A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1998 оны 208 дугаар тогтоолын хавсралт

ХЭМЖЛИЙН НЭГЖИЙН ҮНДЭСНИЙ ЭТАЛОНЫГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР
 
1.Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хэмжил зүйн улсын албаны эталон тоног төхөөрөмжийн хангалтын асуудлыг төрөөс хариуцан хэрэгжүүлж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд гадаад орнуудаас үйлдвэрлэлийн шинэ техник технологи нэвтрэн манайд урьд өмнө ашиглагдаж байгаагүй шинэ нэр төрлийн хэмжүүр, хэмжих хэрэгсэл, хэмжлийн системийг импортоор нийлүүлэн ашиглах болсоноор улсын хэмжил зүйн албаны эталоны хангалт, нарийвчлалын хувьд шийдвэрлэвэл зохих зарим тулгамдсан асуудлууд гарах боллоо.
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт эрчим хүчний борлуулалтыг зах зээлийн нөхцөлд тохируулан зохион байгуулалтын шинэ хэлбэрт оруулж, олон улсын жишигт тохирсон тооцооны зарчмыг нэвтрүүлж, үйлдвэрлэл үйлчилгээний хүрээнд хэрэглэгчдийг тоолууржуулах арга хэмжээ авах гэсэн зорилт, Засгийн газрын  1995 оны 101, 1996 оны 320 дугаар тогтоолуудад заасны дагуу тэргүүн ээлжинд бий болгох, шинэчлэх эталоны асуудлыг Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд шийдвэрлэх зорилгоор "Хэмжлийн нэгжийн үндэсний эталоныг хөгжүүлэх хөтөлбөр"-ийг холбогдох судалгаа хийсний үндсэн дээр боловсрууллаа..
2.Одоогийн байдлаар эталоны хангалтын түвшнээс хамааран хэмжилзүйн төрийн хяналт шалгалтад хамрагдвал зохих хэмжих хэрэгслийн зөвхөн 60 орчим хувь нь улсын баталгаажуулалтад хамрагдаж байна.
Цахилгаан, дулааны эрчим хүч, уур усны зарцуулалтын хэмжих хэрэгслийн хангамж муу, баталгаажуулах эталон байхгүйгээс эрчим хүч, усыг хэмжүүр, тоолуургүйгээр түгээж, хэрэглээг эзлэхүүн, талбайгаар задгай тооцож улмаар хэрэглэгчдийг хохироох, эрчим хүч, усыг үр ашиггүй зарцуулах нөхцлийг бүрдүүлж байна. 1979 онд ашиглалтад орсон анхны улсын эталон болох 24 цагийн, тасралтгүй ажиллагаатай цаг, давтамжийн улсын эталоны ажиллах нөөц дуусаад шинэчлэх шаардлагатай болоод байна.
Иймээс улсын хэмжээнд хэмжлийн үнэн зөв, нэгдмэл байдлыг хангах хэмжлийн нэгжийн эталоны системийг олон улсын жишиг, хандлагад нийцүүлэн өөрийн орны хэрэгцээ, шаардлагатай уялдуулан бий болгох, хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэх арга замыг тогтоох шаардлага зайлшгүй тавигдаж байна.
Хоёр. Хөтөлбөрийн зорилго, хэрэгжүүлэх хугацаа, зарчим
3. Хөтөлбөрийн зорилго нь  улсын хэмжээнд хэмжлийн нэгдмэл байдлыг хангахад онцгой ач холбогдол бүхий хэмжлийн нэгжийн үндэсний эталоныг олон улсын жишиг, хандлагад нийцүүлэн өөрийн орны хэрэгцээ, шаардлагатай уялдуулан бий болгож хөгжүүлэхэд оршино.
4. Хэмжлийн нэгжийн үндэсний эталоныг хөгжүүлэх талаар баримтлах бодлого нь хэмжлийн нэгжийн үндэсний эталоны тогтолцоо, түүний техник хангамж, боловсон хүчнийг орчин үеийн шаардлага, олон улсын түвшинд хүргэхэд чиглэгдэнэ.
5. Хөтөлбөрийг 1999 оноос эхлэн таван жилийн хугацаанд хэрэгжүүлнэ./Засгийн газрын 2001 оны 179 дүгээр тогтоолын өөрчлөлтийг тусгав./
6. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ дараахь зарчмыг удирдлага болгоно. Үүнд:
а/ улс орны нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх бодлого, бусад нэгдсэн төлөвлөгөө, дэд бүтцийг хөгжүүлэх үйл ажиллагаатай уялдан зохицсон байх;
б/ хөтөлбөрийн хүрээнд бий болгох эталоны нарийвчлал нь өөрийн орны нийгэм, эдийн засгийн болон аж ахуйн нэгж, байгууллагын хэрэгцээ, шаардлагад тохирсон байх;
в/ хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээнүүдийг тодорхой чиглэлийн төсөл гүйцэтгэх хэлбрээр шат дараалалтай хэрэгжүүлэх.
Гурав. Хэмжлийн нэгжийн үндэсний эталоныг хөгжүүлэх зорилт
7. Хэмжлийн нэгжийн үндэсний эталоныг хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд дараахь зорилтуудыг шийдвэрлэнэ. Үүнд:
а/ цахилгааны өндөр нарийвчлалын электрон тоолуур, дулааны тоолуурыг баталгаажуулах хэмжлийн эталоныг бий болгох замаар эрчим хүчний тооцооны нарийвчлалыг дээшлүүлэх;
б/ цэвэр усны тоолуур шалгаж, баталгаажуулах эталоныг бий болгох;
в/ улсын цаг, давтамжийн эталоныг найдвартай ажиллагаа, нарийвчлалыг дээшлүүлэх;
г/ уртын нэгж –"Метр"-ын улсын эталонтой болох;
д/ физик-хими, нягтын хэмжлээр тэргүүн зэргийн шаардлагатай эталоныг бий болгох.
8. Хөтөлбөийн хүрээнд хавсралтад дурдсан эталонуудыг бий болгоно.
Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зам
9. Хөтөлбөрийн зорилтуудыг хэрэгжүүлэхдээ үйл ажиллагааны дараахь чиглэлийг баримтлана.
А/ хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээнүүдийг Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төвөөс боловсруулсан тодорхой чиглэлийн төсөл хэрэгжүүлэх хэлбэрээр шат дараалалтайгаар хандивлагч орнуудын буцалтгүй тусламж, тухайн жилийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төвлөрсөн төсөвт тусгах;
Б/ хөтөлбөрийг хэрэгжүүлэх шатанд хэмжлийн нэгжийн үндэсний эталоныг улсын хэмжилзүйн алба болон мэргэжлийн бусад албанд зохистой байрлуулах, ашиглах хувилбарыг тогтоон шийдвэрлүүлэх;
10. Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төвийн болон орон нутгийн стандартчилал, хэмжилзүйн төвүүдийн хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын алба, лабораторийн эталон тоног төхөөрөмжийг шинэчлэх, хангамжийг нь сайжруулах асуудлыг тодорхой чиглэлийн төслүүдийг хэрэгжүүлэх хүрээнд шийдвэрлэх болно.
11. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд боловсон хүчний сургалт, мэргэжил дээшлүүлэх асуудлыг тодорхой чиглэлийн төслийн хэлбэрээр шийдвэрлэнэ.
12. "Хэмжлийн нэгжийн үндэсний эталоныг хөгжүүлэх хөтөлбөр"-ийн хэрэгжилтийг Засгийн газар хянана.
Тав. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт, санхүүжилт
13. Монгол Улсын хэмжээнд хэмжлийн нэгдмэл байдлыг хангах, хэмжлийн нэгжийн үндэсний эталоныг бий болгох, хадгалах, тэдгээрээс нэгжийг дамжуулах үндсэн үүрэг бүхий Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төв уг хөтөлбөрийг хэрэгжүүлэн зохион байгуулагч нь байна.
14. Эталоныг бий болгосны дараахь хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын ажлыг гэрээ, графикийн үндсэн дээр Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төвөөс жил бүр зохион байгуулна.
15. хэмжлийн нэгжийн эталонуудыг бий болгоход шаардагдах хөрөнгө оруулалтыг улс, орон нутгийн төвлөрсөн төсвөөс санхүүжүүлэх бөгөөд гадаадын хандивлагч орон, олон улсын байгууллагуудын буцалтгүй тусламжийг ашиглана.
16. Хэмжих хэрэгслийг баталгаажуулах зориулалтын ажлын эталон ареометр, уусмалын РН-ын ажлын эталон зэрэг зарим эталоныг бий болгоход шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг хэмжилзүйн төв, орон нутгийн байгууллагын хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын өөрийн орлогоос санхүүжүүлнэ.
17. Хэмжлийн нэгжийн үндэсний эталоныг бий болгох шаардлага, эдийн засгийн үндэслэл болгон хэмжил зүйн судалгаа, шинжилгээний ажлыг шинжлэх ухаан, технологийн төслийн хэлбэрээр гүйцэтгэнэ.
18. Хэмжлийн нэгжийн үндэсний эталоныг хөгжүүлэх тодорхой чиглэлийн төслүүдийг гадаадын хандивлагч орны буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газрын хүлээсэн үүргийг биелүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг улсын төвлөрсөн төсвөөс санхүүжүүлнэ.
Зургаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр гарах үр дүн
19. Хэмжлийн нэгжийн үндэсний эталоныг хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараахь үр дүнд хүрнэ. Үүнд:
а / цахилгаан, дулааны эрчим хүч, нефть бүтээгдэхүүн, усны тоолууруудыг баталгаажуулах эталоны системийг бий болгож Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан үйлдвэрлэл, хэрэглээний хүрээнд дулаан, цахилгааны эрчим хүч хэрэглэгчдийг тоолууржуулах
б/ хэмжилзүйн төрийн хяналт шалгалтад хамрагдвал зохих хэмжих хэрэгслийн 75-80 орчим хувь нь улсын баталгаажуулалтад хамруулах
в/ эрчим хүчний зарцуулалтыг тооцох зориулалттай хэмжих хэрэгслийн бизнесийг хөгжүүлэх таатай орчинг бүрдүүлж, эрчим хүчний бодит хэрэглээг орчин үеийн өндөр нарийвчлалтай, баталгаатай хэмжих хэрэгслээр үнэн зөв тооцох
г/ эрчим хүчний хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн шинэ техник, технологи нэвтрүүлэх боломжийг бүрдүүлж, улмаар байгалийн нөөц баялагийг арвилан хэмнэх, байгаль орчинг хамгаалах.
 
 
_ _ оОо _ _
 
/Засгийн газрын 2001 оны 179 дүгээр тогтоолын өөрчлөлтийг тусгав./