- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХУДАЛДАА, ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УЛСЫН ХЯНАЛТЫН ДҮРЭМ
Засгийн газрын 1995 оны 210 дугаар тогтоолын хавсралт
ХУДАЛДАА, ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УЛСЫН ХЯНАЛТЫН ДҮРЭМ
НЭГ. Нийтлэг үндэслэл
ХУДАЛДАА, ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УЛСЫН ХЯНАЛТЫН ДҮРЭМ
1. Худалдаа, үйлдвэр, үйлчилгээний улсын хяналтын зорилт нь Монгол Улсын хэмжээнд худалдаа, үйлдвэр, үйлчилгээний талаар гаргасан Монгол Улсын хууль тогтоомж, түүнийг үндэслэн төрийн эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон дүрэм, журмын хэрэгжилтийг байгууллага, аж ахуйн нэгжийн харъяалал, өмчийн төрөл, хэлбэр харгалзахгүйгээр төрийн захиргааны хяналт тавьж биелэлтийг хангуулахад оршино.
2. Улсын хяналтыг худалдаа, үйлдвэр, үйлчилгээний улсын хяналтын алба, аймаг, нийслэлийн худалдаа, үйлдвэр, үйлчилгээний улсын байцаагчид хэрэгжүүлнэ.
3. Худалдаа, үйлдвэр, үйлчилгээний хяналтын албаны дарга нь улсын ерөнхий байцаагч байна. Худалдаа, үйлдвэр, үйлчилгээний улсын ерөнхий байцаагчийг худалдаа, үйлдвэр, үйлчилгээний асуудал эрхэлсэн сайд томилж, чөлөөлөх бөгөөд улсын ерөнхий байцаагчийн эрхийг Засгийн газар олгоно.
4. Худалдаа, үйлдвэр, үйлчилгээний хяналтын албаны улсын ахлах байцаагч, улсын байцаагчийг худалдаа, үйлдвэр, үйлчилгээний улсын ерөнхий байцаагчийн санал болгосноор худалдаа, үйлдвэр, үйлчилгээний асуудал эрхэлсэн сайд томилж чөлөөлнө.
Аймаг, нийслэлд ажиллах худалдаа, үйлдвэр, үйлчилгээний хяналтын улсын байцаагчийг аймаг, нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлөх бөгөөд тэдгээр байцаагчийн эрхийг худалдаа, үйлдвэр, үйлчилгээний асуудал эрхэлсэн сайд олгоно.
5. Ажил төрлийн онцлог байдлаас зарим яам, тусгай газарт худалдаа, үйлдвэр, үйлчилгээний хяналтын улсын байцаагч ажиллуулж болно. Яам, тусгай газарт ажиллах улсын байцаагчийг сайд, тусгай газрын дарга нар нь томилж, чөлөөлөх бөгөөд тэдгээр байцаагчийн эрхийг худалдаа, үйлдвэр, үйлчилгээний асуудал эрхэлсэн сайд олгоно.
6. Худалдаа, үйлдвэр, үйлчилгээний хяналтын байцаагчид нь худалдаа, үйлдвэр, үйлчилгээний асуудлаар мэргэшсэн байна.
7. Худалдаа, үйлдвэр, үйлчилгээний улсын хяналтын алба, худалдаа, үйлдвэр, үйлчилгээний хяналтын улсын байцаагчид нь үйл ажиллагаандаа Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон энэхүү дүрмийг удирдлага болгоно.
8. Худалдаа, үйлдвэр, үйлчилгээний хяналтын улсын ерөнхий болон ахлах байцаагч, улсын байцаагчид /цаашид энэ дүрэмд "байцаагч" гэх/ нь Засгийн газраас загварыг нь баталсан үнэмлэх, хувийн дугаар бүхий тэмдэг болон албан шаардлага, дүгнэлт, акт, торгууль, шийтгэврийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
9. Аймаг, нийслэлд ажиллаж байгаа байцаагчийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, ажлыг нь шалгах, шалгалтын дүнг нэгтгэн дүгнэлт гаргах, шаардлагатай асуудлаар авах арга хэмжээний санал боловсруулж шийдвэрлүүлэхийг Худалдаа, үйлдвэр, үйлчилгээний улсын хяналтын алба хариуцан хэрэгжүүлнэ.
Хоёр. Худалдаа, үйлдвэр, үйлчилгээний улсын хяналтын чиглэл
10. Худалдаа, үйлдвэр, үйлчилгээний улсын хяналтыг дор дурдсан чиглэлээр хэрэгжүүлнэ:
а/бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хуваарилалт, нийлүүлэлт, борлуулалт, худалдаалалт, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахтай холбогдон гарсан хууль тогтоомж, худалдаа, үйлдвэр, үйлчилгээний асуудал эрхэлсэн сайдын шийдвэр, бусад эрх бүхий байгууллага, албан тушаалтны тогтоосон журмын хэрэгжилт;
б/худалдаа, үйлчилгээний зохион байгуулалт, технологийн горимд улсаас тогтоосон нийтлэг журмын шаардлага хангагдаж байгаа эсэх;
в/гадаад эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн гэрээ, хэлэлцээрээр хүлээсэн үүргийн биелэлт, зуучлалын үүрэг гүйцэтгэж байгаа гадаадын төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа гэрээ, дүрмийнхээ дагуу явагдаж байгаа эсэх;
г/гадаадын хөрөнгө оруулалттай хамтарсан аж ахуйн нэгж, байгууллагын гэрээ, хэлэлцээр, дүрмийн хэрэгжилт;
д/улсын хилээр нэвтрүүлэх бараа, ажил, үйлчилгээнд олгосон зөвшөөрөл /лиценз/-ийн биелэлт;
е/улсын нөөцийн бараа, бүтээгдэхүүний хадгалалт, нөхөн бүрдүүлэлт, зарцуулалт;
ж/ аялал, жуулчлалын талаар баримтлах бодлого түүний хэрэгжилт, зохион байгуулалт, үйлчилгээнд тавих хяналт; /ж-заалтыг Засгийн газрын 2000 оны 169 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
з/зочид буудал, нийтийн хоолны болон хүн амын ахуй үйлчилгээний газруудын үйл ажиллагааны байдал, технологийн шаардлагын хэрэгжилт;
и/хэрэглээний аюулгүй байдлыг хангах үүднээс хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд гэм хор учруулж болзошгүй бараа, бүтээгдэхүүнийг эрүүл ахуй, стандарт, чанарын баталгаагүй, сав баглаа, боодол, шошгод олон улсын хэмжээнд нийтлэг хэрэглэдэг барааны таних тэмдэг, анхааруулга, бичээсийг ил тод тавиагүйгээр худалдах явдал гаргаж байгаа эсэх;
к/бараа, бүтээгдэхүүний савлалтыг зохих ёсоор хийх болон хэмжүүр, хэмжих хэрэгслийг зориулалтын дагуу ашигласан эсэх, хэрэглэгчдэд үнэн зөв хэмжин олгож байгаа эсэх;
л/бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний зориулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах, хэрэглэх арга, баталгаат хэрэглээний хугацааны болон түүнийг аюул осолгүй хэрэглэх талаар хэрэглэгчдэд үнэн зөв, бүрэн мэдээлэл өгч байгаа эсэх;
м/эрүүл ахуйн шаардлага хангаагүй байр орчин, худалдаа хийхийг зөвшөөрөөгүй газар, цэгт болон эмнэлгийн шинжилгээний баталгаагүй, насанд хүрээгүй, хуулийн хариуцлага хүлээх чадваргүй этгээдээр худалдаа, үйлчилгээг явуулж буй эсэх;
н/бараа, бүтээгдэхүүнийг зориулалт бусаар худалдаалах, үндэслэлгүйгээр нөөцлөх, нуун дарагдуулах, хориглосон худалдаа хийх зэрэг зөрчил гаргаж хэрэглэгчдийг хохироож байгаа эсэх.
о/нефтийн бүтээгдэхүүний чанар, стандартын хэрэгжилт, хадгалалтын явцын аюулгүй ажиллагааны байдал;
п/жижиглэн борлуулалтын явц дэх түгээгүүр болон хэмжих хэрэгслэлийн улсын баталгаажилт, тохиргоо, сав, шугам хоолойн битүүмжлэл, түгээгүүрийн шахалт хэвийн хэмжээнд байгаа эсэх;
р/шатахуун түгээх станцаас гадна хот, суурин газрын гудамж талбайд зөвшөөрөлгүйгээр буюу хориглосон газарт нефть бүтээгдэхүүний худалдаа, үйлчилгээ явуулж байгаа эсэх
с/нефть, нефть бүтээгдэхүүний худалдаа үйлчилгээ эрхэлж буй байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, хэрэглэгчдээс байгаль орчин, галын аюулгүй байдлын талаар гарсан хууль тогтоомж, дүрэм журмыг хэрэгжүүлж байгаа байдал;
т/бүтээгдэхүүний хэвийн хорогдлыг тооцож байгаа байдал;
у/борлуулж байгаа бүтээгдэхүүнийг эрх бүхий байгууллагаар шинжлүүлсэн байдал
ф/гал, хөдөлмөр хамгааллын багаж хэрэгслэлийн бүрдэлт, тэдгээрийн ашиглалтын бэлэн байдал
Гурав. Худалдаа, үйлдвэр, үйлчилгээний улсын байцаагчийн үүрэг, эрх
11. Улсын байцаагч нь дор дурдсан үүрэг хүлээнэ:
а/энэ дүрмийн 10 дугаар зүйлд заасан чиглэлийн дагуу улсын хяналтыг зохион байгуулж явуулах;
б/хууль тогтоомжийг чанд сахих, хөндлөнгийн нөлөөнд үл автах, албан үүргээ үнэнчээр гүйцэтгэх, төр, байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтны хууль ёсны ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэх, өөртэйгээ болон эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, садан төрлийн хүмүүст холбогдох асуудлыг шалгахаас татгалзах, хяналт шалгалтыг бүрэн гүйцэд хийх;
в/хийсэн шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн акт, танилцуулга, албан шаардлага, тоо, баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах.
12. Улсын байцаагч нь дор дурдсан эрх эдэлнэ:
а/хяналт, шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах;
б/холбогдох байгууллагатай нь тохиролцож зохих мэргэжлийн хүмүүсийг хяналт шалгалтын ажилд татан оролцуулах, шаардлагатай асуудлыг магадлах зорилгоор лабораторийн буюу магадлан шинжилгээг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх;
в/шалгалтад шаардлагатай мэдээ, судалгаа, магадлагаа, бусад баримтын хуулбарыг тухайн аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, иргэд, банк, санхүүгийн байгууллагаас үнэ төлбөргүй гаргуулан авах;
г/хийж байгаа хяналт шалгалтын асуудлаар болон хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлын талаар амаар буюу бичгээр тайлбар авах, ярианы бичлэг хийх;
д/бүтээгдэхүүний дээж, загварыг тэмдэглэл үйлдэн захиргааны хяналтын эрх бүхий байгууллагаас тогтоосон тоо хэмээгээр авах, шилжүүлэх.
е/ноцтой осол гарсан, хүний амь, эрүүл мэнд, эд материалын ихээхэн хохирол учруулсан болон зөрчил нь нийгмийн хор аюул ихтэй бол шалгалтын акт, материалыг хуулийн байгууллагад шилжүүлэх;
ж/хуурамч буюу хүчингүй гэрээ, хэлэлцээр, бусдын зөвшөөрөл /лиценз/ худалдан авах хэлбэрээр гадаад худалдааны үйл ажиллагаа гүйцэтгэсэн байвал орлогыг хураах;
з/шаардлагатай үед өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагад саадгүй нэвтрэн орж мөнгө, эд хөрөнгийн зүйл хадгалж байгаа байр, агуулах, үйлдвэрлэлийн байранд үзлэг тооллого, технологийн үйл ажиллагаанд шалгалт хийж холбогдох арга хэмжээ авах;
и/хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил, аж ахуйн нэгж, байгууллагын хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлогод оруулах;
к/хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд ба шууд бусаар хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох, түүнчлэн осол аюул гарч болох нь зохих ёсоор нотлогдсон, чанарын шаардлага хангахгүй бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, нийлүүлсэн, хүлээн авсан, худалдсан болонг худалдаа, үйлчилгээний дэг журам, ариун цэврийн шаардлагыг ноцтой зөрчсөн тохиолдолд холбогдох ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааг уг зөрчлийг арилгах хүртэл бүхэлд нь эсвэл хэсэгчлэн түр зогсоох, шаардлагатай зүйлийг ариутгах, хоргүйжүүлж цэвэршүүлэх, бараа, бүтээгдэхүүнийг худалдах, борлуулахыг хориглох, устгах буюу зохих шаардлагад харшлахгүй бол өөр зориулалтаар ашиглах шийдвэр гаргах, энэ тухай олон нийтэд зарлан мэдээлэх;
л/бараа, бүтээгдэхүүний үнийг үндэслэлгүйөсгөж худалдаалсан барааны үнийг улсын орлогод оруулах, буруутай этгээдэд хариуцлага ногдуулах.
13. Байцаагч нь хууль тогтоомж, дүрэм, журам зөрчсөн, илэрсэн зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй гэм буруутай этгээдэд Монгол Улсын төрийн хяналт, шалгалтын тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн заалтыг үндэслэн дор дурдсан захиргааны шийтгэл ногдуулна:
а/хориглосон үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхэлсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон орлого буюу эд зүйлийг хурааж, зөрчил гаргасан байгууллага, аж ахуйн нэгжийг 80000-250000, иргэнийг 10000-50000 төгрөгөөр торгох;
б/зохих зөвшөөрөлгүйгээр худалдаа, үйлчилгээ явуулсан бол хууль бусаар олсон орлого буюу эд зүйлийг хурааж, зөрчил гаргасан байгууллага, аж ахуйн нэгжийг 60000-150000, иргэнийг 500-20000 төгрөгөөр торгох;
в/эрх бүхий байгууллагын шийдвэрээр хориглосон газар, цэгт худалдаа, үйлчилгээ явуулсан бол хууль бусаар олсон орлого буюу эд зүйлийг хурааж, зөрчил гаргасан байгууллага, аж ахуйн нэгжжийг 80000-200000, иргэнийг 1000-20000 төгрөгөөр торгох;
г/үйлдвэрлэгч, гүйцэтгэгч улсын стандартыг зөрчих, хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулж болзошгүй бүтээгдэхүүнийг чанарын баталгаагүйгээр үйлдвэрлэж, худалдаж, импортоолсон, ийм бүтээгдэхүүн хэрэглээнд гаргасан нь нотлогдсон тохиолдолд энэ тухайгаа үйлдвэрлэгч, худалдагч, олон нийтэд нэн даруй мэдээлээгүй иргэнийг 50000 хүртэл, байгууллага, аж ахуйн нэгжийг 200000 хүртэл төгрөгөөр торгож, уг бүтээгдэхүүний борлуулалтын орлогыг хурааж улсын орлогод оруулах;
д/үйлдвэрлэгч, худалдагч нь хүний амь нас, эрүүл мэнд хүрээлэн буй орчинд гэм хор учруулж болзошгүй бүтээгдэхүүн, түүний сав, баглаа боодол, шошгод олон улсын хэмжээнд нийтлэг хэрэглэдэг таних тэмдэг, бичээсийг ил тод тавиагүй, мөн ийм бүтээгдэхүүн болон түргэн муудаж, чанар байдлаа алддаг бүтээгдэхүүнийг хадгалах, тээвэрлэх, ашиглах, хэрэглэхэд тавих шаардлагыг бүтээгдэхүүний ашиглах зааварт тусгаагүй иргэнийг 40000 хүртэл, байгууллага, аж ахуйн нэгжийг 140000 хүртэл төгрөгөөр торгох;
е/үйлдвэрлэгч, худалдагчаас хэрэглэгчийг зориуд төөрөгдүүлсэн мэдээлэл хийсэн бол иргэнд 30000 хүртэл, байгууллага, аж ахуйн нэгжид 100000 хүртэл төгрөгийн торгууль ногдуулж, орлогыг хурааж улсын орлогод оруулах;
ж/бүтээгдэхүүнийг хэрэглэгчид тулган худалдах, хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээний үндсэн дээр бүтээгдэхүүн борлуулсан буруутай худалдагчийн гэрээг хүчингүйд тооцож, олсон орлогыг хурааж улсын орлогод оруулах;
з/улсын ерөнхий байцаагч, ахлах байцаагч нар хяналт шалгалтаас зайлсхийсэн албан тушаалтныг 5000-10000, шаардлагатай гэж үзсэн баримт бичгийг танилцуулах, түр хугацаагаар хүлээлгэн өгөхөөс зайлсхийсэн албан тушаалтныг 15000 хүртэл төгрөгөөр торгох;
и/худалдаа, үйлдвэр, үйлчилгээний хяналтын улсын байцаагчийн албан шаардлагыг эсэргүүцсэн, тогтоосон хугацаанд биелүүлээгүй, шаардлагын биелэлтийг гаргаж ирүүлээгүй албан тушаалтныг 5000-25000, хянан шалгах үйл ажиллагаанд саад учруулсан, гаргах дүгнэлт, шийдвэрт нөлөөлөхийг оролдсон этгээдийг 35000 хүртэл, хяналт шалгалтын холбогдолтой баримт бичгийг гаргаж өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзсан, гэмтээсэн, устгасан, хуурамч бичиг баримт гаргаж өгсөн албан тушаалтныг 35000-50000 төгрөгөөр торгуулах асуудлыг шүүгчид тавьж шийдвэрлүүлэх.
Дөрөв. Бусад асуудал
14. Худалдаа, үйлдвэр, үйлчилгээний улсын хяналтын алба, байцаагчийн албан шаардлагыг байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэд хугацаанд нь биелүүлж, хариуг албан ёсоор өгч байх үүрэгтэй.
15. Шалгуулсан байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, албан тушаалтан хяналт шалгалтын явцад хууль тогтоомж зөрчигдсөн, байцаагчийн гаргасан шийдвэр үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо уг шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор тухайн шалгалт хийсэн байгууллагын эрх баригчид гаргана.
Гомдлыг хүлээн авсан байгууллагын эрх баригч түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ. Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргаж болно.
16. Гомдол гаргах нь торгууль шийтгэврээр ногдуулсан төлбөр төлөхийг зогсоох үндэслэл болохгүй.
17. Улсын байцаагч энэ дүрмээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болон хууль, тогтоомж зөрчвөл зохих хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээнэ.
-----оОо----
Текст томруулах
A
A
A