A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2001 оны 9 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралт

ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
Сургалтын арга, хэлбэр
Дотоодын сургалтын хөтөлбөрийн хуваарийг хөтөлбөрт хамрагдах байгууллага, албан тушаалтны тэргүүлэх дараалал, тэдгээрийн хэрэгжүүлж буй худалдан авах ажиллагааны онцлог, цаг хугацааны хүчин зүйлийг харгалзан боловсруулсан болно. Сургалтын хөтөлбөрийн 1 дүгээр хавсралтад дурдсан байгууллага тус бүрээс    1-3 хүн сургахаар тооцсон бөгөөд байгууллагуудын дарга, нягтлан бодогч, эдийн засагч, хөрөнгийн болон урсгал зардал хариуцсан мэргэжилтэн гэх мэт албан тушаалтнууд  хамрагдах юм.
Тэдгээрийн үйл ажиллагааны онцлогт тохируулан сургалтыг багцалж явуулах нь сургалтын хөтөлбөрийг тодорхой чиглэлд хандуулах, сургалтын явцад хөндөгдөх асуудал, оролцогчдын сонирхол зэрэг нь ижил төстэй байх давуу талтай /удирдах ажилтнууд, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд гэх мэт/.
Нэг удаагийн сургалтыг 1-3 хоногоор 30-40 хүнтэйгээр зохион байгуулах бөгөөд хөрөнгийг аль болох үр ашигтай, хэмнэлттэй зарцуулах үүднээс тухайн үеийн нөхцөл, боломжид нийцүүлэн төвлөрсөн болон бүсчилсэн байдлаар явуулна. Зардлыг нарийвчилж тооцох, семинарын байршил, түүнд оролцогчдын онцлогоос шалтгаалан  А-Улаанбаатарын оролцогчдод Улаанбаатарт, Б-орон нутгийн оролцогчдод Улаанбаатарт, В-орон нутгийн оролцогчдод орон нутагт, Г-сумдын оролцогчдод аймгийн төвд тус тус зохион байгуулна.
Гадаад сургалт нь урт болон дунд хугацааны /1 буюу түүнээс дээш сар/, богино хугацааны /10-14 хоног/, туршлага судлах буюу танилцах аялал /7-10 хоног/ гэсэн хэлбэртэй байна. Өөрөөр хэлбэл гурван жилийн хугацаанд дотоод сургалтуудтай зэрэгцэн явагдах юм.
Хөтөлбөрийн хүрээнд төр, бизнесийн удирдлага, санхүү, эдийн засгийн мэргэжлээр төгсөгчдөд худалдан авах ажиллагаа сэдвээр  үндсэн хичээлийн программ заавал дүүргэсэн байх шаардлагыг тодорхойлно. Энэхүү шаардлагыг хангахад худалдан авах ажиллагааны хэсгийн зүгээс мэргэжлийн арга зүйгээр туслах, олон улсын байгууллагын тусламжийг туршилт, судалгааны ажилд чиглүүлэх замаар Удирдлагын академи болон улсын аль нэг их сургуулийн санхүү, эдийн засгийн тэнхимтэй хамтран худалдан авах ажиллагааны сэдвийг сургалтын программд оруулан оюутнуудад зааж эхэлнэ.
Сургалтын ангилал, онцлог
Дотоодын сургалтыг хөрөнгийн эх үүсвэр, хүн хүч, цаг хугацааны боломж, хамрагдах байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааны онцлогоос хамааран уян хатан байдлаар зохион байгуулах бөгөөд ингэхдээ сургалтын нарийвчилсан хөтөлбөр, тооцоо, хуваарийг харуулсан төлөвлөгөөг харгалзан дараахь байдлаар ангилна: 
Анхан шатны сургалтаар /Үйл ажиллагааны төлөвлөгөөний нэгдүгээр хавсралт/ хөтөлбөрт хамрагдах бүх ажилтнуудад дараахь ерөнхий мэдлэгийг эзэмшүүлнэ:
Худалдан авах ажиллагааны ерөнхий ойлголт, онцлог, үндсэн зарчим, журмуудыг танилцуулах, 
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох тухай хуулийг танилцуулах
Засгийн газрын 2000 оны 101 дүгээр тогтоолоор баталсан үндсэн журмуудыг танилцуулах
2 дахь шатны сургалтаар /Үйл ажиллагааны төлөвлөгөөний хоёрдугаар хавсралт/ зөвхөн худалдан авах ажиллагааг шууд хэрэгжүүлдэг гүйцэтгэх ажилтнуудад холбогдох ажлын чиглэлээр нь хамгийн өргөн хэрэглэгддэг ердийн бараа, ажил, үйлчилгээний жишиг бичиг баримт, журмыг хэрхэн ашиглах талаар практик арга барилыг эзэмшүүлнэ:
Томоохон ажлын тендерийн жишиг бичиг баримт, түүнийг хэрэглэх
Дунд хэмжээний ажлын тендерийн жишиг бичиг баримт, түүнийг хэрэглэх     
Жижиг хэмжээний ажлын тендерийн жишиг бичиг баримт, түүнийг хэрэглэх
Бараа худалдан авах тендерийн жишиг бичиг баримт, түүнийг хэрэглэх
Жижиг хэмжээний бараа худалдан авах тендерийн жишиг бичиг баримт, түүнийг хэрэглэх
Бараа бэлтгэн нийлүүлэх, хүргэх болон суурилуулах тендерийн жишиг бичиг баримт, түүнийг хэрэглэх
Үнийн саналын хүсэлт, түүнийг хэрэглэх
Бараа, ажлын тендерийн үнэлгээний заавар
Жижиг бараа, ажлын тендерийн үнэлгээний заавар
Зөвлөх үйлчилгээний саналын урилгын жишиг маягт, түүнийг хэрэглэх
Томоохон хэмжээний зөвлөх үйлчилгээний жишиг гэрээ /хугацаанд үндэслэсэн төлбөртэй/, түүнийг хэрэглэх
Жижиг хэмжээний зөвлөх үйлчилгээний жишиг гэрээ /хугацаанд үндэслэсэн төлбөртэй/, түүнийг хэрэглэх
Томоохон хэмжээний зөвлөх үйлчилгээний жишиг гэрээ /нийт үнэд үндэслэсэн төлбөртэй/, түүнийг хэрэглэх
Жижиг хэмжээний зөвлөх үйлчилгээний жишиг гэрээ /нийт үнэд үндэслэсэн төлбөртэй/, түүнийг хэрэглэх
Зөвлөх үйлчилгээ худалдан авах ажиллагааны үнэлгээний удирдамж
3 дахь шатны сургалтаар /Үйл ажиллагааны төлөвлөгөөний гуравдугаар хавсралт/ томоохон хэмжээний худалдан авах ажиллагааг байнга хэрэгжүүлдэг гүйцэтгэх ажилтнуудад холбогдох ажлын чиглэлээр нь мэргэшүүлэх зорилгоор тусгайлан боловсруулагдсан жишиг бичиг баримт, журмыг хэрхэн ашиглах талаар болон онолын гүнзгийрүүлсэн мэдлэг эзэмшүүлнэ:
Урьдчилсан сонголтын жишиг бичиг баримт, түүнийг хэрэглэх
Түлхүүр гардуулах гэрээний жишиг бичиг баримт, түүнийг хэрэглэх
Эм бэлдмэл худалдан авах жишиг бичиг баримт, түүнийг хэрэглэх
Сурах бичиг худалдан авах жишиг бичиг баримт, түүнийг хэрэглэх
Программ хангамж худалдан авах жишиг бичиг баримт, түүнийг хэрэглэх
Компьютер, техник хэрэгсэл худалдан авах жишиг бичиг баримт, түүнийг хэрэглэх
Гүйцэтгэгч, нийлүүлэгчийг бүртгэх, ангилах журам
Бусад шаардлагатай бичиг баримтууд
Худалдан авах ажиллагааны онол, олон улсын практикийн талаар гадаадын зөвлөх, мэргэжилтнүүдийн явуулах гүнзгийрүүлсэн сургалт
Гадаад сургалтын /Үйл ажиллагааны төлөвлөгөөний дөрөвдүгээр хавсралт/ хүрээнд тусгай чиглэлээр гүнзгийрүүлэн сургалт явуулж үндэсний мэргэжилтэн бэлтгэх,  цаашид сургалт явуулах, багшлах чадвар эзэмшүүлэх зорилгоор шаардлагатай ажилтнуудыг сургана:
Засгийн газрын худалдан авах ажиллагаа
Олон улсын худалдан авах ажиллагаа
Барилгын ажил худалдан авах
Бараа худалдан авах
Зөвлөх үйлчилгээ худалдан авах
Электрон /E-COMMERCE/ худалдан авах ажиллагаа болон энэ чиглэлийн шинэ ололтууд
Худалдан авах ажиллагааны систем нь ижил төстэй  орнуудаас туршлага судлах, танилцах   
2001 онд /Үйл ажиллагааны төлөвлөгөөний наймдугаар хавсралт/ төвийн болон орон нутгийн байгууллагуудын нийт 6188 албан хаагчийг сургахаас 5992 нь анхан шатны, 196 нь 2 дахь шатны сургалтад хамрагдана. 2002-2003 онуудад /Үйл ажиллагааны төлөвлөгөөний ес, аравдугаар хавсралт/ үндсэндээ 2 дахь болон 3 дахь шатны гүнзгийрүүлсэн сургалтууд явагдана. Энэ сургалтад худалдан авах ажиллагаа хариуцсан гүйцэтгэх ажилтнуудыг хамруулах бөгөөд үүний үр дүнд эдгээр ажилтнууд бие дааж тендерийн бичиг баримт боловсруулах, худалдан авах ажиллагааг зохион байгуулах чадвартай болно.
Үндэсний мэргэжилтэн бэлтгэх, цаашид сургалт явуулах, багшлах чадвар эзэмшүүлэх зорилгоор дээрх сургалтуудтай хамт гадаад сургалтыг /Үйл ажиллагааны төлөвлөгөөний дөрөвдүгээр хавсралт/ зохион байгуулж явуулна.
 
 
 
___оОо___