- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- НООЛУУР" ХӨТӨЛБӨР
Засгийн газрын 2000 оны 114 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт
"НООЛУУР" ХӨТӨЛБӨР
Нэг.Нийтлэг үндэслэл
"НООЛУУР" ХӨТӨЛБӨР
1.Ноолуур боловсруулах салбарын өнөөгийн байдал
1990 оноос хойш ямаан сүргийн тоо 2.1 дахин өсч, нийт малын 32.9 хувийг эзэлж байна. Ямаан сүргийн 29.3 хувийг ишиг, борлон, 25.8 хувийг бэлтгэлийн насны эр ямаа, 44.2 хувийг хээлтэгч, 0.7 хувийг хээлтүүлэгч эзэлж байна. 1990 онд нийт ямааны 47.3 хувь нь хээлтэгч байсан бол 1999 онд 44.2 хувь болжээ. Сүргийн бүтцэд өөрчлөлт орж, эр ямааны хувийн жин өслөө.
Монгол улсын ноосон түүхий эдийн 7.8 хувийг ямааны ноолуур эзэлж байна. 1999 оны байдлаар ноолуур бэлтгэлийн нөөц 3450 тоннд хүрлээ. Түүхий эдийн 80-аас дээш хувь нь 16.5 микроноос нарийн ноолуур байна.
Ноолуур боловсруулах салбарт дотоодын 5 үйлдвэр, гадаадын хөрөнгө оруулалттай хамтарсан 48 үйлдвэр ажиллаж байна. Гадаадын хөрөнгө оруулалттай 48 үйлдвэрийн 4 нь сүлжмэлийн үйлдвэр байна. 1999 оны байдлаар жилдээ 5720 тонн ноолуур угаах, 3250 тонн самнах, 330 тонн утас ээрэх, 675 мянган ширхэг сүлжмэл эдлэл үйлдвэрлэх хүчин чадал суурилагдаад байна. Ноолуур угаах, самнах хүчин чадал түүхий эдийн нөөцөөс 50 гаруй хувиар давжээ. Харин түүхий эдийн нөөцийн 20 гаруй хувийг ашиглан ээрмэл, сүлжмэл үйлдвэрлэх хүчин чадал суурилагдсан байна. Дийлэнх үйлдвэр, аж ахуйн газруудын техник, технологийн түвшин тэр бүр олон улсын стандартын шаардлагад нийцэхгүй, хөдөлмөрийн нөхцөл доогуур байна.
2.Ноолууран бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар
Дэлхийн зах зээлд ноолууран эдлэлийн хэрэгцээ өслөө. АНУ, Европ, Азийн орнууд жилд ойролцоогоор 2-6 сая ширхэг сүлжмэл цамц импортолж байна. Дэлхийн зах зээл дахь ноолууран бүтээгдэхүүний экспортын зонхилох хувийг БНХАУ, Монгол, Итали улс эзэлж байна.
1999 онд манай улсын ноолууран бүтээгдэхүүн, түүний дотор сүлжмэл эдлэлийн үйлдвэрлэл 1995 оныхтой харьцуулахад 15.5 хувиар буурч, самнасан ноолуурынх 9.5 хувиар өсчээ. Манай улсын ноолууран эдлэлийн чанар олон улсын стандартын түвшинд хүрч 1999 онд Канад, Швейцар, ХБНГУ, АНУ, Итали зэрэг 15 оронд 314 мянган ширхэг сүлжмэл эдлэл экспортолсон боловч бүтээгдэхүүний нэр төрөл цөөн, хийц загвар зах зээлийн хэрэглээний өөрчлөлт шинэчлэлтээс хоцорч байна. Самнасан ноолуурын үнэ дэлхийн зах зээлийн үнээс шууд хамаарч байгаа нь эдийн засгийн тогтвортой байдлыг бий болгож чадахгүй байна.
3.Хөтөлбөр боловсруулах үндэслэл
Монгол улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх 2000 оны үндсэн чиглэлд "Ноолуур" хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэхээр тусгагдсаныг үндэслэл болгов.
Хоёр.Хөтөлбөрийн зорилго,зорилт
4.Хөтөлбөрийн зорилго
Хөтөлбөрийн зорилго нь Монгол улсын ноолууран бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд оршино.
5.Хөтөлбөрийн зорилт
Хөтөлбөрийн зорилгын хүрээнд дараахь зорилтыг хэрэгжүүлнэ:
Нэгдүгээр зорилт. Ямааны үүлдэр угсаа, ноолуурын чанарыг сайжруулах;
Хоёрдугаар зорилт. Ээрэх, сүлжих, нэхэх хүчин чадлыг нэмэгдүүлэх замаар түүхий эдийг дотооддоо боловсруулж эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг өргөжүүлэх;
Гуравдугаар зорилт. Бүтээгдэхүүний чанар, загвар хийцийг сайжруулан нэр төрлийг олшруулж, экспортыг нэмэгдүүлэх;
Гурав.Хэрэгжүүлэх арга хэмжээ
6.Нэгдүгээр зорилтын хүрээнд:
а/ямаан сүргийн тооллого явуулж, монгол үүлдрийн ямааны омог хэвшлийн тоо, хувийн жин, сүргийн бүтэц, тархалтын хүрээ, ямааны үүлдэрлэг байдлыг сум бүрээр тодорхойлох;
б/үржлийн шилмэл ямааны цөм сүргийг бүрдүүлж бүртгэлжүүлэх, бүс нутгийг тогтоох, мэдээллийн сүлжээ бий болгох;
в/цөм сүргийг түшиглэж стандартын шаардлага хангасан үржлийн хээлтэгч, хээлтүүлэгчийг бойжуулах иргэн, хуулийн этгээдийг санхүү, зээлийн бодлогоор дэмжих;
г/"Говь гурван сайхан", "Уулын бор" ямааны селекцийн бодлогыг тодорхойлж, тэдгээрийн цөм сүргийг сайжруулах арга хэмжээ авах;
д/түүхий эд бэлтгэлийн системийг боловсронгуй болгох эрх зүйн үндсийг бүрдүүлэх.
7.Хоёрдугаар зорилтын хүрээнд:
а/эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих зээлийн бодлогыг хэрэгжүүлэх;
б/үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, химийн болон бусад туслах материалыг импортлох үйл ажиллагааг эдийн засгийн аргаар дэмжих;
в/ээрмэл, нэхмэл, сүлжмэлийн иж бүрдэл үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгжид эдийн засгийн хөнгөлөлт үзүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх, холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах;
г/эх орны ноолуурын үйлдвэрүүдийн хүчин чадлыг сэргээх, ашиглах, нэмэгдүүлэх үйл ажиллагааны тухайн үеийн байдалд нийцүүлж түүхий ноолуурын экспортыг уян хатан байдлаар зохицуулах, шаардлагатай үед тарифын бус хязгаарлалт хийх асуудлыг судалж шийдвэрлэх.
8.Гуравдугаар зорилтын хүрээнд:
а/бүтээгдэхүүний чанар, хийц загварыг сайжруулахын тулд дараахь чиглэлийн судалгаа хийж, үндэсний стандарт боловсруулан хэрэгжүүлэх:
-Ноолуур боловсруулах үйлдвэрийн техник, технологийн
түвшинг үнэлэх;
-Ноолууран ээрмэлийн техникийн нөхцөл;
-Ноолууран сүлжмэл эдлэлийн техникийн нөхцөл;
-Ноолууран нэхмэл эдлэлийн техникийн нөхцөл;
-Ноолууран эдлэлийн гүйцэтгэн боловсруулалтын техникийн нөхцөл;
-Сэв хялгас боловсруулах техникийн нөхцөл;
-Ажлын байрны эрүүл ахуй, хөдөлмөрийн нөхцөлийн техникийн шаардлага;
-Хөдөлмөр хамгаалал, техникийн аюулгүй ажиллагааны техникийн шаардлага.
б/ноолуурын бүтэц, шинж чанарын нэгдсэн судалгаа явуулж, олон улсын мэдээлэл, стандартын албан ёсны бүртгэлд хамруулж, сурталчлах, чанарын тэмдэгтэй болгох;
в/эрдэм шинжилгээний байгууллагын техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх;
г/оны шилдэг загвар, бүтээгдэхүүн, загвар зохион бүтээгч, үйлдвэрлэгч шалгаруулж урамшуулах;
д/олон улсын байгууллагаас үзүүлж буй худалдааны хөнгөлөлтийг өргөжүүлэх.
Дөрөв.Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт, санхүүжилт, хугацаа
9.Удирдлага, зохион байгуулалт
а/хөтөлбөрийг зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих үүргийг "Ноолуур" хөтөлбөрийг хэрэгжүүлэх зөвлөл гүйцэтгэнэ. Хөтөлбөрийн зөвлөлийг Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд ахална. Зөвлөлийн дэргэд орон тооны нэг ажилтан ажиллана. Орон тооны ажилтан ажиллуулах зардлыг Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яамны төсөвт тусгаж санхүүжүүлнэ;
б/Зөвлөл дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
-Хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах;
-Хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар жил бүр хийх ажлын төлөвлөгөө боловсруулах, зардлын төсвийн тооцоо хийж, санхүүжүүлэх эх үүсвэрийг тогтоох, холбогдох зардлыг улсын төсөвт тусгуулах арга хэмжээ авах;
-Хөтөлбөрт нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг Засгийн газарт тавьж шийдвэрлүүлэх;
-Хөтөлбөрийн хэрэгжилтийг Засгийн газарт тайлагнах;
-Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна. Зөвлөл улиралд нэгээс доошгүй хуралдах бөгөөд шаардлагатай үед зөвлөлийн дарга хуралдааныг зарлан хуралдуулж болно.
в/Зөвлөлийн үйл ажиллагааг дүрмээр зохицуулна. Дүрмийг зөвлөлийн дарга батална.
10.Санхүүжилт
Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дараахь санхүүгийн эх үүсвэрийг ашиглана:
а/улсын төсөв;
б/олон улсын байгууллага, хандивлагч орнуудын зээл, тусламж;
в/гадаадын хөрөнгө оруулалт;
г/үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын өөрийн хөрөнгө;
д/бусад.
11.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа
Хөтөлбөрийг 2001-2006 онд дараахь үе шаттайгаар хэрэгжүүлнэ:
Нэгдүгээр үе шат. 2001-2002 он. Ноолуурын үндэсний стратегийг тодотгон боловсруулж, түүнийг хэрэгжүүлэх эрх зүй, зохион байгуулалтын үндсийг бүрдүүлэх;
Хоёрдугаар үе шат. 2002-2004 он. Ноолуур боловсруулах арга, технологийг олон улсын стандарт, техникийн шаардлагад бүрэн нийцүүлэх;
Гуравдугаар үе шат. 2004-2006 он. Монгол улсын ноолууран бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд тогтвортой өрсөлдөх чадвартай болгох.
Тав.Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр гарах үр дүн
12.Гарах үр дүн
а/түүхий эдийн экспорт багасаж, түүнийг дотооддоо боловсруулах хүчин чадал нэмэгдэж бүтээгдэхүүний үйлдвэрлэл өснө;
б/ноолууран бүтээгдэхүүний экспорт нэмэгдэж, үйлдвэр, аж ахуйн нэгжийн эдийн засгийн чадавхи сайжирна;
в/ноолууран бүтээгдэхүүний нэр төрөл олширч, загвар хийц дээшилнэ;
г/дэлхийн зах зээлд өрсөлдөх чанартай бүтээгдэхүүний тоо нэмэгдэнэ.
-----оОо-----
Текст томруулах
A
A
A