A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2001 оны 260 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Нэг. Үндэслэл
1. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын гадаад харилцаа ихээхэн өргөжиж, манай иргэд, гадаадын байгууллага, иргэдтэй харилцах, хамтран ажиллах, мэдээлэл солилцох боломж, шаардлага нэмэгдэж байна. Ийм үед англи хэлний сургалтын хэрэглэгдэхүүн, сурах бичгийн хангамж хүрэлцээ дутмаг, англи хэлний багш нарын хэлний чадвар хангалтгүй, тэдгээрийн 40 орчим хувь нь орос хэлний үндсэн мэргэжилтэй, англи хэлийг дамжаа болон богино хугацааны сургалтаар эзэмшсэн, орон нутагт англи хэлний багшийн хүрэлцээ, тогтвор суурьшил муу, англи хэлний сургалтын орчин сайн бүрдээгүй зэрэг нь өнөөгийн хэрэгцээ шаардлагад нийцэхгүй байна.
Энэхүү бодит хэрэгцээнээс үүдэн гадаад хэл, түүний дотор англи хэлийг нийтээр сурах, сургалтын агуулгын стандартыг шинэчлэх, сургалтын иж бүрэн хэрэглэгдэхүүнийг ашиглах, бүх шатны сургуулийн англи хэлний багш нарын мэргэжлийн чадвар, заах аргыг сайжруулах, англи хэлний багш бэлтгэх, орон нутагт англи хэлний багш нарын хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, англи хэлний сургалтын таатай орчин бүрдүүлэх шаардлага  тулгарч байгааг үндэс болгон энэхүү хөтөлбөрийг боловсруулсан болно.   
Хоёр. Хөтөлбөрийн зорилго
2. Бүх шатны сургуулийн англи хэлний сургалтын агуулга, заах арга зүй, сурах бичгийг шинэчлэн боловсронгуй болгох, англи хэлний багш нарын мэргэжил, хэлний болон заах аргын чадварыг сайжруулах, орон нутагт англи хэлний багш нарын хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, тэдгээрийн ажиллах нөхцөлийг сайжруулж, урамшууллыг бий болгох, иргэдийн англи хэл сурах таатай орчин бүрдүүлэхэд энэхүү хөтөлбөрийн гол зорилго оршино.
Гурав. Хөтөлбөрийн зорилт
3. Хөтөлбөрийн хүрээнд дараахь зорилтуудыг хэрэгжүүлнэ:
3.1. Англи хэлний сургалтын стандартыг боловсруулан  мөрдүүлэх;
3.2. Англи хэлний сургалтын технологийг боловсронгуй болгон, шинэлэг арга, хэлбэрийг сонгон хэрэгжүүлж, англи хэлний сургалтын төв, кабинетийг  шинэчлэх;
3.3. Англи хэлний багш бэлтгэх, тэдний заах арга, мэргэжлийн чадварыг дээшлүүлэх;
3.4. Англи хэлний багш нар орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг хангаж, багш нарын хүрэлцээг сайжруулах;
3.5. Англи хэлний шаталсан сургалтын тогтолцоог бүрдүүлэх;
3.6. Англи хэлний сургалтын таатай орчин бүрдүүлэх, бүх нийтийн англи хэлний боловсролыг сайжруулах.
Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд  баримтлах зарчим
4.1. Боловсролын хууль тогтоомж, эрхэм зорилго, стратегийн зорилт, хөгжлийн чиг хандлагад нийцсэн байх.
4.2. Суралцагчдын сонирхол, хэрэгцээнд нийцсэн, уян хатан, нээлттэй байх.
4.3. Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн бодит хэрэгцээнд тулгуурласан байх.
Тав. Хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх  арга хэмжээ, үйл ажиллагаа
5.1. Англи хэлний сургалтын стандартыг боловсруулан мөрдүүлэх:
5.1.1. Англи хэлний сургалтын агуулгын, орчны, үнэлгээний стандарт боловсруулан мөрдүүлэх;
5.1.2. Англи хэлний сургалтад хамрагдагсдын оролцоог нэмэгдүүлэх, суралцагчдын ярих, бичих, чадварыг дээшлүүлэхэд чиглэгдсэн сургалтын идэвхитэй аргуудыг нэвтрүүлэх;
5.1.3. Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн бодит хэрэгцээг хангасан байх.
5.2. Англи хэлний сургалтын технологийг боловсронгуй болгох:
5.2.1. Англи хэлний сургалтад WEB сурах бичиг, багшийн болон сурагчийн гарын авлага, хуурцаг, аудио хуурцаг  зэргийг өргөн хэрэглэх;
5.2.2. Суралцагсдын нас, сэтгэхүйн онцлог, орчны нөхцөлд тохируулан хичээлээс гадуурхи сургалтын хэлбэрүүд, хэсэгчилсэн сургалтыг зохион байгуулах;
5.2.3. Англи хэлний бүх шатны сургалтад өөрийн орны ур чадвар сайтай багш нарын туршлага болон гадаад орны сургалтын шинэлэг арга хэлбэрийг судлан туршиж нэвтрүүлэх;
5.2.4. Англи хэлний мэдлэг чадварыг сайжруулахад чиглэсэн заах аргын болон ур чадварын уралдаан, олимпиад зохион байгуулах;
5.2.5. Улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын англи хэлний олимпиад, орон нутгийн хэмжээнд "Англи хэлийг хэн сайн мэдэх вэ" уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулах.
5.3. Англи хэлний багш бэлтгэх, багш нарын мэдлэг, заах аргын чадварыг дээшлүүлэх:
5.3.1. Бүх шатны сургуулийн багш нарын заах арга, мэргэжлийн ур чадвар, хэлний чадварыг сайжруулах чиглэлээр англи хэлний сургалт эрхэлдэг гадаадын байгууллагатай хамтран төвийн болон бүсийн сургалт, семинарыг зохион байгуулах;
5.3.2. Одоо ажиллаж байгаа англи хэлний багш нарын   20-30 хувийг ойрын 4 жилд магистрын сургалтад хамруулах;
5.3.3. Гадаад оронд мэргэжил, хэлний чадварыг дээшлүүлэх, монголд ажиллаж байгаа сайн дурын байгууллагын англи багш нартай хамтран ажиллах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх;
5.3.4. Багшлах эрх аваагүй боловч багшилж байгаа хүмүүст зориулан англи хэл заах арга зүйн чиглэлээр сургалт зохион байгуулж үнэмлэх олгох;
5.3.5. Багш нарын мэргэжлийг дээшлүүлэхэд зайны болон албан бус сургалтын хэлбэрийг өргөнөөр ашиглах;
5.3.6. Гадаад хэлний сургалттай дээд сургууль, Англи хэлний тусгай зориулалтын институтийг түшиглэн англи хэлний багш нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх эрчимтэй сургалт зохион байгуулах.
5.4. Англи хэлний багш нар хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг хангах:
5.4.1. Англи хэлний багш нарыг аймаг, сумдын захиалгаар гэрээгээр сургах, орон нутагт ажиллах багш нарт зохих урамшуулал болгон гурван жил тутам нэг удаа 500,000 төгрөгийн тэтгэлгийг улсын болон орон нутгийн төсвөөс олгож байх;
5.4.2. Англи хэл заах аргын нэгдсэн болон төрөлжсөн сургалтад сумдын багш нарыг өргөн хамруулж, тэдний мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх;
 
5.4.3. Орон нутагт ажиллаж байгаа англи хэлний багш нарыг гадаад орон, олон улсын сайн дурын байгууллагын шугамаар ажиллаж байгаа англи багш нартай хамтран ажиллах хүрээг өргөтгөх;
5.4.4. Гадаад оронд мэргэжил дээшлүүлэх, танилцах аялал хийх зэрэг төслөөр хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд сумдын багш нарыг өргөн хамруулах.
5.5. Англи хэлний төрөлжсөн сургалтын тогтолцоо бүрдүүлэх:
5.5.1. Төрийн албан хаагчдад зориулсан англи хэлний эрчимтэй сургалт зохион байгуулах;
5.5.2. Гадаад хэлний тусгайлсан сургалттайгаас бусад бүх шатны сургуульд сургалтын үндсэн программд англи хэлийг оруулахаас гадна, гүнзгийрүүлсэн сургалтыг зохион байгуулах;
5.5.3. Радио, телевизээр англи хэлний сургалт зохион байгуулах;
5.5.4. Англи хэлийг бие даан сурах, бүх нийтийн англи хэлний боловсролыг сайжруулахад зориулсан гарын авлага, сурах бичиг, аудио болон видео хуурцаг хэвлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
5.5.5. Олон улсын харилцаа, эдийн засаг, сэтгүүл зүй, аялал жуулчлал, анагаах ухаан, техник технологийн мэргэжлийн чиглэлийн сургалт, түүнчлэн суурь болон сонгон мэргэшүүлэх зарим хичээлийг англи хэлээр заах бэлтгэл хангах;
5.5.6. Англи хэлний сургалт эрхэлдэг дамжааны сургалтын чанарыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, сургалтад тавих хяналтыг сайжруулах;
5.5.7. АНУ-ын TOFEL-ийн болон бусад мэргэжлийн байгууллагатай хамтран англи хэлний мэдлэгийн стандартын түвшин тогтоох, хэлний сургалтад хамрагдагчдад сертификат олгох асуудлыг судлан хэрэгжүүлэх.
5.6. Англи хэлний сургалтын таатай орчин бүрдүүлэх, бүх нийтийн англи хэлний боловсролыг сайжруулах:
5.6.1. Аймаг, сумдын Боловсрол, соёлын төвүүдэд англи хэлний сургалтын төв байгуулж техник хэрэгсэл, сургалтын хэрэглэгдэхүүн, мэргэжлийн арга зүйчээр хангах;
5.6.2. Англи хэлний сургалтыг зохион байгуулахад хэсэгчилсэн, албан болон албан бус сургалтын хэлбэрийг эрчимтэй зохион байгуулах;
5.6.3. Сургуулиудын англи хэлний сургалтын анги кабинетийг шинэчлэн сургалтын хэрэглэгдэхүүн, техник хэрэгслээр хангах;
5.6.4. Хөдөө орон нутагт ажиллаж байгаа англи хэлний багш нарын зүгээс бүх нийтийн англи хэлний боловсролыг сайжруулахад чиглэгдсэн англи хэлний төлбөртэй дамжаа хичээллүүлэхийг дэмжих;
5.6.5. Сургалтын орчин бий болгох зорилгоор англи хэлний багш нарт зориулан, зуны улиралд "Англи тосгон" ажиллуулах.
Зургаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа
Энэхүү хөтөлбөрийг 2002-2005 онд хэрэгжүүлнэ.
Долоо. Хөтөлбөрийн санхүүжилт
7. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд санхүүгийн дор дурдсан эх үүсвэрийг ашиглана:
-Багш нарын мэргэжил дээшлүүлэх, хэлний болон заах аргын ур чадварыг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаанд нийт 34.2 сая төгрөг зарцуулна. Эдгээрээс 27.0 сая төгрөгийг улсын төсвөөс, үлдэх 7.2 сая төгрөгийн санхүүжилтийг Монголын нээлттэй нийгэмлэгийн хүрээлэн "СОРОС"-ын сангаас санхүүжүүлнэ;
-Англи хэлний сурах бичиг,сургалтын хэрэглэгдэхүүнийг шинэчлэн хэвлүүлэхтэй холбогдон гарах нийт 640.0 сая төгрөг шаардагдахаас 197.0 сая төгрөгийг улсын төсвөөс санхүүжүүлнэ;
-Бүх нийтийн англи хэлний боловсролыг дээшлүүлэхэд зориулагдсан сурах бичгийг боловсруулах, хэвлэхэд 77.5 сая төгрөг шаардагдана. Энэ зардлыг жил жилийн улсын төсөвт тусгаж санхүүжүүлнэ /Хавсралт 3/.
-Англи хэлний сургалтын орчин бүрдүүлэх зорилго бүхий "Англи тосгон" ажиллуулахад багш нарын байр, хоол, техник хэрэгсэл, сургалтын хэрэглэгдэхүүнд зарцуулагдах 39 сая 513 мянган төгрөгийн 25.0 сая төгрөгийг улсын төсвөөс, англи багш нарын ажиллах ажлын хөлс, байр хоолны зардал болох    14 сая 513 мянган төгрөгийг английн сайн дурын байгууллага, Энхтайвны корпус болон бусад англи хэлний сургалт эрхэлдэг гадны байгууллагаас санхүүжүүлнэ.
-Багш нарын хангамж, хүрэлцээг сайжруулах зорилгоор хөдөө орон нутагт ажиллах багш нарыг урамшуулахад зориулах 40.0 сая төгрөгийн 15 хувийг орон нутаг, үлдсэн хэсэг болох 34.0 сая төгрөгийг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
-Англи хэлний багш нарын хэлний болон арга зүйн ур чадварыг сайжруулах зорилгоор явагдах сургалтыг гадаадын байгууллагын хандив болон сургалтын төлбөрөөр санхүүжүүлнэ.
-Бүх нийтийн англи хэлний боловсролыг дээшлүүлэх сургалтыг төлбөртэй зохион байгуулна.
-Гадаад оронд мэргэжил дээшлүүлэхэд зарцуулагдах хөрөнгийг хамтран ажиллах гадаадын байгууллагын санхүүжилтээр шийдвэрлэнэ.
Найм. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр  хүрэх үр дүн
8.1. Англи хэлний  сургалтын агуулгын шинэ стандартыг батлан мөрдүүлнэ. Ингэснээр ерөнхий боловсролын сургуулийн суралцагчид орчин үеийн техник, хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан хэрэгцээтэй мэдээллээ олж ашиглах англи хэлний мэдлэгтэй болсон байна.
8.2. Агуулгын шинэ стандартад нийцүүлэн сурах бичиг, багш болон сурагчийн ажлын, дасгалын дэвтэр, гарын авлага, кассет /WEB сурах бичиг/ аудио хуурцаг боловсруулж 2002 оны Ү ангийн 70.000, 2003 оноос ҮI-ҮШ ангийн иж бүрэн сурах бичиг тус бүр 70.000 хувийг ерөнхий боловсролын сургуулийн сургалтад хэрэглэсэн байна.
8.3. Ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний багш нарын ур чадвар, мэргэжил дээшлүүлэх сургалтад 2002-2004  онд орон нутгийн 300 багшийг оролцуулж, жил бүр тодорхой тооны багшийг гадаадад мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулна.
8.4. Жил бүр гэрээ байгуулан 15-20 багшийг сумдад ажиллуулснаар орон нутагт англи хэлний багш нарын хүрэлцээ нэмэгдсэн байна.
8.5. Англи хэлний сургалтын 80-100 иж бүрэн анги кабинетийг байгуулан ажиллуулж бүрэн ашигласан байна.
8.6. Англи хэлний нийт багш нарыг бакалаврын зэрэгтэй болгохоос гадна 20-30 хувийг нь магистрын сургалтад хамруулсан байна.
8.7. Англи хэл заах арга зүйн чиглэлээр мэргэшсэн докторын сургалтад багш нарыг хамруулна.
8.8. Бүх нийтийн англи хэлний мэдлэгийн түвшин нэмэгдэж төрийн албан хаагчид болон бусад салбарын мэргэжилтнүүд англи хэлээр харилцах, мэдээлэл авах чадвартай болсон байна.
8.9. Англи хэлний сургалтын орчин бүрдүүлэх зорилгоор "Англи тосгон" ажиллуулснаар хөтөлбөр хэрэгжих явцад багш нарын англи хэлний мэдлэг чадвар сайжран  тосгоны үйл ажиллагааг өөрөө өөрийгөө санхүүжүүлэх хэмжээнд тогтворжуулсан байна.
 
 
 
 
 
-----оОо-----