A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2003 оны 215 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРОО УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТ /ТЕНДЕР/ -ЫН ЗАР МЭДЭЭ
 
Монгол Улсын Их Хурлын 2001 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 10 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн өмчийг 2001-2004 онд хувьчлах үндсэн чиглэл", Засгийн газрын 2001 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор батлагдсан "Төрийн өмчийг 2002 онд хувьчлах хөтөлбөр"-ийн дагуу нефтийн бүтээгдэхүүний Монгол Улсын хамгийн том импортлогч, борлуулагч болох  "НИК" хувьцаат компани /цаашид "НИК" ХК  буюу "компани" гэх/-ийн нийт хувьцааны 80 хувьд ногдох 16,760,768 /арван зургаан сая долоон зуун жаран мянга долоон зуун жаран найман/ ширхэг энгийн багц хувьцааг уралдаант шалгаруулалт /цаашид "тендер" гэх/-ын аргаар  хувьчлах үйл ажиллагаанд оролцох стратегийн хөрөнгө оруулагчид /гадаадын буюу дотоодын хуулийн этгээд эсхүл тэдгээрийн оролцоотой консорциум/-ыг Монгол Улсын Засгийн газраас урьж байна.
Тендерийг Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 215 дугаар тогтоолоор батлагдсан "Уралдаант шалгаруулалт /тендер/-ын журам"-д заасан нөхцөл, болзлын дагуу Төрийн өмчийн хороо /цаашид "ТӨХ" гэх/-ноос зохион байгуулж явуулна. Засгийн газрын шийдвэрээр компанийн нийт хувьцааны 80 хувийг худалдах доод үнийг 6133000 /зургаан сая нэг зуун гучин гурван мянган/ ам. доллараар тогтоов. "НИК" хувьцаат компанийн нийт хувьцааны 80 хувьд ногдох төрийн эзэмшлийн багц хувьцааг худалдан авах 6133000 /зургаан сая нэг зуун гучин гурван мянган/ ам. доллараас доошгүй үнийг бүрэн төлвөл Санхүү, эдийн засгийн яаманд компаниас төлөх 7413978000  /долоон тэрбум дөрвөн зуун арван гурван сая есөн зуун далан найман мянган/ төгрөгийн тусламжийн барааны өрийг Засгийн газар өршөөж, компанийг энэ өрөөс чөлөөлнө.
      "НИК" ХК-ийг хувьчлах ажилд Монгол Улсын Засгийн газраас АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагтай байгуулсан гэрээний дагуу "Бэринг Пойнт" компанийн "Барентс бүлэг" нь ТӨХ-ны зөвлөхөөр ажиллаж байгаа болно.
Тендерт оролцох өргөдөл гаргах/сонирхлоо илэрхийлэх
Нефть, нефтийн бүтээгдэхүүний салбарын хөрөнгө оруулагч, эсхүл түүний оролцоотой консорциум зэрэг шаардлага хангасан хөрөнгө оруулагчдыг өргөдөл гаргаж, сонирхлоо илэрхийлэхийг урьж байна.
Тендерийн зар мэдээ гарсны дараа  тендерт оролцох хүсэлтэй этгээд /цаашид "өргөдөл гаргагч" гэх/ нь сонирхлоо илэрхийлсэн албан ёсны захидлыг дараахь материалын хамт англи буюу монгол хэлний аль нэг дээр бэлтгэж ТӨХ-нд ирүүлнэ. Үүнд:
Өргөдөл;
Зохих журмын дагуу үйлдэж, өргөдөл гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гарын үсэг зурсан нууцыг хадгалах тухай гэрээ;
Буцааж төлөгдөхгүй нөхцөлтэй 1,000 /нэг мянган/ ам. долларын тендерийн хураамж төлснийг нотлох баримт;
Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлөөлөх эрхийг баталгаажуулсан итгэмжлэл;
Өргөдөл гаргагчийн танилцуулга. Үүнд дараахь зүйлийг оруулсан байх шаардлагатай:
Тендерт оролцох сонирхлоо илэрхийлж буй компанийн албан ёсны нэр, хаяг болон үйл ажиллагааны танилцуулга /консорциумаар оролцож байгаа тохиолдолд энэхүү мэдээллийг консорциумын гишүүн тус бүрээр гаргаж өгнө/,
Өргөдөл гаргагчийн нефтийн салбар, түүний дотор нефтийн бүтээгдэхүүний бөөний болон жижиглэнгийн худалдаа, хангамжийн бизнест үйл ажиллагаа явуулж ирсэн түүхэн туршлага, гүйцэтгэж буй үүргийг батлах чадавхийн талаархи мэдэгдэл,
Тендерт оролцож буй компанийг үүсгэн байгуулж, бүртгүүлсэн тухай баримт бичгүүд,
Хамгийн сүүлийн санхүүгийн жилийн эцсийн байдлаар гаргаж, аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан тэнцэл буюу хувьцаат компанийн хувьд хувьцаа эзэмшигчдэд зориулсан жилийн тайлан /консорциумаар оролцож байгаа тохиолдолд энэхүү мэдээллийг консорциумын гишүүн тус бүрээр гаргаж өгнө/,
Өргөдөл гаргагч компанийн нийт гаргасан хувьцааны 5 /тав/-аас дээш хувийг эзэмшиж буй гол хувьцаа эзэмшигчдийн жагсаалт /консорциумаар оролцож байгаа тохиолдолд энэхүү мэдээллийг консорциумын гишүүн тус бүрээр гаргаж өгнө/,
Тендерт консорциумын хэлбэрээр оролцох тохиолдолд консорциумын гишүүдийн хооронд байгуулсан гэрээ, гаргасан шийдвэрийн баталгаа.
Өргөдөл болон нууцыг хадгалах тухай гэрээний загварыг интернет дахь Төрийн өмчийн хорооны www.spc.gov.mn вэб хуудаснаас  буюу энэхүү зар мэдээний ард бичигдсэн хаягаар авч болно.
Тендерийн хураамжийг Төрийн өмчийн хорооны дараахь дансанд төлнө:
Банкны нэр:                         Монгол Улсын "Монголбанк"
SWIFT код:                            BOMUMNUB
Дансны нэр:                         Төрийн өмчийн хороо
Дансны дугаар:   3332404
Монголбанкны
харилцагч банк:  Federal Reserve Bank of New York, NY, USA
SWIFT код:                            FRNYUS33
Дансны нэр:                         Монголбанк
Дансны дугаар:   021088506
 
Тендерт оролцогч тендерт өөрийгөө төлөөлүүлэн оролцуулахаар итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж, төлөөлөх эрхийг зохих журмын дагуу бичгээр үйлдсэн итгэмжлэлээр баталгаажуулна. Тендерт хэд хэдэн хуулийн этгээд хамтарч консорциумын хэлбэрээр оролцож байгаа бол тэд зөвхөн нэг итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилж, тендерт нэг оролцогч болж оролцоно.
      Тендерт оролцох хүсэлтээ илэрхийлсэн өргөдлийг 2003 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн (Улаанбаатарын цагаар) 18.00 цагаас өмнө ТӨХ-нд ирүүлнэ.
 
      Урьдчилан шалгаруулах үзүүлэлт
Өргөдөл гаргагч нь тендерт оролцох эрхтэй болж, тендерийн баримт бичгүүдийг хүлээж авахын тулд нефть, нефтийн бүтээгдэхүүний салбарын хөрөнгө оруулагч, эсвэл нефть, нефтийн бүтээгдэхүүний салбарын хөрөнгө оруулагчийн оролцоотой консорциум байхын зэрэгцээ дор дурдсан шаардлагыг хангасан байвал зонхино. Үүнд:
Нефтийн салбар, түүний дотор нефтийн бүтээгдэхүүний бөөний болон/буюу жижиглэнгийн худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн туршлага хуримтлуулсан байх,
Санхүүгийн байдал нь тогтвортой,  үйл ажиллагааны баялаг туршлагатай байх /үүнийг аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан тэнцлээр нотолно/.
Урьдчилан шалгаруулалтын үр дүнг мэдээлэх
ТӨХ өргөдөл хүлээн авснаас хойш ажлын 10 /арван/ хоногийн дотор урьдчилан шалгаруулалтын шалгуурыг ханган тендерт оролцох эрхтэй болж, тендерийн баримт бичгүүдийг авах болсон эсэх талаар өргөдөл гаргагчид мэдэгдэнэ. Энэхүү мэдэгдлийг бичгээр үйлдэн буухиа шуудан, баталгаат захиа, факс буюу электрон шуудангаар явуулна.
Урьдчилан шалгаруулалтын шалгуурыг хангасан тендерт оролцогчдод мэдэгдлийг тендерийн баримт бичгийн хамт буухиа шуудангаар хүргүүлнэ.
Тендерийн баримт бичиг
Тендерийн баримт бичиг гэдэгт дараахь иж бүрдлийг ойлгоно:
1/Ерөнхий мэдээлэл,
2/Уралдаант шалгаруулалт /тендер/-ын журам,
3/Хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээний төсөл.
Хувьчлалын зорилго
НИК ХК-ийг худалдаж авах сонирхолтой стратегийн хөрөнгө оруулагчид Засгийн газраас дэвшүүлж буй дор дурдсан хувьчлалын зорилгыг хангах бизнесийн стратеги болон үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, тендерийн саналтай хамт ирүүлэх шаардлагатай. Үүнд:
Компанийн үйл ажиллагааны үндсэн чиглэл болох боловсруулсан нефтийн бүтээгдэхүүний импорт, хангамжийн үйл ажиллагааг хэвээр үлдээж, цаашид өргөжүүлэх,
Нефтийн бүтээгдэхүүний хангамжийн эх үүсвэрийг бизнесийн тогтсон туршлагатай уялдуулан өргөжүүлж, найдвартай болгох, бага өртөг бүхий хангамжийн сүлжээг бий болгох, чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээний хангамжийг нэмэгдүүлэх,
Аюулгүй ажиллагаа, байгаль орчны аюулгүй байдал, нефтийн бүтээгдэхүүний технологи, хадгаламжийн бааз болон шатахуун түгээх станцын стандартад тавих хяналтыг сайжруулах тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэх,
Компанийн барилга байгууламж, шатахуун түгээх станц, нефть хангамжийн баазуудыг шинэчлэх болон түүнийг олон улсын стандартад хүргэхэд чиглэгдсэн хөрөнгө оруулалт хийх.
Тендерийн ажиллагаа
Тендерт оролцогчид техникийн болон санхүүгийн саналаас бүрдэх тендерийн саналаа тендерийн дэнчин төлснийг нотлох баримтын хамт 2004 оны   2 дугаар сарын 10-ны өдрийн (Улаанбаатарын цагаар) 18.00 цагаас өмнө Төрийн өмчийн хороонд ирүүлнэ.
"Дэнчин" гэж хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээг дуусгавар болгох үүрэг хүлээж буйгаа болон санхүүгийн эх үүсвэртэй болохоо батлан тендерт оролцогчоос төлөх 100000 /нэг зуун мянган/ ам. доллартай тэнцэх хүүгүй мөнгөн хадгаламжийг хэлнэ. Тендерт оролцогчид дэнчинг Монгол Улсын "Монголбанк" дахь ТӨХ-ны 3332404 дугаартай валютын дансанд төлнө.
Тендерийн саналыг үнэлсний дараа, тендерт оролцогч ялагчаар шалгараагүй тохиолдолд тендерийн дэнчинг тендерт оролцогчийн хүсэлтийн дагуу ажлын долоон /7/ өдөрт багтаан бүрэн буцаан олгох бөгөөд хүсэлтэд дэнчинг шилжүүлэх банкны дансны дугаарыг тодорхой заана. 
                 Ялагчаар шалгарсан тендерт оролцогчийн дэнчинг  худалдан авах үнэд оролцуулан тооцно.
Тендерийн саналаа бэлтгэхэд нь туслах зорилгоор тендерт оролцогчдыг Засгийн газрын холбогдох албан тушаалтан болон компанийн удирдлагатай уулзах, газар дээр нь танилцах бололцоогоор хангана.  Тендерт оролцогчдыг худалдах, худалдан авах гэрээний төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай санал гаргах бололцоогоор хангана.
Тендерийн саналыг дараахь байдлаар үнэлнэ:
Тухайн салбарт үйл ажиллагаа явуулж ирсэн туршлага болон түүхэн замнал (0-40 оноо),
Санал болгож буй бизнесийн стратеги/үйл ажиллагааны төлөвлөгөөний чанар, Засгийн газраас дэвшүүлж буй хувьчлалын зорилгыг хүлээн авч тусгасан байдал (0-60 оноо).
Дэд үзүүлэлт:
Бизнесийн төлөвлөгөөний цар хүрээ, тодорхой байдал (0-10 оноо),
Төлөвлөгөө, стратеги нь Засгийн газраас дэвшүүлж буй зорилгод нийцсэн байдал (0-20 оноо),
Компанийн одоо ашиглагдаж буй барилга байгууламж, шатахуун түгээх станц, нефть хангамжийн баазуудыг шинэчлэх, түүний хугацаа, өртөг зардлын бүтэц зэргийг хамруулсан техникийн шинэчлэл хийх  хөрөнгө оруулалтын төлөвлөгөө (0-10 оноо),
Байгаль орчныг хамгаалах, аюулгүй байдлыг хангах төлөвлөгөө   (0-10 оноо),
Ажиллагсдад сургалт явуулах хөтөлбөрийг тусгасан хүний нөөцийг хөгжүүлэхэд оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ, төрөл зэрэг хүний нөөцийг хөгжүүлэх төлөвлөгөө (0-10 оноо).
Техникийн үнэлгээгээр 70-аас доошгүй оноо авсан саналыг шалгаруулна.
Санхүүгийн санал нь компанийн тендерээр худалдаалагдаж буй хувьцааг худалдан авахаар тендерт оролцогчоос санал болгож буй үнээс бүрдэнэ. Худалдан авах үнийн шаардлага хангахын тулд НИК ХК-ийн төрийн эзэмшлийн багц хувьцааг худалдан авахаар санал болгож буй үнэ нь 6133000 /зургаан сая нэг зуун гучин гурван мянган/ ам. доллараас доошгүй байна.
Техникийн үнэлгээгээр авбал зохих доод онооны болзлыг ханган тэнцсэн, санхүүгийн саналдаа худалдан авах хамгийн өндөр үнийн саналыг ирүүлсэн оролцогчийг тендерийн ялагчаар шалгаруулна.
 
"НИК" ХК-ийн тухай
 
"НИК" ХК нь 1941 онд Монголын үндэсний нефть хангамжийн байгууллага нэртэйгээр анх байгуулагдсан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын Өмч хувьчлалын комиссын 1994 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 7 дугаар тогтоолоор нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 20,950,960 ширхэг хувьцаа бүхий хувьцаат компани болгон өөрчлөн зохион байгуулж, нийт хувьцааны 80%-ийг төрийн мэдэлд үлдээжээ. Үлдэх 20% нь Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагддаг. Нэгж хувьцааны сарын дундаж ханш 2002 оны 5 дугаар сарын байдлаар 162 төгрөг байсан. "НИК" ХК-ийн хувьцааны зах зээлийн үнийн дүн нь 2002 оны 5 дугаар сарын байдлаар 3.4 тэрбум төгрөг болж байсан бөгөөд тус компани нь хөрөнгийн зах зээл дээр гуравт орж байна.
 
"НИК" ХК нь Монгол Улсын нефть импорт хангамжийн үндэсний хамгийн том компанийн нэг бөгөөд 2002 оны жилийн эцсийн байдлаар боловсруулсан нефтийн бүтээгдэхүүний дотоодын зах зээлийн 19%-ийг эзэлж байжээ. Компанийн үйл ажиллагааны үндсэн чиглэл нь бүх төрлийн шатахуун, дизель түлш, онгоцны түлш, тосолгооны материал зэрэг боловсруулсан нефтийн бүтээгдэхүүний импорт ба борлуулалт юм. Үүнээс гадна шингэрүүлсэн хийн импорт ба борлуулалт, нефтийн байгууллагуудын техник, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн хангамж зэрэг бусад чиглэлийн ажил, үйлчилгээ эрхэлдэг. Улсын хэмжээнд 21 аймаг болон 300 гаруй сум бүрт салбартай, бүс нутгийн 22 нефть хангамжийн бааз болон 402 шатахуун түгээх станцуудаас бүрдсэн үндэсний хэмжээнд хангамжийн сүлжээтэй цорын ганц компани юм.
 
Монгол Улсын Засгийн газар "НИК" ХК-ийг худалдаа, арилжааны үйл ажиллагаанаас гадна улс орны өнцөг булан бүрийг шатахуунаар тасралтгүй хангах үүрэг бүхий стратегийн объект гэж үздэг.
 
Импортлосон нефтийн бүтээгдэхүүнийг төмөр зам болон ачааны автомашинаар нефть хангамжийн 7 үндсэн баазад нийлүүлж, тэндээсээ туслах бааз болон аймгийн хангамжийн баазуудад хуваарилан ачааны машинаар тээвэрлэдэг. "НИК" ХК-ийн баазууд нь нийтдээ 290,245 м3 хадгалах бодит хүчин чадалтай. Тус компани нь нефтийн бүтээгдэхүүнийг бүс нутгийн хангамжийн бааз болон ШТС-ууд руу тээвэрлэх зориулалттай 219 автоцистерн болон 200 чиргүүлээс бүрдсэн тээврийн хэрэгслийн парктай. Өөрийн тээврийн хэрэгслээс гадна хувийн тээврийн компаниудтай гэрээ байгуулж, дотоодын тээвэрлэлтийнхээ тодорхой хувийг хангадаг.
 
"НИК" ХК нь 100%-ийн хөрөнгө оруулалттай хоёр охин компанитай.
"НИК-Газ" ХХК: Тосолгооны материал ба шингэрүүлсэн хийн импорт, борлуулалт эрхэлдэг. Мөн дүрмийн дагуу түүхий газрын тосны хайгуул, олборлолт, боловсруулалт эрхлэх бололцоотой.
"НИК-Аян" ХХК: Нефть хангамжийн бааз болон бусад байгууламжийн барилга засварын ажил гүйцэтгэдэг.
 
"НИК" ХК нь гурван хамтарсан компанид хувь эзэмшдэг. Үүнд:
Нефтийн бүтээгдэхүүний хадгалалт эрхлэх зорилгоор Монголын хоёр хувийн компанитай хамтран байгуулсан 513.4 сая төгрөгийн дүрмийн сантай "МП" ХХК-ийн 49%-ийг эзэмшдэг.
 
АНУ-аас нефтийн тоног төхөөрөмж импортлох үйл ажиллагаа явуулдаг "Флоко Си Эй" ХХК-ийн 40%-ийг эзэмшдэг.
 
"НТТ" (Нефть Транзит Трейдинг) ХХК-ийн 30%-ийг эзэмшдэг. Энэ хамтарсан компани нь ОХУ-д бүртгэлтэй бөгөөд тус улсаас Монгол Улсын хил дээрх дамжуулан өнгөрүүлэх хоёр бааз хүртэл нефть бүтээгдэхүүнийг тээвэрлэх үйл ажиллагаа явуулдаг.
      "НИК" ХК нь нефть бүтээгдэхүүнийхээ 90 орчим хувийг ОХУ, 6 орчим хувийг БНХАУ, үлдэх хувийг Солонгос Улсаас тус тус импортлодог.
      Тус компани 2002 оны эхний гурван улирлын байдлаар 67.3 мянган тонн нефть бүтээгдэхүүн борлуулсан.
2001 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан тэнцлээр компанийн нийт хөрөнгө 50.7 тэрбум төгрөг, үүнээс эргэлтийн хөрөнгө 27.3 тэрбум төгрөг, цэвэр үндсэн хөрөнгө 22.0 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалт 0.7 тэрбум төгрөг байна. Үндсэн хөрөнгийн 63.3 хувийг барилга, байгууламж, машин, тоног төхөөрөмж эзэлдэг.
Тус компани нь 2001 онд 1.2 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байна. 2000 оны цэвэр борлуулалтын дүн 49,252 сая төгрөг байсан бол 2001 онд 47,358 сая төгрөг болж буурсан. ОХУ-ын боловсруулах үйлдвэрүүдээс нийлүүлэх нефть бүтээгдэхүүний хэмжээг хязгаарлаж, төгрөгийн ам. доллартай харьцах ханш өсч, дэлхийн зах зээл дээрх нефтийн үнэ өссөнтэй уялдуулан дотоодын зах зээлийн үнийг зохицуулаагүйгээс компанийн ашигт ажиллагааны түвшин 1999-2000 онд эрс буурсан.
      Засгийн газрын 2003 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 19 дүгээр тогтоолын дагуу "НИК" хувьцаат компанийн нийт хувьцааны 80 хувьд ногдох төрийн эзэмшлийн багц хувьцааг худалдан авах үнийг бүрэн төлвөл Засгийн газарт компаниас төлөх 7413978000  /долоон тэрбум дөрвөн зуун арван гурван сая есөн зуун далан найман мянган/ төгрөгийн өрийг Засгийн газар өршөөж, компанийг энэ өрөөс чөлөөлнө. Үүнээс гадна 12,020,522,000 төгрөгийн өрийг "НИК" хувьцаат компаниас төрийн байгууллагуудад шилжүүлсэн хөрөнгө болон улсын нөөцийн нефтийн бүтээгдэхүүнийг татан авах, шинэчлэх, хадгалах үйл ажиллагаанд 1991-1998 онд гаргасан зардлаар хаахаар шийдвэрлэсэн юм.
      "НИК" ХК нь газар ашиглах гэрээний үндсэн дээр газар эзэмшдэг. Гэрээгээр ашиглах газрын нийт хэмжээ нь 540 гектар. Гэрээг 3-60 жилийн хугацаатай байгуулдаг. Газрын түрээсийн жилийн нийт төлбөр нь 139,818,000 төгрөг.
"НИК" ХК-ийн сүүлийн дөрвөн жилийн санхүүгийн тайлан тэнцлийн үзүүлэлтүүдийг дараахь хүснэгтээр үзүүлэв:

 
САНХҮҮГИЙН ТАЙЛАН ТЭНЦЛИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД БАЛАНС
(мянган төгрөгөөр)
12 дугаар сарын 31-ний
байдлаар
1998
1999
2000
2001
2002*
Нийт эргэлтийн хөрөнгө
27 729 374
26 127 343
26 984 454
21 223 851
28,470,499
Нийт эргэлтийн бус хөрөнгө
16 291 635
26 695 005
25 061 051
23 076 761
22,190,144
Нийт хөрөнгө
44 021 008
52 822 348
52 045 505
44 300 612
50,660,643
Нийт богино хугацаат өр төлбөр
17 001 467
15 037 657
18 847 058
20 511
21,320,268
Нийт урт хугацаат өр төлбөр
695 503
695 503
 
695 503
1,787,328
Нийт өр төлбөр
17 696 970
15 733 160
18 847 058
21 207 201
23,107,596
Нийт эзэмшигчийн өмч
26 324 038
37 089 187
33 198 446
23 093 411
27,553,047
Нийт өр төлбөр болон эзэмшигчийн өмч
44 021 008
52 822 348
52 045 505
44 300 612
50,660,643
 
ОРЛОГО, ҮР ДҮНГИЙН ТАЙЛАН
(мянган төгрөгөөр)
12 дугаар сарын 31-ний
байдлаар
1998
1999
2000
2001
2002*
Цэвэр борлуулалтын орлого
68 147 545
47 539 439
49 251 964
47 358 413
30,218,307
Үйл ажиллагааны бус орлого
298 822
1 646 620
187 407
353 099
871,445
Нийт зардал
61 590 236
47 829 759
48 553 684
56 555 862
30,730,576
Ердийн үйл ажиллагааны орлого
6 856 131
1 356 301
885 687
(8 844 350)
359,177
Үндсэн үйл ажиллагааны бус орлого/зардал
(15 919)
669
9 488
(820 811)
1,406
Орлогын татварын өмнөх ашиг
6 840 212
1 356 970
895 175
(9 665 161)
360,583
Орлогын татвар
3 335 392
1 254 786
855 214
7 824
307,371
Цэвэр ашиг
3 504 850
102 184
39 961
(9 672 985)
53,211
 
*Тайлбар: 2002 оны 9 дүгээр сарын 30-ны байдлаар

 
Тендерт оролцох өргөдөл, тендерийн саналыг дор дурдсан хаягаар ТӨХ-нд ирүүлнэ:
Л. Пүрэвдорж
Төрийн өмчийн хорооны дарга
Засгийн газрын 4-р байр, 410-р өрөө
Улаанбаатар-11, Монгол Улс
Утас: 976-11-312460
Факс: 976-11-312798
      Нэмэлт мэдээлэл авах эсхүл тодруулах зүйл байвал Төрийн өмчийн хорооны дээрх хаягаар эсхүл ТӨХ-ны зөвлөх Бэринг Пойнт ХХК-ийн Барентс бүлгийн дор дурдсан хүмүүстэй холбоо барина уу:
 Бэринг Пойнт ХХК-ийн Барентс бүлэг
Засгийн газрын 11-р байр, 301-р өрөө
Улаанбаатар-38
Монгол Улс
Утас: 976-11-324149
Факс: 976-11-324149
Э-шуудан: barents@magicnet.mn
 
Тереза Слазас
Төслийн удирдагчийн орлогч
Э-шуудан: tslazas@bearingpoint.net
Д. Ашидмаа
Зөвлөх
Э-шуудан: dashnyam@mongol.net
Живко Ненов      
Төслийн удирдагч             
Э-шуудан: znenov@magicnet.mn
 
Эсхүл
Тереза Слазас
Barents Group of Bearing Point, Inc.
1676 International Drive
McLean, VA 22102, USA
Tel: +1 703-747-7698
Fax: +1 703-747-3919
E-mail: tslazas@bearingpoint.net
 
Компанитай холбоотой мэдээлэл болон зарлалыг http://www.spc.gov.mn вэбсайтаас үзнэ үү.