A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2000 оны 157 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДҮРЭМ
 
Нэг.Нийтлэг үндэслэл
1. Хүүхдийн эрхийг хамгаалах төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх төв байгууллага нь Хүүхдийн төлөө Үндэсний хороо /цаашид Үндэсний хороо гэх/ байна.
2. Үндэсний хорооны зорилго нь хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийг хөгжүүлэх, тэдэнд нийгмийн халамж, үйлчилгээ үзүүлэх, улмаар хүүхдийн байдлыг сайжруулах үйл ажиллагааг төрийн удирдлага зохицуулалт, хяналтаар хангахад дэмжлэг үзүүлэхэд оршино.
3. Үндэсний хороо нь Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын Конвенци, Үндсэн хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулна.
4. Үндэсний хороо нь тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудастай байна.
5. Үндэсний хороо нь нэрэмжит шагналтай байж болно.
 
Хоёр.Хүүхдийн төлөө үндэсний хорооны чиг үүрэг
6. Хүүхдийн талаар төрөөс баримтлах бодлого, чиглэлийн үндсийг боловсруулах, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, энэ чиглэлээр салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулан зохицуулахад дэмжлэг үзүүлнэ.
7. Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн байдалд үнэлгээ дүгнэлт гарган хүүхдийн эрхийг зөрчсөн үйл ажиллагааг зогсоох буюу гаргасан шийдвэрийг өөрчлөх, цуцлах саналыг холбогдох эрх бүхий байгууллагад гарган шийдвэрлүүлэх арга хэмжээ авна.
8. Хүүхдийн эрх, хөгжил, нийгмийн хамгааллын чиглэлээр үндэсний хэмжээнд нэгдсэн үйл ажиллагаа явуулахад бүх талын туслалцаа үзүүлнэ.
9. Хүүхдийн эрхийг хамгаалах зорилго бүхий байгууллагад тухайн асуудлаар арга зүйн туслалцаа үзүүлнэ.
10. Хүүхдийн эрхийг хамгаалах үйл ажиллагаанд байгууллага, аж ахуйн нэгж, гэр бүл, иргэдийг татан оролцуулж, тэдгээрийн санал, санаачилгыг хөхиүлэн дэмжинэ.
11. Хүүхдийн асуудал эрхэлсэн орон нутгийн ажилтнуудад зориулж семинар, сургалт зохион байгуулан, тэдгээрийг мэргэшүүлэх ажлыг эрх бүхий байгууллагатай хамтран зохион байгуулна.
12. Хүүхдийн эрхийг хамгаалах талаар олон улсын болон гадаад, дотоодын байгууллагатай хамтран ажиллана.
13. Хүүхдийн эрх, хөгжил, хамгаалал, аж байдлын талаар мэдээлэл цуглуулах, боловсруулах, түгээх, солилцох, судалгаа, сурталчилгаа явуулах болон хүүхдийн холбогдолтой асуудлаар мэдээллийн сан бүрдүүлнэ.
14. Хүүхдийн эрх ашигтай холбоотой санал гомдлыг хүлээн авч шийдвэрлэх буюу холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ.
 
Гурав.Үндэсний хорооны удирдлага,зохион байгуулалт
15. Үндэсний хороо нь хүн амын бодлогын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний дэргэд ажиллана.
16. Үндэсний хорооны бүтэц, орон тоог батлах, даргыг томилж, чөлөөлөх асуудлыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд  шийдвэрлэнэ.
17. Үндэсний хорооны дарга эрх хэмжээнийхээ асуудлаар Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэр гаргаж, биелэлтийг хангуулна.
18. Үндэсний хороо нь аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын дэргэдэх Хүүхдийн төлөө төв, сум, хорооны хүүхдийн асуудал эрхэлсэн нийгмийн ажилтныг арга зүйн удирдлагаар хангаж ажиллана.
19. Үндэсний хороо нь Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн ажлын албаны үүргийг гүйцэтгэнэ.
 
Дөрөв.Үндэсний хорооны санхүүжилт
20. Үндэсний хорооны үйл ажиллагаа нь дор дурдсан эх үүсвэрээс санхүүжинэ:
а/улсын төсөв;
б/хөтөлбөр, төслийн санхүүжилт, хандив, тусламж;
в/бусад орлого.