- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР
Засгийн Газрын 2005 оны 64 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Жижиг, дунд үйлдвэрийн өнөөгийн байдал, үндэслэл
2004 оны дүнгээр манай улсад нийт 25356 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагийн дотор 50 хүртэл ажиллагсадтай аж ахуйн нэгж 96.0 хувийг эзэлж байна. Эдгээр жижиг, дунд аж ахуйн нэгжүүд улсын төсвийн 1.8 хувийг бүрдүүлж, 300 мянга гаруй хүнийг ажлын байраар хангаж байна. Жижиг, дунд аж ахуйн нэгжүүд нь техник, технологийн шинэчлэл хийх, ажил, үйлчилгээгээ өргөтгөх санхүүгийн эх үүсвэр дутагдалтай байна.
Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөрийн төслийг хот, орон нутагт хэлэлцүүлэх явцад манай улсад ядуурал, ажилгүйдэл дорвитой буурахгүй байгаагийн нэг шалтгаан нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид, түүнчлэн албан бус секторт хувиараа хөдөлмөр эрхлэж буй хүмүүсийг төрөөс санхүүгийн тодорхой бодлогоор дэмжихгүй байгаатай холбоотой гэсэн санааг хэлэлцүүлэгт оролцогчид илэрхийлж байлаа.
Иймд жижиг, дунд үйлдвэрийн эрх зүйн орчинг боловсронгуй болгох, татвар, санхүүгийн бодлогоор дэмжих, тэдэнд үзүүлж байгаа үйлчилгээг түргэн шуурхай, хүнд суртлын дарамтгүй болгох, тус үйлдвэрлэлд ажиллагсдын мэдлэг, ур чадварыг сайжруулах, зөвлөлгөө, дэмжлэг үзүүлэх зэрэг арга хэмжээг авах шаардлага урган гарч байна. Энэ зорилгоор жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөрийг шинэчлэн боловсруулав.
Хоёр. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийн зорилго, зорилт
2.1. Хөтөлбөрийн зорилго
Хөтөлбөрийн зорилго нь жижиг, дунд үйлдвэрийг эрчимтэй хөгжүүлж өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, албан бус бизнес эрхлэгчдийг албан ёсны жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх тааламжтай нөхцөлийг бүрдүүлэх, ажлын байр шинээр бий болгох, нэмэгдүүлэхэд оршино.
2.2. Хөтөлбөрийн зорилт
Хөтөлбөрийн зорилгыг дараахь зорилтуудаар хэрэгжүүлнэ:
2.2.1. жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх;
2.2.2. төрийн захиргааны байгууллагаас жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд үзүүлж байгаа үйлчилгээг шуурхай, чирэгдэлгүй болгох;
2.2.3. жижиг, дунд үйлдвэрийг татвар, санхүүгийн бодлогоор дэмжих;
2.2.4. жижиг, дунд үйлдвэрлэлийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн сургалт явуулах, мэдээллээр хангах, зөвлөлгөө өгөх, дэмжлэг үзүүлэх тогтолцоог бий болгох.
Гурав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа
3.1. "Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх" зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
3.1.1. жижиг, дунд үйлдвэрийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулж батлуулах;
3.1.2. жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор татварын болон бусад хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох хуулийн төсөл боловсруулж батлуулах;
3.1.3. жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих тэргүүлэх чиглэлийг боловсруулж батлуулах;
3.1.4. жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн зээлийн барьцааны чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор хөдлөх хөрөнгийн бүртгэлийн тогтолцоог бий болгох эрх зүйн орчинг бүрдүүлэх;
3.1.5. техник, технологи, машин, тоног төхөөрөмжийг лизингээр олгох эрх зүйн орчныг бүрдүүлэх.
3.2. "Төрийн захиргааны байгууллагуудаас жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд үзүүлж байгаа үйлчилгээг шуурхай, чирэгдэлгүй болгох" зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
3.2.1. лиценз, зөвшөөрөл, бүртгэлийн ажиллагааг хялбаршуулах талаар доорхи арга хэмжээг хэрэгжүүлнэ:
3.2.1.1. төрийн захиргааны бүх шатны байгууллагаас аливаа бүртгэл, лиценз, зөвшөөрлийг цахим сүлжээгээр олгодог тогтолцоог бүрдүүлэх, хэвшүүлэх;
3.2.1.2. бизнес эрхлэхэд саад тотгор болж буй хууль тогтоомж, бүх шатны байгууллагаас гаргасан шийдвэрийг хянан үзэж, зарим лиценз, зөвшөөрөл, журам, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ бүхий дүрэм болон хураамжийг хүчингүй болгох;
3.2.1.3. бүх шатны Засаг дарга, Тамгын газраас гаргасан үйлдвэрлэл, үйлчилгээг журамласан шийдвэрийг хянан үзэж, хууль тогтоомжид нийцүүлэх;
3.2.1.4. үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн нэгжийн тоог олшруулах, бүртгэлийг хөнгөвчлөх, хураамжийг үйлчилгээний өөрийн өртөгтэй нь нийцүүлэн тогтоож мөрдөх.
3.2.2. хяналт, шалгалтын тогтолцоог хялбаршуулах талаар доорхи арга хэмжээг хэрэгжүүлнэ:
3.2.2.1. нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдлыг хамгаалах объектод тогтоосон заавал мөрдөх стандартаас бусад стандартыг аль болох зөвлөмжийн шинж чанартай болгож цөөрүүлэх;
3.2.2.2. улс, аймаг, нийслэл, дүүргийн хэмжээнд хяналт, шалгалтын давхардлыг арилгах, хяналт шалгалтыг бизнес эрхлэгчдэд зөвлөлгөө өгөх, мэдээллээр хангахад чиглүүлэх;
3.2.2.3. улсын байцаагчийн дүгнэлтийг бүх шатанд хүлээн зөвшөөрөх журамд шилжих замаар хяналт шалгалтын тоог цөөрүүлэх;
3.2.2.4. хувийн өмчийн халдашгүй дархан байдлыг хангах үүднээс шуурхай шалгалт хийх онцгой нөхцөл үүссэнээс бусад тохиолдолд улсын мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс хувийн өмчид хяналт шалгалт хийхдээ байгууллагын удирдлага буюу өмчийн эзнээс бичгээр зөвшөөрөл авсны үндсэн дээр гүйцэтгэх эрх зүйн үндсийг бий болгох.
3.2.3. жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хүрээнд хувийн хэвшил, олон нийтийн оролцоо, ил тод байдлыг нэмэгдүүлэх талаар доорхи арга хэмжээг хэрэгжүүлнэ:
3.2.3.1. бизнесийн холбогдолтой хууль тогтоомж, хуулиар нууцад хамааруулснаас бусад шийдвэртэй иргэд чөлөөтэй танилцах орчинг бүрдүүлэх;
3.2.3.2. бизнестэй холбоотой аливаа шийдвэрийн төслийг боловсруулах, хэлэлцэхдээ олон нийтийн саналыг урьдчилан авдаг журмыг хэвшүүлэх;
3.2.3.3. мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөл байгуулж, шийдвэр боловсруулах явцад оролцуулж байх;
3.2.3.4. төрийн үйлчилгээний талаархи санал, хүсэлт, гомдол, мэдээллийг хүлээн авах шуурхай цэг ажиллуулах.
3.3. "Жижиг, дунд үйлдвэрийг татвар, санхүүгийн бодлогоор дэмжих" зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
3.3.1. жижиг, дунд үйлдвэрийг татварын болон нийгмийн даатгалын бодлогоор дэмжих хүрээнд:
3.3.1.1. Засгийн газраас тогтоосон тэргүүлэх чиглэлийн үйл ажиллагаа эрхлэж байгаа жижиг, дунд үйлдвэрийг эхний 3 жилийн хугацаанд аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэх;
3.3.1.2. жижиг, дунд үйлдвэрийн зар сурталчилгаа, сургалтын зардал, сайн дурын даатгалын хураамж, хэвийн хорогдол, урсгал засварын зардал зэрэг бизнесийн бодит зардлыг татвар ногдуулах орлогоос хасаж тооцох;
3.3.1.3. жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалттай импортоор оруулах техник, тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг судалж шийдвэрлэх;
3.3.1.4. экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг жижиг, дунд үйлдвэрийн импортолж байгаа үйлдвэрлэлийн зориулалттай үндсэн болон туслах материалыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг судалж шийдвэрлэх;
3.3.1.5. ажил олгогчоос авч байгаа нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг бууруулах асуудлыг судалж шийдвэрлэх;
3.3.1.6. гаалийн жишиг болон хэлцлийн үнэ бүрдүүлэх нээлттэй механизмыг бий болгоход тарифын зөвлөл, импортлогчдын оролцоог нэмэгдүүлэх.
3.3.2. жижиг, дунд үйлдвэрлэлийг зээлийн бодлогоор дэмжих хүрээнд:
3.3.2.1. жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөрөнгө оруулалт, хөгжлийн сан байгуулж ажиллуулах;
3.3.2.2. жижиг, дунд үйлдвэрт зориулан бага хүүтэй, урт хугацааны арилжааны зээлийн эх үүсвэрийг бий болгох, нэмж олох талаар Сангийн яам, Монгол банк, арилжааны банкуудтай хамтран арга хэмжээ авах;
3.3.2.3. гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр жижиг, дунд үйлдвэрийн төслийг санхүүжүүлэх, төслийн хэрэгжилтэд мэргэжлийн холбоодын зөвлөлөөс хяналт тавих боломжийг бий болгох;
3.3.2.4. улсын болон орон нутгийн төсвийн захиалгаар санхүүжих төсөл, хөтөлбөрийн арга хэмжээнд жижиг, дунд үйлдвэрийг түлхүү хамруулах бодлого баримтлах.
3.4. "Жижиг, дунд үйлдвэрлэлийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн сургалт явуулах, мэдээллээр хангах, зөвлөлгөө өгөх, дэмжлэг үзүүлэх тогтолцоог бий болгох" зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
3.4.1. бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан Бизнес инкубаторуудыг байгуулах;
3.4.2. бүсийн төвүүдэд технологи дамжуулах төв байгуулах, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах;
3.4.3. жижиг, дунд үйлдвэрийн удирдлага, инженер техникийн ажилтныг их, дээд сургууль, коллежид, ажилчдыг мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийг түшиглэн мэргэжил дээшлүүлэх, мэргэшил эзэмшүүлэх сургалт зохион байгуулах;
3.4.4. төрийн бус байгууллага, зөвлөлгөө өгөх төв зэрэг жижиг, дунд үйлдвэр дэмжих үүсгэл санаачилгын байгууллагын үйл ажиллагаа болон томоохон үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд тулгуурлан мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулахыг дэмжих.
Дөрөв. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт, санхүүжилт
4.1. Удирдлага, зохион байгуулалт
4.1.1. хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих үүргийг Үндэсний зөвлөл, Үйлдвэр, худалдааны яам хэрэгжүүлнэ. Үндэсний зөвлөл нь орон нутагт салбар зөвлөлтэй байж болно.
4.1.2. Үндэсний зөвлөл нь дор дурдсан ажлыг эрхэлнэ:
4.1.2.1. хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах, хяналт тавих;
4.1.2.2. салбар зөвлөлийг удирдлагаар хангах.
4.1.3. Үндэсний зөвлөл нь улирал бүр хуралдах бөгөөд шаардлагатай үед Зөвлөлийн дарга хуралдааныг зарлан хуралдуулж болно.
4.1.4. Зөвлөлийн үйл ажиллагааг тус зөвлөлөөс баталсан дүрмээр зохицуулна.
4.2. Хөтөлбөрийн санхүүжилт
4.2.1. хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дараахь санхүүгийн эх үүсвэрийг ашиглана:
4.2.1.1. жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөрөнгө оруулалт, хөгжлийн сан;
4.2.1.2. улсын болон орон нутгийн төсөв;
4.2.1.3. олон улсын байгууллага, хандивлагч орнуудын зээл, тусламж;
4.2.1.4. банкны зээл, хувийн хөрөнгө оруулалт;
4.2.1.5. бусад.
4.3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа, үе шат
Хөтөлбөрийг 2005-2010 онд хэрэгжүүлнэ.
1 дүгээр үе шат: 2005–2006 он
Хэрэгжүүлэх арга хэмжээ:
а/жижиг, дунд үйлдвэр хөгжих эрх зүйн орчинг бүрдүүлэх, журам, стандарт, техникийн нөхцөл зэрэг баримт бичгийг боловсруулах, шинэчлэн батлуулах;
б/"Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан"-г шинэчлэн "Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих Хөрөнгө оруулалт, хөгжлийн сан" болгон зохион байгуулж ажиллуулах;
в/төрийн үйлчилгээний талаархи санал хүсэлт, гомдлыг хүлээн авах "Шуурхай үйлчилгээний цэг"-ийг байгуулах;
г/мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөл байгуулж шийдвэр боловсруулах явцад санал, зөвлөмж авч байх;
д/үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн цэгийг хэрэгцээг харгалзан нэмж байгуулах;
е/лиценз, зөвшөөрөл олгох үйл ажиллагааг хялбарчлах, цахим сүлжээгээр олгох;
ж/хөрөнгийн асуудал шийдэгдэх хэмжээгээр Бизнес инкубатор, Технологи дамжуулах төв байгуулах.
2 дугаар үе шат: 2007–2008 он
Хэрэгжүүлэх арга хэмжээ:
а/I үе шатанд хэрэгжүүлсэн арга хэмжээг дуусгах;
б/Технологи дамжуулах төвийг хот, суурин газар болон бүсийн төвүүдэд байгуулах;
в/бизнес инкубаторыг бүсийн төв, хотод байгуулах;
г/мэргэжлийн сургалтын төвүүдийг бүсийн төвүүд, хот суурин газруудад байгуулах.
3 дугаар үе шат: 2009–2010 он
а) 1, 2 дугаар үе шатанд хэрэгжүүлэх арга хэмжээг дуусгах;
б) мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийг бүсчлэн байгуулах;
в) тоног төхөөрөмжийг жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд санхүүгийн түрээс (лизинг)-ээр олгох үйлчилгээ хариуцсан нэгж байгуулж ажиллуулах;
г) жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн хөдөлмөр хамгаалал, сургалт, мэдээллийн үйлчилгээг гэрээний үндсэн дээр мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлэх;
д) жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, хөрөнгө оруулалт, хөгжлийн сангийн хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах;
е) жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах;
з) жижиг, дунд үйлдвэрийг дэмжих талаар Засгийн газраас явуулж байгаа бодлого, үйл ажиллагааг сурталчлах;
ж) албан бус хөдөлмөр эрхлэгчдийн дунд жижиг, дунд үйлдвэр (компани, хоршоо, нөхөрлөл) эрхлэх чиглэлээр төрөлжсөн сургалт зохион байгуулах
(3 дугаар үе шатыг ЗГ-ыг 2009 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 280 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан).
б) мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийг бүсчлэн байгуулах;
в) тоног төхөөрөмжийг жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд санхүүгийн түрээс (лизинг)-ээр олгох үйлчилгээ хариуцсан нэгж байгуулж ажиллуулах;
г) жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн хөдөлмөр хамгаалал, сургалт, мэдээллийн үйлчилгээг гэрээний үндсэн дээр мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлэх;
д) жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, хөрөнгө оруулалт, хөгжлийн сангийн хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах;
е) жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах;
з) жижиг, дунд үйлдвэрийг дэмжих талаар Засгийн газраас явуулж байгаа бодлого, үйл ажиллагааг сурталчлах;
ж) албан бус хөдөлмөр эрхлэгчдийн дунд жижиг, дунд үйлдвэр (компани, хоршоо, нөхөрлөл) эрхлэх чиглэлээр төрөлжсөн сургалт зохион байгуулах
(3 дугаар үе шатыг ЗГ-ыг 2009 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 280 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан).
Тав. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр гарах үр дүн
Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөрийн үр дүн нь жижиг, дунд үйлдвэр хөгжих эрх зүйн орчин бүрдэж, өрсөлдөх чадвартай жижиг, дунд үйлдвэр хөгжиж, тэд зах зээлд өөрийн байр суурийг эзэлж, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт болон ажилгүйдэл, ядуурлыг бууруулсан байдлаар хэмжигдэнэ.
Зургаа. Хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт
6.1. Хөтөлбөрийн 1 дүгээр зорилтын шалгуур үзүүлэлт: шинээр боловсруулж батлагдсан болон нэмэлт, өөрчлөлт оруулсан хууль тогтоомж, тэдгээрт жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээс өгсөн үнэлгээ-санал асуулгын дүнгээр, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн барьцааны тоо хэмжээ, түүний бодит өсөлт, лизингийн үйлчилгээнд хамрагдсан жижиг, дунд үйлдвэр, тоног төхөөрөмжийн тооны өсөлт зэрэг болно.
6.2. Хөтөлбөрийн 2 дугаар зорилтын шалгуур үзүүлэлт: лиценз, зөвшөөрлийн тоо болон олголтын хугацааны бууралт, хураамжийн хэмжээ, үйлчилгээний өөрийн өртөгтэй нийцсэн байдлын түвшин, төрийн үйлчилгээний талаархи бизнес эрхлэгчдээс гарсан гомдлын тооны бууралт, хяналт-шалгалтын үр дүн, үр нөлөө, түүний талаархи гомдлын бууралт, Үйлдвэр, худалдааны яамны веб сайтын мэдээллийн баяжуулалт, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг мэдээлэл, үйлчилгээгээр хангасан байдал, түүний хүртээмж, оновчтой байдлын дээшлэлт, эргэх холбоо, шийдвэр боловсруулахад оролцуулсан төрийн бус байгууллага, иргэдийн тоо, саналыг тусгасан байдлын талаархи тэдгээрийн үнэлгээ зэрэг болно.
6.3. Хөтөлбөрийн 3 дугаар зорилтын шалгуур үзүүлэлт: жижиг, дунд үйлдвэрийн тоо болон тэдгээрийн үйлдвэрлэл, үйлчилгээний өсөлт, түүний дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээний өсөлт, татварын болон ажил олгогчид үзүүлсэн нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлтийн хэмжээ, жижиг, дунд үйлдвэрийн хөрөнгө оруулалт, хөгжлийн сан, арилжааны банкнаас олгосон зээлийн өсөлт, түүний үр дүн, жижиг, дунд үйлдвэрийн чиглэлээр улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ, жижиг, дунд үйлдвэрт олгосон гадаадын зээл, тусламжийн хэмжээний өсөлт, түүний үр дүн, үр нөлөө, шинээр бий болгосон ажлын байрны тооны өсөлт зэрэг болно.
6.4. Хөтөлбөрийн 4 дүгээр зорилтын шалгуур үзүүлэлт: жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулсан сургалт, зөвлөлгөө, үйлчилгээний тоо хэмжээ, түүний үр нөлөө, байгуулсан Бизнес инкубатор, Технологи дамжуулах төвийн тоо, тэдгээрийн үр дүн, үр нөлөө, төрийн бус байгууллага, үүсгэл санаачилгын байгууллага, иргэдийн оролцооны өсөлт зэрэг болно.
6.5. Жижиг, дунд үйлдвэрийн хөтөлбөр хэрэгжүүлэх тухайн жилийн бүтээгдэхүүний тоо хэмжээ, хүрэх түвшин, шалгуур үзүүлэлтийг Үйлдвэр, худалдааны яам оны эхэнд боловсруулан батлан мөрдөж ажиллана.
_____000____
Текст томруулах
A
A
A