A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1998 оны 41 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралт

ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛ, МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТЫН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
 
 
Нэг. Ерөнхий зүйл
1. Энэ дүрмээр техникийн боловсрол, мэргэжлийн сургалтын орон тооны бус Үндэсний зохицуулах зөвлөл /цаашид "үндэсний зөвлөл" гэнэ/-ийн зохион байгуулалт, ажиллах журмыг зохицуулна.
2. Үндэсний зөвлөлийн үйл ажиллагаа нь улс орны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэхэд мэргэжилтэй боловсон хүчнээр хангах талаар төрөөс баримтлах бодлогын үндсийг тодорхойлж, түүний хэрэгжилтийг зохицуулахад чиглэгдэнэ.
 
Хоёр. Үндэсний зөвлөлийн зохион байгуулалт
3. Үндэсний зөвлөлийн дарга нь Гэгээрлийн сайд байна.
4. Үндэсний зөвлөлийн орлогч дарга нь Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга нь Гэгээрлийн яамны Стратегийн удирдлага, төлөвлөлтийн газрын дарга байна. Зөвлөлийн даргыг эзгүйд түүний үүргийг орлогч дарга гүйцэтгэнэ.
5. Үндэсний зөвлөлийн алба нь Гэгээрлийн яамны боловсролын асуудал эрхэлсэн нэгж байна.
 
Гурав. Ажиллах журам
6. Үндэсний зөвлөл нь үйл ажилагаандаа Монгол Улсын хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг удирдлага болгоно.
7. Үндэсний зөвлөлийн үндсэн үйл ажиллагаа нь зөвлөлийн гишүүдийн хурал байна. Үндэсний зөвлөл нь улиралд нэгээс доошгүй удаа хуралдах бөгөөд шаардлагатай үед зөвлөлийн дарга хурлыг зарлан хуралдуулж болно.
8. Үндэсний зөвлөлийн хурлыг зөвлөлийн дарга удирдана.
9. Үндэсний зөвлөлийн гишүүдийн гуравны хоёр нь оролцсон тохиолдолд түүнийг хүчинтэйд тооцно.
10. Үндэсний зөвлөлийн хурлаар хэлэлцэх баримт бичгийг танилцуулга, тооцоо, судалгаа болон шаардлагатай бусад материалын хамт хурал эхлэхээс 7 хоногийн өмнө гишүүдэд тараана. Хэлэлцэх асуудлаар ажлын хэсэг томилон ажиллуулж болно.
11. Үндэсний зөвлөлөөр хэлэлцсэн асуудлаар зөвлөмж гаргана.
12. Үндэсний зөвлөл нь ажлаа Засгийн газарт тайлагнана.
13. Үндэсний зөвлөлийн хурлын дэгийг Гэгээрлийн сайд, зөвлөлийн орлогч дарга батлан мөрдүүлнэ.
 
Дөрөв. Хуралдааны бэлтгэлийг хангах
14. Үндэсний зөвлөлийн хуралдааны бэлтгэл ажлыг зөвлөлийн нарийн бичгийн дарга хариуцан зохион байгуулна.
15. Үндэсний зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг зөвлөлийн дарга тодорхойлж, түүний бэлтгэлийг уг асуудлыг хариуцан оруулж байгаа байгууллага, албан тушаалтан хангана.
16. Үндэсний зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлаар дүгнэлт, санал бэлтгэх үүрэг бүхий шинжээч томилох, ажлын хэсэг зохион байгуулах асуудлыг Гэгээрлийн сайдын шийдвэрээр хэрэгжүүлнэ.
17. Мэргэжлийн холбоодын мэргэжилтэн нарыг зөвлөлийн хуралд оролцуулж, тэдний санал, дүгнэлтийг сонсох асуудлыг зөвлөлийн нарийн бичгийн дарга зохион байгуулна.
18. Боловсруулсан материалын төслийг Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга хүлээн авч эцэслэн хянаж, хуралдаанд оруулах саналыг зөвлөлийн даргад танилцуулж зөвшөөрөл авна.
 
Тав. Үндэсний зөвлөлийн эрх, үүрэг
19. Монгол Улс дахь техникийн боловсрол, мэргэжлийн сургалтын үйл ажиллагааг зохицуулах, хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах.
20. Техникийн боловсрол, мэргэжлийн сургалтыг хөгжүүлэх бодлого, эрх зүйн орчин бүрдүүлэх үндэслэлийг боловсруулах.
21. Техникийн болон мэргжлийн сургалт явуулах тусгай зөвшөөрөлтэй төрийн ба төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, ажил олгогч эздийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах.
22. Техникийн боловсрол, мэргэжлийн сургалтыг хөгжүүлэх үндсэний хөтөлбөрийн биелэлтийг хангах талаар холбогдох яамд, сургалтын байгууллага, мэргэжлийн холбоодын албан тушаалтанд үүрэг даалгавар өгөх эрхтэй
 
--------оОо---------.