A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2002 оны 251 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт

РАШААН СУВИЛЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
 
Нэг. Нийтлэг үндэслэл
Монгол орон олон улсын рашааны үнэлэмж хангахуйц  90 гаруй ордтойгоос халуун рашааны орд 40, хүйтэн рашааны орд 52, байгалийн халуун уур бүхий орд 1, рашаан төст булаг 108, бичил орчин бүхий хүчин зүйлүүд байгаагаас гадна эмчилгээний лаг, наанги шавартай 40 гаруй нуур, шаврын орд газар судлагдсан байна.
Одоогоор улсын хэмжээнд ашиглаж байгаа болон цаашид ашиглах 9 рашаан /хүснэгт-1/, бүс нутгийн хэмжээнд цаашид ашиглах  3 рашаан /хүснэгт-2/, аймгийн хэмжээнд ашиглаж байгаа буюу цаашид ашиглах 18 рашаан /хүснэгт-3/, сумын хэмжээнд ашиглаж байгаа буюу цаашид ашиглах 15 рашаан /хүснэгт-4/, цаашид ашиглах эмчилгээний нуур болон шаврын орд 12 /хүснэгт-5/, цаашид савлаж ашиглах рашаан     11 /хүснэгт-6/ байна.
Насанд хүрсэн 1000 хүнд ногдох архаг өвчтэй нийт хүмүүсийн 35.5 хувь нь буюу өвчний ангиллаар авч үзвэл хоол боловсруулах эрхтний өвчний 37.5, цусны эргэлтийн тогтолцооны өвчний 16.0,  амьсгалын эрхтний өвчний 14.3, үе мөч холбоос эдийн өвчний 12.5 тохиолдол нь тус тус рашаан сувиллын тусламж үйлчилгээ авах шаардлагатай бөгөөд улсын хэмжээнд рашаан сувиллын орны хэрэгцээ 1000 хүнд 4.7 ногдох тооцоог судлаачид гаргасан байна.
Рашаан судлалын салбарт судалгаа шинжилгээний шинэ чиглэл баримталж  ажилласны үр дүнд 250 гаруй гидро объектын гелийн агуулга, 88 рашааны хийн найрлага, зарим ордуудын биогений микроэлемент, бичил амь судлал, органик бодисын агуулгыг тодорхойлсон бөгөөд рашааны 10 орд газарт хайгуулын цооног өрөмдөж, 3 рашаан сувилалд рашаан ашиглалтын цооног гаргаж, тоноглон ашиглаж байгаагаас гадна  урьд нь судлагдаагүй рашаан, шаврын 20 гаруй ордод шинжилгээ хийж, рашааны ангиллыг шинээр боловсруулж байна.
Засгийн газраас 1994-2002 онд хэрэгжүүлсэн  "Рашаан сувилал хөгжүүлэх үндэсний хөтөлбөр"-ийн хүрээнд зарим рашааны бүтэц, найрлагыг нарийвчлан тогтоох, рашаан сувиллын ордыг паспортжуулах, бүс нутгийн хэмжээнд ашиглах рашааны ундаргыг судлан, рашаан усны нөөцийн судалгааг хийж рашааны ашиглалт хамгаалалтын дүрмийг баталж мөрдүүлсэн.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нэлээд ажил хийгдсэн боловч цаашид шийдвэрлэвэл зохих цөөнгүй асуудал байсаар байна. Үүнд:
-Рашаан сувиллын тусламж, үйлчилгээний удирдлага зохицуулалт, эрх зүйн үндсийг боловсронгуй болгох;
-Рашааны ордод ариун цэвэр, хамгаалалтын бүс тогтоох, урьд тогтоосон бүсийг шинэчлэх;
-Рашааныг бохирдох, хомсдохоос сэргийлэх талаархи эрх зүйн зохистой орчин бүрдүүлэх;
-Хүн амд рашаан сувиллын чанартай тусламж, үйлчилгээг хүртээмжтэйгээр үзүүлэх;
-Рашаан сувиллын бүтэц, үйл ажиллагааны болон эмчилгээ үйлчилгээний стандартыг боловсруулах, рашаан сувиллуудыг магадлан итгэмжлэлд хамруулах, рашаан судлалын чиглэлээр мэргэшсэн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, тэдний мэдлэг боловсролыг дээшлүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулах  асуудлыг шийдвэрлэх;
-Рашаан судлалын чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил хийх, ялангуяа рашааны  найрлага, бүтцэд горимын  ажиглалт  хийх;
-Рашаан сувиллын дэд бүтцийг хөгжүүлэх. Рашаан сувиллын ашиглалтын техник, тоног төхөөрөмжийг шинэчлэн тухайн салбарт хөрөнгө оруулалт хийж сувиллуудыг өргөтгөх, технологийн шинэчлэл хийх, сэргээн засварлаж сувиллын хэвийн үйл ажиллагааг хангах.
Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, рашааны орд, байгалийн эмчилгээний хүчин зүйлийн ашиглалт, хамгаалалт, эрх зүйн зохицуулалттай холбоотой тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүн амын эрүүл мэндийг, ялангуяа нөхөн сэргээх эмчилгээнд рашаан сувиллын үйлчилгээг өргөнөөр ашиглах талаархи заалтыг хэрэгжүүлэх зорилгоор "Рашаан сувиллыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр"/цаашид "хөтөлбөр" гэх/-ийг боловсрууллаа.
 
Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт
1.Хөтөлбөрийн зорилго
Байгалийн эмчилгээний хүчин зүйл, нөөцийг зохистойгоор ашиглан рашаан сувиллын эмчилгээ, үйлчилгээг өргөжүүлэн хөгжүүлэх замаар хүн амын эрүүл мэндийг бэхжүүлэх.
2.Хөтөлбөрийн зорилтууд
2.1.Рашааны ашиглалт, хамгаалалтын эрх зүйн үндсийг бүрдүүлнэ.
Хэрэгжүүлэх арга хэмжээ:
а/байгалийн эмчилгээний хүчин зүйлийн ашиглалт, хамгаалалтыг зохицуулсан эрх зүйн орчин бүрдүүлэх;
б/рашааны орд газрыг  ашиглах норм, норматив, технологийн схем зэрэг баримт бичиг боловсруулж мөрдүүлэх;
в/рашаан сувиллын бүтэц, үйл ажиллагааны стандартыг боловсруулах;
г/улс, бүс, орон нутгийн чанартай ашиглах рашааны  экологийн байдлыг сайжруулах, нөөцийн магадалгаа бүрдүүлэх асуудлаар зөвлөмж гаргах;
д/рашаан сувиллын салбарт статистик, мэдээллийн сан бий болгох. 
2.2.Хүн амд үзүүлэх рашаан сувиллын тусламж үйлчилгээний зохион байгуулалт, чанар, хүртээмжийг дээшлүүлнэ.
Хэрэгжүүлэх арга хэмжээ:
а/зарим рашаан сувилалд хүүхдийн тасаг ажиллуулах;
б/рашаан сувиллын эмчилгээ, үйлчилгээний  стандарт боловсруулж мөрдүүлэх;
в/рашаан эмчилгээг нөхөн сэргээх болон уламжлалт анагаах ухааны эмчилгээтэй хослуулах аргачлал боловсруулж нэвтрүүлэх;
г/рашаан сувиллыг магадлан итгэмжлэлд хамруулах, рашаан сувиллын маркетингийн асуудлыг бий болгох;
д/байгалийн эмчилгээний нөөц, рашаан сувиллын газруудын кадастр хөтлөх;
е/хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд олон нийтийн оролцоог дэмжих, рашааны орд газрыг зөв зохистой ашиглах, нөөцийг хамгаалах, бохирдолтоос сэргийлэх талаар хүн амд зориулж мэдээлэл, сургалт, сурталчилгаа явуулах;
ж/рашаан сувиллын эмчилгээ-сувилгааны чанар, эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх, технологийн шинэчлэл, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор нийгмийн салбарын хувьчлалын бодлогод нийцүүлэн үйлчилгээний чиглэлийг өөрчлөхгүйгээр сувиллуудыг хувьчлах;
з/рашаан ашиглалтын талаархи гадаадын үр ашиг бүхий туршлага судлан шинэ технологийг  өөрийн орны нөхцөлд тохируулан нэвтрүүлэх;
и/ундааны болон эмчилгээний журмаар ууж хэрэглэх рашааны стандартыг шинэчлэн боловсруулах.
2.3. Байгалийн эмчилгээний хүчин зүйл, нөөцийг хамгаалан ашиглалтын баазыг бэхжүүлж дэд бүтцийг хөгжүүлнэ.
Хэрэгжүүлэх арга хэмжээ:
а/рашаан сувиллын барилга, инженерийн байгууламжид үзлэг хийж  рашаан сувиллын дэд бүтцийг хөгжүүлэх арга хэмжээ авах /үйлчилгээний төрөлжсөн цэг, салбарыг байгуулах, хүрээлэн байгаа орчны хэвийн байдалд хяналт тавих, тулгуур замын сүлжээ, үйлчилгээний объект бий болгох/;
б/рашаан, усны гидрогеологи, гидрохимийн судалгааг үндэслэн рашаан, эмчилгээний  шавар бүхий зарим орд газрын эрэл хайгуул, өрөмдлөгийн ажлыг зохион байгуулах, халуун рашааны дулааныг ашиглах асуудлыг судлах;
в/улс, бүс нутгийн  чанартай  сувиллын байгалийн эмчилгээний хүчин зүйлд иж  бүрэн үнэлгээ хийх;
г/зарим рашаан сувиллын инженерийн шугам сүлжээний засвар үйлчилгээ, бальнотехникийн  төхөөрөмжийн шинэчлэлийн асуудлыг судалж, зураг төсөл боловсруулах, шинээр тоноглох.
2.4. Рашаан судлалын чиглэлээр хийх судалгаа шинжилгээний  ажлыг  өргөжүүлэн хүний нөөцийг бэхжүүлнэ.
Хэрэгжүүлэх арга хэмжээ:
а/рашаан сувиллын эмчилгээний гол хүчин зүйлийг хэрэглэх шинэ аргачлал, эмчилгээний үр дүнгийн нэгдмэл үзүүлэлтийг боловсруулан мөрдүүлэх;
б/рашаан сувиллын эмчилгээний хэрэгцээг монгол орны рашааны нөөц болон хүн амын өвчлөлийн бүтэцтэй уялдуулан гүнзгийрүүлэн судлах;
в/хуримтлагдсан шинжилгээ судалгаа болон мэдээллийн материалыг үндэслэн рашаан, эрдэст нуур, эмчилгээний шаврын зураг зохиох;
г/зонхилон тохиолдох зарим архаг эмгэгийн үед  рашаан эмчилгээний  үзүүлэх нөлөө, үр дүнгийн талаар судалгаа хийх;
д/сувилгаа, эмчилгээний хоол, өрөө, байр зэрэг рашаан сувиллын үйлчилгээний мэргэжлийн стандарт боловсруулах;
е/рашаан сувиллын салбарт ажиллаж байгаа боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллуулах, мэргэшүүлэх  механизм бүрдүүлэх.
     
Гурав. Хөтөлбөрийн удирдлага, санхүүжилт, хэрэгжүүлэх хугацаа
 Хөтөлбөрийн удирдлага
3. Хөтөлбөрийн хэрэгжилтийг үндэсний хэмжээнд удирдан зохион байгуулах, гадаад, дотоодын хөтөлбөр, төсөлд оролцогч талуудын үйл ажиллагааг  уялдуулан зохицуулах, хэрэгжилтийн явц, үр дүнг Засгийн газарт тайлагнах, шаардлагатай асуудлаар холбогдох газарт санал оруулах үүргийг эрүүл мэндийн болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гүйцэтгэнэ.
4. Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг нэгтгэн зохион байгуулах, мэргэжлийн удирдлагаар хангах, рашаан сувиллын тусламжийг хүртээмжтэй, чанартай хүргэх, тусламж, үйлчилгээний стандартыг хэрэгжүүлэх,  нийтэд мэдээлэх ажлыг Рашаан судлалын үндэсний төв хариуцан гүйцэтгэнэ.
5. Орон нутагт  хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах, зохицуулах, хэрэгжилтийн явц,  үр дүнд хяналт тавих, холбогдох газарт тайлагнах ажлыг аймаг, нийслэл, сумын Засаг дарга мэргэжлийн бусад байгууллагатай хамтран хариуцна.
6.Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах үйл ажиллагааг дор дурдсан эх үүсвэрээс санхүүжүүлнэ:
а/гадаад, дотоодын хөрөнгө оруулалт;
б/хандивлагч орон, олон улсын төрөлжсөн байгууллагын тусламж;
в/аж ахуйн нэгж, иргэдийн хандив, тусламж;
г/бусад эх үүсвэр.
7. Үндэсний хөтөлбөрийг 2003-2010 онд 2 үе шаттайгаар 8 жилийн хугацаанд  хэрэгжүүлнэ.
Нэгдүгээр үе шат: 2003-2006 он байх бөгөөд дунд хугацааны үнэлгээгээр хөтөлбөрт тодотгол хийж нэмэлт өөрчлөлт оруулж болно. Эхний үе шатанд рашааны ашиглалт, хамгаалалтын эрх зүйн үндсийг бүрдүүлэх, рашаан сувилалд бүтэц, үйл ажиллагааны болон эмчилгээ, үйлчилгээний  стандарт боловсруулан нэвтрүүлэх, сувиллыг  мэргэжлийн удирдлагаар хангах, рашаан судлалын ажлыг эрчимжүүлж,  мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх.
Хоёрдугаар үе шат: 2007-2010 он байх бөгөөд рашаан ашиглалтын баазыг бэхжүүлэх, рашаан сувиллын дэд бүтцийг хөгжүүлж рашааны орд газрын нөөцийг гүнзгийрүүлэн судлах.
Дөрөв. Хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ,  үнэлгээ, шалгуур үзүүлэлт
8. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын хяналт-шинжилгээ, үр дүнгийн үнэлгээг эрүүл мэндийн болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар гүйцэтгэнэ.
 
Тав. Хөтөлбөрийг дараахь шалгуур   үзүүлэлтээр үнэлж дүгнэнэ:
 
Шалгуур үзүүлэлтүүд
Өнөөгийн түвшин
Хүрэх түвшин
Мэдээллийн эх үүсвэр
Нэгдүгээр зорилтын
Улс, бүс нутгийн  хэмжээнд ашиглах рашааны тоо
9
11
БОЯ, ЭМЯ-ны тайлан
 
Рашааны эх булгийн ариун цэврийн паспорттой рашаан сувиллуудын эзлэх хувь
6.7%
(10 сувилал)
100%
Рашаан судлалын үндэсний төвийн тайлан
 
Мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл  авсан улсын хэмжээний үйлчилгээтэй рашаан сувиллуудын эзлэх хувь
байхгүй
100%
Эмнэлгийн тусламжийн удирдах газрын мэдээ
 
Эрүүл ахуйн бүс тогтоосон рашаан сувиллын эзлэх хувь
20%
100%
БОЯ-ны бүртгэл
 
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд хамрагдсан рашааны тоо
3
11
БОЯ-ны мэдээ
Хоёрдугаар  зорилтын
Рашаан сувиллын эмчилгээний чанарын үнэлгээ
 
 
байхгүй
Шалгуур үзүүлэлт боловсруулан мөрдүүлсэн байх
Рашаан судлалын үндэсний төвийн тайлан
 
Зонхилон тохиолдох зарим  өвчний үед рашаан сувиллын эмчилгээний шууд болон алсын үр дүнг тооцох
шалгуур боловс-руулах
2003 онд эхэлнэ
Рашаан судлалын үндэсний төвийн
судалгаа
 
 
Рашаан сувиллын бүтэц,үйл ажиллагааны болон эмчилгээ, үйлчилгээний стандарт боловсруулан мөрдүүлэх
байхгүй
2003 онд гаргах
ЭМЯ, БОЯ-ны шийдвэр
 
Магадлан итгэмжлэлд хамрагдсан сувиллын тоо
байхгүй
11
ЭМЯ-ны шийдвэр
 
Гуравдугаар  зорилтын
Хайгуул хийж ашиглахаар тоноглосон рашааны тоо
5
8
ДБЯ-ны бүртгэл
 
Ундааны болон эмчилгээний журмаар  ууж хэрэглэх рашааны стандартыг шинэчлэх
 
-
 
шинэчлэх
Рашаан судлалын үндэсний төвийн тайлан
Дөрөвдүгэр зорилтын
Рашаан судлалын чиглэлээр шинээр хийгдсэн эрдэм шинжилгээ, судалгааны тоо
1994 оноос хойш 3 судалгаа хийсэн
Эрдэм шинжилгээ, судалгааны тоо нэмэгдсэн байх
Судалгааны үр дүн
 
 
 
-----оОо-----