- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МОНГОЛ ОРНЫ ХОВОР УРГАМЛЫГ ХАМГААЛАХ, ЗОХИСТОЙ АШИГЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР
Засгийн газрын 2002 оны 105 дугаар тогтоолын хавсралт
МОНГОЛ ОРНЫ ХОВОР УРГАМЛЫГ ХАМГААЛАХ, ЗОХИСТОЙ АШИГЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР
МОНГОЛ ОРНЫ ХОВОР УРГАМЛЫГ ХАМГААЛАХ, ЗОХИСТОЙ АШИГЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР
Нэг. Нийтлэг үндэслэл
Монгол орны нутаг дэвсгэр нь газрын гадаргын хэв шинж, уур амьсгалын онцлогоос хамааран хөрсөн бүрхэвч, амьтан, ургамлын зүйлийн бүрэлдэхүүнээрээ өөр хоорондоо эрс ялгаатай өндөр уул, уулын тайга, ойт хээрийн бүслүүр, хуурай хээр, цөлөрхөг хээр, цөлийн бүс гэсэн үндсэн зургаан ургамал, газар зүйн бүс, бүслүүрт хуваагддаг. Эдгээр бүс, бүслүүрийн ургамлын аймгийн зүйлийн бүрэлдэхүүн, амьдралын хэлбэр, гарал үүсэл, өсөлт, хөгжилт нь экологийн хувьд хаана ч давтагдашгүй өвөрмөц онцлогтой бөгөөд тэдгээрийн дотор зөвхөн Монгол, Төв Ази төдийгүй дэлхийн хэмжээний нэн ховор, ховор ургамал ч бий. Манай орны ургамлын аймгийн түүхэн хөгжлийн онцлог, байгаль цаг уурын өөрчлөлт, хүний олон талын зохисгүй үйл ажиллагааны улмаас ховор ургамлын тархацын хүрээ хумигдан, нөөц нь жилээс жилд хомсдож байна. Сүүлийн жилүүдэд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын байгалийн ургамал ашиглах үйл ажиллагаа улам идэвхжин Улаан номонд бүртгэгдсэн эмийн ба хүнсний түүхий эдийн ургамал, бүх төрлийн жимс, жимсгэнийг байгалиас нь шууд түүж худалдан борлуулж байгаа нь ховор ургамлын нөхөн сэргэлт, хамгаалалт, ашиглалтад сөргөөр нөлөөлж хууль тогтоомж зөрчигдөж байна. Ховор гоц ашигт ургамлыг зохистой ашиглах үйл ажиллагаанд холбогдох яамд, нутгийн захиргааны байгууллагуудаас тавих хяналт, ажлын уялдаа холбоо сул байгаагийн зэрэгцээгээр байгаль орчны төрийн бус байгууллагууд, иргэдийн оролцоо хангалтгүй байна. Үүнээс шалтгаалан ургамлын нөмрөгийн унаган төрх алдагдаж, нөөц, тархац, зүйлийн бүрдэл хомсдон, нөхөн сэргэлт нь удааширсаар байна. Байгалийнхаа түүхэн гарал, үүсэл, уур амьсгал, орчин зүйгээс хамаарч унаган нутагтаа ховор тархацтай олон зүйл ургамал эрс хомсдож, улмаар устах хандлагатай боллоо.
Монгол Улсын төр, засгаас биологийн төрөл зүйлийг хамгаалах, тэдгээрийн амьдрах орчны доройтлыг хязгаарлах, нөөцийг зохистой ашиглахад чиглэгдсэн дэс дараатай арга хэмжээ авч ирсэн. Тухайлбал Байгалийн ургамлын тухай, Ойн тухай, Байгалийн ургамал ашигласны төлбөрийн тухай хуулиуд 1995 оноос батлагдан мөрдөгдөж байгаа бөгөөд устах аюулд орсон, ховордсон ургамлын тархац нутгийн 40 орчим хувийг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд хамруулав.
Гэвч манай улсын байгалийн ургамлын үнэ цэнэ улам бүр өсөн нэмэгдэж байгаа өнөө үед тэдгээрийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх цэгцтэй бодлого, үйл ажиллагаа үгүйлэгдэж байна. Монгол Улс Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай Вашингтоны конвенци, Биологийн төрөл зүйлийн тухай НҮБ-ын конвенциор хүлээсэн үүргээ хэрэгжүүлж устах аюулд орсон ба цаашид тийм заналхийлэлд өртөгдөж болзошгүй, уугуул нутагтаа оршин амьдрахад харшлахаар ашиглагдаж байгаа ургамлын зүйлүүдэд онцгой анхаарах шаардлагатай байна. Ховор ургамлыг хамгаалах үйлсэд байгалийн баялгаас хүртэж, ашиг орлого олдог аж ахуйн нэгжийн болон амьдралаа залгуулдаг нутгийн уугуул иргэдийн оролцоог нэмэгдүүлж, ашиглагч нь хамгаалдаг зарчмыг нэвтрүүлэх явдал чухал ач холбогдолтойг бусад орны туршлага харуулж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2000-2004 оны үйл ажиллагааны хөтөлбөрт ховор, нэн ховор амьтан, ургамлыг хамгаалах, өсгөн үржүүлэх талаар дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд энэхүү хөтөлбөрийг боловсруулсан болно.
Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилтууд
Энэхүү хөтөлбөрийн зорилго нь Монгол Улсын үнэт баялаг болох ховор ургамлыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхэд чиглэгдсэн зорилт, арга хэмжээг тодорхойлон, биологийн төрөл зүйл хомсдох аюулаас сэргийлж, түүний шалтгааныг арилгах замаар экологийн тэнцлийг хангах, улмаар улс орны тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлэхэд оршино.
Дээрх зорилгыг хангах үүднээс дараахь зорилтуудыг дэвшүүлж байна:
2.1.Ховор ургамлыг хамгаалах эрх зүйн үндсийг боловсронгуй болгох;
2.2.Ховор ургамлын тархац нутаг, удмын санг хамгаалах;
2.3.Ховор ургамлын бүртгэл, мэдээлэл-хяналт шинжилгээний тогтолцоог бүрдүүлэх;
2.4.Ховор ургамлыг зохистой ашиглах;
2.5.Ховор ургамлыг нөхөн сэргээх арга хэмжээ авах;
2.6.Ховор ургамлыг хамгаалахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх.
Гурав. Хэрэгжүүлэх арга хэмжээ
Уг хөтөлбөрөөр дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
3.1. Ховор ургамлыг хамгаалах эрх зүйн үндсийг боловсронгуй болгох, хуулийн хэрэгжилтийг сайжруулах зорилтын хүрээнд:
3.1.1. байгалийн ургамлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, ховор ургамлын жагсаалтыг шинэчлэх;
3.1.2. ховор ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг нарийвчлан тогтоосны үндсэн дээр ургамал ашигласны төлбөрийг шинэчлэх;
3.1.3. ховор ургамлыг ашиглах тогтолцоог боловсронгуй болгоход чиглэгдсэн журам, дүрмийг боловсруулан мөрдүүлэх;
3.1.4. ховор ургамлыг хамгаалах харилцааг бусад холбогдох хуулиудад тусгах;
3.1.5. "Зэрлэг амьтан, ургамлын төрөл зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай" олон улсын конвенцийн шаардлагад нийцүүлэн устах аюулд орсон ховор, ховордсон төрөл зүйлийн тухай үндэсний хуулийг боловсруулах;
3.1.6. биоаюулгүй байдлыг хангах Картагений протоколд Монгол Улс нэгдэн орох.
3.2.Ховор ургамлын тархац нутаг, удмын санг хамгаалах зорилтын хүрээнд:
3.2.1. ховор ургамлын тархац нутгийг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад авах;
3.2.2. тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөөнд ховор ургамлын хамгаалалт, ашиглалтын асуудлыг тусгайлан оруулах;
3.2.3. ховор ургамлын тархац нутгийг иргэн, аж ахуйн нэгжид удаан хугацаагаар эзэмшүүлэн хамгаалуулах, нөөц баялгийг нь хүртээх замаар тэдгээрийн нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлэх;
3.2.4. монгол орны ховор ургамлын генийн нөөцийг тогтоох, биотехнологийн ач холбогдлыг судлах;
3.2.5.Ховор ургамлын генийн сан байгуулах.
3.3. Ховор ургамлын бүртгэл, мэдээлэл-хяналт шинжилгээний тогтолцоог бүрдүүлэх хүрээнд:
3.3.1. монгол орны ургамлын ховор, гоц ашигтай зүйлүүд, тэдгээрийн ангилал, тархалт, нөөцийг нарийвчлан тогтоох;
3.3.2. ховор ургамалд учирч буй хор хөнөөлийг судлах, түүнийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулах;
3.3.4. ховордож байгаа, устаж болзошгүй зүйлүүдийн талаархи судалгааны ажлын үр дүн, мэдээ баримтыг нэгтгэн дүгнэх, ном бүтээл туурвих;
3.3.5. монгол орны ховордсон ургамлын мэдээллийн сан байгуулах;
3.3.6. орчны хяналт-шинжилгээний сүлжээний хүрээнд ховор ургамлын тархалт, амьдрах орчны мониторингийн хөтөлбөр боловсруулах.
3.4. Ховор ургамлыг зохистой ашиглах зорилтын хүрээнд:
3.4.1. ховор, ашигт ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг шинэчлэх;
3.4.2. ховор ургамлыг ашиглахтай холбогдсон төслүүдийг байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд бүрэн хамруулах;
3.4.3. чухал ач холбогдол бүхий нөөц багатай ховордсон ургамлыг зориудаар өсгөн үржүүлж, ашиглах эрх зүй, эдийн засгийн урамшууллын механизмыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад нэвтрүүлэх;
3.4.4. ховор ургамлын ашиглалт, хамгаалалтад тавих төр, олон нийтийн хяналтыг сайжруулах;
3.4.5. ховор ургамал, түүний гаралтай түүхий эдийг хаягдалгүй, бохирдолгүй дэвшилт арга технологиор иж бүрэн боловсруулах, экологийн цэвэр үйлдвэрлэлийг дэмжих.
3.5. Ховор ургамлыг нөхөн сэргээх зорилтын хүрээнд:
3.5.1. ховор ургамлыг тарималжуулах, зориудаар өсгөн үржүүлэхэд чиглэгдсэн селекци, туршилтын ажлыг зохион байгуулж, биотехнологийн ололтыг нэвтрүүлэх;
3.5.2. байгалийн нөхөн ургалтыг дэмжих замаар ховор ашигт ургамлыг амьдрах орчинд нь нөхөн сэргээх;
3.5.3. гадаадын гаралтай зарим ашигт ургамлыг плантацын нөхцөлд тарьж ургуулах, шалгаруулах;
3.5.4. ховор ургамлын цуглуулга хийх, генофондын зориулалттай цэцэрлэг, дендрари байгуулах;
3.5.5. ховор, ховордсон ургамлыг ой, хээрийн түймэр, өвчин хортон ба элдэв хөнөөгчдөөс хамгаалах арга зүйг боловсруулж хэрэгжүүлэх.
3.6.Ховор ургамлыг хамгаалахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилтын хүрээнд:
3.6.1. ховор ашигт ургамлыг хамгаалах, сурталчлах талаар нийтийг хамарсан өдрүүдийг жил бүр зохион байгуулж, уламжлал болгох;
3.6.2. байгалийн ховор ургамлыг таних хялбарчилсан заавар, зөвлөмжийг боловсруулж, нийтийн хүртээл болгох;
3.6.3. байгалийн ургамлын түүхий эдийг бэлтгэх, тарималжуулах агро удирдамж боловсруулах, ховор ашигт ургамлын талаар ном, видео кино, өнгөт альбом хэвлүүлэх;
3.6.4. тусгай хамгаалалттай газар нутгуудыг түшиглэн олон нийтэд экологийн боловсрол олгох сургалт, сурталчилгааг зохион байгуулах;
3.6.5. ховор ашигт ургамлыг хамгаалах, нөхөн сэргээх, тарималжуулах үйлсэд төрийн бус байгууллага, иргэдийг татан оролцуулж, шинээр ажлын байр бий болгох, улмаар ядуурлыг бууруулахад дэмжлэг үзүүлэх;
3.6.6. иргэдийн үүсгэл санаачилга дээр тулгуурлан нийслэл, аймгийн төвүүдэд ховор ургамлын цэцэрлэгт хүрээлэн, үржүүлгийн газар байгуулахад бүх талын дэмжлэг үзүүлэх.
Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үе шат, удирдлага, зохион байгуулалт
4.1. Хөтөлбөрийг дараахь үе шатаар хэрэгжүүлнэ:
Нэгдүгээр үе шатыг 2002-2005 онд
Хоёрдугаар үе шатыг 2006-2010 онд.
4.2. Монгол орны ховор ургамлыг хамгаалах, зохистой ашиглах үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг үндэсний хэмжээнд удирдан зохицуулах чиг үүрэг бүхий Үндэсний зөвлөл ажиллана.
4.3. Үндэсний зөвлөл нь хөтөлбөрийн хэрэгжилтийг улс орны нийгэм-эдийн засгийн бодлого, "Ногоон хувьсгал" үндэсний хөтөлбөр, "Бүх нийтийн экологийн боловсрол үндэсний хөтөлбөр" болон байгаль орчны бусад хөтөлбөрүүдтэй уялдуулан цогцолбор байдлаар хэрэгжүүлнэ.
4.4. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, олон улсын байгууллага, хандивлагч орнуудын оролцоонд тулгуурлана.
4.5. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг Үндэсний зөвлөл, Байгаль орчны яамны сайдын зөвлөлийн хуралдаанаар жил бүр хэлэлцэж, Засгийн газарт танилцуулж байна.
Тав. Хөтөлбөрийн санхүүжилт
5.1.Хөтөлбөрийн санхүүжилтийг дараахь эх үүсвэрээс бүрдүүлнэ:
5.1.1. хандивлагч орон, олон улсын байгууллагын зээл, тусламж;
5.1.2. улсын төвлөрсөн болон орон нутгийн төсвийн хөрөнгө;
5.1.3. байгаль хамгаалах сан;
5.1.4. төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн тусламж, хандив;
5.1.5. бусад эх үүсвэр.
Зургаа. Үр дүн
6.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараахь үр дүн гарна:
6.1.1. монгол орны нэн ховор, ховор ашигт ургамлыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх таатай орчин бүрдэж, экологийн тэнцвэрт байдал хадгалагдана;
6.1.2. байгалийн ургамлыг хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилт сайжирч, биологийн төрөл зүйлийг хамгаалах болон бусад олон улсын конвенциор хүлээсэн үүрэг хэрэгжинэ;
6.1.3. ховор ургамлын цэцэрлэгт хүрээлэн, генийн сан байгуулагдаж, нэн ховор, ховор, улаан номонд бүртгэгдсэн ургамлаас 300 гаруй зүйлийг нөхөн сэргээж орон нутгийн болон улсын хамгаалалтад авна;
6.1.4. хуурайшилт, цөлжилт, хөрсний эвдрэлээс хамгаалах зорилгоор гадаадын болон өөрийн орны ганд тэсвэртэй, элс бэхжүүлэгч мод, сөөг, өвслөг ургамлыг тарималжуулж ойн зурвасууд байгуулна;
6.1.5. ховор ургамлыг хамгаалах, зохистой ашиглахад чиглэгдсэн эрдэм шинжилгээ, сургалт, үйлдвэрлэлийн уялдаа холбоо сайжирч, судалгааны ажлын үр дүн практикт нэвтэрнэ;
6.1.6. ховор ургамлын мэдээллийн сан бүрдэж, холбогдох ном бүтээл, зөвлөмж, заавар, аргачлал, гэрэл зураг, видео кино нийтийн хүртээл болно;
6.1.7. ургамлыг хамгаалж, нөхөн сэргээж, тарималжуулж ашигласнаар айл өрхийн амьжиргааны түвшин дээшилж, ажлын байр нэмэгдэнэ;
6.1.8. ховор ашигт ургамлыг хамгаалах үйлсэд бүх нийтийн оролцоо нэмэгдэж, иргэдийн экологийн боловсрол дээшилнэ.
Долоо. Хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэх шалгуур үзүүлэлтүүд
7.1.Хөтөлбөрийн хэрэгжилтийг дараахь шалгуураар дүгнэнэ:
7.1.1. тухайн ургамлын нөөц, тархацын хүрээ, тоо ширхэг, ургац хэр зэрэг нэмэгдсэн;
7.1.2. ховор ургамлыг хамгаалахтай холбогдсон дүрэм, журам, зааврууд батлагдсан эсэх;
7.1.3. ховор ургамлын нөөц хомстсон газрыг нөхөн сэргээсэн байдал, талбайн хэмжээ, арга технологи;
7.1.4. ховор ургамлыг хамгаалах зорилгоор байгуулсан үржүүлгийн газар, цэцэрлэгт хүрээлэнгийн тоо, хэмжээ;
7.1.5. ховор ургамал тархсан газрыг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд хамруулсан хувь, хэмжээ;
7.1.6. ховор ургамлыг зохистой ашиглах, тарималжуулах ажилд хамрагдсан иргэдийн тоо, нэмэгдсэн ажлын байр;
7.1.7. өмнөх үетэй харьцуулахад ховор ургамлыг хамгаалах, зохистой ашиглах талаар хэрэгжсэн төслүүдийн тоо, хэвлүүлсэн бүтээл, гарсан үр дүн;
7.1.8. тухайн ургамлыг орон нутгийн хамгаалалтад авсан байдал;
7.1.9. иргэдийн байгальтай харьцах соёл ухамсар, мэдлэг боловсрол дээшилсэн байдал;
7.1.10. үндэсний аюулгүй байдлыг хангаж буй байдал, нийгмийн хөгжлийн хурдцад аль хэр нөлөөлсөн.
---OOO---
Текст томруулах
A
A
A