A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1998 оны 121 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт

ЭМИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
Нэг.Нийтлэг үндэслэл
                1.Эмийн үндэсний зөвлөл (цаашид "үндэсний зөвлөл" гэнэ) нь хүн болон малын эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагуудад эмийн хууль, эмийн үндэсний бодлогыг хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилго бүхий орон тооны бус мэргэжлийн зөвлөх байгууллага мөн.
                2. Үндэсний зөвлөлийг Эрүүл мэндийн дэд сайд тэргүүлэх бөгөөд орлогч дарга нь Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга байна
З.Үндэсний зөвлөл нь албан бичгийн хэвлэмэл хуудас, тэмдэг хэрэглэнэ.Үндэсний зөвлөлийн хурлаар асуудал хэлэлцүүлэх байгууллага холбогдох материалаа үндэсний зөвлөлийн нарийн бичгийн даргад өгнө.Хурлын материалыг хурал болохоос 5 хоногийн өмнө зөвлөлийн гишүүдэд тараана.
4.Үндэсний зөвлөл нь улиралд нэг удаа хуралдах бөгөөд гишүүдийн гуравны хоёроос дээш хувийн ирцтэй бол хурлыг хүчинтэйд тооцно.Хуралдааныг зөвлөлийн дарга, түүний эзгүйд орлогч дарга удирдана.Ээлжит бус хуралдааныг зөвлөлийн дарга зарлан хуралдуулж болно.
5.Үндэсний зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэж, зөвлөмж гаргана.
6.Үндэсний зөвлөлийн хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга хөтөлж, даргаар гарын үсэг зуруулан тэмдэг дарж баталгаажуулна.
7.Үндэсний зөвлөл нь хүний болон малын эмийн асуудал эрхэлсэн салбар зөвлөлтэй байна.Салбар зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрмийг үндэсний зөвлөлтэй зөвшилцөн тухайн асуудлыг эрхэлсэн сайд батална.
8.Үндэсний зөвлөлийн хуралдаанд салбар зөвлөлийн гишүүд болон бусад мэргэжилтэн, шинжээчдийг урьж оролцуулах, мөн хэлэлцсэн асуудлаар ажлын хэсэг томилон ажиллуулж болно.
9.Салбар зөвлөл нь тухайн асуудлыг хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын хэвлэмэл хуудас, тэмдгийг хэрэглэнэ.
10. Зөвлөлийн үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төсвийн багцдаа багтаан санхүүжүүлэх бөгөөд гишүүдэд хуралд оролцсон цагийг харгалзан зохих урамшуулал олгож болно.
 
Хоёр.Зөвлөлийн бүрэн эрх
 
11 . эмийн үндэсний зөвлөл дараахь үүрэгтэй байна:
а/эмийн талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох болон түүнд өөрчлөлт оруулах санал боловсруулах;
б/эмийн талаар төрөөс баримтлах бодлого болон хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг жил бүр дүгнэн хэлэлцэх;
в/хүний болон малын зориулалттай эмийн үйлдвэрлэл, импорт, экспорт, хэрэглээний одоогийн байдал, хэтийн төлөвийн талаар зөвлөмж гаргах;
г/эмийн улсын бүртгэл, эмийн чанар, хэрэглээний талаар дүгнэлт гаргах;
д/ салбар зөвлөлийн үйл ажиллагаанд хяналт тавих, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, ажлыг уялдуулах, тайланг хэлэлцэх.
12. Эмийн үндэсний зөвлөл дараахь эрхтэй байна:
а/эмийн талаар төрөөс баримтлах бодлогын асуудлаар холбогдох байгууллагаас ажлын тайлан, мэдээ, судалгаа, дүгнэлт гаргуулах;
б/эмийн талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх асуудлаар холбогдох байгууллагад зөвлөмж өгөх;
в/салбар зөвлөлийн шийдвэрийг хянан үзэж,  буруу гэж үзвэл хүчингүй болгох;
г/эмийн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний чиглэлээр аливаа байгууллагаас гаргасан шийдвэр нь  Эмийн тухай хууль, эмийн талаар төрөөс баримтлах бодлого, олон улсын бусад гэрээ хэлэлцээр,  бодлоготой нийцэхгүй гэж үзвэл хүчингүй болгох тухай саналаа зохих байгууллагад тавих;
д/шаардлагатай тохиолдолд эм, эмийн түүхий эдийн чанарыг магадлах зорилгоор лабораторийн магадлан шинжилгээг холбогдох мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
 
 
------оОо------
 
     
 
/Засгийн газрын 2003 оны 195 дугаар тогтоолоор 2, 10, 11, 12 дахь зүйлийг өөрчлөн найруулсан/