- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨМӨР ЗАМЫН АЖИЛТНЫ САХИЛГЫН ТУСГАЙ ДҮРЭМ
Засгийн газрын 1997 оны 9 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралт
ТӨМӨР ЗАМЫН АЖИЛТНЫ САХИЛГЫН ТУСГАЙ ДҮРЭМ
ТӨМӨР ЗАМЫН АЖИЛТНЫ САХИЛГЫН ТУСГАЙ ДҮРЭМ
Ажилтны хөдөлмөр зохицуулалт
Нэг.Нийтлэг үндэслэл
1.Энэхүү дүрмийн зорилт нь Төмөр замын тээврийн аюулгүй байдлын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал, төмөр замын тээврийн тасралтгүй хэвийн үйл ажиллагаа, дэг журмыг хангахад оршино.
2.Энэхүү дүрмийг төмөр замын байгууллага, салбар нэгж, тэдгээрт хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг ажилтан дагаж мөрдөнө.
Хоёр.Байгууллагын захиргааны эрх үүрэг
3.Төмөр замын байгууллага, салбар нэгжийн захиргаа нь хөдөлмөрийн хууль, Төмөр замын тээврийн аюулгүй байдлын тухай хууль, бусад холбогдох дүрэм, журамд заасны дагуу дор дурдсан эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
а/ төмөр замын техник ашиглалтын дүрэм, дохиолол, холбооны болон галт тэрэгний ба сэлгээний хөдөлгөөний журам, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм, заавар зэргийг ажилтанд танилцуулж, судлуулах, мэргэжлийн сургалт явуулах, зааварчилгааг тогтоосон журмын дагуу өгөх, эрхийн болон мэргэжлийн зэргийн үнэмлэх олгох;
б/ ажил албан тушаал гүйцэтгэхтэй нь холбогдуулж ажилтныг эрүүл мэндийн үзлэгт оруулах журам тогтоож, ажилтанд эрүүл мэндийн дэвтэр олгох;
в/ хөдөлмөр хамгааллын арга хэмжээнд зориулж шаардагдах хөрөнгө гаргаж, ажлын байранд хөдөлмөрийн стандартыг нэвтрүүлэх;
г/ ажилтныг албан үүргээ биелүүлэхэд шаардагдах ажлын байр, техник хэрэгсэл, ажлын тусгай хувцас, бие хамгаалах, ариутган цэвэрлэх, угаах, хамгаалах бодисоор үнэгүй хангах;
д/ үйлдвэрлэлийн дотоод хяналт шалгалтыг тогтмол явуулах;
е/ үйлдвэрлэл, үйлчилгээний явцад гарсан өөрчлөлт, гологдол, осол, сүйрлийн талаар авсан арга хэмжээ зэрэг дотоодын мэдээллийг хамт олонд тухай бүр хийж байх;
ж/ галт тэрэгний хөдөлгөөнтэй холбоотой ажилд хоёроос дээш ажилтан ажиллаж байгаа нөхцөлд аль нэгийг нь ахлагчаар томилон ажиллуулах.
4. Төмөр замын байгууллага, салбар нэгж нь холбогдох алба, хэлтэстэй зөвшөөрөлцөн "Технологийн тасралтгүй ажиллагаатай байгууллага, нэгжийн ажилтны ээлж солилцох журам"-ыг боловсруулж батална. Ээлж солилцоход дор дурдсан нөхцөлийг хангасан байна:
а/ дараагийн ээлжинд хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх бэлтгэлийг бүрэн хангуулсан байх;
б/ажлын цаг дуусахаас өмнө тухайн ээлжинд гүйцэтгэсэн ажлыг нарийвчлан шалгасан байх;
в/ ажилтан ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд түүнийг ажлаас түр чөлөөлж өөр ажилтныг томилох болон шаардагдах бусад арга хэмжээг авсан байх;
г/ гологдол,осол, сүйрэл гарсан буюу гарч болзошгүй нөхцөлд ээлж солилцуулахыг түр хойшлуулан ажиллуулж, саатлыг арилгасны дараа ээлж солилцуулах;
д/ ээлж солилцох, ажил хүлээлцэх үедээ хариуцсан хөдлөх бүрэлдэхүүн, тоног төхөөрөмж бүрийг биечлэн үзэж хүлээлцэх.
Ээлж хүлээн авах хэвийн нөхцөл бүрдээгүй тохиолдолд ээлж авсан бол түүнээс үүдэх хариуцлагыг ээлж хүлээн авагч хариуцна..
Гурав. Ажилтны эрх, үүрэг
5.Төмөр замын байгууллага, салбар нэгжийн ажилтан нь хөдөлмөрийн хууль, Төмөр замын тээврийн аюулгүй байдлын тухай хууль, бусад холбогдох дүрэм, журамд заасны дагуу дор дурдсан эрх, үүрэгтэй байна:
а/ төмөр замын ажилтан бүр галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангах;
б/ Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын холбогдох гэрээ, хэлэлцээр, энэхүү дүрэм, техник ашиглалтын дүрэм, дохиолол, холбооны болон галт тэрэгний ба сэлгээний хөдөлгөөний журам, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм, үйлдвэрлэлийн ариун цэвэр, эрүүл ахуй, галын аюулгүй байдлын дүрэм, журам, заавар зэргийг судалж, үйл ажиллагаандаа дагаж мөрдөх;
в/ байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, албан тушаалын заавар, ажил үүргийн хуваариар хүлээсэн үүргээ биелүүлэх;
г/ техник ашиглалт, аюулгүй ажиллагааны арга барилд суралцах, мэргэжлийн ба зохих зэрэглэлийн үнэмлэх авсан байх;
д/ галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, зурмагийг биелүүлэх;
е/ галт тэрэгний хөдөлгөөнийг оновчтой, шуурхай зохион байгуулж, төмөр замын тээврийн хэвийн ажиллагааг хангахтай холбогдсон тушаал, захирамжийг заавал биелүүлэх;
ж/ төмөр замын тээврийн хэрэгсэл болон бусад эд хөрөнгө, сэлбэг материалыг хайрлан хамгаалж, ачааны бүтэн бүтэн байдлыг хангах;
з/ хариуцсан ажилтай нь холбогдуулан бүх шатны удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг хугацаанд нь биелүүлж, тухай бүр эргэж илтгэж байх;
и/ галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой ажилтан албан үүргээ гүйцэтгэж байхдаа албан ярилцлагыг тогтоосон журмаар хийж байх;
к/ үйлчлүүлэгч байгууллага, иргэдийг тээвэрлэлт, ажил, үйлчилгээний тухай үнэн зөв мэдээллээр хангаж, хөнгөн шуурхай, соёлч боловсон үйлчилж, ажил, үйлчилгээний болон галт тэрэгний цагийн хуваарийг баримтлах;
л/ тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг биелүүлж, тогтоосон хугацаанд эрүүл мэндийн үзлэгт орсон байх;
м/ хөдлөх бүрэлдэхүүн, зам, дохиолол холбооны тоног төхөөрөмж, машин механимзмд байнга үзлэг үйлчилгээ хийж, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны зохих нөхцөлийг бүрдүүлж ажиллахаас гадна тэдгээрт гарсан эвдрэл, гэмтэл, хэвийн бус ажиллагааны талаар мөн түүнд хүргэж болзошгүй нөхцөл байдлын талаар цаг тухай бүрт нь дээд шатны удирдах албан тушаалтан, холбогдох хүмүүст мэдэгдэх;
н/ хээл хахууль авах, өгөх, танил тал харах, шан харамж авах, өгөх, шаардах зэргээр төмөр замын байгууллагын нэр хүндэд харшлах үйлдэл гаргахгүй байх;
о/ хөдөлмөрийн болон хамтын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг захиргаанаас шаардах;
п/ хүний амь нас, эрүүл мэнд, хөдөлгөөний аюулгүй байдалд аюул учирсан тохиолдолд галт тэрэг, сэлгээний хөдөлгөөнийг зогсоох, осолтой газрыг хааж хамгаалах;
р/ хариуцсан ажилтай нь холбогдуулан олгосон ажлын болон дүрэмт хувцас, бие хамгаалах болон дохионы хэрэгсэл, бусад зүйлийг зориулалтын дагуу тогтоосон журмаар хэрэглэх.
6. Ажлын байр эзэнгүй орхих, ажлын байранд унтах, бусадтай ярих зэргээр ажил цалгардуулах, гаргасан буюу илэрсэн зөрчил дутагдлыг нуун дарагдуулах, эвлэрэн хаацайлах зэргийг хатуу хориглоно.
7.Удирдах ажилтан дүрмийн 5, 6-д заасан эрх, үүргээс гадна дор дурдсан нэмэгдэл эрх, үүрэгтэй байна:
а/ хөдөлмөрийн бүтээмж,,ажлын чанар, үр ашгийг дээшлүүлэхэд хамт олныг зохион байгуулах;
б/ шудрага, ил тод байх зарчмыг, баримтлах;
в/ тушаал, шийдвэрийг тодорхой, ойлгомжтой өгч, түүний гүйцэтгэлийг хангуулах;
г/ хууль бус үйл ажиллагааг цаг алдалгүй холбогдох газарт мэдэгдэж таслан зогсоох буюу өөрийн эрх мэдлийн хэмжээнд арга хэмжээ авах;
д/ дээд байгууллага болон хамт олны өмнө тогтоосон журмын дагуу ажлаа тайлагнах;
е/ сүйрэл, осол, гологдол, саатлыг арилгах ажилд оролцуулахаар дуудсан тохиолдолд анхны дуудлагаар ажлын байранд хүрэлцэн ирэх.
Дөрөв.Шагнал урамшуулал
8. Хөдөлмөрийн тодорхой амжилт гаргасан, гологдол, осол, сүйрлээс урьдчилан сэргийлсэн, хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгийг авран хамгаалсан ажилтныг байгууллагын захиргаа дор дурдсан хэлбэрээр шагнаж урамшуулна.Үүнд:
а/ мөнгөн шагнал
б/ баярын бичиг,үнэ бүхий зүйл
в/ мэргэжлийн аваргаар шалгаруулах
г/ хүндэт самбарт зургийг тавьж алдаршуулах
д/ хүндэт үнэмлэхээр шагнах
е/ "Онц хөдөлгөөнчин" тэмдгээр шагнах
ж/ "Тэргүүний төмөр замчин" тэмдгээр шагнах
з/ хүндэт дэвтэрт бичих
и/ "Хүндэт төмөр замчин" тэмдгээр шагнах. /ЗГ-ын 2005-183-р хүчингүй болсон/
Дээрх зүйлд дурдсан шагнал дагалдах мөнгөн урамшуулалтай байх бөгөөд шагнал урамшууллыг төмөр замын байгууллага, салбар нэгжийн даргын шийдвэрээр олгоно.
9. Энэ дүрмийн 8 дугаар зүйлийн е, ж, з, и заалтад заасан шагнал урамшууллыг зөвхөн төмөр замын даргын шийдвэрээр олгоно.
10. Төмөр замын байгууллагын салбар нэгжийн дарга Төмөр замын байгууллагын даргын баталсан журамд заасан хэмжээнээс хэтэрсэн шагнал урамшууллыг үзүүлэх, доод байгууллага нь дээд байгууллага, ажилтныг шагнаж урамшуулахыг хориглоно./ЗГ-ын 2005-184-р и заалтыг хассан/
ТАВ.Сахилгын зөрчил, түүнд оногдуулах шийтгэл
11.Монгол Улсын Хөдөлмөрийн хууль, Төмөр замын тээврийн аюулгүй байдлын тухай Монгол Улсын хууль, төмөр замын техник ашиглалтын дүрэм, дохиолол, холбооны болон галт тэрэгний ба сэлгээний хөдөлгөөний журам, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зэрэг бусад холбогдох дүрэм, журам, хөдөлмөрийн гэрээ, албан тушаалын зааврыг зөрчсөн нь гэмт хэргийн шинжгүй бол сахилгын зөрчил гаргасанд тооцно.
12. Төмөр замын байгууллага, салбар нэгжийн захиргаа нь хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан ажилтанд түүний гэм буруугийн байдлыг харгалзан Төмөр замын тээврийн аюулгүй байдлын тухай Монгол Улсын хуулийн 23 дугаар зүйлийн 4-т заасан сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж оногдуулна.
13. Дор дурдсан сахилгын ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцалж болно:
а/ галт тэрэгний хөдөлгөөнд сүйрэл, осол, ажлын ноцтой гологдол гаргасан, өөрийн буруугаас байгууллагад их хэмжээний хохирол учруулсан;
б/ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, ажилдаа согтуу ирсэн;
в/ төмөр замын обьект, байгууламж, эд анги, сэлбэг материалыг хулгайлсан, тоносон;
г/ хөдлөх бүрэлдэхүүний эд ангийг санаатайгаар задалсан болон эвдэж эд юмс нуусан;
д/ албан тушаалаа ашиглан ачаа, тээш, зорчигчийг үнэ, хөлсгүй тээвэрлэсэн;
е/ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дараалсан 3 ажлын өдөр буюу нийлбэр дүнгээрээ 4 ба түүнээс дээш өдрийн ажил тасалсан;
14. Сахилгын шийтгэлийн талаархи гомдлоо ажилтан хууль тогтоомжид заасны дагуу хөдөлмөрийн маргаан таслах комисс болон шүүхэд гаргаж болно.
15.Сахилгын шийтгэлийн талаар гомдол гаргасан нь түүнийг биелүүлэхээс татгалзах үндэслэл болохгүй.
Ажилтны ажил, амралтын цагийн зохицуулалт Зургаа.Ажлын цаг
16.Зүтгүүрийн болон галт тэрэгний бригадын ажилтны ажлын цагийн тасралтгүй үргэлжлэх хугацааг галт тэрэгний хөдөлгөөний зурмагийн дагуу ээлжинд 12 цагаас ихгүй байхаар төмөр замын байгууллагын дарга тогтооно.
17. Хоногийн турш тасралтгүй ажиллагаатай ажилд ажилтан нарыг 3; 3,5 ээлжээр гаргах бөгөөд ажлын цаг нь тухайн сарын ажлын цагийн сангаас илүүгүй байна.
Ээлжээр ажилладаг ажилтныг хоёр ээлж дараалуулан ажиллуулахыг хориглоно.
Ээлжийн ажилтны ажлын цагийн үргэлжлэх хугацаа 12 цагаас ихгүй байх ба онцгой нөхцөлд уг хугацааг төмөр замын байгууллагын даргын шийдвэрээр 4 хүртэл цагаар сунгаж болно.
18. Хүнд, хортой, халуун нөхцөлд ажилладаг ажилтны ажлын өдрийн хэвийн үргэжлэх хугацааг хөдөлмөрийн стандартыг баримтлан тогтооно.
19. 18 нас хүрээгүй хүмүүсийг галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилд авах, шөнийн ээлжинд ажиллуулахыг хориглоно.
20.Зүтгүүрийн ба галт тэрэгний бригад, мөн тасралтгүй ажиллагаатай ажил дээр ажилладаг ээлжийн ажилтны шөнийн ээлжинд ажилласан цагийн үргэлжлэх хугацааг хорогдуулахгүйгээр тогтооно.
Зааварлагч машинчийн шугамжд явж ажилласан цагийг дагалдан явсан тухайн галт тэрэгний машинчийн цагийн нэгэн адилаар тооцно.
21. Зорчигчдын галт тэрэгний вагоны үйлчлэгч нарын ажлын цагийг үндсэн байрнаас эргэлтийн байр хүртэл явсан, эргэлтийн байрнаас үндсэн байранд хүрэлцэн ирсэн цагийн нийлбэрийг үйлчлэгчдийн тоонд хувааж гаргана. Гэхдээ үндсэн ба эргэлтийн байранд ажилласан бэлтгэл-төгсгөлийн цагийг үйлчлүүлэгч тус бүр дээр нэмж тооцно.
22. Зорчигчдын галт тэрэгний дарга /механикч/, тасалбар шалгагч-байцаагч, цахилгааны монтёр, тасалбар борлуулагч нарын ажлын цагийг тухайн галт тэргэнд үйлчилж байгаа вагоны үйлчлэгчдийн адил хэмжээгээр тооцох бөгөөд ажилтан нар тогтоосон ажлын цагийн хэмжээнд тохируулан өөрийн ажил үүргийг зохицуулна.
23. Албаны болон тусгай үйлчилгээний вагоны үйлчлэгч болон гүйцэтгэх ажлын шинж чанарыг нь тэдгээртэй адилтган үзэж болох ажилтан нарын ажлын цагийг төмөр замын байгууллагын даргын баталсан нормативыг үндэслэн ээлж зохион байгуулж, ээлжинд 12 цагаас ихгүйгээр зурмагаар зохицуулна.
24.Өртөө, депогийн замд зогсож байгаа вагоны үйлчлэгчдийн цагийг замын захиргаанаас батлагдсан нормативыг үндэслэн 12 цагаас ихгүйгээр ээлжийн зурмагаар зохицуулна.
25. Эрхэлж байгаа үүрэгт ажлын ачаалал багаас болж ажлын цагийн нягтралыг хангаж чадахгүй байгаа тохиолдолд тухайн ажилтны ажил мэргэжилтэй нь төстэй буюу ойролцоо төрлийн нэмэгдэл ажил үүргийг гүйцэтгүүлж болно.
Долоо. Ажлын өдрийн эхлэл,төгсгөл
26.Хөдөлмөрийн дотоод журмаар тогтоогдсоны дагуу ажлын байрандаа хүрэлцэн ирсэн цагийг ажил эхлэх, ажил тарсан цагийг ажил дууссан цагт тооцно. Ажлын байнгын байрнаас өөр газар цугларч ажил хийх шаардлага гарсан тохиолдолд ажлын эхлэл, төгсгөлийг тэрхүү байранд тогтоож болох ба уг байр нь байнгын байрнаас явган явахад 3 км-ээс холгүй байх ба энэ үед ирсэн, буцсан цагийг ажлын цагт оруулан тооцохгүй.
Ажлын өдрийг хэсэгчлэн хуваах журмаар ажилладаг ажилтны ажлын эхлэл, төгсгөлийг батлагдсан зурмагийн дагуу тогтооно.
Ээлжийн ажилтан, түүний дотор сэлгээний бригадын ажилтны ажил хүлээн авах, хүлээлгэн өгөх цаг нь 20 минутаас ихгүй байх бөгөөд энэ нь ажлын цагт тооцогдоно.
Сэлгээний бригадыг ээлж солилцохоос 30 минутын өмнө өөр өртөөнд ажиллуулахаар явуулж болохгүй.
27. Ажлын байнгын байранд зүтгүүр, галт тэрэгний бригад, дуудлагаар буюу наряд-хуваариар хүрэлцэн ирсэн хугацааг ажил эхэлсэн цаг гэнэ. Зүтгүүр, галт тэрэг, вагоныг депо буюу солилцох байранд хүлээлгэн өгсөн, мөн дуудагдан ирсэн боловч аялалд яваагүйгээс захиргааны шийдвэрээр ажлаас буулгасан хугацааг ажил дууссан цаг гэнэ.
Зүтгүүр, галт тэрэгний бригадаас зүтгүүр, галт тэрэг, вагоныг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн хугацааг ажилласан цагт оруулж тооцно.
Зүтгүүр, галт тэрэг, вагоныг хүлээн авах, хүлээлгэн өгөх цагийн нормативыг төмөр замын байгууллагын дарга тогтооно.
Зүтгүүр, галт тэрэгний бригад нь зүтгүүр, галт тэргийг хүлээн авахаар явсан хугацаа, түүнчлэн хүлээлгэн өгсөн хугацааг ажлын цагт тооцно.Тасралтгүй ажилласан цагт зорчигчийн галт тэргэнд зорчигчоор явсан цагийг тооцохгүй.Энэ нөхцөлд зүтгүүр, галт тэргийг хүлээн авах байрнаас амралтгүйгээр цаашид ажилд явахыг зөвшөөрнө.
Захиргааны шийдвэрээр зүтгүүр, галт тэрэгний бригад депод хүрэлцэн ирж, зүтгүүр, галт тэргийг хүлээн авахаар хүлээсэн хугацаа, түүнчлэн ажлын байнгын байрандаа зүтгүүр, галт тэргийг хүлээн аваад явуулах хүртэл зогссон хугацааг сул зогсолт гэж тооцно.
Хил гарах, дзамжуулах галт тэрэг, сэлгээний ажил, түлхэгч зүтгүүр дээр тогтмол буюу түр хугацаагаар ажиллуулахаар зүтгүүр, галт тэрэгний бригадыг байнгын оршин суудаг газраас явуулахад дээрх журмыг хэрэглэхгүй.
Уг ажлын газарт байнгын ажил хийхээр томилогдоогүй үед тусгай тохиолдлоор ажилтныг явуулж /өвчтэй буюу бусад шалтгаанаар ажилтныг байхгүй үед тэдний оронд ажиллуулахаар/ ажиллуулахад тэдний ажлын цагийн тооцоог холбогдох журмын дагуу гүйцэтгэх бөгөөд зүтгүүр, вагон, галт тэргийг хүлээн авахаар ирсэн цагийг ажилласан цагаар, ажил хүлээсэн цагийг сул зогсолтоор тус тус тооцно.
Найм.Илүү цагийн ажил
28.Зөвхөн онцгой тохиолдолд Хөдөлмөрийн хуульд нийцүүлэн захиргаа ажилтныг илүү цагаар ажиллуулж болно.
Ажилтан нарыг дараалсан хоёр өдөрт илүү цагаар ажиллуулах хугацаа 4 цагаас хэтэрч болохгүй.
ЕС.Ажил, жижүүрлэлтийн хугацааг сунгаж болох тохиолдлууд
29.Зүтгүүр, галт тэрэгний бригадын тасралтгүй ажилагааны үргэлжлэх хугацааг байгалийн гамшиг болон онцгой тохиолдлоос бусад үед галт тэрэгний хөдөлгөөний зурмагаар тогтоосон цагаас илүү сунгаж ажиллуулахыг хориглоно.
Зүтгүүр, галт тэрэгний бригадын тасралтгүй ажиллагааны үргэлжлэх хугацааг сунгах шаардлагатай тохиолдолд төмөр замын байгууллагын даргын шийдвэрээр зохицуулна. Энэ тохиолдолд захиргаа нь уг ажилтныг өөр хүнээр түргэн хугацаанд солих талаар шаардлагатай арга хэмжээг авах үүрэгтэй.
30.Цас, элсэнд зам булагдах, зам угаагдах зэрэг байгалийн гамшиг тохиолдсон үед галт тэрэгний бригад, бусад ажилтныг байгалийн аюулаас сэргийлэх, тэдгээрийн хор уршгийг арилгах зорилгоор амралт эдэлсэн эсэхийг харгалзахгүй ажилд дуудан оруулж болно.
31.Хөдлөх бүрэлдэхүүн мөргөлдөх, замаас гарах, зүтгүүр, дохиолол холбоо, эрчим хүчний байгууламж эвдэрсэн, зам гэмтсэн,тусгай зориулалтаар явах галт тэрэг өнгөрүүлэх зэрэг онцгой нөхцөлд ажилтанг амралтаас ажилд дуудан оруулж болно.
Дээр дурдсанаас бусад нөхцөлд зүтгүүр, галт тэрэгний бригадыг бүрэн амарч дуусаагүй байхад нь ажилддуудахыг хориглоно.
Арав.Амралтын хугацаа
32.Хуулиар зөвшөөрөгдсөн тохиолдолд ажилтантай тохиролцсоны үндсэн дээр түүнийг 7 хоногийн амралтын өдөр ажилуулж болох бөгөөд нөхөн амруулах, эсвэл уг амралтыг ээлжийн амралтан дээр нь нэмж олгоно.
Ачаа их хэмжээгээр хуримтлагдсанаас хөдлөх бүрэлдэхүүний сул зогсолт ихсэх, төмөр замын тээврийн цаашдын хэвийн ажиллагааг саатуулахаас сэргийлэх зорилгоор ачих, буулгах ажил дээр долоо хоногийн амралтын өдөр ажилтанг ажиллуулж болно.
33.Амралт, баяр ёслолын өдөр албан томилолтоор ажилласан тохиолдолд амралтыг нөхөн олгоно.
34.Зүтгүүр, галт тэрэгний бригадын долоо хоног бүрийн амралтын өдрийг тухайн сарын амралт, баяр ёслолын өдрийн тоотой тэнцүү хуваарилан аяллын дараахь хэвийн амралтан дээр 24 цаг нэмж олгох бөгөөд үргэлжлэх хугацаа нь 42 цагаас багагүй байна.
Үүнийг зөвхөн үндсэн ажлын газарт нь олгох, амрах хуваарийг ажилтанд урьдчилан мэдэгдсэн байх ёстой.
35.Тасралтгүй ажиллагаастай ажил дээр ажиллагчдад долоохоногийн амралтын өдрийг сарын амралт, баяр ёслолын өдрийн тооноос багагүй байхаар ээлжийн зурмагаар тогтоох боловч энэ нь 42 цагаас багагүй байна. Ажлын шаардлагаар 7 хоногын амралтыг бууруулан 24 цагаар тогтоож болох боловч дутууг дараа амралт дээр нь нэмж олгоно.
36.Албан болон тусгай үйлчилгээний вагоны үйлчлэгч нарын амралтыг олгохдоо үндсэн бүртгэлтэй газарт нь хоёр үйлчлэгчийг ээлжлүүлэн амрааж зохицуулна.
37.Ажилтан нарын хооллох, амрах хугацааг 30 минутаас багагүй, 2 цагаас ихгүй байхаар хөдөлмөрийн дотоод журмаар тогтоох бөгөөд энэ нь ажлын цагт тооцогдохгүй.
Арваннэг. Амралт олгох
38.Ажлын өдрийн дараахь хэвийн амралтын үргэлжлэх хугацааг 8 цагийн ажлын өдөртэй ажилтанд 16 цаг, 7 цагийн ажлын өдөртэй ажилтанд 17 цаг, 12 цагаар ажилладаг ээлжийн ажилтанд 24 цагаар тус тус тогтооно.
39.Үндсэн депо, бригадын байнга оршин суудаг солилцох байранд зүтгүүр, галт тэрэгний бригадын үндсэн газарт олгох амралтыг хоёр талын аялал хийсний дараа зарцуулсан нийт цагийн хэвийн амралт зохицуулах итгэлцүүрээр үржүүлж, гарсан үржвэрээс эргэлтийн байр буюу амрах нөхцөлөөр хангагдсан суудлын вагонд амарсан хугацааг хассан хэмжээгээр тооцоолж олгоно. Итгэлцүүр 2, 13-ыг 7 хоногийн ажлын дараахь амралтын цагийн нийлбэрийг 7 хоногийн ажлын нормт цагт хувааж гаргасан болно /98:46=2,13/.
Ажлын байнгын байран дахь амралтыг ажлын шаардлагаар 12 цаг хүртэл багасгаж болно.
40. Эргэлтийн болон солилцох байранд галт тэрэг, зүтгүүрийн бригадын аялал нэг талдаа 4 цаг, хоёр талдаа 8 цагаас илүү үргэлжлэх тохиолдолд гүйцэтгэсэн ажлын цагийн хагасаас буюу 3 цагаас багагүй хугацаагаар амарсан байна.
41.Зүтгүүр, галт тэрэгний бригадыг эргэлтийн байр буюу ажил дууссан газарт нь амруулахгүйгээр буцааж болох боловч буцах замд нь ажиллуулж болохгүй.
42. Зорчигчдын галт тэрэгний бригадын ажлын цагийг халаа /турный/ ээлжээр зохион байгуулж байгаа нөхцөлд ажилтны үндсэн газарт олгогдох амралтыг хоёр талын аялал хийсний дараа тооцож олгоно. Амралтын үргэжлэх хугацааг тодорхойлохдоо нийт ажилласан хугацааг 2,13-аар үржүүлж, замд амарсан хугацааг хасч тодорхойлно. Хэрэв амралт, баяр ёслолын өдрийн амралтыг олгох бол тухайн амралтын үргэлжлэх хугацаан дээр 24 цагийг нэмж олгоно.
Арванхоёр. Ажлын цагийн зурмаг
43.Ажлын цагийн зурмагийг зохиохдоо дараахь зүйлүүдийг удирдлага болгоно:
а/ төмөр замын байгууллагын даргын баталсан хоногийн туршид ээлжинд ажилладаг ажилтан нарын ажил, амралтын үлгэрчилсэн зурмагийн дагуу харьяа байгууллага, салбар нэгжүүд өөрийн нөхцөлд тохирсон зурмаг зохиож мөрдөнө;
б/ хоногийн турш тасралтгүй ажиллагаатайгаас бусад ээлжээр ажиллагчид, мөн түүнчлэн ажлын өдрийг хэсэглэн хуваах журмаар ажилладаг ажилтны ажиллах зурмагийг үйлдвэрийн захиргаа батална.;
в/ ажлын өдрийг хэсэглэн хуваах журмаар ажиллагчдын ажлын зурмагийг үдийн хоолны завсарлагыг оролцуулан 2-оос илүүгүй завсарлагаатай, завсарлага бүрийн үргэлжлэх хугацааг 1 цагаас багагүй, хоногийн туршид амралтын тасралтгүй үргэлжлэх хугацаа 12 цагаас багагүйгээр тус тус зохионо;
г/ захиргаа нь ажилтан бүрийн ажил, амралтын зурмагийг сар эхлэхээс 3 хоногийн өмнө танилцуулж, ажлын байранд тавьсан байна.
44. Зүтгүүр, галт тэрэгний бригадын ажлын цагийн хуваарийг захиргаанаас галт тэрэгний хөдөлгөөний мөрдөгдөж байгаа зурмаг, долоо хоногийн амралт, сарын нормт ажлын цагийн тасралтгүй үргэлжлэх хугацаа зэргийг харгалзан зохионо. Ажлын цагийн зурмаг зөрчигдсөн тохиолдолд зүтгүүр, галт тэрэгний бригадыг аялалд яваад ирэхэд мэдэгдэж, нарядаар ажилд томилно.
Нарядад ажилд ирэх цагийг тодорхой заасан байхаас гадна ажилтны амарч байгаа хугацаанд нарядтай танилцуулах, шийдвэр өгөх зэргээр захиргаанаас үүрэг хүлээлгэхгийг хориглоно. Зурмагт тусгагдаагүй, галт тэргэнд ажиллах бригадад энэ заалт мөн нэгэн адил хамаарагдана.
Байгалийн гамшиг, онцгой тохиолдол, хойшлуулшгүй гүйцэтгэх шаардлагатай ажлын үед энэ заалт хамаарахгүй бөгөөд байгууллагын хөдөлмөрийн дотоод журмаар бригад дуудах журмыг тогтооно.
45.Зүтгүүр, галт тэрэг, сэргээн босгох галт тэрэг, хэсэглэн хуваасан ажлын өдөртэй болон хоногийн туршид тасралтгүй ажиллагаатай ажил дээр ажилладаг ажилтны ажлын цагийг сарын эцэст нэгтгэн тооцно.
Сарын ажлын цагийн санг тодорхойлохдоо ажлын өдрийн үргэлжлэлийн тогтоогдсон хугацааг хуанлийн сарын ажлын өдрийн тоогоор үржүүлж гаргана. Гэхдээ амралт, баяр ёслолын өдрүүдийн өмнөх хорогдуулсан цагтай өдрүүдийг бодолцоно.
---------оОо---------
Текст томруулах
A
A
A