- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- “ХОГ ХАЯГДЛЫГ БУУРУУЛАХ ТУХАЙ” ХӨТӨЛБӨР
Засгийн газрын 1999 оны 50 дугаар тогтоолын хавсралт
"ХОГ ХАЯГДЛЫГ БУУРУУЛАХ ТУХАЙ" ХӨТӨЛБӨР
"ХОГ ХАЯГДЛЫГ БУУРУУЛАХ ТУХАЙ" ХӨТӨЛБӨР
Хот суурин газарт сүүлийн жилүүдэд хүн ам, үйлдвэрлэл, үйлчилгээний төвлөрөл ихэссэний улмаас орчны агаар, ус, хөрс их хэмжээгээр бохирдож байгаагийн дотор амьдралын нөхцөлийг доройтуулж, орчныг бохирдуулж буй гол хүчин зүйл нь хог хаягдал болоод байна. Өнөөгийн байдлаар дэлхий нийтэд 10 сая гаруй нэр төрлийн химийн бодис бүртгэгдсэний 70 мянга орчим нь өдөр тутам ашиглагдаж байна. Олон улсын зах зээлд жил тутам 1000 нэр төрлийн химийн бодис шинээр гарч байгаагаас үүдэн жилд 300-400 сая тонн аюултай хаягдал гарч байна. Иймээс аюултай хаягдлын хэмжээг багасгах, түүний хор нөлөөнөөс хүн ам, байгаль орчныг хамгаалах талаар авах арга хэмжээг дэлхий нийтээр хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж 1989 онд "Аюултай1 хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэхэд хяналт тавих тухай Базелийн Конвенц"-ийг баталсан бөгөөд энэ Конвенцид манай улс 1997 онд нэгдэн орсон юм. Иймд Конвенциор хүлээсэн үүргийнхээ дагуу хог хаягдлыг зайлуулах2 асуудалд хяналт тавих шаардлага гарч байна.
Манай улсын хэмжээнд бүрэн бус тооцоогоор 3145,4 га талбай бүхий 447 цэгт хог хаягдлыг ил задгай хаяж 11115,4 га газар хог хаягдлаар, 4093,6 га газар химийн бодис, нефтийн бүтээгдэхүүнээр бохирдож, цэвэрлэгээгүй 78000 шоо метр, дутуу цэвэрлэсэн 357 000 шоо метр бохир усыг байгаль орчинд шууд хаяж байна.
Улаанбаатар хот орчимд жилд дунджаар 500 мян.м3 хог хаягдал гарч, Дарь-Эхийн Овоо, Улаанчулуут, Мориндаваагийн цэгт зөөвөрлөн хаяж байна.
Улаанбаатар хотын хэмжээнд гаргаж буй хог хаягдлын бүтцийг авч үзэхэд ердийн галлагаатай орон сууц, гэрийн хороололд оршин суугчдын хог хаягдлын 55 хувь нь үнс, тохилог орон сууцанд суугчдын хог хаягдлын 37 хувь нь цаас, 20 хувь нь бөс даавуу, албан газар, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хог хаягдлын 40-50 хувийг цаас, бөс даавуу эзэлж байгаа нь хог хаягдлыг боловсруулж эргүүлэн буюу хоёрдогч түүхий эд хэлбэрээр ашиглан хог хаягдлыг ихээхэн багасгах боломжтойг харуулж байна.
_________________________________________________________
1 - тэсэрч дэлбэрэх, галын аюултай, хортой, халдвартай хог хаягдал
2 - хог хаягдлыг цуглуулах, хадгалах, тээвэрлэх, эргүүлэн ашиглах, боловсруулах, устгах үйл ажиллагааг хамруулан ойлгоно
Ахуйн гаралтай хог хаягдлын 60 хувь нь цаас, 25-30 хувь нь төрөл бүрийн нийлэг материал, бусад нь төмөр, шил, шаазан, хүнсний зүйлийн хаягдал байгаа бөгөөд бүтэц нь улирлын байдлаас болж өөрчлөгдөн хүйтний улиралд хог хаягдлын ихэнх хувийг үнс эзэлдэг болно.
Хог хаягдлыг эргүүлэн ашиглах, боловсруулах, хаягдал багатай техник, технологи нэвтрүүлэх замаар хог хаягдлын гаралтыг багасгаж, байгаль орчныг бохирдолтоос сэргийлэх, элдэв хортой нөлөөллөөс хүн амын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хог хаягдлыг бууруулах зорилтыг бодлогын хэмжээнд авч үзэж шийдвэрлэх шаардлагатай боллоо.
Хог хаягдлыг бууруулах хөтөлбөр нь ( цаашид "хөтөлбөр" гэнэ) Монгол Улсын нэгдэн орсон "Аюултай хог хаягдлыг хил дамжуулан зайлуулахад хяналт тавих тухай Базелийн Конвенц"-ийн зарчим, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн шаардлагыг үндэс болгон хог хаягдлыг бууруулах талаар ойрын хугацаанд хэрэгжүүлэх үндэсний бодлого, шийдвэрлэх зорилго, хэрэгжүүлэх үйл ажиллагаа, арга замыг тодорхойлсон цогцолбор баримт бичиг мөн.
1. Хөтөлбөрийн зорилго
Хөтөлбөрийн зорилго нь хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хог хаягдлыг хүрээлэн буй орчинд халгүйгээр зайлуулах, ялган боловсруулах замаар түүний хэмжээг бууруулах үйл ажиллагаанд төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын оролцоог өргөжүүлэхэд оршино.
2. Хөтөлбөрийн үндсэн зорилт
Хөтөлбөрийн зорилтын хүрээнд дараахь асуудал хамаарна:
1/ хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, ялган ангилах, боловсруулах, дахин ашиглах, устгах үйл ажиллагааг зохицуулах хууль эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох;
2/ хаягдлын эх үүсвэр, хэмжээ, бүтэц, шинж чанарын байдлыг тогтоож, хог хаягдлын цэгийн байршлыг оновчтойгоор байршуулах;
3/ хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд нутгийн захиргааны байгууллага, иргэн, бүхий л хэвшлийн аж ахуйн нэгжийг өргөнөөр татан оролцуулж, тэдэнд дэмжлэг үзүүлэх арга механизмыг тогтоож хэвшүүлэх;
4/ хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагааг боловсронгуй болгох, техник технологийн шинэчлэлт хийх;
5/ байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж буй хогийн цэгүүдийг дарж устган байгалийн нөхөн сэргээлт хийх замаар тэдгээрийг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ялзмагжуулан цэвэршүүлэх байгууламж болгон өөрчлөх ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэх;
6/аюултай хог хаягдлыг тусгайлан цуглуулж цэвэршүүлэх, хоргүйжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх;
7/ хог хаягдлыг эргүүлэн ашиглах, дахин боловсруулах замаар түүний хэмжээг багасгах арга хэмжээ авах
3. Хэрэгжүүлэх хугацаа, үе шат
Хөтөлбөрийг дараахь хугацаанд хэрэгжүүлнэ:
-1999-2000 онд хог хаягдлын хэмжээ, бүтэц, шинж чанарыг тодорхойлон, түүнийг зайлуулах удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авах, хог хаягдлыг бууруулах арга хэмжээний эрх зүйн үндсийг бүрдүүлэх;
-2001-2003 онд хог хаягдлыг орчинд халгүйгээр цуглуулах, тээвэрлэх, хадгалахад чиглэгдсэн техник, зохион байгуулалтын шинэчлэл хийх, хог хаягдлын цэгийг ариун цэврийн шаардлагын дагуу тохижуулах;
-2003-2005 онд хог хаягдлын хэмжээг бууруулах арга хэмжээ авах, хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлийн үйл ажиллагааг өргөжүүлэх;
-2005-2010 онд хог хаягдлыг байгаль орчинд сөрөг нөлөөгүйгээр зайлуулах арга хэмжээг бүрэн хэвшүүлэх;.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дараахь зарчмыг удирдлага болгоно:
1/ байгаль орчны стратегийн бодлогын баримт бичгүүд болон олон улсын байгууллагаас хог хаягдлыг зохицуулах талаар гаргасан баримт бичгийн үндсэн зорилттой нийцүүлэх;
2/ төр, засгийн байгууллага болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын хамтын ажиллагааны хэлбэрийг нарийвчлан тогтоох;
3/ хүн амын аж төрөх ёсны соёл, аж ахуйч үйл ажиллагааны түвшинг дээшлүүлэх, тэдгээрийн хэрэглээ, сонирхолд тулгуурлан хог хаягдлыг зайлуулах "бохирдуулагч төлнө" гэсэн зарчмаар ажиллах;
4/ хог хаягдлын хэмжээг багасгах, байгаль орчинд халгүйгээр зайлуулах үйл ажиллагаанд төр, олон нийтийн хяналтыг өндөржүүлэх.
4.1. Төрийн захиргааны байгууллагын үүрэг:
1/ хог хаягдлыг зайлуулах үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгох;
2/ хог хаягдлын хэмжээ, бүтэц, шинж чанар, зайлуулалтын байдалд судалгаа хийж, дүгнэлт гаргаж байх;
3/ хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, хадгалах, эргүүлэн ашиглах, боловсруулах, устгах арга ажиллагааг зохицуулах стандарт, норм нормативыг боловсруулж мөрдүүлэх;
4/ хог хаягдлын асуудлаар олон улсын хэмжээнд мөрдөж буй баримт бичиг, зөвлөмж, аргачлал, арга туршлагыг судлан нэвтрүүлэх, олон улсын байгууллагатай хамтран ажиллах, холбогдох гэрээ, хэлэлцээрт нэгдэн орох үйл ажиллагааг өргөжүүлэх;
5/ аюултай хог хаягдлыг зайлуулах болон түүний экспорт, импорт, тээвэрлэлтийн Базелийн Конвенцийн дагуу хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллах.
4.2.Нутгийн захиргааны байгууллагын үүрэг:
1/ хог хаягдлыг зайлуулах зөвшөөрлийн системийг бүрдүүлэх;
2/хог хаягдлыг байгаль орчинд халгүйгээр зайлуулах техник, технологи нэвтрүүлэх, шаардлагатай машин механизмаар хангах;
3/үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллага, айл өрхөөс гарах хог хаягдлын зайлуулалтын байдалд тавих хяналтын үр дүнг сайжруулах;
4/ хог хаягдлын цэгийн байршлыг тогтоох, хог хаягдлаас хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд учруулах сөрөг нөлөөллийг тодорхойлон түүнээс хамгаалах арга хэмжээ авах.
4.3.Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн болон төрийн бус байгууллагын үүрэг:
1/ аж ахуйн нэгж, байгууллага нь өөрийн үйл ажиллагааны улмаас агаар, ус, хөрсөнд гаргах хаягдлын зөвшөөрөл авч холбогдох хууль тогтоомжийг чанд дагаж мөрдөх;
2/ хог хаягдлыг боловсруулах, зохистойгоор зайлуулах асуудалд төрийн бус байгууллага, иргэд, олон нийтийг өргөнөөр оролцуулах, идэвхи санаачилгыг өрнүүлэх;
3/ төрийн захиргааны төв байгууллагатай хамтран хог хаягдлыг багасгах, зайлуулах асуудлаар сургалт, сурталчилгааны ажлыг өргөн зохион байгуулах;
4/ хог хаягдлыг зохих журмын дагуу зайлуулдаг, хаягдалгүй буюу хаягдал багатай үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах.
Монгол орны цаг уур, газар зүйн байрлал, аж төрөх ёсны өвөрмөц онцлог, олон улсын хэмжээнд баримталж буй нийтлэг жишиг, хөгжлийн хандлагад нийцүүлэн хог хаягдлыг зохицуулах удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр нутгийн захиргаанаас дараахь арга хэмжээ авна:
1/хог хаягдлыг зохицуулах орон нутгийн удирдлагын зохион байгуулалтыг оновчтойгоор шинэчлэн, чадавхийг нь хөгжүүлэх;
2/ орон нутгийн засаг захиргааны нэгж бүр хог хаягдлыг зохицуулах үйл ажиллагааны богино болон урт хугацааны төлөвлөгөө боловсруулж үе шаттайгаар хэрэгжүүлэх;
3/ хог хаягдлыг зайлуулах үйл ажиллагаанд хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагыг өргөнөөр оролцуулах механизмыг бүрдүүлэх, тэднийг дэмжих олон талт үйл ажиллагааг өрнүүлэх, төрийн бус байгууллага, иргэдийн хамтын удирдлага-хяналт болон хяналт- шинжилгээний иж бүрэн системийг шинээр зохион байгуулах;
4/ хог хаягдлыг зохицуулах, зайлуулах асуудлыг хариуцсан орон нутгийн засаг захиргааны байгууллагуудад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, техник, тоног төхөөрөмжөөр хангах ажлыг зохион байгуулах.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүжилтэд дараахь эх үүсвэрийг ашиглана:
1/ улс, орон нутгийн төсвөөс болон аж ахуйн нэгж, байгууллагаас хог хаягдлыг зайлуулах арга хэмжээнд зориулан жил бүр зарцуулах хөрөнгө;
2/ гадаадын улс орон, олон улсын байгууллагын зээл, туслалцаа, хандивын хөрөнгө;
3/ аж ахуйн нэгж, байгууллага, олон нийт, иргэдийн хандивын хөрөнгө;
4/ байгалийн баялаг ашигласны төлбөрийн орлогын зохих хувь;
5/ аж ахуйн нэгж, байгууллагын өөрийн үйл ажиллагаанаас гарсан хог хаягдлыг зайлуулах, эзэмшил газрынхаа байгаль орчныг хамгаалах, нөөц баялгийг нь зүй зохистой ашиглах болон эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэн хэвшүүлэхэд зарцуулах хөрөнгө.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах техник, технологи, тоног төхөөрөмж, арга зүй, аргачлал, мэргэшсэн боловсон хүчний асуудлаар өндөр хөгжил, туршлага бүхий орнуудын төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж, тэдний тусламж дэмжлэгийг оновчтой, үр дүнтэй ашиглана.
Төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг төрийн болон төрийн бус байгууллагын хүрээнд бүх талаар бэхжүүлэн уялдаа холбоог сайжруулна.
Найм. Гарах үр дүн
Хог хаягдлыг зайлуулах асуудлыг удирдлага, зохион байгуулалтын болон техник, технологийн түвшинд зохистой шийдвэрлэж, хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ.
--------оОо--------
Текст томруулах
A
A
A