A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1999 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР
 
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Жижиг, дунд үйлдвэрийн өнөөгийн байдал
Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжиж эхэлсэн үеэс манай улсын нийгэм, эдийн засгийн харилцаанд зарчмын өөрчлөлт гарч, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд олноор бий болж байна.
1998 оны 1 дүгээр сарын байдлаар улсын бүртгэлтэй 33741 аж ахуйн нэгж байгаагийн 96 хувь нь хувийн хэвшлийнх байна.
Манай оронд жижиг, дунд үйлдвэр сүүлийн жилүүдэд жинхэнэ өөрийн агуулгаар үүсэн бүрэлдэж, ялангуяа хөдөө орон нутгийн хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангахад чухал үүрэг гүйцэтгэж байна. Өмч хувьчлалын үр дүнд мал аж ахуй, газар тариалангийн салбар үндсэндээ жижиг, дунд үйлдвэрийн бүтцэд шилжлээ. Мөн жижиглэн худалдаа, хүн амын ахуйн үйлчилгээ, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, оёдол, сүлжмэл зэрэг хөнгөн үйлдвэрлэлийн салбарт жижиг, дунд үйлдвэр олноор бий болов.
1997 онд хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд нь дотоодын нийт бүтээгдэхүүний 60 гаруй хувийг үйлдвэрлэжээ. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд нийт ажиллагсдын 80 хувь буюу 480 мянган хүн ажиллаж байна.
 Гэвч дэд бүтэц сул хөгжсөн, үйлдвэрлэлийн байр талбайн хангамж хүрэлцээгүй, одоо байгаа үйлдвэрүүд нь санхүү, эдийн засгийн хувьд бэхжээгүй, тэдний удирдлага зохион байгуулалтын туршлага, ур чадвар хангалтгүй байгаа зэргээс шалтгаалан жижиг, дунд үйлдвэр эрчимтэй хөгжиж чадахгүй байна.
2. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих нийгэм, эдийн засгийн шаардлага
Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих нийгэм, эдийн засгийн шаардлагыг дараахь байдлаар тодорхойлж байна:
а/ байгаа нөөц, боломж дээр тулгуурлан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх замаар ажлын байрыг шинээр бий болгох, хүн  амын  амьжиргааны түвшинг нэмэгдүүлэх;
б/ хөдөлмөрийн болон түүхий эдийн нөөцийн хуваарилалт, зах зээлийн эрэлт нийлүүлэлтийг сайжруулах;
в/ үйлдвэрлэл, үйлчилгээнд шударга өрсөлдөөнийг бий болгож, бизнесийн орчинг бүтээлч, идэвхитэй ажиллагаанд оруулах;
г/ эдийн засгийн өсөлтийн боломжийг илрүүлэх, бүс, орон нутгийн эдийн засгийн тэнцвэртэй хөгжлийг хангах нөхцөлийг бүрдүүлэх; 
д/ зах зээлийн өөрчлөлтөд түргэн зохицох мэдрэмжтэй үйлдвэрлэл, үйлчилгээний салбарыг бий болгох;
е/ олон тулгуурт эдийн засгийн системийг бий болгож, татвар төлөгчдийн баазыг нэмэгдүүлэх.
 
Хоёр. Жижиг,  дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөрийн зорилго, зорилт, тэргүүлэх чиглэл
3.Хөтөлбөрийн зорилго
Хөтөлбөрийн зорилго нь жижиг, дунд үйлдвэр хөгжих таатай орчинг бүрдүүлэхэд оршино.
 Жижиг, дунд үйлдвэр хөгжих үндэс нь үйлдвэр эрхлэгчдийн сайн дурын идэвх санаачилга, өөрөө өөрийгөө дэмжих үйл ажиллагаа мөн.
4. Хөтөлбөрийн зорилт
4.1 Хөтөлбөрийн зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараахь зорилтуудыг шийдвэрлэнэ:
а/ удирдлага зохион байгуулалт, хүний хөгжлийн нөөц, мэдээллийн орчинг сайжруулах;
б/ бүс, орон нутагт дэд бүтцийг хөгжүүлж жижиг, дунд үйлдвэр эрхлэх  нөхцөлийг бүрдүүлэх;
в/ жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн техник, технологийг боловсронгуй болгож, байгаль орчин, хүн амын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах, бүтээгдэхүүний өрсөлдөх  чадварыг нэмэгдүүлэх;
г/ жижиг, дунд болон том үйлдвэр эрхлэгчдийн бие биеэ дэмжин хөгжүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах;
д/ жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд дотоод, гадаад хөрөнгө оруулалтыг дэмжиж, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх.
5. Тэргүүлэх ач холбогдол өгөх жижиг, дунд үйлдвэрийн чиглэлүүд
5.1 Хөтөлбөрийн зорилгын хүрээнд дор дурдсан үйлдвэрлэл, үйл ажиллагаа эрхэлдэг жижиг, дунд үйлдвэрүүдэд тэргүүлэх ач холбогдол өгнө:
а/ бүс, орон нутгийн эрэлт хэрэгцээг хангах, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хүн амын ахуйн үйлчилгээ;
б/ дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэл;
в/ оюуны өндөр багтаамжтай, дэвшилтэт техник, технологи дээр тулгуурласан үйлдвэрлэл, үйлчилгээ;
г/ эрчим хүч, зам, ус хангамж, харилцаа холбоо, тээвэр, барилгын материал зэрэг жижиг,  дунд үйлдвэрлэл, үйлчилгээ;
д/ байгалийн баялаг, хоёрдогч түүхий эдийг ашиглах чиглэлийн жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санаачилгыг дэмжих.
5.2.Хөтөлбөрийн 5.1-д заасан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг жижиг, дунд үйлдвэрээс тэргүүн ээлжинд дэмжих чиглэлийг жил бүр тодорхойлж улс, аймаг, нийслэлийн тухайн жилийн  эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусган хэрэгжүүлнэ.
6. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх эрх зүй, санхүү, зээл, удирдлага, хүний хөгжил, урамшууллын дараахь таатай орчинг бүрдүүлнэ:
6.1. Эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх зорилгоор зарим хууль тогтоомжид өөрчлөлт оруулах асуудлыг судлан боловсруулж шийдвэрлүүлэх;
6.2. Жижиг, дунд үйлдвэр хөгжихэд саад учруулж буй шийдвэр, дүрэм, журам, зааврын заалтыг хүчингүй болгох;
6.3. Татвар,  зээлийн уян хатан бодлогыг судалж төсөл боловсруулах, батлуулж хэрэгжүүлэх;
6.4. Жижиг, дунд үйлдвэрийн удирдлага, мэргэжилтэнг  сургах, давтан сургах, жижиг, дунд үйлдвэрийн бизнес төлөвлөгөө, төсөл боловсруулах, санхүү бүртгэлийн үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
6.5. Жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх санал, санаачилга, хөдөлгөөнийг урамшуулан дэмжих, төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллагын үйл ажиллагааг чирэгдэлгүй шуурхай болгох.
 
Гурав.  Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа
7.Төрийн захиргааны төв байгууллага
7.1 Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яам:
а/ жижиг, дунд үйлдвэрийн шалгуур үзүүлэлтийг тодорхойлж, түүний хөгжлийг дэмжих харилцааг зохицуулах хуулийн төслийг боловсруулах;
б/ Сангийн яамтай хамтран "Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан"-гийн хөрөнгөөр хөнгөлөлттэй зээл, зээлийн баталгаа, даатгалын үйлчилгээ үзүүлэх тухай журам боловсруулж хэрэгжүүлэх;
в/ жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд  төрийн бус байгууллагын үйл ажиллагааг өргөжүүлж, тэдэнтэй гэрээ байгуулан ажиллаж, биелэлтийг жил бүр дүгнэж байх;
г/ улсын төсвөөс жижиг, дунд үйлдвэрийг дэмжихэд олгосон хөрөнгө оруулалтын тодорхой хувийг холбогдох байгууллагуудтай хамтран үйлдвэрлэлийн бүс байгуулахад зарцуулж, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд бизнес инкубаторын үйлчилгээ үзүүлэх;
д/ гадаад орон, олон улсын байгууллагатай хамтран жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэх;
е/ тухайн жилд  тэргүүн ээлжинд дэмжих жижиг, дунд үйлдвэрийн чиглэлийг тодорхойлж , Үндэсний зөвлөлөөр  батлуулж хэрэгжүүлэх;
ж/ аймаг,нийслэлийн Засаг даргатай хамтран хадлан бэлтгэх, малын тэжээл үйлдвэрлэх жижиг,  дунд үйлдвэрийг зохион байгуулах.
7.2 Сангийн яам:
а/ Хөдөө аж  ахуй, үйлдвэрийн яамтай хамтарч  "Аж  ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын тухай хууль"- д нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, жижиг, дунд үйлдвэрийг дэмжих татварын таатай орчинг бүрдүүлэх;
б/ жил бүрийн улсын төсвийн хөрөнгө оруулалтын 10-аас доошгүй хувийг жижиг, дунд үйлдвэрт зориулахаар төвлөрсөн төсөвт тусгаж байх;
в/ зээл, зээлийн баталгаа, даатгалын үйлчилгээ үзүүлэх банкны бус байгууллагыг бодлогоор дэмжих;
г/ тухайн жилийн нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэлд орсон тэргүүлэх чиглэлийн жижиг дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалтаар импортоор оруулж ирж байгаа тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, түүхий эдэд татварын хөнгөлөлт үзүүлэх тухай хуулийн төслийг боловсруулах;
д/ Төсвийн хөрөнгө, гадаадын зээл, тусламжаар санхүүжих төсөл, хөтөлбөрийн арга хэмжээнүүдэд жижиг, дунд үйлдвэрүүдийг өргөнөөр оролцох боломжоор хангах;
е/ жижиг, дунд үйлдвэрийг дэмжин олгож буй зээлийн 50 хүртэл хувийг орон нутгийн жижиг, дунд үйлдвэрийн үйл ажиллагааг дэмжихэд зориулах бодлогыг баримтлах;
ж/ Монгол банктай хамтран хөрөнгө оруулалт, зээл, тусламжийг олгох, ашиглах, баталгаа гаргах, эргэж төлөх, дүнг тооцох, зээл, тусламжийг үр дүнгүй ашиглаж байгаа бол буцаан авах зэрэг  механизмыг боловсронгуй болгож, хариуцлагын тогтолцоог сайжруулах журмыг боловсруулж, хэрэгжүүлэх;
з/ дотоодын үйлдвэрлэгчдэд түүхий эд худалдан авч бэлтгэхэд зориулж, улирлын чанартай хөнгөлөлттэй зээл олгох асуудлыг Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яамтай хамтран судалж хэрэгжүүлэх.
 7.3 Дэд бүтцийн хөгжлийн яам:
а/ хөдөө орон нутагт жижиг, дунд үйлдвэр эрхлэхэд шаардлагатай эрчим хүч, уур ус, дулаан, зам тээвэр, холбоог хөгжүүлэхэд бодлого үйл ажиллагааны дэмжлэг үзүүлэх;
б/ бүс нутагт үйлдвэрлэлийн зориулалттай төвлөрсөн цахилгаан, дулаан, уур усны найдвартай эх үүсвэрийг бий болгох;
в/ хот айл, малчдыг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангах, харилцаа холбоо, тээврийн салбарт жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх.
г/ төв, орон нутагт зам, барилгын материалын жижиг, дунд үйлдвэрийг сэргээж хөгжүүлэх;
д/ жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд шаардлагатай ажлын байрны  авсаархан, хямд зураг төсөл, барилга байгууламж барьж хангахад анхаарч дэмжлэг үзүүлэх.
7.4.Байгаль орчны яам:
а/ ой мод, ус, ургамал, газрын хэвлийн нөөцийг үр ашигтай, хэмнэлттэй  хэрэглэх, модон материалыг орлох хоёрдогч түүхий эд ашиглах чиглэлийн жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санал, санаачилгыг дэмжин хөгжүүлэх;
б/ шатсан ойг цэвэрлэн, хог хаягдлыг ашиглах жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх.
7.5 Гадаад харилцааны яам:
а/ жижиг, дунд үйлдвэрийн техник, технологи, удирдлага зохион байгуулалтыг боловсронгуй болгоход зориулагдсан гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих;
б/ гадаад орнуудад суугаа Элчин сайдын яамдаар дамжуулан жижиг, дунд үйлдвэрийн бүтээгдэхүүнийг сурталчлах, тухайн орны жижиг, дунд үйлдвэрийн туршлага, шинэ техник, технологийн мэдээллийг төрийн бус байгууллагаар дамжуулан үйлдвэрлэгчдэд хүргэх;
в/ жижиг, дунд үйлдвэрийн бүтээгдэхүүнийг гадаад орнуудад сурталчлах, зөвлөлгөө өгөх төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих;
г/ хөрш орнуудтай гааль, худалдааны татварыг хөнгөлөх асуудлаар харилцан тохиролцох, гэрээ хэлэлцээр байгуулах асуудлыг судалж шийдвэрлэх.
 7.6 Гэгээрлийн яам:
а/ жижиг, дунд үйлдвэрлэлд шаардлагатай техникийн болон мэргэжлийн боловсон хүчний хэрэгцээг тодорхойлох, тэднийг давтан сургах, бэлтгэх тогтолцоог боловсронгуй болгох;
б/ жижиг, дунд үйлдвэрийн менежмент, зах зээлийн судалгааны чиглэлээр онол, практикийн дадлага олгох сургалтыг их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрт тусгаж хэрэгжүүлэх замаар мэргэжлийн боловсон хүчний мэдлэг, чадварыг дээшлүүлэх;
в/ бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, чанар сайжруулах судалгаа, эрдэм шинжилгээ, туршилтын ажлыг өргөжүүлэх;
г/ сургууль, цэцэрлэгийн хангамжийг сайжруулах чиглэлээр жижиг, дунд үйлдвэр зохион байгуулах асуудлыг судлан дэмжих.
7.7. Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам:
а/ жижиг, дунд үйлдвэрийн техникийн аюулгүй байдал, хөдөлмөр хамгаалал, хөдөлмөрийн нөхцөлд тавих хяналтыг дээшлүүлэх;
б/ бүс, орон нутгийн нөхцөл байдалтай уялдуулан жижиг, дунд үйлдвэрт ажиллах шаардлагатай боловсон хүчний судалгаа гаргаж ажлын байраар хангахад дэмжлэг үзүүлэх;
в/ эмнэлэг, сувилал, халамжийн байгууллагын үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, нэр төрлийг олшруулах жижиг, дунд үйлдвэрийг дэмжих чиглэл баримтлах.
7.8 Хууль зүйн яам:
а/ аж ахуйн нэгж хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, эрсдэлийг багасгах, хариуцлагыг өндөржүүлэх зорилгоор үйлдвэрлэл, үйлчилгээний гэрээний хариуцлагыг сайжруулах хуулийг боловсронгуй болгох;
б/ Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яамтай хамтарч жижиг, дунд үйлдвэрийн үйл ажиллагаа, хөгжилд хүндрэл учруулж буй хууль, тогтоол, дүрэм, журмыг судлан, холбогдох шийдвэр гаргуулах.
7.9. Батлан хамгаалах яам:
а/  зэвсэгт хүчний анги, салбарын хангамжийг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх жижиг, дунд үйлдвэрийг дэмжин хөгжүүлж, түүнд бэлтгэлд гарсан цэргийн боловсон хүчнийг ажиллуулах боломжийг судлан хэрэгжүүлэх.
7.10. Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төв:
а/ үйлдвэрлэл,  үйлчилгээний стандарт, бүтээгдэхүүний чанарыг үнэлэх, шалгах  аргачлал, стандартыг  олон улсын түвшинд хүргэх;
б/ жижиг, дунд үйлдвэрийн бүтээгдэхүүнд чанарын баталгаа гаргадаг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн үүсгэл, санаачилгыг дэмжих;
в/ жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн дундаас оны шилдэг бүтээгдэхүүнийг шалгаруулан урамшуулах үйл ажиллагааг өргөжүүлэх.
7.11. Төрийн өмчийн хороо:
а/ төрийн өмчийн ашиглагдаагүй байгаа үйлдвэрлэл, үйлчилгээний байр, талбайг жижиг,  дунд үйлдвэр эрхлэгчдэд хувьчлах арга хэмжээ авах;
б/ улсын үйлдвэрийн газрууд болон төрийн өмчийн оролцоотой хувьцаат компаниудад ашиглагдаж байгаа тоног төхөөрөмж, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, сав баглаа боодлын хэрэгцээний тухай мэдээлэл, сурталчилгааг  өргөжүүлэх;
в/  төсвийн байгууллагын захиалгаар улсын хэрэгцээнд зориулан авч байгаа бараа, бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийн судалгаа гаргаж, түүнийг  жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн дунд тендер зарлах замаар  худалдан авч хэрэглэх бодлогыг хэрэгжүүлэх.
7.12. Үндэсний статистикийн газар:
а/ жижиг, дунд үйлдвэрийн мэдээллийн сүлжээг бий болгож, мэдээллийн санг байгуулах, мэдээллээр үйлчлэх.
8. Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар: 
а/ орон нутагтаа жижиг, дунд үйлдвэрийг дэмжих дэд хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх;
б/ жил бүр тухайн жилд тэргүүн ээлжинд дэмжих жижиг, дунд үйлдвэрийн чиглэлд хадлан, тэжээл бэлтгэх, байгалийн баялаг ашиглах, хөдөө аж ахуйн түүхий эдийг боловсруулах анхан шатны  үйлдвэрлэл, хүн амын ахуйн үйлчилгээг өргөжүүлэх  асуудлыг тусгаж хэрэгжүүлэх;
в/ жижиг, дунд үйлдвэрийг дэмжих дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөрөнгийг жил бүрийн орон нутгийн төсөвт тусгаж, үйлдвэр, үйлчилгээ  эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжихэд зориулах.
 9.Сум, дүүргийн Засаг дарга, түүний Тамгын газар, Баг, хорооны Засаг дарга:
а/ хүн амын өргөн хэрэглээний бараа, оёдол, гар урлал, хүнсний үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх;
б/ орон нутгийн эрчим хүч, тээвэр, харилцаа холбоо, зам барилгын чиглэлийн жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх;
в/ шахмал түлш бэлтгэх, модон материалыг орлох хоёрдогч түүхий эд, хаягдлыг ашиглах чиглэлийн жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санаачилгыг дэмжих;
г/ хадлан, малын тэжээл бэлтгэж, түүнийг худалдан борлуулах үйлчилгээ эрхлэх сонирхолтой аж ахуйн нэгж, байгууллагын санаачилга, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх.
10. Төрийн бус байгууллага:
а/ жижиг, дунд үйлдвэрийг үүсгэн байгуулах, өргөжүүлэх, өөрчлөх болон тэдгээрийн үйл ажиллагааны бизнес төлөвлөгөө, аж ахуйн хэлхээ холбоог боловсронгуй болгох, санхүүгийн чадварыг сайжруулах төсөл боловсруулахад зөвлөлгөө өгөх, төслийн үнэлгээ хийх;
б/ жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулан урт, богино хугацааны  сургалт зохион байгуулах;
в/ жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулан  техник, технологи, эрх зүй, банк санхүү, зах зээл судлалын тухай мэргэжлийн зөвлөлгөө өгөх, хөндлөнгийн хяналт хийх, мэдээллээр хангах;
г/ гадаад, дотоодын үзэсгэлэн, яармагт жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг өргөнөөр оролцуулах.
 
Дөрөв. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт, санхүүжилт
11. Удирдлага, зохион байгуулалт:
11.1 Хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих үүргийг Үндэсний зөвлөл хэрэгжүүлнэ. Үндэсний зөвлөл нь орон нутгийн салбар зөвлөлтэй байна.
11.2 Үндэсний болон орон нутгийн салбар зөвлөл нь дараахь бүрэн эрхтэй байна:
а/ хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах, хяналт тавих;
б/ хөтөлбөрт нэмэлт, өөрчлөлт хийх саналыг Үндэсний зөвлөл Засгийн газарт, салбар зөвлөл Үндэсний зөвлөлд тавих;
в/ Үндэсний зөвлөл нь салбар зөвлөлүүдийг арга зүйн удирдлагаар хангах;
г/ хөтөлбөрийн хэрэгжилтийг салбар зөвлөл Үндэсний зөвлөлд, Үндэсний зөвлөл Засгийн газарт тайлагнах;
11.3 Үндэсний болон салбар зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна. Үндэсний Зөвлөл нь улиралд, салбар зөвлөл нь сард нэгээс доошгүй удаа хуралдах бөгөөд шаардлагатай үед Зөвлөлийн дарга хуралдааныг зарлан хуралдуулж болно.
11.4.  Зөвлөлийн үйл ажиллагааг тус зөвлөлөөс баталсан дүрмээр зохицуулна.
11.5. Энэ хөтөлбөрийн 3 дугаар бүлэгт заагдсан үйл ажиллагааг  хэрэгжүүлэх яам, агентлаг, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, түүний Тамгын газар нь үйл ажиллагааны хэрэгжилтийн явц, үр дүнг Үндэсний болон салбар зөвлөлд шаардсан хугацаанд нь тайлагнах үүрэг хүлээнэ.
12. Хөтөлбөрийн санхүүжилт
Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дараахь санхүүгийн эх үүсвэрийг ашиглана:
а/ улсын болон орон нутгийн төсөв;
б/ жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан;
в/ олон улсын байгууллага, хандивлагч орнуудын зээл, тусламж;
г/ банкны зээл, хувийн хөрөнгө оруулалт;
д/ бусад.
13. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа
 Хөтөлбөрийг 1999-2004 онд хэрэгжүүлнэ.                
 
Тав. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр гарах үр дүн
14. Гарах үр дүн:
а/ дотоодын нийт  бүтээгдэхүүний үйлдвэрлэл 3,5 хувиар нэмэгдэж, бараа, үйлчилгээний нийлүүлэлт сайжирна;
б/ ажлын байр нэмэгдэж, ажилгүйдэл багасан ажил эрхлэлтийн түвшин 10 хувиар өсөж нийгмийн тогтвортой байдал бий болно;
в/ бизнес эрхлэгчдийн идэвхи санаачилга дээшлэн хүмүүсийн нийгмийн амьдралд оролцох оролцоо  идэвхжинэ;
г/ зах зээлийн чөлөөт өрсөлдөөн бий болж, олон тулгуурт эдийн засгийн хөгжлийн суурь  бүрдэнэ;
д/үйлдвэрүүдийн хангамж, борлуулалтын бүтэц, зохион байгуулалт боловсронгуй болж, түүхий эд, бараа материалын хангамж тогтворжино;
е/ аж үйлдвэрийн төвлөрөл багасаж, бүс, орон нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдал бий болно;
ж/ импорт багасаж , үндэсний үйлдвэрлэл өргөжин хөгжихөд түлхэц болно.