A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1998 оны 5 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

ХҮН АМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР/1998-2005 ОН/
 
Нэг. Хөтөлбөрийн үндэслэл
Эрүүл мэндийн талаар дэлхий нийтэд баримталж буй бодлого, үйл ажиллагаа нь дан ганц өвчнийг эмчлэхэд бус хүн амд эрүүл мэндийн боловсрол эзэмшүүлж, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэн хөгжүүлэх, амьдарч, сурч, ажиллаж буй орчиндоо эрүүл мэндэд таатай нөлөөлөх нөхцөлийг бүрдүүлэхэд нь хүмүүст туслах, түүнд харилцан бие биенээ дэмждэг олон салбарын болон нийгмийн дэд бүтцүүдийн хамтын үйл ажиллагааг чиглүүлэх замаар хүн амын эрүүл мэндийн байдлыг дээшлүүлэхэд чиглэгдэж байна.
Эрүүл мэндийн боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагаа нь хүн амд үзүүлэх эрүүл мэндийн анхны тусламжийн нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд энэ нь эрүүл мэнд, экологи, боловсролын асуудлаар төр, засгаас авч явуулж буй бусад арга хэмжээ амжилттай хэрэгжиж үр дүнд хүрэхийн үндэс суурь нь юм.
Хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох албан ба албан бус сургалтын  тогтолцоо манай оронд 1960-аад оноос бүрэлдэн тогтож багагүй амжилт олсон билээ.
Дэлхий нийтээрээ хүн төвтэй хөгжлийн бодлого баримтлан улс орны хөгжлийн үндсийг боловсрол хэмээн үзэх болсон өнөө үед хүний хүчин зүйлийн гол тодорхойлогч болох  эрүүл мэнд, боловсролын асуудлыг цогц байдлаар нь авч үзэн, хүн амын эрүүл мэндийн боловсролын үйлчилгээг тэдний эрэлт хэрэгцээг хангахуйц түвшинд шинэчлэн зохион байгуулах зорилт тулгарч байна.
Нийгэм, эдийн засгийн социалист тогтолцооны үед төвлөрсөн төлөвлөгөөний дагуу эмнэлэг гэгээрлийн ажлыг /хуучин нэрээр/ ихэвчлэн цаг үеийн компанит ажлын шинж чанартай зохион байгуулж, түүнд төр, засаг, олон нийтийн байгууллага, ард иргэдийн оролцоо хангалтгүй, зөвхөн эрүүлийг хамгаалах байгууллага /хуучин нэрээр/-ын ажил мэтээр ойлгогдож ирснээс хамтын үйл ажиллагаагаар эрүүл мэндийг дэмжигч орчин бүрдүүлэх болон иргэд эрүүл мэндээ өөрөө хариуцах сэтгэлгээ, эрүүл мэндээ хамгаалж бэхжүүлэх, эрүүл аж төрөх талаар цэгцтэй мэдлэг, зөв хандлага, дадал төлөвшиж чадаагүйгээс өвчлөл эндэгдэл, осол гэмтлийн түвшин тууштай буурч, эрүүл мэндийн үзүүлэлт тогтвортой сайжрахгүй байна.
Нөгөө талаар нийгэм, эдийн засгийн хөгжилтэй холбоотой хүмүүсийн амьдрах хэв маяг өөрчлөгдөж, зүрх судас, хоол боловсруулах эрхтний өвчин, зарим хорт хавдар, таргалалт, шүд цоорох, чихрийн шижин, бэлгийн замаар халдварлах өвчин зэрэг хүмүүсийн аж төрөх дадал хэвшилтэй холбоотой үүсдэг өвчнүүд нэмэгдэх хандлагатай байна.
Улсын хэмжээнд жилд дунджаар амьсгалын эрхтний хорт хавдраар 311 хүн өвчилсний  85-90  хувь нь тамхичид байжээ. Архи, тамхинд донтох явдал хүүхэд, залуучуудын дунд нэмэгдэж байгаа нь ажиглагдаж байна.
Тухайлбал 1996 онд Булган, Өвөрхангай, Хэнтий, Дундговь   аймаг, нийслэлийн 6 дүүргийн 10-20 насны 2040 өсвөр үеийнхний дунд хийсэн судалгаагаар хүүхэд, залуучуудын 16.4 хувь нь тамхи татдаг, 33.8 хувь нь архи ууж үзсэн бөгөөд эрүүл мэндийн тухай мэдлэг тэдний 78 хувьд нь хангалтгүй, 4 хувь нь энэ талаар огт  мэдлэггүй байв. Халдваргүй өвчнүүдийн 60-70 хувь нь хөдөлгөөний хомсдол, хооллох буруу зуршил, архи, тамхинд донтох зэрэг аж төрөх буруу дадал хэвшлээс шалтгаалан үүсдэг бөгөөд иргэд эрүүл  мэндийн боловсролтой болсноор эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой юм.
Манай улс нийгэм, эдийн засгийн шинэ тогтолцоонд шилжиж эрүүл мэндийн тухай ойлголт, түүнд хандах хандлага, эрүүл мэндийн асуудалтай холбогдон гарах эрх зүйн харилцаа, үнэлэмж өөрчлөгдөж эрүүл мэндийн үнэ цэнэ, эрүүл мэндийн боловсролын хэрэгцээ улам бүр өсөн нэмэгдэж байна.
Хүн амын эрүүл мэндийн боловсролын асуудалд хөгжлийн тухай шинэ хандлага, үзэл баримтлал, төрөөс эрүүл мэнд, боловсролын талаар баримтлах бодлого, өөрчлөлт шинэчлэлтийн зорилго, зорилтын үүднээс хандаж хүн амын эрүүл мэндийн боловсролын түвшин, чанар, үр ашгийг дээшлүүлэхийн тулд иргэдээс Үндсэн хуулинд заасан "Эрүүл мэндээ хамгаалах" үүргээ биелүүлэхэд нь төрийн зүгээс дэмжлэг үзүүлж, иргэд эрүүл мэндээ хамгаалж бэхжүүлэх, эрүүл аж төрөх арга барил эзэмшиж, эрүүл зан үйл төлөвшин тогтохуйц "Эрүүл мэндийг дэмжигч" орчин бүрдүүлэх, түүнд оролцох төрийн ба төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, гэр бүл, иргэдийн үүрэг хариуцлага, хамтын ажиллагааг эрчимжүүлэх  шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
  Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт I. Хөтөлбөрийн зорилго
Иргэдэд  эрүүл мэндээ хамгаалж, бэхжүүлэх, эрүүл аж  төрөх талаар цэгцтэй мэдлэг, зөв хандлага, дадал төлөвших "Эрүүл мэндийг дэмжигч" таатай орчин бүрдүүлэхэд уг хөтөлбөрийн зорилго оршино.
П. Хөтөлбөрийн зорилтууд
Хөтөлбөрийн зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараахь зорилтуудыг дэвшүүлж байна:
1.Эрүүл мэндийн боловсрол эзэмшүүлэх сургалтын агуулга, хэлбэр, арга зүйг хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангахуйц түвшинд шинэчлэн боловсруулж, одоогоор бүрэлдэн бий болж байгаа боловсролын шинэ тогтолцоо, хөгжлийн үзэл баримтлал, бодлоготой уялдуулан сургалтад нэвтрүүлэх;
2.Төв, орон нутгийн эрүүл мэндийн сургалт, сурталчилгааны арга зүйн кабинет, танхимуудын боловсон хүчин, техник хэрэгслийн хангамжийг сайжруулах;
3.Эрүүл аж төрөх ёс төлөвшихүйц "Эрүүл мэндийг дэмжигч" орчин /гэр бүл, үйлдвэр, албан байгууллага, аж ахуйн нэгж, хамтлаг/ бүрдүүлэх чиглэл баримталж, үүнийг дэмжих сонирхол төрөхүйц хөдөлгөөн өрнүүлж тэдгээрийн тоог нэмэгдүүлэх;
4.Хүн амд эрүүл мэндийн боловсрол эзэмшүүлэх, "Эрүүл мэндийг дэмжигч" орчин бүрдүүлэх үйл ажиллагаанд төрийн ба төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, гэр бүл, иргэдийн гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлагын шинэ тогтолцоо бүрдүүлж төлөвшүүлэх;
5.Үндэсний болон олон улсын хамтын ажиллагааны шугамаар хэрэгжүүлж буй хөтөлбөр, төслүүдэд тусгагдсан эрүүл мэндийн мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажлыг нэгтгэн зангидаж үр ашгийг нь дээшлүүлэх.
  Гурав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа
Хөтөлбөрийг 1998-2005 оны хугацаанд  хэрэгжүүлнэ.
  Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалт
1.Хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд стратегийн удирдлага, төлөвлөлтөөр хангах, хэрэгжилтэд хяналт тавих үүргийг Үндэсний зөвлөл эрхэлнэ. Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг Засгийн газар батална.
2.Хөтөлбөрийн хэрэгжилтийг мэргэжлийн удирдлага, зохицуулалт, мэдээллээр хангах, хэрэгжилтэд нь хяналт тавьж үнэлгээ өгөх ажлыг боловсрол, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд өөрийн харъяа байгууллагуудын оролцоотойгоор гүйцэтгэнэ. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг улсын хэмжээнд мэргэжлийн түвшинд зохион байгуулах үүргийг Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны харъяа Эрүүл мэндийн удирдлага, мэдээлэл, боловсролын төв, арга зүйн удирдлагаар хангах үүргийг Гэгээрлийн яамны харъяа Албан бус боловсролын төв тус тус гүйцэтгэнэ.
3.Орон нутагт хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохицуулах,  хяналт тавих үүрэгтэй аймаг, нийслэл, сум, дүүргийн салбар зөвлөл ажиллана. Салбар зөвлөлийн бүрэлдэхүүн, түүний ажлын чиг үүрэг, үндэсний хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх дэд хөтөлбөрийг Засаг дарга батална.
4.Аймаг, нийслэл, сум,  дүүрэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж зохион байгуулах үүргийг Нийгмийн эрүүл мэндийн төв, Эрүүл мэндийн газар, Боловсрол, соёлын төв, сургалт, сурталчилгаа явуулах үүргийг Эрүүл мэндийн нэгдэл, төвийн Эрүүл мэндийн сургалт арга зүйн кабинет, гэгээрлийн төв, цэцэрлэг, бүх шатны сургууль тус тус эрхлэн гүйцэтгэнэ.
5.Үндэсний болон орон нутгийн салбар зөвлөл нь эдийн засаг, нийгмийн хөгжлийн явцтай уялдуулан ажлаа жилээр төлөвлөн хэрэгжүүлж, жил бүрийн 4 дүгээр улиралд орон нутгийн зөвлөл үндэсний зөвлөлд, үндэсний зөвлөл Засгийн газарт тус тус тайлагнаж байна.
6.Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ дараахь зарчмыг баримтална:
а/Монгол Улсын боловсрол, эрүүл мэндийн талаар гарсан стратегийн баримт бичгүүд, хууль эрхийн баримт бичгүүд, Үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх үйл ажиллагаатай нийцүүлэх;
б/хүн амд эрүүл мэндийн боловсрол эзэмшүүлж буй албан ба албан бус боловсролын одоогийн тогтолцоог түшиглэн, үйл ажиллагааны арга барил, уялдаа холбоо, сургалтын технологийг өөрчлөн шинэчлэх.
  Тав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа I. Хөтөлбөрийн үйл ажиллагааны нэгдүгээр зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
1.Хүн амын эрүүл мэндийн боловсролын өнөөгийн байдал, хэрэгцээ шаардлагыг тэдний нас, хүйс, ажил, мэргэжил, ахуй амьдрал, эрүүл мэндийн байдалтай нь холбон судалсны үндсэн дээр хэрэглэгчдийн бүлэг бүрт тохирсон сургалтын агуулга арга зүйг шинэчлэн боловсруулах;
2.Эрүүл мэндийн албан ба албан бус сургалт явуулах багш, эмч, эмнэлгийн ажилтан нарыг бэлтгэх, давтан бэлтгэх, мэргэжлийг нь дээшлүүлэх сургалтын агуулга арга зүйг шинэчлэн боловсруулж  сургалтыг зохион байгуулах;
3.Хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх албан ба албан бус сургалтын шинээр боловсруулсан агуулгыг хэрэгжүүлэхэд шаардагдах сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах ажлыг шийдвэрлэх;
4.Хүүхэд, залуучууд, эцэг, эх, нийт хүн амд эрүүл аж төрөх мэдлэг, дадал төлөвшүүлэх ажлыг дэмжсэн биеийн тамир, спорт, урлаг, соёлын төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулж, тэдний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд албан бус сургалтын болон төслийн  арга хэлбэрийг өргөн ашиглах;
5.Анагаах ухааны бүх шатны сургуульд үзэх эрүүл мэндийг дэмжих, эрүүл мэндийн боловсролын арга зүйн хичээлийн агуулга, арга зүйг зохих стандартыг хангах түвшинд шинэчлэн боловсруулж сургалтад хэрэгжүүлэх.
II. Хөтөлбөрийн үйл ажиллагааны хоёрдугаар зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
1.Эрүүл мэндийн удирдлага, мэдээлэл, боловсролын төв, аймаг, дүүргүүдийн нийгмийн эрүүл мэндийн төв, нэгдлүүдэд ажиллаж буй арга зүйн кабинет, аймгийн боловсрол, соёлын төв, ерөнхий боловсролын сургуулиудын эрүүл мэндийн сургалт-сурталчилгааны танхимыг шаардлагатай сургалтын орчин үеийн техник хэрэгслээр хангах;
2.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй дээр дурдсан байгууллагуудыг мэргэжлийн чадварлаг боловсон хүчнээр хангах ажлыг зохион байгуулах.
III. Хөтөлбөрийн үйл ажиллагааны гуравдугаар зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
1."Эрүүл мэндийг дэмжигч" айл өрх, албан байгууллагаас хийвэл зохих ажлын талаар гарын авлага, зөвлөмж гаргаж мөрдүүлэх;
2."Эрүүл мэндийг дэмжигч" айл өрх, албан байгууллагын ажлыг дүгнэх шалгуур үзүүлэлт боловсруулах;
3."Эрүүл мэндийг дэмжигч" айл өрх, албан байгууллагын ажлыг дүгнэж туршлагыг сурталчлан нийтийн хүртээл болгох, эрүүл мэндийн боловсролд холбогдох зар сурталчилгааг дэмжих.
IV. Хөтөлбөрийн үйл ажиллагааны дөрөвдүгээр зорилтыг хэрэгжүүлэхэд  төрийн ба төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, гэр бүл, иргэд дараахь үндсэн үүрэг, хариуцлагатайгаар оролцоно. Үүнд:
1. Монгол Улсын Засгийн газар:
а/хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг улс орны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төвлөрсөн төсөвт тусгах;
б/хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудлаар олон улсын байгууллага, хандивлагч орнуудтай хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх;
в/хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоо, идэвх санаачилгыг дэмжих.
2. Төрийн захиргааны төв байгууллагууд:
а/эрхэлсэн үйлчилгээнийхээ хүрээнд ажилчин, албан хаагч, суралцагчдынхаа эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл аж төрөх ёс төлөвшихүйц "Эрүүл мэндийг дэмжигч" орчин бүрдүүлэх асуудлыг удирдлага, төлөвлөлтөөр хангах;
б/хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн  үйл ажиллагаа, зарцуулах төсөв хөрөнгийг жил жилийн төсөв төлөвлөгөөндөө тусган хөтөлбөрийн хэрэгжилтийг зохицуулах, эрүүл мэндийн болон эдийн засгийн үр ашгийг тооцож байх.
3.Төрийн захиргааны орон нутгийн байгууллагууд:
   а/хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх, хяналт тавих үүрэг бүхий салбар зөвлөлийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын дэргэд байгуулж,  салбар зөвлөлийн бүрэлдэхүүн, ажлын чиг үүрэг болон үндэсний хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх дэд хөтөлбөрийг Засаг даргын захирамжаар батлах;
 б/хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх  үүсвэрийг бүрдүүлэх;
в/хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд холбогдох байгууллагууд орон нутгийн хэвлэл, мэдээлэл, боловсрол, эрүүл мэнд, бусад төрийн ба төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, гэр бүл, иргэдийн оролцоо, хамтын ажиллагааг  уялдуулан зохицуулж  удирдлагаар хангаж ажиллах.
4. Хэвлэл, мэдээллийн байгууллагууд:
а/үндэсний болон орон нутгийн хэвлэлийн нийтлэл, радио, телевизийн нэвтрүүлгийн бодлого, чиглэл, төлөвлөгөө, хөтөлбөрт эрүүл мэндийн сэдэвт нийтлэл,  зар сурталчилгаа, нэвтрүүлгийн тоог нэмэгдүүлэх, чанарыг нь дээшлүүлж, арга хэлбэрийг боловсронгуй болгох;
б/хүн амын эрүүл мэндийн боловсролд зориулсан албан бус, зайны сургалтын хөтөлбөрийг боловсрол, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн байгууллагуудтай хамтран боловсруулж  хэрэгжүүлэх.
5. Төрийн бус байгууллагууд:
а/хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх талаар төрөөс баримталж буй бодлогыг дэмжиж, төв, орон нутгийн эрүүл мэнд, боловсролын байгууллагуудтай хамтран ажиллах;
б/гишүүд, дэмжигчдийнхээ эрүүл мэндийн боловсрол, эрүүл аж төрөх зан үйлийн төлөвшилтөд дүгнэлт хийж, тэдний онцлог, хэрэгцээ шаардлагад нийцсэн сургалт, сурталчилгааны ажлыг тодорхой бодлого чиглэлтэй зохион байгуулах.
6. Аж ахуйн нэгж, байгууллага:
а/ажиллагсдынхаа эрүүл мэндийг хамгаалж бэхжүүлэх, өвчлөл эндэгдэл, осол гэмтлээс сэргийлэх, эрүүл аж төрөх ёсны мэдлэг, дадлыг нь дээшлүүлэх, "Эрүүл мэндийг дэмжигч" орчин бүрдүүлэх талаар жил бүр тодорхой ажил төлөвлөн хэрэгжүүлж үр дүнг тооцож байх;
б/эрүүл аж төрөх ёсыг амьдрал ахуйдаа хэвшүүлсэн хамтлаг, ажилтан, ажилчдаа  урамшуулан дэмжих;
в/хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар бусад байгууллагуудаас зохиож буй ажилд идэвхтэй оролцох, дэмжлэг туслалцаа үзүүлэх.
 7. Гэр бүл, иргэдийн оролцоо
а/үр хүүхэд, гэр бүлийнхээ гишүүдэд эрүүл мэндийн боловсрол эзэмшүүлж, эрүүл аж төрөх талаар идэвх санаачилгатай ажиллах;
б/өөрийн болон бусдын эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд хор уршиг учруулах буруу үйлдэл, зуршлыг цээрлэх, бусдын эрүүл ахуйч бус зан заншилд шүүмжлэлтэй хандаж, шаардлага тавих, сайн үлгэр дууриалал үзүүлэх;
в/эрүүл мэндийн чиглэлээр гарсан төр, засгийн хууль тогтоомжийг чанд биелүүлж, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавьж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд идэвхтэй оролцох.
V. Хөтөлбөрийн үйл ажиллагааны тавдугаар зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
  Хөтөлбөрийг боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын асуудлаар Засгийн газраас болон олон улсын байгууллага, хамтын ажиллагааны шугамаар хэрэгжүүлж буй бусад хөтөлбөр, төслүүдтэй нягт уялдуулан тэдгээрийг хэрэгжүүлж буй бүтэц, зохион байгуулалт, хүн хүч, материал, санхүүгийн нөөцийг оновчтой уялдуулан хамтран ажиллах замаар хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх ажлын чанар, зардлын үр ашгийг дээшлүүлэх
  Зургаа. Хөтөлбөрийн  санхүүжилт
Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах нийт хөрөнгө нь  дараахь эх үүсвэрээс бүрдэнэ. Үүнд:
-хүн амын эрүүл мэндийн боловсролд зориулан эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, гэгээрлийн салбарт төвлөрсөн болон орон нутгийн төсвөөс жил бүр  олгох хөрөнгө;
-эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, боловсролын асуудлаар гарсан үндэсний хөтөлбөрүүдийн эрүүл мэндийн боловсролд зарцуулах төсвийн хөрөнгө;
-"Эрүүл мэндийн боловсрол" хөтөлбөрийг дэмжих зориулалтаар гадаад орон, олон улсын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, албан байгууллага, иргэдээс өгч буй тусламж дэмжлэг, хандивын хөрөнгө;
-нутгийн захиргаа, аж ахуйн нэгж, байгууллагуудаас иргэд, ажиллагсдынхаа эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэн хэвшүүлэх асуудалд зарцуулж буй хөрөнгө;
-эрүүл мэндийн боловсрол, эрүүл мэндийг дэмжигч орчин бүрдүүлэх талаар идэвх санаачилга, үр бүтээлтэй ажиллаж буй байгууллага, иргэдийг  төр, олон нийтээс урамшуулан дэмжихэд зарцуулсан хөрөнгө;
-гадаад орон, олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөр, төслүүдийн эрүүл мэндийн боловсролд зарцуулах хөрөнгө.
  Долоо. Хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих, дүгнэх I.Хөтөлбөрийн хяналт
Хөтөлбөрийн хэрэгжилтийг хянах, дүгнэх ажлыг Үндэсний болон орон нутгийн салбар зөвлөл гүйцэтгэнэ.
П.Хөтөлбөрийг дүгнэх
Хөтөлбөрийн хэрэгжилтийг жил бүр дүгнэхдээ дараахь шалгуур үзүүлэлтийг баримтална:
а/хүн амын эрүүл мэндийн боловсрол, эрүүл аж төрөх дадал, зан үйл төлөвшилтийн түвшин;
б/хүн амд эрүүл мэндийн боловсрол эзэмшүүлэх албан ба албан бус сургалтын агуулга, арга зүйн шинэчлэлтийн түвшин;
в/эрүүл мэндийн сургалт, сурталчилгаа явуулах боловсон хүчний /багш, эмч, сувилагч, арга зүйч, эрүүл мэндийн сайн дурынхан/ хангамж, хүрэлцээ;
г/хүн амын эрүүл мэндийн боловсролд зориулсан сургалтын материал, хэрэглэгдэхүүн, техник хэрэгслийн хангамж, чанар;
д/"Эрүүл мэндийг дэмжигч" айл өрх, албан байгууллага, хамтлагийн эзлэх хувийн жин;
е/үндэсний болон олон улсын хамтын ажиллагааны дагуу хэрэгжиж буй хөтөлбөр, төслүүдийн шугамаар явагдах эрүүл мэндийн сургалт, сурталчилгааны ажлын уялдаа холбоо сайжирч, үр ашиг нь дээшилсэн байдал;
ж/хүн амд эрүүл мэндийн боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагаанд оролцох төрийн ба төрийн бус байгууллага, аж  ахуйн нэгж, гэр бүл, иргэдийн үүрэг, хариуцлагын хуваарилалтын байдал.
 
НАЙМ. ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ
 
 
Шалгуур үзүүлэлт
Суурь түвшин
2005 онд хүрэх түвшин
Холбогдох хөтөлбөр
1. Эрүүл мэндийг дэмжигч сургуулийн тоо
26
(2001 он)
50
 
"Хүүхдийн хөгжил, хамгаалал" үндэсний хөтөлбөр
2. Эрүүл мэндийг дэмжигч байгууллагын тоо
25
(2001 он)
100
 
3. 18 хүртэлх насны бүрэн шүдтэй хүмүүсийн эзлэх хувь
62.5
(1999 он)
72.5
"Амны хөндийн эрүүл мэнд" үндэсний хөтөлбөр
4. Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан ахмад настны эзлэх хувь
27.4
(1999 он)
35
"Ахмад настны эрүүл мэнд, нийгмийн хамгаалал" үндэсний хөтөлбөр
5. Нийт төрөлтөд 15-19 насны охидын төрөлтийн эзлэх хувь
9
(2000 он)
7.8
"Нөхөн үржихүйн эрүүл мэнд" үндэсний хөтөлбөр
6. Орчин үеийн контрацепцийн аргын хэрэглээний түвшин
33.4%
(2000 он)
43%
 
7. Иоджуулсан давс хэрэглэдэг өрхийн эзлэх хувь
46.0
(2002 он)
85
"Иод дутлын эмгэгтэй тэмцэх" үндэсний хөтөлбөр
8. Тэмбүүгийн өвчлөл:
 
-Жирэмсэн эмэгтэйчүүдэд хийсэн тэмбүү илрүүлэх ийлдэс судлалын шинжилгээний эерэгийн хувь
-Цусны доноруудад хийсэн тэмбүү илрүүлэх ийлдэс судлалын шинжилгээний эерэгийн хувь
(2002 оны тандалт судалгаа)
 
2.5
 
 
1.3
 
2005 оны тандалт судалгаа
"Халдварт өвчинтэй тэмцэх" үндэсний хөтөлбөр
9. Гепатит А-ийн өвчлөлийн түвшин (10000 хүн амд)
34.2
(1996-2000 он)
29.0
 
10. Цусан суулгын өвчлөлийн түвшин (10000 хүн амд)
7.5
(1996-2000 он)
7.0
 
11. Сум, өрхийн эмнэлгээр үйлчлүүлэгчдийн дотор сэтгэцийн эрүүл мэндийн анхны тусламж авсан иргэдийн эзлэх хувь
0.13
(2000 он)
6
"Сэтгэцийн эрүүл мэнд" үндэсний хөтөлбөр
12. Хүн амын осол гэмтлээс шалтгаалсан өвчлөл (10000 хүн амд)
274.5
(2002 он)
231.5
"Осол гэмтлээс сэргийлэх" үндэсний хөтөлбөр
13. Нийт хүн амын дотор илүүдэл жинтэй хүний эзлэх хувь
31.8
(2001 он)
26
"Хүн амын бие бялдрыг чийрэгжүүлэх" үндэсний хөтөлбөр
14. Жилд нэг хүнд ногдох тарилгын тоо
13
(2001 оны тарилгын аюулгүй байдлыг үнэлэх судалгаа)
10
"Аюулгүй тарилга" Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төсөл
15. Өмөнгөөр хэвтэн эмчлүүлэгчдийн дотор I, П үеийн хорт хавдартай өвчтөний эзлэх хувь
17.3
(1996 он)
70.0
"Хорт хавдартай тэмцэх" үндэсний хөтөлбөр
16. Цусны эргэлтийн тогтолцооны өвчний өвчлөлийн тохиолдол
388.6
 (2001 он)
380.0
"Зүрх судасны өвчнөөс сэргийлэх" үндэсний хөтөлбөр
/Засгийн газрын 2003 оны 92 дугаар тогтоолоор найм дугаар бүлгийг өөрчилсөн./
 
.
------оОо-------
/Засгийн газрын 2003 оны 92 дугаар тогтоолоор оруулсан өөрчлөлтийг тусгав./