- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЖАГСААЛТ ХӨТЛӨХ ЖУРАМ
Засгийн газрын 2004 оны 20 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт
ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЖАГСААЛТ ХӨТЛӨХ ЖУРАМ
ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЖАГСААЛТ ХӨТЛӨХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7.1-д заасан бүртгэх байгууллага хуулийн этгээдийн улсын бүртгэлийн жагсаалт хөтлөхөд энэхүү журмыг дагаж мөрдөнө.
1.2. Хуулийн этгээд байгуулсан, өөрчлөн байгуулсан, татан буулгасан тухай болон хуулийн этгээдийг үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт бусад мэдээллийг агуулсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн жагсаалтыг улсын хэмжээний нэгдсэн бүртгэлийн дэвтэрт хөтөлнө.
Хоёр. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн жагсаалт хөтлөх
2.1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16, 20, 23 дугаар зүйлд заасан баримт бичиг нь улсын бүртгэлийн жагсаалт хөтлөх эх сурвалж болно.
2.2. Бүртгэх байгууллага нь энэхүү журмын 1.2-т заасан дэвтэрт бичилт хийж, хуулийн этгээдийг бүртгэнэ.
2.3. Энэхүү журмын хавсралтаар батлагдсан "Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн жагсаалт"-д заасан бичвэрүүдийг дор дурдсан байдлаар хөтөлнө:
-01-хуулийн этгээдийг бүртгэх тухай бүртгэх байгууллагын шийдвэрийн он, сар, өдөр, дугаар;
-02-бүртгэх байгууллагаас хуулийн этгээдэд олгосон улсын бүртгэлийн дугаар;
-03-улсын бүртгэлийн регистрийн нэгдсэн сангаас олгосон регистрийн дугаар;
-04-Үндэсний татварын ерөнхий газраас баталгаажуулсан хуулийн этгээдийн нэр;
-05-хуулийн этгээдийн төрөл "ашгийн төлөө, эсхүл ашгийн төлөө бус", хэлбэр (ашгийн төлөө бол хувьцаат компани, хязгаарлагдмал хариуцлагатай компани; ашгийн төлөө бус бол холбоо, сан, хоршоо г.м)-ийг зааж өгнө. Төрийн бус байгууллагыг "нийгэмд үйлчилдэг", "гишүүддээ үйлчилдэг" гэж тус тус тэмдэглэх;
-06-10-хуулийн этгээдийн оршин байгаа газрын хууль ёсны хаяг, утасны дугаар;
-11-15-байнгын ажиллагаатай захиргаа байхгүй бол хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн хаяг, утасны дугаар;
-16-хуулийн этгээд шинээр байгуулсан эсхүл өөрчлөн байгуулагдсаныг тэмдэглэх;
-17-23-үүсгэн байгуулагчийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг тэмдэглэх;
-24-үүсгэн байгуулсан нийт гишүүний тоо /төрийн бус байгууллагын нийтийг хамарсан хурлаас байгуулсан бол энэ тухай тэмдэглэх/;
-25-26-хуульд заасан эрх бүхий байгууллагаас гаргасан хуулийн этгээд байгуулах тухай шийдвэрийн нэр, дугаар, хуулийн этгээдийн дүрэм болон үүсгэн байгуулах гэрээ байгуулсан он, сар, өдрийг тэмдэглэх;
-27-30-Үндэсний статистикийн газраас хуулийн этгээдийн үйл ажиллагааны чиглэлийг салбараар нь ангилсан кодын дугаар;
-31-32-Компанийн хэлбэрээр байгуулагдаж байгаа хуулийн этгээдийн өөрийн хөрөнгийн хэмжээг мөнгөн болон биет хэлбэрээр илэрхийлэх;
-33-37-хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтны овог, нэр, албан тушаал, иргэний үнэмлэх болон регистрийн дугаар, татвар төлөгчийн бүртгэлийн дугаар;
-38-41-Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан үйл ажиллагаа эрхэлдэг бол энэ талаархи мэдээлэл;
-42-45-өөрчлөн байгуулагдаж байгаа хуулийн этгээдийн нэгдсэн, нийлсэн, хуваасан, тусгаарласан, өөрчлөгдсөний аль нь болох, эрх залгамжлагч этгээдийн нэр, регистрийн дугаар, эрх залгамжлалын хувь хэмжээ;
-46-49-өөрчлөн байгуулагдах явцад үйл ажиллагаа нь зогсоогдсон хуулийн этгээдийн талаархи мэдээлэл;
-50-салбар, төлөөлөгчийн газрын нэр, хууль ёсны хаяг;
-51-бүртгэх байгууллага хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэсэн он, сар, өдрийг тэмдэглэх;
-52- улсын бүртгэлд бүртгэсэн ажилтны нэр, гарын үсэг;
-53-хуулийн этгээдийн харилцах банкны нэр, дансны төрөл, дугаар. Эдгээр мэдээллийг эрх бүхий байгууллагаас баталсан маягтын дагуу хуулийн этгээдийн харилцагч банкнаас ирүүлсэн тасалбарыг үндэслэж бүртгэсэн ажилтны гарын үсэг, бүртгэсэн он, сар, өдөр;
-54-хуулийн этгээдийг үүсгэн байгуулах баримт бичигт орсон өөрчлөлт, баримт бичгийн төрөл, өөрчлөлтийн агуулга, он, сар, өдөр, түүнийг бүртгэсэн ажилтны нэр, гарын үсэг;
-55-хуулийн этгээдийг хууль тогтоожийн дагуу татан буулгах эрх бүхий байгууллага болон татан буулгах комиссын шийдвэрийн он, сар, өдөр, дугаар, хуулийн этгээд татан буугдаж байгаа тухай тэмдэглэл хийсэн бүртгэх байгууллагын ажилтны нэр, гарын үсэг он, сар, өдөр, дугаар, улсын бүртгэлээс хассан он, сар, өдөр, түүнийг улсын бүртгэлд бүртгэсэн ажилтны нэр, гарын үсэг.
2.4. Бүртгэх байгууллага хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэвтэрт бичигдсэн жагсаалтыг улсын бүртгэлийн цахим санд давхар хөтөлнө.
2.5. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн цахим сан болон регистрийн нэгдсэн сангийн тогтвортой хэвийн ажиллагааг Үндэсний татварын ерөнхий газар хариуцна.
2.6. Бүртгэх байгууллагууд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн цахим сангийн нэгдсэн сүлжээнд холбогдоно.
2.7. Үндэсний татварын ерөнхий газар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн цахим сан болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн регистрийн нэгдсэн санг улсын хэмжээнд хамтад нь хөтөлж, хуулийн этгээдийн нэр давхардаж байгаа эсэхийг шалган, нэрийн баталгаажуулалт хийнэ.
2.8. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн жагсаалт бүхий дэвтэр, улсын бүртгэлийн гэрчилгээг Үндэсний татварын ерөнхий газраас нэгдсэн журмаар хэвлүүлж, дугаарлан бүртгэх байгууллагуудад хүргүүлнэ.
2.8.1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэвтрийг ББХХДД гэсэн дарааллаар дугаарлах бөгөөд энэ нь дараахь агуулгыг илэрхийлнэ:
-ББ-бүртгэх байгууллагын дугаар;
-ХХ-хуулийн этгээдийн төрөл, хэлбэр;
-ДД-тухайн улсын бүртгэлийн байгууллагад ашиглагдаж байгаа дэвтрийн дугаар.
2.9. Улсын бүртгэлийн жагсаалт дахь хуулиар хориглосноос бусад мэдээлэл нийтэд нээлттэй, ил тод байх бөгөөд бүртгэх байгууллага нь иргэн, хуулийн этгээдэд лавлагаа мэдээлэл өгч болно.
2.10. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн регистрийн нэгдсэн сан нь хуулийн этгээдийн тухай улсын хэмжээний мэдээлэл өгөх үндсэн эх сурвалж болно.
2.11. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн цахим сан дахь мэдээллийг нотлох баримт бичиг нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн жагсаалт бүхий дэвтэр болно. Улсын бүртгэлийн цахим сан дахь мэдээлэл, бүртгэлийн дэвтэр дэх мэдээллүүд зөрвөл бүртгэлийн дэвтэр дээрх мэдээллийг үндэслэл болгоно.
-----оОо-----
Текст томруулах
A
A
A