A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2002 оны 9 дүгээр тогтоолын хавсралт

ТӨРИЙН ӨМЧИЙГ 2002 ОНД ХУВЬЧЛАХ ХӨТӨЛБӨР
 Нэг. Өмч хувьчлалын зорилго
Улсын Их Хурлын 2001 оны 10 дугаар тогтоолоор баталсан "Төрийн өмчийг 2001-2004 онд хувьчлах үндсэн чиглэл"-д заасан зорилт, зарчмыг удирдлага болгон, үнэ цэнэтэй аж ахуйн нэгж болон бусад аж ахуйн нэгж, үл хөдлөх эд хөрөнгийг хувьчилж, эдийн засаг дахь хувийн хэвшлийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, өсөлтийг хангах нөхцөлийг бүрдүүлэхэд энэхүү өмч хувьчлалын зорилго оршино.
Хоёр. Өмч хувьчлалын зарчим
Улсын Их Хурлын 2001 оны 10 дугаар тогтоолоор баталсан "Төрийн өмчийг 2001-2004 онд хувьчлах үндсэн чиглэл"-д тусгагдсан зарчмыг баримтална.
Гурав. Хувьчлах аж ахуйн нэгжийн жагсаалт
Дор дурдсан жагсаалтын дагуу аж ахуйн нэгжүүдэд өөрчлөн байгуулалт хийж хувьчлалын бэлтгэлийг ханган хувьчлах ажлыг зохион байгуулж хэрэгжүүлнэ:
2002 онд хувьчлах аж ахуйн нэгжийн жагсаалт /1 дүгээр хавсралт/
2002 онд өөрчлөн байгуулалт хийх болон хувьчлалын бэлтгэлийг хангах аж ахуйн нэгжийн жагсаалт /2 дугаар хавсралт/
2002 онд худалдах төрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийн жагсаалт /3 дугаар хавсралт/
Дөрөв. Хөтөлбөр, жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулах
Хөтөлбөр, хувьчлах аж ахуйн нэгж, өөрчлөн байгуулалт хийж, хувьчлалын бэлтгэлийг хангах аж ахуйн нэгжийн болон худалдах үл хөдлөх эд хөрөнгө, дуусаагүй барилгын жагсаалтад дор дурдсан нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулж болно:
4.1.Монгол Улсын иргэн, гадаадын иргэн болон дотоод, гадаадын аж ахуйн нэгжээс тодорхой аж ахуйн нэгжийг хувьчлан авах санал хүсэлт гаргасан тохиолдолд;
4.2.Хувьчлах шийдвэр гарсан боловч холбогдох хууль тогтоомжийн дагуу татан буулгах, өөрчлөн зохион байгуулах шаардлагатай болсон аж ахуйн нэгжийг жагсаалтаас хасна;
4.3.Тодорхой салбар, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны хүрээнд олон улсын банк, санхүүгийн байгууллага болон хандивлагчдын зүгээс томоохон хэмжээний төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхтэй холбогдсон тусгай шаардлага гарсан;
4.4.Тухайн аж ахуйн нэгжийг энэхүү хөтөлбөр, жагсаалтад зааснаас өөр аргаар хувьчлах болсон;
4.5.Жагсаалтад орсон аж ахуйн нэгж хуваагдах буюу тусгаарласны үндсэн дээр шинээр байгуулагдсан аж ахуйн нэгжүүдийн компанийнхаа анхны нэрийг өвлөн аваагүй тохиолдолд жагсаалтад орсон аж ахуйн нэгжийн нэрийг жагсаалтаас хасч шинээр бий болсон аж ахуйн нэгжүүдийн нэрийг холбогдох жагсаалтад оруулах, тухайн аж ахуйн нэгжийг салган хувьчлуулах санал гарч, түүнийг холбогдох яам болон Төрийн өмчийн хороо албан ёсоор зөвшөөрсөн, тухайн аж ахуйн нэгж өр зээлтэй бол томоохон зээлдүүлэгчийн зүгээс тодорхой санал гарсан тохиолдолд;
4.6.Компанийн хувь нийлүүлэгчдийн хурлын болон төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр төрийн эзэмшлийн хувьцаанд өөрчлөлт орсон /үүнийг Үнэт цаасны хорооноос зөвшөөрсөн/ тохиолдолд энэхүү шинэчлэн тогтоосон хувийг хувьчлана.
Тав. Хөтөлбөрийн хэрэгжилтийг тайлагнах
Энэхүү хөтөлбөрийн биелэлтийг 2003 оны 1 дүгээр сарын 25-ны дотор Төрийн өмчийн хороо холбогдох яам, газартай хамтран гаргаж Засгийн газарт тайлагнана.
 
 
---оОо---