A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1998 оны 202 дугаар тогтоолын 1-р хавсралт

"ТАХИР ДУТУУ ИРГЭДИЙН АЖ БАЙДЛЫГ САЙЖРУУЛАХ" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
 
Нэг. Хөтөлбөрийн үндэслэл
                Үндэсний статистикийн газрын албан ёсны мэдээгээр, Монгол Улсад нийт 29 мянган тахир дутуу иргэд байгаа бөгөөд тэдгээрийн 3200 нь харааны өөрчлөлттэй, 4119 нь сонсгол, хэл ярианы өөрчлөлттэй, 7239 нь оюуны хомсдолтой, 14432 нь бусад шалтгааны улмаас тахир дутуу болсон байна.Үндэсний статистикийн газраас гаргасан 1996 оны хөдөлмөрийн нөөцийн тайланд дурдсанаар хөдөлмөрийн чадвартай тахир дутуу иргэд 21,7 мянга байдаг бөгөөд тэдний 4236 нь буюу 20 хувь нь хөдөлмөр эрхэлж байна.
                Гэвч Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамнаас хийсэн түүвэр судалгааны дүнгээс үзэхэд манай улсын хүн амын 4,8 хувь буюу 115 мянган хүн тахир дутуу бөгөөд тэдгээрийн 20,9 мянга нь оюуны хомсдолтой, 6,5 мянга нь хэл ярианы болон сонсох эрхтний согогтой, 10,1мянга нь харах эрхтний согогтой, 28 мянга нь хөдөлгөөны эрхтний хомсдолтой, 42 мянга нь бусад шалтгааны улмаас тахир дутуу болсон байна.
                Мөн түүнчлэн Гэгээрлийн яамны чиглэлээр хийгдсэн судалгаагаар, манай улсын сургуулийн насны хүүхдүүдийн 8 хувь буюу 34 мянга гаруй хүүхэд тахир дутуу байгаагийн 5,8 хувь нь тусгай сургуульд болон мэргэжлийн сургалтад үйлдвэрлэлийн тусгай төвд, 31 хувь нь ердийн ерөнхий боловсролын сургуульд тус тус хамрагдаж, бусад  нь сургуулиас гадна байна.
                Дээр дурдсанаар тахир дутуу иргэдийн талаархи судалгаа, мэдээлэл нь хангалтгүй, хоорондоо зөрүүтэй байгаа бөгөөд улсын хэмжээнд хүн амыг тахир дутуу болоход нөлөөлж буй хүчин зүйл, тэдгээрийн шалтгаан, тахир дутуугийн төрөл, тархалтын байдалд дүн шинжилгээ хийх нэгдсэн болон түүвэр судалгаа хийгдээгүй байна.
                Захиргааны бүртгэлд хамрагдсан нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээ, тусламж хүссэн нийт 67558 тахир дутуу иргэдийн 45126 нь буюу 66,7 хувь нь тодорхой хэмжээгээр халамж, асрамжийн үйлчилгээ болон тусламжид хамрагдаж байна.
                Ерөнхий боловсролын тусгай сургууль төгссөн хараагүй, хэлгүй дүлий болон бие махбодын ямар нэг согогтой хүүхдүүдийн 70-85 хувь нь ажилгүйчүүдийн эгнээнд ордог.
                Нийгмийн халамжийн тухай хууль, тахир дутуу хүний нийгмийн хамгаалалт, түүнд үзүүлэх  хөнгөлөлт, үйлчилгээний тухай хууль, Монгол Улсын төрөөс баримтлах хүн амын бодлого зэрэг баримт бичгүүдэд тахир дутуу иргэдийн талаар төрөөс баримтлах бодлогын үндэс тодорхойлогдсон юм.
                НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 48 дугаар чуулганаар 1993-2002 оныг  Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын тахир дутуу иргэдийн 10 жил болгон тэмдэглэх тухай тунхаглалыг батлан, энэхүү 10 жилийн хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж гаргав.
                Энэ бүхэн нь Монгол Улсын Засгийн газраас тахир дутуу иргэдийн аж байдлыг сайжруулах үндэсний хөтөлбөрийг батлан гаргах үндэслэл болж байна.
 
Хоёр.Хөтөлбөрийн зорилго, зорилт, хэрэгжүүлэх хугацаа
1.Тахир дутуу иргэдийг нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах замаар амьдралын чанарыг нь дээшлүүлэхэд энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.
2. Тахир дутуу иргэдийн  аж байдлыг сайжруулах үндэсний хөтөлбөр нь дараахь зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэгдэнэ:
а/ нийгэм, хамт олон, гэр бүлийн хүрээнд тахир дутуу иргэдийн эрүүл мэнд, сэтгэл зүй, оюун санааны нөхөн сэргээлтийн үйлчилгээг сайжруулах;
б/ Тахир дутуу иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн боловсролын тусгай орчинг бүрдүүлэх;
в/ Тахир дутуу иргэдийн мэргэжлийн боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн байдлыг сайжруулах;
г/ Тахир дутуу хүмүүсийн бие эрхтний согог засах протез, ортопедийн хэрэгслийн хангамжийг сайжруулах, зорчих, мэдээлэл солилцох боломжийг нэмэгдүүлэх;
д/ Тахир дутуу иргэдийн амьдралын баталгааг дээшлүүлэхэд чиглэгдсэн нийгмийн хамгаалал, халамжийн үйл ажиллагааг сайжруулах;
е/ Тахир дутуу иргэдийн үүсгэл санаачилгын байгууллага, хөдөлгөөнийг дэмжих, олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх.
         3. Тахир дутуу иргэдийн аж байдлыг сайжруулах үндэсний хөтөлбөрийг 1999-2004 онуудад 2 үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
а/ 1 дүгээр үе шат нь 1999-2001 оныг хамрах бөгөөд энэ хугацаанд тахир дутуу иргэдийн байдалд судалгаа шинжилгээ хийх, тахир дутуу иргэдийн аж байдлыг сайжруулах, тэдний нийгмийн амьдралд оролцох оролцоог өргөтгөх, тэднийг хөгжүүлэх талаар төрийн бодлогыг хэрэгжүүлж эхлэх юм;
б/ 2 дугаар үе шат нь 2002-2004 оныг хамрах бөгөөд энэ хугацаанд тахир дутуу иргэдийн өмнө тулгарч буй зорилтуудыг шийдвэрлэхэд чиглэгдсэн төрийн бодлогыг боловсронгуй болгох, зохих үр дүнд хүрэх юм.
 
 
 
Гурав.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалт
4.Хөтөлбөрийн хэрэгжилтийг мэргэжлийн удирдлага, зохион байгуулалт, мэдээллээр хангах, хяналт тавьж үнэлгээ өгөх ажлыг нийгмийн хамгааллын асуудал  эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Ази, Номхон далайн бүсийн орнуудын тахир дутуу иргэдийн *1993-2002/ 10 жилийн ажлыг Монгол Улсад эрхлэн зохион байгуулах Үндэсний хороо гүйцэтгэнэ.
5.Орон нутагт хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохицуулах, хяналт тавих үүргийг аймаг нийслэл, сум дүүргийн Засаг дарга, нийгмийн бодлогын хэлтэс, нийгмийн эрүүл мэндийн төв, 10 жилийн ажлыг эрхлэх үндэсний хорооны салбар зөвлөлийн дарга хүлээнэ.
6.Аймаг, нийслэл, сум дүүрэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах үүргийг Улсын нийгмийн халамжийн газар, Ази, номхон далайн бүсийн орнуудын тахир дутуу иргэдийн 10 жилийн ажлыг Монгол Улсад эрхлэн зохион байгуулах Үндэсний хорооны ажилд туслалцаа үзүүлэх ажлын хэсгийн гишүүд гүйцэтгэнэ.
 
 Дөрөвдүгээр бүлэг.Хөтөлбөрийн зорилтуудыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа
7.Нийгэм, хамт олон, гэр бүлийн хүрээнд тахир дутуу иргэдийн эрүүл мэнд, сэтгэл зүй, оюун санааны нөхөн сэргээлтийн үйлчилгээг сайжруулах талаар:
а/ Тахир дутуугийн  тухай ойлголт, тахир дутуу болоход нөлөөлж болон хүчин зүйлс, тахир дутуу хүмүүсийг нөхөн сэргээх талаархи мэдээлэл сурталчилгааг өргөжүүлэх, тэднийг дэмжих нийгмийн  сэтгэл зүйн орчныг төлөвшүүлэх;
б/ Тахир дутуу иргэдэд байнгын тусламж дэмжлэг үзүүлж байгаа болон сэргээн засалтын үйлчилгээг гардан гүйцэтгэж байгаа хамт олон, хувь хүн, гэр бүлийг дэмжих, тэдэнд арга зүй, мэргэжлийн болон санхүүгийн туслалцаа, дэмжлэг үзүүлэх;
в/ төв суурин газрын эмнэлэг, сувиллын байгууллагыг түшиглүүлэн сэргээн засалтын төв байгуулах асуудлыг судлан шийдвэрлэх, сэргээн засалтын боловсон хүчин бэлтгэх, сэргээн засалтын тоног төхөөрөмж, техникийн хангамжийг сайжруулахад төрөөс дэмжлэг үзүүлэх.
             8. Тахир дутуу иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн боловсролын тусгай орчинг бүрдүүлэх талаар:
а/ тахир дутуу хүүхдүүдэд ердийн хэв шинжтэй, ерөнхий боловсролын сургуулиар сургуулийн өмнөх болон бага, суурь боловсрол эзэмшүүлэх бодлогыг баримтлах;
б/ тахир  дутуугийн хүнд хэлбэрийн, оюун ухааны болон бие эрхтний согогтой хүүхдүүдийг тусгай цэцэрлэг, тусгай анги, бүлгүүдэд хамруулан тэдний согогийг засах, алдагдсан үйл ажиллагааг сэргээхэд чиглэгдсэн сургалтын уян хатан хөтөлбөрөөр сургах;
в/ цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн тахир дутуу хүүхдүүдэд зориулсан тусгай анги бүлэгт багшлах согог зүйч, хэл засалч багшийг бэлтгэх асуудпыг бодлогын түвшинд авч үзэх;
г/ хараа, сонсгол, хэл ярианы согогтой хүүхдэд зориулсан сургалтын орчинг бүрдүүлэх, холбогдох материал, тоног төхөөрөмжөөр хангах.
            9. Тахир дутуу иргэдийн мэргэжлийн боловсрол,  хөдөлмөр эрхлэлтийн байдлыг сайжруулах талаар:
а/ тусгай сургуулиудад хамрагдан суралцаж буй тахир дутуу хүмүүст мэргэжлийн анхан шатны боловсрол эзэмшүүлэх нөхцөл бололцоог судлан шийдвэрлэх;
б/ тахир дутуу хүүхэд, залуучуудын мэргэжлийн сургалтыг өргөжүүлэх, сургалтын байгууллагын материаллаг баазыг бэхжүүлэх;
в/ тахир дутуу хүүхэд, залуучуудыг их дээд сургууль, коллежид элсэн суралцахад хөнгөлөлт үзүүлэх боломжийг судлан шийдвэрлэх;
г/ эзэд, ажил олгогчоос тахир дутуу иргэдийг ажлын байраар хангахад нөлөөлөхүйц эдийн засгийн хөшүүргийн механизм бий болгох;
д/ гэрээрээ  болон хувиараа хөдөлмөр эрхэлж буй тахир дутуу иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг борлуулахад дэмжлэг үзүүлэх;
е/ тахир дутуу иргэдэд  мэргэжил олгох сургалтыг зохион байгуулж буй аж ахуйн нэгж, байгууллагыг төрөөс дэмжих.
10. Тахир дутуу  хүмүүсийн бие эрхтний согог засах протез, ортопедийн хэрэгслийн хангамжийг сайжруулах, зорчих, мэдээлэл солилцох боломжийг нэмэгдүүлэх талаар:
а/ хүн ам олноор цуглардаг, үйлдвэр үйлчилгээний газруудад тахир дутуу иргэд саадгүй зорчих чөлөөт орчныг бий болгох асуудлыг судлан шийдвэрлэх;
б/ тахир дутуу иргэдийн зориулалттай тэргэнцэр, мэдрэмжтэй таяг, сонсголын аппарат, протез, ортопедийн хэрэгслүүд, автомашин зэргийг тахир дутуу иргэдийн хэрэгцээнд зориулан нийлүүлж байх асуудлыг бодлогын түвшинд авч үзэх;
в/ дотоодын нөөц бололцоо, байгалийн баялгийг ашиглан тахир дутуу иргэдэд зориулсан нөхөн сэргээлтийн тоног төхөөрөмж үйлдвэрлэх, засварлах, угсрах бага оврын цехүүдийг хөдөө орон нутагт бүсчилсэн байдлаар байгуулан хөгжүүлэх асуудлыг дэмжих;
г/ телевизийн цуврал кино, нэвтрүүлгийг дүлий иргэдэд зориулсан дохионы хэлний орчуулгатайгаар хавсран  үзүүлэх асуудлыг судлан шийдвэрлэх;
д/ дүлий  иргэд болон тахир дутуу иргэдэд  автомашин жолоодох эрх олгох асуудлыг судлан шийдвэрлэх.
           11.Тахир дутуу иргэдийн амьдралын баталгааг дээшлүүлэхэд чиглэгдсэн нийгмийн хамгаалал, халамжийн үйл ажиллагааг сайжруулах талаар:
а/ нийгмийн даатгал, халамжийн хуулийн хүрээнд тэтгэвэр, тэтгэмж авч буй тахир дутуу иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг амьжиргааны доод  түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэх арга хэмжээ авах;
б/ үйлдвэрлэлийн осол, гэмтлийн улмаас тахир дутуу бологсдын алдагдсан эрхтнийг сэргээн засах, эмчлэхэд шаардагдах хөрөнгө, протез, ортопедийн үйлчилгээний үнийг үйлдвэрлэлийн ослын даатгалын сангаас төлөх боломжийг судлан шийдвэрлэх;
в/ Тахир дутуу хүмүүсийн нийгмийн хамгааллын тухай хуулийн хүрээнд хөнгөлөлт, үйлчилгээнд хамрагдаж буй тахир дутуу иргэдийн хүрээг өргөтгөх, халамжийн үйлчилгээний чанарыг сайжруулах;
г/ тахир дутуу иргэдэд  үзүүлэх гэрийн үйлчилгээний төрөл бүрийн хэлбэрийг хөгжүүлэх;
д/ тахир дутуу иргэдэд хамт олноос үзүүлэх хөнгөлөлт, тусламж, хүндэтгэлийн арга хэмжээг өргөжүүлэх;
е/ тахир дутуу иргэдийг чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэхэд биеийн тамир, соёл урлаг, спорт, аж ахуйн үйлчилгээний цэг, салбарууд тэдэнд өргөнөөр үйлчлэх боломжийг бүрдүүлэх.
12. Тахир дутуу иргэдийн  үүсгэл санаачлагын байгууллага, хөдөлгөөнийг дэмжих, олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар:
а/ Засгийн газар болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг сайжруулж зөвшилцлийн механизмыг боловсронгуй болгох;
б/ тахир дутуу иргэдийн  үүсгэн санаачилсан байгууллага, хөдөлгөөнийг дэмжих, тэдний удирдлага, идэвхтэн гишүүдийн мэдлэг, чадавхийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
в/ гадаад орнуудын ижил төстэй  байгууллага, хөдөлгөөн, нийгэмлэгүүдтэй хамтран ажиллах, туршлага судлах асуудлыг дэмжих;
г/ төрийн зүгээс тахир дутуу иргэдэд үзүүлэх дэмжлэг туслалцааг өргөжүүлэх, тахир дутуу иргэдийн талаар авах зарим арга хэмжээг хэрэгжүүлэх үүргийг гэрээний үндсэн дээр төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх
 
Тав.Хөтөлбөрийн хэрэгжилтэнд хяналт тавих, үр дүнг тооцох
13.Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам хяналт тавьж, дүгнэнэ.
14.Хөтөлбөрийн үр дүнг 2001 болон 2005 онд дараахь үндсэн үзүүлэлт, шалгуурыг баримтлан тус тус тооцож дүгнэнэ:
а/ хүүхэд, өсвөр үеийнхнээс замын хөдөлгөөний осолд орсны улмаас гэмтсэн, нас барсан хүний тоо, эзлэх хувь;
б/ их дээд сургуульд хамрагдсан тахир дутуу хүний тоо, эзлэх хувь;
в/ нөхөн сэргээлтийн үйлчилгээнд хамрагдсан тахир дутуу иргэдийн тоо, эзлэх хувь;
-Эмнэл зүйн нөхөн сэргээх арга хэмжээнд хамрагдсан тахир дутуу иргэдийн тоо, хувь хэмжээ, тэдгээрээс сэргээгдсэн, эрүүл болсон хүний тоо, эзлэх хувь;
-Нийгэм хамт олны хүрээнд нөхөн сэргээлтийн үйлчилгээнд хамрагдсан тахир дутуу иргэдийн тоо, тэдгээрээс үйл ажиллагаа нь сэргээгдэн нийгэм хамт олонд эргэн орсон тахир дутуу хүний тоо, эзлэх хувь.
г/ мэргэжлийн чиг баримжаа эзэмшсэн тахир дутуу иргэдийн тоо, эзлэх хувь;
д/ нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээнд хамрагдсан тахир дутуу иргэдийн тоо, эзлэх хувь;
е/ рашаан сувилалд сувилуулсан тахир дутуу иргэдийн  тоо,эзлэх хувь;
ж/ тусгай боловсрол эзэмшүүлэх чиглэлээр, мэргэжил дээшлүүлсэн багш, сургагч нарын тоо, эзлэх хувь;
з/ цэцэрлэг, ясли, сургуульд хамрагдаж буй тахир дутуу хүүхдүүдийн тоо, эзлэх хувь;
и/ тусгай мэргэжлийн боловсрол эзэмшсэн тахир дутуу хүүхдүүдийн тоо, эзлэх хувь;
к/ тусгай мэргэжлийн боловсрол олгосон төрөл, хэлбэрийн өсөлтийн хэмжээ;
л/ тахир дутуу иргэдийн зориулалттай тоног төхөөрөмжийн хангалтын байдал;
м/ протез, ортопедийн үйлчилгээний төрөл, чанарын өсөлтийн байдал;
н/ тахир дутуу иргэдийн нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээнд зарцуулсан хөрөнгийн хэмжээ;
о/ нийгмийн халамжийн сангаасхаламжийн тэтгэвэр, тэтгэмж авч буй тахир дутуу хүний тоо, эзлэх хувь.
------оОо------