- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНД ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Засгийн газрын 2001 оны 288 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт
НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНД ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНД ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Нөхөн үржихүйн эрүүл мэнд /цаашид НҮЭМ гэнэ/ нь хүний үржихүйн эрхтэн тогтолцоо эрүүл байх төдийгүй хүн бие бялдар, оюун санаа, нийгмийн талаар бүрэн төгс байх тухай цогц ойлголт юм. 1994 оны Кайрын "Хүн ам ба хөгжил" олон улсын Бага хурлаас баталсан үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг Монгол Улс сайшаан дэмжиж 1997-2001 онд НҮЭМ Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлсэн нь зөвхөн гэр бүл төлөвлөлтөөр хязгаарлагдаж байсан асуудлыг хүний нөхөн үржихүйн эрхийг хүндэтгэсэн, чөлөөт сонголтыг дэмжсэн НҮЭМ-ийн бодлогын хүрээнд цогцолбороор авч үзэх шинэ хандлагыг төлөвшүүлэх эхлэл болсон юм.
Өнгөрсөн хугацаанд манай орны эдийн засаг, нийгмийн болон хүн амын НҮЭМ-ийн байдалд гарсан өөрчлөлт, тулгамдсан асуудлууд нь Үндэсний хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах хэрэгцээ, шаардлагыг бий болгож байна.
Нэг.Нөхөн үржихүйн эрүүл мэндийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд
1.1. Нөхөн үржихүйн эрүүл мэндийн өнөөгийн байдал
"Нөхөн үржихүйн эрүүл мэнд" хөтөлбөр хэрэгжсэн хугацаанд 210000 эх амаржиж, эхчүүд амрах 299 байрыг сэргээн ажиллуулж, НҮЭМ-ийн иж бүрдэл үйлчилгээтэй загвар эмнэлэг Нийслэл болон Налайх дүүрэг, Сэлэнгэ, Төв, Өмнөговь аймгуудад байгуулагдсан байна.
Ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт НҮЭМ-ийн хичээл шинээр орох болж, уг хичээлийг заах багш нар бэлтгэгдлээ.
Хөтөлбөрийг дэмжсэн олон улсын байгууллагуудын болон аймаг, орон нутгийн дэд хөтөлбөр, төслүүд хэрэгжиж, түүнд оролцогчдын хүрээ тэлж байна.
НҮБ-ын Хүн амын сангийн тусламжаар эмэгтэйчүүдийн үрэвсэлт болон бэлгийн замын халдварт өвчин (цаашид БЗХӨ гэнэ)-ийг эмчлэх нэн шаардлагатай эм, жирэмслэхээс хамгаалах эм, хэрэгслээр улс даяар тасралтгүй хангагдаж, амаржих газар, аймаг, сумын эмнэлгүүдэд эх барихын тусламж, үйлчилгээний шаардлагатай багаж, тоног төхөөрөмж олгогдлоо.
Хүн амд зориулсан мэдээлэл, сургалт, сурталчилгааны материалууд, "НҮЭМ", "Үерхэл" улирал тутмын сонин хэвлэгдэж, НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр "Эсэн мэнд амаржихуй" радио, телевизийн цуврал хичээл, нэвтрүүлэг хийгдэж байна.
НҮЭМ-ийн асуудлаархи мэдээллийг дээд болон дунд түвшний шийдвэр гаргагчдад хүргэж, тэдний дэмжлэгийг буй болгоход чиглэсэн үндэсний болон орон нутгийн хэмжээний бага хурал, сургалт зохиогдлоо.
НҮБ-ын Хүн амын сан, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан болон бусад хандивлагчдын дэмжлэгтэйгээр НҮЭМ-ийн анхан шатны болон нарийн мэргэжлийн тусламж үзүүлэгч баг, сум, өрхийн болон эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын 90 орчим хувийг сургалтад хамруулах арга хэмжээ авлаа.
НҮЭМ-ийн өнөөгийн байдлыг үнэлэх, дүгнэх, тодорхойлох гол хэрэглэхүүн болж байгаа 4 чиглэлийн судалгаа хийгдлээ.
Эдгээрээс үзэхэд манай улсын нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн 99 хувь нь гэр бүл төлөвлөлтийн талаар ойлголт, мэдээлэлтэй болж, 50 хувь нь жирэмслэлтээ зохицуулах ямар нэг аргыг хэрэглэж байна.[1]
Гэвч хөтөлбөрт дэвшүүлсэн НҮЭМ-ийн байдлын үндсэн үзүүлэлтүүд биелэгдээгүйн дотор БЗХӨ-ний тархалт, эхийн эндэгдэл тууштай буурсангүй. Хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдан зохицуулах салбарын дотоодын болон салбар хоорондын,төв,орон нутгийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, санхүүгийн найдвартай эх үүсвэр бий болгох, шаардлагатай мэдээлэл цуглуулах, хянах, үнэлэх, дүгнэх тогтолцоо бүрдүүлэх талаар дорвитой өөрчлөлт гарсангүй.
1.2. Нөхөн үржихүйн эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд
1.2.1. Эхийн эндэгдэл тууштай буурахгүй байна.
Эхийн эндэгдэл сүүлийн 3 жилд 100 000 амьд төрөлтөд дунджаар 163 байгаа нь хүрэхээр зорьсон түвшнээс өндөр байна. Жирэмслэж, төрж байгаа эхчүүдийн 29 хувийг малчид эзэлж байхад эндсэн эхчүүдийн 49.3 хувь нь малчид, 43.3 хувь нь багт, 36.9 хувь нь сумын төвд амьдардаг[2] эхчүүд байна. Сүүлийн 3 жилд нас барсан эхчүүдийн 40.5 хувь нь сум, багийн эмнэлэгт энджээ. Энэ нь сум, багийн түвшинд эсэн мэнд амаржихуйн тусламжийн чанар, хүртээмж нэн хангалтгүй байгааг харуулж байна.
Мөн жирэмсэн эмэгтэйчүүдийн 40 хувь нь архаг цус багадалттай, 33.1 хувь нь эрхтэн тогтолцооны суурь эмгэгтэй[3] байна.
1.2.2. Үр хөндөлтийн тоо өндөр байна.
1000 амьд төрөлтөд 230 үр хөндөлт ногдож байна.[4] Хувийн хэвшлийн эмнэлгүүдэд хийгдэж байгаа үр хөндөлтийн тоог бүрэн мэдээлэх, эрүүл мэндийн үндэсний дүн бүртгэлд тусгах асуудал төгс шийдэгдээгүй байна.
Архидалт, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг нийгмийн сөрөг үзэгдлүүд нь хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлтийн өсөлтөд шууд нөлөөлж байна. Үр хөндүүлсэн эмэгтэйчүүд хотод хөдөөгийнхөөс 2.3 дахин илүү байна.
1.2.3. НҮЭМ-ийн байдал бүс нутаг, хүн амын амьжиргааны түвшин, нийгмийн бүлгүүдээс хамаарч ялгаатай байна.
Дэд бүтцийн тэгш биш хөгжил нь алслагдсан нутгийн хүн амд НҮЭМ-ийн мэдээлэл,зөвлөлгөө,үйлчилгээ хүргэхэд бэрхшээл учруулсан хэвээр байна. Хотын захын хорооллын эмзэг бүлгийн хүн ам, түүний дотор төвд шилжин суурьшигчдын нэлээд хэсэг НҮЭМ-ийн үйлчилгээг бүрэн авч чадахгүй байна.
Баруун бүс нутагт төрөлт, эхийн болон ураг, нярайн эндэгдэл өндөр, жирэмслэхээс хамгаалах хэрэгслийн хэрэглээ, жирэмсний эрт хяналтын болон мэргэжлийн эмчийн тусламж авч байгаа хувь доогуур, төрөлт хоорондын зай богино байна.
Хүн амын 36 хувь нь ядуу, нэн ядуу амьдарч байгаагаас хүүхэд төрүүлсний тэтгэмж авахын тулд амьжиргааны түвшин доогуур болон ахимаг настай зэрэг өндөр эрсдэлтэй эмэгтэйчүүд жирэмслэж, төрөх нь нэмэгдсэнээр эх, нялхсын эндэгдэлд эмзэг бүлгийнхэн илүүтэй өртөж байна.
1.2.4.Охидын жирэмслэлт нэмэгдсээр байна.
Өсвөр үеийнхний төрөлт сүүлийн 10 жилд өссөн байна. 1998 оны байдлаар 15-19 насны охидын 9 орчим хувь нь хүүхэд төрүүлжээ. Өсвөр насандаа хүүхэд төрүүлсэн эхчүүдийн эзлэх хувь хөдөөд хотынхоос хоёр дахин их байгаа ба өмнөд бүс нутагт хамгийн өндөр буюу 26 хувь байна.[5]
Эрүүл мэндийн яамны тайлан мэдээгээр жил тутам БЗХӨ-өөр өвчлөгсдийн 48-52 хувь нь 25 хүртэлх насны хүүхэд, залуучууд байна.
Өсвөр үеийнхний нас бие, сэтгэхүйн онцлогт тохирсон НҮЭМ-ийн үйлчилгээ үзүүлдэг цөөн тооны байгууллага ажиллаж байгаа нь өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байна.
1.2.5. НҮЭМ-ийн асуудалд эрэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, жендерийн тэгш байдлыг хангах нь тулгамдсан асуудал хэвээр байна.
НҮЭМ-ийн үйл ажиллагаанд эрэгтэйчүүдийн оролцоо хангалтгүй байгаа нь тэдний боловсролын болон НҮЭМ-ийн талаархи ойлголт, мэдлэгийн түвшнээс шалтгаалж байгаа бөгөөд энэ талын зарим сөрөг хэвшмэл ойлголтыг арилгахад чиглэсэн үйл ажиллагаа явуулахад байнгын бэрхшээл тохиолдож байна.
Жендерийн тэгш байдлыг хангах, үр хөндөлт, гэр бүл төлөвлөлт, гэр бүлд үзүүлэх нийгмийн халамж, хамгааллын асуудлаар нийгмийн болон улс төрийн зөвшилд хүрч чадаагүй байгаа нь НҮЭМ-ийн эрх зүйн орчинг боловсронгуй болгоход зохих саад учруулж,НҮЭМ-ийн хөтөлбөр,төслүүдийн хэрэгжилтэд сөргөөр нөлөөлж байна.
1.2.6. БЗХӨ нэмэгдсээр байна
Сүүлийн жилүүдэд БЗХӨ эрс нэмэгдэх хандлагатай боллоо. Эрүүл мэндийн дүн бүртгэлээс үзэхэд 1998 онд тэмбүү, заг хүйтэн, трихомониаз өвчнүүд нийт халдварт өвчний 35.9 хувийг эзэлж байсан бол энэ үзүүлэлт 2000 онд 42.2 хувь болж нэмэгджээ. 1997 онд төрөлхийн тэмбүүгийн тохиолдол 9 бүртгэгдэж байсан бол 1998 онд 24, 2000 онд 43 болж өссөн байна.
БЗХӨ-ний тархалт нэмэгдэж байгаа нь хүний дархлал хомсдлын вирус /цаашид ХДХВ гэнэ/-ийн халдвар, дархлалын олдмол хомсдол /цаашид ДОХ гэнэ/ өвчин ихсэх нөхцөлийг бүрдүүлж байна. 2001 оны байдлаар ХДХВ-ийн халдвар авсан 3 хүн бүртгэгдсэнээс 2 нь ДОХ-оор өвчилж, нас барсан байна.
Хүн амын шаардлагатай хэсэг ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ, тандалтад бүрэн хамрагдаагүй байгаа нь халдвар авсан иргэдийг илрүүлэхэд бэрхшээл учруулж байна.
Сумын эмнэлгийн түвшинд БЗХӨ-ийг найдвартай оношлох, эмчлэх нөхцөл бүрдээгүй байна. Хоёр: Хөтөлбөр боловсруулах шаардлага, үндэслэл
-Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт эх, нялхсын эндэгдлийг бууруулахаар дэвшүүлсэн зорилтыг хангах таатай орчинг бүрдүүлэхийн тулд;
-1999 оны НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хорин нэгдүгээр тусгай чуулганаар баталсан "Хүн ам ба хөгжил" олон улсын Бага хурлын "Үйл ажиллагааны хөтөлбөрийн дараагийн шатны үндсэн арга хэмжээнүүд" баримт бичигт тодорхойлогдож, орон бүрийн Засгийн газруудад зөвлөмж болгосон жендерийн мэдрэмжтэй, нөхөн үржихүйн эрхийг дээдэлсэн бодлого явуулах, шийдвэр гаргагчдын идэвхитэй дэмжлэгийг буй болгох, эрэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг шинэ үзэл санаагаар одоогийн хөтөлбөрийг баяжуулах шаардлагыг үндэслэн;
-эхийн эндэгдэл,БЗХӨ, үр хөндөлт, охидын жирэмслэлтийн байдалд олон улсын байгууллагуудын санхүүгийн дэмжлэгтэйгээр хийсэн судалгаануудын дүгнэлт, үр дүнг хөтөлбөрт тусган боловсронгуй болгох хэрэгцээг харгалзан;
-хүн амын нөхөн үржихүйн эрүүл мэндийн байдал ба тэдний энэ талаархи мэдлэг, зан үйлийн харилцан хамаарлыг үндэс болгон байнгын сургалт, сурталчилгаа, мэдээллийг хүн амын эрэлт хэрэгцээ, сонирхолд нийцүүлэн түгээх асуудалд түлхүү анхааран;
-1997-2001 онд хэрэгжүүлсэн өмнөх хөтөлбөрийн туршлага, сургамжид тулгуурлан;
- НҮЭМ-ийн Үндэсний гуравдугаар бага хурлаас сайшаасан үндэсний зөвшлийн үзэл санааг хэрэгжүүлэх зорилгоор НҮЭМ-ийн Үндэсний хөтөлбөрийг шинэчлэн боловсруулав.
Гурав. Хөтөлбөрийн зорилго, зорилт, хугацаа
3.1. ЗОРИЛГО:
Монгол улсын хүн амын нөхөн үржихүйн эрүүл мэндийн байдлыг сайжруулснаар хүн амын тогтвортой өсөлт, эрүүл мэндийг дэмжих нь энэхүү хөтөлбөрийн зорилго болно.
3.2. ЗОРИЛТ:
3.2.1. НҮЭМ-ийн үйлчилгээ, түүний дотор эсэн мэнд амаржихуйн үйлчилгээ хүртээмжтэй, чанартай, үйлчлүүлэгчийг дээдэлсэн, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, өсвөр үеийнхний эрэлт хэрэгцээнд нийцсэн байх;
3.2.2. Гэр бүл, хувь хүмүүсийг хүсээгүй жирэмслэлт, БЗХӨ, ХДХВ-ийн халдвар, ДОХ-оос урьдчилан сэргийлэх мэдлэг, зан үйлийн төлөвшилтэй болгох;
3.2.3. Өсвөр үеийнхнийг НҮЭМ-ийн мэдлэгтэй, бэлгийн аюулгүй зан төлөвийг эзэмшсэн, нөхөн үржихүйн асуудлаар хариуцлагатай зөв шийдвэр гаргах, сонголт хийх чадвартай болгох;
3.2.4. НҮЭМ-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч, оролцогч байгууллагуудын ажлын уялдаа холбоог нягт хангах замаар хөтөлбөрийн удирдлага, зохицуулалтын нэгдсэн тогтолцоог бэхжүүлж, үндэсний чадавхийг нэмэгдүүлэх;
3.2.5. Бүх шатны шийдвэр гаргагчид, улс төрийн удирдагчид, бодлого боловсруулагчид, хэвлэл мэдээллийн болон төрийн бус байгууллагын удирдах ажилтнуудын дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилго бүхий хүний нөхөн үржихүйн эрх, жендерийн тэгш байдал, эрэгтэйчүүдийн оролцооны талаархи мэдээлэл, ухуулга, сургалт, сурталчилгаанд тэднийг өргөнөөр хамруулснаар НҮЭМ-ийн байдал тогтвортой дээшлэх эрх зүй, эдийн засаг, нийгмийн таатай орчин бүрдүүлэх.
3.3. Хөтөлбөр хэрэгжих хугацаа:
НҮЭМ-ийн Үндэсний хөтөлбөр 2002-2006 онуудад хэрэгжинэ.
Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээ
Хөтөлбөрийн зорилтуудын хүрээнд дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
Нэгдүгээр зорилтын хүрээнд:
4.1.1. НҮЭМ-ийн Үндэсний хөтөлбөрийн эсэн мэнд амаржихуйн асуудлын хүрээнд эхийн эндэгдлийг бууруулах стратегийг тодорхойлж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
4.1.2. Эх барихын нэн шаардлагатай болон яаралтай тусламжийн удирдамж, НҮЭМ-ийн тусламжийн жишгийг эмнэлгийн тусламжийн шатлал бүрт жигд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
4.1.3. Үйлчлүүлэгчдийг дээдэлсэн,хүртээмжтэй, чанартай НҮЭМ-ийн зөвлөлгөө өгөх, тусламж үзүүлэх мэдлэг чадвар эзэмшсэн эмч, мэргэжилтнээр хангах бодлогын хүрээнд эх барих, эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн тусламжийн мэргэшсэн эмч нарыг бэлтгэх сургалтын төвийг Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд, НҮЭМ-ийн анхан шатны зөвлөлгөө, тусламж үзүүлэх өрхийн болон сумын эмч, багийн бага эмч, эх баригч нарыг сургаж, дадлагажуулах чадавхи бүхий сургалтын төвийг аймгийн төвүүдэд тус тус байгуулах;
4.1.4. Эрэгтэйчүүд,хөвгүүд, цэвэршилтийн насны хүмүүст НҮЭМ-ийн үйлчилгээ, зөвлөлгөө, тусламж үзүүлдэг эмч, мэргэжилтэнг сургаж бэлтгэх;
4.1.5. Орон нутгийн захиалгаар эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарыг бэлтгэх, мэргэшлийг дээшлүүлэх арга хэмжээ авах;
4.1.6. Сум, аймгийн төв, Улаанбаатар хотын зарим дүүргүүд, төрөлжсөн амаржих газар, Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн дэргэдэх Эхчүүд амрах байрыг эх, нялхаст ээлтэй, мэдээлэл, тусламж, үйлчилгээний болон эсэн мэнд амаржихуйн төв байхуйцаар тохижуулж, амаржих газраас алс амьдардаг малчид, нарийн мэргэжлийн тусламж авахаар ирсэн эхчүүдийг бүрэн хамруулж үйлчлэх;
4.1.7. Аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд НҮЭМ, эсэн мэнд амаржихуй, гэр бүл төлөвлөлт, БЗХӨ, өсвөр үе, эрэгтэйчүүдийн болон ахмадын асуудлаар зөвлөлгөө авах, шаардлагатай шинжилгээ хийлгэх боломж бүхий бүх насныханд нээлттэй нэг цэгийн үйлчилгээ нэвтрүүлэх нөхцөл бүрдүүлэх;
4.1.8. Эсэн мэнд амаржихуйн зөвлөлгөө, тусламж болон эх, нярайн бүрдмэл тусламж үзүүлдэг эмнэлэг, зөвлөлгөө өгөх газар, кабинетуудыг шаардлагатай багаж, тоног төхөөрөмж, эмээр тасралтгүй хангах арга хэмжээ авах;
4.1.9. Эх барих, эмэгтэйчүүдийн эмч, мэргэжилтний ур чадвар, ажлын ачаалал, үр дүнд тохирсон хөдөлмөрийн үнэлгээ бий болгох асуудлыг холбогдох байгууллагууд судалж шийдвэрлэх;
4.1.10. НҮЭМ-ийн Үндэсний хөтөлбөрийн санхүүжилтийг боловсронгуй болгох, жирэмслэлт, төрөлт, төрсний дараахь үед эх, нярайд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээнд шаардагдах хөрөнгийг нийслэл, аймаг, дүүрэг, сумын төсөвт тусгайлан тусгаж, хөрөнгийн найдвартай эх үүсвэрээр хангах арга хэмжээ авах;
4.1.11. Үр хөндөлт, үргүйдлийн шалтгааныг судлан тодруулж, бууруулах арга хэмжээ авах;
4.1.12. Үр хөндөх ажилбарыг холбогдох зөвшөөрөл бүхий эмнэлэгт, халдваргүй орчинд, орчин үеийн аргаар, мэдээ алдуулалттайгаар хийх, тохиолдол бүрийг мэдээлэх, үр хөндөлтийн дараахь зөвлөлгөөгөөр заавал хангах асуудлаар тусгай журам гаргаж мөрдүүлэх;
4.1.13. БЗХӨ-ийг лабораторийн аргаар болон хам шинжээр эрт илрүүлэх ажлыг өргөжүүлэх, нэр хаяггүй эмчилгээг чөлөөтэй болгох арга хэмжээ авах;
4.1.14. Жирэмслэлтээс хамгаалах орчин үеийн эм, хэрэгслийг үйлчлүүлэгчдийн хэрэгцээнд үндэслэсэн захиалгын дагуу баг, сум, өрхийн эмнэлгээр төлбөргүйгээр хангах, нийтийн зах зээлд өргөнөөр нийлүүлж түгээх арга хэмжээ авах;
4.1.15. Алслагдсан нутгийн хүн ам, ялангуяа малчид, залуучууд, сургууль завсардсан өсвөр үеийнхэн, шилжиж ирэгсэд, ядуу болон орон гэргүй хүмүүс, хотын захын хорооллын оршин суугчдад НҮЭМ-ийн мэдээлэл түгээх, зөвлөлгөө өгөх, үйлчилгээ үзүүлэх ажлыг сонирхогч төрийн бус байгууллагуудаар гэрээгээр гүйцэтгүүлэх;
4.1.16. Орон нутгийн захиргааны байгууллагаас дэвсгэр нутагтаа байнга болон түр оршин суугч иргэдийн бүртгэл, хөдөлгөөний хөтлөлтийг сайжруулах, эмнэлгийн яаралтай тусламж саадгүй авах нөхцөл бий болгох зорилгоор гэр хорооллын гудамж, хашааг тодорхой хаягтай болгон жигдрүүлэх арга хэмжээ авах;
4.1.17. Отор нүүдэл хийж яваа болон байгалийн гамшигт нэрвэгдсэн хүн ам, түүний дотор жирэмсэн эмэгтэй, хөхүүл эх, бага насны хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг зохион байгуулах талаар журам гаргаж мөрдүүлэх;
4.1.18. Халамжийн эмнэлгээр үйлчлүүлэгчид болон асрамжийн газар, орон гэрээсээ дайжсан хүүхдүүдийг түр саатуулах цэг, асрах байранд оршин суугчдад үзүүлэх НҮЭМ-ийн төлбөргүй үйлчилгээний тухай журам гаргаж хэрэгжүүлэх.
4.2. Хоёрдугаар зорилтын хүрээнд:
4.2.1. Хүн амын НҮЭМ-ийн боловсролын байдал, зан үйлийн төлөвшилтийн байдалд НҮБ-ын Хүн амын сан болон бусад хандивлагчдын туслалцаатайгаар хийсэн судалгаанд үндэслэсэн мэдээлэл, сургалт, сурталчилгаа зохион байгуулах стратеги боловсруулж хэрэгжүүлэх;
4.2.2. Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төвийг хүн амын дунд НҮЭМ-ийн мэдээлэл,сургалт,сурталчилгаа явуулах чадавхи бүхий тэргүүлэх байгууллага болгон өргөжүүлэн хөгжүүлэх;
4.2.3. НҮЭМ-ийн мэдээлэл, сурталчилгааны санг Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төвийг түшиглэн зохион байгуулах, энэ асуудлаар салбар хоорондын үйл ажиллагааг зохицуулах зөвлөл ажиллуулах;
4.2.4. Хүн амд НҮЭМ-ийн хэрэглээний мэдлэг олгох, эерэг зан үйл төлөвшүүлэх стратегийн бодлогод нийцүүлэн мэдээлэл, сургалт, сурталчилгааны материалын сонголтыг сайжруулах, зорилтот бүлгийн эрэлт хэрэгцээнд тохируулан үзэмжтэй, хүрэлцээтэй хэвлэж тараах, радио, телевизийн байнгын нэвтрүүлэг,тогтмол сонинтой болох арга хэмжээ авах;
4.2.5. Нийтлэлийн бодлого нь НҮЭМ-ийн асуудалд чиглэсэн хэвлэл мэдээллийн байгууллагуудын сүлжээ бий болгох, НҮЭМ-ийн асуудлаар мэргэшсэн сэтгүүлчдийг бэлтгэх талаар олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах.
4.3. Гуравдугаар зорилтын хүрээнд:
4.3.1. Өсвөр үеийнхэнд НҮЭМ-ийн боловсрол олгох, бэлгийн хүмүүжил төлөвшүүлэх ажлын сурган хүмүүжүүлэх арга зүйг судлан боловсруулж хэрэгжүүлэх;
4.3.2. Боловсролын байгууллагын удирдах бүрэлдэхүүний болон ерөнхий боловсролын сургуулийн захирлуудын өсвөр үеийнхний НҮЭМ-ийн асуудлаархи мэдлэгийг дээшлүүлэх, тэдний дэмжлэгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авах;
4.3.3. Албан бус сургалтын хөтөлбөрт НҮЭМ-ийн асуудлыг тусгаж хэрэгжүүлэх;
4.3.4. Багш,эмч бэлтгэдэг их,дээд, сургууль, коллежийн сургалтын хөтөлбөрт НҮЭМ-ийн асуудлыг тусгаж, сургалтыг зохион байгуулах;
4.3.5. НҮЭМ-ийн үе тэнгийн сургагч бэлтгэх сургалтыг ЕБС-иудад зохион байгуулах;
4.3.6. Бүх шатны сургуулиудад эрэгтэй суралцагсдын тоо нэмэгдүүлэх, тэдний мэдлэг, боловсролын түвшинг ахиулахад чиглэсэн бодлого боловсруулж хэрэгжүүлэх;
4.3.7. Аймгийн төв болон нийслэлийн дүүргүүдэд хөвгүүд, охидод НҮЭМ-ийн зөвлөлгөө өгөх, үйлчилгээ үзүүлэх цэг байгуулах, итгэлтэй утас ажиллуулах талаар хувийн хэвшлийн байгууллагуудын санаачилгыг өрнүүлэх, төрөөс дэмжлэг үзүүлэх.
4.4. Дөрөвдүгээр зорилтын хүрээнд:
4.4.1. НҮЭМ-ийн асуудлаар үндэсний түвшинд судалгаа, сургалт, хангамж, үйлчилгээ үзүүлэх тэргүүлэх байгууллагаар Эрүүл мэндийн яамны харьяа Эх, нялхсын эрдэм шинжилгээний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Анагаах ухааны их сургууль, Монголэмимпэкс концернийг сонгон авч, чадавхийг нь дээшлүүлэх;
4.4.2. Тэргүүлэх байгууллагуудад НҮЭМ үндэсний хөтөлбөрийн арга хэмжээнүүд болон НҮБ-ын Хүн амын сангийн НҮЭМ-ийн дэд хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа төслүүдийг хариуцуулан гүйцэтгүүлэх, үндэсний мэргэжилтэнг сургаж дадлагажуулах, шаардлагатай техник хэрэгслээр хангах арга хэмжээ авах;
4.4.3. НҮЭМ-ийн Үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхэд сонирхогч бүх талуудын оролцоог хангах, ялангуяа төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг бүх талаар дэмжиж, хөтөлбөрийн хэрэгжилтэд тавих хяналт, үнэлгээний бүх түвшинд тэднийг оролцуулах;
4.4.4. Аймаг,сум, дүүргийн хэмжээнд НҮЭМ-ийн чиглэлээр сургалтад хамрагдагсдаас бүрдсэн баг байгуулж, тэднийг аймаг, сум, дүүргийн НҮЭМ-ийн хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг дэмжих, олон нийтийн хяналтыг буй болгох чиглэлээр ажиллуулах;
4.4.5. Аймаг, нийслэл, сум, дүүргийн НҮЭМ-ийн дэд хөтөлбөрийг ИТХ-ын чуулганаар баталж, шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөвт тусгай заалт болгон тусгаж, гүйцэтгэлийг нь тухайн шатны Засаг дарга, түүний Тамгын газар хариуцан, хэрэгжилтийг жил тутам зөвлөлийн хурлаар хэлэлцэж шаардлагатай арга хэмжээ авч байх;
4.4.6. НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд болон бусад хандивлагчдаас НҮЭМ-ийн чиглэлээр хангаж байгаа эм, хэрэгслийн хангалтыг цаашид Монгол Улс өөрөө хариуцахад бэлтгэх арга хэмжээ авах;
4.4.7. Эрүүл мэндийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Санхүү, эдийн засгийн яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад хэргийн яам зэрэг төрийн захиргааны төв байгууллагуудаас НҮЭМ-ийн бодлогыг тодорхойлох, төлөвлөх, хэрэгжилтэд нь хяналт, үнэлгээ хийх чиглэлээр ажилтнуудыг сургаж бэлтгэх, шаардлагатай техникийн нөхцөл хангах арга хэмжээг НҮБ-ын Хүн амын сан ба бусад хандивлагчдын туслалцаатайгаар авч хэрэгжүүлэх;
4.4.8. НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд болон Олон улсын байгууллага, хандивлагчтай НҮЭМ-ийн үндэсний бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хамтран ажиллах, гэрээ хэлэлцээр байгуулах үйл ажиллагааг бүх талаар дэмжиж, түүний явц, үр дүнг хамтрагч талуудад тогтмол мэдээлж, тайлагнаж байх.
4.5. Тавдугаар зорилтын хүрээнд:
4.5.1. Монгол Улсын хүн амын ба хөгжлийн бодлогод НҮЭМ-ийн талаар баримтлах чиглэлийг тодотгон тусгаж, түүний эрх зүй, эдийн засаг, нийгмийн орчинг боловсронгуй болгох, энэ зорилгоор ойрын жилүүдэд эрх зүйн хүрээнд шийдвэрлэвэл зохих асуудлаар ухуулга, сурталчилгаа явуулах стратеги боловсруулж хэрэгжүүлэх;
4.5.2. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүний нөхөн үржихүйн эрхийг дээдлэх, жендерийн тэгш байдлыг хүндэтгэх зарчмыг мөрдлөг болгох,ХДХВ-ийн халдвар авсан болон ДОХ-оор өвчилсөн хүмүүсийг ялгаварлан гадуурхахгүй байх зэрэг шинээр гарч ирж буй асуудлаар шаардлагатай эрх зүйн зохицуулалт хийх;
4.5.3. Эмэгтэйчүүдийн үрэвсэлт болон БЗХӨ-ийг эмчлэхтэй холбогдсон зарим зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргаж байх асуудлуудыг шийдвэрлэх эрх зүйн орчин бүрдүүлэх;
4.5.4. Нөхөн үржихүйн эрх, жендер, эрэгтэйчүүдийн оролцооны асуудлыг хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиудад тусгасан байдлыг судалсан судалгааны дүнг УИХ-ын гишүүд, хуульчдад хүргэх, эдгээр шинэлэг асуудлаар үндэсний хэмжээний хэлэлцүүлэг, дугуй ширээний ярилцлагыг зохион байгуулах зэргээр НҮЭМ-ийн асуудлаар үндэсний зөвшил буй болгоход дэмжлэг үзүүлэх;
4.5.5. Дунд болон дээд түвшний шийдвэр гаргагчдад НҮЭМ-ийн асуудлаар мэдээлэл өгөх, төрийн бус байгууллагын удирдлага, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг ухуулга, сурталчилгаа хийх орчин үеийн арга барил эзэмшүүлэх сургалтад хамруулах үйл ажиллагааг өргөжүүлэх;
4.5.6. НҮЭМ-ийн чиглэлээрх судалгааны дүн, тоо баримт, мэдээллийг шийдвэр гаргах үйл ажиллагаанд ашиглах зориулалтаар шинэчлэн боловсруулж, холбогдох хүмүүст хэвлэж түгээх;
4.5.7. Жирэмслэлт, төрөлт, төрсний дараахь эмнэлгийн тусламжийг төр хариуцах хуулийн заалтыг бүрэн хэрэгжүүлэх нөхцөл бүрдүүлэх, энэ зорилгоор эмч нарын зөвлөлгөөнөөр аймаг, бүс, улсын шатлалын эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламж авах шаардлагатай нь тогтоогдсон жирэмсэн эмэгтэйчүүдийн унааны болон эмнэлгийн хоолны зардлыг гэр бүлээс нь гаргуулахгүй байхад чиглэсэн арга хэмжээ авах.
Тав. НҮБ-ын Хүн амын сан ба бусад хандивлагчидтай хамтран хэрэгжүүлэх арга хэмжээ
5.1. НҮЭМ-ийн анхны Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гол хандивлагч байсан үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, НҮБ-ын Хүн амын сан энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тал бүрийн дэмжлэг, туслалцаа үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлсэн нь хөтөлбөрийн зорилтууд бодитой хэрэгжих үндсэн нөхцөл болж байна. НҮБ-ын Хүн амын сангаас Монголыг дэмжих гуравдахь хөтөлбөрийн хүрээнд 2002-2006 онд НҮЭМ-ийн шинэ үзэл баримтлал, чиглэлүүдийг хэрэгжүүлэх болон үндэсний чадавхийг нэмэгдүүлэх талаар туслалцаа дэмжлэг үзүүлнэ. Энэ арга хэмжээний хүрээнд бүх аймгийн түвшинд ижил үйл ажиллагаа хэрэгжүүлэх бөгөөд сум, багийн түвшинд эхийн эндэгдэл ихтэй Увс, Баян-Өлгий, Ховд, Хөвсгөл, Баянхонгор аймгуудыг сонгож ажиллана.
5.2. Засгийн газартай зөвшилцөн тохиролцсоны дагуу НҮБ-ын Хүн амын сангийн гуравдахь хөтөлбөр нь НҮЭМ-ийн Үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх чадавхийг төв болон орон нутгийн түвшинд бэхжүүлэх, ухуулга болон зан үйлийг өөрчлөх сурталчилгааны үндэсний стратегийг боловсруулан хэрэгжүүлэх, бодлого боловсруулах, шийдвэр гаргах дээд түвшний болон хэвлэл мэдээлэл, төрийн бус байгууллагын удирдлагын нөхөн үржихүйн эрх, жендерийн тэгш байдал, эрэгтэйчүүдийн оролцооны тухай мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж тэдний дэмжлэгийг бий болгох, эсэн мэнд амаржихуйн нэн яаралтай эм бэлдмэл, жирэмслэхээс хамгаалах эм, хэрэгслээр улсын хэмжээнд хангах зэрэг өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулах боломж бүрдүүлнэ.
5.3. НҮБ-ын Хүүхдийн сан "Эрүүл мэнд-хоол тэжээл" хөтөлбөрийн стратегийн дагуу "Эсэн мэнд амаржихуй" төслийн хүрээнд орон нутагт нийгмийн суурь үйлчилгээ, түүний дотор эсэн мэнд амаржихуйн тусламж, үйлчилгээг чанаржуулж, энэ үйлст хамт олны оролцоог нэмэгдүүлснээр "Эхэд ээлтэй орчин бүрдүүлэх" чиглэлээр Хэнтий, Дорнод, Дорноговь, Увс, Өмнөговь аймаг, Нийслэлийн Багануур, Баянгол дүүргүүдэд цаашид хамтран ажиллана.
5.4.Монгол Улсын Эрүүл мэндийн яам, ХБНГУ-ын техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн НҮЭМ-ийн салбарт дэмжлэг үзүүлэх төсөл НҮЭМ-ийн үйлчилгээг сайжруулах талаар Сэлэнгэ, Өмнөговь, Төв аймаг, Нийслэлийн Налайх дүүрэгт өнгөрсөн хугацаанд явуулсан тодорхой үйл ажиллагаагаа үргэжлүүлэхээс гадна Сүхбаатар, Завхан аймаг, клиникийн I амаржих газрыг төслийн үйл ажиллагаанд шинээр хамруулна.
5.5. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэх "НҮЭМ" төслөөр эсэн мэнд амаржихуйн тусламжийн чадавхийг бэхжүүлэх талаар техникийн туслалцаа авна.
5.6. Олон улсын түншлэлийн байгууллагын шугамаар "Тед Теннерийн сан"-гаас санхүүжүүлж байгаа өсвөр үеийнхний НҮЭМ-ийг сайжруулах төслийг Архангай, Хөвсгөл аймаг, Нийслэлийн зарим дүүрэгт хэрэгжүүлнэ.
Зургаа. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт, санхүүжилт
6.1. Удирдлага, зохион байгуулалт
6.1.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах, түншлэлийг хөгжүүлэх, оролцогч байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хяналт тавих, хэрэгжилтийн явцыг Засгийн газарт тайлагнах, шаардлагатай асуудлаар холбогдох газарт санал оруулах үүрэг бүхий НҮЭМ-ийн Үндэсний дэд хороо Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний зөвлөлийн бүтцэд байгуулагдаж ажиллана.
Уг дэд хорооны дүрэм, бүрэлдэхүүнийг Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний зөвлөл батална. Аймаг, нийслэлд НҮЭМ-ийн салбар хороодыг байгуулан ажиллуулна.
6.1.2. Хөтөлбөрийн хэрэгжилтийг мэргэжлийн удирдлага, зохион байгуулалтаар хангах үүргийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүлээнэ.
6.2. Санхүүжилт.
6.2.1.Хөтөлбөрийн үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийн дотоод эх үүсвэрийг "Эрүүл мэндийн тухай", "Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай" хуулиудад заасны дагуу жил бүрийн улсын төвлөрсөн ба орон нутгийн төсөв, даатгалын сангаас санхүүжүүлнэ.
Нэмэлт хөрөнгийн эх үүсвэр олох ажлыг Үндэсний дэд болон орон нутгийн салбар хороод санаачилж хэрэгжүүлнэ.
6.2.2. НҮБ-ын Хүн амын сан ба олон улсын байгууллага, хандивлагчдаас НҮЭМ-ийн Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжин оруулах хөрөнгө нэмэлт эх үүсвэр болно.
Долоо. Хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээ.
7.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнд хяналт тавих, дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх ажлыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, НҮЭМ-ийн Үндэсний дэд хороо, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, НҮЭМ-ийн салбар хороод гүйцэтгэнэ.
7.2. НҮЭМ-ийн улсын хэмжээний түүвэр судалгааг 2003 онд хийж, хөтөлбөрийн дунд хугацааны тайланг 2004 онд гаргах ба шаардлагатай гэж үзвэл хөтөлбөрт нэмэлт, өөрчлөлт оруулж болно.
7.3. Хөтөлбөрийг дараахь шалгуур үзүүлэлтээр үнэлэж дүгнэнэ.
Нөхөн үржихүйн эрүүл мэнд хөтөлбөрийн шалгуур үзүүлэлтүүд:
¹
|
Үзүүлэлт
|
2000 оны
түвшин
|
2006 оны түвшин
|
Үзүүлэлтийн
үнэлгээ
|
зорилт-1
|
||||
1
|
100000 амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдэл
|
158
|
110
|
Эрүүл мэндийн статистик
|
2
|
Жирэмсний эрт үеийн хяналт /хувь/
|
56,4
|
70,0
|
Эрүүл мэндийн статистик
|
3
|
Жирэмсний хяналтад 6 ба түүнээс дээш удаа үзүүлсэн жирэмсэн эмэгтэйчүүд /хувь/
|
-
|
75,0
|
Эрүүл мэндийн статистик
|
4
|
Эхийн амрах байранд амарсан жирэмсэн эмэгтэйчүүд /хувь/
|
49,0
|
65,0
|
Эрүүл мэндийн статистик
|
5
|
Жирэмсний цус багадалт /хувь/
|
40,0
|
25,0
|
Эрүүл мэндийн статистик
|
6
|
Төрсний дараахь 42 хоногийн дотор идэвхитэй үзлэгт хамрагдагсад /хувь/
|
-
|
60,0
|
Эрүүл мэндийн статистик
|
7
|
10000 жирэмсэн эмэгтэйд ногдох тэмбүүгийн өвчлөл
|
61
|
45-аас доош
|
Эрүүл мэндийн статистик
|
8
|
1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл
|
31.2
|
27.0
|
Эрүүл мэндийн статистик
|
Зорилт-2
|
||||
9
|
Жирэмслэхээс хамгаалах орчин үеийн аргын хэрэглээ /хувь/
|
33,4
|
45
|
түүвэр судалгаа
|
10
|
Хугацаат цэргийн албан хаагчдаас НҮЭМ-ийн сургалтад хамрагдагсад /хувь/
|
-
|
70-аас доошгүй
|
түүвэр
судалгаа
|
11
|
1000 амьд төрөлтөд ногдох эрт үеийн үр хөндөлт
|
230
|
200 түү-нээс доош
|
Эрүүл мэндийн статистик
|
Зорилт-3
|
||||
12
|
15-19 насны охидын төрөлт /хувь/
|
9,0
|
8,0
|
Эрүүл мэндийн статистик
|
13
|
Ерөнхий боловсролын сургуу-лиудад "НҮЭМ/бэлгийн боловс-рол" сэдвээр хичээл заах бэлтгэгдсэн багш /хувь/
|
-
|
80,0
|
БСШУЯ-ны
статистик
|
Зорилт-4
|
||||
14
|
НҮЭМ-ийн тэргүүлэх үйл ажиллагаа явуулах чадавхи бүрдсэн байгууллагуудын тоо
|
-
|
6
|
Тайлан
|
Зорилт-5
|
||||
15
|
НҮЭМ-ийн зөвлөлгөө, тусламж үйлчилгээнд зарцуулсан хөрөнгийн өсөлт
|
Тусад нь төсөвлө-дөггүй байсан
|
Тусад нь
тооцох ба өсөлт гарна
|
төсвийн тайлан
|
Хөтөлбөр хэрэгжсэнээр дараахь үр дүн гарна гэж тооцож байна:
8.1. Нэгдүгээр зорилтын хүрээнд:
8.1.1. Баг, сум, аймаг, үндэсний түвшинд эсэн мэнд амаржихуйн бүрдмэл үйлчилгээ зохих стандартын дагуу явагдаж, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжаар баталгаажсан байна.
8.1.2. Бэлгийн замын халдварт болон бэлгийн замын үрэвсэлт өвчний илрүүлэлт, эмчилгээ, гэр бүл төлөвлөлт, үр хөндөлтийн үйлчилгээ, үргүйдлийн эмчилгээнд орчин үеийн аргыг өргөнөөр нэвтрүүлж, үйлчлүүлэгчийн нэр төр, нууцыг чанд хадгалсан, нөхөн үржихүйн эрхийг хүндэтгэсэн цогц үйлчилгээний хүртээмж сайжирсан байна.
8.1.3. Алслагдсан нутгийн хүн ам, сургууль завсардсан охид, хөвгүүд, хот, аймгийн төвийн захын хорооллын оршин суугчид, ядуу болон орон гэргүй хүмүүс зэрэг нийгмийн бүлгүүдэд НҮЭМ-ийн мэдээлэл, зөвлөлгөө, хангамж, тусламж, үйлчилгээ хүргэх арга хэрэгсэл шийдвэрлэгдсэн байна.
8.2. Хоёрдугаар зорилтын хүрээнд:
8.2.1. Хүн амын зорилтот бүлгүүдэд зориулсан НҮЭМ-ийн мэдээлэл, сургалт, сурталчилгааны стратеги боловсрогдон хэрэгжсэн байна.
8.2.2. Хүн амын зорилтот бүлгүүдийн онцлогт тохирсон НҮЭМ-ийн талаархи зөвлөлгөө, мэдээлэл, сургалт, сурталчилгаа тогтмолжиж, бүх сувгаар хүртээмжтэй явагддаг болсон байна.
8.3.Гуравдугаар зорилтын хүрээнд:
8.3.1. Өсвөр үеийнхэнд НҮЭМ-ийн мэдлэг олгох албан ба албан бус сургалтын тогтолцоо бүрдэж, сургалтын арга зүй боловсрогдон, багш,сургалтын материалаар хангагдсан байна.
8.3.2. НҮЭМ-ийн мэргэжлийн түвшинд тусламж, үйлчилгээ үзүүлдэг хөвгүүд, охидын кабинетүүд аймаг, хотуудад ажилладаг болсон байна.
Дөрөвдүгээр зорилтын хүрээнд:
8.4.1. НҮЭМ-ийн үйлчилгээ, хангамж, судалгааны ажлыг эрхлэн гүйцэтгэх тэргүүлэх байгууллагууд бэхжиж, чадавхи нь дээшилсэн байна.
8.4.2.НҮЭМ-ийн асуудлыг хариуцдаг төрийн захиргааны төв байгууллагуудын энэ асуудлыг тодорхойлох, төлөвлөх, хэрэгжүүлэх, хянан үнэлэх чадавхи бүрдсэн байна.
8.5. Тавдугаар зорилтын хүрээнд:
8.5.1. НҮЭМ-ийн ухуулга, сурталчилгааны стратеги боловсрогдон хэрэгжсэн байна.
8.5.2. НҮЭМ-ийг дэмжсэн эрх зүйн орчин бүрэлдэж боловсронгуй болсон байна.
-----оОо-----
[1] НҮЭМ-ийн түүвэр судалгаа.ҮСГ. 1998 он
[2] Эхийн эндэгдлийн судалгаа.ЭНЭШТ.2000 он
[3] Эхийн эндэгдлийг бууруулах стратеги.ЭМЯ. 2001 он
[4] ЭМЯ-ны сайдын 2001 оны 39 дүгээр тушаалын 1-р хавсралт.
[5] НҮЭМ-ийн судалгаа.ҮСГ.1998 он
Текст томруулах
A
A
A