлыг эрчимжүүлэх;
3.1.8. идлэг шонхорыг хамгаалах чиглэлээр олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ тууштай биелүүлэх;
3.1.9. идлэг шонхорыг зориудаар гаршуулан өсгөн үржүүлэх үүрэг бүхий мэргэжлийн ферм, нэгжийг орон нутагт бий болгох, энэхүү санал санаачлагыг дэмжих эдийн засгийн орчинг бүрдүүлэх.
3.2. Идлэг шонхорын экологи-биологийн судалгаа, мониторингийн ажлыг тогтмолжуулах замаар тархац, нөөц болон гадаадад гаргаж болох тоо хэмжээг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нарийвчлан тогтоох, удмын санг хамгаалах, мэдээллийн санг бүрдүүлэх зорилтын хүрээнд:
3.2.1. идлэг шонхорын тархац, байршил, нөөц, нөхөн үржих онцлогийг судлан тогтоох, хамгаалах, өсгөн үржүүлэх, зохистой ашиглах загвар боловсруулж, энэ үндсэн дээр олон улсын жишигт нийцсэн шинжлэх ухааны арга, технологийг нэвтрүүлэх, биологи-экологийн цогц судалгааны төсөл хэрэгжүүлэх;
3.2.2. идлэг шонхорын биологи, генетик, экологийн судалгааны ажлын онол, арга зүйн түвшин, үр өгөөжийг дээшлүүлэх;
3.2.3. өндөр хөгжсөн зарим оронд идлэг шонхор судлаачдыг бэлтгэх, боловсон хүчнийг дотоод, гадаадад давтан сургах, богино хугацааны сургалт зохион байгуулах;
3.2.4. идлэг шонхорын суурин судалгааны цэгийг экологи, байгаль, цаг уур, газар зүйн өөр өөр бүс нутагт байгуулж, мониторинг судалгааг тогтмолжуулах, энэ ажилд байгалийн чиглэлийн мэргэжилтнүүдийг татан оролцуулах;
3.2.5. идлэг шонхорыг хамгаалах менежментийн төлөвлөгөөг шинжлэх ухааны үндэслэлтэй судалгааны үр дүнд тулгуурлан боловсруулж хэрэгжүүлэх;
3.2.6. идлэг шонхорын тархац, нөөцийн судалгааны ажлыг тогтмолжуулж, мэдээллийн нэгдсэн сантай болох;
3.2.7. жил тутам гадаадад гаргаж болох идлэг шонхорын тооны дээд хязгаарыг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоох, төлбөр, хураамжийг олон улсын жишигт нийцүүлэн тухай бүр шинэчилж байх;
3.2.8. зориудаар гаршуулан өсгөн үржүүлсэн, эмчилсэн идлэг шонхорын тодорхой хувийг гадаадад гаргах.
3.3. Идлэг шонхорын хамгаалалтыг сайжруулахад  нутгийн иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилтын хүрээнд:
3.3.1. идлэг шонхорыг ашиглах, хамгаалахтай холбогдсон  мэргэжлийн хяналтыг боловсронгуй болгон сайжруулах;
3.3.2. идлэг шонхорыг хамгаалах, өсгөн үржүүлэх чиглэлээр үндэсний болон олон улсын хэмжээний эрдэм шинжилгээний бага хурал, зөвлөлгөөн, уулзалт зохион байгуулах, төсөл хэрэгжүүлэх арга хэмжээ авах;
3.3.3. идлэг шонхорт зориулсан үүр, суултуур болон бусад нэмэлт төхөөрөмж байршуулах ажлыг нэмэгдүүлэх замаар амьдрах орчныг нь сайжруулах, байршлыг тогтворжуулах;
3.3.4. идлэг шонхорыг хамгаалах, сурталчлахад орон нутгийн иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх;
3.3.5. идлэг шонхорыг хамгаалах талаар шинжлэх ухаан, танин мэдэхүйн ач холбогдолтой сурталчилгааг өргөжүүлэх.
3.4. Идлэг шонхорыг өсгөн үржүүлж байгалийн популяцыг сэлбэх сүлжээг орон нутагт бий болгох зорилтын хүрээнд:
3.4.1. идлэг шонхорыг өсгөн үржүүлэх, эмчлэх мэргэжлийн ферм, нэгжүүдийг орон нутагт бий болгох;
3.4.2. идлэг шонхорын шилмэл бодгалийг сонгон зориудаар гаршуулан үржүүлэх нөхцөлийг дэмжих замаар тэдгээрийн тоо толгойг нэмэгдүүлэх, удмын  санг хадгалах;
3.4.3. идлэг шонхорын өсөлт, үржлийн онцлог, хорогдлыг багасгах боломжийг судлах;
3.4.4. идлэг шонхорыг барих, тэжээх арга, техник хэрэгслийг боловсронгуй болгох;
3.4.5. идлэг шонхорын нүүдэл, шилжилт хөдөлгөөн, байршил, түүнд дайсагнагч амьтны талаар үнэлгээ өгөх арга зүйг судалгааны орчин үеийн аргаар тодорхойлох, тоо толгойн улирлын хөдлөл зүйг тогтоох;
3.4.6. идлэг шонхорыг хамгаалах, барих, зориудаар гаршуулан өсгөн үржүүлэх, эмчлэх, арчлах арга барилыг  эзэмшүүлэх сургалт, семинар зохион байгуулах;
3.4.7. идлэг шонхорыг зориудаар гаршуулан өсгөн үржүүлэх, эмчлэх мэргэжлийн ферм, нэгжүүдэд гадаадын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах зорилгоор төсөл сонгон шалгаруулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хийж гүйцэтгэх.
3.5. Идлэг шонхорыг хамгаалах чиглэлээр үр дүнд хүрэхүйц олон улсын болон өөрийн орны төсөл хэрэгжүүлэх хүрээнд:
3.5.1. идлэг шонхорын популяцыг хамгаалах, зориудаар гаршуулан өсгөн үржүүлэх, зохистой ашиглах  арга хэмжээний урт, богино хугацааны төсөл боловсруулж олон улсын холбогдох байгууллагуудад санал тавьж, санхүүгийн эх үүсвэр бий болгох;
3.5.2. Монгол оронд нүүдэллэн ирж байгаа идлэг шонхорыг тогтвортой байршин амьдрах таатай орчинг бүрдүүлэх;
3.5.3. идлэг шонхорын тархац, нөөцийн нарийвчилсан судалгааны үндсэн дээр байгаль орчинд сөрөг нөлөөлөлгүйгээр барих, гадаадад гаргах, зохистой ашиглалт явуулах менежментийг боловсруулах;
 
Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үе шат,  удирдлага, зохион байгуулалт
4.1. Энэхүү хөтөлбөрийг дараахь үе шатаар хэрэгжүүлнэ:
     4.1.1 эхний үе  шатыг 2003-2006 онд;
     4.1.2 хоёр дахь үе шатыг 2006-2010 онд.
4.2. Монгол орны идлэг шонхорыг хамгаалах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг Үндэсний зөвлөл удирдан зохион байгуулна. Үндэсний зөвлөлийн дарга нь Байгаль орчны сайд байна. Зөвлөлийн бүрэлдэхүүн, үйл ажиллагааны чиглэлийг Зөвлөлийн дарга батална.
4.3. Зөвлөл нь хөтөлбөрийг улс орны нийгэм-эдийн засгийн бодлого, Бүх нийтийн экологийн боловсрол үндэсний хөтөлбөр болон байгаль орчны бусад хөтөлбөрүүдтэй уялдуулан цогцолбор байдлаар хэрэгжүүлнэ.
4.4. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, олон улсын болон хандивлагч байгууллагуудын оролцоонд тулгуурлана.
4.5. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг Үндэсний зөвлөл, Байгаль орчны сайдын зөвлөлийн хуралдаанаар жил бүр хэлэлцэж, Засгийн газарт танилцуулж байна.
 
Тав.Хөтөлбөрийн  санхүүжилт
5.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дараахь эх үүсвэрээс санхүүжүүлнэ:
      5.1.1. Байгаль хамгаалах сангийн хөрөнгө;
      5.1.2. хандивлагч орон, олон улсын хөрөнгө оруулалт;
     5.1.3. төрийн болон төрийн бус  байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хандив, тусламж;
      5.1.4. төсвийн хөрөнгө;
      5.1.5. бусад эх үүсвэр.
 
Зургаа. Хөтөлбөрийн үр дүн
6.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараахь үр дүнд хүрнэ:
      6.1.1. Монгол орны идлэг шонхорын хамгаалалт, зохистой ашиглалт сайжирч, өсгөн үржүүлэх таатай орчин бүрдэж, экологийн тэнцвэрт байдал хадгалагдана;
      6.1.2. идлэг шонхорыг хамгаалахтай холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилт сайжирч, олон улсын конвенциор хүлээсэн үүрэг хэрэгжинэ;
      6.1.3. идлэг шонхорыг зориудаар гаршуулан өсгөн үржүүлэх ажлын эхлэл тавигдана;
      6.1.4. идлэг шонхорыг хамгаалах, зохистой ашиглахтай холбогдсон эрдэм шинжилгээ, сургалт, үйлдвэрлэлийн уялдаа сайжирч, судалгааны ажлын үр дүн үйлдвэрлэлд нэвтэрнэ;
      6.1.5. идлэг шонхорын талаархи мэдээллийн сан бүрдэж, холбогдох ном бүтээл, зөвлөмж, заавар, аргачлал, сурталчилгааны бусад материалыг   нийтийн хүртээл болгоно;
      6.1.6. идлэг шонхорыг хамгаалах үйлсэд бүх нийтийн оролцоо нэмэгдэж, хууль бус худалдааг таслан зогсоох урамшууллын механизм бүрдэж, иргэдийн экологийн боловсрол дээшилнэ.
 
                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             
---оОо---