A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2003 оны 19 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРОО УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТ /ТЕНДЕР/-ЫН ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
                1.1. Монгол Улсын "Иргэний хууль", "Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль", Монгол Улсын Их Хурлын 2001 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 10 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн өмчийг 2001-2004 онд хувьчлах үндсэн чиглэл", Засгийн газрын 2002 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор батлагдсан "Төрийн өмчийг 2002 онд хувьчлах хөтөлбөр"-ийн дагуу "НИК" хувьцаат компани /цаашид "НИК" ХК эсвэл "компани" гэх/-ийн нийт хувьцааны 80 /наян/ хувьд ногдох төрийн эзэмшлийн 16760768 /арван зургаан сая долоон зуун жаран мянга долоон зуун жаран найман/ ширхэг энгийн хувьцаа /цаашид "хувьцаа" гэх/-г уралдаант шалгаруулалт /тендер/-ын аргаар гадаадын буюу дотоодын стратегийн хөрөнгө оруулагчдад худалдахад энэхүү журам /цаашид "журам" гэх/-ыг мөрдөнө.
                1.2. Төрийн өмчийн хороо нь зөвлөхүүдийн туслалцаатайгаар тендерийг зохион байгуулж явуулна.
 
Хоёр. Нэр томъёоны тодорхойлолт
Энэхүү журамд хэрэглэсэн нэр томъёог дор дурдсанаар тодорхойлно:
                2.1. "Компани" гэж "НИК" хувьцаат компанийг хэлнэ.
                2.2. "Стратегийн хөрөнгө оруулагч" гэж нефтийн салбарт, түүний дотор нефтийн бүтээгдэхүүний бөөний болон/буюу жижиглэнгийн худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн туршлага хуримтлуулж ирсэн гадаадын буюу дотоодын нефть, нефтийн бүтээгдэхүүний салбарын хөрөнгө оруулагч /гадаадын буюу дотоодын хуулийн этгээд/ эсхүл нефть, нефтийн бүтээгдэхүүний салбарын хөрөнгө оруулагчийн оролцоотой консорциумыг хэлнэ.
                2.3. "Зар мэдээ" гэж Төрийн өмчийн хорооноос тендер явуулах тухай нийтэд сонордуулсан албан ёсны зар мэдээллийг хэлнэ.
                2.4. "Уралдаант шалгаруулалт /цаашид "тендер" гэх/" гэж тендерт оролцогчдоос ирүүлсэн тендерийн саналуудыг хянан үзэж, ялагчийг тодруулан, түүнтэй хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулах үйл ажиллагааг хэлнэ.
                2.5. "Өргөдөл" гэдэгт тендерт оролцогчоос ирүүлэх өргөдөл, өргөдөл гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гарын үсэг зурсан нууцыг хадгалах тухай гэрээ болон тендерийн хураамж төлснийг нотлох баримтын иж бүрдлийг ойлгоно. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлөөлөх эрхийг зохих журмын дагуу бичгээр үйлдэж өргөдөлд хавсаргасан итгэмжлэлээр баталгаажуулна. Өргөдөл гаргагч тендерийн оролцогч болохын тулд урьдчилан шалгаруулалтад шаардагдах өөрийн компанийн болон консорциумын талаархи мэдээллийг өргөдөлд хавсаргасан байна.
                2.6. "Нууцыг хадгалах тухай гэрээ" гэж компани, Төрийн өмчийн хороо, Монгол Улсын Засгийн газар болон зөвлөхүүдээс өгөх компанитай холбоотой аливаа мэдээллийг ямар нэгэн хэлбэрээр тараах болон мэдээлэхийг хориглосон гэрээг хэлнэ.
                2.7. "Тендерийн хураамж" гэж тендерийн баримт бичгээр хангах үйлчилгээний хураамж болгон тендерт оролцогчоос Төрийн өмчийн хороонд төлөх 1000 /нэг мянган/ ам. долларын үл буцаах төлбөрийг хэлнэ.
                2.8. "Тендерт оролцогч" гэж тендерт оролцохоор өргөдөл гаргаж, урьдчилан шалгаруулалтын шаардлагыг ханган, Төрийн өмчийн хороо өргөдлийг нь хүлээн авсан  хуулийн этгээд буюу тэдгээрийн хамтарсан консорциумыг хэлнэ.
                2.9. "Тендерийн баримт бичиг" гэдэгт:
Уралдаант шалгаруулалт /тендер/-ын журам,
Ерөнхий мэдээлэл,
Хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээний төслийн иж бүрдлийг ойлгоно.
                2. 10. "Ерөнхий мэдээлэл" гэж тендерт оролцогч тус бүрт хүргэх компани болон Монгол улс, түүний бизнесийн орчны талаархи мэдээлэл бүхий баримт бичгийг хэлнэ.
                2.11. "Дэнчин" гэж хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээг дуусгавар болгох үүрэг хүлээж буйгаа болон санхүүгийн эх үүсвэртэй болохоо батлан тендерт оролцогчоос төлөх 100000 /нэг зуун мянган/ ам. доллартай тэнцэх хүүгүй мөнгөн хадгаламжийг хэлнэ. Дэнчинг Монгол Улсын Монголбанк дахь Төрийн өмчийн хорооны валютын дансанд төлнө.
                2.12. "Тендерийн санал" гэж тендерт оролцогчоос компанийн хувьцааг худалдан авахаар ирүүлсэн саналыг хэлнэ. Тендерийн санал нь техникийн ба санхүүгийн саналаас бүрдсэн байна.
2.13. "Худалдан авах үнэ" гэж тендерээр худалдаалагдаж буй компанийн хувьцааг худалдан авахаар тендерт оролцогчоос санал болгож буй үнийн дүнг хэлнэ. "НИК" хувьцаат компанийн нийт хувьцааны 80 хувьд ногдох төрийн эзэмшлийн багц хувьцааг худалдан авах 6133000 /зургаан сая нэг зуун гучин гурван мянган/ ам. доллараас доошгүй үнийг бүрэн төлвөл Санхүү, эдийн засгийн яаманд компаниас төлөх 7413978000  /долоон тэрбум дөрвөн зуун арван гурван сая есөн зуун далан найман мянган/ төгрөгийн тусламжийн барааны өрийг Засгийн газар өршөөж, компанийг энэ өрөөс чөлөөлнө.
                2.14. "Хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээний төсөл" гэж Төрийн өмчийн хорооноос санал болгож буй, тендерт оролцогчдын саналыг авахаар хүргүүлэх хувьцаа худалдах, худалдан авах гэрээний төслийн эхний хувилбарыг хэлнэ.
                2.15. "Хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээний шинэчилсэн төсөл" гэж хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээний төслийн эхний хувилбарт тендерт оролцогчдын өгсөн саналыг тусгасан шинэчилсэн хувилбарыг хэлнэ.
                2.16. "Хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээний эцсийн төсөл" гэж хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээний шинэчилсэн төсөлд тендерт оролцогчдоос санал болгосон нэмэлт өөрчлөлтөөс хүлээн авч болохуйц саналуудыг тусган Төрийн өмчийн хорооноос эцэслэн бэлтгэж гаргах төслийг хэлнэ.
                2.17. "Зөвлөх" гэж Америкийн Нэгдсэн Улсын Олон улсын хөгжлийн агентлагийн тусламжтайгаар Төрийн өмчийн хороонд зөвлөх үйлчилгээ үзүүлж буй Бэринг Пойнт ХХК-ийн Баренц бүлгийн зөвлөхүүдийг хэлнэ.
 
Гурав.   Тендерийн хуваарь
3.1. Тендерийг энэхүү журамд хавсаргасан хуваарийн дагуу зохион байгуулж явуулна
/Хавсралт 1/.
 
Дөрөв.   Тендерт оролцогч
4.1.  Тендерт оролцогчийн эрх зүйн байдал
      4.1.1. Урьдчилан шалгаруулалтад тэнцсэн, Монгол Улсын болон гадаад улсын нефть, нефтийн бүтээгдэхүүний салбарын хөрөнгө оруулагч эсхүл нефть, нефтийн бүтээгдэхүүний салбарын хөрөнгө оруулагчийн оролцоотой консорциум зэрэг урьдчилан шалгаруулах шатны үнэлгээний шаардлагыг хангасан бүх боломжит хөрөнгө оруулагчид тендерт оролцож болно.
      4.1.2. Тендерт оролцогч тендерт өөрийгөө төлөөлүүлэн оролцуулахаар итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж, төлөөлөх эрхийг зохих журмын дагуу бичгээр үйлдсэн итгэмжлэлээр баталгаажуулна.
      4.1.3. Тендерт хэд хэдэн хуулийн этгээд хамтарч консорциумын хэлбэрээр оролцож байгаа бол тэд зөвхөн нэг /1/ итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилж, тендерт нэг оролцогч болж оролцоно.
                4.2. Тендерт оролцогчийн эрх
                4.2.1. Тендерт оролцогч нь тендерт оролцох өргөдлөө ирүүлж, урьдчилан шалгаруулалтад тэнцсэн тохиолдолд Төрийн өмчийн хорооноос баталж, тэмдэг дарсан тендерийн баримт бичгийн нэг иж бүрэн багцыг авах эрхээр хангагдана.
                4.2.2.Тендерт оролцогч нь дараахь эрх эдэлнэ:
1)   Төрийн өмчийн хорооноос баталж гаргасан компанитай танилцах, дүн шинжилгээ, уулзалт хийх хуваарийн дагуу компанийн удирдлагатай уулзах, барилга байгууламжийг үзэх,
2)   Төрийн өмчийн хорооноос бичгээр зөвшөөрөл авсны үндсэн дээр Монгол Улсын Засгийн газрын холбогдох албан тушаалтантай уулзах,
3)   Энэхүү журам болон тендерийн үйл ажиллагаатай холбогдсон мэдээллийн талаар тайлбар авах зорилгоор компанийн хувьчлалын асуудлыг хариуцсан Төрийн өмчийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй уулзах,
4)   Тайлбар авах хүсэлтийг англи буюу монгол хэл дээр үйлдэж Төрийн өмчийн хороонд дараахь хаягаар бичгээр ирүүлнэ:
Л. Пүрэвдорж
Төрийн өмчийн хорооны дарга
Засгийн газрын IV байр, 410-р өрөө
Улаанбаатар-11, Монгол Улс
Утас: 976-11-312460
Факс: 976-11-312798
Төрийн өмчийн хороо ирсэн бүх хүсэлтэд бичгээр хариулт өгөх бөгөөд асуулт, хариултын хувийг тендерт оролцогч бүрт тэдний өргөдөл дээр заасан хаягаар хүргүүлнэ. Ийнхүү хүргүүлэхдээ буухиа шуудан, баталгаат захиа, факс, эсхүл электрон шууданг ашиглаж болно.
Тендерийн санал авах хугацаа дуусахаас өмнөх ажлын таван /5/ хоногоос хожимдуулж ирүүлсэн тайлбар авах хүсэлтийг Төрийн өмчийн хороо хүлээж авахгүй байж болно.
      5)Монгол Улсын "Иргэний хууль", "Төрийн болон орон нутгийн  
       өмчийн тухай хууль"-д заасан бусад эрх эдлэх.
4.3. Тендерт оролцогчийн үүрэг
Тендерт оролцогч нь дараахь үүрэгтэй:
Өөрийн бизнес, эрх зүй, санхүүгийн байдлын талаар үнэн зөв мэдээлэл өгөх,
Тендерт оролцох явцад өөрийн бизнес, эрх зүй, санхүүгийн байдалд гарсан, тендерт оролцоход нь нөлөөлж болзошгүй аливаа материаллаг өөрчлөлтийн талаар Төрийн өмчийн хороонд нэн даруй мэдээлэх,
Компанийн хувьцааг худалдан авах талаар тендерийн бусад оролцогчидтой  ямар нэгэн харилцаа холбоо тогтоох болон аливаа хэлбэрээр хэлэлцээрт орохгүй байх,
Компанитай байгуулсан буюу байгуулахаар төлөвлөж байгаа бизнесийн аливаа гэрээ, хэлэлцээрийн талаар Төрийн өмчийн хороонд бичгээр мэдэгдэх,
Тендерт оролцох буюу оролцохтой холбогдон гарах бүх зардлыг өөрөө хариуцах,
Монгол Улсын хууль тогтоомж болон энэхүү журмыг сахин биелүүлэх.
 
Тав. Тендерийн баримт бичиг
                5.1. Тендерт оролцогч тус бүрт тендерийн баримт бичгийн нэг иж бүрэн багцыг олгоно.
                5.2. Төрийн өмчийн хорооноос олгох тендерийн баримт бичигт Төрийн өмчийн хорооны тэмдэг дарсан байна.
                5.3. Төрийн өмчийн хороо болон зөвлөхүүд тендертэй холбоотой мэдээллийг тендерийн баримт бичигт оруулна. Энэхүү мэдээллийг ашиглахтай холбоотойгоор үүсч болох аливаа үүрэг, хариуцлагыг Төрийн өмчийн хороо болон зөвлөхүүдийн аль аль нь хүлээхгүй.
 
Зургаа.  Дүн шинжилгээ хийх
                6.1. Тендерт оролцогчдыг тэдгээрийн хүсэлтийн дагуу Засгийн газрын холбогдох албан тушаалтан болон компанийн удирдлагатай уулзах, компанитай газар дээр нь танилцах бололцоогоор хангана.
                6.2. Тендерт оролцогчдод тендерийн саналаа ирүүлэхээс өмнө компани дээр очиж компанийн хөрөнгө, өр төлбөрийн талаар нарийвчилсан дүн шинжилгээ хийх, өөрсдийн саналаа хэлэх, Засгийн газраас дэвшүүлж буй хувьчлалын зорилгын талаар Төрийн өмчийн хорооны ажилтнуудтай болон зөвлөхүүдтэй ярилцах бололцоог олгоно. Төрийн өмчийн хороо тендерт оролцогч тус бүрт 2 /хоёр/ долоо хоног хүртэл хугацаагаар компани дээр очиж түүний үйл ажиллагаанд нарийвчилсан дүн шинжилгээ хийх хуваарь гаргах ба оролцогч хүсэлт гаргасан тохиолдолд Төрийн өмчийн хороо өөрийн үзэмжээр нэмэлт хугацаа олгоно. Дүн шинжилгээний хугацаанд тендерт оролцогчид компанийн удирдлага, ажилтнуудтай уулзах өргөн боломжоор хангагдах бөгөөд компанийн бүртгэл, баримт, түүнчлэн компьютерийн систем, конторын болон бусад барилга байгууламжийн байдал болон өөрсдийн сонирхсон хүрээнд аливаа бусад асуудлыг судлах эрхээр хангагдана.
                6.3. Төрийн өмчийн хороо нь компани дээр очиж дүн шинжилгээ хийх хуваарийг хүсэлт хүлээж авсан дарааллаар гаргаж, тендерт оролцогчдод энэ тухай факс буюу электрон шуудангаар мэдэгдэнэ.
                6.4. Тендерт оролцогч нь тендерийн саналаа ирүүлснээр компанийн нөхцөл байдал, үйл ажиллагаатай танилцаж, улмаар эдгээрийг зөвшөөрч, Төрийн өмчийн хорооноос буюу түүний өмнөөс компанийн талаар гаргаж өгсөн бүх мэдээллийн үнэн зөв болохыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно. Байгаа мэдээлэл, бодит байдалтай танилцаж чадаагүй тендерт оролцогч нь тендерийн санал, хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээний төслийг боловсруулах үүргээс чөлөөлөгдөхгүй.  Төрийн өмчийн хороо, түүний зөвлөх, компани, эдгээрийн төлөөлөгчдөөс гаргаж өгсөн мэдээлэлд үндэслэн тендерт оролцогчийн зүгээс гаргасан дүгнэлт, тайлбарын талаар Төрийн өмчийн хороо, түүний зөвлөх, шинжээчдийн баг, компани, эдгээрийн төлөөлөгчдийн аль аль нь хариуцлага хүлээхгүй. 
                6.5. Тендерт оролцогч компанитай танилцах, дүн шилжилгээ болон уулзалт хийхгүй байхаар шийдвэрлэсэн тохиолдолд ч тендерийн санал өгөх эрхтэй хэвээр үлдэнэ.
 
Долоо. Хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээний төслийг эцэслэн боловсруулах
                7.1. Тендерт оролцогчдоос санал болгож 2003 оны 4 дүгээр сарын 29-ний дотор Төрийн өмчийн хороонд ирүүлсэн нэмэлт, өөрчлөлтүүд дээр үндэслэн Төрийн өмчийн хороо хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээний төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулж, уг гэрээний шинэчилсэн төслийг боловсруулж болно. 
                7.2. Төрийн өмчийн хороо хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээний шинэчилсэн төслийг боловсруулсан тохиолдолд энэ тухай тендерт оролцогч тус бүрт мэдэгдэж, шинэчилсэн төслийн хувийг 2003 оны 5 дугаар сарын 13-ны дотор тараана.
                7.3. Тендерт оролцогчдод хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээний шинэчилсэн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай саналаа 2003 оны 5 дугаар сарын 20-ны дотор ирүүлэхийг санал болгоно. Энэ өдрөөс хойш ирүүлсэн санал, тайлбарыг хүлээж авахгүй.
                7.4. Тендерт оролцогчдоос хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээний шинэчилсэн төсөлд оруулахаар санал болгосон нэмэлт, өөрчлөлтүүдийг үндэслэн Төрийн өмчийн хороо хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээний эцсийн төслийг боловсруулж, тендерт оролцогч тус бүрт 2003 оны 6 дугаар сарын 3-ны дотор тараана.  
 
Найм.  Тендерийн санал бэлтгэх, санал ирүүлэхэд тавигдах ерөнхий шаардлага
                8.1. Бүх мөнгөн дүнг Америкийн Нэгдсэн Улсын доллараар илэрхийлнэ.
                8.2. Тендерт оролцогчид тендерийн саналын нэг /1/ эх хувь болон таван /5/ хуулбарыг ирүүлнэ.
                8.3. Тендерт оролцогчид тендерийн саналыг англи буюу монгол хэлний аль нэг дээр бэлтгэж ирүүлнэ. Харин хувьцаа худалдах, худалдан авах гэрээний эцсийн төслийн гарын үсэг зурсан хоёр /2/ эх хувийг англи болон монгол хэл дээр бэлтгэж, техникийн саналын эх хувьд хавсарган ирүүлнэ. 
                8.4. Саналын эх хувь болон хуулбаруудын хооронд ямар нэгэн зөрүү гарах тохиолдолд эх хувийг баримтална.
                8.5. Тендерт оролцогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тендерийн саналын эх хувьд хар буюу хөх өнгийн бэхээр гарын үсэг зурж, хуудас бүрийг үзэглэнэ.  Итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгосон эрхийг зохих журмын дагуу бичгээр үйлдэн, тендерийн саналд хавсаргасан итгэмжлэлээр баталгаажуулна.
                8.6. Тендерийн саналд оруулсан бүх засварт тендерт оролцогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гарын үсгээ зурах буюу үзэглэж баталгаажуулна.
                8.7. Тендерийн саналыг шуудангаар ирүүлсэн тохиолдолд Төрийн өмчийн хороон дээр хүлээн авсан өдрийг тендерийн санал ирүүлсэн өдөр гэж тооцно.
                8.8. Төрийн өмчийн хороо тендерийн саналыг хүлээж авсан огноо, цагийг тэмдэглэсэн баримтыг оролцогч тус бүрт илгээж хүлээн авснаа батална.  Шуудангаар ирүүлсэн тендерийн саналын дугтуйн дээр хариу илгээх факсын дугаарыг заагаагүй тохиолдолд хүлээн авсан тухай баримтыг дугтуйн дээрх хаягаар эсхүл тендерт оролцогчийн Төрийн өмчийн хорооны бүртгэлд тусгагдсан хаягаар илгээнэ.
                8.9. Тендерт оролцогч нь тендерийн санал хүлээн авах хугацаа дуусахаас өмнө Төрийн өмчийн хороонд бичгээр мэдэгдэж, тендерийн саналаа өөрчлөх, эсхүл татан авах эрхтэй.
 
Ес.  Дэнчин
                9.1. Тендерийн саналаа ирүүлэх хүсэлтэй тендерт оролцогчид Төрийн өмчийн хорооны дор дурдсан валютын харилцах дансанд 100000 /нэг зуун мянган/ америк долларын дэнчин төлнө. Үүнд:
Банкны нэр:                   Монгол Улсын "Монголбанк"
SWIFT код:                     BOMUMNUB
Дансны нэр:                 Төрийн өмчийн хороо
Дансны дугаар:            3332404
Харилцагч банк:           Federal Reserve Bank of New York, NY, USA
SWIFT код:                     FRNYUS33
Дансны нэр:                 Монголбанк
Дансны дугаар:            021088506
Дэнчин төлснийг нотолсон банкны баримтын хуулбарыг техникийн саналд хавсаргана.
                9.2. Тендерт оролцогч нь дэнчин тавиагүй тохиолдолд тендерт оролцох эрхгүй.
                9.3. Тендерт ялагчаар шалгарсан оролцогчийн тавьсан дэнчинг хувьцааг худалдаж авах үнэд оруулан тооцно.
                9.4. Тендерийн саналыг үнэлсний дараа тендерт оролцогч ялагчаар шалгараагүй тохиолдолд тендерийн дэнчинг тендерт оролцогчийн хүсэлтийн дагуу ажлын долоон /7/ өдөрт багтаан бүрэн буцаан олгох бөгөөд хүсэлтэд дэнчинг шилжүүлэх банкны дансны дугаарыг тодорхой заана. 
                9.5. Дэнчинг дараахь тохиолдолд буцааж олгохгүй:
Ялагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулах үндэслэл болох тендерийн үр дүнгийн тухай мэдэгдэл  /тэмдэглэл/ -д гарын үсэг зурахаас татгалзсан.
 
Ялагч нь хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээний нөхцөл, болзлын дагуу худалдан авах үнийн төлбөрийг хийгээгүй буюу хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээнд заасан өөрийнхөө аливаа мэдэгдэл, баталгаа, тохиролцоогоо материаллаг байдлаар зөрчсөн.
                9.6. Дэнчинд хүү төлөхгүй.
                9.7. Дэнчин төлөхтэй холбогдсон банкны бүх зардлыг тендерт оролцогч хариуцна.
 
Арав.  Тендерийн санал бэлтгэн ирүүлэх
10.1. Компанийн нийт хувьцааны 80 хувийг худалдаж авах сонирхолтой стратегийн хөрөнгө оруулагчид Засгийн газраас дэвшүүлж буй дор дурдсан хувьчлалын зорилгыг хангах бизнесийн стратеги болон үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, тендерийн саналтай хамт ирүүлэх шаардлагатай. Үүнд:
Компанийн үйл ажиллагааны үндсэн чиглэл болох боловсруулсан нефтийн бүтээгдэхүүний импорт, хангамжийн үйл ажиллагааг хэвээр үлдээж, цаашид өргөжүүлэх,
Нефтийн бүтээгдэхүүний хангамжийн эх үүсвэрийг бизнесийн тогтсон туршлагатай уялдуулан өргөжүүлж, найдвартай болгох, бага өртөг бүхий хангамжийн сүлжээг бий болгох, чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээний хангамжийг нэмэгдүүлэх,
Аюулгүй ажиллагаа, байгаль орчны аюулгүй байдал, нефтийн бүтээгдэхүүний технологи, хадгаламжийн бааз болон шатахуун түгээх станцын стандартад тавих хяналтыг сайжруулах тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэх,
Компанийн барилга байгууламж, шатахуун түгээх станц, нефть хангамжийн баазуудыг шинэчлэх болон түүнийг олон улсын стандартад хүргэхэд чиглэгдсэн хөрөнгө оруулалт хийх.
                10.2. Тендерийн санал дараахь хоёр хэсгээс бүрдэнэ.  Үүнд:
Техникийн санал /бизнесийн стратеги болон үйл ажиллагааны төлөвлөгөөний хамт/,
Санхүүгийн санал.
                10.3. Техникийн болон санхүүгийн саналуудыг тус тусад нь битүүмжлэн дугтуйлж хүргүүлнэ. Саналуудын эх хувь болон хуулбаруудыг "ЭХ ХУВЬ", "ХУУЛБАР", "ТЕХНИКИЙН САНАЛ," "САНХҮҮГИЙН САНАЛ" гэж хаяглан тус тусад нь битүүмжлэн дугтуйлна.  Эдгээр дугтуйг өөр дугтуйд давхар хийж битүүмжилнэ.  Гаднах дугтуй дээр Төрийн өмчийн хорооны хаяг, тендерт оролцогчийн албан ёсны нэр, хаягийг бичиж:
"НИК ХК-ийн хувьцааг худалдан авах нууц санал - Тендерийн Санал.
ШИНЖЭЭЧДИЙН БАГИЙГ БАЙЛЦУУЛАХГҮЙГЭЭР НЭЭХИЙГ ХОРИГЛОНО" гэсэн тэмдэглэл хийнэ.
Тендерийн саналыг Төрийн өмчийн хорооны дараахь хаягаар 2003 оны            6 дугаар сарын 17-ны өдрийн (Улаанбаатарын цагаар) 18.00 цагаас өмнө ирүүлнэ.
Л. Пүрэвдорж
Төрийн өмчийн хорооны дарга
Засгийн газрын IV байр, 410-р өрөө
Улаанбаатар-11, Монгол Улс
Утас: 976-11-312460
Факс: 976-11-312798
Техникийн санал
Техникийн санал нь худалдан авах үнийн дүнг ямар нэгэн байдлаар тусгахгүй  байх бөгөөд дор дурдсан хэсгүүдээс бүрдэнэ. Үүнд:
Тендерт оролцогчийн талаархи мэдээлэл. Үүнд:
Тендерт оролцогчийн бизнесийн үйл ажиллагааны чиглэл, компанийн бүтэц, нефтийн салбар болон нефтийн бүтээгдэхүүний бөөний болон/буюу жижиглэнгийн худалдаа зэргийг хамруулсан нефтийн салбар дахь түүний (консорциумаар оролцож байгаа тохиолдолд хамтарч буй компаниудын) үйл ажиллагааны дэлгэрэнгүй танилцуулга,
Сүүлийн гурван /3/ жилийн эцсийн байдлаар гаргаж аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан тэнцэл (хувьцаат компанийн хувьд хувьцаа эзэмшигчдэд зориулсан жилийн тайлан).  Санхүүгийн тайлан тэнцлийг англи буюу монгол хэл дээр ирүүлнэ.
Тендерт оролцогчийн  нийт гаргасан буюу бусад хэлбэрээр өмчилж буй хувьцааны тав /5/-аас  дээш хувийг эзэмшиж буй хувьцаа эзэмшигчдийн жагсаалт (консорциумаар оролцож байгаа тохиолдолд хамтарч буй компани тус бүрийн нийт гаргасан буюу бусад хэлбэрээр өмчилж буй хувьцааны 5 /тав/-аас  дээш хувийг эзэмшиж буй хувьцаа эзэмшигчид тус бүрийг энэхүү жагсаалтад оруулна),
Тендерт оролцогчоос тендерт холбогдолтой гэж үзэн санал болгож буй бусад мэдээлэл.
Б. Бизнесийн стратеги/Үйл ажиллагааны төлөвлөгөө
Хоёр /2/-оос доошгүй жилийг хамарсан энэхүү стратеги/төлөвлөгөөнд дор дурдсан арга хэмжээг тусгасан байвал зохино. Үүнд:
"НИК" ХК-ийн бизнесийн үндсэн чиглэлийг хэвээр хадгалж, цаашид хөгжүүлэх талаар санал болгож буй бизнесийн стратегийн тойм,
Нефтийн бүтээгдэхүүний хангамжийн эх үүсвэрийг бизнесийн тогтсон туршлагатай уялдуулан өргөжүүлж, найдвартай болгох стратеги,
Компанийн одоо ашиглагдаж буй барилга байгууламж, шатахуун түгээх станц, нефть хангамжийн баазуудыг шинэчлэх, хугацаа, өртөг зардлын бүтэц зэргийг хамруулсан техникийн шинэчлэл хийх  хөрөнгө оруулалтын төлөвлөгөө,
Хоёр /2/-оос доошгүй жилийг хамарсан борлуулалтын прогноз, үнийн бодлого, үйл ажиллагааны өртөг зардал, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар зэргийг тусгасан маркетингийн төлөвлөгөө,
Хоёр /2/-оос доошгүй жилийг хамарсан санхүүгийн прогноз /орлого, үр дүнгийн тайлан, баланс, мөнгөн урсгалын тайлан, санхүүжилтийн эх үүсвэр/,
Ажиллагсдыг сургах сургалтын хөтөлбөр, удирдлага, зохион байгуулалтын хөгжил, гадаадын удирдлага/техникийн мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүн, тоо, албан тушаал зэргийг тусгасан хүний нөөцийг хөгжүүлэх төлөвлөгөө,
Нефтийн бүтээгдэхүүний технологи болон шатахуун түгээх станц, нефтийн агуулахын стандартад тавих хяналт, аюулгүй ажиллагаа, байгаль орчны аюулгүй байдлыг сайжруулах тусгай арга хэмжээг тусгасан байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө.
Дэнчин төлснийг нотлох баримт
Тендерийн энэхүү журмын сүүлчийн хуудсанд гарын үсэг зурсан хуулбар. Тендерт оролцогч нь Тендерийн журамд гарын үсэг зурснаар энэхүү журмын заалтыг сахин мөрдөх, түүнд тусгасан бүх нөхцөл, болзлыг хүлээн зөвшөөрснөө илэрхийлнэ.
Тендерт оролцохыг зөвшөөрч хуулийн этгээдийн удирдах байгууллагаас гаргасан шийдвэр (консорциумаар оролцож байгаа тохиолдолд хамтарч буй хуулийн этгээд тус бүрийн удирдах байгууллагаас гарсан шийдвэр).
Е.  Тендерт оролцогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хувьцаа худалдах, худалдан авах гэрээний эцсийн төсөлд зохих ёсоор гарын үсэг зурж бусад бүх байдлаар  бэлэн болгосон байх бөгөөд зөвхөн худалдан авах үнийг оруулах зайг хоосон  үлдээнэ. Хоосон үлдээсэн зайг тендерт оролцогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  зөвхөн ТӨХ-ны урилгаар бөглөж гүйцээнэ.
Техникийн саналын эх хувьд хувьцаа худалдах, худалдан авах гэрээний эцсийн төслийн гарын үсэг зурсан бүх хувийг хавсаргана. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний эцсийн төсөлд зориуд хоосон үлдээсэн хэсгийг тендерт оролцогчоор бөглүүлэхээс өөрөөр /худалдан авах үнийг оруулахаар хоосон үлдээсэн зайг оролцуулахгүйгээр/  ямар нэгэн өөрчлөлт оруулахыг үл зөвшөөрнө.
Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний эцсийн төсөлд дараахь зүйлийг хавсаргана. Үүнд:
а) Хувьцаа худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурахыг зөвшөөрсөн хуулийн этгээдийн удирдах байгууллагаас /буюу тендерт  оролцогч консорциум болон оролцож байгаа тохиолдолд консорциумын гишүүн болох хуулийн этгээд тус бүрийн удирдах байгууллагын/ гаргасан шийдвэр
 
б)  Итгэмжлэгдсэн төлөөлөгчид дараахь эрх олгосныг нотлох итгэмжлэл:
Гэрээнд гарын үсэг зурах,
Санхүүгийн саналыг нээх ажиллагаанд Тендерт оролцогчийг төлөөлөх.
Тендерт оролцогчийн өргөдөлд хавсаргасан итгэмжлэлд эдгээр эрхийг итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгосон тохиолдолд итгэмжлэлийн хувийг хавсаргана.
      10.5. Санхүүгийн санал
Санхүүгийн санал нь "НИК" ХК-ийн 16760768 /арван зургаан сая долоон зуун жаран мянга долоон зуун жаран найман/ ширхэг хувьцааг  худалдан авах үнээс бүрдэх бөгөөд энэ үнэ нь 6133000 /зургаан сая нэг зуун гучин гурван мянган/ ам. доллараас доошгүй байна.
 
Арван нэг.  Тендерийн саналын үнэлгээ
11.1. Төрийн өмчийн хороо тендерийн саналуудад үнэлгээ хийлгүүлэх зорилгоор шинжээчдийн багийг томилно.  Тендерийн саналыг үнэлэх үйл ажиллагаа нь дараахь хоёр үе шаттай байна.  Үүнд:
Техникийн саналын үнэлгээ,
Санхүүгийн саналын үнэлгээ.
11.2. Шинжээчдийн баг нь техникийн саналуудыг дор дурдсан шалгаруулах үзүүлэлтүүдийг үндэслэн онооны системээр үнэлнэ. Үүнд:
Тухайн салбарт үйл ажиллагаа явуулж ирсэн туршлага болон түүхэн замнал (0-40 оноо),
Санал болгож буй бизнесийн стратеги/үйл ажиллагааны төлөвлөгөөний чанар, Засгийн газраас дэвшүүлж буй хувьчлалын зорилгыг хүлээн авч тусгасан байдал (0-60 оноо).
Дэд үзүүлэлт:
 Бизнесийн төлөвлөгөөний цар хүрээ, тодорхой байдал (0-10 оноо),
Төлөвлөгөө, стратеги нь Засгийн газраас дэвшүүлж буй хувьчлалын зорилгод нийцсэн байдал (0-20 оноо),
Компанийн одоо ашиглагдаж буй барилга байгууламж, шатахуун түгээх станц, нефть хангамжийн баазуудыг шинэчлэх, хугацаа, өртөг зардлын бүтэц зэргийг хамруулсан техникийн шинэчлэл хийх  хөрөнгө оруулалтын төлөвлөгөө (0-10 оноо),
Байгаль орчныг хамгаалах, аюулгүй байдлыг хангах төлөвлөгөө      (0-10 оноо),
Ажиллагсдад сургалт явуулах хөтөлбөрийг тусгасан хүний нөөцийг хөгжүүлэхэд оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ, төрөл зэрэг хүний нөөцийг хөгжүүлэх төлөвлөгөө (0-10 оноо).
11.3. Техникийн үнэлгээгээр 70-аас доошгүй оноо авсан саналыг шалгаруулна.
11.4. Техникийн саналыг үнэлэх үйл ажиллагааг дуусгасны дараа шинжээчдийн баг нь техникийн саналын үнэлгээний тайлан гаргана.
11.5. Техникийн үнэлгээ дууссаны дараа Төрийн өмчийн хороо техникийн саналын үнэлгээгээр авбал зохих доод онооны болзлыг ханган тэнцсэн оролцогчдод цаашид тендерт үргэлжлүүлэн оролцохоор шалгарсан тухай санхүүгийн саналыг нээхээр товлосон газар, цагийг заан мэдэгдэнэ. Үүний зэрэгцээ Төрийн өмчийн хороо техникийн саналын үнэлгээгээр авбал зохих доод онооны болзлыг хангаагүй оролцогчдод цаашид тендерт оролцохоор шалгараагүй болон дэнчинг буцаан олгох тухай мэдэгдэнэ. Мэдэгдлийг буухиа шуудан, баталгаат захиа, факс буюу электрон шуудангаар явуулж болно.
                11.6. Санхүүгийн саналуудыг тендерт оролцогчдын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг байлцуулан нийтийн өмнө тендерийн хуваарьт заасны дагуу  2003 оны 6 дугаар сарын 27-ны өдөр задална.
                11.7. Техникийн саналын үнэлгээгээр 70-аас доошгүй оноо авсан тендерт оролцогчдын санхүүгийн саналыг нээж үнэлнэ.
                11.8. Тендерт оролцогчийн нэр болон "НИК" ХК-ийн нийт хувьцааны 80 хувийг худалдаж авахаар санал болгож буй худалдан авах үнийг чангаар уншиж, бүртгэнэ.  Шинжээчдийн баг санхүүгийн саналын эх хувьд хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээний эцсийн төслийг хавсаргаж, зохих ёсоор гарын үсэг зурсан эсэхийг шалгах ба санхүүгийн саналуудыг нийтийн өмнө задлах ажиллагааны тэмдэглэл хөтөлнө.
                11.9. Санхүүгийн саналдаа хамгийн өндөр худалдан авах үнийн санал ирүүлсэн оролцогчийг тендерийн ялагчаар шалгаруулна.
                11.10. Хоёр буюу түүнээс олон тендерт оролцогчид ижил үнийн санал ирүүлсэн тохиолдолд тэдгээрийг техникийн саналын үнэлгээгээр авсан онооны дагуу эрэмбэлнэ.  Хэрэв техникийн саналын үнэлгээгээр авсан оноо нь мөн тэнцвэл худалдан авах үнийн шинэ саналыг нэг цагийн дотор бичгээр өгөх боломж олгоно. Шаардлагатай тохиолдолд энэ ажиллагааг аль нэг тендерт оролцогч нь илүү өндөр үнийн санал ирүүлэх хүртэл үргэлжлүүлэн явуулна.
                11.11. Санхүүгийн саналыг албан ёсоор нээж үнэлсэн өдрөө шинжээчдийн баг нь тендерийн үр дүнгийн мэдэгдэл /тэмдэглэл/-ийн төслийг бэлтгэж, Төрийн өмчийн хороогоор хянуулан батлуулах зорилгоор нээлттэй хуралдааны ажиллагааг түр завсарлана.
                11.12. Шинжээчдийн баг, Төрийн өмчийн хорооны гишүүд мөн өдөр нээлттэй хамтарсан хуралдаан хийж, Төрийн өмчийн хорооны даргын гарын үсэг зурсан тендерийн үр дүнгийн мэдэгдэл / тэмдэглэл/-ийг уншиж тендерийн үр дүнг зарлана.
                11.13. Ялагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг тендерийн үр дүнгийн мэдэгдэл /тэмдэглэл/-д гарын үсэг зурж, хувьцаа худалдах, худалдан авах гэрээнд ялагчийн худалдан авах үнийг оруулахаар урих бөгөөд түүнд уг мэдэгдлийн гарын үсэг зурсан хувийг хуудас бүр дээр Төрийн өмчийн хорооны даргын гарын үсэг зурж үзэглэсэн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээний хувьтай хамт олгоно.
 
Арван хоёр. Тендерийг явагдаагүй болон хүчингүйд тооцох, өргөдөл, санал ирүүлэх хугацааг сунгах
                12.1. Төрийн өмчийн хороо өргөдөл, санал ирүүлэх хугацааг өөрийн санаачилгаар эсхүл тендерт оролцогчийн хүсэлтийн дагуу сунгах буюу тендерийн хуваарийг хэдийд ч ямар ч байдлаар өөрчилж болно.
                12.2. Монгол Улсын Засгийн газар нь аль ч үед урьдчилан мэдэгдэлгүйгээр уралдаант шалгаруулалт /тендер/-ын журмын аль ч заалтыг хасах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах эрхтэй.  Тендерийн журамд оруулсан аливаа өөрчлөлтийн талаар Төрийн өмчийн хороо бүх оролцогчдод бичгээр мэдэгдэнэ.
 
Арван гурав. Гарын үсэг зурж байгуулсан Худалдах, худалдан авах гэрээг цуцалсан тохиолдолд Төрийн өмчийн хорооноос авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа
 
13.1. Энэхүү Тендерийн журмын дагуу байгуулж, гарын үсэг зурж, хүргүүлсэн Худалдах, худалдан авах гэрээг худалдах, худалдан авах ажиллагааг дуусгавар болгохгүйгээр аливаа шалтгаанаар цуцлах тохиолдолд Төрийн өмчийн хороо нь доорхи арга хэмжээний аль нэгийг авч болно:
1)   Худалдан авах удаах үнийг санал болгосон Тендерт оролцогч этгээдэд (цаашид "Удаах байранд шалгарсан тендерт оролцогч" гэх) уг этгээдээс Тендерийн саналын хамт ирүүлсэн Худалдах, худалдан авах тухай гэрээний эцсийн хувилбарт гарын үсэг зурж, хэрэгжүүлэх саналыг бичгээр тавих;
2)   Тендерийг дуусгавар болгох.
13.2.Энэхүү Тендерийн журмын 13.1 (1)-р зүйлийн дагуу Төрийн өмчийн хорооноос тавьсан саналыг удаах байранд шалгарсан тендерийн оролцогч нь хүлээн авахаас татгалзах буюу хүлээн авах тухайгаа Төрийн өмчийн хорооноос тогтоосон хугацаанд бичгээр мэдэгдэнэ. Тендерийн журмын 13.1 (1)-р зүйлийн дагуу Төрийн өмчийн хорооноос санал тавихаар шийдвэрлэсэн боловч тендерт ялагчийн санал болгосон үнийн удаах үнийг техникийн саналын үнэлгээгээр адил оноо авсан нэгээс дээш оролцогч санал болгосон тохиолдолд Төрийн өмчийн хороо удаах байрны тендерийн оролцогчийг Тендерийн журмын 11.10-р зүйлд заасан журмын дагуу сонгон шалгаруулна.
13.2. Энэхүү Тендерийн журмын 13.1 (1)-р зүйлийн дагуу Төрийн өмчийн хорооноос тавьсан саналыг Төрийн өмчийн хорооноос тогтоосон хугацаанд хүлээж авсан тохиолдолд удаах байранд шалгарсан Тендерт оролцогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дараахь бичиг баримтыг гаргаж өгнө:
1)   Энэхүү журмын 13.1 (1)-р зүйлийн дагуу Төрийн өмчийн хорооноос тавьсан саналыг хүлээн авахыг зөвшөөрч тухайн хуулийн этгээдийн удирдах байгууллагаас (консорциум болон оролцож буй тохиолдолд тухайн консорциумын гишүүн этгээд тус бүрийн удирдах байгууллагаас) гаргасан хүчин төгөлдөр шийдвэр;
2)   Итгэмжлэгдсэн төлөөлөгч удаах байранд шалгарсан тендерт оролцогчийг төлөөлөх, уг журмын 13.1 (1)-р зүйлд дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлэх эрхтэйг нотолсон хүчин төгөлдөр итгэмжлэл;
3)   Тендерийн дэнчин төлснийг нотлох нотолгоо (удаах байранд шалгарсан Тендерийн оролцогчийн тендерийн дэнчинг буцааж өгөөгүй байсан бол дэнчинг төлсөн нотолгоог шаардахгүй).
13.4.Удаах байранд шалгарсан Тендерийн оролцогч нь энэхүү журмын 13.3-р зүйлд дурдсан шаардлагыг хангасан тохиолдолд уг оролцогчоос тендерийн саналтайгаа хамт ирүүлсэн, худалдан авах удаах үнийг зааж бичсэн, Худалдах, худалдан авах тухай гэрээний эцсийн хувилбарт Төрийн өмчийн хорооны дарга гарын үсэг зурж, хуудас бүрийг нь үсэглэн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь хүргүүлнэ. Талуудын харилцан тохиролцсоноор Худалдах, худалдан авах тухай гэрээний төслийн эцсийн хувилбарт зайлшгүй өөрчлөлт (энэ нь нөхцөл байдал өөрчлөгдсөнийг зохицуулахад зайлшгүй шаардагдаж болох өөрчлөлтөөр л хязгаарлагдах ба удаах байранд шалгарсан Тендерийн оролцогчийн санхүүгийн саналд тусгагдсан Худалдан авах үнийн дүнг өөрчлөхгүй) оруулах бол энэхүү өөрчлөлтийг Худалдах худалдан авах тухай гэрээнд оруулж, гэрээний хоёр тал тусгайлан үзэглэнэ.
13.5.Дараахь тохиолдолд тендерийг дуусгавар болгох буюу удаах байранд шалгарсан тендерт оролцогчийн дараачийн этгээдэд Тендерийн журмын 13.1 (1)-р зүйлийн дагуу дахин санал тавих шийдвэрийн  аль нэгийг Төрийн өмчийн хороо өөрийн үзэмжээр бие даан гаргаж болно:
а)   Удаах байранд шалгарсан тендерийн оролцогч нь энэхүү Тендерийн журмын 13.1 (1)-р зүйлийн дагуу Төрийн өмчийн хорооноос тавьсан саналыг хүлээн авахаас татгалзсан, эсвэл Төрийн өмчийн хорооноос тогтоосон хугацаанд саналыг хүлээн авснаа мэдэгдээгүй,
б)   энэхүү Тендерийн журмын 13.3-р зүйлийн дагуу шаардсан бичиг баримтыг гаргаж өгөөгүй,
в)   Гэрээний талууд аливаа бусад шалтгаанаар Худалдах, худалдан авах гэрээг байгуулж, уг гэрээний нөхцөл болзлын дагуу худалдах, худалдан авах ажиллагааг дуусгавар болгож чадаагүй.. /Энэ заалтыг Засгийн газрын 2003 оны 135 дугаар тогтоолоор нэмсэн/
 
 
Тендерт оролцогчийн гарын үсэг ___________________________________
 
Он, сар, өдөр                                                       _____________________________________
 

ХАВСРАЛТ 1
ТЕНДЕРИЙН ХУВААРЬ
 
Үйл ажиллагаа
Огноо/Эцсийн мэдээ
Тендерийн зар мэдээ
2003 оны 1 сарын 27
Өргөдлөө ирүүлэх
2003 оны 1 сарын 27 -
4 сарын 1
Урьдчилсан шалгаруулалт/Тендерийн баримт бичгийг хүргүүлэх
2003 оны 2 сарын 10 -
4 сарын 15
Компани дээр дүн шинжилгээ хийх/санал, дүгнэлт гаргах хугацаа
2003 оны 2 сарын 10 -
6 сарын 6
Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ /ХХХАГ/-ний төслийн талаар санал авах
2003 оны 4 сарын 29
ХХХАГ-ний шинэчилсэн төслийг боловсруулан гаргах
2003 оны 5 сарын 13
ХХХАГ-ний шинэчилсэн төслийн талаар санал авах
2003 оны 5 сарын 20
ХХХАГ-ний эцсийн төслийг бэлтгэн гаргах
2003 оны 6 сарын 3
Тендерийн санал ирүүлэх
2003 оны 6 сарын 17
Техникийн саналыг үнэлэх
2003 оны 6 сарын 18 -
6 сарын 20
Техникийн саналын үнэлгээний дүнг мэдэгдэх
2003 оны 6 сарын 20
Санхүүгийн саналыг олон нийтийн өмнө нээж үнэлэх/ Тендерийн үр дүнг нийтэд мэдэгдэх
2003 оны 6 сарын 27
Гэрээнд гарын үсэг зурах
2003 оны 6 сарын 27