A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2001 оны 114 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт

"АРЬС, ШИР" ДЭД ХӨТӨЛБӨР
Нэг. Салбарын өнөөгийн байдал
а/ Түүхий эдийн нөөц
Манай улс  2000 оны байдлаар 6.9 сая ширхэг арьс, ширэн түүхий эд бэлтгэх нөөцтэй байна. Үүний 49.2 хувь буюу 3.4 сая ширхгийг хонины арьс, 27.5 хувь буюу 1.9 сая ширхгийг ямааны арьс, 10.1 хувь буюу 0.7 сая ширхгийг үхрийн шир,  6.1 хувь буюу 0.4 сая ширхгийг адуу, тэмээний шир, 1.4 хувь буюу 0.1 сая ширхгийг тарваганы арьс, 5.4 хувь буюу 0.36 сая ширхгийг бусад төрлийн арьсан түүхий эд  эзэлж байна.
2000 оныг 1989 онтой харьцуулахад хонь 458, тэмээ  236 мянган толгойгоор хорогдож, үхэр 395, адуу 450 мянга, ямаа 5.2 сая толгойгоор өсжээ.
Үүнтэй уялдан түүхий эд бэлтгэлийн хэмжээ 2000 онд 1989 оныхоос 1.4 хувиар, үүний дотор ямааны арьсных 19, үхрийн ширнийх 33.4, адууны ширнийх 68.6, тэмээний ширнийх  11.6 хувиар  өсөж, хонины арьсных 19.0, тарваганы арьсных 88.7 хувиар буурчээ.
б/ Хүч чадлын ашиглалт
Арьс ширний үйлдвэрийн салбарт 1989 онд арьс, шир боловсруулах, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлийн  13 үйлдвэр ажиллаж, жилдээ 610 мянган ширхэг адуу, үхрийн шир, 4.0 сая ширхэг хонь, ямааны арьс, 1.0 сая ширхэг ангийн үс  боловсруулж, 250 гаруй мянган ширхэг савхин хувцас,   180 мянган ширхэг нэхий болон тарваган дээл үйлдвэрлэн нийт бүтээгдэхүүний 90 гаруй хувийг экспортлож байв.
2000 онд нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1989 оныхоос   99 хувиар буурчээ.
1990 оноос өнөөг хүртэлх хугацаанд үхрийн шир, хонь, ямааны арьс боловсруулах чиглэлийн 24, ангийн үс боловсруулах чиглэлийн 4,  савхи, нэхий эдлэлийн 10, бүгд  48 жижиг, дунд үйлдвэр шинээр байгуулагдаж,  жилдээ 7.9 сая ширхэг төрөл бүрийн арьсанд анхан шатны боловсруулалт хийх хүч чадал суурилагдсан боловч үйл ажиллагаагаа ямар нэг хэмжээгээр үргэлжлүүлж байгаа томоохон үйлдвэрүүдийн хүч чадлын ашиглалт 10 хувьд хүрэхгүй байна.
Түүнчлэн анхан шатны боловсруулалтын хүч чадал одоо байгаа түүхий эдийн нөөцөөс 12.6 хувиар давжээ.
Монгол Улсын экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлд томоохон байр суурь эзэлж байсан савхин болон үслэг эдлэлийн үйлдвэр, гутлын үйлдвэр, улны ширний үйлдвэр, үйлдвэрүүдийн хатуу хаягдал боловсруулах зориулалт бүхий халиман цавууны үйлдвэр, завод ноос угаах үйлдвэрийн үйл ажиллагаа бүрэн зогсоод байна.
в/ Байгаль орчин, экологи
Арьс, шир боловсруулах үйлдвэрүүд нь 30 гаруй төрлийн химийн бодис ашиглан үйлдвэрлэл явуулдаг, байгаль, экологийн асуудлаар олон нийтийн анхаарлын төвд байдаг салбарын нэг юм.
Үйлдвэрээс гарсан бохир ус урьдчилан цэвэрлэх байгууламжаар дамжин төвийн цэвэрлэх байгууламжид очдог. Цэвэрлэх байгууламжийг 1972 онд байгуулснаас хойш өнөөг хүртэл техник, технологийн шинэчлэлт хийгээгүйгээс уг байгууламжийн цэвэрлэх чадвар буурч, бохир усны найрлага дахь химийн бодисын хэмжээ стандартын зөвшөөрөгдөх үзүүлэлтээс давах болов. Тухайлбал: 1999, 2000 онуудад хийсэн шинжилгээний дүнгийн түүвэр судалгаанаас үзэхэд урьдчилан цэвэрлэсэн бохир усны найрлага дахь сульфидийн хэмжээ зөвшөөрөгдөх үзүүлэлтээс 1.6, гурван валенттай хромын хэмжээ 1.3, азотын хэмжээ 10.7 хувиар дээгүүр гарсан нь байгаль орчин, экологид хортой нөлөө үзүүлэхээр байна.
Технологийн бохир усанд Стандартын шаардлагаар  34 үзүүлэлтээр шинжилгээ хийх ёстой боловч энэ шаардлагыг хангахуйц лаборатори манай улсад байхгүй байгаа нь усны цэвэрлэгээний түвшинг бүрэн тодорхойлж чадахгүй байна.
Арьс ширний үйлдвэрүүдийн газар доорхи инженерийн шугам, сүлжээний эзэмшил,харьяалал тодорхойгүйгээс засвар үйлчилгээ олон жилээр хийгдээгүй, улмаар шугам хоолой элэгдэж, түүний нүх сүвээр шүүрсэн бохир ус  хөрсөнд шингэж, хөрс шимгүй болох, хатах зэрэг гэмтэл үүсэж байна.
Боловсруулах үйлдвэрүүдээс гарсан шар мах, год, ногоон зоргодол их хэмжээгээр ил задгай хаягдаж, байгаль орчныг бохирдуулж байна.
Ер нь сүүлийн үед олон жижиг аж ахуйн нэгж, түүний дотор гадаадын хөрөнгө оруулалттай үйлдвэрүүд зориулалтын бус байранд, инженерийн шугам сүлжээгүй газар арьс ширний анхан шатны боловсруулалтыг хийж байгаа нь байгаль орчныг хамгаалахад сөрөг нөлөө үзүүлж байгааг анхаарах шаардлагатай байгаа юм.
г/ Ажлын байрны  эрүүл ахуй, хөдөлмөрийн нөхцөл
Үйлдвэр, аж ахуйн нэгжүүд нь химийн хорт бодисыг нойтон шалтай зориулалтын бус байранд түүхий эд, материалын хамт хадгалж байна.
Үүнээс үүдэн ажлын байрны бүсийн агаарын хэм эрүүл ахуйн зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 3-5 дахин бага, хүйтэн, харьцангуй чийглэг нь 10-25 хувиар их байгаа явдал мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвчлөгсдийн тоо нэмэгдэхэд хүргэж байна.
Энэ салбарт 2000 оны байдлаар үйлдвэр, аж ахуйн нэгжүүд жилдээ нэг хүнд дунджаар 12 мянган төгрөгийн өртөг бүхий  хөдөлмөр хамгааллын хувцас, багаж хэрэгсэл олгожээ. Энэ нь зах зээлийн өнөөгийн ханшаар зөвхөн нэг хос ажлын хувцас худалдан авах өртөг юм. Үүнээс үзэхэд ажиллагсад  амьсгалын болон арьс салстыг хамгаалах хэрэгсэл хэрэглэх боломж бага, үйлдвэрүүдэд осол, хурц хордлого гарч болзошгүй байна.
д/ Өрсөлдөх чадвар
Зах зээл дэх Монгол Улсын байр суурь.
Арьс, ширэн түүхий эд нийлүүлж, боловсруулж дэлхийн зах зээлд гаргадаг улсуудын тоонд Европын Холбооны орнууд, АНУ, Австрали, Шинэ Зеланд, ОХУ, БНХАУ, Энэтхэг, БНСУ, Монгол Улс багтаж байна.
Дээрх орнууд 2000 онд 85.0 тэрбум америк долларын арьс, ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэсний 37.3 хувийг АНУ,   37.0 хувийг Европын Холбооны орнууд, 10 хувийг Австрали, үлдсэн хувийг Шинэ Зеланд, ОХУ, БНХАУ, БНСУ, Монгол Улс эзэлж байна. Харин  экспортын хувьд БНХАУ, Энэтхэг Улс, АНУ, Бразиль, Итали, БНСУлс тэргүүлж байна.
Зүүн өмнөд Азийн эдийн засгийн хямралын нөлөөгөөр тухайн тивийн орнуудаас экспортлох түүхий эдийн хэмжээ 1995-1998 онуудад 23-32 хувиар буурсан байхад манай улсын хувьд энэ нь 2000 онд 1989 оныхоос 37.7, үүнээс боловсруулаагүй хонины арьсны экспорт 92.0, ямааны арьсны экспорт 64.5, үхрийн ширний экспорт 89.3 хувиар өсжээ.
Үүнтэй уялдан түүхий эдийн боловсруулалтын түвшин 2000 онд 1989 оныхоос 86.4 хувиар буурсан дүн гарч  байна.
Монголын арьс, ширэн бүтээгдэхүүний экспорт 1995 онд   3.8 сая ам.доллар байсан бол 2000 онд 3.2 сая ам.доллар болж бэлэн бүтээгдэхүүний экспорт 15.8 хувиар буурчээ.
Бүтээгдэхүүний чанарын түвшин
Арьс ширний анхан шатны боловсруулалтын үйлдвэрийн зориулалт өөрчлөгдөж, түүхий эдэд газар дээр нь чанарын хамгаалалт хийх явдал үгүй болсон байна.
Түүхий эд бэлтгэлийн нэгдсэн систем задран унасан нь арьсны амьдын болон бэлтгэлийн гэмтлийг нэмэгдүүлэх боллоо.
Хонь, ямааны арьсны амьдын гэмтэл 2000 онд 1992 оныхоос 2 дахин, түүхий эдийн бэлтгэлийн үед гардаг механик гэмтэл 17.8 хувиар өсжээ.
Том мал, бодын ширийг хүндийн жингээр бус уртын хэмжээгээр авдаг стандартын бус арга давамгайлах болж, ширний талбайг ихэсгэх зорилгоор зүсэж хэрчих, сунгах, татах зэргээр хөрсөнд механик гэмтэл үүсгэх болов.
Мал хувьд шилжиж малын өвчин, эмгэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажиллагаа орхигдсон нь арьс, ширэн түүхий эдийн чанар муудах, амьдын гэмтэл ихсэхэд нөлөөлж байна. Манай улсын хувьд арьс, ширэн түүхий эдийн амьдын болон механик гэмтэл бусад орныхоос харьцангуй их, талбайн ашиглалт муу  байна.
Арьс, ширэн эдлэлийн чанар нь түүхий эд болон боловсруулалтад ашиглаж буй химийн бодис, материалын чанараас шууд хамаардаг. Боловсруулах үйлдвэрүүдийн санхүү, эдийн засгийн чадавхи сулаас өндөр чанартай, олон улсын стандартад нийцсэн химийн материал, бодис худалдан авч үйлдвэрлэлд ашиглах боломж бага байна.
2000 онд 16.9 мянган америк долларын химийн бодис, материалыг гадаадаас худалдан авсны 45.0 хувийг БНХАУ,   29.6 хувийг БНСУ, 25.4 хувийг бусад орноос импортолжээ. Үүнээс үзэхэд дэлхийн зах зээлд нэр хүндтэй химийн үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнийг  манай улс ашиглаагүй байна.
Арьс шир боловсруулах үйлдвэрүүдийн бүтээгдэхүүний чанар, техник, технологийн түвшин, менежментийн үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй "Жижиг, дунд үйлдвэрт зөвлөлгөө өгөх алба" төслийн хүрээнд "Булигаар", "Монгол шевро" болон зарим жижиг, дунд үйлдвэрүүд дээр хийсэн бүтээгдэхүүний чанар сайжруулах туршилтын ажлын үр дүнгээс үзэхэд сайн чанарын химийн бодис ашиглан технологийн горимыг чандлан мөрдөж үйлдвэрлэл явуулбал монголын арьсан бүтээгдэхүүний чанар олон улсын стандартад нийцэх боломж байна.
Гэвч боловсруулсан зарим нэр төрлийн арьсны өнгө янзалгаа, будгийн тогтвор, олон нугаралт зэрэг үзүүлэлт тэр бүр зах зээлийн шаардлага хангахгүй тал байна.
Бүтээгдэхүүний зах зээл
Дэлхийн арьс, шир боловсруулах салбарын үйлдвэрүүд арьс, ширийг автомашин, мебель, гутал, хувцас, жижиг эдлэл, гоёлын  бүтээгдэхүүн хийхэд зориулан боловсруулж байна. Ялангуяа Европын орнууд, түүний дотор ХБНГУ, Азийн орнуудаас Япон Улс мебелийн, Итали Улс гутлын, БНСУлс хувцасны зориулалттай арьс боловсруулахад тэргүүлэх байр эзлэх болов.
Монгол Улс арьс, ширийг гутлын их бие, ул, бэлэн хувцасны зориулалтаар боловсруулж байна.
Арьс, ширэн эдлэлийг бүтээгдэхүүний чанарын түвшингээр нь дээд, дунд, доод  гэж ангилдаг. Дээд зэргийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг орнуудын тоонд Итали, ХБНГУ, АНУ, Япон Улс багтах бөгөөд дунд зэргийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг орнуудад БНСУ зэрэг Азийн орнууд орж байна. 1990 оны түвшинд манай улс дунд зэргийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг орнуудын эгнээнд байсан бөгөөд одоогоор доод түвшинд шилжин орох хандлага бий болоод байна.
Манай улсын түүхий эдийн нөөц, төрөл, чанар, онцлогоос үзэхэд хувцасны зориулалтын арьсны үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлэх нь илүү үр дүнтэй байна.  Монгол хонь, ямааны арьс нь хувцасны савхи үйлдвэрлэхэд илүү тохиромжтой, дэлхийн зах зээлд жилд 60.0-70.0 сая ширхэг энэ төрлийн боловсруулсан арьсны хэрэгцээ байдаг. Монгол улс дээрх хэрэгцээний    11.4-13.3 хувийг үйлдвэрлэх боломжтой байна.
Үйлдвэр, аж ахуйн нэгжийн санхүү, эдийн засгийн чадавхи 1990 оноос хойш салбарын үйлдвэрүүдийн 90 гаруй хувь нь хувьд шилжсэн хэдий ч манай улсын банк, санхүүгийн системийн хямрал үйлдвэрлэгчдэд хүчтэй нөлөө үзүүлэв.
Банкны зээл хомс, хүү өндөр, хугацаа богино байгаагаас шалтгаалан үйлдвэрлэл явуулах, техник, технологийг шинэчлэх боломж бага байв. Түүхий эдээ худалдан авах чадваргүй болсны зэрэгцээ дотоодын зах зээлийг импортын бараа, бүтээгдэхүүн эзэлж, бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1990 оноос өнөөг хүртэл жилээс жилд буурч байлаа.
Хоёр. Арьс, ширний үйлдвэрийн салбарын эрхэм зорилго, хөгжлийн стратеги
Арьс, ширний үйлдвэрийн салбарын эрхэм зорилго нь байнгын нөхөн сэргээгддэг түүхий эдийг түүний бүтэц, чанар, онцлогт тохирсон, экологид халгүй, дэвшилтэт технологиор иж бүрэн боловсруулж, бүтээгдэхүүний чанарыг олон улсын зах зээлийн шаардлагад нийцүүлэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх замаар салбарын тогтвортой хөгжлийг хангахад оршино.
Эрхэм зорилгыг хэрэгжүүлэх арьс, ширний салбарын үйлдвэрийн хөгжлийн стратеги нь дараахь чиглэлээс тогтоно:
а/бодлогын сонголтоор хөгжүүлэх үйлдвэр;
б/зах зээлийн сонголтоор хөгжүүлэх үйлдвэр.
Бодлогын сонголтоор хөгжүүлэх үйлдвэрт боловсруулах, хоёрдогч түүхий эд ашиглах үйлдвэр, зах зээлийн сонголтоор хөгжүүлэх үйлдвэрт эцсийн бэлэн бүтээгдэхүүний үйлдвэр орно.
Хөгжлийн стратегийн ойрын хугацааны зорилт нь "Арьс, шир" дэд хөтөлбөрийн хүрээнд 2001-2004 онд хэрэгжүүлэх арга хэмжээгээр тодорхойлогдох бөгөөд хэтийн хөгжлийн чиглэл нь эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортыг нэмэгдүүлэх бодлого байна.
Гурав. Хөтөлбөрийг боловсруулах үндэслэл
1. "Арьс, шир" дэд хөтөлбөрийг боловсруулах үндэслэл нь Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг  хөгжүүлэх үндсэн чиглэл, "Аж үйлдвэрийг сэргээх, хөгжүүлэх" Засгийн газрын бодлого,  "Шинжлэх ухаан, технологийг 2010 он хүртэл хөгжүүлэх Засгийн газрын хөтөлбөр" болно.
Дөрөв. Хөтөлбөрийн зорилго, зорилт
2. Хөтөлбөрийн зорилго нь арьс, ширний үйлдвэрийн салбарын хөгжлийн эрхэм зорилго, хөгжлийн стратегитай уялдуулан хүч чадлын ашиглалтыг дэс дараатай нэмэгдүүлж, салбарын эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглэнэ.
3. Хөтөлбөрийн зорилгыг хэрэгжүүлэх хүрээнд дараахь зорилтыг шийдвэрлэнэ. Үүнд:
а/түүхий эдийн чанарыг сайжруулах зорилгоор "Арьс, шир" дэд хөтөлбөрийг "Малын эрүүл мэнд", "Малын чанар, үржлийн ажил, үйлчилгээг сайжруулах" хөтөлбөрүүдтэй уялдуулан хэрэгжүүлэх;
б/түүхий эд бэлтгэлийг ноос, ноолуур, мах боловсруулах үйлдвэрүүдтэй хоршин зохион байгуулж, Бөөний худалдаа сүлжээгээр түүхий эд бэлтгэх систем тогтоох;
в/үйлдвэрүүдийн хүч чадлын ашиглалтыг дээшлүүлж, тогтвортой ажиллагааг хангах эрх зүй, эдийн засгийн таатай орчин бүрдүүлэх;
г/салбарын үйлдвэрүүдийн менежментийг сайжруулах, техник, технологийг шинэчлэх, түүхий эдийн боловсруулалтын түвшинг дээшлүүлэх, бүтээгдэхүүний чанарыг олон улсын зах зээлийн шаардлагад нийцүүлэх замаар үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлж, салбарын өрсөлдөх чадварыг сайжруулах;
д/байгаль орчин, хүний эрүүл мэндэд халгүй технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлж, экологийн цэвэр бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх.
Тав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд баримтлах зарчим
4. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндсэн зарчим нь төр болон салбарын мэргэжлийн холбоод, шинжлэх ухаан, төрийн бус байгууллага, үйлдвэр, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаа юм.
5. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ салбарын эрхэм зорилго, зах зээлийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан дараахь  зарчмыг баримтална. Үүнд:
а/малын элдэв паразит халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэхэд хөдөө аж ахуйн салбарын байгууллагуудтай хамтран ажиллах, мах болон арьс, шир боловсруулах үйлдвэрүүдийн уялдааг хөгжүүлэх, түүхий эдийн чанарын хамгаалалтыг технологийн дагуу хийх ажлыг зохион байгуулах замаар түүхий эдийн чанарыг сайжруулах;
б/төвлөрсөн цэвэрлэх байгууламж, дэд бүтцийг түшиглэн анхан шатны боловсруулалтын чиглэлийн үйлдвэрийг хөгжүүлэх;
в/гутал, хувцасны зориулалттай арьс, шир боловсруулах чиглэлээр урьд өмнө бий болсон хүч чадлын ашиглалтыг дээшлүүлэх;
г/арьс, ширэн бүтээгдэхүүний зах зээлийн тандалт судалгааг өргөжүүлж, түүнд үндэслэн шинэ нэр төрлийн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх;
д/түүхий эдийн бэлтгэл, үйлдвэрлэл, борлуулалтын хэлхээг  ашиглаж бүтээгдэхүүний чанарт тохирсон зах зээлийн нэгдсэн тогтолцоог хөгжүүлэх, үйлдвэр, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг түүхий эдээ бүрэн боловсруулахад чиглүүлэх.
Зургаа. Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ
6. Хөтөлбөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээг хавсралтаар үзүүлэв.
7. Эдгээр арга хэмжээ нь хөтөлбөрийн нэг болон хоёрдугаар үе шатны зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэх бөгөөд гуравдугаар үе шатны зорилтыг тухайн үеийн нөхцөлд тохируулан боловсруулж, холбогдох арга хэмжээг тодотгох замаар хөтөлбөрийн зорилтын хэрэгжилтийг хангана.
Долоо. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт, хяналт
8. Хөтөлбөрийн зорилтын хэрэгжилтийг хангах арга хэмжээг Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөвт жил бүр тусгах замаар улсын хэмжээнд Үйлдвэр, худалдааны сайдын, орон нутагт аймаг, нийслэлийн Засаг даргын удирдлагын дор зохион байгуулна.
9. Хөтөлбөрт заасан арга хэмжээг холбогдох яам, байгууллагын удирдах хүмүүс хариуцан хэрэгжүүлэх бөгөөд биелэлтэд нь Үйлдвэр, худалдааны сайд хяналт тавина.
10. Үйлдвэр, худалдааны сайд нь хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний биелэлтийг холбогдох байгууллагуудаас улирал тутам авч нэгтгэн үр дүнг жил бүрийн 3 дугаар сард Засгийн газарт тайлагнана.
11. Хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор Үйлдвэр, худалдааны сайд нь холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг байгуулан ажиллаж болно.
Найм. Хөтөлбөрийн санхүүжилт
12. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дор дурдсан санхүүгийн эх үүсвэрийг ашиглана:
а/улсын төсөв;
б/орон нутгийн төсөв;
в/гадаад орон,олон улсын байгууллагын зээл,тусламж;
г/үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өөрийн хөрөнгө;
д/бусад.
Ес. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа
13. Хөтөлбөрийг 2001-2010 онуудад дараахь үе шаттайгаар хэрэгжүүлнэ:
Нэгдүгээр үе шат 2001-2003. Салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, боловсруулах үйлдвэрүүдийн хүч чадлын ашиглалтыг дээшлүүлэн үйлдвэрлэлийг хэвийн өсөлттэй явуулах нөхцөлийг бүрдүүлэх.
Хоёрдугаар үе шат 2004-2006. Түүхий эд, хагас бэлэн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг ахиулж, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг дэс дараатай нэмэгдүүлэх.
Гуравдугаар үе шат 2007-2010. Арьс, ширэн түүхий эдийн нөөцийг бүрэн ашиглах, бүтээгдэхүүний чанарыг олон улсын зах зээлийн түвшинд хүргэх, байгаль орчинд халгүй технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлж,  экологийн хувьд цэвэр бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар өрсөлдөх чадварыг дээшлүүлж, салбарын хөгжлийн стратегийн эрхэм зорилгыг хангах.
Арав. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээс гарах үр дүн
14. Хөтөлбөрийн нэг болон хоёрдугаар үе шатны зорилтыг хэрэгжүүлснээр дараахь үр дүнд хүрнэ:
а/арьс, ширний салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2004 он гэхэд 1999 оныхоос дунджаар 24.0 хувиас доошгүй өсөх;
б/боловсруулсан арьс, шир, бэлэн бүтээгдэхүүний экспорт 2004 онд 1999 оныхоос 30, улсын нийт экспортод тус салбарын эзлэх хувь 38 хувиас доошгүйгээр тус тус нэмэгдэх;
в/боловсруулах үйлдвэрүүдийн хүч чадлын ашиглалт 27.6, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрүүдийн хүч чадлын ашиглалт 20.0 хувиар өсөж, салбарын хэмжээнд ажилгүйдэл 23.8 хувиар буурах.     
-----оОо-----