A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2000 оны 34 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт


ХАР ТАМХИ, МАНСУУРАЛТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Нэг.Хөтөлбөрийн үндэслэл
Манай оронд сүүлийн жилүүдэд хар тамхи, мансууруулах төрлийн бодис олж авах, хэрэглэх, боловсруулах, зарж борлуулах явдал өсч, улмаар үндэсний аюулгүй байдал, хүн амын эрүүл мэнд, иргэдийн хэвийн амьдралд бодит бэрхшээл учруулж болзошгүй байна.
Хар тамхи, мансууруулах төрлийн бодис олж авах, хэрэглэх, боловсруулах, борлуулах гэмт хэрэг өсөхөд дараахь хүчин зүйл сөргөөр нөлөөлж байна:
-зэрлэг олсны /каннабис/ ургамал нь Орхон, Сэлэнгэ, Дархан-уул аймаг болон Дорнод аймгийн Халх гол сум, Ховд аймгийн Булган, Үенч сумын нутгаар нилээд тархмал ургадаг аас тэдгээрийг авч ашиглахад хялбар бэлэн байдаг;
-энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх үүрэг бүхий төв, орон нутгийн хууль хяналт, эрүүл мэнд, боловсролын байгууллагуудын ажилтан, албан хаагчид хар тамхи, мансууруулах бодисын хор хөнөөл, тархалтын талаар нэгдсэн ойлголтгүй байна;
-хар тамхи,  мансуурлыг сурталчилсан ном сэтгүүл, видео кино гарах болсон;
-хар тамхи, мансууруулах төрлийн бодисыг хэрэглэх, түүж боловсруулах, борлуулах гэмт хэрэг нарийн зохион байгуулалттай болж байна;
-эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа зарим аж ахуйн нэгж, байгууллага мансууруулах болон сэтгэцэд нөлөөтэй эм бодисыг хяналт зөвшөөрөлгүй  ашиглаж байна;
-хар тамхи, мансууруулах төрлийн бодис бэлтгэсэн, борлуулсан гэмт хэрэг үйлдэгчдэд  олонхи тохиолдолд торгох ял ногдуулж байгаа нь энэ төрлийн гэмт хэргийг давтан үйлдэх бололцоо олгож байна;
-хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх ажил улсын хэмжээнд нэгдсэн бодлого чиглэлгүй байна;
Иймээс манай улсад хар тамхи, мансуурлын гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ажлыг тодорхой чиглэл, зорилготой, тусгай төлөвлөгөөний үндсэн дээр зохион байгуулах шаардлага гарч байна.
Хоёр.Хөтөлбөрийн зорилт
Энэхүү Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ дараахь зорилтыг шийдвэрлэнэ:
1.Хар тамхи, мансууралтай тэмцэхэд төр, засаг, нутгийн захиргаа, өөрөө удирдах ёсны байгууллагын бодлого, үйл ажиллагааг уялдуулан чиглүүлэх
2.Хар тамхи, мансууруулах бодис олж авах, хадгалах, хэрэглэх, боловсруулах, худалдан борлуулах төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр эрх зүйн орчныг шинэчлэн бүрдүүлэх
3. Хар тамхи, мансуурлын гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөлийг судлах, түүнтэй тэмцэх бодлого боловсруулах
4.Хууль хяналтын болон шүүх эрх мэдлийн байгууллагын хамтын үйл ажиллагааг идэвхжүүлж хар тамхи, мансууралтай холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэгдсэн бодлого чиглэлтэй ажиллах
5.Нийт иргэд, хүүхэд залуучуудад хар тамхи, мансууруулах бодисын хор уршиг, сөрөг үр дагаврыг тайлбарлан таниулж сэрэмжлүүлэх ажилд Хууль зүйн яам, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам, Гэгээрлийн яам, хэвлэл мэдээллийн  байгууллага зэрэг төрийн болон төрийн бус байгууллагыг оролцуулах
6.Хар тамхи, мансуурах төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх асуудлаар холбогдох байгууллага, ажилтны дунд семинар, зөвлөлгөөн, онол практикийн бага хурал зохион байгуулж энэ ажилд гарч байгаа хүндрэл бэрхшээл, сөрөг үр дагавар зэргийг судлан эрх зүйн болон практик ажиллагааны зорилтыг тодорхойлж байх
7.Эрүүгийн болон Эмийн тухай Монгол Улсын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг тухай бүр боловсруулан шийдвэрлүүлэх
8.Хар тамхи, мансууруулах бодисыг таньж илрүүлэх үүрэг бүхий шинжилгээний лабораториудыг техник  хэрэгсэл, мэргэжилтэй боловсон хүчнээр хангах.
Гурав.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зам,  ажиллагаа
1.Улсын хэмжээнд хөтөлбөрийн биелэлтийг зохион байгуулж, хяналт тавих ажлыг Хар тамхи, мансууралтай тэмцэх орон тооны бус Үндэсний зөвлөл хариуцна.
2.Үндэсний зөвлөл хар тамхи, мансууралтай тэмцэх ажлын явц, Хөтөлбөрийн хэрэгжилтийн талаархи мэдээ, тайланг улсын хэмжээнд нэгтгэн дүгнэж, жил бүр Засгийн газарт танилцуулна.
3.Аймаг, нийслэлд Хар тамхи, мансууралтай тэмцэх салбар зөвлөл ажиллах бөгөөд уг салбар зөвлөлийг тухайн Засаг дарга тэргүүлнэ. Зөвлөлийн бүрэлдэхүүнийг аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид батална.
4.Үндэсний зөвлөл болон аймаг, нийслэлийн салбар зөвлөлийн ажиллах журмыг Хууль зүйн сайд батална.
5.Салбар зөвлөл нь аймаг, нийслэлийн хэмжээнд хар тамхи, мансууралтай тэмцэх төлөвлөгөө боловсруулан, тухайн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар батлуулна.
6.Салбар зөвлөл нь энэхүү Хөтөлбөр болон түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний биелэлтийг нутаг дэвсгэртээ зохион байгуулан, хяналт тавьж ажиллана.
7.Хар тамхи, мансууралтай тэмцэх аймаг, нийслэлийн салбар зөвлөл нь энэхүү  Хөтөлбөр, төлөвлөгөөний биелэлтийг хагас жил тутам гаргаж Үндэсний зөвлөлд хүргүүлнэ.
8.Үндэсний зөвлөл нь энэ Хөтөлбөр болон хар тамхи, мансууралтай тэмцэх талаар төр, засгаас явуулж буй бодлогыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч яам, агентлаг, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, бусад байгууллагын үйл ажиллагааг уялдуулан хамтарч ажиллана.
9.Яам, агентлаг өөрийн үйл ажиллагааны хүрээнд хар тамхи, мансууруулах бодистой холбогдолтой гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх хууль тогтоомж болон энэхүү Хөтөлбөрийн биелэлтийг хангах арга хэмжээ авч, зохиосон ажлын явц, үр дүнг Үндэсний зөвлөлд жил бүр танилцуулна.
10.Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Засгийн газар, холбогдох яам, агентлаг, төрийн болон төрийн бус байгууллага  дараахь үүрэгтэйгээр ажиллана. Үүнд:
1/Засгийн газар:
а/Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөвтэй уялдуулах;
б/хар тамхи, мансууруулах бодисыг таньж илрүүлэх, шинжлэх багаж, хэрэгслийг импортлоход татварын хөнгөлөлт үзүүлэх асуудлыг боловсруулж шийдвэрлүүлэх;
в/Хөтөлбөрт тусгагдсан хар тамхи, мансууралтай тэмцэх чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх сургалтын зардал, түүнчлэн хар тамхи, мансууруулах бодисыг шинжлэх багаж хэрэгслээр хангах талаар тодорхой төсөл сонгон шалгаруулж санхүүжүүлэх;
г/хар тамхи, мансууруулах бодисын тухай улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн сан байгуулах, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцдэг байгууллага хоорондын мэдээллийн сүлжээ бий болгох;
д/хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх талаар НҮБ болон бусад олон улсын  байгууллагын баталсан гэрээ конвенцид нэгдэн орох асуудлыг судлан шийдвэрлүүлэх.
2/Хууль зүйн яам:
а/хар тамхи, мансууралтай тэмцэх Хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, бусад яам, агентлаг, хууль хяналт, нутгийн захиргааны болон өөрөө удирдах ёсны байгууллага, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, иргэдийг энэ ажилд оролцуулах;
б/хар тамхи, мансуурлын гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх талаархи хууль тогтоомжийг сурталчлах ажлыг зохион байгуулах, хор уршгийн талаар мэдээлэх;
в/хар тамхи, мансуурлын гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх талаар хууль хяналт, шүүх эрх мэдлийн байгууллагуудын үйл ажиллагааны  уялдаа холбоог сайжруулах ажлыг зохион байгуулах;
г/хар тамхи, мансууралтай тэмцэх ажлын үр дүнг дээшлүүлэх,  холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал, зөвлөмж боловсруулан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
д/гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хар тамхи, мансууралтай тэмцэх талаар холбогдох олон улсын байгууллага, гадаад оронтой хамтран ажиллах.
3/Гэгээрлийн яам:
а/хүүхэд, залуучууд, иргэдийг хар тамхи, мансуурлын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх талаар бүх шатны сургуулийн сургалтын программд  тусгах;
б/хүүхэд, залуучуудын амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх чиглэлээр гарсан үүсгэл санаачилгыг дэмжих;
в/ерөнхий боловсролын сургууль, тусгай мэргэжлийн коллеж, их, дээд сургуулиудын оюутан, сурагчдын дунд хар тамхи, мансуурах төрлийн гэмт хэргийн талаар холбогдох судалгаа хийж, дүгнэлт гарган урьдчилан сэргийлэх арга хэмжээ боловсруулах;
г/хар тамхи, мансууруулах бодисын хор уршгийг харуулсан урлагийн бүтээл, нийтлэл, нэвтрүүлгийг олшруулах бодлого баримтлах;
д/Монгол оронд ургаж буй мансууруулах төрлийн ургамлын тархац, төрөл, нутагшилтыг судлан тогтоож, түүнтэй тэмцэх талаар хууль сахиулах холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллах.
4/Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам:
а/хар тамхи, мансууруулах бодисын хор хөнөөлийг арилгах, эмчлэн сэргээх, урьдчилан сэргийлэх бодлого боловсруулан хэрэгжүүлэх;
б/мансуурах донтой өвчтөнийг эмчлэн сэргээх, мансуурлын зэрэг, хувь хэмжээг тогтоох аргачлалыг боловсронгуй болгох;
в/мансуурлын хор уршгийг олон нийтэд таниулах /плакат зураг, гарын авлага бэлтгэх, тараах/;
г/сэтгэц нөлөөт болон мансууруулах үйлчилгээтэй эм бэлдмэлийн талаар гарах журмыг тухай бүр шинэчлэн боловсруулж, хяналт тавих;
д/хар тамхи, мансууруулах бодисын болон мансуурлыг тодорхойлох багаж, эмнэлгийн тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, энэ чиглэлийн ажилтныг давтан сургах, дадлагажуулах.
5/ Улсын гаалийн ерөнхий газар:
а/мансууруулах бодис болон сэтгэц нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр оруулж, гаргахад хяналт тавих бодлого боловсруулан хэрэгжүүлэх;
б/химийн угтвар болон сэтгэц нөлөөт бодист тавих хяналтын талаар Монгол Улсын Олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх, түүний хөдөлгөөнд хяналт тавих, харилцан мэдээлэх сүлжээ бий болгох;
в/хар тамхи, мансууруулах болон сэтгэц нөлөөт бодисыг илрүүлэх, таних, шинжлэх, хураан авах арга зүйд ажилтнаа сургах, холбогдох техник хэрэгсэл, үнэрч нохой зэргээр хангах.
6/Цагдаагийн ерөнхий газар:
а/хар тамхи, мансууруулах бодис олж авах, хадгалах, хэрэглэх, боловсруулах, бусдад худалдан борлуулахтай холбогдсон хэрэг, зөрчлийг илрүүлэх, мөрдөн шалгах, түүний шалтгаан нөхцөлийг арилгуулахад байнга анхаарч ажиллах;
б/хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажлын явцын тухай мэдээ, тайланг улсын хэмжээнд жил тутам нэгтгэн дүгнэлт хийж Үндэсний зөвлөлд танилцуулж байх;
в/хөтөлбөрийг хэрэгжүүлэх үе шатны ажлын төлөвлөгөөний биелэлт, цаашид авах арга хэмжээг төлөвлөн тухай бүр  Үндэсний зөвлөлд танилцуулж ажиллах;
г/хар тамхи болон мансууруулах төрлийн ургамал, бодисыг илрүүлэх, ялгах чиглэлээр хууль хяналтын байгууллагуудын ажилтнуудад сургалт зохион байгуулах;
д/хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх үүрэг бүхий цагдаагийн байгууллагын ажилтны мэргэжлийн ур чадвар, дадлагыг дээшлүүлэх;
е/"Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцөл, түүнтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зам" сэдвээр эрдэм шинжилгээний бага хурал, ярилцлагыг зохион байгуулж, хар тамхи, мансууралтай тэмцэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар санал гаргах.
7/Тагнуулын ерөнхий газар:
а/энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг тухай бүр илрүүлж, мөрдөн шалгах, түүний шалтгаан нөхцөлийг илрүүлж арилгуулах, урьдчилан сэргийлэх ажлыг идэвхжүүлэх;
 
б/Монгол Улсын хил залгаа орнуудад гарч байгаа хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагын талаархи мэдээллээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хангах;
в/гэмт хэрэгтэн Монгол Улсад хууль бусаар орох,, тус улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх талаархи гэмт хэргийн мэдээлэл солилцож, хууль хяналтын бусад байгууллагатай хамтран ажиллах.
8/Хэвлэл мэдээллийн байгууллагууд:
а/үндэсний болон орон нутгийн хэвлэлийн нийтлэл, радио, телевизийн нэвтрүүлгийн хөтөлбөрт мансуурлаас урьдчилан сэргийлэх сэдэв, зар сурталчилгааг нэмэгдүүлэх;
б/хүүхэд, залуучууд, иргэдийг хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргээс сэрэмжлүүлэх зорилгоор цуврал сурталчилгаа  хийж байх.
9/Төрийн бус байгууллагууд:
а/төрөөс хар тамхи, мансуурлын эсрэг баримталж буй бодлогыг дэмжих, энэ чиглэлээр төв, орон нутгийн хууль хяналт, эрүүл мэнд, боловсролын байгууллагуудтай хамтран ажиллах;
б/хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар бусад байгууллагуудаас зохиож буй ажилд идэвхтэй оролцох, дэмжлэг туслалцаа үзүүлэх.
10/Гэр бүл, иргэдийн оролцоо
а/үр хүүхэд, гэр бүлийнхээ гишүүдэд хар тамхи, мансуурах бодисын хор хөнөөлийг ойлгуулах, уламжлалт зан заншил, хүмүүжлийг төлөвшүүлэх;
б/төр, засгаас мансуурлын эсрэг гаргасан хууль тогтоомжийг чанд биелүүлэх.
11/Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар
а/хар тамхи, мансууралтай тэмцэх Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, тухайн нутаг дэвсгэрийнхээ онцлогт тохирсон ажлын төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх;
б/нутаг дэвсгэртээ хар тамхи, мансууруулах бодистой холбогдолтой хэргийн байдалд судалгаа хийж, түүний шалтгаан нөхцөлийг илрүүлж, арилгах  арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх;
в/хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажлыг хил залгаа аймагтай хамтран явуулах, энэ ажилд хэвлэл мэдээллийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог өргөтгөхөд байнга анхаарч ажиллах;
г/хар тамхи, мансууруулах бодисын холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар үр дүнтэй ажил зохиож байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэнийг урамшуулах, арга туршлагыг нь дэлгэрүүлэх.
Дөрөв. Хөтөлбөрийн санхүүжилт
1.Хар тамхи, мансууруулах бодисын холбогдолтой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэхэд шаардагдах хөрөнгийг улсын төвлөрсөн болон орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлнэ.
2.Хар тамхи, мансуурлын гэмт хэрэгтэй тэмцэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг Цагдаагийн ерөнхий газрын жил бүрийн төсөвт тусгана.
3.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, олон улсын байгууллагуудын хандив, тусламж болон бусад нөөц бололцоог ашиглан хар тамхи, мансууралтай холбогдсон гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор Үндэсний зөвлөл, аймаг, нийслэлийн салбар зөвлөлийн дэргэд сан байгуулж энэхүү Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зарцуулж болно.
Тав.Хөтөлбөр хэрэгжүүлэх хугацаа, үе шат, үр дүн
1.Үндэсний хөтөлбөрийг 2000-2005 онд хэрэгжүүлнэ.
2.Энэ Хөтөлбөрийг 2000-2002, 2003-2005 онд хоёр үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
Нэгдүгээр үе шат 2000 онд Үндэсний хөтөлбөрийг төв, орон нутагт хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, бүх шатанд уг ажлыг жигд эхлүүлж, энэ төрлийн гэмт хэрэг их гардаг аймаг, нийслэл, сум, дүүрэгт түүнтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тодорхой арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж эхэлнэ.
2001-2002 онд хар тамхи, мансууралтай тэмцэх эрх зүйн үндсийг бүрдүүлж, тэмцлийн аргыг шинэчлэн тодорхойлж, боловсронгуй болгох, энэ талаар зохиох ажлыг тогтмолжуулна. Цагдаагийн болон хил, гаалийн албаны ажлын зохион байгуулалтыг боловсронгуй болгон, ажилтнуудыг сургаж мэргэшүүлэх, техник хэрэгслээр хангах талаар тодорхой арга хэмжээ авна.
2000-2002 онд хар тамхи, мансууруулах бодисын хор хөнөөлийг тайлбарлан  таниулах, сурталчлах  ажилд мэдэгдэхүйц ахиц гаргана.
Хоёрдугаар үе шат 2003-2005 онд Үндэсний хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлснээр хар тамхи, мансууруулах төрлийн гэмт хэргийн өсөлтийг  сааруулна.
Хар тамхи, мансууруулах бодисын холбогдолтой гэмт хэрэгтэй тэмцэх гол нөхцөл болсон холбоо, техник хэрэгсэл, мэдээллийн бааз суурийг  бэхжүүлнэ.
Иргэд, хүүхэд, залуучуудыг эрүүл нийгэмд амгалан тайван аж төрөх нөхцөлийг хангаж улсын хэмжээнд энэ төрлийн гэмт хэргийн өсөлтийг бууруулж ,цаашид  түүнээс урьдчилан сэргийлэх бүх талын нөхцөлийг бүрдүүлнэ.
3.Хөтөлбөр хэрэгжүүлэх арга хэмжээний үе шатны төлөвлөгөөг Засгийн газар батална. Энэ төлөвлөгөөг үндэслэн Үндэсний зөвлөл жил бүр төлөвлөгөөтэй ажиллана.