- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОЁМОЛ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР
Засгийн газрын 2003 оны 207 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт
ОЁМОЛ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР
ОЁМОЛ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР
Нэг. Оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн өнөөгийн байдал
1.1. Нийгэм, эдийн засагт эзлэх байр суурь
Оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салбарт 2002 оны байдлаар 100 орчим аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагийн 38.3 хувь нь гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай, 46.8 хувь нь хамтарсан, 14.9 хувь нь дотоодын үйлдвэр байна.
Дээрх үйлдвэрүүдэд 20 орчим мянган хүн ажиллаж байгаа нь аж үйлдвэрийн салбарт ажиллагсдын 12.0 хувийг эзлэж байна.
Тус салбар аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 5.3 хувийг үйлдвэрлэж байгаа бөгөөд нийт экспортод оёмол бүтээгдэхүүн 16.2 хувийг эзлэж байна.
1.2. Зах зээлийн эрэлт хэрэгцээ, бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар
Оёдлын үйлдвэрүүд нь хөгжиж байгаа орнуудын жишгээр АНУ, Европын холбооноос манай улсад олгосон худалдааны нэн тааламжтай нөхцөлийг ашиглан гадаадын захиалагчийн материалаар бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлож байна. Дотоодын үйлдвэрүүд нь дийлэнхдээ гадаадын хөрөнгө оруулалттай болон хамтарсан үйлдвэрүүдийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байна.
Бүтээгдэхүүний өртгийн 65-90 хувийг эзэлдэг үндсэн, туслах материал импортоос бүрэн хараат, тээврийн болон үйлдвэрлэлийн зардал өндөр зэргээс шалтгаалан оёмол бүтээгдэхүүн нь үнийн хувьд дотоодын зах зээл дээр өрсөлдөх чадваргүй байна.
Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын бизнес эрхлэх орчин ялгаатай байгаа нь өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд хүндрэл учруулж байгаа юм.
1.3. Техник, технологийн түвшин
Манай улсад 1995 оноос 2.0 мянга гаруй ердийн болон тусгай зориулалтын оёдлын машин, 700 гаруй автомат, индүү, пресс, 9.0 мянга гаруй туслах төхөөрөмж, 2.0 мянга гаруй бэлтгэх, эсгэх машин гадаадын хөрөнгө оруулалтаар орж ирсэн нь үйлдвэрлэлд шинэ дэвшилтэт технологи нэвтрэхэд бодитой хувь нэмэр оруулсан юм. Гэвч бүтээгдэхүүний загвар зохион бүтээлт, технологийн баримт бичгийн боловсруулалт шаардлага хангахгүй байна.
1.4. Ажиллах хүч
Ажиллагсдын хөдөлмөрийн бүтээмж хөгжиж байгаа орноос 1.5-2 дахин доогуур, шилжилт хөдөлгөөн их, тогтвор суурьшил бага, ажлын цагийн ашиглалт сул байна. Манай улсад 1986 оноос оёдлын үйлдвэрийн инженер, техникийн ажилтныг дотооддоо бэлтгэж байгаа боловч мэргэжлийн ажилтан бэлтгэх тогтолцоо үгүйлэгдэж байна. Yйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын менежментийн тогтолцоо зах зээлийн шаардлага хангахгүй байна.
Хоёр. Хөтөлбөр боловсруулах үндэслэл
2.1. Оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн давуу тал
Оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь:
-үйлдвэрлэлийн бэлтгэл ажиллагаа багатай, бүтээгдэхүүн үйлдвэрлэх мөчлөг богино, хөрөнгө оруулалт бага шаарддаг;
-хөрөнгө оруулалтын эргэн төлөх хугацаа богино;
-үйлдвэрлэлийн чиглэл, бүтээгдэхүүний нэр төрлийг богино хугацаанд хялбар өөрчлөх боломжтой;
-хүрээлэн байгаа орчинд үзүүлэх дарамт бага, экологийн хувьд цэвэр үйлдвэрлэлийн тоонд багтдаг.
Манай орны хувьд:
-олон улсын зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлэх худалдааны таатай нөхцөлд хамрагдсан;
-АНУ болон Европын зах зээлд өөрийн байр суурийг олсон;
-дэвшилтэт техник, технологи үйлдвэрлэлд нэвтэрсэн зэрэг давуу талтай байна.
2.2. Оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн өмнө тулгарч байгаа бэрхшээл
Монгол Улс 2004 оноос АНУ-тай Зүүн өмнөд Азийн орнуудтай ижил худалдааны нөхцөлөөр харилцана. Yүнтэй уялдан манай улсад үйлдвэрлэсэн нэгж бүтээгдэхүүнд төлөх үйлчилгээний үнэ, гадаадын хөрөнгө оруулалт буурах, дотоодын зах зээлийн импортоос хамаарах хамаарал өсөх, ажилгүйдэл нэмэгдэх, "нийгмийн эмзэг бүлэг"-ийн өрхийн амьжиргааны түвшин буурах зэрэг эдийн засаг, нийгмийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх хүндрэлүүд гарч болзошгүй байна.
Иймд Оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөрийг батлан хэрэгжүүлэх нь зүйтэй юм.
Гурав. Хөтөлбөрийн зорилго, зорилт
3.1. Хөтөлбөрийн зорилго
Хөтөлбөрийн зорилго нь бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, экспортын хэмжээг тогтвортой хадгалах, дотоодын бүтээгдэхүүнээр хүн амын хэрэгцээг хангах бизнесийн таатай орчин бүрдүүлэхэд оршино.
3.2. Хөтөлбөрийн зорилт
Хөтөлбөрийн зорилгыг хангахын тулд дараахь зорилтуудыг хэрэгжүүлнэ:
-шинэ зах зээл нээж олох, экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр гадаад харилцааг хөгжүүлж, худалдааны тааламжтай нөхцөл бүрдүүлэх;
-үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх эрх зүйн таатай орчин бий болгох;
-импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжих;
-салбарын менежментийг сайжруулж, үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэн бүтээмжийн өсөлтийг хангах.
3.3. Оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд баримтлах чиглэл
Хөтөлбөрийг хэрэгжүүлж, оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд дараахь чиглэлийг баримтална:
-гадаадын шинэ зах зээлд гарах бүх талын боломжийг судалж, хэрэгжүүлэх;
-бизнесийн орчинг Зүүн болон Зүүн өмнөд Азийн орнуудын жишигт хүргэх арга хэмжээ авах;
-гадаадын захиалагчийн үйлдвэрлэлийг дэмжих, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын бизнес эрхлэх ялгаатай байдлыг арилгах татварын орчин бүрдүүлэх;
-төсвийн байгууллагын захиалгыг дотоодын үйлдвэрлэлд чиглүүлж, зах зээлийг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
-өмнө нь ажиллаж байсан орон нутгийн жижиг, дунд үйлдвэрүүдийн үйл ажиллагааг сэргээж, дотоодын бүтээгдэхүүнээр хүн амын хэрэгцээг хангах нөхцөл бүрдүүлэх;
-бизнес эрхлэгчдийн хоршин ажиллах ажиллагааг гүнзгийрүүлэх, менежментийг боловсронгуй болгох, бизнес эрхлэх дэвшилтэт аргыг эзэмшүүлэх, мэргэжлийн ажилтан бэлтгэх сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийг байгуулан ажиллуулах замаар боловсон хүчнийг чадваржуулж, үйлдвэрлэлийн үр ашиг, бүтээмжийн өсөлтийг хангах таатай орчин бий болгох;
-бүтээгдэхүүний чанарыг олон улсын стандартад нийцүүлэн тасралтгүй сайжруулах, бага оврын шинэ дэвшилтэт техник, технологи, шинжлэх ухаан, техникийн ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлж,үйлдвэрлэлийн уян хатан байх чадварыг дээшлүүлэх.
Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд баримтлах зарчим
1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндсэн зарчим нь төрийн байгууллага болон салбарын мэргэжлийн холбоод, төрийн бус бусад байгууллага,үйлдвэр,аж ахуйн газар,бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаа, идэвхтэй оролцоонд тулгуурлах явдал юм.
2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ банк, санхүү, татвар, гаалийн тогтолцоо, худалдаа, хангамж, тээврийн системийг боловсронгуй болгох асуудлыг иж бүрнээр авч үзнэ.
3. Хөтөлбөрийн хэрэгжилтийг Засгийн газрын "Экспортын үйлдвэрлэлийг дэмжих", "Ноолуур", "Ноос", "Арьс шир", "Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих" "Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн үндэсний хөтөлбөр" зэрэг хөтөлбөрүүдийн хэрэгжилттэй уялдуулна.
Тав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа
Хөтөлбөрийг дараахь үе шаттайгаар хэрэгжүүлнэ:
Нэгдүгээр үе шат: 2003-2005 он. Оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, суурилагдсан хүч чадлын ашиглалтыг дээшлүүлэн, үйлдвэрлэлийг хэвийн өсөлттэй явуулах нөхцөлийг бүрдүүлнэ.
Хоёрдугаар үе шат: 2005-2008 он. Гадаад зах зээлд салбарын эзлэх байр суурийг бататгаж, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ.
Гуравдугаар үе шат: 2009-2015 он. Оёмол үйлдвэрлэлийн хөгжлийг эрчимжүүлж, өрсөлдөх чадварыг Зүүн өмнөд Азийн орнуудын түвшинд хүргэнэ.
Зургаа. Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ
Хөтөлбөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээ нь 1-2 дугаар үе шатны зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэнэ. 3 дугаар үе шатны зорилтыг тухайн үеийн нөхцөл байдалтай уялдуулан тодорхойлж, хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг тогтооно.
Долоо. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт, хяналт
1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд, хөрөнгийн эх үүсвэрийг улсын төсөвт жил бүр тусган холбогдох зохион байгуулалтын арга хэмжээ авах замаар хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
2. Хөтөлбөрт заасан зорилт,арга хэмжээг холбогдох яам, байгууллага хариуцан хэрэгжүүлж, тэдгээрийн явц, харилцан уялдаа, үр дүнд Үйлдвэр, худалдааны яам хяналт тавина.
3. Үйлдвэр, худалдааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь хөтөлбөрийн хэрэгжилт, явцын үр дүнг холбогдох байгууллагуудаас авч нэгтгэн үе шат бүрийн төгсгөлд Засгийн газарт тайлагнана.
4. Хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор Үйлдвэр, худалдааны сайд нь холбогдох байгууллагын төлөөлөгчдийг оролцуулсан ажлын хэсэг байгуулан ажиллуулж болно.
Найм. Хөтөлбөрийн санхүүжилт
Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дор дурдсан санхүүгийн эх үүсвэрийг ашиглана:
а/улсын төсөв;
б/олон улсын байгууллага, хандивлагч орнуудын зээл, тусламж;
в/гадаадын хөрөнгө оруулалт;
г/үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын өөрийн хөрөнгө;
д/бусад.
Ес. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр гарах үр дүн
1. Бүтээгдэхүүний экспорт тогтвортой нэмэгдэж, оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн дэлхийн зах зээлд эзлэх байр суурь өснө.
2. Ажлын байр нэмэгдэж, ажилгүйдэл буурна.
3. Орон нутагт үйлдвэрлэл хөгжих таатай орчин бүрдэнэ.
4. Салбарын үйл ажиллагааны импортоос хамаарах хамаарал буурна.
----оОо----
Текст томруулах
A
A
A