- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ САНГИЙН ДҮРЭМ
Засгийн Газрын 2005 оны 40 дүгээр тогтоолын хавсралт
ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ САНГИЙН ДҮРЭМ
ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ САНГИЙН ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Энэ журмын зорилго нь Хүүхдийн төлөө санг бүрдүүлэх, захиран зарцуулах, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2. Хүүхдийн төлөө Үндэсний Зөвлөлийн дэргэд ажиллах Хүүхдийн төлөө сан (цаашид "Хүүхдийн төлөө сан" гэх) нь хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах үйл ажиллагаанд иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийн оролцоог нэмэгдүүлж, санхүүгийн зохих эх үүсвэрийг үндэсний хэмжээнд бүрдүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлнэ.
3. Хүүхдийн төлөө зөвлөлийн дэргэд орон нутгийн Хүүхдийн төлөө сан ажиллуулж болно.
4. Хүүхдийн төлөө сан нь үйл ажиллагаандаа Хүүхдийн эрхийг хамгаалах болон төсвийн хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээ, энэхүү дүрмийг удирдлага болгоно.
5. Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг төрийн сангийн тусгай дансанд байршуулах бөгөөд түүний гүйцэтгэлийг тайлагнахтай холбогдсон харилцааг төсвийн хууль тогтоомжоор зохицуулна.
6. Хүүхдийн төлөө сан нь тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
Хоёр. Хүүхдийн төлөө сангийн хөрөнгө бүрдүүлэх ба зарцуулах
7. Хүүхдийн төлөө сангийн хөрөнгө дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:
7.1. төсөвт тусган хуваарилсан улс, орон нутгийн төсвийн хөрөнгө;
7.2. иргэн, хуулийн этгээдээс хүүхдэд зориулан өгсөн хандив, тусламж болон гэрээслэсэн хөрөнгө;
7.3. олон улсын болон гадаадын байгууллагуудаас хүүхдийн төлөө үйл ажиллагаанд зориулж хандивласан хөрөнгө;
7.4. хуулиар хориглоогүй бусад эх үүсвэр.
8. Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг дараахь арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна:
8.1. хүүхдийн хөгжил, хамгааллын бодлого, чиглэлд нийцсэн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх;
8.2. хүүхдийн эрх ашиг, сонирхлыг хамгаалах онцгой тохиолдолд тусламж үзүүлэх;
8.3. өсвөр үеийнхний оролцооны болон хүүхэд гишүүнчлэлтэй өөрийн удирдлагын байгууллагын тодорхой арга хэмжээг дэмжих.
Гурав. Хүүхдийн төлөө сангийн зохион байгуулалт, удирдлага
9. Хүүхдийн төлөө сангийн удирдах зөвлөл 9-11 гишүүнтэй байна.
10. Хүүхдийн төлөө сангийн удирдах зөвлөлийг Монгол Улсын Шадар сайд тэргүүлэх бөгөөд удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн, гүйцэтгэх захирлыг Хүүхдийн төлөө үндэсний Зөвлөл батална.
11. Сангийн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байх бөгөөд улиралд нэгээс доошгүй удаа хуралдана. Зөвлөлийн гишүүдийн гуравны хоёр нь оролцсоноор хуралдааныг хүчинтэйд тооцно.
12. Сангийн зөвлөл асуудлыг тухайн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэж, тогтоол гаргана. Сангийн зөвлөлийн тогтоолд дарга, сангийн гүйцэтгэх захирал гарын үсэг зурна.
13. Сангийн зөвлөлийн хуралдааны явцын тухай тэмдэглэл хөтөлж, дарга, сангийн гүйцэтгэх захирал нар гарын үсэг зурна.
14. Сангийн удирдах зөвлөл нь дор дурдсан бүрэн эрхтэй байна:
14.1. Хүүхдийн төлөө сангийн төсөв, санхүүгийн төлөвлөгөөг батлах, хяналт тавих;
14.2. Сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлах, сангийн хөрөнгийг өсгөх талаар гаргасан санал, санаачилгыг дэмжиж, хөдөлгөөн өрнүүлэх;
14.3. Сангийн хөрөнгөөр санхүүжих төсөл, хөтөлбөрийг сонгон шалгаруулах;
14.4. Хүүхдийн төлөө сангийн гүйцэтгэх захирлын үйл ажиллагааны үр дүнг сонсох, сангийн үйл ажиллагаанд хяналт тавих;
14.5. Орон нутгийн хүүхдийн төлөө санг арга зүйн удирдлагаар хангах;
14.6. Сангийн тайлан, мэдээг хэлэлцэж Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөл, холбогдох бусад байгууллагад тайлагнах.
15. Хүүхдийн төлөө сангийн гүйцэтгэх захирал дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
15.1. Хүүхдийн төлөө сангийн төсөв, санхүүгийн төлөвлөгөөг боловсруулан Хүүхдийн төлөө сангийн удирдах зөвлөлөөр батлуулж, гүйцэтгэлийн явц, үр дүнг Хүүхдийн төлөө сангийн удирдах зөвлөл болон Хүүхдийн төлөө Үндэсний Зөвлөлийн хуралд танилцуулах;
15.2. Сангийн хөрөнгийг батлагдсан төсөв, зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах ажлыг зохион байгуулж, дотоод хяналт тавих;
15.3. Сангийн тайлан тэнцлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу гаргаж, Хүүхдийн төлөө сангийн удирдах зөвлөлд улирал бүр, Хүүхдийн төлөө Үндэсний Зөвлөлд жилд 2-оос доошгүй удаа танилцуулан, хандивлагч байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд болон олон нийтэд заавал мэдээлэх;
15.4. Санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөр, арга хэмжээний үр дүнг тооцож Хүүхдийн төлөө сангийн удирдах зөвлөлд тайлагнах;
15.5. Хүүхдийн төлөө сангийн хөрөнгө өсгөх арга хэмжээг зохион байгуулах ажлыг төлөвлөх, тодорхой зорилго бүхий хөтөлбөр, төсөл, арга хэмжээний санал боловсруулж Сангийн удирдах зөвлөлд танилцуулж ажиллах.
Дөрөв. Бусад зүйл
16. Хүүхдийн төлөө сан хөрөнгө өсгөх ажлыг зохион байгуулах болон түүний зорилго ба үр дүнг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд заавал мэдээлнэ.
17. Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг бусдад хандивлах, барьцаалах, зээлээр ашиглуулах буюу энэ дүрэмд зааснаас өөр зориулалтаар зарцуулахыг хориглоно.
18. Энэ дүрмийн 8-д заасан заалтыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
19. Хүүхдийн төлөө санг татан буулгасан тохиолдолд тус сангийн өмч, хөрөнгөтэй холбоотой асуудлыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ.
_____ о О о _____
Текст томруулах
A
A
A