- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АРГАЛЬ ХОНИЙГ ХАМГААЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Засгийн газрын 2002 оны 269 дүгээр тогтоолын хавсралт
АРГАЛЬ ХОНИЙГ ХАМГААЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
АРГАЛЬ ХОНИЙГ ХАМГААЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
(Энэ хавсралтыг 2011-09-21-ний 277-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Нэг. Аргаль хонины хамгаалалт, ашиглалтын өнөөгийн байдал
Манай оронд тархсан аргаль хонь /OVIS AMMON AMMON LINNAEUS 1758/ нь галбир төрх, бие бялдар, эврийн хэмжээ зэрэг таксономийн үзүүлэлтээрээ дэлхийн бусад ийм зүйл, зүйлхэнээсээ нэлээн давуутай учир дэлхийн аргаль хонины цөм сүрэгт тооцогддог. Тиймээс алтайн аргаль хонины угалзын эвэр /трофей/ олон улсын үзэсгэлэнд удаа дараа дээд амжилт үзүүлж, дэлхийн зэрлэг хонины «хаан» гэгдэх болсон бөгөөд гадаадын анчин-жуулчдын анхаарал, сонирхлыг ихээхэн татдаг билээ.
Аргаль хонь нь монгол орны ховор амьтны нэгд тооцогддог тул 1953 оноос эхлэн аргалийг агнах явдлыг хуулиар хориглож дархан цаазтай болгосноос гадна 1987 онд Монгол Улсын Улаан номонд бүртгэж, мөн Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай /CITES/ Конвенцийн П хавсралтад оруулсан юм. Одоогийн байдлаар аргаль хонины тархац нутгийн зарим хэсгийг улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамруулаад байна.
Монгол орны аргаль хонины тоо толгойг сүүлийн 40 жилд 12-60 мянга гэж судлаачдын тайлан, ном, бүтээлд хоорондоо нэлээд зөрүүтэй тэмдэглэгдсэн байдаг нь тэдний арга зүй, судалсан цаг хугацаа, хамарсан байршил нутаг өөр өөр байсантай холбоотой ажээ. Байгаль орчны яамнаас зохион байгуулан агнуур эрхэлдэг зарим аж ахуйн нэгжийн санхүүгийн дэмжлэгтэйгээр 2001 онд 15 аймгийн нутагт аргаль хонины тархац, тоо толгой, популяцийн бүтцийн судалгаа хийж 110 сумын 47815 км2 талбай бүхий үндсэн байршил нутагт 13-15 мянга орчим аргаль хонь байгааг тогтоов.
Угалзыг 1965 оноос эхлэн гадаадын анчдаар тусгай төлбөртэйгээр агнуулсан нь валютын орлогын нэг эх үүсвэр болж, 1967-1989 онд 1630 толгой угалз агнуулж, тухайн үеийн ханшаар 20 гаруй сая төгрөгийг улсын төсөвт оруулжээ. Сүүлийн үед жил бүр 35-70 толгой угалз агнуулах зөвшөөрөл олгож ойролцоогоор 500 гаруй мянган ам. долларын орлого улс, орон нутгийн төсөвт оруулж байна.
Аргаль хонийг хамгаалах, ашиглахтай холбогдсон харилцааг Амьтны аймгийн тухай болон Ан агнуурын тухай хуулиуд, тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн эрх зүйн бусад актуудаар зохицуулдаг боловч төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй байсаар байна. Тухайлбал, Ан агнуурын тухай хуульд заасны дагуу аргаль хонины агнуур зохион байгуулалтыг 4 жил тутамд хийгдэх ёстой боловч энэ ажил тогтмолжоогүйгээс өмнөх жилүүдийн дүнг харгалзан агнуурын ажлыг төлөвлөсөөр ирэв. Сүүлийн жилүүдэд байгаль, цаг уурын хүнд нөхцөл удаа дараа тохиолдож байгаа ч аргаль хонинд биотехникийн тодорхой арга хэмжээ авах ажил хангалтгүй хийгдэж байна. Мөн төрийн өмчид байсан ан, агнуурын мэргэжлийн байгууллагууд хувьчлагдсантай холбогдож уламжлалт үйл ажиллагаа алдагдан, тавих анхаарал суларснаас аргаль хонийг хулгайгаар агнах явдал газар авч, агнуурын нөөцөд хохирол учруулсаар байна. Үүний нэг илрэл бол хууль бусаар агнасан олзвор, түүхий эдийг хар захад борлуулж ашиг олох гэсэн хандлага ихэссэн явдал юм.
Аргаль хонины тоо толгой үндсэн байршил нутагтаа цөөрч, тархац нутгийн зүүн хэсгээр тэлэхийн зэрэгцээ зарим газарт тасархайтаж байгааг нөөцийн үнэлгээ хийсэн дүн харуулж байна. Үүнд байгаль, цаг уурын зохисгүй хүчин зүйлийн зэрэгцээгээр хүний шууд болон дам үйлдэл нөлөөлж байгааг судлаачид тогтоожээ. Малын тоо толгой өсөж бэлчээр, усны нөөцийн ачаалал нэмэгдсэнээс аргаль хонь нүүдэллэх, дайжих зэргээр байршил нутаг нь хумигдаж популяци саринах, тасархайтахад хүрч байна.
Угалзын агнуураас орж буй хураамжийн орлогын зарим хэсгийг орон нутагт аргаль хонь хамгаалах зориулалтаар ашиглаж, орон нутгийн иргэдийн хамтын анхаарал санаачилгыг энэ чиглэлд хандуулах хэрэгтэй болоод байна.
Эдгээрээс үндэслэн энэхүү хөтөлбөрийг боловсруулахдаа Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт "Байгалийн баялгийг түүний даац, чадавхитай нь нийцүүлэн зохистой ашиглах, нөхөн сэргээх замаар экологийн баримжаатай эдийн засгийн хөгжлийг хангах, орон нутгийнхаа байгалийн баялгийг ашиглах, хамгаалахтай холбогдсон иргэний эрх, үүргийг тодорхой болгож, байгаль орчныг ард иргэд өөрсдөө хамгаалах механизмыг бүрдүүлэх зорилтыг хэрэгжүүлэх, түүнчлэн ховор, нэн ховор амьтан, ургамлыг өсгөн үржүүлэх арга хэмжээ авахаар дэвшүүлсэн зорилтуудыг иш үндэс болгов.
Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт
2.1. Аргаль хонины популяцийн тогтвортой байдал, хэвийн өсөлтийг хангахтай холбогдсон зохион байгуулалт, менежментийн ажлыг шинэчлэн, түүний нөөцийг зохистой ашиглах, хамгаалах хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, эдийн засгийн үндсийг бүрдүүлэх, энэ талаар төрөөс баримтлах нэгдсэн бодлогыг тодорхойлж, түүний хэрэгжилтийг хангахад тус хөтөлбөрийн зорилго оршино.
2.2. Хөтөлбөрийн зорилт:
2.2.1. аргаль хонийг хамгаалах, зохистой ашиглах хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, эдийн засгийн үндсийг бүрдүүлэх;
2.2.2. судалгаа, мониторингийн ажлыг тогтмолжуулах замаар агнуурын зохион байгуулалтын үндэслэлийг сайжруулах;
2.2.3. аргаль хонины хамгаалалтыг сайжруулахад орон нутгийн иргэдийн оролцоог өргөжүүлэх.
Гурав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа
3.1. Энэхүү хөтөлбөрийг 2003-2005 онд хэрэгжүүлнэ.
Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл
4.1. Аргаль хонийг хамгаалах, зохистой ашиглах хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, эдийн засгийн үндсийг бүрдүүлэх зорилтын хүрээнд:
4.1.1. аргаль хонийг хамгаалах хууль тогтоомжийн заалтыг тууштай мөрдүүлэх, амьтанд энэрэнгүй хандах ухамсрыг хэвшүүлэхэд чиглэгдсэн сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулах;
4.1.2. Амьтны аймгийн тухай, Ан агнуурын тухай хуулийн заалтуудын хэрэгжилтийг хангахын тулд ан агнуурын нөөц бүхий нутаг дэвсгэрийг гэрээгээр эзэмшүүлэх журам, агнуур зохион байгуулалтын журам, ан агнуурын гаралтай олзвор /трофей/ бүтээгдэхүүнийг бүртгэх, хэмжих журмуудыг шинэчлэн боловсруулах;
4.1.3. нүүдэл, хөдөлгөөн /миграци/ явагддаг зурвас газруудыг нарийвчлан тогтоож, хил дамнасан газар нутгийг тусгай хамгаалалтад авах талаар хөрш орнуудтай хамтран ажиллах, хамгаалалтын хамтарсан арга хэмжээг зохион байгуулах;
4.1.4. Аргаль хонийг болон Биологийн төрөл зүйлийг хамгаалах олон улсын конвенц, гэрээ, хэлэлцээрүүдээр хүлээсэн үүргээ тууштай биелүүлэх.
4.2. Судалгаа, мониторинг, агнуур зохион байгуулалтыг сайжруулах зорилтын хүрээнд:
4.2.1.аргаль хонийг хамгаалах, зохистой ашиглах загвар боловсруулах, биологи-экологийн цогц судалгааны төсөл хэрэгжүүлэх;
4.2.2. аргаль хонийг хамгаалах менежментийн төлөвлөгөөг агнуур зохион байгуулалтын судалгаанд үндэслэн боловсруулж хэрэгжүүлэх;
4.2.3. аргаль хонины суурин судалгааны цэгийг экологи, байгаль, цаг уур, газар зүйн өөр өөр бүс нутагт байгуулж, мониторинг судалгааг тогтмолжуулах;
4.2.4. аргаль хонины нүүдэл шилжилт, тоо толгойн хөдлөл зүйг сансрын холбооны радио дохиоллын аргаар тодорхойлох боломжийг судлах;
4.2.5. аргаль хонины байршил малын ус, бэлчээрийн давхцал, өрсөлдөөн, түүнтэй дайсагнагч амьтны талаар үнэлгээ өгөх, зохицуулах арга замыг тодорхойлох;
4.2.6. аргаль хонь хамгаалах хүсэл эрмэлзэлтэй гадаад, дотоодын иргэд, байгууллагын хамтарсан судалгаа, уулзалт, семинар зөвлөлгөөн, олон улсын хурлыг зохион байгуулж туршилга солилцох;
4.2.7. угалзын олзворын хэмжилт, бүртгэл, судалгааны ажлыг тогтмолжуулан явуулж, мэдээллийн нэгдсэн сантай болох.
4.3. Аргаль хонины хамгаалалтыг сайжруулахтай холбогдсон шинэ арга замыг хэвшүүлэх ажлын хүрээнд:
4.3.1. том эвэрт шилдэг удмыг хэвийн хадгалах ажил, судалгааг орон нутагт эрчимжүүлэх, аргаль хонийг хамгаалах, хууль бус агналтын тухай мэдээллийг урамшуулах, худалдаж авах хууль, эрх зүй, эдийн засгийн механизмыг бүрдүүлэх;
4.3.2. аргаль хонины голлох байршил нутаг ялангуяа төллөдөг, үржилд ордог газар нутгийг улсын тусгай хамгаалалтад нэмж хамруулж, тэдгээрийн хамгаалалтын менежментийг сайжруулах;
4.3.3. аргаль хонины тархац нутаг дахь байгаль хамгаалагчдын мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэх ажлыг зохион байгуулж уналга, шаардагдах багаж хэрэгслээр хангах;
4.3.4. аргаль хонийг хамгаалах, судлах ажлыг олон улсын байгаль хамгаалах чиглэлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах;
4.3.5. аргаль хонь хамгаалах хяналт, шалгалтыг эрчимжүүлэх, биотехникийн арга хэмжээ авах, мониторингийн судалгаа хийх ажлыг зохион байгуулах;
4.3.6. аргаль хонины тархац нутагт байгалийн аялал-жуулчлал хөгжүүлж, байгалийн сурталчилгааны зэрэгцээгээр аргаль хонийг хамгаалах талаар ухуулан таниулах, сурталчилгаа, мэдээллийн систем бий болгох.
Тав. Хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, хянах
5.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага удирдан зохион байгуулна. Шаардлагатай үед тодорхой асуудлаар бусад төрийн захиргааны төв байгууллагатай хамтран ажлын хэсэг зохион байгуулна.
5.2. Хөтөлбөрийн хэрэгжилтэд жил бүр үнэлгээ, дүгнэлт өгч шаардлагатай арга хэмжээг тодотгох замаар хяналт тавина.
Зургаа. Санхүүжилт
6.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүжилт дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:
6.1.1. Байгаль хамгаалах сан;
6.1.2. угалзын олон улсын дуудлага худалдаанаас олсон орлого;
6.1.3. олон улсын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдээс санаачилсан төсөл, хандивын хөрөнгө;
6.1.4. бусад эх үүсвэр.
Долоо. Хөтөлбөрийн үр дүн
Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараахь үр дүнд хүрнэ:
7.1.1. аргаль хонийг хамгаалах хууль, эрх зүйн орчин боловсронгуй болж, эдийн засаг, нийгмийн ухамсрын үндэс бүрэлдэнэ;
7.1.2. аргаль хонийг хамгаалах, зүй зохистой ашиглах талаар олон улсын гэрээ, хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлж, манай орны үндэсний эрх ашиг сонирхол хангагдана;
7.1.3. аргаль хонины байршил нутаг, агнуурын нөөц бүхий газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тусгай нөхцөл болзолтойгоор эзэмшүүлснээр тогтвортой ашиглалт явагдаж, аргаль хонины тоо толгой өсөх нөхцөл бүрдэнэ;
7.1.4. нутгийн иргэдийн аргаль хонийг хамгаалах оролцоо, ашиг сонирхол дээшилж, хамгаалал сайжран, орон нутагт агналтаас орох орлого тогтвортой нэмэгдсэнээр хууль бус агнуур багасна.
---оОо---
Текст томруулах
A
A
A