A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2003 оны 37 дугаар тогтоолын хавсралт


УЛСЫН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН АЛБАНЫ НИЙТЛЭГ ДҮРЭМ
 
 
Нэг.Нийтлэг үндэслэл
 
1. Улсын мэргэжлийн хяналтын зорилт нь санхүү, даатгал, нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, эрүүл ахуй, халдвар судлал, эм, биобэлдмэл, эмчилгээ, хөдөлмөр, боловсрол, соёл, шинжлэх ухаан, цацраг, байгаль орчин, геодези зураг зүй, стандарт чанар, хэмжил зүй, барилга, авто зам , эрчим хүч, харилцаа холбоо, аялал жуулчлал, тээвэр,  геологи, уул уурхай, үйлдвэр, худалдаа, мал эмнэлэг, үржил, ургамал хамгаалал, үр сорт, хорио цээр, хүнсний үйлдвэрлэл, технологийн хүрээнд хууль тогтоомж, төрийн эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдүүлэхээр тогтоосон дүрэм, журам, норм, стандартын биелэлтийг хангуулахад оршино.
2. Улсын мэргэжлийн хяналт /цаашид "хяналт" гэх/-ыг Монгол Улсын нутаг дэвсгэрт Улсын мэргэжлийн хяналтын газар /цаашид "газар" гэх/, улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч, мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх орон нутгийн болон хилийн байгууллага, улсын ахлах байцаагч, улсын байцаагч, байгаль хамгаалагч /цаашид "улсын байцаагч" гэх/ хэрэгжүүлнэ. (Энэ заалтад Засгийн газрын 2022 оны 5 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
3. Улсын мэргэжлийн хяналтын газар нь өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол тус улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гадаад улсын аж ахуйн нэгж, байгууллагад мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.
4. Улсын байцаагч нь үйл ажиллагаандаа Үндсэн хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, энэхүү дүрмийг удирдлага болгоно.
5. Газрын даргыг Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 45.1-д заасны дагуу нэр дэвшүүлсэн хүмүүсээс сонгож Монгол Улсын Ерөнхий сайд томилж, чөлөөлнө.
6. Газрын дарга нь мэргэжлийн хяналтын улсын ерөнхий байцаагч байна. Ерөнхий байцаагчийн эрхийг Засгийн газар олгоно.
7. Газрын дарга хяналтыг хэрэгжүүлэх орон нутгийн байгууллагын даргыг аймаг, нийслэлийн Засаг даргатай зөвшилцөж томилж, чөлөөлнө. (Энэ заалтад Засгийн газрын 2022 оны 5 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
8. Газрын дарга нь мэргэжлийн хяналтын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн журам, заавар батална.
9. Хяналтыг хэрэгжүүлэх орон нутгийн болон хилийн байгууллагын дарга нь улсын ахлах байцаагч байна. Хяналтыг хэрэгжүүлэх орон нутгийн болон хилийн байгууллагын улсын байцаагчийг газрын холбогдох хэлтэстэй зөвшилцөж, тухайн орон нутаг болон хилийн мэргэжлийн хяналтын байгууллагын дарга томилж, чөлөөлнө. (Энэ заалтад Засгийн газрын 2022 оны 5 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
10. Хяналтыг хэрэгжүүлэх төв, орон нутгийн болон хилийн байгууллагын улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн эрхийг улсын ерөнхий байцаагч олгоно.
11. Улсын байцаагчийн эрх олгох журмыг газрын дарга батална. (Энэ заалтад Засгийн газрын 2022 оны 5 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
12. Улсын байцаагч нь Засгийн газраас загварыг нь баталсан албаны болон хувийн дугаар бүхий үнэмлэх, тэмдэг, албан шаардлага, дүгнэлт, акт, шийтгэвэр, торгуулийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
13. Улсын байцаагч нь ажлын онцлогоос хамаарч хяналт шалгалтын зориулалт бүхий тээврийн хэрэгсэл, техник хэрэгсэл, дүрэмт хувцас, ялгах тэмдэг хэрэглэнэ.
14. Улсын байцаагч нь тухайн салбарын хяналт шалгалтын  чиглэлээр мэргэшсэн байна.
15. Байгаль хамгаалагчийг Засгийн газраас тогтоосон нормативын дагуу ажиллуулна.
16. Хяналтыг хэрэгжүүлэх төв, орон нутгийн болон хилийн байгууллага нь дэргэдээ лабораторитой  байна. Лаборатори нь ус, агаар, эм биобэлдмэл, хүнсний болон бусад чиглэлээр төрөлжсөн байна. (Энэ заалтад Засгийн газрын 2022 оны 5 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
 
Хоёр. Улсын мэргэжлийн хяналтын чиглэл
 
2. Хяналтыг дараахь чиглэлээр зохион байгуулна:
2.1. Санхүүгийн хяналт  шалгалт /ЗГ-ын 2014-10-11-ний өдрийн 327-р тогтоолоор энэ хэсгийг хүчингүй болсонд тооцсон/
2.1.1. санхүүгийн хяналт шалгалтад улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг байгууллага, хуулийн этгээдийн санхүү, аж ахуйн үйл ажиллагаа хамрагдана;
2.1.2. санхүү, төсөв, нягтлан бодох бүртгэлийн холбогдолтой хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон түүнийг үндэслэн төрийн захиргааны байгууллагаас гаргасан заавар, журмын хэрэгжилтэд хяналт тавих;
2.1.3. тухайн байгууллагын орлогын төлөвлөлт, төвлөрүүлэлт, төсөвт хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих;
2.1.4. өмч хөрөнгийн ашиглалт, зарцуулалт, хадгалалт, хамгаалалтад хяналт тавих;
2.1.5. санхүүгийн үйл ажиллагааны үр дүн, үр ашгийн байдалд хяналт тавих;
2.1.6. төсвийн хөрөнгө оруулалтын ашиглалт, зарцуулалтад хяналт тавих;
2.1.7. анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, санхүүгийн тайланд хяналт тавих;
2.1.8. Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол гадаад улс орон, олон улсын байгууллага, Засгийн газрын зээл, тусламжийн хөрөнгийн ашиглалт, зарцуулалтад хяналт тавих;
2.1.9. улсын төсвөөс эргэж төлөгдөх нөхцөлөөр ашиглуулж байгаа төсвийн хөрөнгийн ашиглалт, зарцуулалтад хяналт тавих;
2.1.10. дээд шатны төсвөөс олгосон санхүүгийн дэмжлэгийн зарцуулалтад хяналт тавих;
2.1.11. байгууллагын нягтлан бодогчийн хууль тогтоомжид заасан үүрэг, дээд шатны төсөвт төвлөрүүлэх орлогын биелэлтэд хяналт тавих.
2.2. Даатгалын хяналт
2.2.1. Даатгалын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, түүнийг цаашид боловсронгуй болгох чиглэлээр санал, дүгнэлт гаргах, заавар, журам, аргачлал боловсруулах;
2.2.2. даатгалын компани, даатгалын зуучлагч, төлөөлөгчийн талаар улсын нэгдсэн бүртгэл хөтлөх, даатгалын компанийн санхүү, төлбөрийн чадварын шалгуур үзүүлэлтийг  үндэслэн зэрэглэл тогтоох;
2.2.3. даатгалын хураамжийн хувь хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих;
2.2.4. даатгалын гадаад, дотоод зах зээлийг судлах, даатгалын статистик судалгаа хийх, мэдээллээр хангах;
2.2.5. даатгагч, даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах, тэдний санал хүсэлт, гомдлыг шалгаж, холбогдох журмын дагуу барагдуулах.
2.3.Нийгмийн хамгааллын хяналт
2.3.1. нийгмийн халамжийн тухай хууль тогтоомжийн  хэрэгжилт, иргэдийг нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээнд хамруулсан байдалд хяналт тавих;
2.3.2. нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, нийгмийн даатгалын баазыг өргөтгөх, иргэдэд үзүүлэх үйлчилгээг сайжруулахад чиглэгдсэн арга хэмжээ, даатгалын гэрээний биелэлтийг хянах;
2.3.3. бүх төрлийн тэтгэвэр, тэтгэмж тогтоолт, олголтод хяналт тавих;
2.3.4. хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр бий болгох талаар гарсан хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих;
2.3.5. хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн бүрдүүлэлт, хуваарилалт, зарцуулалтад хяналт тавих;
2.3.6. өрхийн орлогыг нэмэгдүүлж, амьжиргааны чадавхийг дэмжих, ядуурлыг бууруулах чиглэлийн хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг хянах;
2.3.7.нийгмийн хамгааллын холбогдолтой төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд зориулагдсан төсөв, зээл, тусламж, хандивын хөрөнгийн зарцуулалт, үр дүнд хяналт тавих;
2.3.8. аж ахуйн нэгж, байгууллага, даатгуулагчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн тооцоо, түүний гүйцэтгэл, нийгмийн даатгалын дэвтрийн олголт, хөтлөлт, баталгаажуулалтад хяналт тавих;
2.3.9. эмнэлэг-хөдөлмөрийн магадлах комиссын үйл ажиллагаанд хяналт тавих, тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосон иргэдийн хөдөлмөрийн чадвар алдалтыг  магадлаж дүгнэлт гаргах;
2.3.10. иргэдэд нийгмийн хамгааллын үйлчилгээ үзүүлэхэд чиглэгдсэн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хариуцсан бүх шатны байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж  дүгнэлт өгөх.
2.4. Эрүүл ахуй, халдвар судлалын  хяналт
2.4.1. Эрүүл мэндийн тухай хууль, Ариун цэврийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих;
2.4.2. хот, суурин, барилга, байгууламжийн газрыг сонгох, зураг төсөл зохиох, барилгыг ашиглалтад оруулахад эрүүл ахуй, халдвар судлалын дүгнэлт гаргах;
2.4.3. хүн амын ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүс тогтоолт, усны чанар, эрүүл ахуйн аюулгүй байдлыг хангуулж байгаа эсэхэд хяналт тавьж, дүгнэлт гаргах;
2.4.4. ус, хөрс, агаарт байгаа химийн бодисын зөвшөөрөгдөх хэмжээ, хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг судлан тогтоож, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан эсэхэд хяналт тавьж, дүгнэлт гаргах;
2.4.5. ионжуулдаг, ионжуулдаггүй туяаны үүсгүүр, цацраг идэвхт бодис, шуугиан, доргион, цахилгаан соронзон үүсгүүр, радио долгионы хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөлд дүгнэлт гаргах;
2.4.6. үйлдвэрлэл, сургалт, ахуйн хэрэглээ, гоо сайхны бараа, бүтээгдэхүүний чанарт эрүүл ахуй, халдвар судлалын дүгнэлт гаргах;
2.4.7. хүнсний үйлдвэрлэл үйлчилгээний байгууллагын эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг хэрэгжүүлж  байгаа байдалд дүгнэлт гаргах;
2.4.8. хүнсний бүтээгдэхүүнээс гарсан хордлого, халдварын шалтгааныг судлан тогтоох, нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж  байгаа байдалд дүгнэлт гаргах;
2.4.9. согтууруулах ундааны чанар, эрүүл ахуйн үзүүлэлтэд дүгнэлт гаргах;
2.4.10. хүүхдийн сургалт, амралтын байгууллагын эрүүл ахуйн байдалд дүгнэлт гаргах;
2.4.11. хүн амыг дархлаажуулах бэлдмэлийн төлөвлөлт, хуваарилалт, зарцуулалт, хадгалалт, тээвэрлэлтэд дүгнэлт гаргах;
2.4.12. эрүүл мэндийн байгууллагын халдвар хамгааллын дэглэм, тусгай, халдвартай, хортой, хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлт, устгалд дүгнэлт гаргах;
2.4.13. олон улсын хөл хориот өвчин хилийн эрүүл ахуй, халдвар судлалын хяналтыг хэрэгжүүлэх;
2.4.14. халдварт, халдварт бус өвчний талаархи хууль тогтоомжийг хэрэгжүүлэхээр төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан шийдвэрийн биелэлтэд хяналт тавих.
2.5. Эм, биобэлдмэлийн хяналт
2.5.1. Эмийн тухай хууль, эм, биобэлдмэлийн хэрэглээ, хадгалалтын талаар гаргасан төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрийн биелэлтэд хяналт тавих;
2.5.2. эм хангамжийн байгууллага дахь эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийн чанар, хадгалалт, зарцуулалт, технологийн шаардлага, тээвэрлэлтийн нөхцөлийг шалгаж, дүгнэлт гаргах;
2.5.3. импортоор авах эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийн чанарт хяналт тавих;
2.5.4. эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл эрхлэх талаархи заавар, журмын хэрэгжилтэд хяналт тавих;
2.5.5. эмийн сангийн үйл ажиллагаанд өмчийн хэлбэр харгалзахгүйгээр  шалгалт хийж дүгнэлт гаргах;
2.5.6. эмийн сурталчилгааны талаар хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих;
2.5.7. эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийн чанарын баталгаажуулалт, үйлдвэрлэлийн стандарт, технологийн хэрэгжилтэд хяналт тавих;
2.5.8. эм зүйчийн мэргэжил, дадлагажсан байдал, ёс зүйн хэм хэмжээг мөрдөж байгаа байдалд дүгнэлт гаргах;
2.5.9. хүн амыг дархлаажуулах, эм, биобэлдмэлийн аюулгүй байдал, хадгалалт, тээвэрлэлт, экспорт, импортын байдлыг шалгаж, дүгнэлт гаргах;
2.5.10. эм хангамжийн байгууллагуудад эм, биобэлдмэлийг импортлох үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн олголт болон Монгол Улсын эмийн бүртгэлийн журмын хэрэгжилтэд хяналт тавих.
2.6    Эмчилгээний    чанарын    хяналт
2.6.1. Эрүүл мэндийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих;
2.6.2. эмчлэх, оношлох,  нөхөн сэргээх  тусламж  үйлчилгээний  стандарт, технологийн хэрэгжилтэд хяналт тавьж,  дүгнэлт гаргах;
2.6.3. эмнэлгийн мэргэжилтний  эмчлэх, сувилах үйл ажиллагаанд мөрдөгдөх  журмын  биелэлтэд  хяналт тавих;
2.6.4. эмч, эмнэлгийн ажилтны  мэргэжлийн   ёс зүйн  хэм  хэмжээнд  хяналт тавьж  дүгнэлт  гаргах;
2.6.5. эмч,  эмнэлгийн  ажилтны   мэргэжлийн  алдаа, түүний улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохирсонтой    холбоотой  гомдолд  дүгнэлт гаргах;
2.6.6. сэтгэцийн эрүүл мэндийн тусламж,  үйлчилгээ   болон сэтгэцийн өвчтэй хүнийг албадан эмчлэх,  аюулгүй байдлыг хангах талаархи эмнэлгийн мэргэжилтний үүргийн хэрэгжилтэд  хяналт тавьж  дүгнэлт гаргах;
2.6.7. донорын  эд эрхтэнг эмчилгээний  зориулалтаар   авах, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, шилжүүлэн суулгах  үйл ажиллагаанд хяналт тавьж  дүгнэлт гаргах;
2.6.8. эмнэлгийн  чанарын алба, чанарын менежерийн үйл ажиллагааны талаар гарсан тушаал шийдвэрийн биелэлтэд хяналт тавих;
2.6.9. эмнэлгийн оношлогч рентген болон бусад техник, тоног төхөөрөмжид чанарын хяналт тавих.
2.7.Хөдөлмөрийн улсын хяналт
2.7.1. Хөдөлмөрийн тухай хууль, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдсон Засгийн газар болон эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэр, хөдөлмөрийн харилцааны талаархи Монгол Улсын олон улсын гэрээ, конвенцийн хэрэгжилтэд хяналт тавих;
2.7.2. хамтын гэрээ, хэлэлцээрийг байгуулах, бүртгэх, хэрэгжүүлэх талаархи хууль тогтоомжийн биелэлт, хөдөлмөрийн хамтын маргаан зохицуулалтад хяналт тавих;
2.7.3. хөдөлмөрийн гэрээ байгуулах, ажил гүйцэтгэх, дуусгавар болох, цуцлах болон хөдөлмөрийн ганцаарчилсан маргааны шийдвэрлэлтэд хяналт тавих;
2.7.4. цалин хөлс, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, олговор, нөхөн төлбөр, ажил, амралтын цаг, ээлжийн амралт зохицуулалтад  хяналт тавих;
2.7.5. иргэдийн хөдөлмөр эрхлэлт, үүний дотор эмэгтэйчүүд, ахмад настан, тахир дутуу, одой болон насанд хүрээгүй хүн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаадын байгууллагад ажиллаж байгаа иргэний хөдөлмөр эрхлэлтийн талаархи хууль тогтоомж, бусад шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих;
2.7.6. хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн сахилга, эд хөрөнгийн хариуцлагатай холбогдсон шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих;
2.7.7. хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн ажлын зохион байгуулалт, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөл болон техникийн аюулгүй ажиллагаа нь улсын стандартын шаардлагад нийцэж байгаа байдал, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн хэмжилт, судалгааны талаархи шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих;
2.7.8. иргэний ба үйлдвэрлэлийн барилга байгууламж барих, шинэчлэх, өргөтгөх, барилгын материал хийц, эдлэлийн зураг төсөл болон техникийн нөхцөл нь дагаж мөрдөж байгаа стандартын шаардлагад нийцэж байгаа байдал, холбогдох мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвшөөрөл олгосон эсэхэд хяналт тавих;
2.7.9. машин механизм, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагааны шаардлага, техникийн паспортын хөтлөлт, холбогдох мэргэжлийн байгууллагаас олгосон зөвшөөрөлд хяналт тавих;
2.7.10. өргөх тээвэрлэх механизм, даралтат сав, шугам хоолойд мэргэжлийн байгууллагаар туршилт, тохируулга, баталгаажуулалт хийлгэсэн байдалд хяналт тавих;
2.7.11. ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийн хангамж, баталгаажуулалт, тэдгээрийг ариутгаж, цэвэрлэж, засварласан байдалд хяналт тавих;
2.7.12. химийн хорт болон тэсрэх, цацраг болон биологийн идэвхт бодисын ашиглалт, хамгаалалтад хяналт тавих;
2.7.13. хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллагсдын хор саармагжуулах хүнсний бүтээгдэхүүний хангамж, үйлдвэрлэлийн байрны ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагын хэрэгжилтэд хяналт тавих;
2.7.14. мэргэжлээс шалтгаалсан болон ердийн өвчний өвчлөлт, тэдгээрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, ажилтныг эрүүл мэндийн урьдчилсан болон хугацаат үзлэгт оруулсан байдалд хяналт тавих;
2.7.15. үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын судалгаа, бүртгэлд хяналт тавих;
2.7.16. гадаадад ажиллах хүч гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих.
2.8. Боловсрол, соёл, шинжлэх ухааны хяналт
2.8.1. боловсрол, соёл, шинжлэх ухааны талаархи хууль  тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих;
2.8.2. шинжлэх ухаан, технологийн санг хянаж шалгах;
2.8.3. бага, дунд мэргэжлийн боловсролын стандартын хэрэгжилтэд хяналт тавьж, бүрэн дунд боловсрол эзэмшигчдээс авах улсын шалгалт болон их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн боловсрол, сургалт үйлдвэрлэлийн төвийн элсэлтийн үйл ажиллагаа, үр дүнд хөндлөнгийн шалгалт хийж, дүгнэлт гаргах;
2.8.4. бага, дунд болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын ажлын түвшинд хяналт тавьж, дүгнэлт гаргах;
2.8.5. төрөөс боловсрол, соёл, шинжлэх ухааны талаар баримтлах бодлого, үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд хяналт тавьж, дүгнэлт гаргах;
2.8.6. боловсролын баримт бичиг /үнэмлэх, гэрчилгээ, диплом/-ийн шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулах;
2.8.7. боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллагын улсын бүртгэл, тусгай зөвшөөрөл, статистик мэдээ гаргалтын байдалд хяналт тавих.
2.9. Цацрагийн хяналт
/2.9 дэх  заалтыг 2009-04-29-ний өдрийн 138-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
2.10. Байгаль орчны хяналт
2.10.1. газар, газрын хэвлий, түүний баялаг, ус, ой, ургамал, амьтан, агаарыг хамгаалах, тэдгээрийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, ой, хээрийг түймрээс хамгаалахтай   холбогдсон хууль тогтоомж, стандарт, хэм хэмжээ, дүрэм, шийдвэрийн биелэлтэд хяналт тавих;
2.10.2. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгж болон иргэдээс байгаль орчныг хамгаалах, сэргээн сайжруулах, засаж тохижуулах, байгалийн баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх чиглэлээр байгуулсан гэрээ, төсөл, төлөвлөгөөний биелэлт, бусад үйл ажиллагаанд хяналт тавих;
2.10.3. хайгуул судалгаа, шинжилгээний ажлын болон байгалийн, аялал жуулчлалын явцад байгаль орчны тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлж байгаа байдалд хяналт тавих;
2.10.4. байгаль орчны хууль тогтоомжоор тодорхойлсон болон Монгол Улсын Улаан номонд орсон нэн ховор, ховор амьтан, ургамлын хамгаалалт, нөхөн сэргээлтэд хяналт тавих;
2.10.5. кадастрын зураглал, газрын кадастрт хяналт тавих;
2.10.6. байгалийн баялгийг ашигласны төлбөр, хураамж, тэдгээрийг байгаль орчны хамгаалалт, нөхөн сэргээлтэд зарцуулсан байдалд хяналт тавих;
2.10.7. байгаль орчныг бохирдуулсны төлбөрийн барагдуулалтад хяналт тавих;
2.10.8. байгаль орчинд нөлөөлөх үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа байгууллага, аж ахуйн нэгжийн төсөл, хөтөлбөр, гэрээний байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд хамрагдсан байдал, үнэлгээгээр заасан байгаль орчныг нөхөн сэргээх, засаж тохижуулах арга хэмжээний биелэлтэд хяналт тавих;
2.10.9. химийн хорт бодисын үйлдвэрлэлт, экспорт, импорт, хадгалалт, худалдаалалт, тээвэрлэлт, ашиглалт, устгалт, аюултай хог хаягдлын экспорт, импорт, хил дамжуулан тээвэрлэлтэд хяналт тавих;
2.10.10. тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтад хяналт тавих;
2.10.11. байгаль орчны бохирдолтод хяналт тавих;
2.10.12. хот тосгон, бусад суурин газрын орчинд болон гол, мөрөн, нуур, рашаан, булаг, шандын эх, ундаргын орчныг хамгаалж эрүүл ахуйн бүс тогтоосон байдалд хяналт тавих;
2.10.13. агаар, ус, хөрсөн дэх хими, биологийн хортой бодисын хүлцэх хэм хэмжээ, байгаль орчинд хаяж болох хорт бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээнд хяналт тавих;
2.10.14. байгаль орчны даацын зөвшөөрөгдөх дээд хэмжээнд хяналт тавих.
2.11. Геодези, зураг зүйн хяналт
2.11.1. Геодези, зураг зүйн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих;
2.11.2. геодези, зураг зүйн хэмжлийн багаж, хэрэгслийн баталгаажуулалтад хяналт тавих;
2.11.3. геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авсан байдалд хяналт тавих;
2.11.4. улсын геодезийн сүлжээний байнгын цэг, тэмдэгтийн хамаалалтад хяналт тавих;
2.11.5. газрын зураг, атлас зохиож хэвлэх талаар тогтоосон журмын хэрэгжилт, хэвлэн гаргаж байгаа газрын зураг, атласт улс, аймаг, орон нутгийн засаг захиргааны нэгж, тэдгээрийн хил, хот суурин газар болон газар зүйн объектын байрлал, нэр, галиглалыг зөв тусгасан байдалд хяналт тавих;
2.12. Стандарт, чанарын хяналт
2.12.1. стандарт, чанарын талаархи хууль тогтоомж болон түүнийг үндэслэн эрх бүхий байгууллагаас гаргасан дүрэм, журмын хэрэгжилтэд хяналт тавих;
2.12.2. манай улс гишүүнээр элсч нэгдэн орсон олон улсын эрх бүхий байгууллагаас баталж, нийтлэг мөрдөж байгаа болон хоёр талын байгуулсан стандарт, чанарын холбогдолтой конвенци, гэрээ, эрх зүйн бусад баримт бичгүүдийн биелэлтэд хяналт тавих;
2.12.3. аж ахуйн нэгж, байгууллагын бөөнөөр үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний заавал мөрдөх улсын стандартын үзүүлэлт шаардлагыг тэдгээрийн зураг төслийг зохион бүтээх, үйлдвэрлэх, хадгалах, тээвэрлэх, борлуулах, хэрэглэх болон хаягдал ашиглах үе шатыг хамруулан хяналт тавих;
2.12.4. аж ахуйн нэгж, байгууллага нь бүтээгдэхүүн, үйлчилгээндээ олон улс, бүс нутаг, гадаад улсын стандартыг мөрдөх тохиолдолд тэдгээрийг зохих журмын дагуу бүртгүүлэн хэрэглэж байгаа эсэхэд хяналт тавих;
2.12.5. шинэ технологи эзэмшиж, шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүний чанар, аюулгүйн үзүүлэлт шаардлага нь Монгол улсад хэрэглэхээр заасан адил төстэй бүтээгдэхүүний үзүүлэлт шаардлагаас өөр байх тохиолдолд стандартчилал, баталгаажуулалтыг төв, орон нутгийн байгууллагаас зөвшөөрөл авсан эсэхэд хяналт тавих;
2.12.6. аж ахуйн нэгж, байгууллага нь улсын буюу байгууллагын стандартгүйгээр бүтээгдэхүүнийг бөөнөөр үйлдвэрлэх буюу эсхүл хүчин төгөлдөр бус стандарт хэрэглэж,  бүтээгдэхүүндээ стандартын тэмдэглэгээг зөв хэрэглэсэн эсэхэд хяналт тавих;
2.12.7. аж ахуйн нэгж, байгууллага нь хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй бүтээгдэхүүн болон экспорт, импортын бүтээгдэхүүнийг чанарын баталгаажуулалтад хамруулсан байдалд хяналт тавих;
2.12. 8. чанарын гэрчилгээ, тохирлын тэмдэг хэрэглэх эрх авсан байгууллага, аж ахуйн нэгжийн эрхийг нь олгосон байгууллагатай хийсэн гэрээний биелэлтэд хяналт тавих;
2.12.9. бүтээгдэхүүний чанарын тодорхой үзүүлэлтийг сорьж турших чиглэлээр итгэмжлэл хүлээж, эрх авсан сорилтын лабораториудын дүрэм болон гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтэд хяналт тавих;
2.12.10. экспортын бүтээгдэхүүнд чанарын гэрчилгээ, импортын бүтээгдэхүүнд экспортлогчоос олгосон чанарын баталгааны мөрдөлтийг шалгах;
2.12.11. аж ахуйн нэгж, байгууллагын заавал мөрдөх улсын стандарт бүхий бүтээгдэхүүний чанарын ангилал, зэрэглэл нь зөв тогтоогдсон эсэхэд хяналт тавих;
2.12.12. аж ахуйн нэгж, байгууллагын бөөнөөр үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний заавал мөрдөх улсын стандартын чанар, аюулгүй байдлын үзүүлэлт шаардлагын мөрдөлт, чанарын баталгаажуулалтад хяналт тавих;
2.12.13. экспорт, импортын бүтээгдэхүүний хаяг, шошго, хадгалалт, тээвэрлэлтийн нөхцөлд тавигдах үзүүлэлт шаардлагын хэрэгжилтэд хяналт тавих;
2.12.14. бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний зориулалт, хэрэглээний чанар, аюулгүй байдал, хадгалах, хэрэглэх аргын талаар аж ахуйн нэгж, байгууллагаас хэрэглэгчдэд үнэн зөв мэдээлэл өгч байгаа эсэхэд хяналт тавих.
2.13. Хэмжил зүйн хяналт
2.13.1. хэмжлийн нэгдмэл байдлыг хангахтай холбогдон гарсан хууль тогтоомж, хэмжил зүйн дүрэм, журам, худалдаа, үйлчилгээний хүрээнд хэмжил гүйцэтгэх аргачлалын хэрэгжилтэд хяналт тавих;
2.13.2. Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан улсын баталгаажуулалтад заавал хамрагдвал зохих хэмжих хэрэгслийг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс үйлдвэрлэсэн буюу импортолсон нөхцөлд тэдгээрийг загварын туршилтад хамруулж, улсын бүртгэлд бүртгүүлэн, загварын баталгаа олгосон эсэхэд хяналт тавих;
2.13.3. хэмжих хэрэгслийг үйлдвэрлэл, засвараас гарсны дараа болон тэдгээрийг ашиглах, хадгалах явцад баталгаажуулалтад хамруулсан эсэхэд хяналт тавих;
2.13.4. улсын баталгаагүй хэмжүүр, хэмжих хэрэгслийг худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээнд ашигласан, бусдад хэрэглүүлсэн болон худалдсан эсэхэд хяналт тавих;
2.13.5. хэмжих хэрэгслийн улсын баталгааны хугацаа дууссан болон лац, тэмдэг нь хөндөгдсөн буюу арилсан, улсын баталгааны гэрчилгээг үрэгдүүлсэн, хуурамчаар үйлдсэн, эвдэрсэн буюу буруу заалттай хэмжих хэрэгслийг ашигласан эсэхэд хяналт тавих;
2.13.6. худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний тооцоонд хэрэглэхийг хориглосон хэмжүүр, хэмжих хэрэгслээр үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд хяналт тавих;
2.13.7. хэмжлийн нэгж нь хэрэглэхийг зөвшөөрсөн нэгжтэй тохирч байгаа эсэхэд хяналт тавих;
2.13.8. хэмжих хэрэгслийн баталгаажуулалт, техникийн бэлэн байдал болон хэмжих хэрэгслийн ашиглалтын нөхцөл нь баталсан загварын шаардлагад тохирч байгаа эсэхэд хяналт тавих;
2.13.9. хэмжих хэрэгслийг баталгаажуулахад ашиглаж байгаа эталоны техникийн бэлэн байдалд хяналт тавих;
2.13.10. стандартчилсан загвар, түүний техникийн болон хэрэглээний байдалд хяналт тавих;
2.13.11. савласан болон боосон бүтээгдэхүүний хүнд, эзлэхүүн зэрэг тоон үзүүлэлт нь боодол дээр тэмдэглэсэн хэмжээ, зөвшөөрөгдөх хэлбэлзлийн хязгаартай тохирч байгаа эсэхэд хяналт тавих;
2.13.12. хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх, засварлах, тохируулах, суурилуулах, тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаанд хяналт тавих.
2.14. Барилгын техникийн хяналт
2.14.1. Барилгын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих;
2.14.2. шинээр барьж байгаа барилга байгууламж, тэдгээрийн өргөтгөл шинэчлэл, их засварын ажлын чанарт хяналт тавих;
2.14.3. барилгын материал, түүхий эд, хийц, эдлэхүүний чанарт хяналт тавих;
2.14.4. барилга байгууламжийн ашиглалтад хяналт тавих;
2.14.5. барилга байгууламжийн зураг төсөл, инженер геологийн хайгуулын ажлын чанарт хяналт тавих;
2.14.6. барилга байгууламжийн нуралт, эвдрэл, гарсан ослын шалтгаанд хяналт тавих;
2.14.7. барилга байгууламжийн төсвийн өртөгт хяналт тавих;
2.14.8. хот байгуулалтын баримт бичиг, зураг төслийн хэрэгжилтэд хяналт тавих;
2.14.9. хот суурин газар, объектын ерөнхий ба нарийвчилсан төлөвлөгөө, түүний биелэлтэд хяналт тавих;
2.14.10. барилгын газар олголтын дүрэм, журмын хэрэгжилтэд хяналт тавих;
2.14.11. хот байгуулалтын норм, дүрмийн хэрэгжилтэд хяналт тавих;
2.14.12. гол зам, инженерийн шугам сүлжээнд хяналт тавих;
2.14.13. барилга байгууламжийн гадна тохижилт, зам, талбай, ногоон байгууламжийн зураг төслийн хэрэгжилтэд хяналт тавих;
2.14.14. хот суурин газруудын инженерийн байгууламжийн ашиглалтад хяналт тавих;
2.14.15. цахилгаан шат, өргөх кран  /0,1 тонноос дээш даацтай цахилгаан шат, 3 тонноос дээш даацтай машинчийн бүхээг бүхий кран/-ы угсралт, ашиглалтын үеийн аюулгүй ажиллагаанд хяналт тавих;
2.14.16. цахилгаан шат, өргөх краны улсын бүртгэлд хяналт тавих;
2.14.17. цахилгаан шат, өргөх кранд гарсан ослын шалтгааныг тогтоох;
2.14.18. цахилгаан шат, өргөх кран  дээр хүний бие гэмтээх, амь нас хохирох, эд материалын ихээхэн хохирол учруулж болзошгүй ноцтой осол гарч болзошгүй тохиолдолд  үйл ажиллагааг түр зогсоох;
2.14.19. өргөх байгууламжийн машинч, операторч нарын мэргэжлийн сургалт, цахилгаан шат, өргөх краны  бүрэн бүтэн байдал хариуцагч, ачааг өргөж шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагч нарыг аттестатчилах үйл явцад хяналт тавих.
2.15. Авто замын хяналт
2.15.1. Авто замын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд  хяналт тавих;
2.15.2. авто зам, гүүр, замын байгууламжийн барилга угсралт, өргөтгөл, шинэчлэлт, засвар, арчлалтын ажлын технологи болон чанар, аюулгүй ажиллагаанд хяналт тавих;
2.15.3. зам, гүүрийн  материал,  хагас бэлэн бүтээгдэхүүн, эдэлхүүний чанар,  баталгаажуулалтад хяналт тавих;
2.15.4. авто зам, замын байгууламжийн арчлалт хамгаалалт, ашиглалтын бэлэн байдалд хяналт тавих;
2.15.5.  авто зам,  гүүр, замын байгууламжийн зураг төслийн чанарт хяналт тавих.
2.16. Эрчим хүчний хяналт
2.16.1. Эрчим хүчний тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих;
2.16.2. эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хэрэглэх үйл ажиллагаа, тэдгээрийн тоног төхөөрөмжийн угсралт, засвар, зураг төсөл, ашиглалтын аюулгүй ажиллагааны дүрэм, журам, стандартын хэрэгжилтэд хяналт тавих;
2.16.3. эрчим хүч хэрэглэх, хэмнэх үйл ажиллагаа, шугам сүлжээний хамгаалах зурвасын мөрдүүлэлтэд хяналт тавих;
2.16.4. шингэрүүлсэн шатдаг хийн ажил, үйлчилгээ эрхэлдэг  аж ахуйн болон түүний хэрэглэгчийн зураг төсөл ба угсралт, засвар, ашиглалтын аюулгүй ажиллагааны дүрэм, журмын хэрэгжилтэд хяналт тавих;
2.16.5. зуух, даралтат сав, шугам хоолойг улсын бүртгэлд хамруулан холбогдох дүрэм, журамд заасан хугацаанд нь техникийн туршилт магадлалт хийлгэн баталгаажуулж,  ашиглах зөвшөөрөл олгоход хяналт тавих;
2.16.6. зуух, даралтат сав, шугам хоолойн үйлдвэрлэлт, угсралт, засварын ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, гүйцэтгэсэн ажлын чанарын баталгаажилтыг хангуулахад хяналт тавих;
2.16.7. эрчим хүчний хяналтад хамаардаг тоног төхөөрөмж дээр ажилладаг инженер-техникийн ажилтан, ажиллагсдын сургалт болон хууль тогтоомж, дүрэм, журмын мэдлэгийн түвшинд хяналт тавьж, зуухны машинч, даралтат сав, цахилгаан, дулааны тоног төхөөрөмж  ажиллуулагч, гагнуурчин болон үл эвдэх аргаар шалгалт хийдэг мэргэжилтний мэдлэг чадварыг шалгаж, эрх олгоход хяналт тавих;
2.16.8. эрчим хүчний хяналтад хамрагдах байгууллага, аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлтэй холбогдон гарсан осол, үйлдвэрлэлийн ноцтой саатлын шалтгаан нөхцөлийг тусгайлан судалж  дүгнэлт гаргах.
2.17. Мэдээлэл холбооны хяналт
2.17.1. мэдээлэл холбооны салбарт мөрдөж буй хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих;
2.17.2. мэдээлэл холбооны ашиглалт, үйлчилгээний болон радио долгион ашиглах тусгай зөвшөөрөл олголт, түүний хэрэгжилтэд хяналт тавих;
2.17.3. мэдээлэл холбооны ашиглалт, үйлчилгээнд мөрдөж буй улсын стандартын боловсруулалт, хэрэгжилтэд хяналт тавих;
2.17.4. мэдээлэл холбооны ашиглалт, үйлчилгээ, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, техникийн нөхцөл, технологийн горим, үйлчилгээний үнэ тариф, чанар, хүртээмжид хяналт тавих;
2.17.5. харилцаа холбооны хамгаалалтын зурвас газрын талаар төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагаас гаргаж буй шийдвэр, түүний хэрэгжилтэд хяналт тавих.
2.18. Аялал жуулчлалын хяналт
2.18.1. аялал жуулчлалын талаар мөрдөж байгаа хууль тогтоомж, тэдгээрийг үндэслэн Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих;
2.18.2. дээд зэрэглэлийн зочид буудлын тусгай зөвшөөрлийн олголт, дээд зэрэглэлийн зочид буудалд зэрэглэл тогтоох журам, зочид буудлын үйлчилгээний чанарын зэрэглэл, үндсэн шаардлага, стандартын мөрдөлтийг хянаж, тусгай зөвшөөрөл эзэмшигч болон түүнийг олгогч байгууллагын үүргийн биелэлтийг хангуулахад хяналт тавих;
2.18.3. аялал жуулчлалын байгууллага болон жуулчны үйлчилгээний байгууллага, хөтөч-тайлбарлагчийн үүргийн биелэлтийг хангуулах, тур оператор, тур агент, жуулчны бааз болон хөтөч-тайлбарлагчийн ангилал, зэрэглэл тогтоох журам, тухайн ангилал зэрэглэлд тавигдах үндсэн шаардлага, холбогдох стандартын мөрдөлтөд хяналт тавих.
2.19. Авто тээврийн хяналт
2.19.1. Авто тээврийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих;
2.19.2. авто тээврийн хэрэгслийн техникийн хяналт, нийтийн тээвэр, шуудан тээвэрлэлт эрхлэх тусгай зөвшөөрөлд заасан үүргийн биелэлтийг хангуулах;
2.19.3. нийтийн тээврийн чиглэл, техникийн хяналтын үзлэгийн төвийн цагийн хуваарь, үйлчилгээний журмыг мөрдүүлэх;
2.19.4. авто тээврийн хэрэгслийн ашиглалтын шаардлага, тээвэрлэлтийн нөхцөлийг хангуулах, тээвэрлэлтийн болон техникийн хяналтын үзлэгийн баримт бичгийн бүрдүүлэлтийг зохих шаардлагын дагуу гүйцэтгүүлэх;
2.19.5. тээвэрлэгч, тээвэрлүүлэгч, зорчигчийн үүргийн биелэлтийг хангах;
2.19.6. авто зам, замын байгууламж, шатахуун, тосолгооны материалын чанар нь авто тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, замын хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлж болох зөрчлөөс урьдчилан сэргийлэх;
2.19.7. усан замын тээврийн хэрэгслийн техникийн хяналт, ачаа, зорчигч тээвэрлэх тусгай зөвшөөрөлд заасан үүргийн биелэлтийг хангуулах;
2.19.8. усан замын тээврийн хэрэгслийн ашиглалтын шаардлага, тээвэрлэлтийн нөхцөлийг хангуулах, тээвэрлэлтийн болон техникийн хяналтын үзлэгийн баримт бичгийн бүрдүүлэлтийг зохих шаардлагын дагуу гүйцэтгүүлэх.
2.20.Геологи  уул, уурхайн хяналт
2.20.1. геологийн судалгаа, ашигт малтмалын хайгуул, ашиглалт, боловсруулалтын үйл ажиллагааны  талаархи  хууль тогтоомж болон эрх бүхий  байгууллагаас гаргасан  дүрэм,  журам,  стандарт,  аргачилал, технологийн  шаардлагыг   өмчийн   бүх хэлбэрийн  аж   ахуйн нэгж, байгууллага, иргэд  хэрэгжүүлж      байгаа  байдалд   хяналт тавих;
2.20.2. ашигт малтмалын хайгуул  болон  ашиглалтын  лиценз   олгох,  шилжүүлэх, барьцаалах, худалдах, цуцлах, лицензийн хугацаа  дуусгавар болох, сонгох  ажиллагаа  хууль тогтоомжийн дагуу  явагдаж  байгаа  эсэхэд   хяналт тавих;
2.20.3. ашигт  малтмалын хайгуул ашиглалтын лиценз эзэмшигчдийн хайгуулын болон уулын ажлын төлөвлөгөө, ослын үед ажиллах  төлөвлөгөө,  орд газрыг ашиглах  техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл,  тэдгээрийн хэрэгжилтэд хяналт   тавих;
2.20.4. улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх  геологийн  судалгаа, олборлолтын  ажлын гүйцэтгэл, төсвийн хөрөнгийн   зарцуулалтад  хяналт  тавих;
2.20.5. төсвийн хөрөнгөөр  санхүүжүүлсэн   геологи хайгуулын ажлын зардлыг төсөвт эргүүлэн төлсөн эсэхэд   хяналт  тавих;
2.20.6. геологийн мэдээллийн улсын сангийн бүрдүүлэлт, хадгалалт, хамгаалалт, ашиглалтад хяналт тавих;
2.20.7. газрын тосны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих;
2.20.8. геологийн  судалгаа, хайгуулын  ажлын анхдагч материал, ашиглалтын геологи-маркшейдрийн баримт  материалын  бүрдүүлэлт, хөтлөлтөд  хяналт тавих;
2.20.9.Энэ журамд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дутуу ногдуулсан байж болзошгүй эрсдэлтэй мэдээллийг татварын байгууллагад хүргүүлж хамтран хяналт тавьж ажиллах; (Энэ заалтыг Засгийн газрын 2022 оны 5 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан)
2.20.10. ашигт малтмалын хаягдал, бохирдолтын  хэмжээ, ашигт малтмалын ордыг сорчлох, гэмтээх зэрэг ашигт малтмалын нөөцийн ашиглалтад хяналт тавих;
2.20.11. геологи, уул уурхайн  үйлдвэрлэл, техник, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны талаархи хууль тогтоомж, дүрэм,  журмын болон үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх талаар  авах арга  хэмжээний  хэрэгжилтэд хяналт   тавих;
2.20.12. геологи, уул уурхайн хяналтад хамрагдах  байгууллага, аж  ахуйн   нэгжийн  үйлдвэрлэлтэй  холбогдож хүний амь нас үрэгдсэн, үйлдвэрлэлийн осол, саатлын шалтгаан нөхцөлийг тусгайлан судалж  дүгнэлт гаргах,  ослоос урьдчилан сэргийлэх ажлын хэрэгжилтэд хяналт тавих;
2.20.13. уурхай шинээр нээх болон тоног төхөөрөмж  шинээр ашиглалтад авах, уурхайг түр болон бүрмөсөн хаахад  мэргэжлийн  дүгнэлт гаргах;
2.20.14. геологи, уул уурхайн үйлдвэрлэлийн зориулалттай энгийн тэсрэх материал үйлдвэрлэх, ашиглах, хадгалах, тээвэрлэх, тэсэлгээний ажлын үед аюулгүй ажиллагааны шаардлагыг хянаж зөвшөөрөл олгоход хяналт тавих;
2.20.15. лиценз эзэмшигчийн үйл ажиллагаа нь ажилчид болон оршин суугчдын эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг нөлөө  үзүүлж буй эсэхэд хяналт тавих;
2.20.16. газрын хэвлийг ашиглах явцад болон  ашигласны  дараа гарч  болзошгүй  аюул, бусад хортой нөлөөнөөс урьдчилан сэргийлэх, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих.
2.21.Үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны хяналт
2.21.1. бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хадгалалт, хамгаалалт, тээвэрлэлт, худалдаа, үйлчилгээтэй холбогдон гарсан хууль тогтоомж болон  бусад стандарт, дүрэм, журмыг худалдаа, үйлдвэр, үйлчилгээний байгууллага, иргэд хэрэгжүүлж байгаа байдалд хяналт тавих;
2.21.2. үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны зохион байгуулалт, соёл, технологийн горимд тогтоосон нийтлэг шаардлагыг хангасан байдалд хяналт тавих;
2.21.3. үйлчилгээ, худалдаанд кассын машин ашиглалтын шаардлага хангагдаж байгаа эсэхэд хяналт тавих;
2.21.4. үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэгчдэд эрх бүхий байгууллагаас олгож байгаа зөвшөөрлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шалгах, зөрчлийг арилгах арга хэмжээ авах;
2.21.5. насанд хүрээгүй, хуулийн хариуцлага хүлээх чадваргүй этгээдээр худалдаа, үйлчилгээ явуулж буй эсэхэд хяналт тавих;
2.21.6. бүтээгдэхүүний сав, баглаа боодол, шошгонд олон улс болон Монгол Улсын хэмжээнд нийтлэг хэрэглэдэг барааны таних тэмдэг, анхааруулга, бичээс, үйлдвэрлэсэн огноо, хадгалах хугацаа, хэрэглэх зааврыг ил тод тавьсан байдалд хяналт тавих;
2.21.7. бараа, бүтээгдэхүүнийг шаардлагын дагуу шошголож савласан байдалд хяналт тавих;
2.21.8. хэрэглэгчдэд бараа, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний зориулалт, тэдгээрийн хэрэглээний шинж чанар, хадгалах нөхцөл, хэрэглэх арга, баталгаат хугацааны талаар үнэн зөв, бүрэн мэдээлэл өгсөн байдалд хяналт тавих;
2.21.9. нийтийн хоолны газрын байр, орчин тойрон, технологийн үйл ажиллагаа болон дээж авалт, хоолны технологийн карт /БСТ/-ын мөрдөлт, түүнийг хөтөлж байгаа байдал, ариун цэвэр, бараа материал, түүхий эдийн хадгалалтад хяналт тавих;
2.21.10. Монгол Улсын нутаг дэвсгэрт худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн төлөөлөгчийн газрын ажил, үйлчилгээний соёл, экспорт, импортын бараа, бүтээгдэхүүний гарал үүслийг гэрчилсэн байдалд хяналт тавих;
2.21.11. хүн амын өргөн хэрэглээний нийтийн ахуйн болон техникийн засвар, үйлчилгээ, зочид буудлын стандарт, амралт, сувиллын газрын технологи болон ажил, үйлчилгээний шаардлагын хэрэгжилтэд хяналт тавих;
2.21.12. улсын нөөцийн нефть бүтээгдэхүүний хадгалалт, хамгаалалт, зарцуулалтад хяналт тавих;
2.21.13. нефть боловсруулах үйлдвэр, нефтийн бүтээгдэхүүний агуулах, түгээх станцын барилга байгууламж нь техникийн нөхцөл, зохих шаардлагад нийцэж буй эсэхэд хяналт тавих;
2.21.14. нефтийн бүтээгдэхүүний боловсруулалт, чанарын шаардлага, стандарт, техникийн нөхцөлийн хэрэгжилт, тээвэрлэлт, хүлээн авалт, хадгалалт, түгээлтийн аюулгүй ажиллагаанд хяналт тавих;
2.21.15. нефть боловсруулах үйлдвэр, нефтийн бүтээгдэхүүний агуулах, түгээх станцын тоног төхөөрөмжийн тохиргоо, сав, шугам хоолойн битүүмжлэл, түгээгүүрийн ажиллагаа стандарт, ашиглалтын зааварт нийцэж буй эсэхэд хяналт тавих;
2.21.16. нефтийн бүтээгдэхүүн боловсруулах, хадгалах, түгээх, борлуулах, химийн угаалга, цэвэрлэгээтэй холбогдсон ажил, үйлчилгээ эрхэлж буй байгууллагын үйл ажиллагаанд тавигдах шаардлага, стандартын биелэлтэд хяналт тавих.
2.22. Хүнсний үйлдвэрлэл, технологийн хяналт
2.22.1. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл,  үйлчилгээ, тээвэрлэлт, хадгалалттай холбогдох хууль тогтоомж, стандарт, дүрэм, журам, зааврыг хүнсний үйлдвэрлэл, худалдаа эрхэлж байгаа байгууллага, иргэд хэрхэн хэрэгжүүлж байгаад хяналт тавих;
2.22.2. хүнсний үйлдвэрлэл эрхэлж байгаа болон шинээр эрхлэх үйлдвэрийн газрын байршил, барилга байгууламж нь ариун цэвэр, эрүүл ахуй, стандартын шаардлагыг хэрхэн хангасан байдалд хяналтын байгууллагын дүгнэлт гаргуулсан эсэхэд хяналт тавих;
2.22.3. хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хадгалах, тээвэрлэх тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, багаж хэрэгсэл нь эрүүл ахуй, ариун цэвэр, технологийн шаардлага хангасан эсэхэд хяналт тавих;
2.22.4. хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, тээвэрлэлт, борлуулалтын бүх шатанд түүний технологи, ариун цэврийн шаардлагын талаар дотоодын хяналтыг хэрэгжүүлж байгаа  байдалд хяналт тавих;
2.22.5. хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодол, шошгонд олон улсын болон үндэсний хэмжээнд нийтлэг хэрэглэдэг барааны таних тэмдэг, анхааруулга бичээс, үйлдвэрлэсэн огноо, хадгалах нөхцөл, хугацаа, хэрэглэх зааврыг ил тод тавьсан байдалд хяналт тавих;
2.22.6. хүнсний үйлдвэр, худалдаа, үйлчилгээний газруудад бүтээгдэхүүнийг хадгалах, тээвэрлэх нөхцөл, хугацааг мөрдөж байгаа байдалд хяналт тавих;
2.22.7. хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа байр, тоног төхөөрөмжийн цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлтэд хүнсний аюулгүй байдлын шаардлагад нийцсэн бодис хэрэглэж буй эсэх, ариутгал, халдваргүйжүүлэлтийн хяналтын дотоодын байнгын тогтолцоо бий болгосон байдалд хяналт тавих;
2.22.8. хүнсний үйлдвэрлэлд ашиглах өсгөвөр, хүнсний нэмэлт, эм, даавар болон шавьж, мэрэгчийн устгалын хор, цацраг идэвхт бодист холбогдох байгууллагын дүгнэлт гаргуулсан байдалд хяналт тавих;
2.22.9. согтууруулах ундааны үйлдвэрлэлийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр холбогдох хууль, журмын дагуу эрхэлж буй эсэхэд хяналт тавих;
2.22.10. улсын нөөцийн хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, ашиглалт, нөхөн бүрдүүлэлт, зарцуулалтын байдалд хяналт тавих.
2.23. Мал эмнэлгийн хяналт
2.23.1. Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль болон холбогдох хууль тогтоомж, гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтэд хяналт тавих;
2.23.2. мал эмнэлгийн хорио цээр, хязгаарлалт тогтоох, мал, амьтны  өвчинтэй тэмцэх, малын сэг зэмийг устгах талаар Засаг даргын гаргасан шийдвэр, түүний биелэлтэд хяналт тавих;
2.23.3. мал эмнэлгийн хорио цээрийн дэглэмийг  биелүүлэх, өвчилсөн мал, амьтныг зохих журмын дагуу устгасан эсэхэд  хяналт тавих;
2.23.4. өвчнийг оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээнд мал, амьтныг тогтоосон хугацаанд нь бүрэн хамруулсан эсэхэд хяналт тавих;
2.23.5. мал, амьтныг арчлах, маллах, тэжээх, үржүүлэх үеийн эрүүл ахуй, бэлчээр, хашаа, бууц, уст цэгийн орчны ариун цэврийн талаар гарсан дүрэм, журам, зааврын хэрэгжилтэд хяналт тавих;
2.23.6. мал, амьтны халдварт өвчин улсын хилээр нэвтрэхээс сэргийлэх;
2.23.7. мал, амьтан болон тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүн, түүхий эд, тэжээл бэлтгэх,  тээвэрлэх, хадгалах, боловсруулах, худалдаалахад мал эмнэлэг, ариун цэвэр, хорио цээрийн талаархи  дүрэм, журмыг сахих, мал эмнэлэг, ариун цэврийн гэрчилгээний олголтод хяналт тавих;
2.23.8. мал, амьтан нядлах болон мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн боловсруулах, хадгалах байгууламжийн зураг төсөл зохиох, барих, ашиглалтад оруулахад хяналт тавих;
2.23.9. мал, амьтанд зориулсан эм, биобэлдмэл, мал эмнэлгийн багаж, хэрэгслийг үйлдвэрлэх, хилээр нэвтрүүлэх, худалдах, хадгалах, тээвэрлэх, бүртгэхтэй холбоотой дүрэм, журам, заавар, стандартын хэрэгжилтэд хяналт тавих;
2.23.10. улсын нөөцөд байгаа малын эм, биобэлдмэлийг хадгалах, нөхөн бүрдүүлэх, ашиглах, зарцуулахад хяналт тавих;
2.23.11. малын эмийн сан ажиллуулах талаархи дүрэм, журмын хэрэгжилтэд хяналт тавих;
2.23.12. малын эм, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, малын өвчин үүсгэгчийг ургуулж үржүүлэх, улсын хилээр мал, амьтан, үр, хөврөл үрийг нэвтрүүлэх зөвшөөрөл олголтод хяналт тавих.
2.24. Мал, амьтны үржлийн хяналт
2.24.1. Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль болон холбогдох хууль тогтоомж, гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтэд хяналт тавих;
2.24.2. малын удмын санг хамгаалах, ашиг шимт, үүлдэрлэг байдалд хяналт тавих;
2.24.3. гойд ашиг шимт малын үр, хөврөл үрийг малын генийн банкинд хадгалуулах, ашиглах, нөхөн сэлбэх, худалдах үйл ажиллагаанд хяналт тавих;
2.24.4. цөм сүрэг, гойд ашиг шимт малд таних тэмдэг, дугаар тавьж, үржлийн малын удмын болон үржил, ашиг шимийн бүртгэл хөтөлсөн эсэхэд  хяналт тавих;
2.24.5. гойд ашиг шимт болон цөм сүргийн мал хорогдсон, тэдгээрийг худалдах, арилжих, бэлэглэх зэргээр бусдад шилжүүлсэн бүртгэлд хяналт тавих;
2.24.6. сүрэг сэлбэх өсвөр хээлтүүлэгчийг цөм сүргээс бойжуулж, орон нутгийн үйлчилгээний нэгжээр үзлэг, шинжилгээ хийлгэж, жишигт тэнцсэн эсэхийг магадласны дараа үржилд ашиглах, хээлтүүлгийн нас гүйцсэн малыг нийлүүлэгт оруулах, эрүүл, баталгаажуулсан хээлтүүлэгчийг үржилд ашиглахад хяналт тавих;
2.24.7. цөм, сүргийн ашиг шимийн чиглэлийг өөрчлөх, үржлийн мал, түүний үр, хөврөл үрийг улсын хил нэвтрүүлэхдээ мал эмнэлэг, үржлийн хяналтын албанаас зөвшөөрөл авсан эсэхэд хяналт тавих;
2.24.8. цэвэр, эрлийз болон нутгийн шилмэл омгийн малын удмын санг хамгаалах, үржил, ашиг шимт чанарыг сайжруулах ажлыг нутгийн захиргааны байгууллагаас хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлж байгаа байдалд хяналт тавих;
2.24.9. сум, дүүргийн үйлчилгээний нэгж нь мал сүрэгт үзлэг, ангилалт хийх, цөм сүрэг, гойд ашиг шимт малд үржлийн бүртгэл хөтлөх, гэрчилгээжүүлэх, малын ашиг шимийн гарц, чанарыг сайжруулах чиглэлээр мэргэжлийн ажил, үйлчилгээнд хяналт тавих.
2.25. Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналт
2.25.1. Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалтгалтын тухай, Ургамал хамгааллын тухай хууль болон холбогдох хууль тогтоомж, гэрээ, хэлэлцээрийн биелэлтэд хяналт тавих;
2.25.2. иргэн, хуулийн этгээд нь эзэмшиж, ашиглаж байгаа газар, зоорь, үтрэм, агуулахдаа ургамлын өвчин, хөнөөлт шавьж, мэрэгч амьтан, хог ургамал илэрсэн тохиолдолд мэргэжлийн байгууллагад мэдэгдэж, холбогдох арга хэмжээ авсан эсэхэд хяналт тавих;
2.25.3. ургамлын онц аюулт өвчин, хөнөөлт шавьж, мэрэгч амьтан, хог ургамал илэрсэн тохиолдолд тухайн шатны  Засаг дарга мэргэжлийн байгууллагад мэдээлсэн, дүгнэлт гаргуулсан эсэх, ургамлын хорио цээр, хязгаарлалт тогтоосон, ургамал хамгаалал, хорио цээрийн арга хэмжээг хэрэгжүүлсэн байдалд хяналт тавих;
2.25.4. бүх төрлийн ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, малын өвс, тэжээл, таримлын суулгац, мод, модон материалын хадгалалт, тээвэрлэлт, боловсруулалт, худалдаалалтын үеийн ариун цэвэр, хорио цээрийн дэглэмийн хэрэгжилтэд хяналт тавих;
2.25.5. ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, ургамал хамгаалах бодис, бордоог улсын хилээр нэвтрүүлэх, тээвэрлэх, хадгалах, үйлдвэрлэх, худалдаалахад баримтлах хууль тогтоомжийн хэрэгжилтэд  хяналт тавих;
2.25.6. ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн боловсруулах, хадгалах, худалдах газрын барилга байгууламжийн зураг төсөл зохиох, барих, ашиглалтад оруулахад мөрдөгдөх ургамал хамгаалал, хорио цээрийн шаардлага, нөхцөлийг баримталж буй эсэхэд хяналт тавих;
2.25.7. ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд ургамлын хорио цээрийн лабораторийн шинжилгээ хийлгэсэн эсэхэд хяналт тавих;
2.25.8. улсын нөөцөд байгаа ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хадгалах, нөхөн бүрдүүлэхэд хяналт тавих;
2.25.9. бөөний худалдааны төвийн үйл ажиллагаанд тавигдаж буй ургамлын хорио цээрийн дэглэмийн мөрдөлтөд хяналт тавих;
2.25.10. тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх,  борлуулахтай холбогдсон хууль, тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих.
2.26. Таримал ургамлын үр, сортын чанарын хяналт
2.26.1. Таримал ургамлын үр, сортын тухай  хууль  болон холбогдох хууль тогтоомж, гэрээ, хэлэлцээрийн биелэлтэд хяналт тавих;
2.26.2. хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын захиалга, гэрээгээр торгон үр үржүүлсэн эсэхэд хяналт тавих;
2.26.3. үрийн чанарын улсын стандарт хангасан, гарал  үүсэл, үйлдвэрлэсэн технологи нь тодорхой, баталгаат сортын болон эрлийз үр борлуулах, бусдад шилжүүлэх, сорт солих, шинэчилсэн эсэхэд хяналт тавих;
2.26.4. таримал ургамлын удмын санг хадгалах, хамгаалах, зохион бүтээсэн сортыг таримал ургамлын удмын сангийн хадгаламжид  бүртгүүлж, хадгалуулсан эсэхэд хяналт тавих;
2.26.5. өөрийн үйлдвэрлэсэн үрийг үр, хорио цээрийн хяналтад хамруулсан эсэхэд хяналт тавих;
2.26.6. үрийн тариалангийн талбайд сортын хянан баталгаа хийлгэсэн эсэхэд хяналт тавих;
2.26.7. улсын үрийн нөөцөд чанарын стандарт хангасан үр бэлтгэх,  нийлүүлсэн эсэхэд хяналт тавих;
2.26.8. тарих үрийн дээжид чанарын шинжилгээ хийлгэж, баталгаажуулсан эсэхэд хяналт тавих;
2.26.9. торгон болон сортын үр үйлдвэрлэл явуулахад тохиромжтой талбайг тодорхойлуулсан эсэхэд хяналт тавих;
2.26.10. таримал ургамлын үр үйлдвэрлэх үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй эрхэлж байгаа эсэхэд хяналт тавих;
2.26.11. тарих үрийн чанарын  стандарт хангасан үр импортлосон эсэхэд хяналт тавих.
 
Гурав. Улсын байцаагчийн бүрэн эрх
 
3.1. Улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
 
Дөрөв. Хүлээлгэх хариуцлага
 
4.1. Хяналтын улсын байцаагч нь хууль тогтоомж, дүрэм, журам зөрчсөн, тавьсан шаардлагыг биелүүлээгүй гэм буруутай этгээдэд Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлагыг хүлээлгэнэ.
 
Тав. Бусад зүйл
5.1. Шалгуулсан байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригч, албан тушаалтан хяналт шалгалтын явцад хууль тогтоомж зөрчигдсөн, байцаагчийн гаргасан шийдвэр үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо эрх бүхий албан тушаалтан, улсын ерөнхий байцаагчид гаргана.
5.2. Хяналт шалгалтын байгууллагын эрх бүхий албан тушаалтан гомдлыг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэх арга хэмжээ авна. Хэрэв гомдол гаргасан байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригч, албан тушаалтан гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргаж болно.
5.3. Улсын байцаагч нь хууль тогтоомж зөрчсөн бол түүнд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
5.4. Хөндлөнгийн байгууллага, мэргэжлийн хүмүүсийг хяналт шалгалтад татан оролцуулах, дүгнэлт гаргуулж болно.
 
 
----оОо-----