- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХҮНСНИЙ ХАНГАМЖ, АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХООЛ ТЭЖЭЭЛ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Засгийн газрын 2001 оны 242 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт
ХҮНСНИЙ ХАНГАМЖ, АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХООЛ ТЭЖЭЭЛ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
ХҮНСНИЙ ХАНГАМЖ, АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХООЛ ТЭЖЭЭЛ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
1. Монгол Улсын Засгийн газар Ромын 1992 оны "Дэлхийн хоол тэжээлийн тунхаглал"-ыг хүлээн зөвшөөрч "Хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, монгол хүний хоол тэжээл" Үндэсний хөтөлбөрийг 1994 онд батлан хэрэгжүүлсэн. Гэвч зах зээлийн харилцаанд шилжих эхэн үеийн эдийн засгийн хямрал, хүн амын ядуурал, дахин давтан тохиолдож буй ган, зуд зэрэг байгалийн гамшиг болон хөтөлбөрийг боловсруулах явцад нөхцөл байдлыг дутуу үнэлсэн зэрэг хүчин зүйлүүдээс шалтгаалан үндэсний хөтөлбөрийн зарим зорилтууд бүрэн хэрэгжиж чадаагүй юм.
2. Хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдал, хоол тэжээлийн асуудал нь нийгмийн тогтвортой байдал, улс төр, эдийн засаг, тусгаар тогтнолын чухал баталгаа болдог учир төрийн бодлогын үндсэн чиглэл мөн. Хүнсний аюулгүй байдал, хоол тэжээлийн талаархи дэлхийн хэмжээнд тавьж буй зорилтын агуулга, үзэл санаа энэхүү үндэсний хөтөлбөрт тусгалаа олох нь хүн амыг тэжээллэг, чанартай, аюулгүй хүнсээр жигд хүртээмжтэй хангах, эрүүл мэндийг сайжруулах асуудлыг цогц байдлаар шийдвэрлэхэд чиглэгдэж байна.
3. Хоол хүнсний хангамж, бэлтгэлийн уламжлалт арга: Монгол түмэн хоол, хүнс бэлтгэх, боловсруулах баялаг өв уламжлалыг өнө эртнээс үе дамжуулан ирсэн билээ. Хүнсний хангамжийг ихэвчлэн өрх гэрийн хэмжээнд 1920-иод оныг хүртэл шийдвэрлэж ирсэн түүхтэй. Эмнэлэг, сургууль, цэргийг хоол, хүнсээр хангах, төвлөрсөн хот, суурин газрын хүн амыг өдөр тутмын хүнсний хэрэгцээний бүтээгдэхүүнээр хангах асуудал тулгарч, хүнсний үйлдвэрийг шинээр зохион байгуулах замаар шийдвэрлэх зорилтыг хэрэгжүүлснээр хүнсний аж үйлдвэр үүсч хөгжсөн юм.
4. Хүнсний үйлдвэрлэл, хангамж, аюулгүй байдал, бодит хооллолтын хүрсэн түвшин: Монгол Улсын төр, Засгийн газар хүн амын хүнсний хангамж, хоол тэжээлийн талаар тусгайлсан бодлого, хөтөлбөрийг нийгмийн хөгжлийн үе шат бүхэнд авч хэрэгжүүлж ирсэн билээ. Мах, сүү боловсруулах, гурил, талх, боов, чихрийн үйлдвэрүүд төв, хөдөөд байгуулагдаж эх орны хэрэгцээг хангахад хүрэлцэхүйц хүч чадал улсын хэмжээнд бий болсон байв. Тухайлбал 1980-аад оны эцсээр жилд 60-аад мянган тонн мах, махан бүтээгдэхүүн, 60.0 сая литр сүү, цагаан идээ, 4700 тонн цөцгийн тос, 187.0 мянган тонн гурил, 41.8 мянган тонн нарийн боов, чихэр, жигнэмэг үйлдвэрлэж, жил бүр 20-30 мянган тонн мах, 400 мянган литр архи, спирт, 1 сая литр пиво, ихээхэн ургац авсан үед 20 мянга хүртэл тонн гурил экспортод гаргаж байв.
5. Хүнсний хангамж: Малын тоо өсөж, махны экспорт эрс багассанаар таваарын малын нөөц нэмэгдэх хандлага 1993 оноос бий болж, хөдөө аж ахуйн гол нэрийн бүтээгдэхүүн мах, сүүгээр хүн амын хэрэгцээг хангах боломж бүрдсэн юм. Хөдөө аж ахуйн салбарт мах үйлдвэрлэл (нядалгааны жингээр) 2000 онд 1990 оныхоос 124.7 хувиар, 1995 оныхоос 136.7 хувиар нэмэгдэж, жишсэн дундаж 1 хүний жилийн хэрэглээ 120 кг-д хүрчээ. Сүү үйлдвэрлэл 2000 онд 1990 оныхоос 118.9 хувиар, 1995 оныхоос 101.6 хувиар өсч, жишсэн дундаж 1 хүний жилийн хэрэглээ 126 литр болов. Үр тарианы үйлдвэрлэлд уналт, хямрал улам гүнзгийрч, улаан буудайн үйлдвэрлэл 2000 онд 1990 оныхоос 5.1 дахин, 1995 оныхоос бараг 2 дахин багасч гурилын үйлдвэрлэл мөн хэмжээгээр буурчээ. "Ногоон хувьсгал" Үндэсний хөтөлбөр хэрэгжиж төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлд ахиц гарч 2000 оны дүнгээр хүнсний ногооны ургац 1990 оны түвшинд, төмснийх 1995 оны түвшинд хүрсэн боловч төмс, хүнсний ногоог импортоор авч байна. Зах зээлийн харилцаанд шилжих үеийн эдийн засгийн хямрал хүнсний үйлдвэрлэлд хүчтэй нөлөөлж, хүнсний аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлт 1995 онд 1990 оныхоос 2.4 дахин, 2000 онд 1995 оныхоос 1.5 дахин буурч гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, ялангуяа үйлдвэрлэлийн аргаар боловсруулах мах, сүүний хэмжээ багассан байна. Ийнхүү дотоодын үйлдвэрлэл эрс буурснаас тодорхой хэмжээний хүнсний бүтээгдэхүүн экспортлогч байсан Монгол Улс 1996-2000 онд жил бүр 17.3-46.5 мянган тонн улаан буудай, 80.9-450 тн цөцгийн тос, жилийн хэрэгцээт гурилынхаа 70 орчим хувийг импортоор авдаг болжээ. Сүүлийн жилүүдэд хүнсний үйлдвэрлэлийн жижиг, дунд үйлдвэрүүд буй болж, технологийн зарим дэвшил нэвтэрч, бүтээгдэхүүний чанар, сав, баглаа боодолд бага боловч ахиц гарч эхэллээ. Ундны усны эх үүсвэр, хангамж хот, хөдөөд харилцан адилгүй, ялангуяа говийн аймгуудад усан хангамжийн асуудал бүрэн шийдэгдээгүй байгаагийн зэрэгцээ хүн амын унд, ахуйн хэрэглээний усны чанар, аюулгүй байдал алдагдаж байна.
6. Хүнсний аюулгүй байдал: Хүнс, хоолоор дамжин халдварладаг, хордлого үүсгэдэг 60 гаруй өвчний 30 шахам нь манай орны мал, амьтанд оношлогдсон бөгөөд мах, сүү, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийг хүнсэнд зориулж бэлтгэх, нийтийн худалдаанд гаргахад мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн шаардлага зөрчилдөх явдал гарсаар байна. Мөн хүнсний түүхий эдийг үзлэг, шинжилгээгээр бүрэн баталгаажуулж чадахгүй байгаа, мах, сүүг гол төлөв үйлдвэрлэлийн боловсруулалт хийлгүйгээр хүн амд худалдаалдаг, хүнсний үйлдвэрүүдэд технологийн болон чанарын дотоодын хяналт сул, технологийн ажиллагсдын мэргэшлийн түвшин хангалтгүй, хэрэглэгчдийн хэрэглээний соёл, боловсрол төлөвшөөгүй зэрэг дутагдал хэвээр байна. Сүүлийн жилүүдэд хүнсний бүтээгдэхүүний нян, хөгц, мөөгөнцрийн бохирдолт 22.7, химийн-14.1, хүнд металлын-6 хувьд хүрч, шаардлага хангахгүй байгаа нийт сорьцын 35.5 хувийг хүнсний бүтээгдэхүүн эзэлж байна. Хорт хавдар үүсгэх, үр хөврөл гэмтээх, удамшилд аюул бүхий өвчин үүсгэдэг 150 гаруй хөгц байдгаас өнөөгийн байдлаар лабораторийн шинжилгээгээр зөвхөн 13 төрлийн хөгцийг хоол, хүнснээс илрүүлж чадаж байна. 1995-2000 онуудад хорт хавдрын өвчлөл нэмэгдэж, ялангуяа элэгний хорт хавдар тэргүүлэх боллоо. Эрүүл мэндийн тайлангийн дүнгээр нийт халдварт өвчний 30 гаруй хувийг хоол хүнс, орчны бохирдолт, ариун цэврийн шаардлага хангаагүйтэй холбоотой гэдэсний халдварт өвчин, хордлогот халдвар эзэлж байна. Манай улсад хоолны хордлого, хордлогот халдварын бүртгэл, мэдээлэл цэгцтэй бус, олныг хамарсан хордлого, халдварууд оношлон мэдээлэгдэж, гэр бүлийн хүрээнд ганц нэг хүнд тохиолдсон өвчлөл, суулгалт халдварын тохиолдол үндсэндээ бүртгэгдэхгүй байна. 1999 оны байдлаар Халдварт өвчин судлалын төвийн нэгдсэн лабораторийн гэдэсний халдварын шинжилгээгээр халдварын онош батлагдсан 185 тохиолдлын 17.8 хувийг хоолны хордлого, хордлогот халдвар эзэлж байна.
7. Хоол тэжээл-эрүүл мэнд: Монгол хүн уургаар баялаг, амьтны гаралтай, өөх тос ихтэй, хэт халуун хоол, цай хэрэглэдэг, цайг давстай ууж заншсан, махан хоолыг ихэвчлэн оройн цагаар хэрэглэдэг зэрэг хооллох зан үйлийн өвөрмөц онцлогтой юм. Улирлын чанартай хооллодог заншил нь өнөөг хүртэл хөдөөгийн хүн амын дунд хадгалагдсаар ирлээ. Сүүлийн жилүүдэд хотжилт, иргэншилтэй холбоотойгоор суурин газрын хүн амын хооллолт өөрчлөгдөж байна. Монголчууд хоол хүнсэндээ аминдэм, эрдэс бодисын үндсэн эх үүсвэр болох төмс, хүнсний ногоо, төрөл бүрийн жимс, жимсгэнэ, зарим нэрийн хүнсний бүтээгдэхүүн (загас, өндөг)-ийг бага хэрэглэж байна. Жишсэн дундаж хүний хоногийн хоолны илчлэг 1963-2462 ккал, уураг 88.6-105.4 гр, өөх тос 77.6-90.1 гр, нүүрс ус 213.8-290.7 гр болж үндсэн шимт бодисуудын хэрэглээний зохистой харьцаа алдагдсан байна. Амьжиргааны баталгаат түвшингээс дээгүүр орлоготой өрхийн нэг гишүүн хоногт хоол тэжээлээр хэрэгцээт хэмжээнээс илүү илчлэг (134-135 хувь) авч байхад амьжиргааны баталгаат түвшингээс доогуур орлоготой өрхийн нэг гишүүний хоногийн хэрэгцээт илчлэгийн хангамж 58.1-68.5 хувь байна. Хүн амын эмзэг бүлэг, эх, хүүхдийн дунд хоол, тэжээлтэй холбоотой архаг өвчлөл (зүрх судасны өвчин, таргалалт, чихрийн шижин, хоол боловсруулах болон бусад эрхтний хорт хавдар) нэмэгдсээр байна. Бага насны хүүхдүүд хоол, тэжээлийн дутлаас үүдэлтэй уураг, илчлэг дутал, сульдаа, төмөр дутлын цус багадалт, иодын дутал зэрэг эмгэгүүдэд илүүтэй өртөж байна. 5 хүртэлх насны 4 хүүхэд тутмын нэг нь өсөлт хоцорсон, 8 хүүхэд тутмын нэг нь тураалтай, 32.1 хувь нь сульдаатай, 43.6 хувь нь төмөр дутлын цус багадалттай байна. Цус багадалт хэвийн өсөлттэй хүүхэдтэй харьцуулахад тураалтай хүүхдүүдэд 3 дахин их, өсөлт хоцорсон хүүхдүүдэд 2 дахин их тохиолдож байна. Түүнчлэн 1 хүртэлх насны 4 хүүхэд тутмын нэгд сульдаагийн эмнэлзүйн аль нэг шинж илэрч байжээ. 1999 оны байдлаар 5 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүдийн 58.5 хувь, 13-27 долоо хоногтой жирэмсэн эхчүүдийн 16.8 хувь, 28 ба түүнээс дээш долоо хоногтой жирэмсэн эхчүүдийн 26.8 хувь цус багадалттай байна.
8. Боловсролын байдал: Хүн ам, өрхийн 1998 оны тооллогоор 8-15 насны хүүхдүүдийн 1.5 хувь бичиг үсэггүй байсан бол 2000 онд энэ үзүүлэлт 4.9 хувь болж өсчээ. Нийт хүн амын 90-95 хувь бичиг үсэгт тайлагдсан байв. Хүн ам, олон нийтэд зохистой хооллох, хүнсний бүтээгдэхүүнийг хэрхэн сонгож хэрэглэх, хүнсний аюулгүй байдлын талаар мэдээлэл өгөх хоол, тэжээлийн боловсролын тогтолцоо бүрдээгүй байна.
9. Ядуурлын байдал: Хүн амын дунд 1992-2000 онуудад ажилгүйдлийн түвшин буурсан үзүүлэлт байгаа ч энэ нь зөвхөн хөдөлмөр зохицуулалтын албанд бүртгүүлэгчдийн тоон дээр үндэслэсэн үзүүлэлт юм. 1998 онд хийгдсэн амьжиргааны түвшний түүвэр судалгаагаар үндэсний хэмжээний ажилгүйдлийн түвшин 19 хувь, хөдөөд 12 хувь, хот, сууринд 30 хувь гарсан. 849,8 мянган хүн ядуурлын доод түвшингээс доогуур амьдралтай байгаа нь 1992 оноос даруй 21800 хүнээр нэмэгдсэн, хүн амын 35.6 хувь ядуу, нэн ядуу гэсэн үзүүлэлт гарсан байна. Судалгааны дүнгээр ганц бие өрх толгойлсон, олон хүүхэдтэй эцэг, эхчүүд, ажилгүй хүмүүс, 100-гаас доош малтай өрх (ам бүлийн тооноос хамаарч), боловсролгүй болон эмзэг бүлгийн хүмүүс (өндөр настан, тахир дутуу, тэнэмэл хүүхдүүд) ядууралд илүү өртөж байна.
10. Монгол Улсын төр, засгаас хүнсний аюулгүй байдлын хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх, хүн амыг чанарын баталгаатай, хүрэлцээтэй хүнс тэжээлээр хангах, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ, хэрэглээний бүх хүрээнд эрүүл ахуй, ариун цэврийн аюулгүй байдлын нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр явуулж байгаа бодлогын үр дүнд зарим ахиц гарч байгаа боловч салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах тодорхой бодлого, зохицуулалт нэн шаардлагатайг харгалзан; Монголд хүнсний хомсдол бодитойгоор оршиж байгаа бөгөөд 1998 оны амьжиргааны түвшний түүвэр судалгааны үзүүлэлтээр хүн амын 19.7 орчим хувь нь нэн ядуугийн ангилалд орж, хүнсний наад захын хэрэгцээнийхээ 50 хувийг л хангаж байгааг үндэслэн; Хоол, тэжээлийн болон бичилбодис, аминдэм дутлаас үүдсэн өвчлөл тууштай буурахгүй, зөв зохистой хооллолт, соёлтой хэрэглээ, дадал хэвшлийг эзэмшээгүйгээс зүрх судас, хоол боловсруулах эрхтний өвчлөл, нас баралт нэмэгдэж байгааг харгалзан; Хүн амын дунд хоол, тэжээлийн боловсрол олгох сургалт сурталчилгааны нэгдсэн тогтолцоо бүрдээгүйг бодолцон; Монгол Улсын Ерөнхий сайд 1996 онд Дэлхийн хүнсний дээд хэмжээний уулзалтад оролцож, монгол хүний хүнсний хангамж, хоол тэжээлийн бодит байдалд үнэлгээ өгч, хүн амыг хүнсээр хангах, өлсгөлөн, бичилбодис, аминдэм дутлаас урьдчилан сэргийлэх асуудлаар өөрийн орны гол бодлого, чиглэлийг тодорхойлж, үзэл бодлоо илэрхийлснийг үндэс болгон; Монгол Улсын Засгийн газар, Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллагуудын хооронд 1998 онд харилцан тохиролцож "Хүнсний хангамж, аюулгүй байдал, хоол тэжээл" ойлголцлын санамж бичгийг хэрэгжүүлэх зорилгоор "Хүнсний хангамж, аюулгүй байдал, хоол тэжээл" Үндэсний хөтөлбөрийг боловсруулав.
11. Хөтөлбөрийн зорилго: Хүн амыг тэжээллэг, чанартай, аюулгүй хүнсээр жигд хүртээмжтэй ханган, хоол, тэжээлийн байдлыг дээшлүүлж, улмаар эрүүл мэндийг сайжруулахад хөтөлбөрийн зорилго оршино.
Хөтөлбөрийн хүрээнд дараахь зорилтуудыг хэрэгжүүлнэ:
12. Хүнсний хангамжийн асуудлаар дэвшүүлсэн зорилт:
Нэгдүгээр зорилт: мах, сүү, үр тариа, төмс, хүнсний ногооны чиглэлээр хэрэгжиж байгаа хөтөлбөр, төслүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлж, хүнсний аюулгүй байдлыг хангах;
Хоёрдугаар зорилт: Гурил, гурилан бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлж, гурилын хэрэгцээ, чанар, аюулгүй байдлыг хангах;
Гуравдугаар зорилт: Дэвшилтэт технологийг нэвтрүүлж, олон улсын стандарт, аюулгүйн шаардлага хангасан зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, шинэ төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бий болгох.
13. Хүнсний аюулгүй байдлын асуудлаар дэвшүүлсэн зорилт:
Дөрөвдүгээр зорилт: Үндэсний хэмжээнд хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэмжээнүүдийг олон улсын стандарт, шаардлагад нийцүүлэн, хүнсний хяналтыг зохион байгуулах тогтолцоог боловсронгуй болгох;
Тавдугаар зорилт: Хүнсний аюулгүй байдлын хяналтын лабораториудыг бэхжүүлж үндэсний боловсон хүчний чадавхийг сайжруулах;
Зургадугаар зорилт: Хүнсний аюулгүй байдлын асуудлаар үйлдвэрлэгч, хэрэглэгчдэд сургалт, сурталчилгаа явуулж ухаалаг, соёлтой хэрэглээг хэвшүүлэх, олон нийтийн оролцоог сайжруулах;
Долдугаар зорилт: Ундны усны хангамж, эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах.
14. Хоол, тэжээлийн асуудлаар дэвшүүлсэн зорилт:
Наймдугаар зорилт: Хүн ам, олон нийтийн хоол, тэжээлийг сайжруулах;
Есдүгээр зорилт: Эмзэг бүлгийн хүн амын хоол, тэжээлийн байдлыг сайжруулах;
Аравдугаар зорилт: Хүн амын хоол, тэжээлийн талаархи мэдлэг, дадлыг сайжруулах тогтолцоо бүрдүүлэх;
Арван нэгдүгээр зорилт: Хүн амын эрүүл мэндийг бичилбодис, аминдэмийн дутлаас сэргийлэх зорилгоор өргөн хэрэглээний зарим хүнсний бүтээгдэхүүнийг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн арга, технологийн дагуу баяжуулан хэрэглэж хэвших.
15. Нийтлэг зорилт:
Арван хоёрдугаар зорилт: Болзошгүй гамшиг, онцгой байдлын үед хүн амын хоол, тэжээл, эрүүл мэндийн байдалд үнэлгээ өгөх, мэдээлэх, хяналт тавих, шаардлагатай зориулалтын хүнсийг үйлдвэрлэх, бэлтгэх, туслах тогтолцоог бүрдүүлэх;
Арван гуравдугаар зорилт: Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний тогтолцоог боловсронгуй болгох;
Арван дөрөвдүгээр зорилт: Хүнсний хангамж, аюулгүй байдал, хоол тэжээлийн чиглэлээр үндэсний боловсон хүчний чадавхийг сайжруулах.
Хөтөлбөрийн зорилтуудыг дараахь арга хэмжээгээр хэрэгжүүлнэ:
16. Нэгдүгээр зорилтын хүрээнд:
а/хот, суурин газрын хүн амыг эрүүл ахуй, ариун цэврийн аюулгүй байдалд бэлтгэгдсэн мах, махан бүтээгдэхүүнээр хангах;
б/махны үйлдвэрлэлд шинэ технологи нэвтрүүлж бүтээгдэхүүний хадгалалтын хугацааг уртасгах, хямд төсөр олон нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулалтын зохистой сүлжээг бий болгох;
в/махны үйлдвэрлэлийг өргөжүүлэхэд чиглэсэн "Махны экспорт" төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;
г/"Цагаан хувьсгал" үндэсний хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа арга хэмжээг дүгнэж эрчимжүүлэх;
д/төв, суурин газрын хүн амын сүү, цагаан идээний өдөр тутмын хангамж, ялангуяа нялхас, бага насны хүүхдийн сүүн тэжээлийн үйлдвэрлэлийг аюулгүй цэвэр түүхий эдээр хангах цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
е/сүү, сүүн бүтээгдэхүүний тээвэрлэлт, хадгалалт, борлуулалтын зохистой сүлжээг бий болгох;
ж/"Ногоон хувьсгал" хөтөлбөрийн дагуу төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний тариалалтыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг эрчимжүүлэх;
з/төмс, хүнсний ногооны хүн амын физиологийн хэрэгцээний хангалтын түвшинг дээшлүүлэх, улмаар бүрэн хангахтай холбогдсон арга хэмжээг дэмжин дэлгэрүүлэх;
и/өрх гэр, аж ахуйн нэгж, улсын нөөцийн үр тариа, төмс, хүнсний ногооны үрийн хэрэгцээг хангах, төрөлжсөн үрийн аж ахуйнуудыг хөгжүүлж, зээл, хөрөнгө оруулалтаар дэмжих;
к/төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийг тарих, хадгалах, боловсруулах үйл ажиллагааг дэмжих, сургалт явуулах, зөв хэрэглээнд сургах.
17. Хоёрдугаар зорилтын хүрээнд:
а/улаан буудай, бусад үр тарианы дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх;
б/гурилын үйлдвэрүүдийн жигд ажиллагааг хангах, улаан буудайнаас бусад үр тариа боловсруулах технологи эзэмшихийг дэмжих;
в/талх, гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж тэдгээрийн дотоодын зах зээлд эзлэх хувийг өсгөж хот, хөдөөгийн хангамжийг жигд болгох.
18. Гуравдугаар зорилтын хүрээнд:
а/хүнсний бүтээгдэхүүнийг ариутгах, аюулгүй байдлыг хамгаалах, хаягдалгүй технологи, дэвшилтэт сав, баглаа боодлыг үйлдвэрлэлд нэвтрүүлэхийг дэмжих;
б/ургамлын тос, саахар, загас, өндөг зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дотоодод бий болгон хөгжүүлэхэд онцлон анхаарах, найдвартай импортлогчдыг дэмжих;
в/ундааны үйлдвэрлэлд байгалийн цэнгэг ус, жимс, ургамлын гаралтай ханд, бэлдмэлийг өргөн ашиглах;
г/баяжуулсан хүнсний үйлдвэрлэлийг урамшуулан дэмжих.
19. Дөрөвдүгээр зорилтын хүрээнд:
а/хүнсний хяналтын салбар хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах;
б/хүнсний аюулгүй байдлын хяналт болон эрсдэлийн шинжилгээний стандарт аргуудыг боловсруулах;
в/хүнсний аюулгүй байдлын асуудлаар хөрш зэргэлдээ болон бусад улс орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх;
г/хүнсний хууль эрх зүйн хорооны зөвлөмжийн дагуу үндэсний хууль эрх зүйн хороо (техникийн хороо)-ны үйл ажиллагааг идэвхжүүлэх.
20. Тавдугаар зорилтын хүрээнд:
а/лабораториудыг хөгжүүлэх төсөл боловсруулан хэрэгжүүлэх;
б/хүнсний аюулгүй байдлын хяналтын чиглэлээр үндэсний боловсон хүчин бэлтгэн мэргэшүүлэх.
21. Зургадугаар зорилтын хүрээнд:
а/хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний байгууллагад эрүүл мэндийн сургалт, сурталчилгаа явуулж зохистой хэрэглээний дадал заншилд иргэдийг сургах.
22. Долдугаар зорилтын хүрээнд:
а/хэрэглэгчдийг чанартай, хүрэлцээтэй усаар найдвартай хангахад чиглэгдсэн усны эх үүсвэрийн хайгуул, судалгааг хийж нөөцийг тогтоох;
б/хүн амын ундны усны эх үүсвэрт хамгаалалтын бүс тогтоож паспортжуулах;
в/усны нөөц нь ундны усны чанарын стандартын шаардлага хангаагүй сум, суурин газруудад ус зөөлрүүлэх, цэнгэгжүүлэх арга хэмжээ авах;
г/томоохон хотуудын ус хангамжийн эх үүсвэр-газрын доорхи усны горимын өөрчлөлт, бохирдлыг хянах хэмжилтийн сүлжээг тэдгээрийн ай савуудаар байгуулж эхлэх.
23. Наймдугаар зорилтын хүрээнд:
а/хоол, тэжээлийн үндэсний лавлагаа, норм хэмжээ, зөвлөмжүүдийг хянан шинэчлэх;
б/хүн амын эрүүл мэндийг дэмжих зохистой хооллох үндэсний зөвлөмж боловсруулж хэрэгжүүлэх;
в/цэцэрлэгийн насны болон өсвөр үеийн хүүхдийн хоол, тэжээлийн байдлыг сайжруулах стратеги боловсруулан хэрэгжүүлэх;
г/хүн ам, олон нийтийн хоол, тэжээлийн асуудлыг шийдвэрлэхэд нийгэм, сэтгэл зүйн таатай орчинг бүрдүүлэх, нийгмийн эрүүл мэндийн тусламжийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, тогтвортой санхүүжилтийн механизмыг бий болгох, стандарт шалгуур боловсруулж хэрэгжүүлэх.
24. Есдүгээр зорилтын хүрээнд:
а/эхчүүд, бага насны хүүхдийн хоол, тэжээл, амьдралын хэв маягийг дээшлүүлэх чиглэлээр Өрхийн амьжиргааны чадавхийг дэмжих хөтөлбөрийн газартай хамтарч ажиллах;
б/нялхас, 06-24 сартай бага насны хүүхдүүдийн хоол, тэжээлийн байдлыг сайжруулах, нэмэгдэл хоолны тэжээллэг чанар, асран хамгаалахуйн эерэг дадлыг дэмжих;
в/жирэмсэн болон хөхүүл эхчүүдийн хоол, тэжээлийн байдлыг сайжруулах;
г/бага (5 хүртэлх) насны хүүхдийн өсөлтийг дэмжих болон хянах тогтолцоог бүрдүүлэх;
д/бага насны хүүхэд, жирэмсэн болон хөхүүл эхчүүдийг төмөр дутлын цус багадалтаас урьдчилан сэргийлэх, хянах үйл ажиллагааг сайжруулах;
е/иод дутлын эмгэгтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хянан нэмэлт, өөрчлөлт оруулж, хэрэгжилтийг эрчимжүүлэх;
ж/бага насны хүүхэд, жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй эхчүүдийг Д аминдэмийн дутлаас урьдчилан сэргийлэх, хянах үйл ажиллагааг сайжруулах;
25. Аравдугаар зорилтын хүрээнд:
а/хүн ам, олон нийтийн зөв зохистой хооллолтын талаар мэдээлэл, сургалт сурталчилгаагаар хангах ажлыг эрчимжүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгж, иргэдийг оролцуулсан салбар хоорондын хамтын ажиллагааны сүлжээг бий болгох.
26. Арван нэгдүгээр зорилтын хүрээнд:
а/хүнсийг баяжуулах, ялангуяа гурил, гурилан бүтээгдэхүүнийг Д аминдэм болон төмрөөр, сүү, сүүн бүтээгдэхүүнийг С аминдэмээр баяжуулах орчин үеийн технологийг нэвтрүүлэх;
б/хүнсийг баяжуулах стандарт, технологийн орчинг бүрдүүлэх.
27. Арван хоёрдугаар зорилтын хүрээнд:
а/гамшиг, онцгой байдлын үеийн хүнсний хангамж, аюулгүй байдал, хоол, тэжээл, эрүүл мэндийн байдлыг хянах, мэдээлэх, зөвлөх, туслах.
28. Арван гуравдугаар зорилтын хүрээнд:
а/үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт шинжилгээ, үнэлгээ, мэдээллийн тогтолцоог бэхжүүлэх.
29. Арван дөрөвдүгээр зорилтын хүрээнд:
а/хүнсний хангамж, аюулгүй байдал, хоол судлалын чиглэлээр үндэсний боловсон хүчний мэргэжлийн чадавхийг сайжруулах;
б/хүнсний үйлдвэрлэл, эрүүл мэндийн салбарт ажиллагсдын хоол, тэжээлийн талаархи мэдлэг, хандлага, чадавхийг дээшлүүлэх.
А. Ойрын үр дүн (2001-2005 он)
30. Хүнсний хангамж
а/газар тариалангийн үйлдвэрлэл сэргэж, хүн амын хүнсний хэрэгцээний гурилын 50-60 хувь, төмс, хүнсний ногооны 60-70 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангадаг болно;
б/мах, сүүний бэлтгэл, тэдгээрээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хангамж үйлчилгээ сайжирч, үйлдвэрлэлийн аргаар боловсруулагдах хэмжээ 2000 онтой харьцуулбал 2-3 дахин нэмэгдэнэ;
в/баяжуулсан хүнсний бүтээгдэхүүний талаар төрийн бодлого чиглэл тогтож, баяжуулсан болон зориулалтын хүнсний үйлдвэрлэл хот, хөдөөд жигд хөгжинө;
г/хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, тээвэрлэлт, борлуулалт, импортын шатанд тавигдах чанар, эрүүл ахуйн хяналт, мэдээ мэдээллийн тогтолцоонд дэвшил гарна.
31. Хүнсний аюулгүй байдал
а/хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдлын хяналтын хууль эрх зүйн орчин, стандарт, дүрэм, заавар боловсронгуй болж, лабораторийн материаллаг баазыг бэхжүүлж, байцаагчдыг мэргэшүүлснээр хяналтыг олон улсын түвшинд хийх нөхцөл бүрдэнэ;
б/хүнсний аюулгүй байдлын хяналтын байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэл тодорхой болж, хяналтын ажил сайжирна;
в/хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад эгзэгтэй цэгийн хяналт нэвтрүүлнэ;
г/хүнсний бүтээгдэхүүнийг импортлох бодлого, чиглэлтэй болж, аюулыг тодорхойлж, аюулгүй байдалд үнэлгээ өгч, хяналт тавьдаг болно.
32. Хоол, тэжээл:
а/монгол хүний зохистой хооллох үндэсний зөвлөмж, хоол, тэжээлийн хэрэглээний лавлагаа, хэмжээ шинэчлэгдэнэ;
б/хоол тэжээлийн боловсрол олгох сургалтын хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж, зохистой хооллолтын талаар зөвлөлгөө өгөх газрууд бий болж үйл ажиллагаа нь тогтмолжино;
в/хоол, тэжээлийн мэдээллийн сан бүрдэнэ;
г/хоол судлалын үндэсний боловсон хүчний чадавхи дээшилнэ;
д/бага насны хүүхдийн өсөлтийг хянах үндэсний тогтолцоо бий болно;
е/хүн амын хоол, тэжээлийн байдлыг үнэлэх нэгдсэн тогтолцоо бүрдэнэ;
ж/хоол, тэжээлийн талаархи хүн амын мэдлэг дадал нэмэгдэнэ;
з/хоол, тэжээлийн байдлыг сайжруулах, хоол, тэжээлтэй холбоотой эмгэгээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төсөв нэмэгдэнэ.
Б. Алсын үр дүн (2006-2010 он)
33. Хүнсний хангамж:
а/хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хэрэглээний 80-аас доошгүй хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангана;
б/хүнсний бүтээгдэхүүний хангамж жигдэрч, баяжуулсан болон зориулалтын хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээ 2005 онтой харьцуулбал 2 дахин нэмэгдэнэ;
в/хүнсний үйлдвэрлэл, хангамж, хэрэглээ, аюулгүй байдал,хоол,тэжээлийн талаар төрийн захиргааны байгууллагуудын хооронд шуурхай мэдээлэл солилцох, улсын хэмжээний статистик мэдээ авах нэгдсэн сүлжээ бий болно.
34.Хүнсний аюулгүй байдал
а/халдварт болон халдварт бус өвчин хоол, хүнсээр дамжих явдал тогтвортой буурна;
б/хүнсний аюулгүй байдлын асуудлаар хүн амын мэдлэг, хандлага, дадал сайжирч, чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн сонгон авч хэрэглэх байдал сайжирна;
в/хүнсний аюулгүй байдлын хяналтын лабораторийн хүч чадал, материаллаг бааз сайжирч, аккредитатчиллын тогтолцоог нэвтрүүлнэ.
35. Хоол, тэжээл
а/эхчүүд, бага насны хүүхдийн хоол, тэжээлийн дутлын (уураг илчлэг дутлын өсөлт хоцролт, жингийн алдагдал, иод, төмөр дутал) эмгэгийн тархалт буурна;
б/хоол, тэжээлтэй холбоотой архаг өвчлөл (хоол боловсруулах, зүрх судасны эмгэг, хорт хавдар), нас баралт буурна.
Долоо. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдлага зохион байгуулалт
36. Хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах арга зам:
а/хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих үүрэг бүхий салбар хоорондын зохицуулах Үндэсний хороо ажиллана;
б/салбар хоорондын зохицуулах Үндэсний хороонд холбогдох төрийн захиргааны байгууллагуудын төлөөлөл оролцох бөгөөд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хүнс, хөдөө аж ахуйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд тэргүүлэх үүрэгтэй оролцоно.
37. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх тогтолцоо:
а/салбар хоорондын зохицуулах Үндэсний хороог Хүнс, хөдөө аж ахуйн сайд удирдаж, орон тооны нарийн бичгийн дарга Хүнс, хөдөө аж ахуйн яаманд ажиллуулна;
б/орон нутагт хөтөлбөрийн хэрэгжилтийг зохицуулах, гүйцэтгэлийг хангах үүрэг бүхий орон тооны бус салбар зөвлөл ажиллах бөгөөд түүнийг аймаг, нийслэлийн Засаг даргын орлогч удирдана.
38. Оролцогч дотоодын болон олон улсын хамтын ажиллагааны байгууллагууд:
Олон улсын байгууллага, төрийн бус байгууллага, салбарын холбоод, бусад оролцогч байгууллагуудаас бүрдсэн Зөвлөлдөх ажлын хэсгийг байгуулж, хөтөлбөрийн хэрэгжилтэд оролцуулж болно.
39. Хөтөлбөрийн хэрэгжилтэд тавих хяналт
Хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналтыг салбар хоорондын зохицуулах Үндэсний хороо, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Эрүүл мэндийн яам, орон нутгийн салбар зөвлөлүүд гүйцэтгэнэ.
Найм. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөрөнгийн эх үүсвэр, санхүүжилт
40. Зардлын тодорхой хувийг улсын төсөвт жил тутам тусгана.
Хөтөлбөрийн хүрээнд 2005 он хүртэлх хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийн нийлбэр дүнгээр түүний нийт санхүүжилтийг тооцно. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг тухайн жилийн төсөвт тусгах болон гадаадын санхүүжилтээр хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдтэй уялдуулна.
41. Нэгдсэн Үндэстний Байгууллага болон олон улсын байгууллага, хандивлагч орнуудын зээл, тусламж:
а/"Хүнсний хангамж, аюулгүй байдал, хоол, тэжээл" Үндэсний хөтөлбөр гарснаар хөтөлбөрийн зорилт, үйл ажиллагааны тодорхой хэсгийн хэрэгжилтэд НҮБ-ын төрөлжсөн байгууллага, бусад олон улсын байгууллага, хандивлагч орнуудаас дэмжлэг, туслалцаа авна;
б/Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд санхүүгийн дэмжлэг авах зорилгоор хандивлагч орнуудын уулзалтыг тусгайлан зохион байгуулах талаар ажиллана.
42. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын хандив, тусламж
Салбар хоорондын зохицуулах Үндэсний хороо, орон нутгийн салбар зөвлөлүүд, Зөвлөлдөх ажлын хэсэг гадаад болон дотоодын байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс санхүүжилтийн эх үүсвэр олох, хандив, тусламж авах үйл ажиллагааг явуулна.
43. Төрийн бус байгууллагын хандив, тусламж
Хөтөлбөрийн зарим зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд төрийн бус байгууллага өөрийн туршлага, арга барилд нийцүүлэн оролцох, тодорхой үүрэг хүлээх, хандив, тусламж үзүүлэхийг хөхиүлэн дэмжинэ.
Ес. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үе шат
44. Үе шат:
Нэгдүгээр үе шат: 2001-2005 онд дотоодын хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдал, хоол, тэжээлийн байдлыг сайжруулахад чиглэсэн эрх зүйн орчныг бүрдүүлж, тодорхой зорилтуудыг хэрэгжүүлэх.
Хоёрдугаар үе шат: 2006-2010 онд Монгол Улсад хүнсний хангамжийг нэмэгдүүлж, аюулгүй байдлыг ханган, хоол, тэжээлийг төгөлдөржүүлэх замаар хүн амын эрүүл мэндийг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлснээр хөтөлбөрийн хэтийн зорилгод хүрэх.
Арав. Хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ,үнэлгээ
45.Хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээг аймаг, нийслэл, улсын хэмжээгээр тодорхойлох.
Хөтөлбөрийн хяналт-шинжилгээ, үнэлгээг дараахь байдлаар гүйцэтгэнэ:
а/аймаг, нийслэлийн статистикийн тогтмол мэдээлэл, судалгаанд тулгуурлаж, улсын хэмжээнд харьцуулалт хийх замаар;
б/эрдэм шинжилгээний байгууллагуудын судалгаа, тайлан, зөвлөмжүүдээс;
в/олон улсын байгууллага, төрийн бус байгууллагын мэдээ, дүгнэлт, зөвлөмжөөс;
г/яам, газруудын тайлан, мэдээлэл, судалгаа, хяналт- шинжилгээ, үнэлгээний тайлангаар.
46. Хөтөлбөрийн шалгуур үзүүлэлтийг зорилт тус бүрээр тодорхойлох:
а/статистикийн тогтмол мэдээлэл, судалгаа, тайлан, зөвлөмжийн зэрэгцээ хөтөлбөрийн зорилт бүрээр шалгуур үзүүлэлтийг тодорхойлж, үр дүнг тооцно;
б/хөтөлбөрийн үр дүн нь зорилт тус бүрийн хүрээнд хэрэгжих тусгай хөтөлбөр, төслийн хэрэгжилтийн шалгуур үзүүлэлтээр тодорхойлогдоно;
в/хүн амын хоол, тэжээлийн бодит байдал, түүний бүтэц, найрлага, хүнсний зохистой хэрэглээний өсөлт, хоол, тэжээлтэй холбоотой өвчлөлийн бууралтаар тодорхойлогдоно.
----оОо----
Текст томруулах
A
A
A