A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2002 оны 13 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт

ОЙН ТУХАЙ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДҮРЭМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Үндэсний хороо /цаашид "Хороо" гэх/ нь Ойн тухай үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, хэрэгжилтэд нь хяналт тавих, ойн салбар дундын асуудлыг зохицуулах үүрэг бүхий орон тооны бус байгууллага мөн.
2. Хороо нь үйл ажиллагаандаа Ойн тухай хууль, бусад хууль  тогтоомж  болон энэ дүрмийг удирдлага болгоно.
3. Хороо нь тогтоол, албан бичгийн хэвлэмэл хуудастай байх бөгөөд Байгаль орчны яамны тамга, тэмдгийг хэрэглэнэ.
 
Хоёр. Хорооны удирдлага, бүтэц зохион байгуулалт
4. Хорооны бүрэлдэхүүн, дүрмийг Засгийн газар батална.
5. Хорооны үйл ажиллагааны хэлбэр нь хурал байна. Хурлаас тогтоол гаргах бөгөөд түүнд хорооны дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурна. Хороо нь ойн асуудлаар тэмдэглэл, зөвлөмж гаргаж болно. Хорооноос гаргасан тогтоол, зөвлөмжийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан хэрэгжүүлэх арга хэмжээ авч түүний явц, үр дүнгийн тухай тогтоосон хугацаанд нь Хороонд мэдээлэх үүрэгтэй.
6. Хорооны хурлыг жилд хоёроос доошгүй удаа хуралдуулж Ойн тухай үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, зохиож байгаа ажлын явц, үр дүнг хэлэлцэнэ.
7. Хурлын дэгийг Хорооны хурлаар хэлэлцэн батална. Хурлыг Үндэсний хорооны дарга, түүнийг эзгүйд орлогч дарга удирдана.
8. Хорооны нарийн бичгийн дарга нь Хорооны хурлын бэлтгэлийг хангах, хурлаас гарсан шийдвэрийг яам, холбогдох газруудад хүргүүлэх, биелэлтэд нь хяналт тавих болон ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх салбар дундын зохицуулалтын өдөр тутмын ажлыг эрхэлнэ. Нарийн бичгийн дарга нь орон тооны байна.
9. Хорооны гишүүд нь тухайн салбарын чиглэлээр хөтөлбөрт тусгагдсан асуудлын зохицуулалтыг  хариуцна.
10. Хороо нь холбогдох яам, агентлаг, газар, хэлтсийн дарга, мэргэжилтэн, эрдэмтэн, судлаач, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөллийг оролцуулан тодорхой асуудлаар төслийн баг, ажлын хэсэг байгуулан ажиллуулж болно.
11. Аймаг,нийслэл,сум, дүүрэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг тухайн аймаг, нийслэлийн салбар зохицуулна.
12. Үндэсний хорооны орон нутгийн салбарын бүрэлдэхүүнийг Хорооны хурлаар хэлэлцэн батална.
 
Гурав. Хорооны эрх, үүрэг
13. Хороо  дараахь эрхтэй байна:
а/яам, агентлагийн удирдлага, аймаг, нийслэлийн Засаг даргаас  хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар зохиосон болон ойг хамгаалах,  зохистой ашиглах, нөхөн сэргээх ажил, санхүүжилтийн явц, зарцуулсан хөрөнгийн тайланг холбогдох байгууллагаас жил, хагас жилээр гаргуулан авах, нэгтгэн дүгнэлт хийх;
б/хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд эрх бүхий байгууллагаас гарсан шийдвэрийн биелэлтийг яам, агентлаг, аймаг, нийслэлд шалгаж үнэлэлт, дүгнэлт өгөх, тэдгээрийн удирдах ажилтны илтгэл, сонсголыг Хорооны хурлаар хэлэлцэн чиглэл өгөх, шаардлагатай мэдээ материалыг гаргуулах;
в/холбогдох эрдэмтэн, мэргэжилтэн, шинжээчийг хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон тодорхой ажилд татан оролцуулах;
г/эрх хэмжээнийхээ хүрээний асуудлаар улс, орон нутгийн чанартай хурал, зөвлөлгөөн, семинар, ярилцлага зохион байгуулах;
д/хорооны шийдвэр, зөвлөмжийг биелүүлээгүй албан тушаалтны талаар удирдлагад нь албан ёсоор мэдэгдэх.
14.Хороо дараахь үүрэгтэй байна:
а/ Ойн тухай үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд нэгдмэл удирдлагаар хангаж, салбар хоорондын асуудлыг уялдуулан зохицуулах;
б/хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих, тайлагнах;
в/орон нутгийн салбарыг удирдлага, зөвлөлгөөгөөр хангаж тэдний ажлыг шалгаж дүгнэх;
г/ойн талаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гаргасан санал, санаачилга, хүсэлтийг судлан, түүний мөрөөр асуудал боловсруулж зохих журмын дагуу шийдвэрлүүлэх;
д/ойг хамгаалах, нөхөн сэргээх, зохистой ашиглах талаар иргэд, төрийн бус байгууллагын үүсгэл санаачилгыг дэмжин, тэдгээрийг энэ ажилд өргөнөөр оролцуулан үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх;
е/ойн асуудлаар хууль сахиулах байгууллагуудтай  хамтран ажиллах;
ж/ойн талаар гарч байгаа зөрчил, түүний шалтгаан нөхцөлийн талаар судалгаа хийх, мэдээ, мэдээлэл солилцох;
з/ойн чиглэлээр тодорхой зорилт хэрэгжүүлэх зорилгоор холбогдох эрдэм шинжилгээний байгууллага болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажлын хэсэг байгуулж ажиллуулах;
и/Хорооноос зохиож буй ажлын явц, үр дүн болон хэрэглэгчдэд экологийн боловсрол эзэмшүүлэх талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулах.
 
Дөрөв. Бусад зүйл
15. Хорооны үйл ажиллагааны зардлыг Хороо хурлаараа  хэлэлцэн батлах бөгөөд санхүүжилтийг нь харилцан тохиролцсоны үндсэн дээр холбогдох яам гаргана.
16. Хорооны хурлаар хэлэлцүүлэх асуудлын материалыг боловсруулсан яам, агентлаг нь Хорооны гишүүдийн тоогоор олшруулж Хорооны нарийн бичгийн даргад өгч, гишүүдэд хүргүүлнэ.
17. Хороо нь ажлаа бүтэн жилээр төлөвлөн хэрэгжүүлнэ.
18. Хороо нь хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн I улиралд Засгийн газарт тайлагнана.
 
 
 
 
 
---оОо---