A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2004 оны 248 дугаар тогтоолын хавсралт

ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР
 
1. Нийтлэг үндэслэл
1.1. Оршил
Гадаад хэргийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр (цаашид "хөтөлбөр" гэх)–т Гадаад хэргийн сайдын болон Засгийн газрын Танхимын шийдвэрийг боловсруулах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн гадаад харилцааны стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамж, төрийн захиргааны удирдлага, зохицуулалтаар хангах, бодлогын хэрэгжилтэд хяналт тавих, шинжилгээ хийх, үр дүнг тооцох, үнэлгээ өгөх, гадаад харилцааны мэдээлэл, сурталчилгаа, консулын үйлчилгээг эрхлэн явуулах, хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдийн хууль ёсны эрх ашиг, бизнесийн ашиг сонирхлыг хамгаалахтай холбогдсон асуудлыг хамарсан Гадаад хэргийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн загварыг тодорхойлов.
1.2. Үндэслэл
Хөтөлбөрийг Улсын Их Хурлын 1996 оны 38 дугаар тогтоолоор зөвшөөрсөн "Монгол Улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн талаар баримтлах бодлого"-ын баримт бичиг, Засгийн газрын бүтцийн тухай хууль, Яамны эрх зүйн байдлын тухай хуулийг үндэслэн боловсруулав.
1.3. Хууль тогтоомжийн орчин
Хөтөлбөрийг дор дурдсан хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлнэ:
Монгол Улсын Үндсэн хууль;
Засгийн газрын тухай хууль;
Засгийн газрын бүтцийн тухай хууль;
Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль;
Яамны эрх зүйн байдлын тухай хууль;
Төрийн албаны тухай хууль;
Дипломат албаны тухай хууль;
Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хууль;
Хөдөлмөрийн тухай хууль;
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль;
Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал;
Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлал;
Бусад хууль тогтоомж.
1.4. Арга зүй
Хөтөлбөрийг боловсруулахад гадаад харилцааны салбарт хуримтлагдсан түүхэн туршлага, олон улсын жишиг, гадаад орчны өөрчлөлт, төрийн захиргааны шинэчлэлийн удирдлага, үйл ажиллагааны онцлог, төлөвлөлт, зохицуулалтын арга зүйг ашиглав.
1.5. Чиг үүргийн байгууллагын үүрэг хариуцлагын ерөнхий хуваарь
Гадаад хэргийн яам нь Засгийн газрын үйл ажиллагааны стратегийг хэрэгжүүлэх талаар гадаад харилцааны хүрээнд дээр дурдсан чиглэлээр үүрэг хариуцлага хүлээж, Гадаад хэргийн сайд, Засгийн газрын Танхимд бүх талын зөвлөлгөө, дэмжлэг үзүүлнэ.                 ГХЯ нь гадаад харилцааны салбарын бодлого, төлөвлөлт болон төсвийн зарцуулалтын тэнцвэр, харилцан уялдаа холбоог хангах асуудалд хууль тогтоомжийн хүрээнд идэвх санаачилгатай оролцож, зөв зохистой удирдахад анхаарлаа төвлөрүүлнэ. Гадаад хэргийн яам эрхэлсэн асуудлын чиглэлээр Засгийн газрын зөвлөхийн үүрэг хүлээнэ.
1.6. Стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр
Гадаад хэргийн яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр, ялангуяа үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийг оновчтой, бүрэн тодорхойлох нь яамны үйл ажиллагааны стратегийг тогтооход чухал ач холбогдолтой.
Энэ хэрэгцээний эх үүсвэрт дор дурдсан үйлчлүүлэгч буюу хэрэглэгч хамаарна:

Гадаад хэргийн яамны үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгч нь Засгийн газрын Танхим, Гадаад хэргийн сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга байх бөгөөд шууд бус үйлчлүүлэгч нь нийт байгууллага, иргэд болно. Гадаад хэргийн яамны стратегийн удирдлага, зохицуулалт нь дээр дурдсан хэрэгцээний эх үүсвэр, үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангахтай холбогдон үүсэх олон төрлийн харилцааг зохицуулахад чиглэнэ. Гадаад хэргийн яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээг хангах үйлчилгээний хүрээ, төрөл, хэлбэрийг хэрэгцээний эх үүсвэр тус бүрээр тогтоон яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн зорилт, чиг үүрэг, төрийн албан хаагчдын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод нарийвчлан тусгаж хэрэгжүүлнэ.
 
2. Гадаад хэргийн яамны үйл ажиллагааны стратеги
2.1. Үйл ажиллагааны стратегийн мөн чанар
Гадаад хэргийн яамны үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, тэргүүлэх чиглэл, гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээний зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн Гадаад хэргийн сайдын үйл ажиллагаанд өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөлгөө, бүх талын дэмжлэг үзүүлэхэд оршино.
2.2. Үйл ажиллагааны стратегийн гадаад орчин
Олон улсын харилцаанд гарч буй шинэ чиг хандлагууд нь Монгол Улсын гадаад орчинд урт хугацаанд нөлөөлж, төрийн гадаад бодлогыг тодорхойлоход зайлшгүй харгалзан үзэх хүчин зүйл болж байна. Даяаршлын үйл явц гүнзгийрэн, улс орнуудын харилцан хамаарал нэмэгдэж байгаа нь Монгол Улсыг ч хамран, түүний гадаад орчинг тодорхойлох нэгэн чухал хүчин зүйл болж байна. Мэдээлэл, харилцаа холбооны технологи асар түргэн хөгжихийн хэрээр гадаад харилцааны субъектүүдийн хүрээ өргөжин тэлж байна. Аюулгүй байдлын уламжлалт утга өөрчлөгдөн, хүний аюулгүй байдлын үзэл баримтлал өргөн дэмжлэг хүлээж, улам олон салбар хүрээг хамрах болж, терроризмын уламжлалт бус аюул, занал дэлхийн, бүс нутгийн болон улс орнуудын анхаарлын төвд гарч ирэв. Эдгээр үйл явцын өрнөлтөд Монгол Улсыг зохистой хэлбэрээр хамруулах, улс орны аюулгүй байдлыг хангах, үндэсний хөгжлийн таатай гадаад орчинг бүрдүүлэх зорилгын хүрээнд бодлого боловсруулан хэрэгжүүлэх, гадаад харилцааны субъектүүдийн үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах зэрэг зорилтууд Гадаад хэргийн яамны өмнө тулгараад байна. Стратегийн гадаад орчныг зөв тодорхойлох нь тус яамны үйл ажиллагааны эрхэм зорилго, стратегийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой.
2.3. Үйл ажиллагааны эрхэм зорилго
Гадаад хэргийн яамны эрхэм зорилго нь Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний хөгжилд олон улсын таатай гадаад орчинг бүрдүүлэхэд оршино.
Энэ эрхэм зорилгыг биелүүлэхдээ Монгол Улсын гадаад харилцааг Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалд тодорхойлсон зарчим, чиглэлийг улс орны болон дэлхий дахины шинэ нөхцөл байдалтай уялдуулан тууштай хэрэгжүүлж, үндэсний язгуур эрх ашиг, тогтвортой хөгжлийн зорилгод нийцсэн бие даасан, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогыг идэвхтэй явуулах, гадаад бодлогын залгамж чанар, нэгдмэл байдлыг эрхэмлэж, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, олон улсын хамтын нийгэмлэгт эзлэх байр суурийг бэхжүүлэх үйл ажиллагааг тууштай үргэлжлүүлэх зорилтуудыг удирдлага болгоно.
2.4.Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл
Гадаад хэргийн яам нь дор дурдсан үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлтэй ажиллана:
2.4.1. Монгол Улсын аюулгүй байдлыг хангах таатай гадаад орчныг бүрдүүлэх;
2.4.2. Монгол Улсын үндэсний хөгжлийг хангах таатай гадаад орчныг бүрдүүлэх;
2.4.3. Монгол Улсын иргэдийн эрх ашиг, бизнесийн ашиг сонирхлыг хилийн чанадад хамгаалах.
2.5. Үйл ажиллагааны стратегийн зорилт
 
Гадаад хэргийн яам нь эрхэм зорилго, тэргүүлэх чиглэлийн хүрээнд үйл ажиллагааны стратегийн дор дурдсан зорилтуудыг дэвшүүлж хэрэгжүүлнэ:
2.5.1. Гадаад бодлогын стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах;
2.5.2. Төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах;
2.5.3. Гадаад бодлогын хэрэгжилтийг нэгдсэн зохицуулалтаар хангах;
2.5.4. Гадаад бодлогын хэрэгжилтэд хяналт тавих, дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх.
2.6. Үйл ажиллагааны гол зорилт
Гадаад хэргийн яамны үйл ажиллагааны стратегийн зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн дор дурдсан үйл ажиллагааны гол зорилтыг хэрэгжүүлнэ:
2.6.1. Үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:
2.6.1.1. Гадаад бодлогын урт, дунд, богино хугацааны стратегийг төлөвлөх;
2.6.1.2. Гадаад бодлогын холбогдох гэрээ, хэлэлцээр, төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл боловсруулах;
2.6.1.3. Гадаад бодлогын хэрэгжилтийг удирдамжаар хангах, зохицуулалт хийх;
2.6.1.4. Гадаад бодлогын хэрэгжилтийг сурталчлах, хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах.
2.6.2. Үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд:
2.6.2.1. Төрийн захиргааны удирдлагыг боловсронгуй болгох;
2.6.2.2. Хүний нөөцийн удирдлагыг боловсронгуй болгох;
2.6.2.3. Гадаад хэргийн сайдаас гаргах шийдвэрт бүх талын дэмжлэг үзүүлэх;
2.6.2.4. Яам, системийн байгууллагын үйл ажиллагааны үр дүн, үр ашгийг дээшлүүлэх. 
2.6.3. Үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:
2.6.3.1. Хоёр талын харилцааны бодлогыг хэрэгжүүлэх, зохицуулах;
2.6.3.2. Олон талт хамтын ажиллагааны бодлогыг хэрэгжүүлэх, зохицуулах;
2.6.3.3. Олон улсын хууль, эрх зүйн бодлогыг хэрэгжүүлэх, зохицуулах;
2.6.3.4. Консулын бодлогыг хэрэгжүүлэх, зохицуулах;
2.6.3.5. Дипломат ёслолын бодлогыг хэрэгжүүлэх, зохицуулах;
2.6.3.6. Гадаад хэргийн төв архивын бодлогыг хэрэгжүүлэх, зохицуулах.
2.6.4. Үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:
2.6.4.1. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Гадаад хэргийн сайд хариуцахаар тусгагдсан арга хэмжээний хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийж, биелэлтийг хангуулах арга хэмжээ авах;
2.6.4.2. Гадаад харилцааны бодлого, хууль тогтоомж, хөтөлбөр, төсөл, төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих, түүнд дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, санал үндэслэл боловсруулах.
2.7. Үйл ажиллагааны зорилт
Гадаад хэргийн яамны үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд түүнийг хэрэгжүүлэхэд чиглэсэн тус яамны нэгжүүдийн үйл ажиллагааны үндсэн чиглэл, хариуцах асуудлын хуваарийг тодорхойлж хэрэгжүүлнэ.
2.8. Үйл ажиллагааны стратегийн загвар
Гадаад хэргийн яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загварыг дор дурдсанаар тодорхойлж байна:
ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИЙН ЗАГВАР

3. Гадаад хэргийн яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, санал болгож буй зохион байгуулалтын бүтэц, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүрэг
3.1. Бүтцийн ерөнхий тогтолцоо боловсруулахад баримтлах зарчим
Гадаад хэргийн яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, санал болгож буй зохион байгуулалтын бүтцийг боловсруулахад дор дурдсан зарчмыг баримтлав:
3.1.1. Засгийн газрын үйл ажиллагааны стратегитай уялдуулсан байх зарчим;
3.1.2. Эрх мэдлийн ялгаа, зааг тодорхой, итгэл хүлээхүйц байх зарчим;
3.1.3. Үзэгдэхүйц үйлчилгээний болон стратегийн удирдлагын баримжаатай байх зарчим;
3.1.4. Бүтцийн хувьд энгийн байх зарчим;
3.1.5. Тэнцвэрийг хангах, хяналтын хүрээг тогтоох зарчим;
3.1.6. Улс төрийн нөлөөллөөс ангид байх зарчим;
3.1.7. Хангалттай чадавхи, бодитой үйл ажиллагааны зарчим.
3.2. Зохион байгуулалтын бүтэц
Гадаад хэргийн яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загвараас дор дурдсан зохион байгуулалтын бүтцийн нэгж урган гарч байна. Үүнд:
3.2.1. Стратегийн бодлого төлөвлөлт, мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний асуудал эрхэлсэн зохион байгуулалтын нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 1, 4 дүгээр зорилтын хүрээнд Гадаад хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний стратегийн бодлого, байр суурь, төлөвлөгөө, хөтөлбөр, бусад холбогдох баримт бичгийг боловсруулах, гадаад бодлогын хэрэгжилтэд хяналт тавих, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Гадаад хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний зорилт, үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавих үндсэн чиг үүргийг хүлээж, гадаад бодлогын урт, дунд, богино хугацааны стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, хэвлэл мэдээллийн үйл ажиллагааг зохион байгуулах, олон нийттэй харилцах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Засгийн газрын Танхим, Гадаад хэргийн сайд, дэд сайдын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд чиглэгдэж, төр, засгийн удирдлагаас бүс нутгийн болон олон улсын тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг тодорхойлоход шаардлагатай, цаг үеэ олсон, соргог мэдрэмж бүхий өндөр мэргэшлийн шуурхай зөвлөлгөө, шаардлагатай мэдээ мэдээлэл, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.
Мөн энэ нэгж нь гадаад бодлогын хэрэгжилтийн мэдээллийн сан бүрдүүлэх, төр, олон нийтийг гадаад бодлогын хэрэгжилтийн талаархи мэдээллээр хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
3.2.2. Хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа эрхэлсэн зохион байгуулалтын нэгжүүд, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ чиглэлийн нэгжүүд нь үйл ажиллагааны стратегийн   3 дугаар зорилтын хүрээнд Монгол Улсаас гадаад орнуудтай хоёр болон олон талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх бодлогыг төлөвлөн, хэрэгжилтийг хангах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ. Эдгээр нэгжүүд нь Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний хөгжилд таатай гадаад орчин бүрдүүлэх эрхэм зорилгыг хэрэгжүүлэхдээ дор дурдсан нийтлэг үйл ажиллагааг эрхлэн явуулна:
-тус тусын хариуцсан бүс нутгийн орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, түншлэлийн түвшинд хүргэх, үр ашгийг нь дээшлүүлэх, олгож буй зээл, тусламжийн хэмжээг бууруулахгүй байх арга зам хайх;
-улс төр, соёл, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээр, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд оролцох;
-хоёр талын харилцааны асуудлаар Засгийн газрын байр суурийг боловсруулах;
-дипломат төлөөлөгчдийн газруудын үйл ажиллагааг удирдан заавар, чиглэлээр хангаж, ажилд нь үнэлэлт, дүгнэлт өгөх;
-дээр дурдсан асуудлуудаар санал боловсруулж, судалгаа хийх, удирдах дээд байгууллагуудыг мэдээллээр хангах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлнэ.
3.2.3. Олон улсын байгууллагатай хамтран ажиллах, олон талт хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн зохион байгуулалтын нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Эдгээр нэгжүүд нь үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний хөгжилд олон улсын таатай гадаад орчин бүрдүүлэх зорилгоор Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний системийн болон олон улсын Засгийн газар хоорондын бусад байгууллагын хүрээнд явуулах бодлого, олон талт дипломат үйл ажиллагааг төлөвлөн, хэрэгжүүлэх үндсэн үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгж нь дурдсан нийтлэг үйл ажиллагааг эрхлэн явуулна:
-НҮБ, түүний системийн болон олон улсын бусад байгууллагатай харилцах өдөр тутмын ажлыг гүйцэтгэж, тэдгээрийн өмнө манай улсын хүлээсэн үүргийг биелүүлэх;
-олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах чигийг тодорхойлж, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, үр өгөөжийг нь дээшлүүлэх;
-олон улсын байгууллагуудаас авч буй тусламжийн хэмжээг бууруулахгүй байх, тусламжийн шинэ эх үүсвэр олох;
-олон улсын байгууллагуудын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, тэдгээрийн шугамаар зохиогдож буй хурал, чуулганд төлөөлөгчид оролцуулах, баримтлах удирдамж боловсруулах, байр сууриа илэрхийлэх;
-мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, ядуурлыг бууруулах, олон улсын терроризмтой тэмцэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ажиллагааг зохицуулах;
-олон улсын байгууллагуудаас баталж гаргасан олон улсын гэрээ, конвенцид нэгдэн орох асуудлыг судалж санал боловсруулах, нэгдэж орсон гэрээ, конвенцийн биелэлтийн тухай илтгэл, мэдээлэл нэгтгэн боловсруулж гаргах;
-НҮБ, түүний системийн байгууллагуудын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газруудын ажлыг удирдах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлнэ.
3.2.4. Гэрээ, эрх зүйн асуудал эрхэлсэн зохион байгуулалтын нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Нэгж нь үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд гадаад харилцааг олон улсын эрх зүйн зарчмын дагуу хэрэгжүүлэхэд мэргэжлийн туслалцаа үзүүлэх, хоёр болон олон талт гэрээ, хэлэлцээр байгуулах, улсын хилийн эрх зүйн зохицуулалтыг хангах үндсэн үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа Монгол Улсын олон улсын гэрээ байгуулах ажлыг үндэсний хэмжээнд аргачлал, хяналтаар хангах, хэлэлцээ хийх, ёсчлон бэлтгэх, батлуулах, архивт оруулах, үндэсний хууль тогтоомж болон олон улсын гэрээний эрх зүйн уялдааг хангах, орчуулга хийлгэх,  олон улсын гэрээний бүртгэл судалгааг хөтлөх, хэвлэн нийтлүүлэх, биелэлтэд нь хяналт тавих, байгууллагуудад хүсэлтийн нь дагуу олон улсын эрх зүйн зөвлөлгөө өгөх, мэдээллээр хангахад чиглэгдэнэ.
Хоёр хөрш оронтой хилийн салбарт харилцах, түүний эрх зүйн орчинг боловсронгуй болгох, Монгол-Орос, Монгол-Хятадын хилийн харилцааны гэрээ, хэлэлцээр, протоколын биелэлтийг хангуулах, хил орчмын тулгамдсан асуудлуудыг эрх зүйн хүрээнд зохицуулах, хилийн бүс нутаг дахь аж ахуйн байгууллагуудын үйл ажиллагаанд зохицуулалт хийх, хөрш орнуудын хилийн салбар дахь бодлогын судалгаа явуулах, эдийн засгийн онцгой бүсийн харилцааны эрх зүйн орчинг бүрдүүлэх, улсын хил шалгалтын ажилд дэмжлэг үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.
3.2.5. Консулын бодлого, үйлчилгээний зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Консулын бодлого, үйлчилгээний нэгж нь үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд Монгол Улсын консулын бодлогыг төлөвлөн хэрэгжүүлэх, консулын харилцааг эрхлэн гүйцэтгэх үндсэн чиг үүрэгтэй.
Энэ нэгж нь өөрийн улсын иргэд, байгууллагын хууль ёсны эрх, бизнесийн ашиг сонирхлыг хилийн чанадад хамгаалах, хүсэлт, гомдлыг нь барагдуулах, хилийн чанадад зорчиж буй монгол иргэдийн бүртгэл, судалгаа хийх, гадаадын иргэдийн асуудлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт зохицуулах, консулын асуудлаар байгуулагдсан гэрээ, хэлэлцээр, протоколын хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих, иргэд хилийн чанадад зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, паспорт, виз олгох, гадаадын иргэдэд консулын үйлчилгээ үзүүлэх, нотариатын үйл ажиллагаа явуулах, хилээр зорчиж буй иргэдийн бүртгэл тооцоог нэгтгэх, судалгаа хийх, консулын тайлан гаргах, өөрийн улсын Ерөнхий консулын газар болон Өргөмжит консулуудыг удирдлага, заавраар хангах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлнэ.
3.2.6. Төрийн захиргаа, удирдлагын асуудал эрхэлсэн зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд төрийн захиргаа болон хүний нөөцийн удирдлагаар хангах, яамны үйл ажиллагаанд удирдлагын тэргүүний туршлага, шинэлэг арга зүйг нэвтрүүлэх, хүний нөөцийн удирдлага, зохицуулалтын асуудлыг шийдвэрлэх, үр дүнгийн гэрээ байгуулах, мэдээ тайланг гаргуулах, хариуцлага тооцох, шагнаж урамшуулах тогтолцоог оновчтой бүрдүүлэх, нийт үйл ажиллагааг нэгдсэн зохицуулалт, үйлчилгээгээр хангах зэрэг үндсэн үүрэг хэрэгжүүлнэ.
Энэ нэгж нь харьяандаа хүний нөөцийн, мэдээллийн сүлжээний нэгжтэй байх бөгөөд яамны удирдлагын үйл ажиллагааг дэмжих, мэргэшсэн, чадварлаг боловсон хүчнээр хангах, хууль тогтоомж, дээд байгууллага, яамны удирдлагын шийдвэрийн хэрэгжилтийг хангах, төрийн нууцын хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, хөдөлмөрийн сахилга бат, дотоод дэг журмыг чанд мөрдүүлэх, дотоодын хяналт шалгалтыг сайжруулах, дипломат шуудан, холбоо, бичиг хэрэг, компьютер, дотоод сүлжээний үйлчилгээг эрхлэх, иргэдийн өргөдөл, гомдлыг барагдуулах, төсөв, санхүү, аж ахуйн асуудлыг зохицуулах зэрэг нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлнэ.
3.2.7. Дипломат ёслолын бодлого, үйлчилгээ эрхэлсэн зохион байгуулалтын нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд Монгол Улсын дипломат ёслолын бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг улсын хэмжээнд нэгдсэн зохион байгуулалтаар зохицуулж, хангах үндсэн үүргийг хэрэгжүүлнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд нарын гадаад оронд хийх албан ёсны айлчлал болон гадаадын дээд, өндөр хэмжээний зочин төлөөлөгчдийн айлчлалын бэлтгэлийг хангах, гадаадын дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн нар Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барих, гадаадын зочин төлөөлөгчид төр, засгийн удирдагч нарт бараалхах, Улаанбаатар дахь дипломат төлөөлөгчдийн газруудын эрх ямба, халдашгүй дархан эрхтэй холбогдсон асуудал, дипломат корпусыг баяр ёслолын арга хэмжээнд урьж оролцуулах зэрэг төрийн дипломат ёслолтой холбогдсон чиг үүргийг хэрэгжүүлнэ.
3.2.8. Гадаад хэргийн архивын бодлого, үйлчилгээ эрхэлсэн зохион байгуулалтын нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд Монгол Улсын гадаад хэргийн төв архивын бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг хангах, байгууллага, ард иргэдэд архивын хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх үндсэн үүргийг хэрэгжүүлнэ.
Тус нэгж нь Монгол Улсын гадаад харилцаатай холбоотой болон тус яамны үйл ажиллагааны явцад үүсч бүрдсэн баримт бичгүүдийг хууль тогтоомжийн дагуу төвлөрүүлэн хадгалах, түүх, улс төр, эдийн засаг, эрдэм шинжилгээний ач холбогдолтой материалуудыг цуглуулах, сан хөмрөгийг бүрдүүлэх, баяжуулах, хосгүй үнэт баримт бичгүүдийг сэлбэн засах, нөхөн сэргээх, тоо бүртгэл хөтлөх, эрдэм шинжилгээ, мэдээллийн лавлагааны сан үүсгэх, байгууллага, иргэдэд архивын үйлчилгээ үзүүлэх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлнэ.
 
 
---оОо---