- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ҮНДСЭН ДҮРЭМ
Засгийн газрын 1997 оны 9 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ҮНДСЭН ДҮРЭМ
Нэг.Нийтлэг үндэслэл
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ҮНДСЭН ДҮРЭМ
1.Монгол Улсын нутаг дэвсгэрт төмөр замаар зорчигч, ачаа, тээш тээвэрлэхэд төмөр замын тээврийн байгууллага (цаашид "төмөр замын байгууллага" гэх) болон үйлчлүүлэгч байгууллага, аж ахуйн нэгж, иргэд (цаашид "хэрэглэгч" гэх)-ийн хооронд үүссэн харилцааг энэхүү "Төмөр замын тээврийн үндсэн дүрэм"(цаашид "Үндсэн дүрэм" гэх)-ээр зохицуулна.
"Төмөр замын тээврийн үндсэн дүрэм"-ийг төмөр замын байгууллага болон хэрэглэгч дагаж мөрдөнө.
2.Төмөр замын байгууллага нь зорчигч, ачаа, тээш тээвэрлэлттэй холбогдолтой тариф, дүрэм, журам, заавар зэрэг эрх зүйн баримт бичгийг баталж мөрдүүлнэ.
3.Төмөр замаар зорчигч,ачаа,тээш тээвэрлэж бусад улстай харилцахдаа "Олон улсын төмөр замын зорчигчдын харилцааны тухай хэлэлцээр", "Олон улсын төмөр замын ачааны харилцааны тухай хэлэлцээр" болон бусад холбогдох гэрээ, хэлэлцээрийг дагаж мөрдөнө.
Хоёр.Ачаа тээвэрлэлтийн зохион байгуулалт
4.Төмөр замаар явах бүх вагон төмөр замын Техник ашиглалтын дүрмийн шаардлагыг хангасан байна.
Төмөр замын ачаа тээвэрлэлтийг улирлын хуваарьтай жилийн төлөвлөгөө, сарын хуваарьтай улирлын төлөвлөгөөний дагуу гүйцэтгэнэ.
Илгээгч нь ачаа тээвэрлэлтийн захиалгыг дор дурдсан хугацаанд төмөр замын байгууллагад ирүүлнэ:
а/жилийн захиалгыг улирлаар хуваарилан гаргаж он эхлэхээс 2 сарын өмнө;
б/сарын захиалгыг сар эхлэхээс 15 хоногийн өмнө.
Сард 100-гаас доошгүй вагон ачих хэрэглэгч нь гэрээт захиалгыг төмөр замд ирүүлэх үүрэгтэй.
5.Тээвэрлэлтийн гэрээний биелэлтийг тооцооны хуудсаар гаргана.Тооцооны хуудасны маягт, түүнийг хөтлөх журмыг төмөр замын байгууллага тогтооно.
Ачаа ачих, буулгах ажиллагааг төмөр замын мэдлийн (нийтийн хэрэгцээний) салбар зам, агуулах, талбай, мөн хэрэглэгчийн эзэмшлийн салбар зам, агуулах, талбайд гүйцэтгэнэ.
6.Төмөр замын байгууллага нь илгээгчийн хүлээлгэн өгсөн ачааг очих газарт нь хүргэж, ачаа хүлээн авахаар итгэмжлэгдсэн этгээдэд бүрэн бүтэн хүлээлгэн өгөх үүргийг хүлээх бөгөөд илгээгч ачаа явуулахдаа тогтоогдсон тарифаар тээвэрлэлтийн болон бусад ажил, үйлчилгээний хөлсийг төлсөн байна.
Тээвэр зуучийн байгууллага нь илгээгч, хүлээн авагчийг төлөөлж төмөр замын байгууллагатай харьцсан тохиолдолд төмөр замын байгууллагын өмнө илгээгч, хүлээн авагчийн нэгэн адил хариуцлага хүлээнэ.
Тээвэрлэлтийн бичиг баримт бүрдүүлэх, тээвэрлэлтийн хөлс, бусад ажил, үйлчилгээний төлбөр тооцоог хийх зорилгоор өртөөдөд тооцооны газар ажиллуулна.
7.Илгээгч ачаа явуулахдаа төмөр замын падаан, орлох падааныг бүрэн зөв бөглөж өртөөнд өгөх үүрэгтэй.Өртөө нь ачааг тээвэрлэлтэнд хүлээн аваад орлох падааныг илгээгчид олгоно. Энэ нь ачааг тээвэрлэлтэнд хүлээн авсны баталгаа болно.
Падаан нь тээвэрлэлтийн гэрээ мөн бөгөөд ачааг тээвэрлэлтийн турш дагалдан, очих өртөөнд ачааны хамт хүлээн авагчид олгогдоно. Ачааг тээвэрлэлтэнд хүлээн авсан, олгосон өдрийг падаан дээр (хуанлийн тэмдэг дарж) тодорхой тэмдэглэнэ. Падааны маягтыг төмөр замын байгууллага тогтооно.Төмөр замын өртөө нь падаанд заасан тоо, хэмжээ, бичилт зөв эсэхийг явуулах өртөөн дээр шалгаж болно.
Төмөр замын байгууллага нь ачааг тээвэрлэлтэнд бага буюу их хурдтайгаар тээвэрлэхээр хүлээж авна.Тээвэрлэлтийн хурдыг илгээгч сонгож падаанд заана.
8.Тээвэрлэлтийн ажиллагаанд нээлттэй өртөө нь тээвэрлэлтийн үйлчилгээнд зориулан зохих ёсоор тоноглосон байгууламжтай байна.
9.Савлаж боох нөхцөл нь улсын стандартаар тогтоогдсон ачааг илгээгч нь тээвэрлэлтэнд өгөхдөө стандартынх нь дагуу савлаж боосон байна.Стандарт тогтоогдоогүй боловч савлаж боох шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, хүнсний зүйлс зэрэг ачааг гаднын нөлөөнөөс болж гэмтэхээргүй, ачиж буулгах, хадгалахад тохиромжтой, тоо ширхэг,хүндийн жинг тодорхойлж болохуйцаар савлаж боосон байна.
10.Төмөр замын байгууллага нь илгээгчээс тээвэрлэлтийн үнэ зарласан буюу даатгалтай ачааг тээвэрлэлтэнд хүлээн авч болно.Тээвэрлэлтэнд заавал үнэ зарлах буюу даатгал хийх ачааны жагсаалтыг төмөр замын байгууллага тогтооно.
11.Галт тэрэгний хөдөлгөөнийг саатуулахад хүргэсэн байгалийн гамшиг, сүйрэл гарсан, хорио цээр тогтоогдсон зэрэг онцгой үед төмөр замын байгууллагын даргын шийдвэрээр тухайн бүс нутагт төмөр замын тээвэрлэлтийг зогсоох буюу эсвэл хязгаарлаж болно.Тухайн өртөөний дарга тээвэрлэлтийн ажиллагааг зогсоох, хязгаарлах шийдвэр гармагц тэр тухай хэрэглэгчид зарлан мэдэгдэнэ.
12.Вагон, авто машинд ачаа ачих, буулгах ажиллагааг нийтийн хэрэгцээний агуулах, талбайд төмөр замын байгууллага, хэрэглэгчийн эзэмшлийн агуулах, талбайд илгээгч буюу хүлээн авагч хариуцан гүйцэтгэнэ.
Аюултай, хортой, цацраг идэвхт ачаа, амьтад,юүлмэг ачаа, хэрэглэгчийн хүргэгчтэй яваа ачааг ачих, буулгах ажлыг хэрэглэгч хариуцан гүйцэтгэнэ.
13.Төмөр замын байгууллага нь илгээгчийг тухайн ачаа тээвэрлэхэд зориулагдсан бөгөөд гэмтэлгүй, цэвэрлэсэн вагон болон чингэлгээр хангах үүрэгтэй. Харилцан тохиролцсон тохиолдолд вагон, чингэлгийг угааж ариутгахаас гадна цистерн, бункертэй хагас вагоныг ачилтанд бэлтгэх, ачих буулгах ажлыг хэрэглэгч хариуцан гүйцэтгэнэ.
Ачих вагон, чингэлгийн төрлийг ачаа эзэмшигч сонгоно.Сонгосон вагон, чингэлэг нь тухайн ачааг тээвэрлэхэд тэнцэх эсэхийг ачилт хариуцан гүйцэтгэж байгаа тал тогтооно.
14.Вагон, чингэлгийг ачихад төмөр замын байгууллагаас тогтоосон даацаас хэтрүүлж үл болно.Даац хэтрүүлэлтэнд төмөр замын байгууллага хяналт тавина.
15.Илгээгч вагон, чингэлэг ачихдаа ачаа ачих, бэхлэх техникийн нөхцөлийг баримтлах үүрэгтэй.
Ачих, бэхлэх техникийн нөхцөл нь тогтоогдоогүй задгай хөдлөх бүрэлдэхүүнд ачааг ачих зөвшөөрөл авахын өмнө хэрэглэгч нь уул ачааны хүндийн төвийг тодорхойлж, вагонд ачих, бэхлэх зураг, тооцоог үйлдэж, төмөр замаар баталгаажуулсан байна.Ачих, бэхлэх техникийн нөхцөл боловсруулахад нь төмөр замын байгууллага мэргэжлийн туслалцаа үзүүлнэ.
16.Ачаа ачих, тээвэрлэхэд шаардагдах төхөөрөмж, материалыг (шат, шон, ивүүр, утас, жийрэг, брезент, олс, самбаран хаалт г.м) ачаа илгээгч бэлтгэнэ.
Ачааг ачих, буулгах үед эдгээр төхөөрөмж, материалыг байрлуулах, бэхлэх, хураах ажлыг ачих, буулгах ажиллагааг гүйцэтгэж байгаа тал хариуцна.
Илгээгч нь ачилтанд хэрэглэсэн төхөөрөмжийнхөө талаар падаанд заана.
Очих өртөөн дээр хүлээн авагч нь илгээгчийн бүх төхөөрөмж,материалыг ачааны хамт хүлээн авах үүрэгтэй.
17.Ачааг буулгахад тээвэрлэлттэй холбогдсон бүх төлбөр тооцоог хийж ачааг бүрэн буулгаж, төмөр замд хүлээлгэн өгсөн цаг нь вагоныг буулгаж дууссан агшин болно.Вагонд ачаа ачиж, бэхлэж, төлбөр тооцоог хийж, тээврийн бичиг баримт үйлдэж, төмөр замд хүлээлгэн өгсөн цаг нь ачиж дуусгасан агшин болно.
18.Мал болон бусад амьтан, малын гаралтай түүхий эд тээвэрлэсний дараа хүлээн авагч нь вагоныг цэвэрлэх, угаах, ариутгах үүрэгтэй.Вагоныг угаах, ариутгах ажлыг төмөр замын хүчээр гүйцэтгэвэл хэрэглэгчээс тарифт зааснаар хөлс авна.
Хүлээн авагч вагон, чингэлгээс бэхэлгээний үлдэгдлийг бүрэн буулгах, цэвэрлэх үүргээ биелүүлээгүй байвал тухайн вагон, чингэлгийг хүлээн авахгүй бөгөөд саатуулсны хөлсийг хүлээн авагчаас тарифт заасан журмаар төлүүлнэ.
19.Ачилт буулгалтад вагон тавьж өгсөн тухай мэдэгдлийг хүлээн авсан илгээгч, хүлээн авагч нь ачаагаа ачиж буулгаагүйн улмаас вагон удаан зогсоож өртөөний ажиллагаанд бэрхшээл учруулбал төмөр замын байгууллагын дарга 7 хоногоос дээш зогсоосон гадаадын вагоны ашиглалтын хөлсийг 2 дахин нэмэгдүүлж төлүүлэх эрхтэй.
Вагон саатуулсанд вагон ашиглалтын хөлсийг нэмэгдүүлсэн тухай шийдвэрийг төмөр замын байгууллагаас илгээгч, хүлээн авагчид мэдэгдсэнээс хойш 24 цаг өнгөрмөгц хэрэгжүүлж эхэлнэ.
Ачааны хүндийн жинг ачилтыг хариуцан гүйцэтгэж байгаа тал тодорхойлон падаанд заана.
Савтай болон ширхэгийн ачааг тээвэрлэлтэнд өгөхөөс өмнө ачаа нэг бүр дээр хүндийн жинг тодорхойлон зааж, нийт жин, ачааны тоо ширхэгийг падаанд заана.
Ачааны нийт жинг пүүгээр хэмжих буюу эсвэл стандартын дагуу ачаа нэг бүр дээрх хүндийн жингээр тодорхойлно.Зарим ачааны (нефть бүтээгдэхүүн, модон материал г.м) хүндийн жинг хэмжих буюу томъёолон бодох замаар тодорхойлж болно.Илгээгч ачааны хүндийн жинг хэрхэн тодорхойлсон тухайгаа падааны зохих хүснэгтэнд заана.
20.Илгээгч вагон пүүгүй бол ачааны хүндийн жинг төмөр замын вагон пүүн дээр хоёр талын төлөөлөгчийг оролцуулан пүүлж үүнтэй холбогдон гарах хөлсийг тарифт заасан хэмжээгээр төмөр замын байгууллагад төлнө.
21.Төмөр замаар тээвэрлэх ачаа, тээшийн хүндийн жинг тодорхойлохдоо зориулалтын хэмжих багаж хэрэгсэл (вагон пүү, барааны зөөврийн ба суурин пүү) хэрэглэнэ.
Нийтийн хэрэгцээний газарт байгуулах хэмжих багаж, хэрэгслийг төмөр зам; хэрэглэгчийн мэдлийн салбар зам, талбайд байгуулах хэмжих багаж, хэрэгслийг тухайн хэрэглэгч байгуулж ашиглана.Ашиглалтанд байгаа хэмжих хэрэгсэл нь тогтоосон журмын дагуу шалгагдсан баталгаатй байх бөгөөд гэмтэлтэй буюу баталгааны хугацаа дууссан пүүг ашиглахыг хориглоно.
Хэрэглэгчийн эзэмшлийн салбар зам, талбайд байгуулсан пүүнд техникийн үйлчилгээ, засвар, хяналт шалгалтыг "Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай" хуулийг баримтлан гүйцэтгэнэ.
22.Битүү вагон, тогтмол дулаантай вагон,цистернийг ачсан байгууллагын (ачааг төмөр замын байгууллага ачсан бол төмөр замын, илгээгч ачсан бол илгээгчийн) ломбоор ломбодно.
Вагон, чингэлгийг ломбодох журмыг төмөр замын байгууллага тогтооно.
23.Хүндийн жин нь 5000 кг-аас үл хэтрэх бөгөөд багтаамжаараа тусгай вагон шаардахгүй жижиг илгээлтийг өртөөний агуулахаар дамжуулан хүлээн авч олгоно.
Түүвэр болон жижиг илгээлтийн ажиллагаанд нээлттэй өртөөдийн жагсаалтыг төмөр замын байгууллага тогтооно.
24.Төмөр замын байгууллага нь дор дурдсан нормыг баримтлан ачаа явах бүх замд түүнийг хүргэх хугацааг тодорхойлно:
А/бага хурдтай тээвэрлэхэд:
а/вагон илгээлт эхэлсэн 200 км тутам 1 хоног
б/жижиг илгээлт эхэлсэн 150 км тутам 1 хоног
Б/их хурдтай тээвэрлэхэд:
а/жижиг илгээлт эхэлсэн 200 км тутам 1 хоног
б/вагон илгээлт эхэлсэн 320 км тутам 1 хоног
в/суудлын галт тэргээр тээвэрлэх илгээлт эхэлсэн 420 км тутам 1 хоног
В/хаяг өөрчлөх буюу ачаа явуулах бичиг баримтыг бүрдүүлэхэд 1 хоног.
Ачаа хүргэх хугацаа нь ачааг тээвэрлэлтэнд хүлээж авсны дараахь хоногийн 00 цагаас эхэлнэ.
Падааны зохих хүснэгтэнд ачаа ачсан өдрийн тухай заавал тэмдэглэл хийнэ.
Ачаа хүргэх тогтоосон хугацаа дуусахаас өмнө уг ачааг очих өртөөнд нь хүргэж, төмөр замын хэрэгслээр буулгасан буюу хүлээн авагчийн хэрэгслээр буулгахаар ачаатай вагон, чингэлэг тавьж өгсөн байвал ачааг цагт нь хүргэж өгсөнд тооцно.
Ачаа нь тогтоосон хугацаанд тухайн өртөөнд ирсэн боловч төмөр замын байгууллагын буруугаас биш, тухайлбал ачаа буулгах зам, талбай чөлөөлөгдөөгүй байсан зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар вагон, чингэлэг буулгалтанд тавигдаагүй саатсан бол уг саатсан хугацааг ачаа хүргэж өгөх хугацаанд оруулан тооцохгүй. Саатсан шалтгааны тухай хүлээн авагчид мэдэгдэнэ.
25.Төмөр замын өртөө нь хүлээн авагчид ирсэн ачааны тухай 12 цагийн дотор мэдэгдэх үүрэгтэй. Өртөө нь ачаа ирсэн тухай мэдэгдээгүй байвал мэдэгдэл явуулах өдөр хүртэл вагон, чингэлэг сул зогсоосны хариуцлагыг хүлээн авагч хүлээхгүй бөгөөд ачаа хадгаламжийн хөлснөөс чөлөөлөгдөнө.
Ачаа ирэх үед хүлээн авагчийн хаяг тодорхойгүй, эсвэл ачаа нь түүний ажлын бус өдөр ирэх зэргээс ачаа ирсэн тухай хүлээн авагчид мэдэгдэх боломжгүй болсон тохиолдолд ачаа ирсэн цагийн тухай падааны зохих хүснэгтэнд тэмдэглэл хийж, 12 цагийн дараа санамж нээж, вагон ашиглалт, ачаа хадгаламжийн хөлс авна.
26.Хүлээн авагч нь өөрийн хаягаар ирсэн ачааг хүлээн авахаас татгалзах эрхгүй бөгөөд төмөр замын байгууллагаас тогтоосон журам, хугацааг баримтлан өртөөнөөс татаж авах үүрэгтэй.Ачааг татаж авах хүртэлх хугацаанд тарифт заасны дагуу ачаа хадгаламжийн хөлс төлнө.
27.Хүлээн авагчаас төмөр замын байгууллагад төлбөл зохих тухайн ачааны тээвэрлэлттэй холбогдсон бүх төлбөрийг төлсний дараа өртөө нь ачааг олгоно.Хүлээн авагч нь ачааг хүлээн авсан тухайгаа нотолж, замын хүснэгтэд гарын үсэг зурна.
Падаанд нэр заасан хүлээн авагч байхгүй бол төмөр замын байгууллага энэ тухай илгээгчид мэдэгдэх бөгөөд илгээгч нь мэдэгдэл авснаас хойш 48 цагийн дотор уг ачааг ямар хаягаар буулгах талаар шийдвэр өгнө.
28.Дор заасан нөхцөлд ачааны байдал, хүндийн жин, тоо ширхэгийг төмөр замын байгууллага очих өртөөн дээр шалгах үүрэгтэй:
а/гэмтэлтэй вагон, чингэлгэнд ачигдсан, гэмтсэн ломботой ачаа болон төмөр замын өртөөний ломботой вагон, чингэлэгт ачаа ирэхэд;
б/агуулах, талбайгаас төмөр замын байгууллага хариуцан буулгасан ачааг олгоход.
Дээр дурдсан нөхцөлд савтай болон ширхэгийн ачаа олгоход зөвхөн гэмтэлтэй байгаа ачааны байдал, хүндийн хэмжээ, тоо ширхэгийг шалгана.
Ачааны сав гэмтсэн буюу түүний байдалд нөлөөлж болохуйц бусад байдал илэрвэл төмөр замын байгууллага гэмтсэн ачааг төмөр замын падааны хавсралттай нь тулган шалгана.
Гэмтэлгүй вагонд илгээгч хариуцан ачиж, илгээгчийн бүтэн ломботой ирсэн ачаа, түүнчлэн задгай хөдлөх бүрэлдэхүүн буюу битүү вагонд ломбогүй тээвэрлэж байгаа ачаа нь дутагдсан, эвдэрсэн, гэмтсэн шинж тэмдэггүй байвал ачааг хүлээн авагчид шалгахгүйгээр олгоно.
Хүлээн авагч шаардлагатай гэж үзвэл дээрх ачааг төмөр замын байгууллагын төлөөлөгчийг байлцуулан, тухайн өртөөн дээр задлан шалгаж болох бөгөөд ачаа гэмтсэн, дутагдсан байдал илэрвэл зохих журмын дагуу тээврийн акт гаргана.
Ачааны явуулах болон очих өртөөн дээр тодорхойлогдсон хүндийн жингийн хоорондын зөрүү нь уг ачааны хэвийн хорогдлоос хэтрээгүй тохиолдолд ачааны хүндийн жинг зөвд тооцно.
29.Ачааны байдал, тоо хэмжээг шалгахад ачаа дутсан, гэмтсэн, эвдэрсэн явдал илрэх буюу ачаа гэмтсэн, дутагдсан болох нь зам зуурт илрэн, тээврийн акт бичигдсэн байвал ачаа дутсан, гэмтсэн, эвдэрсний жинхэнэ хэмжээг очих өртөө тодорхойлох үүрэгтэй.
Шалган магадлах шаардлага гарвал төмөр замын байгууллага буюу ачаа хүлээн авагч өөрийн санаачилгаар шинжлэн магадлагч урьж дүгнэлт гаргуулж, акт тогтоолгоно.
30.Чингэлгийг зөвхөн чингэлэг тээврийн ажиллагаанд нээлттэй өртөөдийн хооронд тээвэрлэнэ.Чингэлэг тээвэрт нээлттэй өртөөдийн жагсаалтыг төмөр замын байгууллага тогтооно.Чингэлэг нь хэмжээ, даацын хувьд улсын стандартад тохирсон байна.
Төмөр замын байгууллага чингэлэгт хийсэн ачааг илгээгчийн бичсэн хүндийн жин, ломбоор тээвэрлэлтэнд хүлээн авна.Бүтэн ломботой, гэмтэлгүй чингэлэгт ирсэн ачааг шалгалгүйгээр хүлээн авагчид олгож болно.
31.Төмөр замын тээврээр үйлчлүүлдэг хэрэглэгчийн ачааг (тэсрэх, хортой, цацраг идэвхт, аюултай ачаанаас бусад) ачих, буулгах, хүргэх үйлчилгээг төмөр замын байгууллага хариуцан гүйцэтгэж болно.
32.Төмөр замд төлбөл зохих тээвэрлэлттэй холбогдсон бүх төлбөр тооцоог илгээгч явуулах өртөөнд, хүлээн авагч хүрэх өртөөнд хийнэ. Энэхүү зохих төлбөрийг эс төлбөл хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувь хүртэл хэмжээгээр алданги төмөр замын байгууллагад төлөх бөгөөд уг төлбөрийг төлөх хүртэл өртөө нь ачааг явуулахгүй, олгохгүй байх ба ачааг барьцаалж төлбөрт авах эрхтэй.
Ачааны тээвэрлэлтийн хөлсний тооцоо зөв хийгдсэн эсэхийг ачаа очих өртөөн дээр шалган үзэж, хүлээн авагчтай эцсийн тооцоог хийнэ.
33.Төмөр замын байгууллага дор дурдсан тохиолдолд ачааг очих хаягт зааснаас өөр байгууллага, аж ахуйн нэгж, иргэнд шилжүүлэн борлуулж болно:
а/ачаа гэмтэж, муудсан буюу гэмтэж, муудаж болзошгүй байгаагийн улмаас тээвэрлэлтийг очих өртөө хүртэл үргэлжлүүлэх боломжгүй байвал;
б/хүлээн авагч нь олдохгүй үед уг ачааг хэрхэх тухай ачаа илгээгчээс 48 цагийн дотор зохих шийдвэр өгөөгүй байвал.
Өөр байгууллагад шилжүүлэн борлуулах ачааг төмөр зам болон бусад холбогдох байгууллагуудын төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй комисс үнэлж, акт тогтооно.
34.Ачааг илгээгч, хүлээн авагч нь төмөр замын байгууллагад зохих журмын дагуу ачаа ирээгүй тухай гомдол гаргавал ачааг өөр байгууллагад шилжүүлэн борлуулаад авсан үнийг:
а/ачааны үнийг хүлээн авагч нь илгээгчид төлсөн тохиолдолд падаанд нэр нь заагдсан хүлээн авагчид;
б/бусад бүх тохиолдолд ачаа илгээгчид шилжүүлнэ.
Ачааг өөр байгууллага, аж ахуйн нэгж, иргэнд шилжүүлсэн тухай ачаа илгээгч, хүлээн авагчийн аль нэгэнд мэдэгдсэн боловч 6 сарын дотор хариу мэдэгдээгүй, эсвэл ачааг зохих газартаа хүрээгүй талаар гомдол гаргах хугацаа өнгөрч ачааны үнийг илгээгч буюу хүлээн авагчийн аль нэгэнд шилжүүлэх ямар нэгэн боломж байхгүй бол төмөр замын орлогод авна.
Гурав. Салбар зам
35.Хэрэглэгч нь салбар зам, түүнчлэн вагон ачих, буулгах, цэвэрлэхэд зориулсан байгууламжийг барих, шинэчлэн засах ажлыг төмөр замын байгууллагатай зөвшилцөн баталсан төслийн дагуу гүйцэтгэнэ.Шинээр барьж байгаа салбар замыг төмөр замын байгууллагын мэдлийн, түүний ашиглалтад байгаа замд холбоход төмөр замын байгууллагын зөвшөөрлөөр; харин хэрэглэгчийн эзэмшлийн салбар замд холбоход холбогдох хэрэглэгч болон төмөр замын байгууллагын зөвшөөрлөөр гүйцэтгэнэ.Салбар замыг төмөр замын гол шугамд холбох зөвшөөрлийг төмөр замын байгууллага олгоно.
36.Шинээр барих салбар замын барилгын ажлыг зураг төслийн дагуу бүрэн хийж ашиглалтад хүлээлгэн өгсний дараа зохих журмын дагуу салбар замыг байнгын ашиглалтад нээнэ.
Салбар зам бүрт техникийн паспорт, дэвсгэр зураг, дагуу огтлол, хиймэл байгууламжийн зураг байх ёстой.
37.Хэрэглэгч эзэмшилдээ байгаа салбар зам, агуулах, талбай, гүүр, гарам, хөдлөх бүрэлдэхүүнийг гэмтээлгүй эдлэх, арчлах үүрэгтэй. Эзэмшилдээ байгаа салбар замаа зохих ёсоор эзэмшиж арчлаагүйгээс хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүй тохиолдолд түүнээс үүдэн гарах хариуцлагыг салбар зам эзэмшигч хүлээнэ.
Төмөр замын гол шугамд гарч ажилладаг хэрэглэгчийн эзэмшлийн хөдлөх бүрэлдэхүүн нь төмөр замын Техник ашиглалтын дүрмийн шаардлагыг хангасан байна.
Хэрэглэгчийн эзэмшлийн зүтгүүр өртөөний зам дээр ажиллах журмыг төмөр замын байгууллага тогтооно.
38.Төмөр замын байгууллага салбар зам эзэмшигч-хэрэглэгчийн хоорондын харилцааг салбар зам ашиглах болон салбар зам арчлах гэрээгээр зохицуулна.
39.Салбар зам эзэмшигч дайвар үйлчлүүлэгчтэй байж болно.Дайвар үйлчлүүлэгчийг үйлчлэх талаар салбар зам ашиглах гэрээнд тусгаагүй бол тухайн салбар замд дайвар үйлчлүүлэгчийн вагоныг төмөр замын байгууллага тавьж өгөхөөс татгалзаж болно.
40.Хэрэглэгчийн салбар зам дээр вагон тавих, татах сэлгээний ажлыг тэдний өөрийн зүтгүүрээр гүйцэтгэж болно.
Өөртөө зүтгүүр бүхий хэрэглэгчийн салбар замд хийх сэлгээний ажлыг салбар зам, өртөө хоорондын ажлын технологийн горимоор гүйцэтгэнэ.
41.Өөртөө зүтгүүргүй хэрэглэгчид вагон тавих, татах сэлгээний ажлыг төмөр замын байгууллага гүйцэтгэнэ.
Салбар замыг төмөр замын байгууллагын зүтгүүрээр үйлчилж байгаа нөхцөлд ачилт, буулгалтанд вагон зогссон цагийг тодорхойлохдоо ачих, буулгах газар вагон тавьж өгсөн цагаас эхлэн хэрэглэгч вагоныг татаж авахад бэлэн болсон тухай мэдэгдлийг өртөөнд өгөх хүртэл хугацаагаар тодорхойлно.
42.Хэрэглэгчийн зүтгүүрээр үйлчилдэг салбар зам дээр вагоны зогссон цагийг тодорхойлохдоо вагоныг хүлээлцэх замд өгсөн, авсан хугацаагаар тогтооно.
Вагон хүлээлцэх ажиллагааг нэг вагонд нэг минутаас илүүгүй хугацаанд гүйцэтгэнэ.
Ачаа, вагон, чингэлэг хүлээлцсэн агшин болон ачаа, вагон, чингэлэг салбар замд байсан хугацааг санамжаар тогтооно.
Хэрэглэгчийн эсвэл хамгаалалтгүй нийтийн хэрэгцээний салбар замд байгаа ачаа болон хөдлөх бүрэлдэхүүнийг тавьж өгснөөс татаж авах хүртэл хугацаанд хэрэглэгч хамгаалах үүрэгтэй.
43.Тэсэрч дэлбэрэх, аюултай, хортой,цацраг идэвхт, юүлмэг ачааг холбогдох газраас зөвшөөрөл авсан хэрэглэгчийн эзэмшлийн салбар зам дээр ачаа эзэмшигч өөрийн хүч хэрэгслээр ачиж буулгана.
44.Хэрэглэгч нь төмөр замын вагоныг төмөр замын байгууллагын зөвшөөрөлгүйгээр хэрэглэхийг хориглоно. Төмөр замын байгууллагын зөвшөөрөлгүйгээр хэрэглэсэн вагоныг буцааж тушаах хүртэлх хугацааны вагон ашиглалтын хөлсийг төмөр замын байгууллага 5 дахин нэмэгдүүлэн төлүүлж болно.
45.Төмөр замын байгууллага нь хэрэглэгчийн эзэмшлийн дэвсгэр газарт байгаа салбар замыг сэлгээний ажил хийх, хөдлөх бүрэлдэхүүнийг тавихад ашиглаж болно.
Дөрөв.Зорчигч, тээш, шуудан тээвэрлэлт
46.Төмөр замын байгууллага нь зорчигчдод зориулж зорчигчдын тасалбар болон тээш түгээврийг ажиллуулна.
Төмөр замын байгууллага зорчигчдыг аяллын хугацаанд төмөр замын буудал, зоогийн вагон, мухлаг, үүргийн худалдаагаар үйлчлэх ажлыг зохион байгуулна.
Төмөр замын байгууллага нь зорчигчдын үйлчилгээ хийдэг өртөөдөд зорчигчдод тасалбар худалдан авах боломжийг олгох үүрэгтэй. Тасалбар болон бусад баримт бичгийн загвар, түүнийг худалдах, хэрэглэх журам, хүчинтэй байх хугацаа, төмөр замаар зорчих дүрмийг төмөр замын байгууллага тогтооно.
47.Төмөр замын буудалд зорчигчдын галт тэрэгний аяллын тасалбар, тээш түгээврийн жиллах цагийн хуваарь,санал, гомдлын дэвтэр, буудлын байрын дотоод зохион байгуулалтыг харуулсан бүдүүвч зураг, анхааруулга зэргийг нийтэд үзэгдэх газарт байрлуулна.
48.Төмөр замын байгууллага худалдсан тасалбарынхаа дагуу зорчигчдод зохих суудал олгож тэднийг очих газарт нь тээшийн хамт хүргэх үүрэгтэй.
Зорчигч нь тогтоосон тарифын дагуу тасалбар, тээш тээвэрлэлтийн үнэ, хөлс төлөх үүрэгтэй.
49.Төмөр замын байгууллага нь дараахь тохиолдолд зорчигчийн тасалбарын хугацааг сунгана:
а/галт тэргэнд (хот, дүүргийнхээс бусад) зорчигчдын эзлэх ёстой байрыг олгоогүй бол зохих байр олгох бололцоотой дараагийн галт тэрэг явах хүртэл;
б/шилжин суух өртөөн дээр нь галт тэрэг хоцорч ирвэл уг дамжин явах зорчигчийн саатах хугацаагаар;
в/зорчигч өвчилсөн бол эмнэлгийн магадалгааны хугацаагаар;
г/зорчигч замын буудалд түр буух үед арваас дээшгүй хоногоор тус тус сунгана.
50.Хот, дүүргийн галт тэрэг аялдаг хэсэгт нэг удаагийн аяллын тасалбараас гадна дор засан тасалбар худалдаж болно:
а/нэр заасан тасалбар (тасалбар хүчин төгөлдөр байх хугацаанд зорчигчийн аялах тоог хязгаарлахгүй);
б/оршин суудаг газрын үндсэн захиргаа болон албан, үйлдвэрийн газар, аж ахуйн байгууллага, сургуулиас олгосон албан ёсны тодорхойлолт, албан үнэмлэх, оюутан, сурагчдын үнэмлэх, паспортыг үндэслэн оршин суух газар, ажил, сургууль байрладаг өртөө, буудал хооронд ажилтан, оюутан, сурагч зорчих хөнгөлөлттэй тасалбар.
51.Тасалбарыг дор заасан хугацаанаас эхлэн худалдана:
а/урьдчилан худалдах түгээвэрт бол галт тэрэг явахаас 10 хоногийн өмнөөс;
б/суудлын галт тэрэг явах, эргэх болон шууд явах вагоныг найруулах өртөөний тасалбар түгээвэрт бол галт тэрэг хөдлөхөөс 24 цагийн өмнөөс;
в/завсрын өртөөнд бол суудлын галт тэргэнд байгаа сул суудлын мэдээг авмагц галт тэрэг уг өртөөнд ирэхээс нэг цагаас доошгүй хугацааны өмнө.
Хот, дүүргийн галт тэргээр зорчих тасалбар худалдах цагийг галт тэрэгний цагийн хуваарийг харгалзан өртөөний дарга тогтооно.
Шилжин суух өртөөн дээр ирсэн дамжин явах зорчигч нь худалдаанд байгаа тасалбарыг түрүүлж авах эрхтэй.
52.Төмөр замын буудал дахь ачаа хадгалах газар нь гар тээшийг зорчих тасалбартай эсэхийг харгалзахгүйгээр хүлээж авна.
Ачаа хадгалах газарт хялбар шатах, тэсрэх, хордуулах зэрэг аюултай бодис хадгалуулахыг хориглоно.
Гар тээш хадгалах газрын ажиллах цагийн хуваарийг тухайн өртөөний дарга галт тэрэг ирэх, явах цагийг харгалзан тогтооно.
53.Галт тэргээр зорчигчид дор заасан эрх эдэлнэ:
а/зорчигчдын үйлчилгээ эрхэлдэг өртөө, зөрлөг хүртэл суудлын галт тэрэг явах хамгийн дөт, цөөн шилжин суух чиглэлийг сонгож, сул байр байгаа тохиолдолд өөрийн сонгосон галт тэрэг, вагонд суух тасалбар худалдан авах;
б/тусгай байр эзлэхгүй бол 0-5 насны 3 хүүхдийг үнэ хөлсгүй авч явах;
в/5-аас 12 насны хүүхдэд хямдруулсан тасалбар авах;
г/36 кг-аас илүүгүй жинтэй гар тээш үнэ төлбөргүйгээр авч явах, хот, дүүргийн галт тэргэнд дээр дурдсанаас гадна 50 кг-аас хэтрэхгүй жинтэй тээшийг тарифын хөлс төлөн авч явах;
д/зорчих тасалбараа үзүүлж (тогтоосон тарифаар хөлс төлж) тээвэрлүүлэх тээшээ хүлээлгэн өгөх;
е/тасалбараа 10-аас дээшгүй хоногоор сунгуулан замын өртөөнд буух;
ж/өвчилбөл тасалбарын хүчинтэй байх хугацааг өвчилсөн хугацаагаар сунгуулах;
з/явж байх замдаа тасалбарын үнийг нэмэн төлж дээд ангиллын вагонд шилжин суух;
и/өртөөний тасалбар түгээвэрт очиж тасалбартаа зохих тэмдэглэл хийлгэсний үндсэн дээр чиглэл, замын уртыг өөрчлөхгүйгээр нэг галт тэрэгнээс нөгөө галт тэргэнд шилжих суух;
к/хот, дүүргийнхээс бусад галт тэрэгнээс хүндэтгэх шалтгаанаар хоцорсон бол 12 цагийн дотор, өвчин буюу ослын улмаас хоцорсон бол 3 хоногийн дотор тасалбарын үнийг нэмж төлөхгүйгээр(унтах байрны хөлснөөс бусад) өөр галт тэргэнд суух (тасалбараа тэмдэглүүлэн) буюу өртөөний даргын зөвшөөрлөөр тасалбарынхаа үнийг буцааж авах;
л/хүндэтгэх шалтгааны улмаас зорчигч нь зорчин явахгүйд хүрч галт тэрэг явахаас 6 цагийн өмнө өртөөний түгээвэрт тасалбараа буцааж өгвөл тасалбарын үнийг эргүүлж авах, харин энэ тогтоосон хугацаанаас хожуу боловч галт тэрэг явахаас өмнө тасалбараа буцааж өгвөл унтах байрныхаас бусад үнийг эргүүлэн авах,буцах тасалбараа буцан гарах өртөөний тасалбар түгээгүүрт галт тэрэг явахаас 3 хоногийн өмнө буцааж өгвөл зорчигч тасалбарын үнийг (энэ хугацаанаас хожимдуулсан боловч галт тэрэг явахаас өмнө буцаавал унтах байрны хөлснөөс бусдыг) буцааж авах;
м/зорчигч нь очихоор тасалбар авсан газраа хүрэлгүй буувал тасалбараа буцаан өгч үлдсэн (яваагүй) замд оногдох тасалбарын (унтах байрны хөлснөөс бусад) үнийг буцаан авах.Энэ тохиолдолд галт тэрэгний даргаар тасалбарт тэмдэглэл хийлгүүлсэн байна.
Тасалбар буцаасан бүх тохиолдолд төмөр замын байгууллагаас тогтоосон хэмжээний үйлчилгээний хөлсийг төлнө.
Жуулчлах эрхийн бичиг бүхий хүмүүс, аялагчдад нэгдсэн тасалбар олгож болно.
54.Төмөр замын байгууллага нь зорчигчийн худалдан авсан тасалбарт заагдсан суудлыг зорчигчид олгох боломжгүй бол өөр вагонд суудал олгох үүрэгтэй.Зорчигчдод түүний эзэлбэл зохих байрнаас доод зэргийн суудал олгосон бол түүнд тасалбарын үнийн зөрүүг буцааж төлөх ёстой.
Төмөр замын байгууллага нь зорчигчид явах ёстой галт тэрэгний нь аль нэгэн вагонд суудал гаргаж өгөх боломжгүй бол зорчигчийн шаардлагын дагуу өөр галт тэргэнд зохих суудал олгож өгөх үүрэгтэй.
55.Зорчигч нь вагон, буудлын эд хогшилд хайр гамтай хандах үүрэгтэй.Эд хогшлыг эвдэж гэмтээсэн тохиолдолд үнийг төлүүлнэ.
56.Төмөр замын байгууллага нь зорчигчдын галт тэргэнд тээш тээвэрлэх үүрэгтэй.
Төмөр замын байгууллага нь тасалбараа үзүүлсэн зорчигчийн тээшийг тээвэрлэлтэнд хүлээн авах бөгөөд уг тээшийг эзэн нь зорчиж яваа галт тэргэнд тээвэрлэх үүрэгтэй.Зорчигч галт тэрэг явахаас нэг цагийн өмнө төмөр замын өртөөнд тээшээ тушааж болно.Тээвэрлэлтэнд хүлээн авсан тээшийн тасалбарыг зорчигчдод олгоно.Зорчигч тээш хүлээлгэн өгөхдөө шаардлагатай гэж үзвэл тарифын дагуу төлбөр төлөн үнийг нь зарлаж болно.
57.Хэмжээ, боосон байдал, шинж чанараараа бусад зорчигчийн тээшинд муугаар нөлөөлөхөөргүй бөгөөд вагонд ачиж байрлуулахад боломжтой тээшийг зорчигчоос хүлээн авна.
58.Зорчигч нь дор дурдсан зүйлийг гар тээшинд тээвэрлэхийг хориглоно:
а/вагоныг гэмтээх, бохирдуулах эд зүйлс;
б/галын аюултай, түргэн ба өөрөө шатах, дэлбэрэх, цацраг идэвхт, идэмхий болон хордуулах бодис;
в/буу зэвсэг;
г/халдвар үүсгэх болон муухай үнэртэй зүйлс;
д/гаалийн болон бусад хууль тогтоомжоор тээвэрлэхийг хориглосон зүйлс;
е/гар тээшинд үл хамаарах бөгөөд урт, өргөн, өндрийн хэмжээний нийлбэр нь 200 см-ээс илүү овортой эд зүйлс.
59.Дор дурдсан зүйлийг тээшинд тээвэрлэхийг хориглоно:
а/галын аюултай,түргэн гэмтэх ба өөрөө шатах, дэлбэрэх, цацраг идэвхт, идэмхий болон хордуулах бүх төрлийн бодис, буу зэвсэг, төмөр зам, зорчигч, тээшинд хор учруулах зүйлс;
б/халдвар үүсгэх болон муухай үнэртэй зүйлс;
в/мал эмнэлгийн байгууллагаас тээвэрлэхийг хориглосон амьтад;
г/хялбар муудах бүтээгдэхүүн.
60.Мал, адгуусыг тээшийн вагонд тээвэрлэх тохиолдол гарвал гэрээний үндсэн дээр тээвэрлэж болно.
61.Тээшийг хүргэх хугацааг уг тээшийг тээвэрлэсэн галт тэрэг очих өртөөнд хүрэх хугацаагаар тодорхойлно.
Тээшийг замд нь шилжүүлэн ачих бол тээш хүргэх хугацааг уг замналын дагуу галт тэрэгний аялах нийт хугацаан дээр ачааг шилжүүлэн ачих бүрт нэг хоног нэмж тодорхойлно.
62.Тээшийг очих өртөөнд хүргэх хугацаа өнгөрснөөс хойш 10 хоногийн дотор уг тээш ирэхгүй бол зорчигч тээш алдагдсанд тооцож түүний өртгийг төлөхийг төмөр замд шаардаж гомдол гаргах эрхтэй.
63.Тээвэрлэн ирсэн тээшийг тухайн өртөөнөөс зорчигчдыг үйлчилж байгаа бүх хугацаанд тээшийн тасалбараар тавьж олгоно.
64.Зорчигч, байгууллага, аж ахуйн нэгж тээшээ 30 хоногийн дотор авахгүй бол төмөр замын байгууллага холбогдох мэргэжлийн байгууллагаас оролцуулсан комиссыг томилж, уг комисс тээшийг борлуулах шийдвэр гаргаж зохион байгуулна.
Тээшийг худалдан борлуулснаас хойш 6 сарын дотор тээшийн эзэн илэрч нэхэмжилбэл борлуулалтын орлогоос төмөр замын ажил, үйлчилгээний хөлсийг суутгаад үлдэх хэсгийг нэхэмжлэгчид тээшийн тасалбарыг үндэслэн олгоно.
65.Төмөр замын байгууллага нь төмөр замаар шуудан тээвэрлэх ажлыг хэвлэл болон шуудан тээвэрлүүлэгч байгууллагатай гэрээний үндсэн дээр зохицуулна.
Төмөр замаар тээвэрлэсэн шууданг үрэгдүүлсэн, гэмтээсэн, саатуулсны хариуцлагыг буруутай этгээд хууль тогтоомж болон гэрээний дагуу хүлээнэ.
Тав. Төмөр замын байгууллага, илгээгч, хүлээн авагч,зорчигчийн хариуцлага
66.Төмөр замын байгууллага, илгээгч, хүлээн авагч, зорчигч нь тээвэрлэлтийн талаар тогтоосон журмыг зөрчсөн тохиолдолд хууль тогтоомж болон энэхүү Үндсэн дүрэмд заасан материалын хариуцлага хүлээнэ.
67.Төмөр замын байгууллага нь тээвэрлүүлэхээр өгсөн ачааг хүлээн авсан цагаас эхлэн түүнийг хүлээн авагчид хүлээлгэн өгөх хүртэл уг ачааг бүрэн бүтэн байлгах хариуцлага хүлээнэ.
Дор дурдсан шалтгаанаас ачаа дутагдсан, гэмтсэн, муудсан байвал түүний хариуцлагыг төмөр замын байгууллага хүлээхгүй бөгөөд харин хүлээн авагчийн хүсэлтээр тээврийн акт гаргахад оролцоно:
а/гэмтэлгүй вагон, чингэлэгт илгээгчийн бүрэн ломботойгоор буюу задгай хөдлөх бүрэлдэхүүнд ачсан ачааг замд нь шилжүүлж ачихгүйгээр бүтэн бэхэлгээтэйгээр хүргэж ирсэн байвал;
б/илгээгчийн захиалга буюу хүсэлтээр ачааг битүү вагонд ломбогүй буюу задгай хөдлөх бүрэлдэхүүнд тээвэрлэсэн тохиолдолд ачаа дутагдаж, муудаж, гэмтсэн байвал;
в/илгээгч буюу хүлээн авагчийн үйлчлэгч-тэйгээр тээвэрлэсэн байвал;
г/ачааны дутагдал нь хэвийн хорогдлын хэмжээ-нээс хэтрээгүй байвал;
д/илгээгчийн буюу хүлээн авагчийн буруугаас болсон байвал;
е/тээвэрлэж байгаа ачааны онцлог чанарын улмаас;
ж/илгээгч буюу хүлээн авагч нь ачааны чанарт болон тогтоосон стандартад тохирохгүй сав хэрэглэсэн байвал;
з/ачаа тээвэрлүүлэхээр өгөхдөө түүнийг хадгалах, тээвэрлэх явцад шаардагдах онцгой нөхцөл, болгоомжлох арга хэмжээг падаанд заагаагүйгээс.
68.Тээвэрлэж байгаа ачаа, тээш төмөр замын ажилтны буруугаас алдагдсан, дутагдсан, гэмтсэн тохиолдолд учирсан хохирлын хэмжээг илгээгч, хүлээн авагчийн гэрээнд заасан үнийг үндэслэн төмөр замын байгууллага нөхөн төлнө.
Төмөр замын байгууллага нь тээвэрлэлтийн гэрээнээс шалтгаалахгүй зардал хохирлыг төлөхгүй.
69.Төмөр замын байгууллага өөрийн буруугаар ачаа хүргэх хугацааг хожимдуулбал хүлээн авагчид торгууль (анз) төлнө.
70.Төмөр замын байгууллагын буруугаас хаяг солигдсон, алдагдсан ачаа, тээшийг илрүүлэн олмогц төмөр замын байгууллага уг ачаа, тээшийг өөрийн зардлаар хүлээн авагчид нь хүргэж өгөхөөс гадна ачаа, тээш хүргэх хугацаа хожимдуулсны торгуулийг ачаа, тээш хүлээн авагчид төлнө.
Ачаа хүргэх хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор уг ачааг хүлээн авагчид хүлээлгэн өгөөгүй бол илгээгч буюу хүлээн авагч нь ачаагаа алдагдсанд тооцож, гомдол, нэхэмжлэл гарган түүний үнийг төмөр замын байгууллагаас гаргуулан авах эрхтэй.
Харин ачааны үнийг төмөр замын байгууллагаас гаргуулан авснаас хойш уул ачаа нь олдвол хүлээн авагч өөрийн хүсэлтээрээ төмөр замаас гаргуулан авсан ачааныхаа үнийг буцаан өгч, ачаагаа авах эрхтэй.
71.Илгээгч нь падаанд бичих бүх зүйлийг буруу, дутуу заасан, түүнчлэн тээвэрлэх үед онцгой болгоомжлох арга хэмжээ, харуул хамгаалалт шаарддаг буюу тээвэрлэхийг хориглосон ачааны нэр, шинж чанарыг буруу зааж ирүүлснээс учруулсан хохирлыг төмөр замын байгууллагад төлөх бөгөөд энэ тохиолдолд ачааны бүрэн бүтэн байдал алдагдсан, гэмтсэн, муудсан хариуцлагаас төмөр замын байгууллага чөлөөлөгдөнө.
72.Илгээгч ачаа ачихдаа вагоны тогтоосон даацаас хэтрүүлсэн байвал даацаас илүү ачааг илгээгч (хэрэв ачаа илгээгч татгалзвал төмөр замын байгууллага) өөрийн хүчээр буулгана. Илүү ачааг буулгахтай холбогдсон зардлыг ачаа илгээгч хариуцан төлөхөөс гадна илүү ачсан ачааны тээвэрлэлтийн хөлсийг төлнө.
Даацаас хэтэрч буулгагдсан ачааны бүрэн бүтэн байдал, хадгалалтыг илгээгч хариуцна. Хэрэв илүү ачаалсан нь хүрэх өртөөнд буюу гадаадын төмөр замд хүлээлгэн өгөх үед илэрвэл тухайн ачааны тээвэрлэлтийн хөлсийг илгээгчээр төлүүлнэ.
73.Илгээгч, хүлээн авагчийн зам, талбай, агуулахад ачилт, буулгалтын фронтын хэмжээгээр вагон тавигдсан буюу тэдний буруугаас техникийн саатал гарч, дараагийн вагоныг тавих боломжгүй болж, саатуулбал өртөө нь энэ тухай ерөнхий маягтын акт тавьж, саатсан вагонд хүлээлгийн санамж нээж, вагон ашиглалт, ачаа хадгаламжийн хөлс төлүүлнэ.
74.Илгээгч ачаа явуулахын өмнө хил, гааль, мал эмнэлэг, ариун цэвэр, хорио цээрийн болон хууль тогтоомжийг биелүүлэхэд шаардагдах бусад баримт бичгийг үнэн зөв бүрдүүлж, тээвэрлэлтийн бичиг баримтад хавсаргах үүрэгтэй.Энэ шаардлагыг хангаагүйгээс явуулах болон хилийн өртөөнд вагон, чингэлгийг саатуулбал саатуулсан хугацаанд гэм буруутай этгээд вагон, чингэлгийг ашигласны болон ачаа хадгаламжийн хөлсийг тарифт заасан хэмжээгээр төмөр замын байгууллагад төлнө.
Гаалийн байгууллагаас улсын хилээр оруулахыг хориглосон ачаа хилээр орж ирэх, импортоор ирсэн ачааны тээвэрлэлтийн хөлс, гааль, худалдааны татварыг төлөхгүй байх зэрэг шалтгаанаар хилийн болон хүрэх өртөөнд ачаатай вагон саатуулснаас гарах бүх хариуцлагыг ачаа хүлээн авагч хүлээх бөгөөд төмөр замын байгууллагад вагон ашиглалт, ачаа хадгаламжийн хөлс төлнө. 75.Төмөр замын байгууллага цэвэрлэгдээгүй хөдлөх бүрэлдэхүүнийг ачилтад тавьж өгөхөд хүрвэл зөвхөн илгээгчийн зөвшөөрснөөр гүйцэтгэнэ.Энэ тохиолдолд тухайн хөдлөх бүрэлдэхүүнийг цэвэрлэж, ачаалах үүрэг хүлээсэн илгээгчид, вагон цэвэрлэгээний тарифт заасан хөлсийг төмөр замын байгууллага төлөх бөгөөд вагоны цэвэрлэгээнд зогсох хугацааг илгээгчтэй хамтран тогтоож, тэр хэмжээгээр түүнийг вагон ашиглалтын хөлс төлөхөөс чөлөөлнө.
76.Салбар зам дээр болон өртөөн дээр илгээгч, хүлээн авагч хариуцан ачаа ачих, буулгах болон бусад ажиллагааны үед төмөр замын вагон, чингэлэг, тээвэрлэлтийн бусад хэрэгслийг эвдэж гэмтээсэн бол хүлээн авагч буюу илгээгч нь төмөр замын байгууллагын нэхэмжлэлийн дагуу хохирлыг төлнө.
77.Илгээгч буюу хүлээн авагч нь ачааг ачих, бэхлэх техникийн нөхцөлийг баримтлаагүй болон түүнийг буруу ачиж, боож, бэхэлсний улмаас гарах бүх хариуцлагыг хүлээнэ.
78.Ачаа хүрэх өртөөнд ирсэн тухай албан ёсны мэдэгдэл хүлээн авснаас хойш ачаагаа цаг тухайд нь татаж аваагүйгээс гарах хариуцлагыг (илгээгч буруутай байсан ч) хүлээн авагч хүлээнэ.Илгээгчийн буруу ажиллагаанаас болж төмөр замын байгууллагад тухайн тээвэрлэлттэй холбогдуулан төлсөн хөлс, зардал, хохирлоо хүлээн авагч байгууллага илгээгчээс нэхэмжлэн төлүүлэх эрхтэй.
Ачаагаа буулгаагүй, төмөр замын салбар зам, талбайгаас татаж аваагүйн улмаас болон тээвэрлэлттэй холбогдсон бүх төлбөрийг цаг тухайд нь төлөөгүйгээс үүсэн гарах бүх хариуцлагыг хүлээн авагч хариуцна.
Хэрэв тээвэрлэсэн ачааны падаанд заасан хаягтай хүлээн авагч нь очих өртөөнд байхгүй тохиолдолд төмөр замын байгууллагын өмнө бүх хариуцлагыг ачаа илгээгч хүлээнэ.
79.Хэрэв зорчигч нь төмөр замаар зорчих эрх бүхий баримт бичиггүй зорчиж яваа нь илэрвэл зорчих тасалбар авахаас гадна хууль тогтоомжид заасан хэмжээгээр торгууль төлнө.
80.Төмөр замын байгууллагын буруугаар тээшийг үрэгдүүлсэн, дутагдуулсан, гэмтээсэн, муутгасан, түүнчлэн хүргэх хугацаа хожимдуулсан бол төмөр замын байгууллага хариуцлага хүлээнэ.
Тээвэрлэлтэнд үнэ зарлаагүй хүлээлгэн өгсөн тээшийг бүгдийг буюу хагасыг нь үрэгдүүлбэл төмөр замын байгууллага нь зорчигчид 1 кг тээшийг төмөр замын байгууллагын тогтоосон үнэлгээний дагуу нөхөн төлнө.
Тээвэрлэлтэнд үнэ зарлаж хүлээлгэж өгсөн тээшийг үрэгдүүлбэл зарласан үнийн хэмжээгээр төмөр замын байгууллага хохирлыг нөхөн төлнө.Тээшийн хагасыг нь үрэгдүүлбэл зарласан үнийн зохих хувийг төмөр замын байгууллага төлнө.
Төмөр замын байгууллага тээш хүргэх хугацаа хожимдуулсны торгуулийг хожимдуулсан хоног тутамд уг тээшийн тээврийн хөлсний 10 хувиар бодож төлөх бөгөөд тэгэхдээ тээврийн хөлсний 50 хувиас хэтрүүлэхгүй байвал зохино.
Тээш хүргэх хугацаа хожимдуулсныг тээш ирэх өдрийн 24 цагаас эхлэн тоолно.Төмөр замын байгууллага тээш хүргэх хугацаа хожимдуулсны торгуулийг очих өртөөн дээр үйлдсэн актыг үндэслэн төлнө.
Авч яваа гар тээшийнхээ бүрэн бүтэн байдлыг зорчигч өөрөө хариуцна.
81.Энэхүү үндсэн дүрмийн 58 дугаар зүйлд заасан тээшийн журмаар тээвэрлэхийг хориглосон зүйлийг хууль бусаар тээвэрлүүлсэн явдал илэрвэл төмөр замын байгууллага тээшийн эзнээр тээврийн хөлсийг нугалж төлүүлнэ.
82.Төмөр замын байгууллага, ачаа илгээгч, хүлээн авагч, зорчигчид эд материалын хариуцлага хүлээлгэх, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх баримт нь тээврийн акт болно.
Дор дурдсан шалтгааныг нотлохын тулд тээврийн акт тогтооно:
а/ачаа, тээшийн нэр, хүндийн жин, тоо ширхэг нь тээвэрлэлтийн бичиг баримтад зааснаас зөрж байвал;
б/ачаа, тээш муудаж гэмтсэн байвал;
в/бичиг баримтгүй ачаа, тээш буюу ачаа, тээшгүй бичиг баримт илэрвэл;
г/алдагдсан, хулгайлагдсан ачаа, тээшийг төмөр замд буцааж өгвөл;
д/тооцооны газарт ачааг тавьж олгох баримт бичгийг бүрдүүлснээс хойш 24 цагийн дотор төмөр замын байгууллага уг ачаатай вагоныг салбар зам дээр тавиагүй бол хүлээн авагчийн шаардлагаар.
Дээр дурдсан шалтгааны аль нэгийг төмөр замын байгууллага, ачаа илгээгч, хүлээн авагч олж илрүүлсэн байвал төмөр замын байгууллага тээврийн акт тогтоох үүрэгтэй.
Тээврийн актын маягт, акт тавих журмыг төмөр замын байгууллага тогтооно.
83.Дор дурдсан тохиолдолд гомдол гаргах эрхийг байгууллага, аж ахуйн нэгж, иргэн эдэлнэ:
а/ачаа үрэгдсэн тохиолдолд ачаа ирээгүй тухай очих өртөөний тэмдэглэл бүхий орлох падаан буюу орлох падаангүй бол ачааны тээвэрлэлтийн хөлс төлсөн баримт, ачаа ирээгүй тухай очих өртөөний тэмдэглэл бүхий ачаа илгээсэн өртөөнөөс олгосон магадалгаатай хүлээн авагч;
б/ачаа дутсан, муудсан, гэмтсэн тохиолдолд төмөр замаас олгосон падаан, тээврийн акт буюу тээврийн акт үйлдсэн тухай төмөр замын байгууллага тэмдэглэл хийсэн падаан, эсвэл тээврийн акт үйлдэхээс төмөр замын байгууллага татгалзсанд гомдол мэдүүлсэн баримт, падаантай хүлээн авагч;
в/ачаа хүргэх хугацаа хожимдуулсан тохиолдолд падаан буюу орлох падаантай хүлээн авагч;
г/тээврийн болон бусад ажил, үйлчилгээний хөлсийг илүү буюу дутуу хураасан тохиолдолд падаан болон бусад нотлох баримттай хүлээн авагч, илгээгч;
д/тээш үрэгдсэн тохиолдолд тээшийн тасалбар үзүүлэгч;
е/тээш дутсан, муудсан, эвдэрсэн тохиолдолд тээш дутсан, муудсан, эвдэрсэн тухай төмөр замаас олгосон тээврийн акт үзүүлэгч.
84.Ачаа, тээш, зорчигчийн тээвэрлэлттэй холбогдсон гомдлыг төмөр замын удирдах дээд байгууллагад тогтоосон журмын дагуу гаргана. Гомдол мэдүүлсэн өргөдөлд энэхүү Үндсэн дүрэмд заасан уг гомдлыг нотлох баримт хавсаргасан байвал зохино.
Ачааг үрэгдүүлсэн, дутагдуулсан, муутгасан, гэмтээсэн талаар мэдүүлэх гомдолд тухайн гомдол мэдүүлэх эрхийг нотлох баримтаас гадна илгээсэн ачааны хэмжээ, үнэ, гэмтлийн зэргийг тогтоосон баримт хавсаргасан байвал зохино.
85.Гомдол, нэхэмжлэл гаргах эрхийг илгээгчээс хүлээн авагчид буюу хүлээн авагчаас илгээгчид, түүнчлэн тэднээс дээд байгууллагадаа, эсвэл тээвэр зуучийн байгууллагад шилжүүлэн өгч болно.
86.Төмөр замын байгууллагад гаргах гомдлыг гомдол гаргах шалтгаан үүссэнээс хойш 6 сарын дотор гаргах бөгөөд харин энэ зүйлийн г,д,е,ж-д заасантай холбогдох гомдлыг 45 хоногийн дотор гаргана.
Гомдол, нэхэмжлэл гаргах хугацааг эхлэн тооцох өдрийг дор дурдсанаар тогтооно:
а/ачаа, тээш дутаасан,муутгасан,гэмтээсэнтэй холбогдсон гомдлыг ачаа тавьж олгосон өдрөөс;
б/ачаа үрэгдүүлсэнтэй холбогдсон гомдлыг ачаа хүргэх хугацаа дууссанаас хойш 30 хоног өнгөрмөгц;
в/тээш үрэгдүүлсэнтэй холбогдсон гомдлыг тээш хүргэх хугацаа дууссанаас хойш 10 хоног өнгөрмөгц;
г/ачаа, тээш хүргэх хугацаа хожимдуулсантай байвал холбогдсон гомдлыг уг ачаа, тээшийг тавьж олгосон өдрөөс;
д/чингэлэг саатуулсны болон вагон сул зогсоосны улмаас үл маргах журмаар гаргуулан авсан вагон ашиглалтын хөлсийг буцааж төлөх тухай гомдлыг хөлс оногдуулсан тухай баримтыг хүлээн авсан өдрөөс;
е/тээвэрлэлтийн болон бусад үйлчилгээний хөлсийг илүү, дутуу хураасан талаархи гомдлыг ачаа тавьж олгосон өдрөөс;
ж/бусад бүх тохиолдолд гомдол гарахад хүргэсэн үйл явдал эхэлсэн өдрөөс.
87.Төмөр замын байгууллага нь ирүүлсэн гомдлыг хянаж үзээд түүнийг барагдуулсан буюу хэрэгсэхгүй болгосон тухай хариуг байгууллага, аж ахуйн нэгж, иргэнд 3 сарын дотор өгөх үүрэгтэй.
88.Төмөр замын байгууллага нь ирүүлсэн гомдлыг хэрэгсэхгүй болгосон буюу зарим хэмжээгээр барагдуулснаа тухайн гомдол гаргагчид мэдэгдэхдээ үндэслэлээ зааж, төмөр замын байгууллагын шийдвэрийн үндсийг дурдана.
Энэ тохиолдолд гомдлын өргөдөлд хавсарган ирүүлсэн баримтыг гомдол мэдүүлэгчид буцаана.
Гомдлыг хянан үзэхэд уг ачааны хаягийг өөрчилсөн буюу өөр хүлээн авагчид тавьж олгосон байвал хүлээн авагчийг уг ачааг жинхэнэ хүлээн авсан буюу ачааны хаяг өөрчлөх шийдвэр өгсөн байгууллагатай шууд тооцоо хийлгэхийн тулд төмөр замын байгууллага хаана, хэдийд, хэний ямар шийдвэрээр уг ачааг олгосон буюу хаяг өөрчилсөн болохыг тодорхойлж, гомдлын өргөдлийг мэдүүлэгчид нь буцааж өгнө.
89.Илгээгч, хүлээн авагч, зорчигч нь энэхүү Үндсэн дүрмийн заалтын дагуу төмөр замын байгууллагад тэдгээрийн гаргасан гомдлыг бүрэн буюу зарим хэмжээгээр барагдуулахаас төмөр замын байгууллага татгалзсан хариу өгсөн буюу тус дүрмээр хариу өгөхөөр тогтоосон хугацаа дууссан бол шүүхэд гомдол гаргах эрхтэй.
90.Төмөр замын байгууллага нь бусад хууль тогтоомж,энэ Үндсэн дүрмийн заалтын дагуу үйлчлүүлэгчтэй холбоотой асуудлаар гарах нэхэмжлэлийг тухайн үйл явдал эхэлсэн өдрөөс 6 сарын дотор гаргаж болно.
91.Илгээгч, хүлээн авагч гомдлоо төмөр замын байгууллагад гаргаснаар хөөн хэлэлцэх хугацааг зогсооно.
Хариу авсныгаа илгээх шуудангийн тэмдгээр буюу гомдол гаргагч гарын үсгээрээ нотолсон бөгөөд гомдлыг бүрэн буюу заримыг нь хүлээхгүй гэсэн хариуг төмөр замын байгууллагаас авсан өдрөөс хариу өгөөгүй бол энэ Үндсэн дүрмийн 87 дугаар зүйлд заасан хугацаа өнгөрсөн өдрөөс хөөн хэлэлцэх хугацаа үргэлжилнэ.
92.Гомдол ирсэн буюу түүний дагуу хариу өгсөн баримт бичгийг буцаасан тухай нотолгоо гаргахыг эдгээр баримт, мэдээллийг зааж байгаа тал хариуцна.
Өмнө нь тавьсан гомдлын шаардлагын агуулгыг давтсан гомдол нь гомдол нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацааг зогсоохгүй.Нөгөө талдаа хөөн хэлэлцэх хугацаанд гомдлын шаардлага гаргаагүй этгээд тухайн асуудлаар шүүхийн байгууллагад нэхэмжлэл гаргаж болохгүй.
-----оОо------
Текст томруулах
A
A
A