- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТ /ТЕНДЕР/-ЫН ЖУРАМ
Засгийн газрын 2003 оны 131 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт
УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТ /ТЕНДЕР/-ЫН ЖУРАМ
1. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1. Монгол Улсын Иргэний хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын 2001 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 10 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн өмчийг 2001-2004 онд хувьчлах үндсэн чиглэл", Засгийн газрын 2003 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор батлагдсан "Төрийн өмчийг 2003 онд хувьчлах хөтөлбөр"-ийн дагуу "Говь" ХК-ийн нийт хувьцааны төрийн эзэмшлийн 70 хувьд ногдох 5460788 (таван сая дөрвөн зуун жаран мянга долоон зуун наян найм) ширхэг энгийн хувьцааг хаалттай уралдаант шалгаруулалт /тендер/-ын аргаар гадаадын буюу дотоодын стратегийн хөрөнгө оруулагчдад худалдахад энэхүү журам /цаашид "журам" гэх/-ыг мөрдөнө.
1.2. Төрийн өмчийн хороо нь зөвлөхүүдийн туслалцаатайгаар тендерийг зохион байгуулж явуулна.
2. НЭР ТОМЪЁОНЫ ТОДОРХОЙЛОЛТ
Энэхүү журамд хэрэглэсэн нэр томъёог дор дурдсанаар тодорхойлно:
2.1. "Компани" гэж "Говь" ХК-ийг хэлнэ.
2.2. "Стратегийн хөрөнгө оруулагч" гэж оёмол, сүлжмэл эдлэл, бэлэн хувцасны үйлдвэрлэл эрхэлдэг хөрөнгө оруулагч, тэдгээрийн оролцоотой консорциум, оёмол, сүлжмэл эдлэл, бэлэн хувцасны салбарын техникийн түнш болон/буюу менежментийн багийг хоёр /2/-оос доошгүй жил гэрээгээр ажиллуулах үүрэг хүлээх чадвартай санхүүгийн хөрөнгө оруулагч зэрэг шаардлага хангасан хөрөнгө оруулагчийг хэлэх бөгөөд эдгээр нь дор дурдсан шаардлагыг хангасан байвал зохино. Үүнд:
(a) Оёмол, сүлжмэл эдлэл, бэлэн хувцасны үйлдвэрлэлийн салбарт тав (5)-аас доошгүй жил үйл ажиллагаа явуулсан туршлагатай байх, эсвэл оёмол, сүлжмэл эдлэл, бэлэн хувцасны үйлдвэрлэлийн салбарт тав (5)-аас доошгүй жил үйл ажиллагаа явуулсан туршлагатай техникийн түнш болон/буюу менежментийн багийг хоёр (2)-оос доошгүй жил гэрээгээр ажиллуулах үүрэг хүлээх чадвартай байх,
(б) Санхүүгийн байдал нь тогтвортой, үйл ажиллагааны баялаг туршлагатай байх
/үүнийг аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан тэнцлээр нотлоно/.
2.3. "Ерөнхий мэдээлэл" гэж тендерт оролцогч тус бүрт хүргэх "Говь" ХК болон Монгол Улс, түүний бизнесийн орчны талаархи мэдээлэл бүхий баримт бичгийг хэлнэ.
2.4. "Дэнчин" гэж хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээг дуусгавар болох үүрэг хүлээж буйгаа болон санхүүгийн эх үүсвэртэй болохоо батлан тендерт оролцогчоос төлөх 100,000 /нэг зуун мянган/ ам. доллартай тэнцэх хүүгүй мөнгөн хадгаламжийг хэлнэ. Дэнчинг Монгол Улсын Монголбанк дахь Төрийн өмчийн хорооны валютын дансанд төлнө.
2.5. "Зар мэдээ" гэж Төрийн өмчийн хорооноос тендер явуулах тухай нийтэд сонордуулсан албан ёсны зар мэдээг хэлнэ.
2.6. "Зөвлөх" гэж Америкийн Нэгдсэн Улсын Олон улсын хөгжлийн агентлагийн тусламжтайгаар Төрийн өмчийн хороонд зөвлөх үйлчилгээ үзүүлж буй Бэринг Пойнт ХХК-ийн Барентс бүлгийн зөвлөхүүдийг хэлнэ.
2.7. "Нууцыг хадгалах тухай гэрээ" гэж компани, Төрийн өмчийн хороо, Монгол Улсын Засгийн газар болон зөвлөхүүдээс өгөх компанитай холбоотой аливаа мэдээллийг ямар нэгэн хэлбэрээр тараах болон мэдээлэхийг хориглосон гэрээг хэлнэ.
2.8. "Өргөдөл" гэдэгт тендерт оролцогчоос ирүүлэх өргөдөл, өргөдөл гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гарын үсэг зурсан нууцыг хадгалах тухай гэрээ болон тендерийн хураамж төлснийг нотлох баримтын иж бүрдлийг ойлгоно. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлөөлөх эрхийг зохих журмын дагуу бичгээр үйлдэж өргөдөлд хавсаргасан итгэмжлэлээр баталгаажуулна. Өргөдөл гаргагч тендерийн оролцогч болохын тулд урьдчилан шалгаруулалтад шаардагдах өөрийн компанийн болон консорциумын талаархи тусгай мэдээллийг өргөдөлд хавсаргасан байна.
2.9. "Тендерийн баримт бичиг" гэдэгт:
Уралдаант шалгаруулалт /тендер/-ын журам,
Ерөнхий мэдээлэл,
Хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээний төслийн иж бүрдлийг ойлгоно.
2.10. "Тендерт оролцогч" гэж тендерт оролцохоор өргөдөл гаргаж, урьдчилан шалгаруулалтын шаардлагыг ханган, Төрийн өмчийн хороо өргөдлийг нь хүлээн авсан хуулийн этгээд буюу тэдгээрийн хамтарсан консорциумыг хэлнэ.
2.11. "Тендерийн санал" гэж тендерт оролцогчоос уралдаант шалгаруулалтад оролцохоор ирүүлсэн саналыг хэлнэ. Тендерийн санал нь техникийн ба санхүүгийн саналаас бүрдсэн байна.
2.12."Тендерийн хураамж" гэж тендерийн баримт бичгээр хангах үйлчилгээний хураамж болгон тендерт оролцогчоос Төрийн өмчийн хороонд төлөх 1,000 /нэг мянган/ ам. долларын буцааж төлөгдөхгүй нөхцөлтэй төлбөрийг хэлнэ.
2.13. Уралдаант шалгаруулалт /цаашид "тендер" гэх/ гэж тендерт оролцогчдоос ирүүлсэн тендерийн саналуудыг хянан үзэж, ялагчийг тодруулан, түүнтэй хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулах үйл ажиллагааг хэлнэ.
2.14. "Хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээний төсөл" гэж Төрийн өмчийн хорооноос санал болгож буй, тендерт оролцогчдын саналыг авахаар хүргүүлэх хувьцаа худалдах, худалдан авах гэрээний төслийн эхний хувилбарыг хэлнэ.
2.15. "Хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээний шинэчилсэн төсөл" гэж хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээний төслийн эхний хувилбарт тендерт оролцогчдын өгсөн саналыг тусгасан шинэчилсэн хувилбарыг хэлнэ.
2.16 "Хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээний эцсийн төсөл" гэж хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээний шинэчилсэн төсөлд тендерт оролцогчдоос санал болгосон нэмэлт, өөрчлөлтөөс хүлээн авч болохуйц саналуудыг тусган Төрийн өмчийн хорооноос эцэслэн бэлтгэж гаргах төслийг хэлнэ.
2.17. "Худалдан авах үнэ" гэж тендерээр худалдаалагдаж буй компанийн хувьцааг худалдан авахаар тендерт оролцогчоос санал болгож буй үнийн дүнг хэлнэ.
3. ТЕНДЕРИЙН ХУВААРЬ
3.1. Тендерийг энэхүү журамд хавсаргасан хуваарийн дагуу зохион байгуулж явуулна. /Хавсралт 1/
4. ТЕНДЕРТ ОРОЛЦОГЧ
4.1. Тендерт оролцогчийн эрх зүйн байдал
4.1.1. Урьдчилан шалгаруулалтад тэнцсэн, Монголын болон гадаад улсын дор дурдсанаас бусад бүх боломжит хуулийн этгээд тендерт оролцож болно:
Төрийн байгууллага;
Төрийн өмчит үйлдвэрийн газар;
Улсын төсвөөс санхүүждэг албан газар, төрийн бус байгууллага;
Гучин (30) хувиас дээш төрийн өмчийн оролцоотой аж ауйн нэгж.
4.1.2. Хуулийн этгээд дангаараа эсвэл хамтарч консорциумын хэлбэрээр тендерт оролцож болно.
4.1.3. Тендерт оролцогч тендерт өөрийгөө төлөөлүүлэн оролцуулахаар итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж, төлөөлөх эрхийг зохих журмын дагуу бичгээр үйлдсэн итгэмжлэлээр баталгаажуулна.
4.1.4. Тендерт хэд хэдэн хуулийн этгээд хамтарч консорциумын хэлбэрээр оролцож байгаа бол тэд зөвхөн нэг /1/ итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилж, тендерт нэг оролцогч болж оролцоно.
4.1.5. 30-аас дээш хувийн Засгийн газрын эх үүсвэр бүхий хөрөнгийг удирддаг хөрөнгө оруулалтын компанийг тендерт оролцуулах асуудлыг ТӨХ тухай бүр шийдвэрлэнэ.
4.2. Тендерт оролцогчийн эрх
4.2.1.Тендерт оролцогч нь тендерт оролцох өргөдлөө ирүүлж, урьдчилан шалгаруулалтад тэнцсэн тохиолдолд Төрийн өмчийн хорооноос баталж, тэмдэг дарсан тендерийн баримт бичгийн нэг иж бүрэн багцыг авах эрхээр хангагдана.
4.2.2. Тендерт оролцогчид дараахь эрх эдэлнэ:
1. Төрийн өмчийн хорооноос баталж гаргасан компанитай танилцах, дүн шинжилгээ, уулзалт хийх хуваарийн дагуу компанийн удирдлагатай уулзах, барилга байгууламжийг үзэх,
2. Төрийн өмчийн хорооноос бичгээр зөвшөөрөл авсны үндсэн дээр Монгол Улсын Засгийн газрын холбогдох албан тушаалтантай уулзах,
3. Энэхүү журам болон тендерийн үйл ажиллагаатай холбогдсон мэдээллийн талаар тайлбар авах зорилгоор тус компанийн хувьчлалын асуудлыг хариуцсан Төрийн өмчийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй уулзах.
Тайлбар авах хүсэлтийг англи буюу монгол хэл дээр үйлдэж Төрийн өмчийн хороонд дараахь хаягаар бичгээр ирүүлнэ.
Л. Пүрэвдорж
Төрийн өмчийн хорооны дарга
Засгийн газрын IV байр, 410-р өрөө
Улаанбаатар-11, Монгол Улс
Утас: 976-11-312460
Факс: 976-11-312798
Төрийн өмчийн хороо ирсэн бүх хүсэлтэд бичгээр хариулт өгөх бөгөөд асуулт, хариултын хувийг тендерт оролцогч бүрт тэдний өргөдөл дээр заасан хаягаар хүргүүлнэ. Ийнхүү хүргүүлэхдээ буухиа шуудан, баталгаат шуудан, факс эсвэл электрон шууданг ашиглана.
Тендерийн санал авах хугацаа дуусахаас өмнөх ажлын тав /5/ хоногоос хожимдуулж ирүүлсэн тайлбар авах хүсэлтийг Төрийн өмчийн хороо хүлээж авахгүй байж болно.
4. Монгол Улсын "Иргэний хууль", "Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль"-д заасан бусад эрх эдлэх.
4.3. Тендерт оролцогчийн үүрэг
Тендерт оролцогч нь дараахь үүрэгтэй:
4.3.1. Өөрийн бизнес, эрх зүй, санхүүгийн байдлын талаар үнэн зөв мэдээлэл өгөх;
4.3.2. Тендерт оролцох явцад өөрийн бизнес, эрх зүй, санхүүгийн байдалд гарсан, тендерт оролцоход нь нөлөөлж болзошгүй аливаа материаллаг өөрчлөлтийн талаар Төрийн өмчийн хороонд нэн даруй мэдээлэх;
4.3.3. Компанийн хувьцааг худалдан авах талаар тендерийн бусад оролцогчидтой ямар нэгэн харилцаа холбоо тогтоох болон аливаа хэлбэрээр хэлэлцээрт орохгүй байх;
4.3.4. Компанитай байгуулсан буюу байгуулахаар төлөвлөж байгаа бизнесийн аливаа гэрээ, хэлэлцээрийн талаар Төрийн өмчийн хороонд бичгээр мэдэгдэх;
4.3.5. Тендерт оролцох буюу оролцохтой холбогдон гарах бүх зардлыг өөрөө хариуцах;
4.3.6. Монгол Улсын хууль тогтоомж болон энэхүү журмыг сахин биелүүлэх.
5. ТЕНДЕРИЙН БАРИМТ БИЧИГ
5.1. Тендерт оролцогч тус бүрт тендерийн баримт бичгийн нэг иж бүрэн багцыг олгоно.
5.2. Төрийн өмчийн хорооноос олгох тендерийн баримт бичигт Төрийн өмчийн хорооны тэмдэг дарсан байна.
5.3. Төрийн өмчийн хороо болон зөвлөхүүд тендертэй холбоотой мэдээллийг тендерийн баримт бичигт оруулна. Энэхүү мэдээллийг ашиглахтай холбоотойгоор үүсч болох аливаа үүрэг, хариуцлагыг Төрийн өмчийн хороо болон зөвлөхүүдийн аль аль нь хүлээхгүй.
6. ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ
6.1. Тендерт оролцогчдыг тэдгээрийн хүсэлтийн дагуу Засгийн газрын холбогдох албан тушаалтан болон компанийн удирдлагатай уулзах, компанитай газар дээр нь танилцах бололцоогоор хангана.
6.2. Тендерт оролцогчдод тендерийн саналаа ирүүлэхээс өмнө компани дээр очиж компанийн хөрөнгө, өр төлбөрийн талаар нарийвчилсан дүн шинжилгээ хийх, өөрсдийн саналаа хэлэх, Засгийн газраас дэвшүүлж буй хувьчлалын зорилгын талаар Төрийн өмчийн хорооны ажилтнуудтай болон зөвлөхүүдтэй ярилцах бололцоог олгоно. Төрийн өмчийн хороо тендерт оролцогч тус бүрт 2 /хоёр/ долоо хоног хүртэл хугацаагаар компани дээр очиж түүний үйл ажиллагаанд нарийвчилсан дүн шинжилгээ хийх хуваарь гаргах ба оролцогч хүсэлт гаргасан тохиолдолд Төрийн өмчийн хороо өөрийн үзэмжээр нэмэлт хугацаа олгоно. Дүн шинжилгээний хугацаанд тендерт оролцогчид компанийн удирдлага, ажилтнуудтай уулзах өргөн боломжоор хангагдах бөгөөд компанийн бүртгэл, баримт, түүнчлэн компьютерийн систем, конторын болон бусад барилга байгууламжийн байдал болон өөрсдийн сонирхсон хүрээнд аливаа бусад асуудлыг судлах эрхээр хангагдана.
6.3. Төрийн өмчийн хороо компани дээр очиж дүн шинжилгээ хийх хуваарийг хүсэлт хүлээж авсан дарааллаар гаргаж, тендерт оролцогчдод энэ тухай факс болон/ буюу электрон шуудангаар мэдэгдэнэ.
6.4. Тендерт оролцогч нь тендерийн саналаа ирүүлснээр компанийн нөхцөл байдал, үйл ажиллагаатай танилцаж, улмаар эдгээрийг зөвшөөрч, Төрийн өмчийн хорооноос буюу түүний өмнөөс компанийн талаар гаргаж өгсөн бүх мэдээллийн үнэн зөв болохыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно. Байгаа мэдээлэл, бодит байдалтай танилцаж чадаагүй тендерт оролцогч нь тендерийн санал, хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээний төслийг боловсруулах үүргээс чөлөөлөгдөхгүй. Төрийн өмчийн хороо, түүний зөвлөх, компани, эдгээрийн төлөөлөгчдөөс гаргаж өгсөн мэдээлэлд үндэслэн тендерт оролцогчийн зүгээс гаргасан дүгнэлт, тайлбарын талаар Төрийн өмчийн хороо, түүний зөвлөх, шинжээчдийн баг, компани, эдгээрийн төлөөлөгчдийн аль аль нь хариуцлага хүлээхгүй.
6.5. Тендерт оролцогч компанитай танилцах, дүн шинжилгээ болон уулзалт хийхгүй байхаар шийдвэрлэсэн тохиолдолд ч тендерийн санал өгөх эрхтэй хэвээр үлдэнэ.
7. ХУВЬЦАА ХУДАЛДАХ, ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ ГЭРЭЭНИЙ ТӨСЛИЙГ ЭЦЭСЛЭН БОЛОВСРУУЛАХ
7.1. Тендерт оролцогчдоос санал болгож 2003 оны 10 дугаар сарын 14-ний дотор Төрийн өмчийн хороонд ирүүлсэн нэмэлт, өөрчлөлтүүд дээр үндэслэн Төрийн өмчийн хороо хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээний төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулж, уг гэрээний шинэчилсэн төслийг боловсруулж болно.
7.2. Төрийн өмчийн хороо хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээний шинэчилсэн төслийг боловсруулсан тохиолдолд энэ тухай тендерт оролцогч тус бүрт мэдэгдэж, шинэчилсэн төслийн хувийг 2003 оны 10 дугаар сарын 28-ны дотор тараана.
7.3. Тендерт оролцогчдод хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээний шинэчилсэн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай саналаа 2003 оны 11 дүгээр сарын 11-ний дотор ирүүлэхийг санал болгоно. Энэ өдрөөс хойш ирүүлсэн санал, тайлбарыг хүлээж авахгүй.
7.4. Тендерт оролцогчдоос хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээний шинэчилсэн төсөлд оруулахаар санал болгосон нэмэлт, өөрчлөлтүүдийг үндэслэн Төрийн өмчийн хороо хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээний эцсийн төслийг боловсруулж, тендерт оролцогч тус бүрт 2003 оны 11 дүгээр сарын 25-ны дотор тараана.
8. ТЕНДЕРИЙН САНАЛ БЭЛТГЭХ,САНАЛ ИРҮҮЛЭХЭД ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА
8.1. Бүх мөнгөн дүнг Америкийн Нэгдсэн Улсын доллараар илэрхийлнэ.
8.2. Тендерт оролцогчид тендерийн саналын нэг /1/ эх хувь болон таван /5/ хуулбарыг ирүүлнэ.
8.3. Тендерт оролцогчид тендерийн саналыг англи буюу монгол хэлний аль нэг дээр бэлтгэж ирүүлнэ. Харин хувьцаа худалдах, худалдан авах гэрээний эцсийн төслийн гарын үсэг зурсан хоёр /2/ эх хувийг англи болон монгол хэл дээр бэлтгэж, техникийн саналын эх хувьд хавсарган ирүүлнэ.
8.4. Саналын эх хувь болон хуулбаруудын хооронд ямар нэгэн зөрүү гарах тохиолдолд эх хувийг баримтална.
8.5. Тендерт оролцогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тендерийн саналын эх хувьд хар буюу хөх өнгийн бэхээр гарын үсэг зурж, хуудас бүрийг үзэглэнэ. Итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгосон эрхийг зохих журмын дагуу бичгээр үйлдэн, тендерийн саналд хавсаргасан итгэмжлэлээр баталгаажуулна.
8.6. Тендерийн саналд оруулсан бүх засварт тендерт оролцогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гарын үсгээ зурах буюу үсэглэж баталгаажуулна.
8.7. Тендерийн саналыг шуудангаар ирүүлсэн тохиолдолд Төрийн өмчийн хороон дээр хүлээн авсан өдрийг тендерийн санал ирүүлсэн өдөр гэж тооцно.
8.8. Төрийн өмчийн хороо тендерийн саналыг хүлээж авсан огноо, цагийг тэмдэглэсэн баримтыг оролцогч тус бүрт илгээж хүлээн авснаа батална. Шуудангаар ирүүлсэн тендерийн саналын дугтуйн дээр хариу илгээх факсын дугаарыг заагаагүй тохиолдолд хүлээн авсан тухай баримтыг дугтуйн дээрх хаягаар эсвэл тендерт оролцогчийн Төрийн өмчийн хорооны бүртгэлд тусгагдсан хаягаар илгээнэ.
8.9. Тендерт оролцогч нь тендерийн санал хүлээн авах хугацаа дуусахаас өмнө Төрийн өмчийн хороонд бичгээр мэдэгдэж, тендерийн саналаа өөрчлөх, эсвэл татан авах эрхтэй.
9. ДЭНЧИН
9.1. Тендерийн саналаа ирүүлэх хүсэлтэй тендерт оролцогчид Төрийн өмчийн хорооны дор дурдсан валютын харилцах дансанд 100,000 /нэг зуун мянган/ америк долларын дэнчин төлнө. Үүнд:
Банкны нэр: Монгол Улсын "Монголбанк"
SWIFT код: BOMUMNUB
Дансны нэр: Төрийн өмчийн хороо
Дансны дугаар: 3332404
Харилцагч банк: Federal Reserve Bank of New York, NY, USA
SWIFT код: FRNYUS33
Дансны нэр: Монголбанк
Дансны дугаар: 021088506
Дэнчин төлснийг нотолсон банкны баримтын хуулбарыг техникийн саналд хавсаргана.
9.2. Тендерт оролцогч нь дэнчин тавиагүй тохиолдолд тендерт оролцох эрхгүй.
9.3. Тендерт ялагчаар шалгарсан оролцогчийн тавьсан дэнчинг худалдан авах үнэд оролцуулан тооцно.
9.4. Тендерийн саналыг үнэлсний дараа, тендерт оролцогч ялагчаар шалгараагүй тохиолдолд тендерийн дэнчинг тендерт оролцогчийн хүсэлтийн дагуу ажлын долоон /7/ өдөрт багтаан бүрэн буцаан олгох бөгөөд уг хүсэлтэд дэнчинг шилжүүлэх банкны дансны дугаарыг тодорхой заана.
9.5. Дэнчинг дараахь тохиолдолд буцааж олгохгүй:
Ялагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулах үндэслэл болох тендерийн үр дүнгийн тухай мэдэгдэл /тэмдэглэл/-д гарын үсэг зурахаас татгалзсан,
Ялагч нь хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээний нөхцөл, болзлын дагуу худалдан авах үнийн төлбөрийг хийгээгүй буюу хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээнд заасан өөрийнхөө аливаа мэдэгдэл, баталгаа, тохиролцоогоо материаллаг байдлаар зөрчсөн.
9.6. Дэнчинд хүү төлөхгүй.
9.7. Дэнчин төлөхтэй холбогдсон банкны бүх зардлыг тендерт оролцогч хариуцна.
10. ТЕНДЕРИЙН САНАЛ БЭЛТГЭН ИРҮҮЛЭХ
10.1. "Говь" ХК-ийн нийт хувьцааны төрийн мэдлийн 70 хувийг худалдаж авах сонирхолтой стратегийн хөрөнгө оруулагчид Засгийн газраас дэвшүүлж буй дор дурдсан хувьчлалын зорилгыг хангах бизнесийн стратеги болон үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, техникийн саналтай хамт ирүүлэх шаардлагатай. Үүнд:
Худалдан авагч нь компанийн бизнесийн үндсэн чиглэл, Монгол Улсын ноос, ноолууран бүтээгдэхүүний тэргүүний үйлдвэрлэгч болохын хувьд урьд өмнө зах зээлд эзэлж байсан байр суурийг хадгалах, сайжруулах;
Худалдан авагч нь "Говь" ХК-ийн боловсруулах үйлдвэрийг шинэчлэх ба өргөтгөх зорилгоор хөрөнгө оруулалт хийх;
Боловсруулалтын түвшин болон экспортын хэмжээг нэмэгдүүлэх замаар компанийн өндөр үнэ цэнэтэй, дээд зэрэглэлийн эцсийн бүтээгдэхүүний зах зээлийг өргөтгөх;
Монголын ноолуурын үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, тогтвортой хөгжлийг хангах зорилгоор орчин үеийн удирдлага болон технологийн ноу-хау нэвтрүүлэх.
10.2. Тендерийн санал дараахь хоёр хэсгээс бүрдэнэ. Үүнд:
Техникийн санал /бизнесийн стратеги болон үйл ажиллагааны төлөвлөгөөний хамт/,
Санхүүгийн санал.
10.3 Техникийн болон санхүүгийн саналуудыг тус тусад нь битүүмжлэн дугтуйлж хүргүүлнэ. Саналуудын эх хувь болон хуулбаруудыг "ЭХ ХУВЬ", "ХУУЛБАР", "ТЕХНИКИЙН САНАЛ", "САНХҮҮГИЙН САНАЛ" гэж хаяглан тус тусад нь битүүмжлэн дугтуйлна. Эдгээр дугтуйг өөр дугтуйд давхар хийж битүүмжилнэ. Гаднахь дугтуй дээр Төрийн өмчийн хорооны хаяг, тендерт оролцогчийн албан ёсны нэр, хаягийг бичиж:
"ГОВЬ ХК-ийн хувьцааг худалдан авах нууц санал - Тендерийн санал.
ШИНЖЭЭЧДИЙН БАГИЙГ БАЙЛЦУУЛАХГҮЙГЭЭР НЭЭХИЙГ ХОРИГЛОНО" гэсэн тэмдэглэл хийнэ.
Тендерийн саналыг Төрийн өмчийн хорооны дараахь хаягаар ирүүлнэ:
Л. Пүрэвдорж
Төрийн өмчийн хорооны дарга
Засгийн газрын IV байр, 410-р өрөө
Улаанбаатар-11, Монгол Улс
Тендерийн саналыг дээр дурдсан хаягаар 2003 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн (Улаанбаатарын цагаар) 18.00 цагаас өмнө ирүүлнэ.
10.4. Техникийн санал
Техникийн санал нь дор дурдсан хэсгүүдээс бүрдэнэ. Үүнд:
А. Тендерт оролцогчийн талаархи мэдээлэл. Үүнд:
Тендерт оролцогчийн бизнесийн үйл ажиллагааны чиглэл, компанийн бүтэц, оёмол, сүлжмэл эдлэл, бэлэн хувцасны үйлдвэрлэлийн салбар дахь түүний (консорциумаар оролцож байгаа тохиолдолд хамтарч буй компаниудын) үйл ажиллагаа болон/буюу тендерт оролцогчийн техникийн түнш буюу удирдлагын багийн туршлагын талаар дэлгэрэнгүй танилцуулга,
Сүүлийн гурван /3/ жилийн эцсийн байдлаар гаргаж аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан тэнцэл (хувьцаат компанийн хувьд хувьцаа эзэмшигчдэд зориулсан жилийн тайлан),
Тендерт оролцогчийн нийт гаргасан буюу бусад хэлбэрээр өмчилж буй хувьцааны тав /5/-аас дээш хувийг эзэмшиж буй хувьцаа эзэмшигчдийн жагсаалт (консорциумаар оролцож байгаа тохиолдолд хамтарч буй компани тус бүрийн нийт гаргасан буюу бусад хэлбэрээр өмчилж буй хувьцааны 5 /тав/-аас дээш хувийг эзэмшиж буй хувьцаа эзэмшигчид тус бүрийг энэхүү жагсаалтанд оруулна),
Тендерт оролцогчоос тендерт холбогдолтой гэж үзэн санал болгож буй бусад мэдээлэл.
Б. Бизнесийн стратеги/Үйл ажиллагааны төлөвлөгөө
Энэхүү стратеги/төлөвлөгөө нь тендерт оролцогчийн компанийг цаашид хөгжүүлэх бизнесийн стратегийг танилцуулах зорилготой бөгөөд түүнд хоёр /2/-оос доошгүй жилийг хамарсан дор дурдсан арга хэмжээг тусгасан байвал зохино. Үүнд:
"Говь" ХК-ийн Монголын ноолуурыг ашиглан өндөр үнэ цэнэтэй, дээд зэрэглэлийн эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд чиглэгдсэн боловсруулах хүчин чадал болон компанийн экспортыг нэмэгдүүлэх талаар санал болгож буй бизнесийн стратеги,
Шинээр нэвтрүүлэх болон үйлдвэрлэлтийн хүчин чадлыг шинэчилж сайжруулахад зориулах технологи, ноу-хау-гийн талаархи дэлгэрэнгүй мэдээлэл болон хэрэгжүүлэх хөтөлбөр, гарах зардал, хөрөнгө оруулалт хийх хуваарийн хамт,
Бүтээгдэхүүн, түүний ангилал тус бүрийн борлуулалтын тоо хэмжээний талаархи хоёр /2/ жилийн прогнозыг хамарсан Маркетингийн төлөвлөгөө,
Түүхий эд бэлтгэлийн стратеги,
Хоёр /2/ жилийг хамарсан санхүүгийн прогноз (орлого, үр дүнгийн тайлан, баланс, мөнгөн урсгалын тайлан),
Ажиллагсдыг сургах, хүний нөөцийг хөгжүүлэхэд зориулах хөрөнгө оруулалтын хэмжээ, шинж чанарыг тусгасан хүний нөөцийг хөгжүүлэх төлөвлөгөө,
Байгууллагын болон удирдлагын хөгжлийн төлөвлөгөө,
Төлөвлөгөөт хугацаанд жил бүр шаардагдах Монголын харьяат бус техникийн мэргэжилтэн болон удирдлагын ажилтнуудын тоо, албан тушаал.
Байгаль орчинд харш нөлөө үзүүлэхгүй бизнесийн үйл ажиллагаа явуулах төлөвлөгөө.
В. Тендерийн дэнчин төлснийг нотлох баримт
Г. Тендерийн энэхүү журмын сүүлчийн хуудсанд гарын үсэг зурсан хуулбар. Тендерт оролцогч нь Тендерийн журамд гарын үсэг зурснаар энэхүү журмын заалтыг сахин мөрдөх, түүнд тусгасан бүх нөхцөл, болзлыг хүлээн зөвшөөрснөө илэрхийлнэ.
Д. Тендерт оролцохыг зөвшөөрч хуулийн этгээдийн удирдах байгууллагаас гаргасан шийдвэр (консорциумаар оролцож байгаа тохиолдолд хамтарч буй хуулийн этгээд тус бүрийн удирдах байгууллагаас гарсан шийдвэр).
Е. Тендерт оролцогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хувьцаа худалдах, худалдан
авах гэрээний эцсийн төсөлд зохих ёсоор гарын үсэг зурж бусад бүх байдлаар бэлэн болгосон байх бөгөөд зөвхөн худалдан авах үнийг оруулах зайг хоосон үлдээнэ. Хоосон үлдээсэн зайг тендерт оролцогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвхөн ТӨХ-ны даргын урилгаар бөглөж гүйцээнэ.
Техникийн саналын эх хувьд хувьцаа худалдах, худалдан авах гэрээний эцсийн төслийн гарын үсэг зурсан бүх хувийг хавсаргана. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний эцсийн төсөлд зориуд хоосон үлдээсэн хэсгийг тендерт оролцогчоор бөглүүлэхээс өөрөөр /худалдан авах үнийг оруулахаар хоосон үлдээсэн зайг оролцуулахгүйгээр/ ямар нэгэн өөрчлөлт оруулахыг үл зөвшөөрнө.
Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний эцсийн төсөлд дараахь зүйлийг хавсаргана. Үүнд:
Хувьцаа худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурахыг зөвшөөрсөн хуулийн этгээдийн удирдах байгууллагаас /буюу тендерт оролцогч консорциум болон оролцож байгаа тохиолдолд консорциумын гишүүн болох хуулийн этгээд тус бүрийн удирдах байгууллагын/ гаргасан шийдвэр,
Итгэмжлэгдсэн төлөөлөгчид дараахь эрх олгосныг нотлох итгэмжлэл:
Гэрээнд гарын үсэг зурах,
Санхүүгийн саналыг нээх ажиллагаанд Тендерт оролцогчийг төлөөлөх.
Тендерт оролцогчийн өргөдөлд хавсаргасан итгэмжлэлд эдгээр эрхийг итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгосон тохиолдолд итгэмжлэлийн хувийг хавсаргана.
10.5 Санхүүгийн санал
Санхүүгийн санал нь "Говь" ХК-ийн нийт хувьцааны төрийн эзэмшлийн 70 хувьд ногдох 5,460,788 ширхэг хувьцааг худалдан авах үнээс бүрдэх бөгөөд энэ үнэ нь 11.6 (арван нэгэн сая зургаан зуун мянган) сая ам. доллараас доошгүй байна.
11. ТЕНДЕРИЙН САНАЛЫН ҮНЭЛГЭЭ
11.1. Төрийн өмчийн хороо тендерийн саналуудад үнэлгээ хийлгүүлэх зорилгоор шинжээчдийн багийг томилно. Тендерийн саналыг үнэлэх үйл ажиллагаа нь дараахь хоёр үе шаттай байна. Үүнд:
Техникийн саналын үнэлгээ,
Санхүүгийн саналын үнэлгээ.
11.2. Шинжээчдийн баг нь техникийн саналуудыг дор дурдсан шалгаруулах үзүүлэлтийг үндэслэн онооны системээр үнэлнэ. Үүнд:
Хөрөнгө оруулагчийн нэр хүнд, бизнесийн чадавхи, санхүүгийн байдал, салбарын туршлага (0-40 оноо),
Санал болгож буй менежментийн /маркетингийн/үйл ажиллагааны төлөвлөгөөний чанар, Засгийн газраас дэвшүүлж буй хувьчлалын зорилгыг хүлээн авч тусгасан байдал (0-60 оноо).
Дэд үзүүлэлт:
Бизнесийн стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөний цар хүрээ, тодорхой байдал (0-10 оноо),
Төлөвлөгөө, стратеги нь Засгийн газраас дэвшүүлж буй хувьчлалын зорилгод нийцсэн байдал (0-20 оноо),
Зардал болон хөрөнгө оруулалт хийх хуваарийг тусгасан компанийн техник, тоног төхөөрөмжийг сайжруулах зорилго бүхий техникийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө (0-10 оноо),
Байгаль орчинд харш нөлөө үзүүлэхгүй бизнесийн үйл ажиллагаа явуулах төлөвлөгөө (0-10 оноо),
Хүний нөөцийг хөгжүүлэх төлөвлөгөө, ажиллагсдыг сургах зэрэг хүний хүчин зүйлийг хөгжүүлэхэд оруулах хөрөнгө оруулалтын цар хүрээ, шинж чанар (0-10 оноо).
11.3. Техникийн үнэлгээгээр 70-аас доошгүй оноо авсан саналыг шалгаруулна.
11.4. Техникийн саналыг үнэлэх үйл ажиллагааг дуусгасны дараа шинжээчдийн баг нь техникийн саналын үнэлгээний тайлан гаргана.
11.5. Техникийн үнэлгээ дууссаны дараа Төрийн өмчийн хороо техникийн саналын үнэлгээгээр авбал зохих доод онооны болзлыг ханган тэнцсэн оролцогчдод цаашид тендерт үргэлжлүүлэн оролцохоор шалгарсан тухай санхүүгийн саналыг нээхээр товлосон газар, цагийг заан мэдэгдэнэ. Үүний зэрэгцээ Төрийн өмчийн хороо техникийн саналын үнэлгээгээр авбал зохих доод онооны болзлыг хангаагүй оролцогчдод цаашид тендерт оролцохоор шалгараагүй болон дэнчинг буцаан олгох тухай мэдэгдэнэ. Мэдэгдлийг буухиа шуудан, баталгаат захиа, факс буюу электрон шуудангаар явуулж болно.
11.6. Санхүүгийн саналуудыг тендерт оролцогчдын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг байлцуулан нийтийн өмнө тендерийн хуваарьт заасны дагуу 2003 оны 12 дугаар сарын 16-ны өдөр задлана.
11.7. Техникийн саналын үнэлгээгээр 70-аас доошгүй оноо авсан тендерт оролцогчдын санхүүгийн саналыг нээж үнэлнэ.
11.8. Тендерт оролцогчийн нэр болон "Говь" ХК-ийн нийт хувьцааны төрийн эзэмшлийн 70 хувьд ногдох хувьцааг худалдаж авахаар санал болгож буй худалдан авах үнийг чангаар уншиж, бүртгэнэ. Шинжээчдийн баг техникийн саналын эх хувьд хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээний эцсийн төслийг хавсаргаж, зохих ёсоор гарын үсэг зурсан эсэхийг шалгах ба санхүүгийн саналуудыг нийтийн өмнө задлах ажиллагааны тэмдэглэл хөтөлнө.
11.9. Санхүүгийн саналдаа хамгийн өндөр худалдан авах үнийн санал ирүүлсэн оролцогчийг тендерийн ялагчаар шалгаруулна.
11.10. Хоёр буюу түүнээс олон тендерт оролцогчид ижил үнийн санал ирүүлсэн тохиолдолд тэдгээрийг техникийн саналын үнэлгээгээр авсан онооны дагуу эрэмбэлнэ. Хэрэв техникийн саналын үнэлгээгээр авсан оноо нь мөн тэнцвэл худалдан авах үнийн шинэ саналыг нэг цагийн дотор бичгээр өгөх боломж олгоно. Шаардлагатай тохиолдолд энэ ажиллагааг аль нэг тендерт оролцогч нь илүү өндөр үнийн санал ирүүлэх хүртэл үргэлжлүүлэн явуулна.
11.11. Санхүүгийн саналыг албан ёсоор нээж үнэлсэн өдрөө шинжээчдийн баг нь тендерийн үр дүнгийн мэдэгдэл /тэмдэглэл/-ийн төслийг бэлтгэж, Төрийн өмчийн хороогоор хянуулан батлуулах зорилгоор нээлттэй хуралдааны ажиллагааг түр завсарлана.
11.12. Шинжээчдийн баг, Төрийн өмчийн хорооны гишүүд мөн өдөр нээлттэй хамтарсан хуралдаан хийж, Төрийн өмчийн хорооны даргын гарын үсэг зурсан тендерийн үр дүнгийн мэдэгдэл / тэмдэглэл/-ийг уншиж тендерийн үр дүнг зарлана.
11.13. Ялагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг тендерийн үр дүнгийн мэдэгдэл /тэмдэглэл/-д гарын үсэг зурж, хувьцаа худалдах, худалдан авах гэрээнд ялагчийн худалдан авах үнийг оруулахаар урих бөгөөд түүнд уг мэдэгдлийн гарын үсэг зурсан хувийг, хуудас бүр дээр Төрийн өмчийн хорооны даргын гарын үсэг зурж үзэглэсэн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээний хувьтай хамт олгоно.
12. ТЕНДЕРИЙГ ЯВАГДААГҮЙД БОЛОН ХҮЧИНГҮЙД ТООЦОХ, ӨРГӨДӨЛ, САНАЛ ИРҮҮЛЭХ ХУГАЦААГ СУНГАХ
12.1. Төрийн өмчийн хороо өргөдөл, санал ирүүлэх хугацааг өөрийн санаачилгаар эсвэл тендерт оролцогчийн хүсэлтийн дагуу сунгах буюу тендерийн хуваарийг хэдийд ч ямар ч байдлаар өөрчилж болно.
12.2. Монгол Улсын Засгийн газар нь аль ч үед урьдчилан мэдэгдэлгүйгээр уралдаант шалгаруулалт /тендер/-ын журмын аль ч заалтыг хасах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах эрхтэй. Тендерийн журамд оруулсан аливаа өөрчлөлтийн талаар Төрийн өмчийн хороо бүх оролцогчдод бичгээр мэдэгдэнэ.
13. ГАРЫН ҮСЭГ ЗУРЖ БАЙГУУЛСАН ХУДАЛДАХ, ХУДАЛДАН АВАХ ГЭРЭЭГ ЦУЦАЛСАН ТОХИОЛДОЛД ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРООНООС АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
13.1. Энэхүү Тендерийн журмын дагуу байгуулж, гарын үсэг зурж, хүргүүлсэн Худалдах, худалдан авах гэрээг худалдах, худалдан авах ажиллагааг дуусгавар болгохгүйгээр аливаа шалтгаанаар цуцлах тохиолдолд Төрийн өмчийн хороо нь доорхи арга хэмжээний аль нэгийг авч болно:
1) Худалдан авах удаах үнийг санал болгосон Тендерт оролцогч этгээдэд (цаашид "Удаах байранд шалгарсан тендерт оролцогч" гэх) уг этгээдээс Тендерийн саналын хамт ирүүлсэн Худалдах, худалдан авах тухай гэрээний эцсийн хувилбарт гарын үсэг зурж, хэрэгжүүлэх саналыг бичгээр тавих;
2) Тендерийг дуусгавар болгох.
13.2.Энэхүү Тендерийн журмын 13.1 (1)-р зүйлийн дагуу Төрийн өмчийн хорооноос тавьсан саналыг удаах байранд шалгарсан тендерийн оролцогч нь хүлээн авахаас татгалзах буюу хүлээн авах тухайгаа Төрийн өмчийн хорооноос тогтоосон хугацаанд бичгээр мэдэгдэнэ. Тендерийн журмын 13.1 (1)-р зүйлийн дагуу Төрийн өмчийн хорооноос санал тавихаар шийдвэрлэсэн боловч тендерт ялагчийн санал болгосон үнийн удаах үнийг техникийн саналын үнэлгээгээр адил оноо авсан нэгээс дээш оролцогч санал болгосон тохиолдолд Төрийн өмчийн хороо удаах байрны тендерийн оролцогчийг Тендерийн журмын 11.10-р зүйлд заасан журмын дагуу сонгон шалгаруулна.
13.2. Энэхүү Тендерийн журмын 13.1 (1)-р зүйлийн дагуу Төрийн өмчийн хорооноос тавьсан саналыг Төрийн өмчийн хорооноос тогтоосон хугацаанд хүлээж авсан тохиолдолд удаах байранд шалгарсан Тендерт оролцогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дараахь бичиг баримтыг гаргаж өгнө:
1) Энэхүү журмын 13.1 (1)-р зүйлийн дагуу Төрийн өмчийн хорооноос тавьсан саналыг хүлээн авахыг зөвшөөрч тухайн хуулийн этгээдийн удирдах байгууллагаас (консорциум болон оролцож буй тохиолдолд тухайн консорциумын гишүүн этгээд тус бүрийн удирдах байгууллагаас) гаргасан хүчин төгөлдөр шийдвэр;
2) Итгэмжлэгдсэн төлөөлөгч удаах байранд шалгарсан тендерт оролцогчийг төлөөлөх, уг журмын 13.1 (1)-р зүйлд дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлэх эрхтэйг нотолсон хүчин төгөлдөр итгэмжлэл;
3) Тендерийн дэнчин төлснийг нотлох нотолгоо (удаах байранд шалгарсан Тендерийн оролцогчийн тендерийн дэнчинг буцааж өгөөгүй байсан бол дэнчинг төлсөн нотолгоог шаардахгүй).
13.4.Удаах байранд шалгарсан Тендерийн оролцогч нь энэхүү журмын 13.3-р зүйлд дурдсан шаардлагыг хангасан тохиолдолд уг оролцогчоос тендерийн саналтайгаа хамт ирүүлсэн, худалдан авах удаах үнийг зааж бичсэн, Худалдах, худалдан авах тухай гэрээний эцсийн хувилбарт Төрийн өмчийн хорооны дарга гарын үсэг зурж, хуудас бүрийг нь үсэглэн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь хүргүүлнэ. Талуудын харилцан тохиролцсоноор Худалдах, худалдан авах тухай гэрээний төслийн эцсийн хувилбарт зайлшгүй өөрчлөлт (энэ нь нөхцөл байдал өөрчлөгдсөнийг зохицуулахад зайлшгүй шаардагдаж болох өөрчлөлтөөр л хязгаарлагдах ба удаах байранд шалгарсан Тендерийн оролцогчийн санхүүгийн саналд тусгагдсан Худалдан авах үнийн дүнг өөрчлөхгүй) оруулах бол энэхүү өөрчлөлтийг Худалдах худалдан авах тухай гэрээнд оруулж, гэрээний хоёр тал тусгайлан үзэглэнэ.
13.5.Дараахь тохиолдолд тендерийг дуусгавар болгох буюу удаах байранд шалгарсан тендерт оролцогчийн дараачийн этгээдэд Тендерийн журмын 13.1 (1)-р зүйлийн дагуу дахин санал тавих шийдвэрийн аль нэгийг Төрийн өмчийн хороо өөрийн үзэмжээр бие даан гаргаж болно:
а) Удаах байранд шалгарсан тендерийн оролцогч нь энэхүү Тендерийн журмын 13.1 (1)-р зүйлийн дагуу Төрийн өмчийн хорооноос тавьсан саналыг хүлээн авахаас татгалзсан, эсвэл Төрийн өмчийн хорооноос тогтоосон хугацаанд саналыг хүлээн авснаа мэдэгдээгүй,
б) энэхүү Тендерийн журмын 13.3-р зүйлийн дагуу шаардсан бичиг баримтыг гаргаж өгөөгүй,
в) Гэрээний талууд аливаа бусад шалтгаанаар Худалдах, худалдан авах гэрээг байгуулж, уг гэрээний нөхцөл болзлын дагуу худалдах, худалдан авах ажиллагааг дуусгавар болгож чадаагүй.. /Энэ заалтыг Засгийн газрын 2003 оны 135 дугаар тогтоолоор нэмсэн/
Тендерт оролцогчийн гарын үсэг ___________________________
Он, сар, өдөр ____________________
ХАВСРАЛТ 1
Teндерийн зар мэдээ
|
2003 оны 6-р сарын 3
|
Тендерт оролцох өргөдөл/хүсэлтээ ирүүлэх
|
2003 оны 6-р сарын 3 -
9-р сарын 16
|
Урьдчилсан шалгаруулалт/Тендерийн баримт бичгийг хүргүүлэх
|
2003 оны 6-р сарын 17 -
9-р сарын 30
|
Компани дээр дүн шинжилгээ хийх/санал, дүгнэлт гаргах хугацаа
|
2003 оны 6-р сарын 17 -
11-р сарын 28
|
Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ (ХХХАГ)-ний талаар санал авах
|
2003 оны 10-р сарын 14
|
ХХХАГ-ний шинэчилсэн төслийг боловсруулан гаргах
|
2003 оны 10-р сарын 28
|
ХХХАГ-ний шинэчилсэн төслийн талаар санал авах
|
2003 оны 11-р сарын 11
|
ХХХАГ-ний эцсийн төслийг бэлтгэн гаргах
|
2003 оны 11-р сарын 25
|
Teндерийн санал ирүүлэх
|
2003 оны 12-р сарын 9
|
Техникийн саналыг үнэлэх
|
2003 оны 12-р сарын 10 -
12-р сарын 15
|
Санхүүгийн саналыг нийтийн өмнө нээж үнэлэх/Тендерийн үр дүнг нийтэд мэдээлэх
|
2003 оны 12-р сарын 16
|
Гэрээнд гарын үсэг зурах
|
2003 оны 12-р сарын 16
|
Текст томруулах
A
A
A