A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2004 оны 36 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт

УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТ (ТЕНДЕР)-ЫН ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
1.  Монгол Улсын Чөлөөт  бүсийн тухай болон "Замын-Үүд" эдийн засгийн чөлөөт  бүсийн эрх зүйн байдлын тухай хуулийг үндэслэн үйлдвэрлэлийн, худалдааны, аялал жуулчлал-үйлчилгээний  (казиног оролцуулан) гэсэн үндсэн 3 хэлбэрээс бүрдэх "Замын-Үүд" эдийн засгийн чөлөөт бүсийг иж бүрнээр нь байгуулж хөгжүүлэх үйл ажиллагааг менежментийн гэрээгээр хэрэгжүүлэх стратегийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулахад энэ уралдаант шалгаруулалт /тендер/-ын журам /цаашид  "журам" гэх/-ыг мөрдөнө.
2. Үйлдвэр, худалдааны яам нь уралдаант шалгаруулалт (тендер)-ын комисс томилон зөвлөхүүдийн туслалцаатайгаар тендерийг зохион байгуулна.
 
Хоёр. Нэр томъёоны тодорхойлолт
Энэхүү журамд хэрэглэсэн нэр томъёог дор дурдсанаар тодорхойлно:
2.1. "Эдийн засгийн чөлөөт бүс" гэж гаалийн болон бусад татварын хувьд гаалийн нутаг дэвсгэрийн гадна байгаад тооцогдох, үйлдвэрлэл, худалдаа, аялал жуулчлал- үйлчилгээний  цогцолбор бүхий хэлбэрийг хосолсон хөрөнгө оруулалт, аж ахуйн үйл ажиллагааны тусгай дэглэм бүхий Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэсгийг хэлнэ. 
2.2. "Стратегийн хөрөнгө оруулагч" гэж эдийн засгийн чөлөөт бүсийн менежментийн арга барил эзэмшсэн, чөлөөт  бүсэд тухайн бизнесийн чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан,  150 (нэг зуун тавин) сая ам.доллараас доошгүй өөрийн хөрөнгөтэй, санхүүгийн тогтвортой байдалтай, үйл ажиллагааны туршлагатай /үүнийг аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан тэнцлээр нотолно/ компани, эсхүл тэдгээрийн оролцоотой консорциумыг хэлнэ.  
2.3. "Ерөнхий мэдээлэл" гэж тендерт оролцогч бүрт хүргэх "Замын-Үүд" эдийн засгийн чөлөөт бүс болон Монгол Улс, түүний бизнесийн орчны талаархи мэдээллийн баримт бичгийг хэлнэ.
2.4. "Дэнчин" гэж хөрөнгө оруулалт, менежментийн гэрээг байгуулах амлалт, санхүүгийн эх үүсвэрийн баталгаа болгон тендерт оролцогчоос төлөх 500000 /таван  зуун мянган/ ам.доллартай тэнцэх хүүгүй мөнгөн хадгаламжийг хэлнэ. Дэнчинг Монгол банк дахь Үйлдвэр, худалдааны яамны валютын дансанд төлнө.
2.5. "Зөвлөх" гэж  эдийн засгийн чөлөөт бүсийн асуудлаар мэргэшсэн, олон улсын тендер зарлах, сонгон шалгаруулах арга барил, туршлага хуримтлуулсан зөвлөх эрхтэй, Үйлдвэр, худалдааны яамнаас томилсон хувь хүн эсхүл хуулийн этгээдийг хэлнэ.
2.6. "Нууцыг хадгалах тухай гэрээ"  гэж  Монгол Улсын Засгийн газар, Үйлдвэр, худалдааны яам болон зөвлөхүүдээс өгөх "Замын-Үүд" эдийн засгийн чөлөөт бүстэй холбоотой аливаа мэдээллийг ямар нэгэн хэлбэрээр тараах болон мэдээлэхийг хориглосон гэрээг хэлнэ.
2.7. "Өргөдөл" гэдэгт тендерт оролцогчоос ирүүлэх өргөдөл, өргөдөл гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гарын үсэг зурсан нууцыг хадгалах тухай гэрээ болон тендерийн хураамж төлснийг нотлох баримтын иж бүрдлийг ойлгоно. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлөөлөх эрхийг бичгээр үйлдэж, өргөдөлд хавсаргасан итгэмжлэлээр баталгаажуулна. Өргөдөл гаргагч тендерт оролцохын тулд урьдчилан шалгаруулалтад шаардагдах өөрийн компанийн болон консорциумын талаархи мэдээллийг өргөдөлд хавсаргасан байна.
2.8. "Тендерийн баримт бичиг" гэдэгт:
      1/Уралдаант шалгаруулалт /тендер/-ын журам;
      2/Ерөнхий мэдээлэл;
      3/Менежментийн гэрээний төслийн иж бүрдлийг тус тус ойлгоно.
2.9. "Тендерт оролцогч" гэж тендерт оролцохоор өргөдөл гаргасан, урьдчилан шалгаруулалтын шатанд Үйлдвэр, худалдааны яам өргөдлийг нь хүлээн авч шалгаруулсан хуулийн этгээд буюу тэдгээрийн хамтарсан консорциумыг хэлнэ.
2.10. "Тендерийн санал" гэж тендерт оролцогчоос тендерт оролцохоор ирүүлсэн саналыг хэлнэ. Тендерийн саналд үр ашигтай, бодит хөрөнгө оруулалтын хэмжээ тодорхой тусгагдсан байна.
2.11. "Тендерийн хураамж" гэж тендерийн баримт бичгээр хангах үйлчилгээний хураамж болгон тендерт оролцогчоос Үйлдвэр, худалдааны яаманд төлөх 1000 /нэг мянган/ ам.долларын буцааж төлөгдөхгүй төлбөрийг хэлнэ.
2.12. "Уралдаант шалгаруулалт /цаашид "тендер" гэх/" гэж тендерт оролцогчдоос ирүүлсэн тендерийн саналуудыг хянан үзэж, ялагчийг тодруулан, түүнтэй менежментийн гэрээ байгуулах үйл ажиллагааг хэлнэ.
2.13. "Менежментийн гэрээний төсөл" гэж Үйлдвэр, худалдааны яамнаас санал болгож байгаа, тендерт оролцогчдод тэдний саналыг авахаар хүргүүлэх менежментийн гэрээний төслийн эхний хувилбарыг хэлнэ.
2.14. "Менежментийн гэрээний шинэчилсэн төсөл" гэж менежментийн гэрээний төслийн эхний хувилбарт тендерт оролцогчдын өгсөн саналыг тусгасан шинэчилсэн хувилбарыг хэлнэ.
2.15. "Менежментийн гэрээний эцсийн төсөл" гэж менежментийн гэрээний шинэчилсэн төсөлд тендерт оролцогчдоос санал болгосон нэмэлт, өөрчлөлтөөс хүлээн авч болохуйц саналуудыг тусган Үйлдвэр, худалдааны яамнаас эцэслэн бэлтгэсэн төслийг хэлнэ.
 
2.16. "Хөрөнгө оруулалтын хэмжээ" гэж  "Замын-Үүд" эдийн засгийн чөлөөт бүсийг барьж байгуулан санхүүжүүлэхэд зориулах тендерт оролцогчоос санал болгож байгаа хамгийн оновчтой, бодит  хөрөнгө оруулалтын хэмжээ (үнийн дүн)-г хэлнэ.
 
Гурав. Тендерийн хуваарь
3.1. Тендерийг энэхүү журамд хавсаргасан хуваарийн дагуу зохион байгуулж явуулна.
 
Дөрөв. Тендерт оролцогч
4.1. Тендерт оролцогчийн эрх зүйн байдал
4.1.1. Урьдчилан шалгаруулалтад тэнцсэн компани, эсхүл тэдгээрийн оролцоотой консорциум зэрэг тодорхой хэмжээнд шаардлага хангасан бүх боломжит хөрөнгө оруулагчид тендерт оролцож болно.
4.1.2. Тендерт оролцогч тендерт өөрийгөө төлөөлүүлэн оролцуулахаар итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж, төлөөлөх эрхийг зохих журмын дагуу бичгээр үйлдсэн итгэмжлэлээр баталгаажуулна.
4.1.3. Тендерт хэд хэдэн хуулийн этгээд хамтарч консорциумын хэлбэрээр оролцож байгаа тохиолдолд тэд зөвхөн нэг /1/ итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилж, тендерт нэг оролцогч болж оролцоно.
4.2. Тендерт оролцогчийн эрх
      4.2.1. Тендерт оролцогч нь тендерт оролцох өргөдлөө ирүүлж, урьдчилан шалгаруулалтад тэнцсэн тохиолдолд Үйлдвэр, худалдааны яамнаас баталж, тэмдэг дарсан тендерийн баримт бичгийн иж бүрэн нэг багцыг авах эрхтэй байна.
      4.2.2. Тендерт оролцогч нь дараахь эрх эдэлнэ:
      1/Мэдээллийн танхимд тавигдсан мэдээллийг ашиглах;
      2/Үйлдвэр, худалдааны яамнаас баталсан хуваарийн дагуу "Замын-Үүд" эдийн засгийн чөлөөт бүстэй танилцах, дүн шинжилгээ болон уулзалт хийх, чөлөөт бүсийн удирдлагатай уулзах, барилга байгууламжийг үзэх;
      3/Үйлдвэр, худалдааны яамнаас бичгээр зөвшөөрөл авсны үндсэн дээр Монгол Улсын Засгийн газрын холбогдох албан тушаалтантай уулзах;
      4/Энэхүү журам болон тендерийн үйл ажиллагаатай холбогдсон мэдээллийн талаар тайлбар, тодруулга авах зорилгоор чөлөөт бүсийг хариуцсан Үйлдвэр, худалдааны яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй уулзах.
Тайлбар авах хүсэлтийг англи буюу монгол  хэл дээр үйлдэж Үйлдвэр, худалдааны яаманд дараахь хаягаар бичгээр ирүүлнэ.
      Үйлдвэр, худалдааны сайд Ч.Ганзориг Танаа
      Үйлдвэр, худалдааны яам
      Засгийн газрын П  байр, А корпус
      210646  Улаанбаатар хот, Монгол Улс
      Утас :  976-11-327912
      Факс :  976-11-327914
Үйлдвэр, худалдааны яам ирсэн бүх хүсэлтэд бичгээр хариу өгөх бөгөөд асуулт, хариултын хувийг тендерт оролцогч бүрт тэдгээрийн өргөдөл дээр заасан хаягаар хүргүүлнэ. Ийнхүү хүргүүлэхдээ буухиа шуудан, баталгаат захиа, факс, эсхүл электрон шууданг ашиглаж болно.
Тендерийн санал авах хугацаа дуусахаас ажлын 5 /тав/-аас доош өдөрт ирүүлсэн тайлбар, тодруулга авах хүсэлтийг Үйлдвэр, худалдааны яам хүлээж авахгүй байж болно.
5/Монгол Улсын хууль тогтоомжоор олгогдсон бусад эрх.
4.3. Тендерт оролцогчийн үүрэг
Тендерт оролцогч нь дараахь үүрэгтэй:
4.3.1. Өөрийн бизнес, эрх зүйн болон санхүүгийн байдлын талаар үнэн зөв мэдээлэл өгөх.
4.3.2. Тендерт оролцох явцад өөрийн бизнес, эрх зүйн болон санхүүгийн байдалд гарсан, тендерт оролцоход нь нөлөөлж болзошгүй аливаа материаллаг өөрчлөлтийн талаар Үйлдвэр, худалдааны яаманд нэн даруй мэдээлэх.
4.3.3. "Замын-Үүд" эдийн засгийн чөлөөт бүсийг иж бүрнээр нь байгуулж хөгжүүлэх үйл ажиллагааг менежментийн гэрээгээр  хэрэгжүүлэх тендерийн бусад оролцогчидтой ямар нэгэн харилцаа холбоо болон хэлэлцээрийн аливаа хэлбэрт орохгүй байх.
4.3.4. "Замын-Үүд" эдийн засгийн чөлөөт бүсэд  хөрөнгө оруулах асуудлаар банк, санхүүгийн байгууллагатай байгуулсан буюу байгуулахаар төлөвлөж байгаа аливаа гэрээ, хэлэлцээрийн талаар Үйлдвэр, худалдааны яаманд бичгээр мэдэгдэх.
4.3.5. Тендерт оролцох буюу оролцохтой холбогдон гарах бүх зардлыг өөрөө хариуцах.
4.3.6. Монгол Улсын хууль тогтоомж болон энэхүү журмыг сахин биелүүлэх.
 
Тав. Тендерийн баримт бичиг
5.1. Тендерт оролцогч тус бүрт тендерийн журам, ерөнхий мэдээлэл, менежментийн гэрээний төслөөс бүрдсэн тендерийн баримт бичгийн нэг иж бүрдлийг олгоно.
 
5.2. Үйлдвэр, худалдааны яамнаас олгох тендерийн баримт бичигт Үйлдвэр, худалдааны яамны тэмдэг дарсан байна.
5.3. Үйлдвэр, худалдааны яам болон зөвлөхүүд тендертэй холбоотой мэдээллийг тендерийн баримт бичигт оруулна. Энэхүү мэдээллийг ашиглахтай холбоотойгоор үүсч болох аливаа үүрэг, хариуцлагыг Үйлдвэр, худалдааны яам болон зөвлөхүүдийн аль аль нь хүлээхгүй.
 
Зургаа. Дүн шинжилгээ хийх
6.1. Тендерт оролцогчдыг тэдгээрийн хүсэлтийн дагуу Засгийн газрын холбогдох албан тушаалтан болон чөлөөт бүсийн удирдлагатай уулзах, газар дээр нь танилцах бололцоогоор хангана.
6.2. Тендерт оролцогчдыг тендерийн саналаа ирүүлэхээс нь өмнө эдийн засгийн чөлөөт бүс дээр очиж дэд бүтэц, хөрөнгө оруулалтын нөхцөлийн талаар нарийвчилсан дүн шинжилгээ хийх, Засгийн газраас дэвшүүлж байгаа зорилтын талаар Үйлдвэр, худалдааны яамны холбогдох албан тушаалтан болон зөвлөхүүдтэй санал солилцох бололцоогоор хангана. Үйлдвэр, худалдааны яам тендерт оролцогч тус бүрт эдийн засгийн чөлөөт бүс дээр очиж нарийвчилсан дүн шинжилгээ хийхэд зориулж ойролцоогоор 1 /нэг/ долоо хоногийн хугацаа олгоно. Оролцогч хүсэлт гаргасан тохиолдолд Үйлдвэр, худалдааны яам өөрийн үзэмжээр нэмэлт хугацаа олгож болно. Дүн шинжилгээ хийх хугацаанд тендерт оролцогчид чөлөөт бүсийн удирдлага, ажилтнуудтай уулзах өргөн боломжоор хангагдана.
6.3. Үйлдвэр, худалдааны яам нь чөлөөт бүс дээр очиж дүн шинжилгээ хийх хуваарийг хүсэлт хүлээж авсан дарааллаар гаргаж, тендерт оролцогчдод энэ тухай факс буюу электрон шуудангаар мэдэгдэнэ.
6.4. Тендерт оролцогч нь тендерийн саналаа ирүүлснээр чөлөөт бүсийн нөхцөл байдлыг судлан зөвшөөрч, эдгээр нөхцөл байдал болон Үйлдвэр, худалдааны яамнаас гаргаж өгсөн бүх мэдээллийн үнэн зөв болохыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно. Байгаа мэдээлэл, бодит байдалтай танилцаж чадаагүй тендерт оролцогч нь тендерийн санал, менежментийн гэрээний төслийг боловсруулах үүргээс чөлөөлөгдөхгүй. Үйлдвэр, худалдааны яам, зөвлөх, чөлөөт бүсийн холбогдох ажилтнуудаас гаргаж өгсөн мэдээлэлд үндэслэн тендерт оролцогчийн гаргасан дүгнэлт, тайлбарын талаар Үйлдвэр, худалдааны яам, зөвлөх, шинжээчдийн баг, чөлөөт бүсийн холбогдох ажилтнуудын аль аль нь хариуцлага хүлээхгүй.
6.5. Тендерт оролцогч дүн шинжилгээ хийхгүй байхаар шийдвэрлэсэн тохиолдолд тендерийн санал өгөх эрхтэй хэвээр  үлдэнэ.
 
Долоо. Менежментийн гэрээний төслийг  эцэслэн боловсруулах
7.1. Тендерт оролцогчдоос 2004 оны  4 дүгээр сарын 7-ны дотор Үйлдвэр, худалдааны яаманд ирүүлж санал болгосон нэмэлт, өөрчлөлтүүдийг харгалзан Үйлдвэр, худалдааны яам менежментийн гэрээний төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулж, уг гэрээний шинэчилсэн төслийг боловсруулна.
7.2. Үйлдвэр, худалдааны яам менежментийн гэрээний шинэчилсэн төслийг боловсруулж, энэ тухай тендерт оролцогч тус бүрт мэдэгдэж, шинэчилсэн төслийн хувийг 2004 оны 4 дүгээр сарын 9-ний дотор хүргүүлнэ.
7.3. Менежментийн гэрээний шинэчилсэн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай  саналаа 2004 оны 4 дүгээр сарын   12-ны дотор ирүүлэхийг тендерт оролцогчдод санал болгоно. Энэ өдрөөс хойш ирүүлсэн санал, тайлбарыг хүлээж авахгүй.
7.4. Менежментийн гэрээний шинэчилсэн төсөлд оруулахаар тендерт оролцогчдоос санал болгосон нэмэлт, өөрчлөлтүүдийг харгалзан Үйлдвэр, худалдааны яам менежментийн гэрээний эцсийн төслийг боловсруулж, тендерт оролцогч тус бүрт 2004 оны 4 дүгээр сарын 14-ний дотор хүргүүлнэ.
 
Найм. Тендерийн санал бэлтгэх, санал ирүүлэхэд тавигдах ерөнхий шаардлага
8.1. Бүх  мөнгөн дүнг Америкийн Нэгдсэн Улсын доллараар илэрхийлнэ.
8.2. Тендерт оролцогчид тендерийн саналыг англи эсхүл монгол хэлний аль нэг дээр бэлтгэж ирүүлнэ. Харин менежментийн гэрээний эцсийн хувилбарыг англи, монгол хэл дээр ирүүлнэ.
8.3. Тендерт оролцогчид тендерийн саналын нэг /1/ эх хувь болон таван /5/ хуулбарыг ирүүлнэ.
8.4. Саналын эх хувь болон хуулбаруудын хооронд аливаа зөрүү гарах тохиолдолд эх хувийг баримтална.
8.5. Тендерт оролцогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тендерийн саналд гарын үсэг зурж, хуудас бүрт хар буюу хөх өнгийн бэхээр нэрийнхээ эхний үсгийг тавьж баталгаажуулна. Итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгосон эрхийг бичгээр гаргаж, тендерийн саналд хавсаргасан итгэмжлэлээр баталгаажуулна.
8.6. Тендерийн саналд оруулсан бүх засварт тендерт оролцогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гарын үсгээ зурах буюу эсхүл  нэрийнхээ эхний үсгийг тавьж баталгаажуулна.
8.7. Тендерийн саналыг шуудангаар ирүүлсэн тохиолдолд Үйлдвэр, худалдааны яаман дээр хүлээн авсан өдрийг тендерийн санал ирүүлсэн  өдөр гэж тооцно.
8.8. Үйлдвэр, худалдааны яам тендерийн саналыг хүлээж авсан огноо, цагийг тэмдэглэсэн баримтыг оролцогч тус бүрт илгээж хүлээн авснаа батална. Шуудангаар ирүүлсэн тендерийн саналд хариу илгээх факсын дугаарыг заагаагүй тохиолдолд хүлээн авсан тухай баримтыг ирүүлсэн саналын дугтуйн дээрх хаягаар юмуу тендерт оролцогчийн Үйлдвэр, худалдааны яамны бүртгэлд тусгагдсан хаягаар илгээнэ.
 
8.9. Тендерт оролцогч нь тендерийн санал хүлээн авах хугацаа дуусахаас өмнө Үйлдвэр, худалдааны яаманд бичгээр мэдэгдэж, тендерийн саналаа өөрчлөх, эсхүл татан авах эрхтэй.
 
Ес. Дэнчин
9.1. Тендерийн саналаа ирүүлэх хүсэлтэй тендерт оролцогчид Үйлдвэр, худалдааны яамны дор дурдсан валютын харилцах дансанд 500000 /таван зуун мянган/ америк долларын дэнчин төлнө.  Үүнд:
Банкны нэр :                        Монгол Улсын "Монголбанк"
SWIFT код :                           BOMUMNUB
Дансны нэр :                        Үйлдвэр, худалдааны яам
Дансны дугаар :  3309001
Харилцагч банк :                Federal Reserve Bank of New York,
                     NY, USA
SWIFT код :                           FRNYUS33
Дансны нэр :                        Монгол банк
Дансны дугаар :  021088506
 
Дэнчин төлснийг нотолсон банкны баримтын хуулбарыг тендерийн саналд хавсаргана.
9.2. Тендерт оролцогч нь дэнчин тавиагүй тохиолдолд тендерт оролцох эрхгүй.
9.3. Тендерт ялагчаар шалгарсан оролцогчийн тавьсан дэнчинг үйл ажиллагаагаа эхэлсний дараа түүний хүсэлтийн дагуу ажлын 7 (долоо) өдөрт багтаан Монгол Улсын аль нэг арилжааны банкинд нээсэн валютын харилцах дансанд нь шилжүүлнэ.
9.4. Тендерийн саналыг үнэлсний дараа, тендерт оролцогч ялагчаар шалгараагүй тохиолдолд тендерийн дэнчинг тендерт оролцогчийн хүсэлтийн дагуу ажлын 7 /долоо/ өдөрт багтаан бүрэн буцаан олгох бөгөөд хүсэлтэд дэнчинг шилжүүлэх банкны дансны дугаарыг тодорхой заана.
9.5. Дэнчинг дараахь тохиолдолд буцааж олгохгүй:
      1/ялагч нь тендерийн саналтайгаа хамт англи, монгол хэл дээр тус бүр хоёр хувь үйлдэж, хувь тус бүр дээр гарын үсэг зурсан менежментийн  гэрээний эцсийн хувилбарыг ирүүлээгүй буюу түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч тендерийн үр дүнгийн тухай мэдэгдэл /тэмдэглэл/-д гарын үсэг зурахаас татгалзсан;
      2/ялагч нь менежментийн гэрээний нөхцөл, болзлыг болон гэрээнд заасан өөрийнхөө аливаа мэдэгдэл, баталгаа, тохиролцоогоо материаллаг байдлаар зөрчсөн.
9.6. Дэнчинд хүү төлөхгүй.
9.7. Дэнчин төлөхтэй холбогдсон банкны бүх зардлыг тендерт оролцогч хариуцна.
 
Арав. Тендерийн санал бэлтгэн ирүүлэх
10.1. "Замын-Үүд" эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулж хөгжүүлэх үйл ажиллагааг менежментийн гэрээгээр хэрэгжүүлэх сонирхолтой стратегийн хөрөнгө оруулагчид дараахь нөхцөлийг хангах шаардлагатай:
10.1.1. Засгийн газраас дэвшүүлсэн дор дурдсан зорилтыг тусгасан бизнесийн стратеги болон үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, тендерийн саналтай хамт ирүүлэх.  Үүнд:
1/  "Замын-Үүд" эдийн засгийн чөлөөт бүсийг орчин үеийн чөлөөт бүсийн жишигт хүргэж  Монгол Улсын төвийн бүсийг хөрөнгө оруулалтын таатай нөхцөл бүхий бүс болгоход хувь нэмэр оруулах замаар улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг түргэсгэхэд нөлөөлөх;
2/ дэлхийн өндөр хөгжилтэй үйлдвэрлэл, технологийн чиглэлээр тэргүүлэгч орнуудтай худалдаа, аялал жуулчлалын болон үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж,  "Замын-Үүд" эдийн засгийн чөлөөт бүсийг орос, хятадын хоёр том зах зээлийг холбосон худалдааны томоохон гүүр болгох, улмаар  Зүүн Өмнөд Азийн орнуудын зах зээлд нэвтрэх гол гарцын нэг болгох;
3/ экспорт, импортын зохистой харьцааг хадгалах, гадаад худалдааг үр ашигтай хөгжүүлэх боломжийг бүрдүүлэх замаар улс орны зах зээлийн хангамж нийлүүлэлтийг сайжруулах.
10.1.2. Бизнесийн төлөвлөгөө болон үйл ажиллагааны стратегийн хүрээнд хүний нөөцийг хөгжүүлэх төлөвлөгөөг боловсруулж  ирүүлэх.
10.2. Тендерийн саналд бизнес төлөвлөгөөний үзүүлэлтүүд, хөрөнгө оруулалтын хэмжээ, хэрэгжүүлэх хугацаа маш тодорхой тусгасан байна. 
10.3. Тендерийн саналын эх хувь болон хуулбаруудыг "ТЕНДЕРИЙН САНАЛ",  "ЭХ ХУВЬ",  "ХУУЛБАР"  гэж хаяглан тус тусад нь битүүмжлэн дугтуйлна.  Эдгээр дугтуйг өөр дугтуйд давхар хийж битүүмжилнэ. Гаднах дугтуй дээр Үйлдвэр, худалдааны яамны хаяг, тендерт оролцогчийн албан ёсны нэр, хаягийг бичиж:
"ЗАМЫН-ҮҮД" ЧӨЛӨӨТ БҮСИЙН УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТ/ТЕНДЕР/-Т ОРОЛЦОХ НУУЦ САНАЛ-ТЕНДЕРИЙН САНАЛ"
"ШИНЖЭЭЧДИЙН БАГИЙГ БАЙЛЦУУЛАХГҮЙГЭЭР НЭЭХИЙГ ХОРИГЛОНО" гэсэн тэмдэглэл хийнэ.
 
Тендерийн саналыг Үйлдвэр, худалдааны яамны дараахь хаягаар 2004 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 16.00 цаг (Улаанбаатарын цагаар)-аас өмнө ирүүлнэ.
Үйлдвэр, худалдааны сайд Ч.Ганзориг Танаа
      Үйлдвэр, худалдааны яам
      Засгийн газрын П  байр, А корпус
      210646  Улаанбаатар хот, Монгол Улс
      Утас :  976-11-327912
      Факс :  976-11-327914
10.4. Тендерийн санал
Тендерийн санал нь дор дурдсан хэсгүүдээс бүрдэнэ.  Үүнд:
А. Тендерт оролцогчийн талаархи мэдээлэл.  Үүнд:
Тендерт оролцогчийн бизнесийн үйл ажиллагааны чиглэл, компанийн бүтэц, үйл ажиллагааны дэлгэрэнгүй танилцуулга (консорциумаар оролцож байгаа тохиолдолд хамтарч буй банк болон компани тус бүрээр гаргаж өгнө);
Сүүлийн гурван /3/ жилийн байдлаар гаргаж аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан тэнцэл (нээлттэй компанийн хувьд хувьцаа эзэмшигчдэд зориулсан сүүлийн     3 жилийн тайлан);
Тендерт оролцогчийн нийт гаргасан буюу бусад хэлбэрээр өмчилж байгаа хувьцааны 5 /тав/-аас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчдийн жагсаалт (консорциумаар оролцож байгаа тохиолдолд хамтарч байгаа компани тус бүрийн нийт гаргасан буюу бусад хэлбэрээр өмчилж байгаа хувьцааны 5 /тав/-аас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчдийг энэхүү жагсаалтад оруулна);
Тендерт оролцогчоос санал болгож байгаа тендерт холбогдолтой байж болох бусад нэмэлт мэдээлэл.
Б. Бизнесийн стратеги болон үйл ажиллагааны төлөвлөгөө
Бизнесийн стратеги болон үйл ажиллагааны төлөвлөгөөнд эдийн засгийн чөлөөт бүсийг цаашид хөгжүүлэх бизнесийн стратегийг тодорхойлно. Тав (5)-аас доошгүй жилийг хамарсан энэхүү төлөвлөгөөнд дор дурдсан арга хэмжээг тусгасан байвал зохино. Үүнд:
      (1) "Замын-Үүд" эдийн засгийн чөлөөт бүсийг олон улсын жишигт нийцсэн чөлөөт бүс болгон барьж байгуулахад хөрөнгө оруулалт хийх талаар санал болгож байгаа ерөнхий стратегийн зорилго;
      (2)"Замын-Үүд" эдийн засгийн чөлөөт бүсэд бий болгож хөгжүүлэх бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээ, үйл ажиллагааны хөгжил;
      (3)Төлөвлөж байгаа санхүүгийн үндсэн үзүүлэлтүүд, таван  жилийн санхүүгийн прогноз;
      (4)"Замын-Үүд" эдийн засгийн чөлөөт бүсийн дэд бүтцийн барилга байгууламж болон үйлдвэрлэлийн, худалдааны, аялал жуулчлал-үйлчилгээний хэсгийг барьж байгуулах, хөгжүүлэх хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэх хугацаа, өртөг зардлын бүтэц;
      (5)"Замын-Үүд" эдийн засгийн чөлөөт бүсийг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө болон мастер төлөвлөгөө;
      (6)"Замын-Үүд" эдийн засгийн чөлөөт бүсийн ажилтан, албан хаагчдыг сургах сургалтын хөтөлбөр, удирдлага зохион байгуулалтын хөгжил, гадаадын удирдлагын бүрэлдэхүүн, тоо, албан тушаал зэргийг тусгасан хүний нөөцийг хөгжүүлэх төлөвлөгөө;
      (7)Байгаль орчинд харш нөлөө үзүүлэхгүй бизнесийн үйл ажиллагаа явуулах, түүнийг дэмжихэд чиглэгдсэн олон улсын практикийг хэрэгжүүлэх амлалт.
В. Дэнчин төлснийг нотлох баримт
Г. Тендерийн энэхүү журмын сүүлчийн хуудсанд гарын үсэг зурсан хуулбар. Тендерт оролцогч нь Тендерийн журамд гарын үсэг зурснаар энэхүү журмын заалтыг сахин мөрдөж, түүнд тусгасан бүх нөхцөл болзлыг хүлээн зөвшөөрснөө илэрхийлнэ.
Д. Тендерт оролцохыг зөвшөөрч тухайн хуулийн этгээдийн удирдах байгууллагаас гаргасан шийдвэр  (консорциумаар оролцож байгаа тохиолдолд хамтарч буй хуулийн этгээд тус бүрийн удирдах байгууллагаас тендерт оролцохыг зөвшөөрч гаргасан шийдвэр).
10.5. Менежментийн гэрээ
А. Тендерт оролцогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зохих журмын дагуу гарын үсэг зурсан менежментийн гэрээний эцсийн төслийн англи болон монгол хэл дээрх тус бүр хоёр ижил эх хувь. Менежментийн гэрээний эцсийн хувилбарын гарын үсэг зурсан хоёр эх хувийг тендерийн  саналын эх хувьд хавсаргасан байх шаардлагатай. Тендерт оролцогчоор бөглүүлэхээр зориуд хоосон үлдээсэн хэсгийг бөглөхөөс өөрөөр менежментийн гэрээний эцсийн хувилбарт өөрчлөлт оруулахыг үл зөвшөөрнө.
Менежментийн гэрээний эцсийн хувилбарт дараахь зүйлийг хавсаргана:
(1) Менежментийн гэрээний эцсийн хувилбарт гарын үсэг зурахыг зөвшөөрсөн хуулийн этгээдийн удирдах байгууллагын шийдвэр  (консорциумаар оролцож байгаа тохиолдолд хамтарч байгаа хуулийн этгээд тус бүрийн удирдах байгууллагаас гарсан шийдвэр);
(2) Итгэмжлэгдсэн төлөөлөгчид дараахь эрх олгосныг нотлох итгэмжлэл:
Гэрээнд гарын үсэг зурах ,
Тендерийн саналыг нээх ажиллагаанд тендерт оролцогчийг төлөөлөх.
 
Тендерт оролцогчийн өргөдөлд хавсаргасан итгэмжлэлд эдгээр эрхийг итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгосон тохиолдолд итгэмжлэлийн хувийг хавсаргана.
 
Арван нэг. Снхүүгийн санал
11.1. Үйлдвэр, худалдааны яам тендерийн саналыг үнэлүүлэх зорилгоор шинжээчдийн багийг томилно.
11.2. Шинжээчдийн баг нь тендерийн саналыг дор дурдсан шалгаруулах үзүүлэлтүүдийг үндэслэн онооны системээр  үнэлнэ.  Үүнд:
Эдийн засгийн чөлөөт бүсэд болон тухайн бизнесийн салбарт үйл ажиллагаа явуулж ирсэн туршлага, санхүүгийн чадавхи, нэр  хүнд, бизнесийн ур чадвар (0-30 оноо);
Санал болгож байгаа бизнесийн стратеги болон үйл ажиллагааны төлөвлөгөөний чанар, түүнд Засгийн газраас дэвшүүлсэн зорилтыг хүлээн авч тусгасан байдал  (0-25 оноо);
Байгаль орчинд харш нөлөө үзүүлэхгүй бизнесийн үйл ажиллагаа явуулах, түүнийг дэмжихэд чиглэгдсэн олон улсын  практикийг хэрэгжүүлэх амлалт (0-10 оноо);
Хөрөнгө оруулалтын санал  (0-35 оноо).
Нийлбэр дүнгээр хамгийн өндөр гэхдээ 85-аас доошгүй оноо авсан  тендерийн  санал  ирүүлсэн оролцогчийг тендерийн ялагчаар  шалгаруулна.
11.3. Тендерийн  саналыг тендерт оролцогчдын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг байлцуулан нийтийн өмнө тендерийн хуваарьт заасны дагуу 2004 оны 4 дүгээр сарын   26-ны өдөр  тендерийн комисс  задална.
11.4. Тендерт оролцогчийн нэр болон "Замын-Үүд" эдийн засгийн чөлөөт бүсэд оруулах хөрөнгө оруулалтын нийт хэмжээг чангаар уншиж, бүртгэнэ. Шинжээчдийн баг тендерийн санал болгонд менежментийн гэрээний эцсийн төслийг хавсаргаж, зохих журмын дагуу гарын үсэг зурсан эсэхийг шалгах бөгөөд тендерийн саналуудыг нийтийн өмнө задлах ажиллагааны тэмдэглэл хөтөлнө.
11.5. Тендерийн саналыг үнэлэх үйл ажиллагааг ажлын 3 (гурав) өдөрт дуусгасны дараа шинжээчдийн баг нь тендерийн саналын үнэлгээний тайлан гаргана.
11.6. Тендерийн  саналын  үнэлгээний тайлан гаргасан өдрөө шинжээчдийн баг нь тендерийн  үр дүнгийн мэдэгдэл /тэмдэглэл/-ийн төслийг бэлтгэж, Үйлдвэр, худалдааны яамны тендерийн комиссоор хянуулан батлуулна.
11.7. Хоёр буюу түүнээс дээш тендерт оролцогч ижил оноо авсан тохиолдолд  тэдгээрийг энэхүү журмын нэгдүгээр үзүүлэлтийн саналын үнэлгээгээр авсан онооны дагуу эрэмбэлнэ. Хэрэв энэ  саналын үнэлгээгээр авсан оноо нь мөн тэнцэж байвал хөрөнгө оруулалтын  шинэ саналыг нэг цагийн дотор бичгээр өгөх боломж олгоно. Шаардлагатай тохиолдолд энэ ажиллагааг аль нэг тендерт оролцогч бусдаасаа илүү оновчтой хөрөнгө оруулалтын санал ирүүлэх хүртэл үргэлжлүүлэн явуулна.
11.8. Үйлдвэр, худалдааны яам тендерт ялагчаар шалгараагүй оролцогчдод энэ тухай болон дэнчинг буцаан олгох тухай мэдэгдэнэ.  Мэдэгдлийг буухиа шуудан, факс буюу электрон шуудангаар явуулж болно.
11.9. Шинжээчдийн баг болон Үйлдвэр, худалдааны яамны тендерийн комиссын гишүүд мөн өдөр нээлттэй хамтарсан хуралдаан хийж, Үйлдвэр, худалдааны сайд гарын үсэг зурсан тендерийн нэгдсэн мэдэгдэл /тэмдэглэл/-ийг уншиж тендерийн үр дүнг зарлана.
11.10. Ялагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг тендерийн үр дүнгийн мэдэгдэл /тэмдэглэл/-д гарын үсэг зурахыг урих бөгөөд түүнд уг мэдэгдлийн гарын үсэг зурсан хувийг Үйлдвэр, худалдааны сайд хуудас бүр дээр гарын үсэг зурсан  менежментийн гэрээний эх хувьтай хамт олгоно.
 
Арван хоёр. Тендерийг явагдаагүйд болон хүчингүйд  тооцох өргөдөл, санал ирүүлэх хугацаа
12.1. Үйлдвэр, худалдааны яам өргөдөл, санал ирүүлэх хугацааг өөрийн санаачилгаар эсхүл тендерт оролцогчийн хүсэлтийн дагуу сунгах буюу тендерийн хугацааг хэдийд ч ямар ч байдлаар өөрчилж болно.
12.2. Монгол Улсын Засгийн газар нь аль ч үед урьдчилан мэдэгдэлгүйгээр уралдаант шалгаруулалт /тендер/-ын журмын аль ч заалтыг хасах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах эрхтэй. Тендерийн журамд оруулсан аливаа өөрчлөлтийн талаар  Үйлдвэр, худалдааны яам бүх оролцогчдод бичгээр мэдэгдэнэ.
 
Тендерт оролцогчийн гарын үсэг
 
 
 
 
 
 
он, сар, өдөр
 
 
 
 
 
 
 
-----оОо-----