A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2005 оны 75 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА, ЭРҮҮЛ АХУЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
 
Нэг. Нийтлэг үндэслэл
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын бага хурлын 2003 оны 91 дүгээр Чуулганаас хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн асуудлаархидэлхий нийтийн стратегийн чиг шугамыг тодорхойлж, үндэсний хэмжээнд аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх зан үйлийг төлөвшүүлэхэд төрийн зүгээс онцгой анхаарал хандуулж, нийгмийн түншлэлийн зарчимд нийцсэн, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн менежментийн систем нэвтрүүлэхийг зөвлөж байгаа юм.
Монгол Улсын Засгийн газраас Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах хөтөлбөрийг 1997-2000, 2001-2004 оны хооронд 2 үе шаттайгаар хэрэгжүүллээ.
Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн удирдлага, зохион байгуулалт, хяналтын тогтолцоог бүрдүүлэх, эрх зүйн орчинг сайжруулах, аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн асуудалд зохих хэмжээнд анхаарах болсон зэрэг эерэг хандлага төлөвшиж байна.
Энэ хугацаанд Монгол Улс Олон улсын хөдөлмөрийн байгууллага (цаашид ОУХБ гэх)-ын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, үйлдвэрлэлийн орчны тухай 155 дугаар конвенцид нэгдэн орсон бөгөөд Хөдөлмөрийн тухай хуульд хөдөлмөрийн нөхцөл, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн стандарттай холбоотой бүлгийг конвенцийн үзэл баримтлалтай нийцүүлсэн.
Улсын хэмжээнд явуулсан үзлэгийн дүнгээс үзэхэд 1000 хүнд ногдох үйлдвэрлэлийн осол, осолд өртсөн хүний тоо  1997-2004 оны хооронд 0,4 пунктээр тус тус буурсан байна.
Ийнхүү зарим нааштай ахиц өөрчлөлт байгаа боловч мэргэжлээс шалтгаалсан өвчний тоо төдийлэн буурсангүй. Энэ нь 20-30 жилийн өмнө ашиглалтад орсон үйлдвэрийн газрын ажлын байрны нөхцөл болон техник, тоног төхөөрөмжийн хоцрогдол, тухайн үйлдвэрт удаан хугацаагаар ажилласан ажиллагчдын өвчлөлийн оргил үе таарч байгаа зэрэг хүчин зүйл нөлөөлж  байгаатай холбоотой байна.
Түүнчлэн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн талаархи олон нийтийн ойлголтыг сайжруулахад чиглэсэн мэдээлэл, сургалт, сурталчилгаа хийгдэхгүй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн асуудлаар үндэсний түвшинд шийдвэрлэж байгаа арга хэмжээний хоорондын уялдаа хангалтгүй байгаагийн зэрэгцээ үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг санхүүжүүлэх хөрөнгийн асуудлыг эрх зүйн хувьд зохицуулаагүй байна. Мөн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр тахир дутуу болж, хөдөлмөрийн чадвар алдсан иргэдэд зориулсан нөхөн сэргээх үйлчилгээ бий болгох, эдгээр иргэдийн мэргэжлийн чиглэлийг өөрчлөх, давтан сургалтад хамруулах талаар төдийлэн анхаарч чадахгүй байна.
Иймд дээрх асуудлыг зохицуулсан эрх зүйн орчныг боловсронгуй болгох, энэ чиглэлийн үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн чадвар алдсанаас болж ажилтанд учирсан хохирлыг барагдуулах, хөдөлмөрийн чадвар алдалтыг нөхөн сэргээх, энэ талаархи мэргэжлийн сургалт, сурталчилгааны оновчтой тогтолцоо, эмчилгээ, үйлчилгээ бий болгох хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх шаардлагатай байна.
ОУХБ-ын зөвлөмж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн чиглэлээр тулгамдаж байгаа өнөөгийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн орчныг сайжруулах үндэсний хөтөлбөр /2005-2010/-ийг боловсруулсан болно.
Хөтөлбөрийг төр, засгийн бүх шатны байгууллага, нийгмийн түншлэлийн 3 тал, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, олон нийтийн оролцоонд тулгуурлан улс, орон нутгийн хэмжээнд хөрөнгө, хүчийг төвлөрүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар хэрэгжүүлэх болно.
 
Хоёр. Хөтөлбөрийн зорилго
Хөтөлбөрийн зорилго нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн талаар урьдчилан сэргийлэх зан үйлийг бий болгох, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнийг бууруулах, хөдөлмөрлөх үйл ажиллагааны явцад ажилтны эрүүл мэнд, амь насыг хамгаалах бүх нөхцөлийг бүрдүүлэх, ажилтныг мэргэжлийн эрсдэлээс хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгох нийгмийн баталгааны түвшинг нэмэгдүүлэх, нийгмийн түншлэлийн механизмыг хөгжүүлэхэд чиглэгдэнэ.
 
Гурав. Хөтөлбөрийн хэрэгжилтийн хугацаа, санхүүжилт
Хөтөлбөрийг 2010 он хүртэл хэрэгжүүлэх бөгөөд үйл ажиллагааг дараахь үе шатаар төлөвлөнө. Үүнд:
Нэгдүгээр үе шат 2005-2007;
Хоёрдугаар үе шат 2007-2010.
Хөтөлбөрийн санхүүжилтийг дараахь эх үүсвэрээс бүрдүүлнэ:
а/улс, орон нутгийн төсвөөс олгох хөрөнгө;
б/хандивлагч орон, олон улсын байгууллагын тусламж, хандив;
в/төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагын санаачилгаар хуримтлагдсан хөрөнгө;
г/гадаад, дотоодын хөрөнгө оруулалт;
д/бусад эх үүсвэр.
 
Дөрөв. Хөтөлбөрийн үйл ажиллагааны үндсэн чиглэл
Зорилт 1
Хөдөлмөрийн хүрээний суурь зарчим, үндсэн эрхүүдийн тухай ОУХБ-ын тунхаглалыг хэрэгжүүлэх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн эрх зүйн орчныг ОУХБ-ын конвенцитай  нийцүүлэн боловсронгуй болгосноор дараахь үр дүнд хүрнэ.
Үр дүн: 1.1.
Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн эрх зүйн орчныг боловсронгуй болгож, энэ талаархи ажил олгогч, ажилтан, олон нийтийн ойлголт сайжирна.
Үйл ажиллагаа:
1.1.1. ОУХБ-ын Аж үйлдвэр, худалдаан дахь хөдөлмөрийн байцаан шалгах газрын тухай 81, Хөдөлмөрийн эрүүл ахуйн албаны тухай 161, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл дэх хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны 184 дүгээр конвенциудад нэгдэн орох арга хэмжээ авах;
1.1.2. Барилгын салбар дахь Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн 167, Уул уурхай дахь Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн 176 дугаар Конвенциудад нэгдэн орох асуудлыг судлах;
1.1.3. ОУХБ-ын 155 дугаар Конвенцийг үндэсний хууль тогтоомжид нийцүүлэх үндсэн дээр уг конвенцийн хэрэгжилтийг эрчимжүүлэх арга хэмжээ авах;
1.1.4. ОУХБ-ын 155 болон бусад конвенциудын хэрэгжилтийн талаархи тайлан илтгэлийг тогтмолжуулж, Улсын Их Хурал, Хүний эрхийн үндэсний комисст танилцуулах,  олон нийтэд мэдээлж хэвшүүлэх;
1.1.5. ОУХБ-ын 155 дугаар конвенцийг хэвлэн нийтлэх, сурталчлах үйл ажиллагааг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах;
1.1.6. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн үйлдвэрлэлийн орчны тухай ОУХБ-ын 155 дугаар конвенцийн талаархи сургалт, сурталчилгааг хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах.
Зорилт 2
Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх асуудлын талаархи эрх зүйн орчныг бүрдүүлж, түүний хэрэгжилтийг хангаснаар дараахь үр дүнд хүрнэ.
Үр дүн: 2.1.
Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн зохицуулалт бий болж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл буурсан байна.
Үйл ажиллагаа:
2.1.1. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн талаархи харилцааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох хүрээнд уг асуудлаар бие даасан хууль гаргах үндэслэл, шаардлагыг судлан тодорхойлох арга хэмжээ авах; 
2.1.2. "Нийгмийн даатгалын сангаас олгох Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг боловсруулах;
2.1.3. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогоос урьдчилан сэргийлэх дэд хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх;
2.1.4. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн стандартыг шинээр болон шинэчлэн боловсруулж, мөрдүүлэх;
2.1.5. ОУХБ-ын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн удирдлагын системийн удирдамж (ILO-OSH 2001)–ийг үндэслэн аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн удирдлагын систем нэвтрүүлэх удирдамж боловсруулж, үе шаттайгаар хэрэгжүүлэх;
2.1.6. Уул уурхай, эрчим хүч, барилга, тээвэр, холбооны салбарын машин, тоног төхөөрөмж, аюултай бодисын аюулгүй ажиллагааны дүрэм,  журам, зааврыг шинээр болон шинэчлэн боловсруулж, мөрдүүлэх;
2.1.7. Аж ахуйн нэгж, байгууллагуудад хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн аттестатчиллыг 2 үе шаттайгаар хийх ажлыг зохион байгуулах;
2.1.8. Эрсдэл өндөртэй аж ахуйн нэгжүүдэд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл гарч байгаа шалтгаан нөхцөлийг судлан, нөхцөлийн үнэлгээний сертификат олгох асуудлыг судлан боловсруулах;
2.1.9. Хөдөө аж ахуйн салбар болон албан бус секторт ажиллагчдын хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах чиглэлээр ОУХБ-тай хамтран төсөл хэрэгжүүлэх;
2.1.10. Хөдөө аж ахуйн салбар, жижиг, дунд үйлдвэрлэл, албан бус сектор (гэрээрээ хөдөлмөр эрхлэгчид, эмэгтэйчүүд, хүүхэд, залуучууд, тахир дутуу хүмүүс, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, эмзэг бүлгийн ажиллагчдын)-ын хамрагдах хүрээг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн талаар тэдгээрт зөвлөлгөө үзүүлэх чадавхийг бэхжүүлэх арга хэмжээг ОУХБ-ын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх;
2.1.11. Хөдөлмөрийн нөхцөлийн судалгааны лабораторийг өргөтгөх талаар холбогдох арга хэмжээ авах.
Зорилт 3
 
Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн мэдээллийн тогтолцоог бүрдүүлэн, судалгаа, шинжилгээний ажлыг хөгжүүлэн дараахь үр дүнд хүрнэ.
Үр дүн: 3.1.
Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн статистик, мэдээллийн  тогтолцоо бүрдэж, судалгаа, шинжилгээний ажил өргөжсөн байна.
Үйл ажиллагаа:
3.1.1. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх;
3.1.2. Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн дэргэдэх мэдээллийн төвүүдийг мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбох боломжийг судлах;
3.1.3. Улсын хэмжээнд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаархи мэдээ цуглуулах, дүн шинжилгээ хийх нэгдсэн аргачиллыг ОУХБ-ын дэмжлэгтэй боловсруулж, уг мэдээллийг төлөвлөлт хийх, шийдвэр гаргах үйл ажиллагаанд ашиглах;
3.1.4. ОУХБ-тай хамтран хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн тодорхой асуудлуудаар судалгаа хийх, тэдгээрийг шийдвэр гаргах үйл ажиллагааны үндэслэл болгох;
3.1.5. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн  чиглэлээр ажиллаж байгаа эрдэмтэн, судлаачдыг оролцуулсан эрдэм шинжилгээний хамтлагийг Эрүүл мэндийн шинжлэх ухааны  их сургууль, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг түшиглэн байгуулах асуудлыг судлан хэрэгжүүлэх;
3.1.6. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн талаар хийгдэж байгаа судалгаа, шинжилгээний ажил, энэ талаар хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн нэгдсэн сан бий болгох;
3.1.7. Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийн чанар, техникийн үзүүлэлтийг шалгадаг болох талаар холбогдох арга хэмжээ авах.
Зорилт 4
Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн талаар ажил олгогч, ажилтны хэрэгцээнд нийцсэн мэдлэг олгох, энэ талаархи олон нийтийн ойлголтыг сайжруулж дараахь үр дүнд хүрнэ.
Үр дүн: 4.1
Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалт, сурталчилгааны системтэй тогтолцоо бүрдсэн байна.
Үйл ажиллагаа:
4.1.1. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн үндсэн асуудлаар ашиглахад хялбар сургалтын материал, сургагч багш нарт зориулсан аргачлал, сургалтын хөтөлбөр боловсруулах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх ур чадварын сургалтыг ОУХБ-ын төслийн хүрээнд зохион байгуулах;
4.1.2. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх арга хэмжээ, тэдгээртэй холбоотой асуудлыг шийдвэрлэх практик аргуудыг олж авахад чиглэгдсэн сургалтыг нийт ажилтан, ажил олгогчдыг ажлын байран дээр нь тасралтгүй хамруулах механизмыг бий болгох;
4.1.3. Эмзэг бүлгийн болон албан бус секторт ажиллагчдад зориулсан сургалтыг төслийн хүрээнд хэрэгжүүлэх;
4.1.4. Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны WISE, Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны POSITIVE хөтөлбөрийн сургалтад хамрагдах хүрээг нэмэгдүүлэх, сургалтын материалыг улам боловсронгуй болгон бага зардлаар өргөн хүрээг хамруулах боломжийг бүрдүүлэх;
4.1.5. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн талаархи ойлголтыг дунд сургуулиас эхлэн боловсролын бусад байгууллагуудад суралцаж байгаа хүмүүст олгох асуудлыг боловсруулж, шийдвэрлүүлэх;
4.1.6. Төрийн болон төрийн бус байгууллагын удирдах ажилтнууд, ажилчид, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн чиглэлээр ажиллаж байгаа хүмүүст гүнзгийрүүлсэн мэдлэг олгох сургалтыг хувийн хэвшил, иргэний нийгмийн оролцоотой  өргөжүүлэн, сургалтын түшиц газар бий болгох;
4.1.7. Жил бүрийн 4 дүгээр сарын 28-ны өдрийг Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогын улмаас бэртсэн буюу амь нас нь үрэгдсэн ажилтны  дурсгалыг хүндэтгэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
4.1.8. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн үндэсний 7 хоногийн компанит ажил зохион байгуулж хэвшүүлэх;
4.1.9. Сургалтын материаллаг бааз бүхий аж ахуйн нэгж, байгууллагуудыг түшиглэн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн асуудлаар зөвлөх болон дэмжин туслах үйлчилгээг зохион байгуулах арга хэмжээ авах; 
4.1.10. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн асуудлаархи шаардлагатай мэдээллийг иргэдэд хүргэх боломжийг интернет, CD-ROM зэргийг ашиглан бүрдүүлэх;
4.1.11. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн тэргүүн туршлага  нэвтрүүлэх, харилцан солилцох ажлыг зохион байгуулж, практик арга зүй бий болгох. 
Зорилт 5
Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн удирдлага, зохион байгуулалт, хяналтын зохистой тогтолцоо бүрдүүлнэ.
Үр дүн: 5.1.
 
Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн удирдлагын бүтэц, зохион байгуулалт, хяналтын зохистой тогтолцоо боловсронгуй болно.
Үйл ажиллагаа:
5.1.1. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн асуудал эрхэлсэн орон нутгийн болон аж ахуйн нэгж, байгууллагын чиг үүргийг  боловсронгуй болгож, ажилтнуудыг чадваржуулах арга хэмжээ авах;
5.1.2. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан болон тухайн аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг үнэлж, урамшуулах журам тогтоож, мөрдөх;
5.1.3. Төрийн болон олон нийтийн хяналтын зохистой хослол бүхий хөдөлмөрийн хяналтын үр ашигтай тогтолцоог бий болгох;
5.1.4. Хөдөлмөрийн хяналтын үр ашиг, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн техникийн туслалцааны хэрэгцээг тодорхойлох, хөдөлмөрийн байцаагчдын чадавхийг бэхжүүлэх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн чиглэлээр мэргэшүүлэх төслийг ОУХБ-тай хамтран хэрэгжүүлэх.
Зорилт 6
Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн гурван талт түншлэлийн механизмыг үндэсний болон салбарын түвшинд бэхжүүлэх, орон нутаг дахь төлөөллийн байгууллагуудын чадавхи, нийгмийн түншлэлийн талаархи олон нийтийн ойлголтыг сайжруулах замаар нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулна.
Үр дүн: 6.1.
Нийгмийн түншлэлийн гурван талт хамтын ажиллагаа өргөжинө.
Үйл ажиллагаа:
6.1.1. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн гурван талт үндэсний дэд хорооны чадавхийг бэхжүүлэх;
6.1.2. Аймаг, нийслэлийн түвшинд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн гурван талт салбар хороодыг байгуулж, бэхжүүлэх арга хэмжээг үе шаттайгаар авах;
6.1.3. Аж ахуйн нэгж, байгууллагын хамтын гэрээ хэлэлцээрт хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн менежментийн систем  нэвтрүүлэх асуудлыг тусгаж байх;
6.1.4. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн  механизмыг хөгжүүлэх талаар олон нийтийн ойлголтыг сайжруулахад чиглэсэн сургалт, сурталчилгаа, хэвлэн нийтлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх.
 
Тав. Хөтөлбөрийн үр дүн, хяналт-шинжилгээ, үнэлгээ
Хөтөлбөрийн үр дүн:
1. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн талаархи ажил олгогч, ажилтны хүлээх үүрэг хариуцлагын эрх зүйн зохицуулалт бий болсон байна.
2. Хөдөлмөрийн нөхцөл болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, түүнийг зохион байгуулах арга хэмжээний санхүүжилтийн эрх зүйн зохицуулалт бий болж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл буурсан, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөл сайжирсан байна.
3. Засгийн газар, төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага, ажил олгогчид болон хөдөлмөрчдийн байгууллага, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн бодлого, үйл ажиллагаа уялдсан, тэдгээрийн чиг үүрэг, хариуцлага, эрх хэмжээг тогтоосон удирдлагын нэгдсэн тогтолцоо бий болсон байна.
4. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн менежментийг нэвтрүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжин туслах хөтөлбөр хэрэгжиж, зохих үр дүнд хүрсэн байна.
5. Мэргэжлийн болон олон нийтийн хяналтыг зохистой хослуулсан  хөдөлмөрийн хяналтын үр ашигтай, уян хатан тогтолцоо бүрдсэн байна.
6. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн холбогдолтой статистикийн мэдээллийг холбогдох мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагаа болон олон нийтийн оролцоонд тулгуурлан гаргадаг болж, статистик мэдээллийн  хүртээмж, чанарыг сайжруулан, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн үйл ажиллагааны үндсэн илтгэлийг жил бүр гаргадаг болсон байна.
7. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн холбогдолтой сургалт болон судалгаа, шинжилгээний ажлын эхлэл тавигдсан, судалгааны байгууллагын чадавхи нь бэхжсэн байна.
8. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалт, сурталчилгааны ажилд хувийн хэвшил, иргэний нийгмийн оролцоо өргөжиж, сургалтын танхим, мэргэжлийн боловсон хүчний нөөц бий болсон байна.
Хөтөлбөрийн хяналт- шинжилгээ, үнэлгээ:
Хөтөлбөрийн хэрэгжилтийн байдалд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрхлэн гүйцэтгэнэ. Хөтөлбөрийн  хяналт-шинжилгээ, үнэлгээний ажилд төрийн бус байгууллага, иргэдийг өргөнөөр оролцуулж байна.
Хөтөлбөрийн хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлын зорилго нь хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтыг хангах үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалт, туршлага, сургамжийг нэгтгэн дүгнэх, хөрөнгийн зарцуулалтын үр ашгийг санхүүжүүлэгчдэд тайлагнах, шаардлагатай нөөцийг бүрдүүлэхэд чиглэгдэнэ.
Хөтөлбөрийн хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт хийх нөхцөлийг бүрдүүлнэ.
 
-----оОо-----