A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2002 оны 137 дугаар тогтоолын 1дүгээр хавсралт

ХУЛГАЙН ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР
 
Нэг. Үндэслэл
 
Засгийн газрын 1997 оны 122 дугаар тогтоолоор  1997-2001 онд хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хөтөлбөр, төлөвлөгөө батлан ажилласнаар хулгайн гэмт хэргийн өсөлтийг бууруулж, энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт, хохирол нөхөн төлөлт жил бүр нэмэгдэж байна. Гэвч хулгайн гэмт хэргийн гаралт тууштай буурахгүй нийт гэмт хэргийн 50 орчим хувийг эзэлж байна.
Төв, суурин газарт орон байрны, хөдөө  орон нутагт малын хулгайн гэмт хэрэг зонхилон гарч, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад учруулах хохирлын хэмжээ өсөж, тэдний амгалан тайван амьдарч, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд бэрхшээл учруулсаар байна. Хулгайн эд зүйл гар дамжин худалдагдах сүлжээ бий болж, хулгайч, борлуулагч нар зохион байгуулалтад орсон нь энэ төрлийн гэмт хэргийг шалгах, илрүүлэх ажилд ихээхэн түвэг учруулж байна.
Иймд хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, түүнийг илрүүлэх ажлыг төр, засгийн анхаарлын төвд байлган, тодорхой бодлого чиглэлтэй хэрэгжүүлэх явдал нэн чухлаар тавигдаж байна.
 
Хоёр. Хөтөлбөрийн зорилт
 
2.1. Энэхүү хөтөлбөр нь иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын өмчлөх эрхийг хамгаалан, амгалан тайван ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэн улсын хэмжээнд хулгайн гэмт хэргийг сааруулах, нийт гэмт хэргийн дотор энэ төрлийн гэмт хэргийн эзлэх хувийг бууруулж, илрүүлэлтийг дээшлүүлэх.
2.2. Иргэд, аж ахуйн нэгж,байгууллагуудад өмч хөрөнгөө гэмт халдлагаас хамгаалах сэтгэлгээ төлөвшүүлэхийн зэрэгцээ хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон нийтийг жигд татан оролцуулах, тэдний санал санаачилгыг дэмжих.
2.3. Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, түүнийг илрүүлэх, хохирол нөхөн төлүүлэх ажлыг сайжруулах, хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх үүрэгтэй цагдаагийн байгууллагын алба, нэгжүүдийн уналга, холбоо болон ажиллах бусад нөхцөлийг дээшлүүлэх.        
2.4. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохиогдож байгаа хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх.
 
Гурав. Зохион байгуулалт
3.1. Хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ахлуулсан хөтөлбөрийн Зөвлөл удирдан зохион байгуулна. Зөвлөлийн бүрэлдэхүүнийг Хууль зүй, дотоод хэргийн сайд батална.
3.2. Нийслэл, аймаг, сум, дүүрэгт Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл нь хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулж ажиллана.
3.3. Хөтөлбөрийн зөвлөл, аймаг, нийслэлийн ажлын хэсэг нь доод шатныхаа ажлын хэсгийг удирдан, хяналт шалгалт хийж, дутагдлыг арилган, хариуцлага тооцож, дүнг мэдээлж ажиллана.
3.4. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ажлын хэсэг нь хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хурлаар жил бүр батлуулан мөрдөж  ажиллана.
3.5. Аймаг, нийслэлийн ажлын хэсгийн нарийн бичгийн дарга нь хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу зохиосон ажлын мэдээ, тайланг сум, дүүргээс улирал тутам нэгтгэн авч Хөтөлбөрийн зөвлөлд ирүүлж байна.
3.6. Хөтөлбөрийн зөвлөлийн ажиллах журмыг Хууль зүй, дотоод хэргийн сайд батална. Зөвлөл нь хөтөлбөр хэрэгжүүлэх талаар зохиосон ажлын мэдээг аймаг, нийслэлийн  ажлын хэсгээс авч нэгтгэн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Засгийн газарт хагас жил тутам танилцуулна.
3.7. Хөтөлбөрийн зөвлөлийн мэдээ, тайлан гаргах, хяналт шалгалт хийх, хулгайн гэмт хэргийн шалтгаан нөхцөл, түүнээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх ажлын арга замыг судлан, мэдээлэл, аргачлал, зөвлөмж боловсруулан, бодлого тодорхойлж байх ажлыг Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газрын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх алба хэрэгжүүлнэ.            
3.8. Зөвлөл нь хөтөлбөр хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийн дагуу жил бүр төлөвлөгөө гарган Зөвлөлийн хурлаар батлуулж ажиллана. Зөвлөлийн улирлын ажлын төлөвлөгөөг зөвлөлийн дарга батална.
 
Дөрөв. Хөтөлбөрийн санхүүжилт, хугацаа
4.1. Зөвлөлийн ажилд шаардагдах хөрөнгийг Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газрын жил бүрийн төсөвт тусгана.
4.2. Аймаг,нийслэл, сум, дүүрэг нь энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг төсөвтөө тусгахын зэрэгцээ Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх  тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан хөрөнгийн зохих хувийг энэ ажилд зарцуулна.
4.3. Хөтөлбөрийн зөвлөл, бүх шатны ажлын хэсэг нь хандив тусламж болон бусад нөөц бололцоо, эх үүсвэрийг ашиглан сан байгуулж хөтөлбөр хэрэгжүүлэх ажилд зарцуулж болно.
 
4.4. Энэ хөтөлбөрийг 2002-2005 онд хэрэгжүүлнэ.
     
Тав. Хэрэгжүүлэх арга хэмжээ
 
1.Урьдчилан сэргийлэх ажлын талаар
5.1.1. Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийг татан оролцуулах арга хэлбэрийг боловсронгуй болгохын зэрэгцээ тэдний үүсгэл санаачилгыг дэмжин ажиллах талаар бүх шатны Засаг дарга, тэдгээрийн Тамгын газар, цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааг чиглүүлэх.
5.1.2. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллага өөрсдөө өмч хөрөнгөө хамгаалах, урьдчилан сэргийлэх сэтгэлгээг хөгжүүлэх, хулгайн гэмт хэрэг үйлдэгсдийг  олон нийтэд жигшүүлэх чиглэлээр радио, телевиз, сонин хэвлэлээр сурталчилгааны ажлыг дэс дараатай хийх.
5.1.3. Орц, байрны жижүүр, гэр хороололд гудамжны эргүүл ажиллах журмыг сууц өмчлөгчдийн холбоо, орон сууцны байгууллага, дүүрэг, хороо, сум, баг хамтран боловсруулж, иргэдийг нийтийн эргүүлд татан оролцуулах арга хэлбэрийг боловсронгуй болгох.
5.1.4. Төвлөрсөн зах, шаардлагатай зарим гудамж талбайг телекамерийн хяналтад авах ажлыг хот, дүүргийн холбогдох байгууллагуудтай хамтран судалж хэрэгжүүлэх.
5.1.5. Үнэт зүйл хадгалдаг үйлчилгээ, дохиолол, хамгаалалт, найдвартай хаалга, цонхны бэхэлгээний ач холбогдлыг нийтэд сурталчлах. 
5.1.6. Төв, суурин газарт хөршийн холбоо, хөдөөд мал сүрэг хамгаалах нөхөрлөл зэрэг олон нийтийн үүсгэл санаачилгыг үр ашигтай зохион байгуулах ажлыг бүх шатны Засаг дарга, цагдаагийн байгууллага хамтран зохион байгуулж байх.
5.1.7. Шинээр баригдах орон сууцны барилга байгууламжийн зураг төсөлд цахилгаан тоолуурыг хулгайд алдахгүй болгон байрлуулах, дохиоллын систем, жижүүрээс айл бүртэй харьцах холбооны хэрэгсэл, теле хяналтын систем байрлуулах зэрэг асуудлыг холбогдох байгууллагуудад тавьж шийдвэрлүүлэх.
5.1.8. Байгууллага, аж ахуйн нэгжийн харуул хамгаалалтын хариуцлага, сонор сэрэмжийг дээшлүүлэх арга хэмжээг үе шаттай зохион байгуулах.
5.1.9. Орон нутгаас мал, мах, түүхий эдийг тухайн мал эмнэлгээс олгосон ариун цэврийн сертификат, баг, сумын Засаг  даргын тодорхойлолт зэргийг үндэслэн төв, суурин газарт оруулж байх журмыг холбогдох яам, агентлаг, байгууллагатай хамтран боловсруулан хэрэгжүүлэх.
5.1.10. Аймаг, сумын төв, бусад суурин газарт амьдардаг мал бүхий иргэдийн малыг байнгын хариулга маллагаатай болгох ажлыг баг, хорооны Засаг дарга нар зохион байгуулах.       
5.1.11. Аймаг, сум бүр индекс бүхий ээмэг, тамгатай болж, адууг тамгалан бусад бод малыг ээмэгтэй болгох,  баг, сум бүр өөрсдийн өрхийн им, тамга, ээмэгний  судалгаа гаргаж, орон нутгийн цагдаагийн байгууллага, Мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах нийгэмлэгт хүргүүлэх ажлыг бүх шатны Засаг даргын Тамгын газар хариуцан зохион байгуулах.
2.Хулгайн гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн  байцаах, хохирол нөхөн төлүүлэх ажиллагааны чиглэлээр
5.2.1. Хулгайн гэмт хэргийн илрүүлэлтийг сайжруулахын тулд цагдаагийн албадын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, ажилтнуудыг дадлагажуулж мэргэшүүлэх сургалт, семинар, зөвлөлгөөнийг үе шаттайгаар орон нутаг, бүсийн хэмжээнд зохион байгуулах, гадаад орнуудад энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэж байгаа арга туршлагыг судлах. Гэмт хэргийг бүрэн илрүүлэхэд шүүх, прокурор, цагдаа, хорих байгууллагын хамтын ажиллагааг чиглүүлэх.
5.2.2. Гэмт хэрэг үйлдсэн этгээд нь тогтоогдоогүй байгаа хулгайн гэмт хэргийг нөхөн илрүүлэх, хулгайн эд зүйл борлуулагдаж байгаа арга замыг илрүүлэхийн тулд гүйцэтгэх ажлын арга хэмжээг шуурхай зохион байгуулах бэлтгэлтэй байх.
5.2.3. Папилон систем, туслах тоо бүртгэлд тулгуурлан хулгайн гэмт хэрэг үйлдэгчдийн талаархи мэдээллийн сан байгуулж, орон нутгийн цагдаагийн байгууллагад мэдээлэл солилцож байх,аймаг, дүүргийг төвтэй холбосон компьютерийн сүлжээ байгуулах асуудлыг шийдвэрлэх.
5.2.4. Хулгайн гэмт хэргийн газрын үзлэгийг мэргэжлийн өндөр  түвшинд хийх нь гэмт хэргийг илрүүлэхэд ихээхэн ач холбогдолтой тул жижүүрийн шинжээч, мөрдөн байцаагч, төлөөлөгч нарын ур чадварыг дээшлүүлэх сургалтыг гадаад, дотоодод зохион байгуулж байх.    
5.2.5. Зарим хулгайн гэмт хэрэг үйлдэгсэд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах албадыг дамжин шалгагдахдаа таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэн даалтад гарч, дахин хулгай хийх явдал олонтаа гарч байгааг харгалзан тэдэнд таслан сэргийлэх арга хэмжээг оновчтой зөв хэрэглэх, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөхдөө нутаг  дэвсэрийн цагдаагийн байгууллагын хяналтад байлгах журмыг хэрэгжүүлэх.
5.2.6. Хулгайн гэмт хэргийн шалтгааныг арилгах талаар бичсэн мөрдөн байцаагчийн мэдэгдлийн чанарыг сайжруулах.
5.2.7. Цагдаагийн газар, хэлтсүүдэд хулгайн гэмт хэргийг шуурхай шалгадаг мэргэшсэн ажлын хэсэг байгуулан техник хэрэгсэл, унаагаар ханган ажиллуулах.
 
5.2.8. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хулгайн гэмт хэргийн зохих хувийг нөхөн төлүүлсэн, нуугдмал хөрөнгө илрүүлсэн, хөрөнгө хамгаалах арга хэмжээ авсан хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарыг шагнаж урамшуулах.
5.2.9. Олон үйлдэлтэй, хэд хэдэн холбогдогчтой, бүлэг зохион байгуулалттай хулгайн хэргүүдийн талаар цагдаа, шүүх, прокурорын байгууллага хамтран хэлэлцэж, шуурхай шийдвэрлэх талаар хамтран ажиллах.
 
З.Бусад ажлын чиглэлээр
 
5.3.1. Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг орон нутагт идэвхжүүлэх, энэ ажилд олон нийтийг татан оролцуулахад нутгийн захиргааны байгууллага анхаарч, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагатай ажлаа уялдуулан тэдгээрт дэмжлэг туслалцаа үзүүлэх.
5.3.2. Хариуцсан нутаг дэвсгэрт нь хулгайн гэмт хэрэг ихээхэн гардаг сум, дүүрэг, хороо, аж ахуйн нэгжийн удирдлагатай хамтран хулгайн гэмт хэрэгтэй хийх тэмцлийг эрчимжүүлэх, хулгай гарч байгаа шалтгаан нөхцөлийг судлан, арилгах арга хэмжээг дэс дараатай хэрэгжүүлэх.
5.3.3. Төв, суурин газрууд, тухайлбал Улаанбаатар хот болон Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт орон байрны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, бусад аймагт малын хулгайтай тэмцэх нэгдсэн арга хэмжээг гүйцэтгэх ажил, урьдчилан сэргийлэх ажилтай хослуулан зэргэлдээ аймаг, дүүргийг бүсчлэн зохион байгуулах.
5.3.4. Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр орон нутгийн захиргаа, хууль хяналтын болон төрийн бус байгууллагуудын хамтарсан зөвлөлгөөнийг шаардлагатай аймаг, сумдад зохион байгуулах.
5.3.5. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан хөрөнгийн зохих хэсгийг энэхүү хөтөлбөрийг санхүүжүүлэхэд зориулж байх талаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах.
5.3.6. Цас, бороо, шуурганд уруудаж алдагдсан,  бэлчээрээс хөлөөр нь алдсан, бэлчээр нутгаасаа алга болсон малыг бүртгэх, зарлан мэдээлэх талаар холбогдох байгууллагуудтай хамтран журам боловсруулан орон нутагт  мөрдүүлэх.
5.3.7. Хулгайн гэмт хэрэг үйлдэгсдэд  унаагаар үйлчилдэг жолооч, хулгайн эд зүйл авч борлуулдаг ломбард, ченжийг хяналтад авах, тэдний олсон хууль бус орлогыг хураан улсын орлого болгож, үйл ажиллагааг нь зогсоох, эд мөрийн баримтыг нуун далдалсан, хуулийн байгууллагад гаргаж өгөхөөс татгалзсан тохиолдолд албадлага хэрэглэн хураан авах, хариуцлага тооцох талаар холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах.
5.3.8. Хил дамнасан малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэхэд Хилийн цэргийг удирдах газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулан, түүнийг таслан зогсооход чиглэсэн дэс дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх
 
6.Хөтөлбөрийн үр дүн
1.Үр дүн
 
6.1.1. Энэхүү хөтөлбөрийг  хэрэгжүүлж хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд  иргэдийг татан оролцуулснаар хулгайн гэмт хэргийн гаралтыг сааруулан, нийт гэмт хэрэгт түүний эзлэх хувийг бууруулан, илрүүлэлт, хохирол нөхөн төлөлтийг өнөөгийн түвшингээс дээшлүүлсэн байна.
6.1.2. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллага өмч хөрөнгийн хамгаалалтаа сайжруулан хулгайд өртөхгүй байх арга хэмжээ авдаг болсон байх.
6.1.3. Нутгийн захиргааны болон цагдаагийн байгууллага хамтран иргэд, төрийн бус байгууллагыг хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажилд  зохион байгуулан оролцуулж, тэдгээрийн үүсгэл санаачилгыг  бүх талаар дэмжих.
6.1.4. Хулгайн гэмт хэрэгтэй тэмцдэг цагдаагийн албадыг мэдээллийн техник, холбоо, унаагаар зохих түвшинд хангаж, ажиллах нөхцөл бололцоог дээшлүүлнэ.
                                    
2. Хяналт мониторинг
 
6.2.1. Хөтөлбөрийн хэрэгжилтэд Хууль зүй, дотоод хэргийн яам тухай бүр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, сайд, Засгийн газарт танилцуулж байна.
 
 
 
 
----оОо----