A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2003 оны 141 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт

ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
 
Нэг. Нийтлэг үндэслэл
Цөлжилтийн өнөөгийн байдал
Монгол орон газар зүйн байршил, уур амьсгалын нөхцөл, газар нутгийн гадаргын хэв шинж, экологийн тогтолцооны хувьд нэн эмзэг, хуурай бүс нутагт хамрагддагийн улмаас түүхэн хөгжлийнхөө турш ган, цөлжилтөд нэрвэгдсээр ирсэн билээ.
Далай тэнгисээс алслагдсан эх газрын эрс тэс уур амьсгалтай, хур тунадас багатай, далайн түвшнээс дунджаар 1580 м дээш өргөгдсөн монгол орны нутаг дэвсгэрийн 42,5 хувийг эзлэх говь, цөлийн бүсэд үржил шим муутай, цөлөрхөг, хээрийн болон говийн бор хөрс зонхилж, тачир сийрэг ургамлын нөмрөгөөр бүрхэгдсэн байна.
Судалгаанаас үзэхэд дэлхий дахины дулааралт, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас сүүлийн 60 жилд Монгол орны агаарын жилийн дундаж температур 1,56 хэмээр нэмэгдэж, нийт нутаг дэвсгэрийн 25 хувийг хамарсан ган 2-3 жилийн, нутгийн 50 хувиас илүү хэсгийг хамарсан ган 4-5 жилийн давтамжтай тохиолдож байгаа бөгөөд 1960 онтой харьцуулахад тал хээр, говийн бүсийн нутгаар шороон шуургатай өдрийн тоо 3-4 дахин өссөн байна.
Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас цөлжилтийн үйл явц эрчимжиж байгаа нь мөнх цас хайлах, нуур гол, горхи ширгэх, бэлчээрийн ургамлын гарц эрс муудах, хөрс, ус давсжих, элэгдэл эвдрэлд орох, үржил шимээ алдах, элсний нүүлт хөдөлгөөн ихсэх, байгалийн элдэв гамшгийн давтамж нэмэгдэх зэргээр илэрч байна. Байгалийн хүчин зүйлээс гадна хүний олон талт үйл ажиллагаа цөлжилтийг хурдасгахад ихээхэн нөлөөлж байна. 1990 оноос малын тоо толгой нэмэгдэхийн зэрэгцээ бэлчээрийн усан хангамж муудсан, хөрсний талхигдал ихэссэн нь бэлчээрийн даацыг хэтрүүлэн ашиглахад хүргэж улмаар газар нутаг цөлжих нэг шалтгаан болсон. Монгол орны 126,6 сая га талбай бүхий бэлчээрийн 70 гаруй хувь нь ямар нэг хэмжээгээр талхигдалд орсноор бэлчээрийн ургамлын ургац хэд дахин буурч мал сүргийн нэлээд хэсэг тэжээлээр хомсдож тоо толгой цөөрөх, ашиг шим буурахад нөлөөлж байна.
Монгол орны нутаг дэвсгэрийн 8 орчим хувийг эзэлдэг ойн талбайн 40 хувь нь хүний зохисгүй үйл ажиллагааны улмаас нөөц нь жилээс жилд хомсдон хортон шавьж, түймэрт нэрвэгдсээр байна. Цөлийн бүсийн элсний үндсэн ургамал болох заган ойг их хэмжээгээр ашигласнаас 125,0 мянган га газрын заг бүрэн устжээ. Гандуу бүс нутгийн аймаг, сумын төв зэрэг төвлөрөл ихтэй нутгийн хүн ам орчныхоо модлог ургамал, бут сөөг, шаваг, харгана зэргийг түлшинд хэрэглэх явдал үргэлжилсээр байна.
Монгол орны газар зүй, уур амьсгалын байдлаас шалтгаалан нийт нутгийн 90 гаруй хувь нь хуурай, хагас хуурай, хуурайвтар, чийг дутмаг нутагт хамрагддаг бөгөөд нийт нутаг дэвсгэрийн 41,3 хувь буюу 647,0 мянган ам.километр талбай бүхий говь, цөлийн бүс нутаг цөлжих аюулд илүү өртөгдөж хэмжээ нь тэлсээр байна.
Гандуу нутгийн цөлжилтийн үйл явцын хандлагыг дараахь хүснэгтэд хувиар үзүүлэв:
 
Цөлжилтийн зэрэглэл,
хамрах нутгийн хүрээ
1990 онд
2000 онд
Цөлжилт сул илэрсэн нутаг
76,0
34,9
Цөлжилт  дунд зэрэг илэрсэн нутаг
20,0
38,7
Цөлжилт хүчтэй илэрсэн нутаг
3,0
16,1
Цөлжилт маш хүчтэй илэрсэн нутаг
1,0
1,8
Хэт гандуу цөл нутаг
-
8,5
Гандуу нутгийн эзлэх талбай
41,3
44,7
 
Дээрх хүснэгтээс үзэхэд 1990-2000 он хүртэлх 10 жилийн хугацаанд гандуу нутгийн эзлэх талбай 3,4 хувиар ихэсч цөлжилт хүчтэй илэрсэн нутгийн талбай 5,4 дахин, маш хүчтэй илэрсэн нутгийн талбай 1,8 дахин нэмэгдсэн байна.
2000 оны байдлаар монгол орны нутаг дэвсгэрийн   33,8 хувийг эзлэх хээрийн бүсийн бэлчээрийн экосистем хүний үйл ажиллагааны улмаас ихээхэн доройтсоны дотор зэрэглэлээр авч үзвэл 11,6 хувь нь их, 2,0 хувь нь маш их доройтолд багтах болжээ.  
 
Хоёр. Хөтөлбөр боловсруулах үндэслэл,  бодит шаардлага
Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр боловсруулах болсон шаардлага, бодит үндэслэлийг дараахь байдлаар тодорхойлж байна:
2.1. нийт хүн амын 40 гаруй хувь нь байгалиас үлэмж хамааралтай мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлдэг Монгол орны хувьд цөлжилттэй тэмцэх, түүнд дасан зохицох асуудлыг төрийн бодлогын салшгүй бүрэлдэхүүн хэсэг гэж үзэн багагүй арга хэмжээ авч байгаа боловч дорвитой үр дүнд хүрэхгүй байна;
2.2. дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас улс орны эдийн засаг, нийгмийн амьдрал, хүмүүсийн амьжиргаанд үзүүлэх сөрөг нөлөөлөл мэдэгдэхүйц нэмэгдэж, цөлжилтийн үйл явц асар их эрч хүчтэй болж байгаа өнөө үед түүнийг сөрөн тэмцэх, дасан зохицох бодлогыг шинээр томьёолох зайлшгүй шаардлага тулгарч байна;
2.3. даяаршлын эрин үед аливаа улс зөвхөн өөрийн хүч боломжид тулгуурлан тогтвортой хөгжилд хүрэх боломж, нөхцөл улам бүр хумигдаж, гадаад улс орон, олон нийтийн хамтын хүчин чармайлтыг нэгтгэн зохион байгуулж, байгаль, цаг агаарын онц аюултай үзэгдлийн эсрэг хамтран тэмцэх, харилцан уялдаатай, цэгцтэй бодлого боловсруулж хэрэгжүүлэх шаардлага хурцаар тавигдаж байна;
2.4. Монгол Улс 1996 онд нэгдэн орсон "Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Конвенци"-ийг хэрэгжүүлэх хүрээнд эх орныхоо цөлжилтийн өнөөгийн үйл явцад бодитой дүгнэлт хийж, үндэсний хэмжээний хөтөлбөр боловсруулах, цөлжилттэй тэмцэх бодлого чиглэлээ тодорхойлох шаардлагатай болоод байна.
 
Гурав. Хөтөлбөрийн зорилго, зорилт,  хэрэгжүүлэх хугацаа
3.1.Хөтөлбөрийн зорилго
Уур амьсгалын өөрчлөлт, хүний зохисгүй үйл ажиллагаанаас шалтгаалж улам эрчимжиж байгаа цөлжилтийн сөрөг нөлөөллийг багасгах, түүнд дасан зохицох арга замыг тодорхойлох, байгаль орчноо тэтгэх хүрээнд нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлого, арга хэмжээг бүс нутгийн онцлогт тохируулан үе шаттайгаар төлөвлөн хэрэгжүүлэх үндсэн дээр цөлжилтийн үйл явцыг сааруулахад энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.
3.2.Хөтөлбөрийн үндсэн зорилт
Хөтөлбөрийн үндсэн зорилтыг дор дурдсанаар тодорхойлж байна:
3.2.1. цөлжилттэй тэмцэх эрх зүйн орчин, эдийн засаг, зохион байгуулалтын үндсийг боловсронгуй болгох, цөлжилтийн үйл явцад дасан зохицох, цөлжилтөд нэрвэгдэж байгаа газар нутгийн бэлчээр, байгалийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах бодлого боловсруулж хэрэгжүүлэх;
 3.2.2. цөлжилтийн шалтгаан, түүний тархалт, цөлжилтийн улмаас монгол орны эдийн засаг, нийгмийн хөгжилд үзүүлж байгаа сөрөг нөлөөллийн байдалд дүн шинжилгээ хийж, судалгааны ажлын цар хүрээ, онол арга зүйн түвшин, практик үр өгөөжийг нэмэгдүүлэх;
3.2.3. цөлжилттэй тэмцэх үндэсний технологи нэвтрүүлж, доройтсон орчныг нөхөн сэргээх арга хэмжээг өргөжүүлэх;
3.2.4. цөлжилттэй тэмцэх үйл ажиллагаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын оролцоог нэмэгдүүлж, олон улсын хамтын ажиллагаа, олон нийтэд хүргэх мэдээлэл, сурталчилгаа, сургалтын хүрээг өргөтгөх.
 
3.3. Хэрэгжүүлэх үе шат
Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийн зорилтыг үе шатаар хэрэгжүүлнэ:
I ҮЕ ШАТ /2003-2007 он/-нд цөлжилтийн өнөөгийн байдалд үнэлэлт өгч цөлжилтийг бууруулах эрх зүй, зохион байгуулалтын үндсийг сайжруулж цөлжилттэй тэмцэх үндэсний чадавхийг бэхжүүлэх, түүнд дасан зохицох бэлтгэлийг хангахад чиглэгдсэн цогц асуудлыг боловсруулж хэрэгжүүлэх;
П ҮЕ ШАТ /2008-2011 он/-нд цөлжилтийн үйл явцад хяналт шинжилгээ хийх, дасан зохицох чадавхийг бэхжүүлж, цөлжилтөд хүчтэй өртөж байгаа эмзэг бүс нутгийн доройтсон орчинг нөхөн сэргээх замаар цөлжилтийн эрч хүчийг сааруулах бодлого боловсруулж хэрэгжүүлэх;
Ш ҮЕ ШАТ /2012 оноос/-нд цөлжилтийн сөрөг нөлөөллийг бууруулах арга механизмыг бүрэн ашиглаж, цөлжилтөд дасан зохицох бодлогын үр шимийг хүртэх.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үе шат бүрт хөтөлбөрийн зорилго, ач холбогдол, хүрэх үр дүн, байгууллага, хүн бүрийн оролцоог олон нийтэд ойлгомжтой байдлаар тайлбарлан сурталчлах, сургалт зохион байгуулах, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь тэргүүн зэргийн асуудал байна.
 
Дөрөв.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл  ажиллагааны зарчим
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд дараахь зарчмыг баримтална:
4.1. хөтөлбөр нь эрх зүй, нийгэм, эдийн засгийн болон байгаль орчны шинэ тогтолцооны нөхцөлд байгальтай уялдан зохицож, экосистемийг дэмжин тэтгэх замаар экологийн хувьд тогтвортой, эдийн засгийн хувьд ашигтай байх, төвлөрлийг сааруулах, бүс нутгийн хөгжлийг дэмжих, салбар дундын уялдаа холбоог сайжруулах, бодлогын залгамж халааг баримтлах;
4.2. хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг өргөнөөр оролцуулах нөхцөлийг бүрдүүлж, тэдгээрийн хувь нэмрийг хөхиүлэн дэмжих, хууль тогтоомжийг чанд сахин биелүүлдэг дадал заншилд сургаж хэвшүүлэх;
4.3. Газрын тухай болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу газрыг эзэнтэй болгож, эзэмшигч нь хариуцан хамгаалдаг, арчилж торддог, үр шимийг нь зүй зохистой хэлбэрээр хүртдэг, нөхөн сэргээдэг механизмыг нэвтрүүлж хэвшүүлэх, эдийн засгийн хөшүүргүүдийг оновчтой ашиглах дадал заншил эзэмшүүлэх.
Тав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа
Хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр дараахь үйл ажиллагаа явуулна:
5.1. Хөтөлбөрийн 1 дүгээр зорилтын хүрээнд:
5.1.1. цөлжилттэй тэмцэх эрх зүйн орчныг боловсронгуй болгож бодлого, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх; 
5.1.2. цөлжилттэй тэмцэх салбар дундын шинж чанартай бие даасан удирдлагын чадавхи, зохион байгуулалтын бүтцийг боловсронгуй болгох;
5.1.3. цөлжилттэй тэмцэх, сөрөг нөлөөллийг бууруулах, түүнд дасан зохицоход шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх.
5.2. Хөтөлбөрийн 2 дугаар зорилтын хүрээнд:
5.2.1. цөлжилт, газрын доройтлын экологи-эдийн засгийн үнэлгээний нэгдсэн аргачлал боловсруулж, хүн ам, нийгэм, эдийн засаг, байгаль орчинд учрах сөрөг үр дагаврыг тогтоох;
5.2.2. ган, цөлжилтийн явц, орчны өөрчлөлтийг хянах хяналт шинжилгээний сүлжээ бүрдүүлж, түүнээс урьдчилан мэдээлэх арга хэмжээ авах;
5.2.3. газар зүйн мэдээллийн систем ашиглан цөлжилтийн мэдээллийн сан байгуулах;
5.2.4. бүс нутгийн болон орон нутгийн хэмжээнд цөлжилтийн судалгааны ажлыг зохион байгуулж, түүнтэй тэмцэх шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулах.
5.3. Хөтөлбөрийн 3 дугаар зорилтын хүрээнд:
5.3.1. бэлчээрийн эдэлбэр газар, газар тариалангийн тогтвортой менежментийг бий болгох;
5.3.2. уламжлалт арга, орчин үеийн шинжлэх ухааны ололт, судалгаа шинжилгээний төсөл, арга хэмжээний үр дүнд тулгуурлан хөрс, ургамлын нөмрөгийг хамгаалах, элсний нүүлтийг сааруулах дэвшилтэт технологи боловсруулан нэвтрүүлж хэрэгжилтийг тухай бүр үнэлж байх;
5.3.3. говь, цөлийн бүсийн доройтсон экосистемийн байршил нутгийг улс, орон нутгийн хамгаалалтад авах;
5.3.4. гандуу бүс нутгийн түлшний асуудлыг шийдвэрлэх, сэргээгдэх эрчим хүчийг эрчимтэй ашиглах;
5.3.5. цөлжсөн нутагт мод сөөг тарих, мод үржүүлгийн талбай байгуулах замаар ойжуулах ажлын цар хүрээг нэмэгдүүлэх;
5.3.6. говь, хээрийн бүсийн бэлчээрийг усжуулах, услалтын систем, цас, борооны усыг тогтоох байгууламж барих;
5.3.7. уул уурхайн үйлдвэрлэлийн явцад байгаль орчинд учруулсан сөрөг нөлөөллийг арилгах, нөхөн сэргээх арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
5.3.8. үлийн цагаан оготно, хортон мэрэгчидтэй байгальд сөрөг нөлөөгүй, дэвшилт аргаар тэмцэх.
5.4. Хөтөлбөрийн 4 дүгээр зорилтын хүрээнд:
5.4.1. цөлжилттэй тэмцэх төв, орон нутгийн зохих байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх;
5.4.2. цөлжилттэй тэмцэх талаар сургалт сурталчилгааг өргөжүүлэх;
5.4.3. цөлжилттэй тэмцэхэд төрийн бус байгууллага, хувийн хэвшил, иргэдийн оролцоог дээшлүүлэх, байгалийн нөөцийн менежментийг нэвтрүүлэх;
5.4.4. цөлжилтөд нэрвэгдсэн нутгийн хүн амын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх;
5.4.5. цөлжилттэй тэмцэх ажилд олон нийтийг татан оролцуулах эдийн засгийн урамшууллын оновчтой механизмыг судалж нэвтрүүлэх;
5.4.6. цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Конвенцийн гишүүн орны хувьд хүлээсэн үүргээ биелүүлэх, цөлжилттэй тэмцэхэд гадаадын хөрөнгө санхүүгийн дэмжлэг, санаачилгыг дайчлан оролцуулах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх.
 
Зургаа. Хөтөлбөрийн удирдлага, зохион  байгуулалт, санхүүжилт
6.1. Удирдлага, зохион байгуулалт:
6.1.1. хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих үүргийг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх Цөлжилттэй тэмцэх үндэсний хороонд төвлөрүүлэн холбогдох яам, газрууд оролцон хэрэгжүүлэх бөгөөд бүс нутаг, бүсийн төв тулгуур хотууд, аймаг, нийслэл, орон нутгийн түвшинд байгаль орчны газар, хөдөө аж ахуйн мэргэжлийн хяналтын чиглэлийн байгууллагууд хариуцан ажиллана;
6.1.2. хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалтын үйл ажиллагаанд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн үүсгэл санаачилга, идэвхи оролцоог хөхиүлэн дэмжиж өргөнөөр татан оролцуулна.
6.2. Хөтөлбөрийн санхүүжилт
Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг дараахь эх үүсвэрээс бүрдүүлнэ:
6.2.1. төсвийн хөрөнгө;
6.2.2. байгууллага, аж ахуйн нэгжийн хөрөнгө;
6.2.3. хандивлагч орон, олон улсын байгууллагын зээл, техникийн болон буцалтгүй тусламж, хандивын хөрөнгө;
6.2.4. олон нийт, иргэдийн хандивын хөрөнгө;
6.2.5. шинжлэх ухаан, технологийн сан, байгалийн нөөцийг хамгаалах зориулалтын сан; 
6.2.6. бусад.
 
Долоо. Хөтөлбөр хэрэгжүүлэх арга зам, хамтын ажиллагаа
7.1. Хэрэгжүүлэх арга зам
7.1.1. хөтөлбөрийн үе шат бүрээр тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг Засгийн газраас баталж, жил бүрийн хэрэгжүүлэх арга хэмжээг эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусган зохион байгуулна.
7.1.2. байгалийн гамшиг, цөлжилттэй тэмцэх ажлыг бүс нутаг, бүсийн тулгуур төвүүд, аймаг, нийслэлийг хөгжүүлэх бодлого боловсруулах түвшинд тусган хэрэгжүүлэх ажлыг Засаг дарга нар хариуцан гүйцэтгэнэ.
7.2. Хамтын ажиллагаа:
7.2.1. цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Конвенцийн хэрэгжилтийг хангах;
7.2.2. цөлжилттэй тэмцэх чиглэлээр олон улсын байгууллага, хандивлагч орнууд, бүс нутаг, хөрш зэргэлдээ орнуудтай нягт хамтран ажиллаж төсөл арга хэмжээнд оролцож хамтын ажиллагааг өргөжүүлэх;
7.2.3. ган, цөлжилтийг бууруулах чадавхийг бэхжүүлэх Азийн бүсийн сэдэвчилсэн хөтөлбөрийн сүлжээг Монгол Улсад зохион байгуулах;
7.2.4. гадаад орон, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ, хэлэлцээр байгуулах, хамтран хэрэгжүүлэх төслийн баримт бичигт байгалийн гамшиг, ган, цөлжилтийн эсрэг тэмцэх үйл ажиллагааны талаар тусган хэрэгжүүлэх;
7.2.5. цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Конвенцийн гишүүн орнууд, НҮБ-ын бусад төрөлжсөн байгууллага, Байгалийн гамшгийн аюулыг бууруулах Азийн бүсийн төвтэй харилцан мэдээлэл солилцох, хамтран ажиллах.
 
Найм. Гарах үр дүн, түүнийг тайлагнах
8.1. Гарах үр дүн
Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараахь үр дүнд хүрэх болно:
8.1.1. дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас эрчимтэй явагдаж байгаа цөлжилтийн хүн, байгаль, хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг  бууруулж, хувьсан өөрчлөгдөж байгаа орчиндоо дасан зохицох чадавхийг бэхжүүлэх замаар нийгэм, эдийн засгийн хөгжилд учрах хохирлыг эрсдэл багатай гэтлэн давах нөхцөлийг бүрдүүлнэ;
8.1.2. хөтөлбөрт тусгагдсан зорилтуудыг ханган биелүүлснээр Монгол Улсын Үндсэн хуулийн "...эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй" гэсэн заалтыг биелүүлэх боломжийг бүрдүүлж, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулах болно.
8.2. Хөтөлбөрийн үр дүнг тайлагнах
8.2.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг хянах, дүгнэх тусгай шалгуур үзүүлэлтүүдийн дагуу үе шат бүрээр гаргаж Засгийн газарт танилцуулж байхыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцна.
 
 
 
 
---оОо---