A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1994 оны 111 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт

МОНГОЛ УЛСЫН ЯАМ, ТУСГАЙ ГАЗРЫН НИЙТЛЭГ ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Энэ дүрмийн зорилго нь Монгол Улсын яам, тусгай газрын чиг үүрэг, үйл ажиллагааны нийтлэг зарчим, зохион байгуулалт, тэдгээрийн нийтлэг бүрэн эрх, нутгийн захиргааны болон бусад байгууллагатай харилцан ажиллах журмыг тогтоож зохицуулахад оршино.
 2. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлд зааснаар яам, тусгай газар нь Засгийн газрын үйл ажиллагааны зохих хүрээ, салбарыг дагнан эрхэлсэн бөгөөд Засгийн газрын үндсэн бүтцэд ордог төрийн захиргааны төв байгууллага мөн.
3. Яам, тусгай газар нь Монгол Улсын хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн биелэлтийг зохион байгуулж, эрхэлсэн хүрээ, салбарыг хөгжүүлэх асуудлаар бодлого боловсруулж, хэрэгжүүлнэ.
ХОЁР. Яам, тусгай газрын удирдлага зохион байгуулалт
4. Яам, тусгай газрыг Улсын Их Хурлаас томилсон Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газраас томилсон дарга тэргүүлэн удирдана.
Яамыг тэргүүлэн удирдаж байгаа сайд болон тусгай газрын дарга /цаашид "сайд /дарга /" гэнэ/ нь тухайн яам, тусгай газрын зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг Засгийн газрын өмнө хариуцна.
5. Яам, тусгай газрын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдсон, түүнчлэн сайдын эрхлэх үйл ажиллагааны хүрээнд тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргахад сайд /дарга/-д зөвлөх үүрэгтэй сайд /дарга/-ын зөвлөл ажиллуулна. Зөвлөлийн бүрэлдэхүүн, хуралдааны дэг, ажиллах журмыг сайд /дарга/ баталж мөрдүүлнэ.
6. Яам, тусгай газрыг тэргүүлэн удирдаж байгаа сайд /дарга/ эрх хэмжээнийхээ хүрээнд Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн дангаараа буюу бусад сайд /дарга/, аймаг, нийслэлийн Засаг даргатай хамтран шийдвэр гаргаж биелэлтийг хангуулна.
 7. Яам, тусгай газар нь эрхлэх асуудлаар бодлого боловсруулж хэрэгжүүлэх ажлыг мэргэшлийн үндсэн дээр хариуцах дэд сайд /дэд дарга/-тай байна.
 Дэд сайд, дэд даргыг сайд /дарга/-ын саналаар засгийн газар томилж, чөлөөлнө.
8. Яам, тусгай газар нь удирдлагын бүтцийн нэгж болох газар, хэлтэс, тасагтай байна. Тэдгээр нь тухайн яам, тусгай газрын эрхлэх үйл ажиллагааны зохих хүрээг дагнан хариуцсан, мэргэшлийн албан хаагчдын хэсэг мөн.
Газар нь дотроо тасагтай байж болно.
9. Яам, тусгай газрын газар, хэлтэс, тасгийн дарга, ажилтнууудыг сайд /дарга/-ын тушаалаар ажилд томилж, чөлөөлнө. Тамгын газрын болон департамент хэлбэрийн газрын даргыг ажилд томилж, чөлөөлөхдөө Засгийн газрын Хэрэг эрхлэх газартай зөвшөөрөлцөнө.
Яам, тусгай газрын газар, хэлтэс, тасгийн дарга нь сайдын өмнө ажлаа хариуцна.
10. Яам, тусгай газрын удирдлагын орон тоо, зохион байгуулалтын бүтэц, жилийн зардлын төсвийн хязгаар, цалингийн санг Засгийн газар тогтоож батална.
 ГУРАВ. Яам, тусгай газрын нийтлэг бүрэн эрх
  11. Яам, тусгай газар нь дор дурдсан нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
 а/ Монгол Улсын хууль, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, үйл ажиллагааны хөтөлбөр, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийн зорилтыг өөрийн үйл ажиллагааныхаа хүрээ, салбарын хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж биелэлтийг хангах;
б/хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол өөрийн шууд харьяа төрийн өмчийн байгууллагуудын үйл ажиллагааг чиглүүлэн удирдах;
в/төрийн өмчийн болон төсөвт аж ахуйн нэгж, байгууллагын мэргэжлийн боловсон хүчний хэрэгцээг тодорхойлж, тэднийг бэлтгэх, давтан сургах, мэргэшлийг нь дээшлүүлэх, дахин мэргэшүүлэх ажлыг зохион байгуулах, үйл ажиллагааны эрхэлсэн хүрээ, салбарын хэмжээнд ажиллагчдын хөдөлмөрийн хэвийн нөхцөл, нийгмийн баталгааг хангахтай холбогдсон арга хэмжээ авч улсын төсвийн хөрөнгөөр бэлтгэгдсэн боловсон хүчнийг ажилд хуваарилах, зөв байршуулах асуудлыг хариуцах;
 г/үйл ажиллагааны хүрээ, салбарын хэмжээнд зах зээлийн эдийн засгийн харилцааг төлөвшүүлэх, төсвийн хөрөнгө, хуулиар зөвшөөрөгдсөн тусгай зориулалтын төвлөрсөн сангийн хөрөнгийг зориулалтын дагуу оновчтой ашиглаж шинжлэх ухаан-техникийн ололт нэвтрүүлэх, судалгаа, сорилт туршилт, боловсруулалтын ажлын үр өгөөжийг дээшлүүлэх арга хэмжээ авах;
д/ үйл ажиллагааны хүрээ, салбарын харилцааг улсын хэмжээнд зохицуулах хууль тогтоомжийн төслийг боловсруулж тогтоосон журмын дагуу Засгийн газар, түүгээр дамжуулан Улсын Их Хуралд оруулах, нэгэнт батладсан хууль тогтоомжийг нийтэд тайлбарлан таниулах, эрх зүйн мэдээлэл-сургалт зохион байгуулах, Монгол Улсын хууль, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол шийдвэрт нийцүүлж гаргасан сайд /дарга/-ын тушаал шийдвэрийн биелэлтийг зохион байгуулж хангуулах;
е/хууль тогтоомжид заасны дагуу үйл ажиллагааны хүрээ, салбарын чиглэлээр улсын хэмжээнд дагаж мөрдөх заавар, дүрэм, журам, норм, нормативыг боловсруулж мөрдүүлэх, биелэлтэд хяналт тавьж, илэрсэн гажуудал, дутагдлыг арилгуулах;
ж/ үйл ажиллагааны хүрээ, салбарын асуудлаар гаргасан хөдөлмөрчдийн санал, өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, харьяа байгууллагаас энэ талаар зохиож байгаа ажилд хяналт тавьж холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
з/ үйл ажиллагааны хүрээний асуудлаар мэргэжлийн улсын хяналтыг хэрэгжүүлэх хууль тогтоомж зөрчсөн аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтанд хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд хариуцлага хүлээлгэх;
и/харьяа аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшилд байгаа төрийн өмчийн ашиглалтын байдалд хяналт тавьж, зохицуулах арга хэмжээ авах;
 (Хүчингүй болгосон : 1996 оны 318 тоот Засгийн газрын тогтоол)             
к/үйл ажиллагааны хүрээ, салбарын бодлого боловсруулах, түүний биелэлтийг зохион байгуулахад шаардагдах бүртгэл, тооцоо, судалгаа, хяналт шалгалтын холбогдолтой мэдээ, материалыг холбогдох бусад яам, тусгай газар, нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгжээс тогтоосон журам, батлагдсан маягтын дагуу гаргуулан авч салбарын нэгдсэн бүртгэл тооцоог хариуцан гаргах;
л/ харьяалсан салбарт ажиллагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, улсын хэмжээний болон төрийн дээд шагналаар шагнуулах, цол олгуулахаар тодорхойлох асуудлыг тогтоосон журмын дагуу гүйцэтгэнэ;
м/өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар гадаад орнуудын ижил төрлийн яам, тусгай газар, олон улсын холбогдох байгууллагатай хууль тогтоомжид заасан журмаар хэлэлцээ хийх, гэрээ хэлэлцээр байгуулан хамтран ажиллах;
н/сайд /дарга/-аас үйл ажиллагааныхаа хүрээний бусад асуудлаар бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд туслах аппаратын үүрэг гүйцэтгэх;
     о/хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрхийг хэрэгжүүлэх.
ДӨРӨВ. Яам, тусгай газраас Засгийн газрын өмнө ажлаа хариуцан тайлагнах, бусад байгууллагатай харилцах
12. Яам, тусгай газар нь Засгийн газрын шийдвэрийн биелэлт, ажлынхаа үр дүнг Засгийн газрын өмнө хариуцаж, ажлаа жил бүр тайлагнаж байна.
13. Яам, тусгай газар нь хариуцах ажлын үндсэн чиглэлийн хүрээнд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх асуудлыг салбарын болон нутаг дэвсгэрийн хэмжээнд уялдуулан зохицуулахдаа нутгийн захиргааны байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, тэдэнд мэдээлэл өгч, мэргэжил, арга зүйн удирдлага, туслалцаа үзүүлнэ.
14. Яам, тусгай газар нь эрх хэмжээнхээ дотор хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засаг даргын шийдвэрийг, Засаг дарга нь төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхэд саад учруулж үл болно.
15. Яам, тусгай газар, аймаг, нийслэлийн Засаг даргын хооронд үүссэн маргааныг маргалдагч талууд өөрсдөө хамтран шийдвэрлэж чадахгүй тохиолдолд хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол Засгийн газар шийдвэрлэнэ.
16. Яам, тусгай газрууд нь эрхэлсэн хүрээ, салбарын асуудлаа хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол бие дааж шийдвэрлэхийн зэрэгцээ шаардлагатай асуудлаар бусад яам, тусгай газартай хамтарч ажиллана.
17. Яам, тусгай газар нь өөрийн эрхэлсэн ажлын хүрээ, салбарын хэмжээнд аливаа бодлого, асуудлыг боловсруулахдаа харилцан санал, дүгнэлтээ солилцон бие биедээ мэргэжлийн дэмжлэг, туслалцаа үзүүлж ажиллана.
ТАВ. Бусад зүйл
18. Яам, тусгай газар нь тамга, тэмдэг, хэвлэмэл хуудсыг Засгийнгазраас тогтоосон журмын дагуу хэрэглэнэ.
19. Яам, тусгай газар нь эрхэлсэн хүрээ, салбарын онцлог, түүхэн уламжлалыг илэрхийлсэн билэгдлийн ялгах тэмдэг /эмблема/-тэй байж болно.
 20. Яам, тусгай газарт дараахь зүйлийг хориглоно:
 а/ яам, тусгай газрын аппаратад нам, олон нийтийн байгууллагын шугамаар улс төрийн үйл ажиллагаа явуулах;
б/яам, тусгай газар нь ашиг орлого олох зорилгоор аж ахуйн болон арилжаа наймааны үйл ажиллагаа эрхлэх /яам, тусгай газрын аппаратын хэвийн үйл ажиллагааг хангаж үйлчлэх үүрэгтэй санхүү, аж ахуй, үйлчилгээний ажиллагаа үүнд хамаарахгүй/.
---------------оОо----------------