A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2004 оны 86 дугаар тогтоолын хавсралт

Хүнс, хөдөө аж ахуйн жижиг Үйлдвэрлэл-шинэ технологи санг бүрдүүлэх, захиран зарцуулах, тайлагнах журам
 
Нэг. Ерөнхий зүйл
1.1. Энэхүү журмын зорилго нь Хүнс, хөдөө аж ахуйн жижиг үйлдвэрлэл-шинэ технологи сан (цаашид "сан" гэх)-г бүрдүүлэх, захиран зарцуулах, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2. Сан нь Засгийн газрын тусгай зориулалтын сангуудын бүрэлдэхүүн хэсэг болно.
 
Хоёр. Сангийн удирдлага, зохион байгуулалт
2.1. Сангийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалтад хяналт тавих үүрэг бүхий орон тооны бус зөвлөл байна. Зөвлөлийн бүрэлдэхүүнийг Хүнс, хөдөө аж ахуйн болон Санхүү, эдийн засгийн сайдын хамтарсан тушаалаар батална.
2.2. Сангийн зөвлөл дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
2.2.1. Төсөл, арга хэмжээний хэрэгжих боломж, техник, тоног төхөөрөмжийн ашиглалт, хүрэлцээ, удирдлагын болон мэргэжлийн боловсон хүчний чадавхи, зээлийг хугацаанд нь төлөх магадлал, барьцаалах эд хөрөнгө зэргийг хянан үзэж, төслийг сангийн зөвлөлийн хуралдаанаар нэгбүрчлэн хэлэлцэн шийдвэрлэх;
2.2.2. Төсөлд олгох зээлийн хэмжээ, эргэж төлөх хугацааг тогтоох;
2.2.3. Сангаас эргэн төлөгдөх нөхцөлөөр олгосон зээлийн ашиглалт, зарцуулалтад хяналт тавьж, зээлийг хугацаанд нь төлүүлэх ажлыг зохион байгуулах;
2.2.4. Сантай холбоотой, энэхүү журамд нийцсэн бүхий л асуудлыг сангийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх;
2.2.5. Сангийн хөрөнгийн орлого, зарлагын гүйлгээнд анхан шатны болон нягтлан бодох бүртгэл хөтөлж, үйл ажиллагааны тайланг улирал, жилээр гаргаж Санхүү, эдийн засгийн яаманд тушаах үүргийг Хүнс, хөдөө аж ахуйн яамны сангийн асуудал хариуцсан нэгж (цаашид "Сангийн асуудал хариуцсан нэгж" гэх) хариуцан гүйцэтгэх бөгөөд түүний дүнтэй сангийн зөвлөл улирал бүр танилцаж байна.
2.3. Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар тэмдэглэл гаргана.
2.4. Сангийн зөвлөлийн хуралдааны тэмдэглэлийг үндэслэн Хүнс, хөдөө аж ахуйн сайд тушаал гаргах бөгөөд энэ нь хөрөнгө зарцуулах эцсийн шийдвэр болно.
2.5. Сангийн зөвлөлийн хуралдааныг гишүүдийн гуравны хоёр нь оролцсоноор хүчинтэйд тооцно.
2.6. Сангийн өдөр тутмын үйл ажиллагааг Хүнс, хөдөө аж ахуйн яамны сангийн асуудал хариуцсан нэгж эрхэлнэ.
 
Гурав. Сангийн санхүүгийн эх үүсвэр, зориулалт
3.1. Сангийн эх үүсвэр нь Хүнс, хөдөө аж ахуйн салбарт гадаад орон, олон улсын байгууллагаас буцалтгүй тусламжаар олгосон бүтээгдэхүүний борлуулалтын орлогын зарим хэсэг, түүний хүүгийн орлого, сангийн үйл ажиллагааны болон бусдад үйлчилгээ үзүүлснээс олсон орлого, тус санд оруулсан хөрөнгө болон зээлийн хураамж зэргээс бүрдэнэ.
3.2. Сангийн хөрөнгийн зориулалт нь хүнс, хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, шинэ техник, технологи нэвтрүүлэх зорилготой хөтөлбөр, төсөлд дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ.
 
Дөрөв. Сангаас зээл олгоход баримтлах журам
4.1. Зээл хүсэгч нь дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:
4.1.1. Төсөл;
4.1.2. Аж ахуйн нэгжийн гэрчилгээ, эсхүл төсөл хэрэгжүүлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаяг;
4.1.3. Газар эзэмших гэрчилгээ;
4.1.4. Барьцаалах эд хөрөнгө /хувьцаа, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө/;
4.1.5. Банкны өр барагдуулах албаны тодорхойлолт;
4.1.6. Тухайн аж ахуйн нэгжийн үйлдвэрлэл, санхүүгийн талаархи харилцагч банкны тодорхойлолт;
4.1.7. Хуулийн этгээдийн санхүүгийн тайлан тэнцэл.
4.2. Төсөл нь дараахь шаардлагыг хангасан байна:
4.2.1. Төсөл нь сангийн зориулалтад нийцсэн, хүнс, хөдөө аж ахуйн чиглэлтэй жижиг үйлдвэрлэлийг эрчимжсэн технологиор явуулж, эдийн засгийн хувьд тогтвортой үр ашигтай ажиллах нөхцөлийг хангасан байх;
4.2.2. Төслийн цар хүрээ, давуу тал тодорхой байх;
4.2.3. Төслийн ямар арга хэмжээнд нь зориулж жижиг зээл авах, өөрийн хөрөнгө болон арилжааны банкны зээлээр ямар арга хэмжээг нь санхүүжүүлэхийг тодорхой зааж, арилжааны банкнаас зээл авах талаар урьдчилан санал авсан байх;
4.2.4. Төслийг хэрэгжүүлэх явц, гарч болох эрсдэл, түүнийг шийдвэрлэх арга замын тухай үнэлгээ гаргасан байх;
4.2.5. Төсөл хэрэгжүүлэгчийн мэргэжил, ажил үүргийн хуваарийг заасан байх;
4.2.6. Зээлийг эргүүлэн төлөх санхүүгийн төлөвлөгөө хийгдсэн байхын дээр төсөл хэрэгжүүлэх газар, объектын талаар шаардлагатай материал, фото зураг хавсаргасан байна.
4.3. Зээл хүссэн аж ахуйн нэгж, иргэний өргөдөл, холбогдох баримт бичгийг Хүнс, хөдөө аж ахуйн яам хүлээн авна.
4.4. Хүнс, хөдөө аж ахуйн яамны холбогдох газар, хэлтсүүд төслийг бодлогын болон технологийн хувьд дэмжих боломжтой эсэх талаар дүгнэлт гаргаж, дэмжсэн төслөө Сангийн асуудал хариуцсан нэгжид үндэслэлийн хамт шилжүүлж, дэмжих боломжгүй төслийг эзэнд нь зохих тайлбарын хамт буцаана.
4.5. Бодлого болон технологийн хувьд дэмжигдсэн төсөл бүрийг Сангийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж зээл олгох эсэх талаар дүгнэлт гарган сайдад уламжилна.
 
Тав. Хөрөнгийг зарцуулах зарчим
5.1. Нэг төслийг зээлжүүлэх хөрөнгийн дээд хэмжээ нь 5.0 (таван) сая хүртэл төгрөг, зээлийг эргүүлэн төлөх хугацаа нь 2 хүртэл жил байна.
5.2. Хүнс, хөдөө аж ахуйн жижиг үйлдвэрлэл-шинэ технологи төсөлд олгох зээл нь үйл ажиллагааны зардлыг нөхөх зорилгоор жилийн 10.0 хувийн хураамжтай байна. Хугацаа хэтэрсэн зээлийн алдангийг арилжааны банкны жишгийг харгалзан тусгасан зээлдэгч, зээлдүүлэгчийн хооронд байгуулсан гэрээний дагуу зохицуулна.
5.3. Сангийн асуудал хариуцсан нэгж нь Хүнс, хөдөө аж ахуйн сайдын шийдвэрийг үндэслэн төслийн зээл олгох аж ахуйн нэгж, иргэнтэй зээлийн гэрээ байгуулж, зээлийг төслийн үе шат бүрт олгох, эргүүлэн төлүүлэх, зээлийн гэрээг дүгнэж Сангийн зөвлөлд танилцуулах зэрэг арга хэмжээг зохион байгуулна. Зээлийг эргэн төлүүлэх арга хэмжээг Сангийн асуудал хариуцсан нэгж аж ахуйн нэгж болон иргэн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна.
 
Зургаа. Бусад зүйл
6.1. Сангийн зөвлөлийн дүгнэлт, сайдын шийдвэргүйгээр аж ахуйн нэгж, иргэнд зээл олгохыг хориглоно.
6.2. Сангийн асуудал хариуцсан нэгж нь зээлдэгч аж ахуйн нэгж, иргэний гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн, төлбөрийн чадваргүй болсон, эд хөрөнгө эзэмших найдваргүй болсон тохиолдолд түүнтэй холбогдсон маргааныг шүүхээр шийдвэрлүүлнэ. Маргаан шийдвэрлэхтэй холбогдон сангаас гаргасан зардлыг зээлдэгч аж ахуйн нэгж, иргэн хариуцна.
 
 
 
 
- о О о -