A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2001 оны 265 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

ЦӨМИЙН ЭНЕРГИЙН КОМИССЫН ДҮРЭМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1. Цөмийн энергийн комисс (цаашид "комисс" гэх) нь цөмийн судалгаа, технологийг хөгжүүлэх, цацраг идэвхт бодис, ионжуулагч цацрагийн бусад үүсгүүр (цаашид "цацрагийн үүсгүүр" гэх)-ийг  ашиглах, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах бодлого боловсруулж, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэх Засгийн газрын байгууллага мөн.
2. Комисс нь үйл ажиллагаандаа Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын тухай хууль болон бусад хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээг дагаж мөрдөнө.
3. Комисс нь цөмийн энерги ашиглах, технологи нэвтрүүлэх, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах асуудлаар гадаад орон болон олон улсын холбогдох байгууллагатай хамтын ажиллагааг хөгжүүлнэ.  
4. Оросын Холбооны Улсын Дубна хот дахь олон улсын  Цөмийн шинжилгээний нэгдсэн институт (ЦШНИ) дэх Монгол Улсын Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчийг Засгийн газар томилж, чөлөөлнө.
5. Комисс нь улсын төвлөрсөн төсөв болон бусад эх үүсвэрээр санхүүжинэ. 
6. Комисс нь тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэнэ. 
Хоёр. Комиссын удирдлага, зохион байгуулалт
7. Комиссын дарга нь шинжлэх ухааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байна.
8. Дэд дарга нь комиссын өдөр тутмын үйл ажиллагааг мэргэшлийн хувьд удирдаж, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний өмнө хариуцна. Дэд дарга нь аж ахуй, санхүүгийн үйл ажиллагааг удирдан явуулна. Комиссын даргын түр эзгүйд түүний үүргийг дэд дарга гүйцэтгэнэ.  
9. Хариуцлагатай нарийн бичгийн дарга нь хууль тогтоомж,  бодлого, шийдвэрийг  хэрэгжүүлэх, гадаад дотоодын байгууллагатай харилцах, зохион байгуулалтын дотоод ажил зэрэг үндсэн үйл ажиллагааг хариуцна. 
10. Дэд дарга, хариуцлагатай нарийн бичгийн даргыг шинжлэх ухааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө.
11. Комиссын бүрэлдэхүүн, ажиллах журмыг комиссын дарга батална. Комиссын бүрэлдэхүүнд яам, Засгийн газрын агентлагийн холбогдох албан тушаалтан, цөмийн технологи нэвтрүүлж байгаа  байгууллагын төлөөлөгч, комиссын ажилтан орно.
12. Ажлын алба нь цөмийн энерги ашиглах, технологи нэвтрүүлэх, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах     бодлогыг хэрэгжүүлэх  үйл ажиллагааг зохицуулах чиг үүргийг гүйцэтгэнэ.
13. Цацрагийн хяналтын алба нь цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлнэ.
14. Изотоп төв нь ашиглагдахгүй болсон цацрагийн үүсгүүр болон цацраг идэвхт хаягдлыг улсын хэмжээнд хадгалах, тээвэрлэх, булшлах үйл ажиллагааг гүйцэтгэнэ.   
15. Изотоп төв нь үйл ажиллагаагаа комиссын даргын баталсан дүрмийн дагуу явуулна.
16. Комиссын дэргэд цөмийн технологи нэвтрүүлэх, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын асуудлаар зөвлөх чиг үүрэгтэй  орон  тооны бус Цацрагийн аюулгүйн  зөвлөл (цаашид "зөвлөл" гэх) ажиллана. Аюулгүйн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг комиссын дарга батална. 
Гурав. Комиссын үүрэг
17. Комисс дор дурдсан үүрэг гүйцэтгэнэ:
а/цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах бодлого боловсруулж эрх бүхий байгууллагаар батлуулан хэрэгжүүлэх;
б/цөмийн судалгаа, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдалтай холбоотой Монгол Улсын олон улсын гэрээ, хэлэлцээрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, түүний явцад хяналт тавих;
в/цөмийн эрчим хүчийг ашиглах, цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул хийх, түүнийг ашиглах, олборлох, боловсруулах, баяжуулах, импортлох, экспортлох, тээвэрлэх, хаягдлыг булшлах, ашиглалтын дараа газар сэргээх үйл ажиллагааны талаар дүгнэлт гаргаж, тусгай зөвшөөрөл олгох  асуудлыг холбогдох төрийн захиргааны байгууллагатай хамтран шийдвэрлэх;
г/ашиглагдахгүй болсон цацрагийн үүсгүүр болон цацраг идэвхт хаягдлыг улсын хэмжээнд төвлөрүүлэн хадгалах, тээвэрлэх, булшлах үйл ажиллагааг хэрэгжүүлэх;
д/цацрагийн хамгаалалт,  аюулгүй  байдлыг  хангах дэд бүтцийг (цаашид "дэд бүтэц" гэх) хөгжүүлэх, боловсронгуй болгох арга хэмжээ авах;
е/Олон  улсын  атомын  энергийн  агентлаг (ОУАЭА), Цөмийн шинжилгээний нэгдсэн институт (ЦШНИ) болон Цөмийн шинжлэх ухаан, технологийн судалгаа, хөгжил, сургалтын  Ази, Номхон далайн бүсийн гэрээний дагуу Монгол Улсын Засгийн газрын хүлээсэн үүргийг биелүүлэх ажлыг зохион байгуулах, хамтын ажиллагааг хөгжүүлэх;
ж/гадаад орон олон улсын байгууллагын техник, хамтын ажиллагааны тусламжаар хэрэгжих төслийн талаар холбогдох байгууллагатай хамтран санал боловсруулж, түүнийг  ОУАЭА-т  дэвшүүлэх, батлагдсан төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
з/цацрагийн үүсгүүртэй ажиллагсдын мэдлэг дадлагыг дээшлүүлэх, тэдгээрийг давтан сургах,  тусгай хөтөлбөрийн дагуу нарийн мэргэжлийн болон цацрагийн хамгаалалтын мэргэжилтэн бэлтгэх;
и/цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, цацрагтай холбогдсон үйл ажиллагааг олон нийтэд мэдээлэх, сурталчилах;
к/Комисс  үйл ажиллагааныхаа   тайланг  жилд  нэг удаа гаргаж Засгийн газарт, төсвийн зарцуулалтын тайланг сар, улирал, жилээр гаргаж Санхүү, эдийн засгийн яаманд тус тус тайлагнаж байна.
Дөрөв. Комиссын эрх
18. Комисс нь дор дурдсан эрхийг эдэлнэ:
а/явуулж байгаа үйл ажиллагааныхаа хүрээнд мөрдөх норм, дүрэм, журам, зааврыг баталж мөрдүүлэх;
б/үйл ажиллагааныхаа хүрээнд гэрээ хэлэлцээр байгуулах, судалгаа явуулах, захиалгат төсөл хэрэгжүүлэх, лаборатори байгуулах, орон тооны бус зөвлөл, ажлын хэсэг байгуулах;
в/үндсэн болон эргэлтийн хөрөнгө, бусад эх үүсвэрээр олсон орлогыг хууль тогтоомжийн дагуу зарцуулах; 
г/холбогдох асуудлаар  тогтоол,  тушаал гаргаж хэрэгжүүлэх, бусад байгууллага, аж ахуйн нэгж, иргэдтэй  гэрээ байгуулах ;
д/олон улсын болон бүсийн хурал, зөвлөлгөөн,   сургалтад өөрийн орны холбогдох байгууллагын төлөөлөгч, мэргэжилтнийг оролцуулах, туршлага судлах, эрдэм шинжилгээний бага хурал, зөвлөлгөөн, семинар зохион байгуулах.
 
 
 
 
 
----оОо-----