- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МОНГОЛ ОРНЫ ГЕОМЭДЭЭЛЛИЙН САН БҮРДҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР
Засгийн газрын 2001 оны 183 дугаар тогтоолын хавсралт
МОНГОЛ ОРНЫ ГЕОМЭДЭЭЛЛИЙН САН БҮРДҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР
Нэг. Монгол Улсын геологийн судалгааны ажлын мэдээ, үр дүнгийн тайлан, тэдгээрийн хадгаламжийн өнөөгийн байдал
МОНГОЛ ОРНЫ ГЕОМЭДЭЭЛЛИЙН САН БҮРДҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР
1. Монгол орны нутаг дэвсгэр дээр 1925 оноос хойшхи хугацаанд хийгдсэн хайгуулын ажлын үр дүнд боловсруулагдсан геологийн тайлан, эрдэс баялгийн шинжилгээ, туршилтын үр дүнгийн тухай дүгнэлт, техник, эдийн засгийн үнэлгээ зэрэг баримт бичгүүд нь Геологийн мэдээллийн төвд хадгалагдаж байна. 5277 судалгааны ажлын үр дүнгийн тайлан буюу ном, хавсралт зургийн хамт Геологийн мэдээллийн төвийн хадгаламжийн сангийн үйлчилгээнд ашиглагдаж байна. Улсын төсвийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын гүйцэтгэж байгаа судалгааны ажлын үр дүнгийн тайлангуудын тоо хэмжээ нь жилээс жилд өссөөр байгаа бөгөөд тэр хэмжээгээр хадгаламжийн санд нэмэлт баяжуулалт хийгдэж байна.
1990 оноос өмнө Монгол улсын хэмжээнд геологийн судалгааны ажил эрхэлж байсан Дархан, Чойр, Хөвсгөл, Ховд, Дорнод, Улаанбаатар хотын Төв, Эрэл Геофизикийн цогцолбор экспедици, Геологийн эрдэм шинжилгээний хүрээлэн болон Олон улсын Геологийн экспедици, Оросын Холбооны улсын олон тооны геологийн байгууллагууд өөрийн гэсэн геологийн хадгаламжтай байсан хэдий ч 1992-1995 онуудад эдгээр материалыг Геологийн мэдээллийн төвд төвлөрүүлсэн болно. Сүүлийн жилүүдэд судалгааны ажлын явцад бүрдүүлсэн анхдагч баримт бичгийг Геологийн мэдээллийн төвд хүлээн авч хадгалах болсон.
Геологийн судалгааны болон ашигт малтмалын мэдээллийн сан байгуулах ажлын эхлэлийг 1993-1994 онд НҮБ-ын төслийн шугамаар гүйцэтгэсэн юм. Энэ төслийн хүрээнд 800 гаруй орд, 5400 орчим илрэл, 7000 шахам уст цэгийн мэдээллээр сан үүсгэж, 1:3200000-ын масштабаар геологи, тектоник, соронзон, хүндийн хүчний гажигийн болон 1:500000, 1:200000, 1:50000-ны масштабын геологи, 1:500000-ны масштабын гидрогеологийн, 1:200000, 1:100000, 1:50000-ны масштабын агаарын геофизикийн судалгааны зургуудыг зохиожээ. Мөн ирээдүйтэй орд, илрэлүүд 1800 гаруйг хамруулсан 9 төрлөөр 1:3200000-ны масштабын ашигт малтмалын зургийг зохиогоод байна.
1997 оноос БНФранц улсын тусламжаар сансрын зургийн тоон мэдээллийг боловсруулан геологийн судалгаанд ашиглах зорилго бүхий "МЭЙЖИК" төсөл хэрэгжүүлснээр Геологийн мэдээллийн төвийн боловсон хүчний сургалт явуулж, зарим техник, тоног төхөөрөмжид шинэчлэлт хийсэн.
Хайлуур жоншны 1959-1998, алтны 1973-1998 оны нөөцийн хөдөлгөөний балансыг компьютерт орууллаа.
Ашигт малтмалын улсын нөөцийн тоо бүртгэлд нийт 320 орчим объектыг хамруулжээ. Бичмэл мэдээллийн сан бүрдүүлэх, хатуу ашигт малтмалын орд, илрэлийн бүртгэлийн 5, уст цэгийн 3, геологийн тайлангийн агуулгын 1 загварыг боловсруулан мөрдөж байна. Одоогийн байдлаар геологийн судалгааны үр дүнгийн мэдээллийн 18-20 хувь компьютерийн мэдээллийн санд ороод байна.
Гэвч дэлхийн электрон техникийн хөгжилд хэд хэдэн удаа шинэчлэлт хийгдсэнээс төслөөр хэрэгжүүлсэн, түрүүчийн нийлүүлэгдсэн техник хэрэгсэл хоцрогдож, программ хангамж нь үйлчилгээнээс гарч, зарим техник хэрэгслийн эдэлгээний хугацаа дуусч өнөөгийн шаардлага хангахгүй болсон байна. Үүнээс болж геологийн судалгааны асар их мэдээллийг системтэй сангийн хэлбэрт оруулах ажил удааширч, дэлхийн мэдээлэл боловсруулах аргаас хоцорч, хэрэглэгчдийг шаардлагатай мэдээллээр нь шуурхай хангаж чадахгүй байна.
Хоёр. Хөтөлбөр боловсруулах үндэслэл
2. Монгол орны эдийн засгийн чадавхид чухал үүрэг гүйцэтгэж буй геологи, эрдэс баялгийн салбар, орд газруудын өнөөгийн байдлыг тодорхойлох, нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд геологийн судалгааны мэдээ, материалыг нэгтгэх, дүн шинжилгээ өгөх, геологийн төрөл бүрийн судалгааны ажлуудын үр дүнг олон улсын түвшинд нэгтгэн гаргаж улсын хэмжээний мэдээллийг бий болгох шаардлагыг харгалзан; геологийн судалгаагаар хэдэн арван жилийн хугацаанд хөрөнгө хүч зарцуулан бий болгосон тайлан, мэдээ, материалыг найдвартай хадгалж хойч үедээ өвлүүлэн үлдээх, түүгээр олон нийтэд тогтвортой шуурхай үйлчлэх үүргийг бодолцоно. Монгол орны геомэдээллийн сан бүрдүүлэх хөтөлбөрийг боловсруулав.
Гурав. Хөтөлбөрийн зорилго
3. Геологийн судалгааны ажлын үр дүн, тайлан материалаар газар зүйн мэдээллийн системд тулгуурлан мэдээллийн сан байгуулж, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах, хөрөнгө оруулалтыг дэмжих, цаашид сонирхолтой талбайнуудад илүү нарийвчилсан судалгааг явуулах төлөвлөлтийн үндэслэлийг боловсронгуй болгоход хөтөлбөрийн зорилго оршино.
Дөрөв. Хөтөлбөр хэрэгжүүлэх арга, хэлбэр, баримтлах зарчим
4. Геомэдээллийн сан нь Монгол улсын хэмжээнд хийж гүйцэтгэсэн төрөл бүрийн геологийн судалгааны ажлын үр дүнд боловсруулагдсан тайлан, тэдгээрийн анхдагч материалуудыг бүртгэн хадгалж, сонирхогчдод үйлчилгээ үзүүлэх хадгаламжийн сан, дээрх мэдээ, анхдагч материалыг газар зүйн мэдээллийн систем (GIS) дээр үндэслэн боловсруулсан геомэдээллийн сан гэсэн хоёр үндсэн сангаас бүрдэнэ.
5. Хадгаламжийн сан нь тайлангийн, чулуун дээжийн, анхдагч материалын гэсэн 3 дэд сангаас бүрдэнэ.
6. Геомэдээллийн сан нь үндсэн мэдээллийн сан (Монгол орны хэмжээнд хийгдсэн бүх төрлийн геологи ба ашигт малтмалын мэдээллийг бүрэн хамруулан нэгтгэж, байр зүйн 1:200000 масштабын зургийн хэмжээнд үүсгэсэн), ерөнхий мэдээллийн сан (Монгол орны геологи, гидрогеологи, геоморфологи, инженер-геологийн ерөнхий нөхцөл, геофизик, геохими, ашигт малтмалын зургийг жижиг масштабын хэмжээнд үүсгэсэн), нарийвчилсан мэдээллийн сан (Ашигт малтмалын орд, илрэлийн байршлын зүй тогтол, тархац, түүний баримт бичлэг, олсон үр дүн зэрэг тодорхой мэдээллийг 1:2000-1:50000-ны масштабын хэмжээнд бүрдүүлсэн)-гаас бүрдэнэ.
7. Геомэдээллийн санг зураг, түүнд хийсэн тайлбар буюу тодорхой геологийн биет, нэгж, ашигт малтмалын орд, илрэл, гажиг, сарнилын хүрээ зэргийн бүртгэл хэлбэрийн бичмэл мэдээлэл гэсэн 2 үндсэн хэсэгтэйгээр боловсруулна.
Зургийн хэсэг нь: Байр зүйн зургийн; Агаар, сансрын зургийн; Геологийн зургийн; Давхарга зүйн нэгжийн; Интрузив чулуулгийн биетийн; Дөрөвдөгчийн геологийн; Геоморфологийн; Тектоникийн; Гидрогеологийн; Инженер-геологийн; Агаарын ба газрын геофизикийн; Ашигт малтмалын; Геохимийн; Баримт материалын зургийн; салбар сангуудаас бүрдэнэ.
Эдгээрийг өөр хооронд нь харьцуулах, боловсруулах, нэмэлт хийх, давхцуулах замаар шинэлэг мэдээ, баримт, мэдлэг олж авах боломж бүрдэхээс гадна бичмэл мэдээлэл бүхий салбар сангуудтай холбож нэгдсэн мэдээллийн багц үүсгэнэ.
8. Дэд сангууд: Геомэдээллийн санд судлаачдын хийсэн үнэлэлт дүгнэлт, шинжлэх ухааны нээлт, ололтууд зэрэг эх үүсвэрийн хувьд ном, хэвлэл, товхимолд тусгагдсан мэдээллүүд, эрдэс баялгийн олборлолт, боловсруулалтын холбогдолтой мэдээллүүд, өөрийн орны болон дэлхийн бусад орнуудын ашигт малтмалын нөөц, баялгийн тоо хэмжээ зэрэг мэдээллийг агуулсан хэвлэмэл мэдээллийн; ашигт малтмалын нөөцийн; лиценз эзэмшлийн гэсэн 3 дэд сантай байна.
Ашигт малтмалын нөөцийн дэд сан: Энэ санг ашигт малтмалын нөөцийг улсын нөөцийн тоо бүртгэлд албан ёсоор бүртгэсэн нөөцийн, геологийн судалгааны ажлын явцад эрдэс баялгийн хэтийн төлөвийг үнэлсэн үнэлгээний гэсэн 2 хэсэгтэйгээр үүсгэнэ.
Ашигт малтмалын нөөцийн хэсэгт геологи, хайгуулын судалгаагаар баталгаажсан, үйлдвэрлэл явуулахад үндэслэл болохуйц, улсын бүртгэлд хамрагдсан ашигт малтмалын нөөцийг оруулан сан үүсгэж түүний олборлосон, хаясан, бохирдсон, ашиглалтын явц болон ашиглалтын үеийн судалгааны ажлын үед хасагдсан, нэмэгдсэн зэрэг өөрчлөлтийг тухай бүр тусган үлдэгдлийг тогтоож байхын зэрэгцээгээр нөөцийн дунд орсон өөрчлөлтийн хэмжээг тодорхой цаг хугацааны хооронд, эсвэл ашиглалтын хугацааны эхнээс гэх мэтээр тооцон гаргаж харах боломжтойгоор бүрдүүлнэ. Үнэлгээний хэсгийг бүх үе шатны геологийн судалгааны үед таамаглан, багцаалсан, үнэлсэн ашигт малтмалын нөөцийн бүртгэлээр үүсгэнэ. Дээрх хоёр төрлийн бүртгэлд тусгагдаж санд орсон нөөц нь ашигт малтмалын төрлөөр ангилагдах ба чанарын зарим үзүүлэлтээр нь сонголт хийж үзэх боломжтой байна. Мөн түүнчлэн ашигт малтмалын орд, илрэлийн сантай холбогдон харилцан уялдаатай байна.
Лиценз эзэмшлийн дэд сан: Ашигт малтмалын лиценз эзэмшлийн дэд санг хайгуулын ба ашиглалтын гэж 2 хэсэгтэйгээр байгуулна. Монгол орны нутаг дэвсгэр дээр геологийн зураглал, ашигт малтмалын эрэл, хайгуул, ашиглалтын ажил гүйцэтгэх тухай эрхийн лиценз эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүний үйл ажиллагаа явуулах газар нутгийн хил хязгаар, байршлын талаар мэдээллийн сан үүсгэнэ.
Хэвлэмэл мэдээллийн дэд сан: Дэлхийн янз бүрийн орны судлаачдын нээлт, бүтээл, өдөр тутмын сонин, сэтгүүл, ном, хэвлэмэл мэдээллийг эх баримтаас нь бүрдүүлэн уг дэд санг үүсгэх бөгөөд дотор нь төрөлжүүлэн ангилж чиглэл, утга агуулгаар нь ялгаж сонирхсон этгээдэд үйлчилнэ.
9. Мэдээллийн сангийн нэр томъёоны коджуулалт, шипрлэлт: Геомэдээллийн сан нь асар том хэмжээтэй, бүтцийн хувьд нийлмэл, агуулгын хувьд баян учир туйлын сайн боловсруулсан кодлолт, шипрлэлтийг зүй ёсоор шаардана. Санд орж буй мэдээллийг оновчтой, зохих шаардлагыг хангасан байх, хялбар болгохын үүднээс компъютерийн тодорхой тэмдэгтийг ашиглан баталгаажуулна. Үүнийг кодлолт гэсэн нэрээр нэрлэж байна.
Харин геологийн нэр томъёог олон улсын жишгийн хэмжээнд сонгон авч хэрэглэхийг шипрлэлт гэнэ.
Ашигт малтмал, тектоник, давхарга зүй, дөрөвдөгч, интрузив чулуулгийн туслах шиприйг болон гидрогеологи, геоморфологийн зургийн үндсэн болон туслах шиприйг сан бүрдүүлэх үед нь боловсруулна.
Агаар, сансар, байр зүйн зургуудын туслах кодыг тэмдэглэхдээ дэлхий дахинаа болон монголд мөрдөж буй шиприйг нь хэрэглэнэ. Оноосон шиприйн хувьд ашигт малтмалыг химийн томъёогоор, хэрэв томъёо, тэмдэг байхгүй бол латинаар бичсэн нэрийн товчлол (зохиож)-оор тэмдэглэх зарчмыг баримтлан тухайн үед нь нэмэлт болгон баяжуулж хэрэглэнэ.
Хурдас, чулуулгийн хувьд геологийн онцлогоор нь давхарга зүйн ангиллаар нь, найрлагаар нь ялган тэмдэглэсэн товчлол, нэрээр нь оноосон шипр, код болгон авна. Үндсэн, туслах ба оноосон шиприйг хэрэглэхдээ дунд нь зураас татаж өөр хооронд нь ялгана.
10. Мэдээллийн сангийн хэл: Геологийн мэдээллийн сангийн үндсэн хэл нь монгол хэл байна. Дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай томоохон орд газрын, сонирхол татахуйц хүдрийн талбай, бүс, зангилааны холбогдолтой багц мэдээлэл, тэнд байгаа орд, илрэлүүдийн мэдээлэл зэргийг англи хэл дээр хөрвүүлэн ерөнхий санд оруулж хадгална. Үүнээс гадна интернетээр цацах мэдээллийг англи хэл дээр бэлтгэнэ.
Тав. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт
11. Монгол орны геомэдээллийн сан бүрдүүлэх хөтөлбөрийг Геологийн мэдээллийн төвд хэрэгжүүлнэ.
12. Хөтөлбөрийн ерөнхий болон үндсэн сантай холбоотой геологийн зарим салбар сангуудыг Шинжлэх ухааны академийн Геологи, эрдэс баялгийн хүрээлэн, Монголын стратиграфын комисс, ТИС, МУИС болон геологийн бусад байгууллагуудын геологич эрдэмтдийн оролцоотойгоор боловсруулж бүрдүүлнэ.
13. Хөтөлбөрт тусгагдсан зорилтуудыг шийдвэрлэхэд хоёр талын болон олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлнэ.
14. Хөтөлбөрийн хэрэгжилтэд Үйлдвэр, худалдааны яам хяналт тавьж, үр дүнг үнэлнэ.
Зургаа. Хөтөлбөрийн санхүүжилт, хэрэгжүүлэх хугацаа
15. Геологийн мэдээллийн сан бүрдүүлэх ажилд доорхи хөрөнгө шаардагдана:
а/үйл ажиллагааны нийт зардал 485,0 сая төгрөг;
б/компьютерийн техник хэрэгсэл, программ хангамжийн хөрөнгө оруулалтын зардал 350,0 сая төгрөг;
в/Геологийн мэдээллийн төвийн барилга барих зардал 300 сая төг;
г/төсөл хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын нийт дүн 1135,0 сая төгрөг байна.
16. Хөтөлбөрийг 10 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ. Хөтөлбөрт тусгагдсан ажлуудыг геологийн даалгавар боловсруулж төсөл, төсөв зохион тодорхой үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
Долоо. Хөтөлбөрийн үр дүн, шалгуур үзүүлэлт
17. Геомэдээллийн сан хөтөлбөр хэрэгжсэнээр дараахь үр дүнд хүрсэн байна:
а/Монгол оронд хийгдсэн геологийн судалгааны мэдээлэл нийтдээ компьютерийн мэдээллийн санд орно;
б/Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг болон аймаг, орон нутгийн удирдлагыг геологи, эрдэс баялгийн шинэчлэгдсэн мэдээллээр тогтмол хангана;
в/геологи, эрдэс баялгийн салбарт оруулах гадаад, дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ;
г/гадаад орнуудын ижил төстэй байгууллагуудтай хамтран ажиллах, мэдээлэл солилцох боломжтой болно;
д/олборлосон, шинээр нээн илрүүлсэн ашигт малтмалын талаархи мэдээллийг тухай бүрт бүртгэж нийтэд шуурхай мэдээлэх нөхцөл бүрдэнэ;
е/монгол орны бүсчилсэн хөгжлийн бодлогод геологи, эрдэс баялгийн салбарын оролцоог цаг хугацаанд нь тусгах нөхцөл бүрдэнэ;
ж/Монгол Улсын геологи, эрдэс баялгийн салбарыг дэлхийн бусад орнуудад сурталчлах мэдээллийн баазтай болно;
з/геологийн судалгааны ажлын үр дүнгийн тайлан, материал, мэдээлэл зэргийг найдвартай хадгалах, сэргээн засварлах, тэдгээрт нэмэлт баяжуулалт хийх илүү нөхцөл бүрдэнэ;
и/Монгол Улсын үндэсний архивын нэг хэсэг болох геологийн төрөлжсөн архивын аюулгүй байдал хангагдана;
к/гадаад, дотоодын байгууллага, иргэдийг хүссэн мэдээллээр нь нэг цэгээс шуурхай хангах боломжтой болно.
18. Геомэдээллийн сан хөтөлбөрийн хэрэгжилтийг дараахь шалгууруудаар хэмжинэ:
а/геологи хайгуул, судалгааны үр дүнгийн мэдээллийг компьютержсэн мэдээллийн санд 100 хувь оруулсан байх;
б/мэдээллийн сангийн чиглэлээр энэ хөтөлбөрийн дөрөвдүгээр бүлэг бүрэн хэрэгжсэн байх;
в/санг шинэлэг мэдээллээр баяжуулан нэмэлт хийж байх;
г/сангийн мэдээлэл нь бүртгэл-статистик болон хэрэглээний чиглэлийг хангасан байх.
19. Дээрх шалгууруудыг хэмжих үзүүлэлтийг тухайн үед нь яам тогтоож түүний дагуу хэрэгжилтэд хяналт инжилгээ хийж, үр дүнг үнэлж байна.
----оОо----
Текст томруулах
A
A
A