A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2003 оны 35 дугаар тогтоолын хавсралт


ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА-АЖИЛЛАГААНЫ ДҮРЭМ
/ЗГ-ын 2017 оны 283-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
 
Алба-ажиллагааны зохион байгуулалт
 
1. Дотоодын цэргийн алба-ажиллагааны зохион байгуулалт, улсын онц чухал объектын хамгаалалт, зорчигч, ачаа, тээшийг тээврийн замд харгалзан хүргэхтэй холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулна.
11.Дотоодын цэргийн алба-ажиллагаа гэж улсын онц чухал объектыг хамгаалах, нийгмийн хэв журам сахиулах, гэмт хэргийг таслан зогсооход оролцох болон хуулиар тогтоосон бусад үүргийг хэрэгжүүлэхээр явуулж байгаа цогцолбор ажиллагааг хэлнэ.
(Энэ хэсгийг 2008-11-12-ны өдрийн 30-р тогтоолоор нэмсэн).
2. Байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон, үйлдвэрлэлийн осол, гал түймэр, хүн, малын гоц халдварт өвчин гарсан үед аврах ажилд болон хөл хорио, хорио цээрийн дэглэм сахиулах, нийгмийн хэв журам хамгаалах, гэмт хэргийг таслан зогсоох ажиллагаанд оролцох зэрэг хуульд заасан бусад чиг үүргийг Дотоодын цэргийн даргын баталсан журам, төлөвлөгөө, удирдамжийн дагуу зохицуулна.
(Энэ заалтад 2008-11-12-ны өдрийн 30-р тогтоолоор нэмэлт орсон).
3.  Дотоодын цэргийн дарга нь улсын онц чухал обьектын хамгаалалтад мөрдөх стандартыг тогтоож, аюулгүйн арга хэмжээний зааврыг баталж, алба-ажиллагааг зохион байгуулах удирдамжийг хагас жил тутам гаргана.
(Энэ заалтыг 2008-11-12-ны өдрийн 30-р тогтоолоор өөрчлөн найруулсан).
4. Дотоодын цэрэг нь алба-ажиллагаандаа хуульд зааснаас гадна дараахь хүч хэрэгслийг ашиглаж болно. Үүнд:
4.1. бие бүрэлдэхүүн;
4.2. хамгаалалтын инженер-техникийн хэрэгсэл;
4.3. холбооны техник хэрэгсэл;
4.4. тээврийн хэрэгсэл;
4.5. тусгай зориулалтын техник.
5. Бие бүрэлдэхүүн нь алба-ажиллагааг зохион байгуулах  үндсэн хүч бөгөөд цэргийн алба хаагч нь анги, салбарын захирагчийн тушаалаар харуул, цэргийн манааны бүрэлдэхүүнд томилогдож албан үүрэг гүйцэтгэх тухай тушаал хүлээн авсан мөчөөс анги, салбарын байрлалд ирж үүрэг гүйцэтгэсэн тухай захирагчдаа илтгэх хүртэл хугацааг харуул, цэргийн манааны  үүрэг гүйцэтгэсэнд тооцно.
6. Хамгаалж байгаа объектын хэвийн үйл ажиллагаа алдагдсан, зөрчил илэрсэн үед объектын захиргаа, харилцан ажиллагаатай байгууллага /нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага, зэргэлдээ байрлах анги, салбар/-тай мэдээлэл солилцох, тэдгээрийн хүч хэрэгслийг ашиглах журмыг анги, тусгай салбарын захирагч, объектын захиргаа, тухайн байгууллагын удирдлагатай хамтран тогтооно.
(Энэ заалтыг 2008-11-12-ны өдрийн 30-р тогтоолоор өөрчлөн найруулсан).
7. Хүн хүчийг хэмнэх, объектын хамгаалалтын найдвартай байдлыг хангах, зөрчил гарч болзошгүй чиглэлд нягтралыг бий болгох зорилгоор хамгаалалтын инженер, техникийн хэрэгслийг ашиглана.
8. Хамгаалалтын инженер-техникийн хэрэгсэл гэдэгт хориотой бүс, мөр хянах зурвас, торон саад, хаалт, хашаа, гэрэлтүүлэг, инженерийн байгууламж, дохиоллын болон хяналтын хэрэгслүүд хамаарна.
9. Анги, салбар, харуул, цэргийн манаануудыг тасралтгүй удирдлагаар хангах, мэдээ, мэдээллийг шуурхай зарлан мэдээлэх, дамжуулах, харилцан ажиллагааг найдвартай зохион байгуулахад холбооны техник хэрэгслийг ашиглана.
10. Харуул, цэргийн манааг тээвэрлэх, эргүүл хийх, гэмт этгээдийг мөрдөн хөөх, саатуулах зэрэгт тээврийн хэрэгслийг ашиглана.
11. Объектыг хориглон хамгаалах, зэвсэглэсэн гэмт этгээдийг баривчлах, саатуулах, бусад тусгай үүргүүдийг гүйцэтгэхэд байлдааны болон тусгай зориулалтын техникийг ашиглана.
 
Анги, тусгай салбарт  алба-ажиллагааг зохион байгуулах
 
12. Алба-ажиллагааг зохион байгуулахад анги, тусгай салбарын  захирагч нар дараахь  үүргийг  гүйцэтгэнэ:
12.1. энэхүү дүрэм болон дотоодын цэргийн даргын удирдамж, тушаал, штабын даргын захирамжийг удирдлага болгон алба-ажиллагааг зохион байгуулж удирдах;
12.2. хамгаалалтын цагийн байдлын мэдээг тасралтгүй судлан  шийдвэр гаргаж, гаргасан шийдвэрийн талаар дотоодын цэргийн штабын даргад илтгэх, түүний биелэлтэд хяналт тавих;
12.3. алба-ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах бүх нөхцөлийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулах;
12.4. албаны бэлэн байдлыг хангуулж, хүч хэрэгслийг байнга бэлэн байлгах;
12.5. цэргийн нийтлэг дүрмүүдэд заасан анги, тусгай салбарын захирагчийн бусад эрх, үүргийг хэрэгжүүлнэ.
13. Анги, тусгай салбарын захирагч нь шийдвэр гаргахын өмнө цагийн байдлыг судалж, тавигдсан үүрэг, түүнийг биелүүлэх хугацаа, ямар үр дүнд хүрэх, үүргийн онцлог, салбаруудын үүрэг гүйцэтгэх боломж, тэдгээрийн хангалтын байдал, харилцан ажиллагаатай байгууллагуудын үүрэг, газар орны байдал, үйл ажиллагаа явуулах нутаг дэвсгэрийн оршин суугчид, улирал, цаг агаарын байдлыг тус тус харгалзан үзнэ.
14. Захирагч нь алба-ажиллагааг зохион байгуулах тухай шийдвэрийг улирал бүр тушаалаар гаргах бөгөөд тушаалд дараахь асуудлыг тусгана:

14.1. алба-ажиллагааны бодомж, үүрэг, түүнийг биелүүлэх хугацаа, хүч хэрэгслийг төвлөрүүлэх чиглэл, ашиглах журам, албаны бэлэн байдлыг хангах арга хэмжээ;

14.2. өнгөрсөн улирлын алба-ажиллагаа, цагийн байдалд хийсэн дүгнэлт;

14.3. салбаруудын үүрэг, тавигдсан үүргийг биелүүлэх хугацаа, журам, хамгаалалтын инженер-техникийн хэрэгслээр объектыг төхөөрөмжлөх, түүнийг ашиглах журам;

14.4. цэргийн сахилга, дэг журмыг сайжруулах, аюулгүйн арга хэмжээг сахиулах, бүх төрлийн хангалтыг зохион байгуулахад тавигдах үүрэг;

14.5. хамгаалж байгаа объектын захиргаа, харилцан ажиллагаатай болон бусад байгууллагатай харилцан ажиллах үед тавигдах үүрэг, шаардагдах хүч хэрэгслийн тооцоо, штаб, төрөл мэргэжлийн албад харилцан ажиллах журам, цагийн байдлын мэдээг харилцан мэдээлэх журам;

14.6. удирдлага, холбооны зохион байгуулалтыг боловсронгуй болгох, холбоо харилцааны системийг тодотгох, хяналт шалгалтыг зохион байгуулах арга хэмжээ;

14.7. зэвсэг, тусгай хэрэгсэл, албаны нохой ашиглах журам;

14.8. цаашид алба-ажиллагааг зохион байгуулах бодомж.
15. Алба-ажиллагааг тасралтгүй удирдлагаар хангаж, зохион байгуулах, шуурхай байдлыг хангах үүрэг бүхий шуурхай удирдлагын жижүүрийг хоног тутам томилно. Түүний ажиллах журмыг Дотоодын цэргийн дарга тогтооно.
(14, 15 дахь заалтыг 2008-11-12-ны өдрийн 30-р тогтоолоор тус тус өөрчлөн найруулсан).
16. Ангийн штаб нь дээд штабын даргын захирамж, ангийн захирагчийн шийдвэрийг үндэслэн алба-ажиллагааг зохион байгуулах бөгөөд дараахь үүрэг хүлээнэ:
16.1. цагийн байдлын мэдээг тасралтгүй цуглуулж, нэгтгэн дүгнэх, захирагчийн шийдвэрт зайлшгүй шаардлагатай тооцоо, судалгаа гарган  штабын  бодомжийг илтгэх;
16.2. ангийн захирагчийн шийдвэрийг албажуулах, алба-ажиллагааны төлөвлөгөө болон бусад баримт бичгийг боловсруулах;
16.3. захирагчийн шийдвэрийг бие бүрэлдэхүүнд хүргэх, хэрэгжүүлэх ажлыг гүйцэтгэх;
16.4. ангийн салбар, албадын үйл ажиллагааг удирдан зохицуулах, бүх төрлийн хангалтыг зохион байгуулж, биелэлтийг шалгах;
16.5. харилцан ажиллагаатай байгууллагууд болон анги, салбаруудын  харилцан ажиллагааг зохион байгуулах;
16.6. цэргийн далд удирдлагыг хангаж, холбоог зохион байгуулах;
16.7. цагийн байдлын мэдээг ангийн захирагчид  цаг тухайд нь илтгэх, харилцан ажиллагаатай байгууллагуудыг шаардлагатай мэдээллээр хангах;
16.8. албаны бэлэн байдлыг хангаж, нууц хадгалалт, хамгаалалтыг зохион байгуулах.
17. Захирагчийн орлогч, албадын дарга нар нь  салбаруудад тавигдсан үүргийг биелүүлэх нөхцөлийг бүрдүүлж,  бүх төрлийн хангалтыг зохион байгуулах бөгөөд цагийн байдлыг өөрсдийн гүйцэтгэх үүргийн хэмжээнд мэдэж, анги, салбаруудын үүрэг, тэдний боломж, өөрийн албаны чиглэлээр авах арга хэмжээний талаархи саналаа ангийн захирагч, штабын даргад илтгэж өгсөн үүргийг биелүүлэх үүрэгтэй.
18. Салбаруудад шийдвэр хүргэх ажлын хэсэг ангийн захирагчийн тушаалаар томилох бөгөөд хүргэх хугацааг мөн ангийн захирагч тогтооно.
19. Ангийн захирагчийн шийдвэрийг хүргэх ажиллагаа нь дараахь хэсгээс бүрдэнэ:
19.1. төлөвлөлт-шийдвэр хүргэх төлөвлөгөө зохиох, шийдвэрийн хуулбарыг бэлтгэх, шийдвэр хүргэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хийгдэх ажлыг хуваарилах, хувийн төлөвлөгөө зохиолгох зэрэг арга хэмжээ багтана;
19.2. бэлтгэл ажил-заах хичээлийн төлөвлөгөө бэлтгэх, арга зүйн хичээл явуулах, хичээлийн бэлтгэлийг шалгаж үүрэг тавих зэрэг арга хэмжээ багтана;
19.3. салбарт  ажиллах-офицеруудад үүрэг, зорилгыг танилцуулах, салбарын даргын илтгэлийг сонсох, салбарын дотоод дэг журам, хангалт үйлчилгээ, зэвсэг, галт хэрэгслийн хадгалалт хамгаалалт, харуул, цэргийн манааны үүрэг гүйцэтгэлтийг шалгах, илэрсэн дутагдлыг арилгуулах, сахилгын байдалд дүн шинжилгээ хийх, хичээл заах зэрэг арга хэмжээ багтана.
20. Шийдвэрийг хүргэсэн ажлын хэсгийн ахлагч нь салбарт  ажилласан дүнгийн тухай  салбарын харуулын албаны дэвтэрт  бичиж, салбар нь хүлээсэн албан үүргээ хэрхэн биелүүлж байгаа байдал, цаашид авах арга хэмжээний  талаархи  саналаа  илтгэх  хуудсанд тодорхой  бичиж  энэ талаар ангийн захирагчид танилцуулна.
21. Алба-ажиллагаанд хүч хэрэгслийг бэлтгэх ажиллагаа дараахь арга хэмжээнээс бүрдэнэ:
21.1. харуулын дарга, цэргийн манааны ахлагч, бага тушаалын мэргэжилтнүүдэд сургалт явуулах;
21.2.  харуул, цэргийн манааны бүрэлдэхүүнд томилогдсон  алба хаагчидтай нэг бүрчлэн уулзаж, албан үүрэг гүйцэтгэх боломжтой эсэхийг тодорхойлох;
21.3. харуул, цэргийн манааны бүрэлдэхүүн албан үүргээ гүйцэтгэх онцлогууд, цагийн байдал хүндэрсэн үеийн ажиллагаа, хамгаалалтын инженер-техникийн хэрэгслийг ашиглах журам,  аюулгүйн арга хэмжээг сахих талаар хичээл заах;
21.4. объектын хамгаалалтын болон цагийн байдал хүндэрсэн үед анги, салбаруудын ажиллах төлөвлөгөөнд тодотгол хийх;
21.5. зэвсэг, холбоо, дохиолол, инженер-техникийн хэрэгслүүд, албаны нохойг бэлтгэх;
21.6. хамгаалалтад буй объектын захиргаатай хамтран хамгаалалтын инженер-техникийн хэрэгслийн байдлыг шалгах, тэдгээрийг тасралтгүй хэвийн ажиллагаатай байлгах;
21.7. харуул, цэргийн манааны бүрэлдэхүүний бүх төрлийн хангалтыг зохион  байгуулах арга хэмжээнүүд.
22. Харилцан ажиллагааг өөрийн салбаруудын хооронд, түүнчлэн зэргэлдээ анги, тусгай салбарын хооронд, хамгаалуулж байгаа объектуудын захиргаа, бусад харилцан ажиллагаатай байгууллагуудтай хамтран тус тус зохион байгуулна.
23. Харилцан ажиллагааг зохион байгуулахын тулд анги, салбарууд "Харилцан ажиллагааг зохион байгуулах төлөвлөгөө"-г боловсруулж түүнд ердийн болон хүч нэмэгдүүлсэн хамгаалалт, цагийн байдал хүндэрсэн үед харилцан ажиллах журмыг тодорхойлох бөгөөд ангийн төлөвлөгөөг Дотоодын цэргийн дарга, салбарын төлөвлөгөөг ангийн захирагч тус тус батална.
24. Алба-ажиллагаанд хийх хяналт, шалгалт нь анги, салбарт тавигдсан үүргийг бүрэн биелүүлэх, алба хаагчдыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, оршиж байгаа зөрчил, дутагдлыг илрүүлж тухай бүрт нь арилгах үндсэн зорилготой байна.
25. Хяналт, шалгалтыг урьдчилсан, цаг үеийн, үр дүнгийн гэж ангилах бөгөөд урьдчилсан шалгалтыг дээд штабаас хийх шалгалтын өмнө, цаг үеийн шалгалтыг удирдамж, шийдвэрийн биелэлтийн явцыг шалгах зорилгоор, үр дүнгийн шалгалтыг удирдамж, шийдвэрийн биелэлтийг дүгнэх зорилгоор  тус тус  хийнэ.
26. Хяналт, шалгалтыг төлөвлөгөөт болон гэнэтийн байдлаар, иж бүрнээр эсхүл тодорхой чиглэлээр хийх бөгөөд тэр нь цаг үеэ олсон, бүх талыг хамарсан бодитой, үр дүнтэй байна.
27. Ангийн захирагч салбаруудыг улиралд нэгээс доошгүй удаа биечлэн, эсхүл орлогч нараар шалгуулж, үйл ажиллагааны бодит байдлыг судалж, шаардлагатай бол илэрсэн дутагдлыг арилгуулах зорилгоор шалгалтын комиссыг томилон ажиллуулна.
28. Харуул, цэргийн манааны бүрэлдэхүүний албан үүргийн гүйцэтгэлтийг хоног тутамд шалгах бөгөөд ингэхдээ объектод нууцаар нэвтрэх, гэмт халдлага хийж байгааг дүрслэх зэргээр шалгахыг хориглоно.
29. Анги, тусгай салбар, салбар, харуул, цэргийн манаанд гэмт хэрэг, сахилгын ноцтой зөрчил гарсан үед  албаны шалгалт явуулах бөгөөд ангийн захирагч албаны шалгалтын дүнг Дотоодын цэргийн штабын даргад илтгэж, гэмт хэрэг, зөрчил гарсан бол шалтгааныг арилгах, бусад салбаруудад ийм  хэрэг, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна.
 
Салбар, салаанд  алба-ажиллагааг зохион байгуулах
 
30. Салбарт алба-ажиллагааг зохион байгуулах арга хэмжээ дараахь хэсгээс бүрднэ:
 30.1. цагийн байдлын мэдээг тасралтгүй цуглуулж судлан, дүгнэлт хийх;
 30.2. шийдвэр гаргаж,  бие бүрэлдэхүүнд хүргэх;
 30.3. харилцан ажиллагаа /холбоо/-г зохион байгуулах;
 30.4. объект хамгаалах төлөвлөгөөг боловсруулах;
 30.5. хүч хэрэгслийг бэлтгэх;
30.6. харуул, цэргийн манаа томилох;
 30.7. бүх төрлийн хангалтыг зохион байгуулах;
30.8. хяналт, шалгалт хийж, дүнг гаргах.
31. Салбарын захирагч объект хамгаалах шийдвэрийг сар бүр гаргаж, хоногийн төлөвлөгөө зохион, цагийн байдал хүндэрсэн үед ашиглах хүч хэрэгслийн тооцоо хийж, ажиллах журмыг тодотгоно.
32. Салбарын захирагчийн шийдвэрт дараахь асуудлыг тусгана:
32.1. алба-ажиллагааны бодомж;
32.2. хамгаалалтын төрөл /ердийн ба хүч нэмэгдүүлсэн/;
32.3. зөрчил гарч болзошгүй чиглэл, түүнийг хамгаалах журам, хамгаалалтыг нягтруулах хэсэг, хугацаа;
32.4. хамгаалалтын бүс,газар оронд үзлэг хийх журам;
32.5. харилцан ажиллагааг зохион байгуулах журам;
32.6. объектод тогтоосон дэглэм, журмын биелэлтийг хянах арга хэмжээ;
32.7. цагийн байдал хүндэрсэн үед  ажиллах журам;
32.8. албан үүрэг гүйцэтгэж байгаа харуул, цэргийн манаануудын үүрэг гүйцэтгэлтэд тавих хяналт, шалгалт.
33. Салбарын захирагчийн объект хамгаалах хоногийн төлөвлөгөөнд  өнгөрсөн хоногийн цагийн байдал, зөрчил гарч болзошгүй чиглэл, хэсэг, объектын газар, оронд үзлэг хийх цаг, маршрут, албаны нохойг харуулын цэгт уях цаг, хамгаалалтад томилогдсон харуул, цэргийн манааны тоо, төрөл, бүрэлдэхүүн, үүрэг гүйцэтгэх хугацаа, харуул, цэргийн манаанд хүч нэмэгдүүлэх хүч хэрэгслийг тус тус тодорхойлно.
(Энэ заалтад 2008-11-12-ны өдрийн 30-р тогтоолоор нэмэлт орсон).
34. Салбарын захирагч  гүйцэтгэх үүрэг, цагийн байдал, түүний өөрчлөлт, өнгөрсөн хоногт харуул, цэргийн манааны  бүрэлдэхүүнээс албан үүрэг гүйцэтгэсэн дүнгийн талаар салбарын бүрэлдэхүүнд мэдээлж,хоногийн шийдвэр, төлөвлөгөөг танилцуулж харуулын албаны дэвтэрт бичнэ.
35. Салааны захирагч нь салбарын захирагчийн шийдвэрийг хүлээн авч салааны бие бүрэлдэхүүний албан үүрэг гүйцэтгэх бэлтгэлийг хангуулахын тулд дараахь арга хэмжээг авч, салааг үүрэг гүйцэтгэхэд бэлэн болсон тухай салбарын захирагчид  илтгэнэ:
35.1. харуулын дарга, цэргийн манааны ахлагч, тэдгээрийн туслах нарт зааварчилга өгөх;
35.2. харуул, цэргийн манаанд томилогдсон  бүрэлдэхүүнтэй уулзаж, тэдний  санал, сэтгэгдлийг сонсох, зааварчилга өгөх;
35.3. зэвсэг, холбоо, гэрэлтүүлэг, тусгай хэрэгсэл болон хувцаслалтыг шалгах, тусгай хувцас болон харуулын бүрэлдэхүүний хүнсэнд хэрэглэгдэх материалыг хүлээн авах, шаардлагатай бол бүрэлдэхүүнийг эмнэлгийн үзлэгт оруулах.
36. Харуул, цэргийн манааны бэлтгэл хийх хугацааг анги, салбарын цагийн хуваарьт заана.
37. Харуул, цэргийн манааны бүрэлдэхүүнд сурган зааварлах хичээлийг салбарын захирагчийн шийдвэрээр сургуулийн хотхон, хичээлийн танхимд албаны бичиг баримт, заавар, бүдүүвч,бусад сургалтын материалыг ашиглан явуулна.
38. Сурган зааварлах хичээл явуулахдаа харуул, цэргийн манааны бүрэлдэхүүнд цагийн байдлыг мэдээлэх, тавигдсан үүрэг, түүнийг гүйцэтгэх онцлог, холбоо, дохиоллын болон хамгаалалтын инженер-техникийн хэрэгслийг  ашиглах, харуул, цэргийн манааны ажиллах журмыг тус тус танилцуулж тэднээр харуулын цэгийн бүрдлийн хүснэгтэд заагдсан харуулчин /цагийн манаач/-ы онцгой үүргүүд, зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэх журам, албан үүрэг гүйцэтгэх аюулгүйн арга хэмжээ зэргийг судлуулан, дадлагажуулах ажлыг зохион байгуулна.
39. Улсын онц чухал объектын хамгаалалтад албан үүрэг гүйцэтгэхээр томилогдсон харуулын бүрэлдэхүүнд салбарын захирагч эсхүл түүний орлогч, нийгмийн хэв журмыг сахиулах, гэмт хэргийг таслан зогсоох ажиллагаанд оролцохоор  томилогдсон цэргийн манааны бүрэлдэхүүнд ангийн захирагч эсхүл түүний аль нэгэн орлогч нь тушаал  өгнө.
40. Харуул, цэргийн манааны албан үүрэг гүйцэтгэхээр томилогдсон бүрэлдэхүүнд өгөх тушаалд дараахь зүйлийг тусгана:
40.1. харуул, цэргийн манааны гүйцэтгэх үүрэг, албан үүргээ гүйцэтгэх журам;
40.2. зэвсэг, тусгай хэрэгслийг хэрэглэх журам;
40.3. зэвсэгтэй харьцах үеийн болон бусад аюулгүйн арга хэмжээ;
40.4. албан үүрэг гүйцэтгэх хугацаа, түүний дүнг илтгэх цаг.
40.5. Дохиолол, теле хяналтын болон инженер, техникийн хэрэгслийг ашиглах журам, таних нэр.
(Энэ хэсгийг 2008-11-12-ны өдрийн 30-р тогтоолоор  нэмсэн).
41. Цагийн  хуваарьт заагдсан цагт салбарын захирагч, түүний эзгүйд орлогч нь байлдааны хуваарийг хийх бөгөөд ингэхдээ өнгөрсөн хоногийн үүрэг гүйцэтгэлийн дүн, цагийн байдлын мэдээ, дараагийн хоногт томилогдох харуул, цэргийн манаа,  салаа (тасаг)-нд зохиогдох сургалт хүмүүжлийн ажлын цаг, гадна ажилд томилогдох бүрэлдэхүүн, цагийн байдал хүндэрсэн үед салбарын бие бүрэлдэхүүнээс гүйцэтгэх  үүрэг, ажиллах журам, дээд байгууллагын даргын шийдвэрийн заалтуудыг мэдээлэх үүрэгтэй.
42. Харуулын дарга, цэргийн манааны ахлагч нь бүрэлдэхүүнийхээ албан үүрэг гүйцэтгэсэн дүнг хүн нэг бүр дээр гаргаж, үнэлэлт өгч, дүнг салбарын захирагчид   илтгэнэ.
43. Бие бүрэлдэхүүн алба-ажиллагаанд оролцож, албан үүрэг гүйцэтгэсэн дүнг тасаг, салаанд өдөр бүр, салбарт долоо хоног бүр гаргана.
44. Салбарын алба-ажиллагааны үүрэг гүйцэтгэсэн нэгдсэн дүнг сараар гаргаж, ангийн штабт илтгэж, харуул, цэргийн манааны  томилолтын хуудсыг хураалгана.
45. Тодорхой объектыг хамгаалуулахаар томилсон зэвсэглэсэн салбарыг харуул гэх бөгөөд харуул нь байнгын болон түр байна.
46. Хамгаалж байгаа объектод байнгын хяналт тавьж, тогтоосон дэглэм журмыг сахиулж, гадны халдлага, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж, таслан зогсоох зорилгоор байнгын харуулыг томилно.
47. Шаардлагатай үед зарим объектыг түр хугацаагаар хамгаалуулахаар түр харуулыг томилно.
48. Нийгмийн хэв журам сахиулах, гэмт хэргийг таслан зогсоох ажиллагаанд оролцуулахаар томилсон албан хаагчийг цэргийн манаа гэх бөгөөд цэргийн манааг нийгмийн хэв журам сахиулах, эрэн сурвалжлах гэж ангилна.
49. Цэргийн манаа нь гурваас доошгүй албан хаагчаас бүрдэнэ.
50. Харуул, цэргийн манааны бүрэлдэхүүнд дараахь зүйлийг хориглоно:
50.1. харуул цэргийн манааг шалгах эрх бүхий албан тушаалтнаас бусад хүнд албаны үйл ажиллагааг танилцуулах;
50.2. албаны сонор сэрэмж, хариуцлагыг сулруулах;
50.3. шаардлагагүй үед галт зэвсгийн сумны байранд сум оруулах;
50.4. харуул, цэгийн байрыг дур мэдэн орхих, даалгасан үүргээс  өөр зүйл хийх;
50.5. албан хэрэгцээнд тавьж олгосон холбооны хэрэгслийг зориулалтын  бусаар ашиглах.
51.  Үүрэг гүйцэтгэж байгаа харуул, цэргийн манааны бүрэлдэхүүнийг татан буулгах, өөрчлөлт оруулахыг Дотоодын цэргийн дарга, харуулын цэгийн байрлалд өөрчлөлт оруулахыг анги, тусгай салбарын захирагч, харуулд томилогдсон алба хаагчийг өөрчлөх асуудлыг салбарын захирагч тус тус шийдвэрлэнэ.
(Энэ заалтыг 2008-11-12-ны өдрийн 30-р тогтоолоор өөрчлөн найруулсан).
 
Улсын онц чухал объектын хамгаалалт
 
52. Монгол Улсын Засгийн газраас Дотоодын цэргийн хамгаалалтад байхаар тогтоосон улс орны нийгэм, эдийн засгийн онцгой ач холбогдол бүхий үйлдвэр, албан газар, байгууллага, барилга байгууламжийг улсын онц чухал объект /цаашид "объект"/ гэнэ.
53. "Объектын хамгаалалт" гэж улсын онц чухал объектын хэвийн ажиллагааг хангах, объектыг халдлагаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хамгаалж байгаа объектод нэвтрэх /орох, гарах/ хүн, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, хамгаалалтын бүсэд тогтоосон дэглэм журмыг сахиулах зорилгоор хамгаалалтын хүч хэрэгслүүдийг ашиглан хамгаалж байгаа объектын захиргаатай хамтран зохион байгуулж байгаа цэргийн ажиллагааг хэлнэ.
54. Объектын хамгаалалтад дараахь шаардлага тавигдана:
54.1. хамгаалалтыг уян хатан, шуурхай тасралтгүй зохион байгуулах;
(Энэ хэсэгт 2008-11-12-ны өдрийн 30-р тогтоолоор нэмэлт орсон).
54.2. хүч хэрэгслийг үр дүнтэй ашиглаж, харилцан ажиллагаатай байгууллага /нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага болон зэргэлдээ байрлах анги, салбар/-тай байнгын харилцан ажиллагаатай байх;
54.3. хамгаалалтын системийг оновчтой зохион байгуулах;
54.4. хамгаалалтын аргыг зөв сонгон хэрэглэх;
54.5. бэлэн байдалд байх бэлтгэл хүчийг зохион байгуулах;
54.6. анги, салбарууд орон тоо, материал, техник хэрэгслээр хангагдаж, хамгаалах ажиллагаанд бүрэн  бэлтгэгдсэн байх.
55. "Объектын хамгаалалтын систем" гэж хамгаалж байгаа объектын онцлогоос шалтгаалан хүч хэрэгслийг хамгийн оновчтой байдлаар бүлэглэж  байрлуулах журмыг хэлнэ.
56. Хамгаалалтын систем нь объектын хамгаалалтын найдвартай байдал, түүнд тавигдах шаардлагыг бүрэн хангасан, объектын онцлог, улирал, цаг агаарын байдалд зохицсон байна.
57. Хамгаалалтын системд дараахь зүйл багтана:
57.1. харуул, түүний байрлал, харуулчин /цагийн манаач/, шалган нэвтрүүлэгчийн албан үүргээ гүйцэтгэх байр, хамгаалалтын зааг, хяналтын чиглэл;
57.2. хамгаалалтын инженер-техникийн болон холбоо, дохиолол, хяналтын хэрэгслүүд;
57.3. хамгаалж байгаа объектын захиргааны болон харилцан ажиллагаатай байгууллагын хүч хэрэгсэл;
57.4. бэлтгэл хүч.
58. "Хамгаалалтын арга" гэж хамгаалж байгаа объектын онцлог, байршлаас хамааран уг объектыг яаж хамгаалах хэлбэрийг сонгон авах журмыг хэлнэ.
59. Хамгаалалтын аргуудад эргүүлийн үүрэг гүйцэтгэх, хянах цамхагт буюу тусгайлан заасан газарт хөдөлгөөнгүй үүрэг гүйцэтгэх болон өдрийн цагт хянах цамхагт үүрэг гүйцэтгэх, шөнийн цагт эргүүл хийх, эдгээрийг хослуулсан аргууд багтана.
 
Объектыг хамгаалалтад хүлээн авах
 
60. Шинээр хамгаалалтад авах объектыг Дотоодын цэргийн даргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг хүлээн авах бөгөөд ажлын хэсэг нь объектыг хамгаалалтад хүлээн авсан /хүлээн аваагүй/ тухай нотломж үйлдэнэ.
61. Объектын захиргаа харуулын бүрэлдэхүүнийг цэргийн болон харуулын байр, сууц, албаны өрөө тасалгаагаар хангах, объектын хамгаалалтын бүсийг дохиолол, теле хяналтын болон инженер-техникийн хэрэгслээр төхөөрөмжлөх арга хэмжээ авах үүрэгтэй.
(Энэ заалтад 2008-11-12-ны өдрийн 30-р тогтоолоор нэмэлт орсон).
62. Oбъектын хамгаалалтыг хэвийн зохион байгуулахын тулд хамгаалагч, хамгаалуулагч байгууллагын эрх, үүрэг, хүлээх хариуцлага, хамгаалалтад шаардагдах хүч хэрэгсэл, төсөв хөрөнгө, хангалт үйлчилгээний талаар гэрээ байгуулах бөгөөд гэрээг Дотоодын цэргийн штабын дарга, объектын захиргааны дарга нар хамтран  батална. 
63. Дотоодын цэргийн даргын шийдвэрээр зарим объектыг түр хугацаагаар хамгаалалтад авч болно.
 
Объектыг хамгаалах харуулын алба
 
64. Объектод хүн, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, тогтоосон дэг журмыг сахиулахаар явуулж байгаа арга хэмжээг "объектыг хамгаалах харуулын алба" гэх бөгөөд харуулын дарга нь дараахь үүрэг хүлээнэ:
64.1. хамгаалах объектын онцлог, харуулын гүйцэтгэх үүрэг, ажиллах журмыг  судалж мэдсэн байх;
64.2. хамгаалалтын нөхцөл байдлын тухай объектын захиргаанд тогтоосон журмын дагуу мэдээлэх, хамгаалалтыг сайжруулах талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай санал тавих;
64.3. объектод шалган нэвтрүүлэх журмын биелэлтэд хяналт тавьж шаардлагатай бол нэмэгдэл шалгагчийг томилон ажиллуулах;
64.4. харуулчдын илрүүлсэн зөрчилд дүгнэлт хийж, гэмт хэргийн шинжтэй зөрчлийг цагдаагийн байгууллагад шилжүүлэх;
64.5. хамгаалж  байгаа объектод авто тээврийн болон төмөр замын тээврийн хэрэгсэл орох, гарах үйл ажиллагааг зохицуулах, тэдгээрийн дугаар, орсон, гарсан хугацааг бүртгэх ажлыг зохион байгуулах;
64.6. салбарын захирагчаас тогтоосон цагт харуулын ээлжийн бүрэлдэхүүний сургууль, дадлага, хүмүүжлийн ажлыг удирдаж явуулах.
65. Хамгаалж байгаа объектын хэвийн ажиллагаа алдагдсан буюу зөрчил гарсан бол харуулын дарга дараахь үүрэгтэй:
65.1. объект дээр бий болсон цагийн байдлыг нэн даруй салбарын захирагч, шуурхай удирдлагын жижүүрт илтгэх;
65.2. объектын хамгаалалтыг хүч нэмэгдүүлэх;
65.3. харуулын цэгт үүрэг гүйцэтгэж байгаа шалган нэвтрүүлэгч, харуулчин /цагийн манаач/-д нэмэгдэл үүрэг өгөх;
65.4.  объектод хүн, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх ажиллагааг хязгаарлах;
65.5. объектын хашаа, инженер-техникийн хэрэгсэлд эвдрэл, гэмтэл гарсан эсэхийг судалж, шаардлагатай хэсгүүдэд нэмэгдэл харуулчин /цагийн манаач/-г томилох;
65.6. харуулчдын үүрэг гүйцэтгэлтэд тавих хяналт, шалгалтыг эрчимжүүлэх;
65.7. осол, тэсрэлт, дэлбэрэлт, гал түймрийн голомтоос зөөн гаргасан эд  хөрөнгө, тоног төхөөрөмж,  баримт бичиг болон бусад зүйлийг шаардлагатай бол түр хугацаагаар хамгаалах;
65.8. 3өрчил гарсан хэсэгт өөрийн биеэр очиж байдлыг судлах, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай объектын захиргаанд танилцуулах;
65.9. халдлагад өртсөн харуулчин /цагийн манаач/-д туслалцуулах зорилгоор харуулын бэлтгэл бүлгийг илгээж, халдлагыг таслан зогсоох арга хэмжээ авах;
65.10. халдсан этгээдийг саатуулж, хэргийн газар, ул мөр, эд мөрийн баримтыг хамгаалалтад авах.
66. Харуулын дарга нь объектын дотоод дэг журмыг ноцтойгоор зөрчсөн хүмүүсийг түр хугацаагаар саатуулж, шаардлагатай бол саатуулагдсан этгээдийн биед болон түүний явсан хөдөлгөөний чиглэлийн дагуу газар орны үзлэг хийж, тэмдэглэл хөтөлнө.
67. Харуулын дарга шаардлагатай бол байлдааны нөөц сум бүхий авдрыг нээж, харуулчдад галт хэрэгсэл тавьж олгон, нотломж үйлдэнэ.
68. Харуулын байранд халдлага болсон бол харуулын дарга нь "Харуул-байлдаанд" гэсэн команд өгөх бөгөөд энэ командаар харуулын бүрэлдэхүүн байлдааны хуваарьт заасны дагуу байраа эзлэх бөгөөд харуулын дарга цагийн байдлыг харуулчин /цагийн манаач/-д мэдээлэн, халдлагыг таслан зогсоох ажиллагааг зохион байгуулна.
69. Харуул, харуулчин /цагийн манаач/ дараахь үүрэг хүлээнэ: 
69.1. харуулын цэгийн бүрдлийн хүснэгтэд заасан үүргээ мэдэж, албан үүргээ өндөр хариуцлага, сонор сэрэмжтэй, үнэнч шударга, идэвхи санаачилгатай гүйцэтгэх;
     
69.2. объектод нэвтрэх хүн, тээврийн хэрэгслийг тогтоосон журмын дагуу шалган нэвтрүүлэх;
69.3. хариуцсан хэсэгт хяналтыг тасралтгүй тавьж, сэжигтэй байдал илэрвэл харуулын даргад нэн даруй илтгэх;
69.4. объектын ажилтан, албан хаагчидтай зөв боловсон харьцаж, тэднийг гадны хүмүүсээс ялган таньдаг байх;
69.5. галт зэвсэг, тусгай хэрэгслийг хууль дүрэм, зааврын дагуу зөв хэрэглэх;
69.6. хамгаалалтад мөрдөх стандарт, аюулгүйн арга хэмжээний зааврыг мэдэж, мөрдөж ажиллах.
(Энэ хэсгийг 2008-11-12-ны өдрийн 30-р тогтоолоор өөрчлөн найруулсан).
69.7. хамгаалалтын нөхцөл байдлын тухай харуулын даргад тогтоосон цагт илтгэх.
70. Объектыг хамгаалж байгаа харуулчны албан үүрэг гүйцэтгэх хугацааг Дотоодын цэргийн дарга тогтооно. Шөнийн /22-06 цаг/ ээлжийн харуулд 6 цагаас илүү хугацаагаар үүрэг гүйцэтгэвэл тэдний нэг удаа хооллох зардлыг объектын захиргаа хариуцна.
 71. Хамгаалж байгаа объектын онцлогт тохирсон "объект хамгаалах харуулын заавар"-ыг ангийн захирагч батлах бөгөөд түүнд харуулын даргын мөрдөх заавар, харуулчин /цагийн манаач/-ы үүрэг, ажиллах журам, холбоо, дохиолол, гэрэлтүүлгийн хэрэгслийг ашиглах журам, онцгой анхаарах хэсэг, гал, усны болон гэнэтийн бусад аюул гарах, зөрчил илэрсэн үед ажиллах, объектод үзлэг явуулах,  хүн, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэх журам зэргийг тусгана.
72. Объектыг хамгаалж байгаа харуул нь үүрэг гүйцэтгэх үед гарсан байдлын талаар хяналтын бүртгэлд дэлгэрэнгүй тэмдэглэл хөтөлнө.
73. Объектын бүдүүвч, хадгалах байр, агуулах, усан санг нээх эрх бүхий албан тушаалтны нэрсийн жагсаалт, нэвтрэх эрхийн үнэмлэхийн загварыг харуулын самбарт байрлуулна.
74. Объектын лацны тэмдгийн буулгасан хэвний загварыг харуулын байранд хадгална.
 
Объектод шалган нэвтрүүлэх журам
 
75. Объектод хүн, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх журмыг ангийн штаб объектын захиргаатай хамтарч тогтоох бөгөөд дараахь зүйлийг тусгана:
75.1. объектод нэвтрэх үнэмлэхийн ангилал, түүнийг олгох, хэрэглэх, хадгалах, тооцох журам;
75.2. объектод хүн, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх болон бараа материалыг оруулах, гаргах журам;
(Энэ хэсгийг 2008-11-12-ны өдрийн 30-р тогтоолоор өөрчлөн найруулсан).
75.3. тогтоосон журмыг сахиулахад чиглэгдсэн объектын захиргаа, шалган нэвтрүүлэгчийн хүлээх үүрэг;
75.4. объектод үйлдвэрлэлийн осол, гал түймэр гарсан үед түргэн тусламж, галын болон осол аваарын дуудлагаар ирсэн автомашинуудыг нэвтрүүлэх журам.
 
Объектыг хүч нэмэгдүүлж хамгаалах журам
 
76. Объектыг дараахь тохиолдолд хүч нэмэгдүүлж хамгаална:
76.1. гал түймэр, үйлдвэрлэлийн осол, гэнэтийн бусад аюул тохиолдож объектын хэвийн үйл ажиллагаа алдагдсан, цагийн байдал хүндэрсэн үед;   
76.2. объектод гэмт этгээд нэвтэрсэн, харуулын байр, харуулчин /цагийн манаач/-д халдсан;
76.3. объектын ойролцоо гал түймэр, дэлбэрэлт, осол, гэнэтийн бусад аюул гарсан.            
77. Объектын хамгаалалтыг хүч нэмэгдүүлж зохион байгуулах үед авах арга хэмжээ, жижүүр, харуулын албан үүрэг гүйцэтгэх журам, зохион байгуулалтыг хамгаалалтын төлөвлөгөөнд урьдчилан тусгана.
78. Объектыг хүч нэмэгдүүлсэн хамгаалалтад шилжүүлсэн тухай анги, салбарын захирагч, харуулын дарга нь шууд захирах даргадаа илтгэх үүрэгтэй.
79. Объектыг хүч нэмэгдүүлж хамгаалах үед дараахь  арга хэмжээг авна:
79.1. албаны бэлэн байдлын зэргүүдэд шилжүүлэх болон  урьдчилсан ажиллагааны төлөвлөгөөнд тодотгол хийх, бэлтгэл хүчний бэлэн байдлыг шалгах, холбооны нэмэгдэл хэрэгслүүдийг  дэлгэх;
79.2. харуулын бүрэлдэхүүний тоо хэмжээ, офицер, ахлагч, хугацаат албаны цэрэг, түрүүч нарын албаны ачааллыг нэмэгдүүлж, хамгаалалтад зөрчил гарч болзошгүй чиглэл, хэсгүүдэд нэмэгдэл харуулчин /цагийн манаач/ томилон үүрэг гүйцэтгүүлэх;
79.3. харуул, манаанд ашиглагдаж байгаа холбооны хэрэгслийг  байнгын чагналтын горимд шилжүүлэх;
79.4. зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис, шатах тослох материалын бүрдэл, тооцоог шалгах, түүний хадгалалтад тавих хяналт, шалгалтыг сайжруулах;
79.5. объектод шалган нэвтрүүлэх ажиллагааг  чангатгах, шаардлагатай бол нэг удаагийн нэвтрэх бичгээр нэвтрүүлэх ажиллагааг  зогсоох;
79.6. объектын захиргаатай харилцан ажиллах төлөвлөгөөнд тодотгол хийх;
79.7. жижүүрийн салбар, бэлтгэл хүчийг үүрэг гүйцэтгүүлэхэд бэлэн  байлгах;
79.8. хамгаалалтын инженер-техникийн хэрэгслүүдэд  үзлэг хийж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах,  болзошгүй чиглэлүүдэд нэмэгдэл хэрэгсэл, төхөөрөмж тавих;
 79.9. тээврийн хэрэгслүүдийг зөвхөн ангийн захирагчийн баталсан хуваарийн дагуу ажил, үйлчилгээнд гаргаж, офицер, ахлагч нараар автомашины ахлагчийг томилох;
79.10. албан үүрэг гүйцэтгэж байгаа хоногийн манаа, харуулын бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэлтэд тавих хяналт, шалгалтыг эрчимжүүлэх.
80. Шууд захирах даргын шийдвэрээр баяр ёслолын өдрүүдэд хүч нэмэгдүүлсэн хамгаалалтыг зохион байгуулах үед  анги, салбаруудад дараахь  нэмэгдэл арга хэмжээг авна:
80.1. анги, салбарын байрлалаас гадуур ажиллаж байгаа бүрэлдэхүүнийг байнгын байрлалд татан авч хугацаат цэргийн алба хаагчдад түр чөлөө олгохыг зогсоох;
80.2. анги, салбарын алба-ажиллагаанд тавих дотоодын хяналт, шалгалтыг нэмэгдүүлэх;
80.3. алслагдсан, тусдаа байрладаг салбаруудын алба-  ажиллагаанд туслалцаа үзүүлэх зорилгоор ангийн  удирдлагын офицеруудыг  салбаруудад  томилон ажиллуулах.
81. Цагийн  байдлын  онцлогоос  шалтгаалж ахлах даргын шийдвэрээр офицер, ахлагч нарыг хуарангийн байдалд шилжүүлж  болно.
 
Зорчигч, ачаа тээшийг тээврийн замд харгалзан хүргэх харуулын алба
 
82. Зорчигч, ачаа тээшийг тээврийн замд харгалзан хүргэхээр хүлээн авснаас хойш хүлээлгэн өгөх хүртэл тэдгээрийн аюулгүй болон бүрэн бүтэн байдлыг хангах зорилгоор харилцагч байгууллагатай хамтран явуулж байгаа цэргийн арга хэмжээг зорчигч, ачаа тээшийг тээврийн замд харгалзан хүргэх харуулын алба гэнэ.
83. Шаардлагатай үед зорчигч, ачаа тээшийг тээврийн замд харгалзан хүргэх ажиллагааг Дотоодын цэргийн даргын шийдвэрээр анги, салбараас томилогдсон харуулаар гүйцэтгүүлнэ.
84. Зорчигч, ачаа тээшийг тээврийн замд харгалзан хүргэх, харуулын цэгийн бүрдлийн хүснэгт, харуулын даргын мөрдөх зааврыг ангийн штаб боловсруулж захирагчаар батлуулна.
85. Зорчигч, ачаа тээшийг тээврийн замд харгалзан хүргэх үүрэг хүлээсэн харуулыг ачаа ачсан газраас очих газар хүртэл халалцуулахгүйгээр үүрэг гүйцэтгүүлнэ.
86. Зорчигч, ачаа тээшийг тээврийн замд харгалзан хүргэх харуулын албыг зохион байгуулах үүрэгтэйгээр ангийн штабын албаны офицерыг томилох бөгөөд тэрээр дараахь үүрэг гүйцэтгэнэ:
86.1. зорчигч, ачаа тээшийг нотломж үйлдэн хамгаалалтад хүлээн авах, хүлээлгэн  өгөх;
86.2. хамгаалалтад авсан зорчигч, ачаа тээшинд нэвтрэх журмыг холбогдох байгууллагатай харилцан тохиролцох;
86.3. ачаа тээвэрлэлтэд бэлтгэсэн тухай тэмдэглэл бүхий хоёр хувь жагсаалт, ачаа тээшний шинж чанар, түүнийг тээвэрлэх, хүлээлгэн өгөх журмын тухай зааварчилгааг ачаа тээш явуулагчаас авах, харуулын бүрэлдэхүүнд танилцуулах;
86.4. ачаа тээшийг ачуулсан байдал, лац ломбо, түүний бүтээлэг, баглаа боодол, бэхэлгээний бат бэхийг гаднаас нь шалган үзэж харуулын даргад хүлээлгэн өгөх;
86.5. харуулын бүрэлдэхүүнд ачаа тээшийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах талаар зааварчилга өгч, ачаа тээшийн очих газрыг мэдэгдэх;
86.6. харуулын бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэлтийн байдал, харуулын байр, цэгийн холбоо, дохиоллын хэрэгслийн ажиллагаа болон объектын бүрэн бүтэн эсэхийг хоногт дөрвөөс доошгүй /хоёрыг нь шөнийн цагт/ удаа шалгаж, дутагдлыг засах арга хэмжээ авах;
86.7. харуулын даргаас мэдээ мэдээллийг тогтоосон журмын дагуу байнга авч цагийн байдал гэнэт өөрчлөгдсөн үед объектыг хүч нэмэгдүүлэн хамгаалах;
86.8. харуул байрласан байр, тасалгаа /вагон, онгоц, нисдэг тэрэг, машин/-нд дэг журам, ариун цэврийг сахиулж, аюулгүй байдлыг хангуулах;
86.9. албан үүргээ гүйцэтгэж дуусаад ангийн байнгын байрлалд ирмэгц албан үүргээ гүйцэтгэсэн тухайгаа ангийн захирагч эсхүл штабын даргад илтгэх;
86.10. харуулын бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэсэн дүнг гаргах; 
86.11. зэвсэг, галт хэрэгслийг хүлээлгэн өгөх;
86.12. харуулын бүрэлдэхүүний зарцуулсан мөнгөний тооцоог хийх.
87. Харуулын дарга дараахь үүрэгтэй:
87.1. ачаа тээшийг тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийн хаалга, нээлхийний бэхэлгээ, түгжээний байдал, ачаа тээш, лац ломбоны бүрэн бүтэн эсэхийг шалгаж хүлээж авах;
87.2. зогсоол дээр хамгаалалтыг хүч нэмэгдүүлэх;
87.3. нэвтрэх эрх бүхий албан тушаалтнаас бусад хэнийг ч хамгаалж байгаа объект /вагон, онгоц, нисдэг тэрэг, автомашин/-д нэвтрүүлэхгүй байх;
87.4. хамгаалж байгаа объект /вагон, онгоц, нисдэг тэрэг, машин/-д үзлэг, үйлчилгээ хийх эрх бүхий ажилтныг зохих журмын дагуу нэвтрүүлж, хяналт тавих;
87.5. гал түймэр гарах, хөдөлгөөнд аюул учруулах, ачаа тээшийн бүрэн бүтэн байдалд харшлах зөрчил илрүүлбэл холбогдох байгууллагын зохих албан тушаалтанд илтгэж зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авах;
87.6. цуваа очих газраа ирмэгц хамгаалж байгаа объект, ачаа тээшийг хүлээн авах эрх бүхий албан тушаалтанд хүлээлгэн өгөх;
87.7. тээвэрлэж байгаа ачаа тээшийг замд зогсох үед хамгаалалтыг хүч нэмэгдүүлэх, хөдөлгөөний үед харуулчин /цагийн манаач/-г байрлуулах.
88. Харуулын дарга нь харуулын бүрэлдэхүүний хэрэгцээнд дараахь эд зүйл, бичиг баримтыг авна:
88.1. харуулын томилолтын хуудас;
88.2. зэвсэг, галт хэрэгсэл, тэдгээрийг хадгалах   авдар;
88.3. харуулчдын хүнсний зүйл болон зардал;
88.4. хоол хүнс, ундны усны сав, хэрэглэл;
 88.5. дохионы  дарцаг, гар чийдэн;
 88.6. харуулын тусгай хувцас, ор дэрний хэрэглэл;
 88.7.  холбоо, дохиоллын хэрэгсэл.
89. Харуулчин /цагийн манаач/ нь харуулын дарга, манаа халагчид захирагдах бөгөөд энэ дүрмийн 69 дүгээр зүйлд заасан үүргээс гадна дараахь үүргийг гүйцэтгэнэ:
89.1. харуулын цэгээ хүлээж авахдаа ачаа тээшийн бэхэлгээ, баглаа боодлын тоо ширхэг, тэдгээрийн бүтээлэг, татлаганы байдал, хаалганы лац ломбо бүрэн бүтэн эсэхэд үзлэг хийж шалгах;
89.2. гал түймэр гарах, хөдөлгөөний аюулгүй байдал, ачаа тээшний бүрэн бүтэн байдалд харшлах зүйл илрүүлбэл харуулын даргад нэн даруй илтгэх;
89.3. хамгаалж байгаа объект болон тээврийн хэрэгсэл /вагон, онгоц, нисдэг тэрэг, машин/-д харуулын даргын зөвшөөрөлгүй хэнийг ч нэвтрүүлэхгүй байх.
90. Ачаа тээшийг тээвэрлэж байгаа тээврийн хэрэгсэл зогсох үед харуулчин /цагийн манаач/ дараахь үүрэгтэй:
90.1. ачаа тээшийн бүрэн бүтэн байдлыг хариуцаж эргэн тойрныг хянах, гадны хүмүүсийг вагон, онгоц, нисдэг тэрэг, машинд суулгахгүй байх;
90.2. харуулын цэгийн бүрдлийн хүснэгтэд заасан зайнаас дотогш гадны хүмүүсийг ойртуулахгүй байх;
90.3. ачаа тээшийг тээвэрлэж байгаа тээврийн хэрэгсэлд эвдрэл гарсан үед засвар хийхээр ирсэн хүмүүсийг зөвхөн харуулын даргын зөвшөөрлөөр нэвтрүүлж  хяналт тавих.
91. Зорчигч, ачаа тээшийг автомашинаар тээвэрлэж байгаа бол ачаа тээшийн онцлогийг харгалзан нэг харуулчин /цагийн манаач/-д гурав хүртэл автомашиныг хариуцуулж болно.
92. Зорчигч, ачаа тээшийг галт тэргээр тээвэрлэж байгаа бол нэг вагоныг нэг харуулчин /цагийн манаач/-д хариуцуулна.
93. Ачаа тээшийг тээвэрлэж байгаа автомашинуудын цувааны эхний болон дундах, эцсийн автомашинд харуулчин /цагийн манаач/-г суулган албан үүргийг нь гүйцэтгүүлэх бөгөөд зогсох үед цагийн манаачдыг цувааны хоёр талд, онгоц, нисдэг тэргээр ачаа тээшийг тээвэрлэж байгаа бол харуулчин /цагийн манаач/-г нислэгийн үед онгоц, нисдэг тэрэгний бүхээгт, буудал дээр онгоц, нисдэг тэрэгний гадна талд байрлуулан хамгаалалтыг зохион байгуулна.
94. Ангийн шуурхай удирдлагын жижүүр нь харуулыг ангиас явуулахын өмнө түүнийг бүрэн жагсааж, хангалт, зэвсэг хэрэгсэл, харуулчин бүрийн гадаад үзэмжийг шалгаж бэлэн болсон тухай ангийн захирагч эсхүл штабын даргад илтгэнэ.
95. Ангийн захирагч, штабын дарга нь харуулын бие бүрэлдэхүүн албан үүргээ хэрхэн мэдэж байгаа болон хангалтын байдал, хувцаслалтыг шалгаж үүрэг гүйцэтгэх журам, зэвсэг, галт хэрэгсэл хадгалах, хамгаалах, галын аюулаас урьдчилан сэргийлэх талаар үүрэг өгч, харуулыг заасан газар тогтоосон цагт хүргүүлэх  арга хэмжээ авна.
96. Зорчигч, ачаа тээшийг тээврийн замд харгалзан хүргүүлэх байгууллага нь дараахь үүрэг хүлээнэ:
96.1. объектыг хамгаалахаар ирж байгаа харуулын бүрэлдэхүүнийг дулаан байранд байрлуулах, зэвсэг, галт хэрэгсэл хадгалах байр гаргаж өгөх;
96.2. харуулын бүрэлдэхүүнийг халуун хоолоор хооллох, эмнэлгийн тусламж авах нөхцөл, бололцоог хангах;                                        
96.3. харуулын бүрэлдэхүүнийг ачаа ачих, бэхлэхэд оролцуулахгүй байх.
97. Ачаа тээшийг хүлээн авах байгууллага дараахь үүрэг хүлээнэ:
97.1. ачаа тээшийг ирмэгц бүрэн бүтэн байдлыг шалгаж нэн даруй хүлээн авч харуулыг буулгах;
97.2. харуулын бүрэлдэхүүнийг байрлуулах, амраах, ариун цэврийг сахихад нь туслах;
97.3. харуулын бүрэлдэхүүнийг шаардлагатай бол хүнс, бусад зардлаар хангаж, тооцоо хийх;
97.4. харуулын бие бүрэлдэхүүн ангидаа буцахад нь төмөр зам, нисэх онгоцны буудалд хүргэх.
 
Албаны бэлэн байдал

98. Анги, тусгай салбарууд тавигдсан үүргийг амжилттай биелүүлэх чадвартай байхыг албаны бэлэн байдал гэнэ.

99. Албаны бэлэн байдлын зэргийг Дотоодын цэргийн дарга тогтоож, удирдамж, төлөвлөгөөг батлана.

100. Албаны бэлэн байдлыг хангах үүргийг анги, тусгай салбарын захирагч хүлээнэ.
(Эдгээр  заалтыг 2008-11-12-ны өдрийн 30-р тогтоолоор нэмсэн)
------оОо------