- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ИРГЭНИЙ НИСЭХИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЖУРАМ /ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР/
Засгийн газрын 1999 оны 79 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт
ИРГЭНИЙ НИСЭХИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЖУРАМ /ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР/
ИРГЭНИЙ НИСЭХИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЖУРАМ /ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР/
1.Иргэний нисэхийн үйл ажиллагааг хөндлөнгийн хууль бус үйлдлээс хамгаалах, нисэх буудал болон агаарын хөлгийн аюулгүй байдлыг хангахад энэхүү журмын зорилт оршино.
Энэ журам нь Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцийн 17 дугаар хавсралт, Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ИКАО)-ын 8973/5 тоот удирдамж болон Иргэний нисэхийн тухай хуульд нийцүүлэн гаргасан баримт бичиг мөн.
2.Энэ хөтөлбөрт хэрэглэсэн нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
а/"агаарын тээврийн компани" гэж агаарын тээвэрлэгчийн буюу арилжааны нислэгийн хүчин төгөлдөр гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээдийг;
б/"агаарын хөлгийн зогсоол" гэж зорчигчдыг агаарын хөлөгт суулгах, буулгах, агаарын хөлөгт тээш, ачаа ачих, буулгах, агаарын хөлгийг шатахуунаар сумлах буюу техникийн болон бусад үйлчилгээ хийх талбай, ашиглагдаж буй аэродромын хэсгийг;
в/"ачаа" гэж гэрээний үндсэн дээр агаарын хөлгөөр тээвэрлэж байгаа тээш, шуудангаас бусад эд зүйлсийг;
г/"тээш" гэж агаарын тээврийн компанитай тохиролцсоны үндсэн дээр агаарын хөлгөөр тээвэрлүүлж буй зорчигчийн хувийн эд зүйлсийг;
д/"бүртгэгдсэн тээш" гэж агаарын тээврийн компанийн хариуцлагад хүлээн авч тээшний тасалбар буюу зүүлт олгогдсон зорчигчийн эд зүйлсийг;
е/"гар тээш" гэж зорчигч өөрөө хариуцан биедээ авч явахыг зөвшөөрсөн, нийт жин нь 5 кг-аас хэтрэхгүй эд зүйлсийг;
ж/"иргэний нисэхийн үйл ажиллагааны эсрэг хөндлөнгийн хууль бус үйлдэл" гэж Олон улсын иргэний нисэхийн байгууллагын 8973/5 тоот удирдамжийн 1 дүгээр бүлгийн тодорхойлолтод заасан үйлдлийг;
з/"металл илрүүлэгч" гэж хүний биедээ авч яваа металл эдлэлийг илрүүлэхэд ашигладаг цахим төхөөрөмжийг;
и/"аюулгүй байдлын хамгаалагдсан бүс" гэж нисэх буудлын аюулгүй байдлын хөтөлбөрт хамгаалагдсан бүс гэж тодорхойлсон аэродромын хэсгийг;
к/"нийтийн эзэмшлийн бүс" гэж ямар нэг зөвшөөрөлгүйгээр чөлөөтэй орж гарч болох нисэх буудлын барилга байгууламж, тэдгээрийн орчны талбайг;
л/"нисэх буудлын хяналтын бүс" гэж нисэх буудал үйл ажиллагаагаа явуулдаг хяналт шалгалт бүхий бүс;
м/"үзлэгийн дараахь бүс" гэж аюулгүй байдлын үзлэгт орсон зорчигчдыг агаарын хөлөгт суулгахаас өмнө хүлээлгэх зориулалт бүхий нисэх буудлын хэсгийг;
н/"хориотой бүс" гэж зохих зөвшөөрөлтэйгээс бусад хүн нэвтрэхийг хориглосон тэмдэг бүхий нисэх буудлын хэсгийг;
о/"шилжин суух зорчигч" гэж тээвэрлэлтийн гэрээний дагуу аяллаа үргэлжлүүлэхийн тулд нэг нислэгээс нөгөө нислэгт шилжин сууж буй этгээдийг;
п/"дамжин өнгөрөх зорчигч" гэж завсрын буудалд нисэн ирсэн аяллаараа нислэгээ цааш үргэлжлүүлж буй этгээдийг.
3.Иргэний нисэхийн аюулгүй байдлын хууль тогтоомж нь Иргэний нисэхийн аюулгүй байдлын тухай Олон улсын конвенци, Иргэний нисэхийн тухай хууль, Эрүүгийн хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль, энэхүү журам болон хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
4.Иргэний нисэхийн ерөнхий газар /цаашид "Ерөнхий газар" гэх/ нь Монгол Улсын иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангуулах асуудлыг эрхэлсэн эрх бүхий байгууллага мөн бөгөөд нисэхийн аюулгүй байдлыг хангуулах үйл ажиллагааг зохицуулахдаа дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
а/иргэний нисэхийн аюулгүй байдлын стандарт, дүрэм, зааврыг хянаж баталгаажуулах, дагаж мөрдүүлэх;
б/иргэний нисэхийн аюулгүй байдлын талаар үүрэг хүлээсэн байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулах;
в/нисэх буудлын болон агаарын тээврийн компанийн аюулгүй байдлын хөтөлбөрийг батлах;
г/гадаад улсаас Монгол Улсад нислэг үйлдэж байгаа агаарын тээврийн компанийн аюулгүй байдлын хөтөлбөрийг хянаж, хүлээн зөвшөөрөх;
д/шаардлагатай тохиолдолд иргэний нисэхийн эсрэг гарсан хөндлөнгийн хууль бус үйлдлийг холбогдох байгууллагуудын оролцоотойгоор таслан зогсоох арга хэмжээ авах;
е/нисэх буудлын аль нэгэн хэсэг (агаарын хөлгийн зогсоол болон явгалах зам талбай, навигацын тоног төхөөрөмжийн орчны газар, түрээслүүлсэн талбай зэрэг)-т нэвтрэн орох журмыг баталж, хэрэгжилтэд хяналт тавих;
ж/иргэний нисэхийн аюулгүй байдлын холбогдолтой үйл ажиллагаа эрхлэх байгууллагыг баталгаажуулах.
5.Нисэх буудлын захиргаа нь нисэх буудлын аюулгүй байдлын асуудлыг хариуцаж, дор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
а/нисэх буудлын аюулгүй байдлын хөтөлбөр боловсруулах;
б/нисэх буудлын аюулгүй байдлын албыг байгуулж, ажилтныг томилох;
в/нисэх буудлын аюулгүй байдлын хороог байгуулах;
г/Ерөнхий газрын зөвшөөрлийн үндсэн дээр нисэх буудалд тоног төхөөрөмж шинээр байрлуулах, суурилуулах, нисэх буудалд өөрчлөлт, өргөтгөлийн ажил хийх.
6.Нисэх буудал, түүний цогцолборын аль нэг хэсгийг түрээслэгч нь нисэх буудлын аюулгүй байдлын хөтөлбөрт заасан нислэгийн талбайд нэвтрэх шаардлагыг биелүүлж, аюулгүй байдлыг хангах талаар хариуцлага хүлээнэ.
7.Агаарын тээврийн компани нь зорчигч болон агаарын хөлгийн аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээнэ.
Агаарын тээврийн компанийн аюулгүй байдлын хөтөлбөрт дараахь зүйлийг тусгасан байна:
а/хөтөлбөрийн зорилго, түүнийг хэрэгжүүлэх талаар компанийн хүлээх үүрэг, хариуцлага;
б/аюулгүй байдлын ажилтны хүлээх үүрэг, хариуцлага;
в/зорчигч, нисэх баг болон агаарын хөлгийг хөндлөнгийн хууль бус үйлдлээс хамгаалах талаар;
г/аюулгүй байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээнүүд /агаарын хөлгийн нислэгийн өмнөх үзлэг; дамжин өнгөрөх ба шилжин суух зорчигчдын аюулгүй байдлыг хангах, тэдгээрийн тээшийн бүрэн бүтэн байдлыг хариуцах; буудалд бүртгэгдээгүй дагалдах болон салангид тээшийг тээвэрлэх, агаарын хөлгийн ачааны хэсэгт зэвсэг тээвэрлэх, хууль хяналтын байгууллагын хяналтад байгаа этгээдийг тээвэрлэхтэй холбогдсон журмууд; тухайн компанийн агаарын хөлөгт нэвтрэх журам г.м/;
д/онцгой нөхцөл (агаарын хөлгийг булаах, тэсэрч дэлбэрэх бодис хэрэглэхээр сүрдүүлэх, нислэгийн үед агаарын хөлөгт аюул учруулахуйц сэжигтэй зүйл илрэх г.м)-д авах арга хэмжээний төлөвлөгөө;
е/нисэхийн аюулгүй байдлын ажилтны сургалтын талаар.
8.Цагдаагийн байгууллага нь нисэх буудалд хэв журам сахиулахын зэрэгцээ гэмт халдлага гарахаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийг таслан зогсоож, дор дурдсан үүрэг гүйцэтгэнэ:
а/иргэний нисэхийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хууль бус үйлдэл гарахаас урьдчилан сэргийлэх;
б/нисэх буудал, түүний орчинд тогтмол хяналт тавих (үүнд эргүүл хийх орно);
в/онцгой нөхцөл байдал (агаарын хөлгийг булаах, барьцаалах, авч зугтаах, тэсэрч дэлбэрэх бодис хэрэглэхээр сүрдүүлэх г.м.) бий болсон үед таслан зогсоох арга хэмжээ авах;
г/ажилтнуудаа нисэхийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон сургалтад хамруулах.
9.Үндэсний хөтөлбөрт тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх талаар гадаад харилцаа, улсын хил, гааль, аюулгүй байдлыг хангах байгууллагууд болон хууль хяналтын байгууллагууд нэг адил үүрэг хүлээнэ.
10.Иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг улс үндэсний хэмжээнд уялдуулан зохицуулах үүрэг бүхий иргэний нисэхийн аюулгүй байдлын Үндэсний зөвлөл /цаашид "Зөвлөл" гэнэ/ ажиллана. Зөвлөлийн бүрэлдэхүүн болон дүрмийг Засгийн газар батална.
11.Олон улсын нисэх буудал дээр аюулгүй байдлын асуудлаар нисэх буудлын захиргаанд зөвлөх үүрэг бүхий Нисэх буудлын аюулгүй байдлын хороо /цаашид "Хороо" гэх/ ажиллана. Хорооны бүрэлдэхүүн, дүрмийг нисэх буудлын аюулгүй байдлын хөтөлбөрт тусгасан байна.
12.Хэвлэл мэдээллийн төлөөлөгч нь иргэний нисэхийн эсрэг гарсан хөндлөнгийн хууль бус үйлдэлтэй холбоотой аливаа мэдээллийг холбогдох төлөөлөгчөөр дамжуулж авна.
13.Монгол Улс өөрийн иргэний нисэхийн аюулгүй байдлын үндэсний хөтөлбөрөө аль нэг улсын хүсэлтийн дагуу танилцуулж болох бөгөөд олон улсын иргэний нисэхийн аюулгүй байдлын түвшинг дээшлүүлэх зорилгоор аль нэг улстай туршлага солилцож, хамтран ажиллаж болно.
Аль нэг улсын хүсэлтээр тухайн улсын агаарын тээврийн компанийн гүйцэтгэж байгаа тодорхой чиглэлийн нислэгийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон арга хэмжээ авч болно.
Аль нэг улсын иргэний нисэхийн үйл ажиллагаанд аюул заналхийлж байгаа талаар олж авсан мэдээлэл үнэн зөв болох нь тогтоогдсон нөхцөлд Ерөнхий газар тухайн улсын эрх бүхий байгууллагад энэ тухай яаралтай мэдэгдэнэ.
14.Монгол Улсын Засгийн газар иргэний нисэхийн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн эрх бүхий байгууллагыг томилсон тухайгаа Олон улсын иргэний нисэхийн байгууллагад албан ёсоор мэдэгдэнэ.
Иргэний нисэхийн үйл ажиллагааны эсрэг гарсан хөндлөнгийн хууль бус үйлдлийн тухай тайланг Монгол Улс Олон улсын иргэний нисэхийн байгууллагад тогтмол хүргүүлнэ.
15.Ерөнхий газар нь нисэх буудлын захиргаа болон холбогдох бусад байгууллагатай хамтарч иргэний нисэхийн аюулгүй байдлыг тасралтгүй хангахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах бүсийг тогтоож, бүсийн бүдүүвч зургийг батлах бөгөөд энэхүү бүсийг хамгаалагдсан бүс гэж тодорхойлно.
Хамгаалагдсан бүсэд нэвтрэх журмыг холбогдох эрх зүйн актаар зохицуулна.
Хамгаалагдсан бүсүүдийг Нисэх буудлын аюулгүй байдлын хөтөлбөрт тодорхой заасан байна.
Нисэх буудлын гадна орших хамгаалагдсан бүсэд дараахь тоног төхөөрөмжийг байрлуулсан талбай багтана:
-радиолокатор;
-навигацын хэрэгслүүд /ILS, VOR, NDB/;
-хэрэглэлийн суултын систем /ILS-Instrument Landing System/;
-хэт богино давтамжийн чиглүүлэх станц /VOR-VHF Omnidirectional Radio Range/;
-чиглүүлэх станц /NDB-Nondirectional Radio Beacon/;
-хэт богино давтамжийн станц /VHF-Very High Frequency/;
-УКВ-алсын удирдлагатай хэт богино давтамжийн станц.
16.Хамгаалагдсан бүс нь нийтийн эзэмшлийн бүсээс хашаа хамгаалалтаар тусгаарлагдсан байх бөгөөд түүний бүрэн бүтэн байдал, тэдгээрт зөвшөөрөлгүй нэвтрэн орох аливаа оролдлогоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг нисэх буудлын захиргаа авна.
17.Хамгаалагдсан бүсэд хувь хүмүүсийг нэвтрүүлэхдээ дараахь журмыг баримтална:
а/агаарын хөлгөөр зорчигчоос паспорт буюу иргэний үнэмлэх, агаарын тээврийн компаниас олгосон нислэгийн тийз болон суугчийн тасалбар (уг тасалбар дээр зорчигчийн овог нэрийг бичсэн байх шаардлагатай);
б/бусад хүмүүсээс хамгаалагдсан бүсэд нэвтрэх үнэмлэх.
18.Хамгаалагдсан бүсэд нэвтрэх үнэмлэхийг нисэх буудлын аюулгүй байдлын албанаас олгоно. Үнэмлэхэд дор дурдсан зүйлийг тусгасан байна:
а/үнэмлэх эзэмшигчийн зураг, овог нэр, эрхэлж буй ажил, албан тушаал;
б/үнэмлэхний хүчинтэй байх хугацаа;
в/тухайн үнэмлэх хүчин төгөлдөр үйлчлэх бүс.
Нэвтрэх үнэмлэхийг тухайн этгээдэд үнэмлэх олгуулахаар холбогдох байгууллагаас бичгээр ирүүлсэн хүсэлтийг үндэслэн олгоно.
19.Нисэх буудлын аюулгүй байдлын алба хамгаалагдсан бүсэд тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх журмыг тогтоож, хэрэгжилтэд нь хяналт тавина.
Тээврийн хэрэгсэлд нислэгийн талбайд нэвтрэх зөвшөөрөл олгохдоо тодорхой хязгаарлалт тогтоох бөгөөд нэвтрэх зөвшөөрөлд дараахь зүйлүүдийг тусгасан байна:
а/тээврийн хэрэгслийн бүртгэлийн дугаар;
б/тээврийн хэрэгслийг эзэмшигч /ашиглагч/-ийн таних тэмдэг, тодорхойлолт;
в/хүчинтэй байх хугацаа;
г/тухайн нэвтрэх зөвшөөрөл хүчин төгөлдөр үйлчлэх бүс.
20.Үзлэг хийхэд дараахь журмыг баримтална:
а/аюулгүй байдлын алба нь агаарын хөлөгт хөндлөнгийн хууль бус үйлдэлд ашиглаж болохуйц аюултай эд зүйл (зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис г.м.) авч орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор зорчигч, тэдгээрийн гар тээш, тээш болон ачаанд иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан зааврын дагуу үзлэг хийнэ;
б/үзлэгийн болон үзлэгийн дараахь бүс рүү нэвтэрч буй үзлэгээс чөлөөлөгдөөгүй хүн бүр үзлэгт хамрагдаж, биедээ авч яваа эд зүйлийг шалгуулна. Үзлэгийн дараахь бүсэд худалдах бараа таваар, тэнд ажилладаг хүмүүс дээрх зааврын дагуу үзлэгт хамрагдана;
в/үзлэгт хамрагдсан зорчигчдыг тусгайлан бэлтгэсэн үзлэгийн дараахь бүсэд байрлуулна;
г/үзлэг хийхэд металл илрүүлэгч, рентген туяаны аппарат зэрэг зөвшөөрөгдсөн тоног төхөөрөмжийг ашиглана;
д/үзлэгийн дараахь бүсэд үзлэгт ороогүй хүмүүс нэвтэрсэн нь тогтоогдвол зорчигч, тэдгээрийн гар тээшинд сонгох замаар үзлэг хийнэ;
е/үзлэгийн үеэр илэрсэн аюултай бодис болон эд зүйлсийг хураан авч агаарын хөлгийн ачааны хэсэгт тээвэрлэх ба аяллын эцэст зорчигчид эргүүлэн өгч болох бөгөөд энэ талаархи журмыг агаарын тээврийн компанийн аюулгүй байдлын хөтөлбөрт тусгасан байна;
ж/үзлэг хийлгэхээс татгалзсан зорчигчийг агаарын хөлгөөр тээвэрлэхгүй.
21.Нисэх буудлын захиргаа, агаарын тээврийн компани нь дамжин өнгөрөх, шилжин суух зорчигч нь агаарын хөлгөөр тээвэрлэхийг хориглосон бодис болон эд зүйл агаарын хөлөгт авч орохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ (үзлэгээр ороогүй хүмүүстэй уулзуулахгүй байх г.м.) авна.
22.Нисэхийн аюулгүй байдлыг хангах зорилгоор үзлэгийн дараахь бүсэд нэвтэрч буй нисэх багийн гишүүд, нисэх буудлын ажилтан болон бусад хүмүүс, тэдгээрийн гар тээшинд зорчигчдын нэг адил үзлэг хийнэ.
23.Дор дурдсан тохиолдолд үзлэг хийхдээ тусгай журам баримтална:
а/Дипломат харилцааны тухай 1961 оны Венийн Конвенци (36 дугаар зүйл)-д заасны дагуу дипломат эрх бүхий этгээд, түүний гар тээш, тээшинд үзлэг хийх тохиолдолд өөрийг нь, эсхүл түүнийг төлөөлөх бүрэн эрхт төлөөлөгчийг байлцуулна;
б/зохих журмын дагуу лацадсан дипломат илгээмжинд үзлэг хийхгүй;
в/төрийн нууцын зэрэглэлтэй ачаанд тусгай багаж төхөөрөмжийн тусламжтайгаар үзлэг хийнэ;
г/Монгол Улсын Засгийн газрын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж буй гадаад улсын төрийн тэргүүн (эзэн хаан, Ерөнхийлөгч), Засгийн газрын тэргүүн, парламентын гишүүн, сайд нарыг аюулгүй байдлын үзлэгээс чөлөөлнө. Харин тэдгээрийг дагалдан яваа хүмүүс (гэр бүлийнхэн, хувийн үйлчлэгч г.м.)-т нисэх буудлын тусгай өрөөнд үзлэг хийнэ;
д/Монгол Улсын Засгийн газрын урилгаар тус улсад айлчилж буй гадаадын зочид, тэдгээрийг дагалдан яваа хүмүүс (гэр бүлийнхэн, хувийн үйлчлэгч г.м.)-т нисэх буудлын тусгай өрөөнд үзлэг хийнэ. Хэрэв тус улсад айлчилсан гадаадын зочин иргэний нисэхийн тогтмол нислэгээр аялах бол түүнд болон түүнийг дагалдан яваа хүмүүс, ачаа тээшинд нь хийх үзлэгийг байрлаж байсан байранд нь, эсхүл нисэх буудлын тусгай өрөөнд хийнэ;
е/их хэмжээний үнэт зүйл авч яваа, тахир дутуу, эсхүл зүрхний аппараттай зорчигчдод тусад нь үзлэг хийнэ. Үзлэг хийхдээ тусгай рентген, гар металл илрүүлэгч багаж хэрэгсэл ашиглаж болно.
24.Тус улсад хувийн айлчлал хийж буй гадаадын зочид ердийн журмын дагуу үзлэгт хамрагдана.
25.Агаарын хөлгийн бүхээгт зэвсэг тээвэрлэхийг хориглох бөгөөд зэвсгийг тээшинд хийж тээвэрлэж байгаа тохиолдолд тээшний гадна талд ямар нэгэн тэмдэглэгээ хийхийг хориглоно.
26.Хууль хяналтын байгууллагын ажилтны харгалзан хүргэж яваа этгээдийн талаар агаарын тээврийн компани нь нислэг үйлдэхээс өмнө мэдсэн байх шаардлагатай бөгөөд энэ талаар нарийвчилсан мэдээллийг нисэх багийн даргад урьдчилан танилцуулна.
Гэмт этгээдийг зөвхөн харгалзагчтай нөхцөлд тээвэрлэх бөгөөд нэг нислэгээр тээвэрлэх гэмт этгээдийн тоо 2-оос илүүгүй байна.
27.Агаарын тээврийн компани нь бүртгэгдсэн тээшийг зөвхөн тийзтэй зорчигч, эсхүл нисэх буудлаас эрх олгогдсон ажилтнаас хүлээж авна. Бүртгэгдсэн тээш нь аяллын төгсгөл хүртэл агаарын тээврийн компанийн хамгаалалтад байна.
Зорчигч (үүнд шилжин суух, дамжин өнгөрөх зорчигч орно)-ийн бүртгэгдсэн тээшинд үзлэг хийх журмыг нисэх буудлын аюулгүй байдлын хөтөлбөрт тусгана.
28.Агаарын тээврийн компани болон ачаа илгээгч бүх төрлийн ачаа, шууданг агаарын хөлөгт ачихаас өмнө аюулгүй байдлыг хангах зорилгоор шалгалт хийнэ.
Тээвэрлэхээр хүлээн авсан ачаа, шуудангийн хадгалалт, тэдгээрт тавих хяналтыг нисэх буудал болон агаарын тээврийн компани хариуцна.
29.Ерөнхий газар нь иргэний нисэхийн аюулгүй байдлын эсрэг аюул заналхийллийн тухай мэдээлэл олж авах арга зам болон мэдээлэлд тавигдах шаардлагыг тодорхойлно.
30.Ерөнхий газар нь иргэний нисэхийн аюулгүй байдлын талаар дор дурдсан мэдээллийг тараана:
а/онцгой аюул заналхийллийн талаархи мэдээлэл (энэ аюул заналхийлэл нь иргэний нисэхийн үйл ажиллагааны эсрэг, эсхүл тодорхой нэг нисэх буудал, агаарын тээврийн компани, зорчигчийн эсрэг чиглэсэн байх);
б/аюулгүй байдлын талаархи мэдээлэл.
31.Дор дурдсан байгууллагууд иргэний нисэхийн аюулгүй байдлын эсрэг чиглэсэн аюул заналхийллийг үнэлж дүгнэнэ:
а/Иргэний нисэхийн ерөнхий газар;
б/агаарын тээврийн компани;
в/нисэх буудлын захиргаа.
Агаарын тээврийн компани,нисэх буудлын захиргаа нь өөрийн саналыг Ерөнхий газраар дамжуулж тавина.
32.Иргэний нисэхийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хууль бус үйлдэл гарсан тохиолдолд энэ талаар:
1/тухайн агаарын хөлгийг бүртгэсэн улсад;
2/тухайн агаарын хөлгийг ашиглагч улсад;
3/хууль бус ажиллагааны улмаас нас барсан, шархадсан, эсхүл барьцаалагдсан хүн байгаа бол тэдгээрийн харьяалах улсад;
4/хууль бус ажиллагаанд өртсөн агаарын хөлөгт байсан иргэдийн харьяалах улсад тус тус мэдэгдэнэ.
33.Иргэний нисэхийн эсрэг хөндлөнгийн хууль бус үйлдэл гарсан тохиолдолд Монгол Улс Олон улсын иргэний нисэхийн байгууллагад мэдээллийг дор дурдсан хугацаанд хүргүүлнэ:
а/хөндлөнгийн хууль бус үйлдлийн тухай анхны мэдээллийг тухайн үйл явдал болсноос хойш 30 хоногийн дотор;
б/хөндлөнгийн хууль бус үйлдлийн тухай эцсийн мэдээллийг тухайн үйл явдал болсноос хойш 60 хоногийн дотор.
34.Нисэх буудал болон агаарын тээврийн компани нь өөрийн аюулгүй байдлын ажилтны ажлын хариуцлага, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор сургалтын хөтөлбөр боловсруулж Ерөнхий газраар баталгаажуулах бөгөөд сургалтын хөтөлбөр нь энэхүү хөтөлбөрийн зорилт, шаардлагыг хангасан байхын зэрэгцээ дараахь асуудлуудыг тусгасан байна:
а/сургалтад хамрагдах хүмүүсийн гүйцэтгэх үүрэг, хариуцлага;
б/сургалтад шаардагдах материал, тоног төхөөрөмж, гарын авлага;
в/нисэх багийнханд зориулсан сургалт.
35.Нисэх буудал болон агаарын тээврийн компани нь нисэхийн аюулгүй байдалтай холбоотой үйл ажиллагаанд ямар нэг хэмжээгээр оролцдог хүмүүст зориулж тэдний иргэний нисэхийн аюулгүй байдлын талаархи ерөнхий мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр боловсруулна.
36.Нисэх буудал болон агаарын тээврийн компани нь иргэний нисэхийн эсрэг гарсан хөндлөнгийн хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилго бүхий иргэний нисэхийн аюулгүй байдалтай холбогдсон дасгал сургуулийн хөтөлбөр боловсруулах бөгөөд богино хугацааны дасгал сургуулийн хөтөлбөрийг Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас гаргасан сургалтын багц хөтөлбөрт нийцүүлэн боловсруулна.
37.Иргэний нисэхийн үйл ажиллагаанд гарсан хөндлөнгийн хууль бус үйлдлийн эсрэг авах арга хэмжээг Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан "Иргэний нисэхийн эсрэг гарсан хөндлөнгийн хууль бус үйлдлийн эсрэг авах арга хэмжээ"-ний зааварчилгын дагуу зохион байгуулна.
38.Дээрх зааварчилгад агаарын хөлгийг булаан авсан үйлдлийг таслан зогсоох арга хэмжээний төлөвлөгөө болон уг арга хэмжээнд оролцох байгууллага, албан тушаалтны гүйцэтгэх үүргийг тодорхой тусгана.
39.Дээрх зааварчилгад агаарын хөлөг, нисэх буудал, агаарын хөлгийг удирдах навигацын тоног төхөөрөмжийн ойр орчимд тэсрэх бөмбөг болон бусад тэсрэх төхөөрөмж байрлуулахаар сүрдүүлэх үед авах арга хэмжээг хэрхэн зохион байгуулах, уг арга хэмжээнд оролцох байгууллагуудын үүрэг хариуцлагыг нарийвчлан заана.
40.Иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн хөрөнгийн эх үүсвэрийг Ерөнхий газрын жил бүрийн төсөвт тусгаж, эх үүсвэр, зарцуулалтыг Олон улсын иргэний нисэхийн байгууллагын баримт бичиг (Doc 8973/5, Doc 9184, Doc 9562, Doc 9082)-үүдэд заасан зарчмыг баримтлан гаргана.
-----оОо-----
Текст томруулах
A
A
A