- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА, ЭРҮҮЛ АХУЙН НӨХЦӨЛИЙГ САЙЖРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Засгийн газрын 2001 оны 153 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт
ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА, ЭРҮҮЛ АХУЙН НӨХЦӨЛИЙГ САЙЖРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА, ЭРҮҮЛ АХУЙН НӨХЦӨЛИЙГ САЙЖРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
1. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн өнөөгийн байдал
Зах зээлийн эдийн засагт шилжсэн 1990-ээд оноос эхлэн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн асуудлыг төр хариуцах болсон бөгөөд энэ хугацаанд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн талаар хэд хэдэн шийдвэр гарган хэрэгжүүлж байна. 1997 онд улсын хэмжээнд аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөлд үзлэг явуулж, уг үзлэгийн дүнг үндэслэн Засгийн газраас Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах Үндэсний хөтөлбөр (1997-2000 он)-ийг батлан хэрэгжүүлэх арга хэмжээ авлаа.
Энэ хугацаанд Хөдөлмөрийн тухай шинэ хууль батлагдаж, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, үйлдвэрлэлийн орчны тухай 155 дугаар конвенцид манай улс нэгдэн ороод байна.
Хөдөлмөрийн гэрээгээр ажилтан ажиллуулж байгаа ажил олгогч бүхэнд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн асуудал шууд хамааралтай бөгөөд энэ ажлыг зохион байгуулан удирдах, төлөвлөх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн асуудалд зориулсан хөрөнгийн эх үүсвэр бий болгон зарцуулах, ажилтныг хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны арга техникт сургах, үйлдвэрлэлийн осол, аваарь гаргахгүй байх, гарсан ослыг нарийн бүртгэж, дахин гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах, ажилтныг ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр хангах нь тухайн аж ахуйн нэгж, байгууллагын гол асуудал юм.
Зах зээлийн эдийн засгийн харилцааны өнөөгийн нөхцөлд ажил олгогчийн ашгийн төлөө хэт хөөцөлдөх хандлага нь зарим тохиолдолд ажилтны хөдөлмөрлөх эрх ашиг болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн талаар тогтоосон журмыг зөрчихөд хүргэж байна.
Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж эхлэхийн өмнөх үеийн үйлдвэрлэлийн осол, түүнд өртсөн болон нас барсан хүний тоог 2000 оны жилийн эцсийн дүнтэй харьцуулахад 1000 хүнд ногдох үйлдвэрлэлийн осол 1.16-гаар, осолд өртсөн хүний тоо 1.25-аар, ослын улмаас нас барсан хүний тоо 0.065-аар тус тус буурсан үзүүлэлт гарч байна.
Гэвч эдгээр үзүүлэлтээр хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн одоогийн нөхцөл байдал сайжирсан гэж үзэхэд зарим талаар учир дутагдалтай байна.
Энэ нь манай оронд урьд өмнө ажиллаж байсан улсын чанартай томоохон үйлдвэрийн газрууд задарч, олонхи нь ажиллахаа больсон, үндэсний үйлдвэрлэл эрс буурсан, нөгөө талаар хувийн хэвшил давамгайлах болсноос тэдгээрт гарч байгаа үйлдвэрлэлийн осол тэр бүр бүртгэгдэхгүй байгаатай холбоотой юм.
Мөн мэргэжлээс шалтгаалсан өвчлөлд өртөж, хөдөлмөрийн чадвараа алдан эрүүл мэндээр хохирсон хүний тоо буураагүй байна.
Жил бүр дунджаар (1997-2000 он) 5692 хүн мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тахир дутуу болж, хөдөлмөрийн чадвараа алдаж байна. Үүнд тоосны гаралтай цагаан мөгөөрсөн хоолойн архаг үрэвсэл 55.7 хувь, уушиг тоосжих өвчин 16.2 хувь, мэдрэлийн өвчин 8.3 хувь, хурц хордлого 8.4 хувь, мэс засал, яс булчингийн өвчин 7.0 хувиар тус тус зонхилох байр эзэлж байгаа бөгөөд эдгээр өвчлөл нь түлш, эрчим хүч, геологи, уул уурхай, барилгын салбарт илүү гарсан байна. Үүний зэрэгцээ 20-30 жилийн өмнө ашиглалтад орсон үйлдвэрийн ажиллагсдын өвчлөлийн оргил үе таарч байгаа, түүнд үйлдвэрлэлийн хуучирсан техник, тоног төхөөрөмж нөлөөлж байгаатай холбоотой юм.
2. Тулгамдаж буй асуудал
Ажлын байрны хэвийн нөхцөлийг хангах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн талаархи хууль тогтоомжийг мөрдөхгүй байгаа явдал аж ахуйн нэгж, байгууллагад байсаар байна.
Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн хяналтын асуудал хариуцсан ажилтныг мэргэшүүлэх, хяналт шалгалтын ажлын арга барилыг бүх шатанд дээшлүүлэх явдал хурцаар тавигдаж байна.
Түүнчлэн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний талаар мэдээллийн тогтсон системгүй байгаа бөгөөд мэдээ, мэдээлэл нь хяналтын байгууллагын улсын байцаагчийн хүрээнээс хальж чадаагүй байна.
Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний талаар урьдчилан сэргийлэх ажил шаардлагын түвшинд хүрээгүй нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн талаар хийсэн судалгаа, шинжилгээний ажил дутагдаж байгаатай холбоотой юм.
Хөдөлмөрийн нөхцөлд хэмжилт, судалгаа хийдэг лаборатори, түүний тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нь хоцрогдсоны улмаас хөдөлмөрийн нөхцөлийн хэмжилт, судалгааг мэргэжлийн өндөр түвшинд хийх боломжгүй байна.
Иймд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах төр, засгийн бодлого, зорилтыг хэрэгжүүлэх үүднээс "Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах үндэсний хөтөлбөр"-ийг (цаашид "Хөтөлбөр" гэх) Засгийн газраас батлан гаргаж байна.
3. Хөтөлбөрийн зорилго нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн эрх зүй, удирдлага, зохион байгуулалт, хяналт, мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгох, гарч болзошгүй аюул, осол, аваариас урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах, үйлдвэрлэлийн орчноос үүсэх таагүй нөлөөллийн шалтгааныг тогтоон арилгах, өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын ажил олгогч болон ажилтны хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн талаар хүлээх үүрэг, хариуцлагыг өндөржүүлэхэд оршино.
4. Хөтөлбөрийн зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараахь үндсэн зорилт, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээг дэвшүүлж байна:
5. Хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар шийдвэрлэх зорилт:
Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн эрх зүйн орчинг нийгэм, эдийн засгийн харилцаанд гарч байгаа өөрчлөлт, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын конвенц, зөвлөмжтэй нийцүүлэн боловсронгуй болгоно.
6. Хэрэгжүүлэх арга хэмжээ:
а/хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн асуудлыг боловсронгуй болгох чиглэлээр холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах;
б/хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөлийг хангахад тавигдах шаардлагыг Олон улсын хөдөлмөрийн байгууллагын конвенц, зөвлөмж, хөдөлмөрийн стандарттай нийцүүлэн боловсронгуй болгох;
в/төрийн өмчит хуулийн этгээдийн ажилтны хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөлийг хангахад чиглэсэн зардалтай холбоотой асуудлыг хуулиар зохицуулах.
7. Удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгох талаар шийдвэрлэх зорилт:
Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн ажлын удирдлага, зохион байгуулалтын бүтэц, хяналтын тогтолцоог боловсронгуй болгож,мэргэжлийн боловсон хүчнээр бэхжүүлнэ.
8. Хэрэгжүүлэх арга хэмжээ:
а/хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн төв, орон нутгийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх;
б/хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн хяналтын үр нөлөөг сайжруулах.
9. Сургалтын тогтолцоог бий болгох талаар шийдвэрлэх зорилт:
Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалтын тогтолцоог бий болгоно.
10. Хэрэгжүүлэх арга хэмжээ:
а/хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалтын нэгдсэн тогтолцоо бий болгох;
б/сургалтын төлөвлөгөөнд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн зохих мэдлэг, дадал олгох асуудлыг тусгах;
в/хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын байцаагч, шинжээч, мэргэжилтнүүдийн ажлын арга барилыг дээшлүүлж, мэргэшүүлэх.
11.Мэдээллийн нэгдсэн систем бий болгох талаар шийдвэрлэх зорилт:
Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн мэдээллийн нэгдсэн тогтолцоотой болж, олон нийтэд сурталчилах ажлыг чанаржуулна.
12.Хэрэгжүүлэх арга хэмжээ:
а/үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний мэдээллийн нэгдсэн системийг бий болгож, мэдээллийн урсгалыг сайжруулах;
б/хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн талаархи хууль тогтоомжийг олон нийтэд сурталчилах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх ажилд хэвлэл, мэдээллийн байгууллагыг өргөнөөр татан оролцуулах.
13. Судалгаа шинжилгээний ажлыг сайжруулах талаар шийдвэрлэх зорилт:
Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн ажлыг судалгаа шинжилгээний үндсэн дээр хөгжүүлнэ.
14. Хэрэгжүүлэх арга хэмжээ:
а/үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний судалгааг шинжлэх ухааны үндсэн дээр хөгжүүлэх;
б/мэргэжлээс шалтгаалсан өвчнийг эрт оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах;
в/хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн судалгаа шинжилгээний нэгж бий болгох.
15. Төрийн бус байгууллага, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх талаар шийдвэрлэх зорилт:
Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулахад төрийн бус байгууллага, олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ.
16. Хэрэгжүүлэх арга хэмжээ:
а/хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн олон нийтийн хяналтыг бий болгох;
б/хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн ажилд ажилтны эрх ашиг хууль ёсны сонирхлыг төлөөлөн хамгаалах байгууллагын оролцоог нэмэгдүүлэх;
в/хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн асуудалд ажил олгогчийн оролцоо, үүрэг хариуцлагыг өндөржүүлэх.
17. Хөдөлмөрийн нөхцөлийн хэмжилт судалгааны ажлыг өргөжүүлэх талаар шийдвэрлэх зорилт:
Ажлын байрны нөхцөлийн үнэлгээ, хэмжилтийн ажлыг өргөжүүлж, материаллаг баазыг сайжруулна.
18. Хэрэгжүүлэх арга хэмжээ:
а/хөдөлмөрийн хяналтын хэмжилтийн техникийн чадамжийг дээшлүүлэх;
б/ажлын байрны нөхцөлийн үнэлгээ хийх төв лабораторийг шинэчлэн тоноглож, материаллаг баазыг өргөжүүлэх.
19. Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны үүрэг хариуцлагыг өндөржүүлэх талаар шийдвэрлэх зорилт:
Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн талаархи хууль тогтоомжийн шаардлагыг аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд хэвшүүлж, үүрэг хариуцлагыг өндөржүүлнэ.
20. Хэрэгжүүлэх арга хэмжээ:
а/аж ахуйн нэгж, байгууллагад үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх ажлыг хэвшүүлэх;
б/аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн стандартын шаардлага хангуулах;
в/аж ахуйн нэгж, байгууллагын ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг аттестатчилж, аюулгүй ажиллагааны шаардлагыг хангуулах;
г/эрсдэл бүхий зарим салбарт хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дэд хөтөлбөр хэрэгжүүлэх.
21. Хөтөлбөрийг 2001-2004 онд хэрэгжүүлнэ.
22. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалтын бүтэц:
а/хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдлага, зохион байгуулалтаар хангах ажлыг нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр байгуулсан Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн Үндэсний хороо, аймаг, нийслэлийн салбар зөвлөл хариуцна;
б/хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах, зохицуулах үүргийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны хөдөлмөрийн асуудал хариуцсан нэгж гүйцэтгэнэ;
в/үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхэд үйлдвэрчний эвлэл, ажил олгогч, төрийн бус байгууллага өөрсдийн чиг үүргийн дагуу оролцоно.
23. Хөтөлбөрийн санхүүжилтийг дараахь эх үүсвэрээс бүрдүүлнэ:
а/улсын төвлөрсөн төсөв;
б/орон нутгийн төсөв;
в/хандивлагч орон, олон улсын байгууллагын зээл, тусламж;
г/аж ахуйн нэгж, байгууллагын өөрийн хөрөнгө;
д/хөрөнгийн бусад эх үүсвэр.
24. Хөтөлбөрийн үр дүн:
а/хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн хууль эрх зүйн орчин боловсронгуй болно;
б/хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн удирдлага, зохион байгуулалт, хяналтын зохистой тогтолцоо, бүтэц бий болно;
в/хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн мэргэшсэн боловсон хүчнээр бэхжиж, тэдний ажиллах нөхцөл, баталгаа сайжирна;
г/хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн мэдээллийн тогтолцоо бий болж, судалгаа шинжилгээний ажлын үр дүн сайжирна;
д/үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл буурна;
е/хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн ажилд ажил олгогч, ажилтан, иргэд, төрийн бус байгууллагын оролцоо нэмэгдэнэ;
ж/ажлын байрны хөдөлмөрийн нөхцөл сайжирна;
з/хөтөлбөрийн нийгэм, эдийн засгийн үр ашиг нь хүний амь нас, эрүүл мэндэд учирч болзошгүй гарз хохирлоос урьдчилан сэргийлж, улмаар нийгмийн даатгал болон аж ахуйн нэгж, байгууллагын хөрөнгөөс гарах хэмнэлтээр хэмжигдэнэ.
25.Хөтөлбөрийн хяналт, мониторинг:
а/хөтөлбөрийн хэрэгжилтэд мониторинг хийх үүргийг Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн үндэсний хороо, түүний салбар зөвлөл, төрийн захиргааны төв байгууллагын мэдээлэл, үнэлгээ, хяналт, шинжилгээний албад хариуцна;
б/хөтөлбөрийн мониторингийн үйл ажиллагаанд дэвшилтэт аргыг хэрэглэж, олон нийт, төрийн бус байгууллагыг өргөнөөр оролцуулна;
в/хөтөлбөрийн хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт хийх нөхцөлийг бүрдүүлнэ.
----оОо----
Текст томруулах
A
A
A