- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ИМПОРТЫН БАРААНЫ ГААЛИЙН ҮНИЙГ ТОДОРХОЙЛОХ АРГАЧЛАЛ
Засгийн газрын 2001 оны 63 дугаар тогтоолын хавсралт
ИМПОРТЫН БАРААНЫ ГААЛИЙН ҮНИЙГ ТОДОРХОЙЛОХ АРГАЧЛАЛ
ИМПОРТЫН БАРААНЫ ГААЛИЙН ҮНИЙГ ТОДОРХОЙЛОХ АРГАЧЛАЛ
1. Импортын барааны гаалийн үнийг тогтоохдоо энэхүү аргачлалыг мөрдөнө.
2. Импортын барааны гаалийн үнийг Дэлхийн Худалдааны Байгууллагын үнэлгээний Хэлэлцээр (цаашид "Хэлэлцээр" гэх), Гаалийн тарифын тухай хуульд заасны дагуу үнэлгээний 6 аргыг хэрэглэн тогтооно.
3. Гаалийн үнийг мэдүүлэгч үнэн зөв, бодит үндэслэлтэй тодорхойлсон эсэхийг гаалийн байгууллага шалгаж шийдвэрлэнэ. Энэхүү шийдвэрийн талаар импортлогч бичгээр хүсэлт гаргаж гаалийн байгууллагаас импортын барааны гаалийн үнийг хэрхэн тодорхойлсон талаар тайлбар гаргуулан авах эрхтэй.
Хоёр. Гаалийн үнийг тодорхойлох арга
4. Импортын барааны гаалийн үнийг тодорхойлохдоо дор дурдсан 6 аргыг хэрэглэнэ:
Хэлцлийн үнийн арга
Нэг төрлийн барааны хэлцлийн үнийн арга
Ижил төрлийн барааны хэлцлийн үнийн арга
Ялгавартай үнийн арга
Нийлбэр үнийн арга
Уялдуулан хэрэглэх арга.
НЭГДҮГЭЭР АРГА. ХЭЛЦЛИЙН ҮНИЙН АРГА
5. Энэ арга нь гаалийн үнэлгээний үндсэн арга болно. Хэлцлийн үнийн аргаар гаалийн үнэ тогтоохдоо Монгол Улсын нутаг дэвсгэрт барааг хүргэхтэй холбогдон гарсан хэлцлийн үнэд тусгагдаагүй, эсвэл хэлцлийн үнээс тусдаа ялгарч харагдаж байгаа тоон үзүүлэлтээр илэрхийлэгдсэн бөгөөд гадаад худалдааны болон санхүү, нягтлан бодох бүртгэлийн үндэслэлтэй мэдээ баримтад тулгуурласан дор дурдсан зардлуудыг нэмж тооцно:
5.1. Барааг Монгол Улсын хилийн өртөө хүртэл тээвэрлэх, ачих, буулгах зардал, даатгалын хураамж (цаашид "Т" гэж тэмдэглэх).
5.1.1. Тээврийн зардал.
5.1.1.1. Тээврийн бичиг баримт бүрдүүлэхтэй холбогдон гарсан аливаа хураамж, үнэ хөлс
5.1.1.2. EXW (үйлдвэрлэгчийн болон экспортлогчийн агуулахаас нийлүүлэх) ба FAS (экспортлогчийн боомтоос нийлүүлэгдэх) зэрэг бараа нийлүүлэх нөхцөлөөр гэрээ хэлцэл хийгдсэн бол экспортлогч орноос барааг гаргах үед экспортын бичиг баримт бүрдүүлэхтэй холбогдон гарсан зардал (тухайлбал, экспортын зөвшөөрлийн болон бусад адилтгах бичиг баримт, гаалийн бүрдүүлэлтийн хураамж гэх мэт)
5.1.1.3. Тээврийн хэрэгслийн болон чингэлгийн ашиглалтын үнэ хөлс, эсвэл түүний түрээсийн төлбөр
Тайлбар: Барааг тээвэрлэх чингэлэг гэдэгт бараанаас тусдаа ангилагдах зөөврийн контейнерээс гадна мөн тээврийн хэрэгсэлтэй цуг байдлаар ашиглагдах (ёмкость, цистерн зэрэг) торх савыг хамруулан авч үзнэ.
Хэрэв барааг үнэгүй тээвэрлэсэн, эсвэл худалдан авагч өөрийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн бол адил төстэй тээврийн хэрэгслийн тухайн үед мөрдөгдөж байгаа баталгаат тарифаар тооцож гаалийн үнэд нэмж тусгана.
Авто тээврийн хэрэгслээр барааг тээвэрлэх үед дээрх баримт мэдээлэл байхгүй тохиолдолд тухайн тээвэрлэлтийг зохион байгуулж байгаа аж ахуйн нэгжийн санхүү, нягтлан бодох бүртгэлийн баримтад тулгуурлан тооцох, эсвэл тухайн тээврийн хэрэгслийн зарцуулсан шатахууны үнэ болон жолоочийн хөлс, тээврийн хэрэгслийн элэгдлийг тооцсон зардлыг хамруулан тогтооно.
5.1.2. Барааг тээвэрлэх үед гарсан ачилт, буулгалт, хадгалалт, шилжүүлэн ачилт болон арчлан хамгаалах зардал.
5.1.2.1. Барааг хэд хэдэн төрлийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн улсын хил хүргэсэн бол түүнийг нэг тээврийн хэрэгслээс нөгөөд шилжүүлэн ачих, замд буулгах, хадгалах зэрэг үйл ажиллагааны явцад гарах бүх зардал, хөлс
5.1.2.2. Тээвэрлэлтийн явцад бараанд боловсруулалт хийх, тухайлбал, шаардлагатай дулаан бүхий орчинд тээвэрлэх ёстой бараа бол түүнд гарах зардал, мөн үүнтэй төстэй чийг, агааржуулалт, хөргөлтөд гарах зардал, түүнчлэн хэрвээ амьд амьтан бол түүнийг хооллох, эмчлэх зэрэг тухайн барааны бүрэн бүтэн байдал, чанарыг хадгалахтай холбогдон гарах зардлыг хамруулан тогтооно.
5.1.3. Даатгалын хураамж
Энэ заалтын 1.1, 1.2-т заасан тээвэрлэх, ачих, буулгах болон хадгалах зэрэг үйл ажиллагаатай холбогдон гарч болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор хийгдсэн даатгалуудыг энд хамруулна. Даатгалыг түүний үндсэн бичиг баримт болох гэрээ (insurance contract), эсвэл гэрчилгээ (insurance polisy or certificate)-ээр баталгаажуулж тодорхойлно.
Тайлбар: Гэрээ хэлцэлд бараа нийлүүлэх нөхцөл нь EXW болон "F" бүлэг (FCA, FOB гэх мэт)-ийн нөхцөлөөр хийгдсэн бол дээрх зардлуудыг хэлцлийн үнэ дээр нэмж тооцно.
5.2. Тухайн барааг худалдан авахтай холбогдуулан худалдан авагчийн төлсөн буюу төлбөл зохих комиссын болон зуучлагчийн хөлс, уг бараатай хамт ангилагдах эргэлтийн сав, баглаа боодлын үнийг (цаашид "К" үсгээр тэмдэглэх) хэлцлийн үнэд оруулж тооцоогүй тохиолдолд холбогдох төлбөр тооцооны баримтыг үндэслэн импортын барааны төлсөн болон төлбөл зохих үнэ дээр нэмж гаалийн үнэд тусгана.
5.2.1. Зуучлагчийн хураамж болон барааг худалдахад оролцсон комиссын шимтгэл
5.2.2. Гаалийн зорилгоор импортолж буй бараатай нэгдмэл байдлаар авч үзвэл зохих сав, баглаа боодол, чингэлэгийн (контейнерээс бусад) үнэ
Олон дахин ашиглах эргэлтийн сав, баглаа боодол, чингэлэгийн зардлыг ачилт болгон дахь барааны тоо хэмжээнд тохируулан хуваарилна. Тээврийн болон бусад гэрээ хэлцэлд тусгасан, эсхүл ямар нэгэн баримтаар баталгаажсан тохиолдолд ийнхүү хуваарилж хэрэгжүүлнэ.
Сав, баглаа боодлын зардал гэдэгт дараахь өртөг буюу үнэ, зардал, хөлсийг хамруулна. Үүнд:
- Дотор савлагааны хайрцаг, уут, сав, боодол (өөрөөр хэлбэл, "жижиглэн"-гийн хэмээгдэх уут, хайрцаг, картон сав, пластик боодол гэх мэт зүйлс)-ын өртөг буюу үнэ;
- Гадуур савлагааны хайрцаг, уут, сав, боодол ("экспорт"-ын хэмээгдэх картон хайрцаг, модон болон фанеран сав, төмөр торх зэрэг)-ын өртөг буюу үнэ;
- Савлалтын бусад туслах материал (картон давхрага, хөөсөн шахмал, сүрэл, цаас, үртэс гэх мэт)-ын зардал;
- Савлах ажилбар (тухайлбал хайрцаг саванд барааг хийх, савлах, битүүмжлэн наах, хаяг марклалт болон бусад бичилтийг бичих г.м)-ын хөлс зэрэг орно.
Тайлбар: Бараатай хамт нэгдмэл байдлаар нийлүүлэгдэх сав, баглаа боодол (тухайлбал, лонхтой архи, эсвэл шилэн савтай жимсний чанамал) бол "Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем"-ийн ангилалтын дагуу нэг кодод хамаарна. Энэ тохиолдолд сав, баглаа боодол (лонх, шилэн сав)-ын зардал ихэвчлэн бараа (архи болон жимсний чанамал)-ны үнэд шингэсэн байдаг.
Хэрэв бараа нь импортлогчийн худалдан авсан контейнер, цистерн зэрэгт савлагдан нийлүүлэгдэх тохиолдолд бараа болон контейнер, цистерн нь тус тусдаа ангилагдана.
5.3. Тухайн барааг үйлдвэрлэх, Монгол Улсад экспортлохтой холбогдуулан ашиглуулахаар худалдан авагчаас худалдагчид буюу үйлдвэрлэгчид шууд болон шууд бус хэлбэрээр үнэ төлбөргүй, эсхүл хямдруулсан үнээр нийлүүлсэн бараа, ажил, үйлчилгээний өртгийн зохих хэсэг (цаашид "Д" үсгээр тэмдэглэх).
Өртгийн зохих хэсэг гэдэгт тухайн бараанд бодитой зарцуулагдсан буюу үйлдвэрлэлийн явцад технологийн ажиллагаанаас хамааран зайлшгүй гарах материалын хаягдал, хэвийн хорогдлыг хасч тооцсон өртгийг ойлгоно.
Энэ бүлэг зардалд дараахь бараа материал, ажил, үйлчилгээний өртөг, зардлыг багтаан авч үзнэ. Үүнд:
5.3.1.Үнэлж байгаа импортын бараанд бүрэлдэхүүн хэсэг болгон нэгтгэсэн материал, бүрдэл хэсэг, эд анги болон тэдгээртэй төстэй зүйлс;
5.3.2.Тухайн импортын барааг үйлдвэрлэх үед ашигласан багаж хэрэгсэл, хэв, загвар болон тэдгээртэй төстэй зүйлс;
5.3.3.Тухайн импортын барааг үйлдвэрлэх явцад зарцуулсан материал (тосолгооны материал, шатахуун, түлш гэх мэт зүйлс);
5.3.4.Тухайн импортын барааг үйлдвэрлэхэд шаардлагатай бөгөөд Монгол Улсаас өөр улс оронд хийж гүйцэтгэсэн инженерийн болон өөрчлөн шинэчлэх шийдэл, урлал чимэглэлийн болон дизайны ажил, ерөнхий бүдүүвч болон техникийн зураг төсөл.
5.4.Тухайн барааг худалдан борлуулах нөхцөл болгон худалдан авагчаас шууд болон шууд бус хэлбэрээр төлсөн, эсхүл төлөх патентын төлбөр (цаашид "П" үсгээр тэмдэглэх).
Энэ зардалд зөвхөн патентын, оюуны өмчийн эрхийн бүх төрлийн шимтгэл, төлбөрийг хамруулна. Үүнд:
5.4.1.Патент буюу шинэ бүтээл, шинэ санаачилгыг хууль ёсоор эзэмших этгээдэд төлөх шимтгэл;
5.4.2.Худалдааны тэмдэг буюу үйлдвэрлэлийн болон худалдааны зорилгоор барааг ялгахад зориулагдсан тусгай таних тэмдгийг хэрэглэсний төлөө тухайн худалдааны тэмдэг эзэмшигчид төлөх төлбөр, шимтгэл;
5.4.3.Зохиогчийн эрх буюу оюуны бүтээлийг нь ашигласны төлөө зохиогчид төлөх төлбөр, шимтгэл.
Тайлбар: Зохиогчийн эрх нь оюуны бүтээлийг зохиогчийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, үйлдвэрлэх, орчуулах, тараахаас хамгаалсан эрх тул дараахь бүтээлүүдэд ихэнх тохиолдолд хэрэглэнэ. Тухайлбал:
-уран зохиол (роман, нийтлэл гэх мэт);
-хөгжмийн бүтээл (хөгжим, симфони, дуу гэх мэт);
-урлагийн бүтээл (уран зураг, баримал гэх мэт);
-карт болон техникийн зураг, фото зураг;
-киноны бүтээл (баримтат болон уран сайхны кино зэрэг) болно.
Оюуны өмчийн эрхийн төлбөр, шимтгэл нь импортын барааны төлсөн буюу төлбөл зохих үнэ дээр дор дурдсан нөхцөлд нэмэгдэж тооцогдоно. Үүнд:
- Үнэлж буй бараа нь зөвхөн оюуны өмчийн эрхийн төлбөр, шимтгэлд хамааралтай;
- Оюуны өмчийн эрхийн шимтгэл, төлбөрийг төлөх талаар худалдагч, худалдан авагч хоёрын хооронд байгуулсан худалдааны гэрээ хэлцэлд тусгайлан нөхцөл болон тусгагдсан.
5.5. Худалдан авагч тухайн барааг худалдан борлуулсан, захиран зарцуулсан, ашигласнаас олох орлогоосоо шууд болон шууд бус хэлбэрээр худалдагчид төлөх хэсэг (цаашид "О" үсгээр тэмдэглэх).
Худалдан авагч тухайн импортын барааг цааш нь худалдан борлуулсан, захиран зарцуулсан, ашигласнаас олсон орлогын тодорхой хэсгийг худалдагчид өгнө гэж тохирч гэрээ хэлцэлд тусгасан бол түүнийг гаалийн үнэд оруулна.
Хэрвээ гаалийн бүрдүүлэлтийн хугацаанд худалдагчид төлөх орлогын хэмжээ тодорхой бус бол гаалийн байгууллагаас зөвшөөрсөн хөндлөнгийн магадлан шинжээч(аудит)-ээр тооцооны орлогыг тогтоолгон мэдүүлж болно.
Хэрвээ худалдагчид өгөх орлогын хэмжээг бүрдүүлэлтийн үед тодорхойлох боломжгүй бол гаалийн үнэлгээний дараагийн аргад шилжинэ.
5.6. Импортын бараанд төлсөн буюу төлбөл зохих бодит үнээс хасах төлбөр, зардал (цаашид "Х" үсгээр тэмдэглэх).
Үнэлж буй импортын барааны төлсөн буюу төлбөл зохих бодит үнэд тусдаа өртөг болон шингэсэн дараахь зардал, төлбөрийг гаалийн үнээс хасч тооцно.
5.6.1.Үйлдвэрлэлийн хэрэгсэл, машин, тоног төхөөрөмж зэрэг барааг импортолсны дараа суурилуулсан, угсарсан, босгосон, засварласан болон техникийн туслалцаа үзүүлсэн, сургалт явуулсан төлбөр
5.6.2. Импортолсны дараахь тээврийн зардал
DDU (импортлогч орны заагдсан газар хүртэл гаалийн татвар төлөхгүйгээр хүргэх) буюу түүнтэй төстэй бараа нийлүүлэх нөхцөлөөр гэрээ хэлцэл тохирсон тохиолдолд импортолсны дараахь тээврийн зардлыг хэлцлийн үнээс хасч тооцно.
5.6.3. Импортлогч орны гаалийн болон бусад татвар
DDP (импортлогч орны заагдсан газар хүртэл бүх татвар, хураамж төлж хүргэх) буюу түүнтэй төстэй бараа нийлүүлэх нөхцөлөөр гэрээ хэлцэл тохирсон тохиолдолд импортолсны дараахь тээврийн зардал болон татвар хураамжийг хэлцлийн үнээс хасч тооцно.
Ийнхүү 1 дүгээр аргын дагуу гаалийн үнийг дараахь томьёогоор тооцно:
ГҮ =ХҮ + (Т + К + Д + П + О) - Х
- ГҮ - гаалийн үнэ,
- ХҮ - хэлцлийн үнэ буюу импортын бараанд төлсөн буюу төлбөл зохих үнэ,
- T+K+Д+П+О - тээврийн зардал, комиссын шимтгэл гэх мэт энэхүү нэгдүгээр аргын 1-5-д дурдсан нэмэгдэх бүлэг зардал,
-Х – энэхүү аргын 6-д заасан хасагдах зардлын тэмдэглэгээ.
Нэг ачилтанд багтаж хэд хэдэн нэр төрлийн бараа импортоор орж ирж байгаа тохиолдолд хэлцлийн үнэ дээр нэмэгдэх, хасагдах зардлыг бараа болгонд хуваарилахдаа нийт ачилтын цэвэр жин /өөрөөр хэлбэл нийт жингээс тээврийн хэрэгслийн жинг хассан дүн/-д тухайн нэрийн барааны ногдох жинг харьцуулан хуваарилна. Гэхдээ зөвхөн жингийн хуваарилалтаас гадна эзэлхүүн, эсхүл үнийн дүнгийн хуваарилалтыг хэрэглэж болно.
5.7.Хэлцлийн үнийн аргыг дараахь нөхцөл, шаардлага бүрдсэн тохиолдолд хэрэглэхгүй. Үүнд:
5.7.1.Барааг ашиглах, захиран зарцуулах, худалдан борлуулахтай холбогдуулан худалдан авагчийн эрхийг дор дурдсанаас өөр ямар нэг байдлаар хязгаарласан тохиолдолд:
5.7.1.1.Монгол Улсын хууль тогтоомжоор болон төр засгийн эрх бүхий байгууллагаас хязгаарласан, эсхүл тийнхүү хязгаарлахыг шаардсан,
5.7.1.2.Импортын барааг цааш нь худалдан борлуулах газар зүйн бүсийг заасан,
5.7.1.3.Үнэлэх гэж буй импортын барааны үнэд мэдэгдэхүйц нөлөөлөхөөргүй хязгаарлалт тогтоосон.
Барааг ашиглах, захиран зарцуулах, худалдан борлуулах болон устгахтай холбоотой эрхийг хязгаарласан гэрээ хэлцэл (тухайлбал, консегнацийн гэрээ гэх мэт)-ийн тохиолдолд гаалийн үнэлгээний нэгдүгээр арга буюу хэлцлийн үнийн аргыг хэрэглэхгүй.
5.7.2. Үнэлж буй барааны арилжаа болон үнэ нь тухайн барааны үнийг тодорхойлох боломжгүй болгосон зарим нөхцөл болзол, шаардлагад захирагдсан тохиолдолд.
Үнэлж буй импортын бараатай холбогдуулан, түүний арилжаа болон үнэ нь зарим нөхцөл болзол, эсхүл саналд захирагдах бөгөөд үүний улмаас гаалийн үнийг тодорхойлох боломжгүй бол тухайн хэлцлийн үнийг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайлбал,
5.7.2.1. Худалдан авагчид тодорхой тоо хэмжээний өөр барааг нэмж худалдах болзол нөхцөлтэйгээр импортын барааны үнийг худалдагчийн талаас тогтоосон бол,
5.7.2.2. Үнэлэх гэж буй импортын барааны хэлцлийн үнэ нь худалдан авагчийн худалдагчид зөрүүлж зарсан барааны үнээс хамааралтай бол,
5.7.2.3. Бүрэн боловсруулалт хийсэн бүтээгдэхүүнээс тодорхой тоо хэмжээгээр худалдан авах нөхцөл болзолтойгоор хагас боловсруулсан бүтээгдэхүүн худалдахтай адил байдлаар, үнэлж буй импортын бараанд хамааралгүй тусдаа төлбөр хийгдэхээр хэлцлийн үнийг тогтоосон бол.
ТАЙЛБАР: Гадаад худалдаанд, нэн ялангуяа хил орчмын худалдаанд дээрх арилжааны хэлбэрүүд элбэг тохиолдоно. Ялангуяа бараа солилцооны гэрээ хэлцэл болон түр боомтоор хил залгаа улс, орноос оруулж байгаа импортын барааны үнэ нь дээр дурдсан нөхцөл, болзол, шаардлагын нөлөөлөлд ихээхэн захирагдсан байдаг тул хэлцлийн үнийн аргыг хэрэглэхгүй.
5.7.3.Импортын барааг цааш нь худалдан борлуулсан, захиран зарцуулсан, ашигласнаас орох орлогоос худалдагчид ногдох хэсгийг тодорхойлох боломжгүй тохиолдолд;
5.7.4. Худалдагч, худалдан авагч хоёр хоорондоо хэлцлийн үнэд нөлөөлөхүйц харилцан хамааралтай тохиолдолд
Харилцан хамааралтай этгээдүүд гэдгийг Хэлэлцээрийн дагуу дараахь байдлаар тодорхойлно:
5.7.4.1. Бие биенийхээ аж ахуйн нэгжийн ажилтан буюу захирал байх;
5.7.4.2.Аж ахуйн үйл ажиллагаанд хамтран зүтгэгчид болох нь хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн;
5.7.4.3.Нэг нь ажил олгогч, нөгөө нь ажил гүйцэтгэгч байх;
5.7.4.4.Бие биенийхээ саналын эрхтэй хувьцааны 5 буюу түүнээс дээш хувийг шууд буюу шууд бус хэлбэрээр өмчилдөг, хянадаг, эсхүл эзэмшдэг;
5.7.4.5.Нэг нь нөгөөдөө шууд буюу шууд бус хэлбэрээр хяналт тавьдаг;
5.7.4.6.Хоёулаа гуравдагч этгээдийн шууд буюу шууд бус хяналтад байдаг;
5.7.4.7.Хамтдаа гуравдагч этгээдийг шууд буюу шууд бус байдлаар хянадаг;
5.7.4.8.Нэг гэр бүлийн гишүүд байх зэрэг багтана.
Хэрэв харилцан хамааралтай этгээдүүдийн хооронд худалдаа хийгдсэн тохиолдолд хэлцлийн үнэ нь дор дурдсан шалгуур (тест) үнэтэй "тун ойролцоо" байвал хэлцлийн үнийн аргыг хэрэглэж болно. Үүнд:
-Монгол Улсад импортолсон нэг төрлийн буюу ижил төрлийн барааны харилцан хамааралгүй хэлцлийн үнэ;
-Гаалийн үнэлгээний хоёр, гуравдугаар аргуудаар тодорхойлсон нэг төрлийн буюу ижил төрлийн барааны гаалийн байгууллагаас урьд нь хүлээн зөвшөөрсөн гаалийн үнэ.
Харин дээр дурдсан шалгуур (тест) үнэтэй харьцуулалт хийхдээ арилжааны шат дамжлага буюу түвшин, барааны тоо хэмжээ, Хэлэлцээрийн 8 дугаар зүйлд заасан залруулан тодотгох элементүүд, мөн түүнчлэн харилцан хамааралгүй худалдагч, худалдан авагчтай хийсэн худалдаанд байвал зохих худалдагч хариуцах ёстой төлөөгүй зардлуудыг тооцон үзнэ.
"Тун ойролцоо" гэдэгт импортын барааны төрх байдал, үйлдвэрлэлийн онцлог, тухайн барааг импортоор оруулж байгаа улирал, үнийн зөрүү зэрэг үзүүлэлтийг багтаан авч үзнэ.
5.7.5. Мэдүүлэгч гаалийн үнийг тодорхойлохдоо ашигласан мэдээлэл, тооцоогоо лавтай үнэн зөв болохыг гадаад худалдааны болон санхүү, нягтлан бодох бүртгэлийн холбогдох баримт бичгээр баталгаажуулж нотлоогүй зэрэг тохиолдолд хэлцлийн үнийн аргыг хэрэглэхгүй.
ХОЁР БОЛОН ГУРАВДУГААР АРГА. НЭГ ТӨРЛИЙН БОЛОН ИЖИЛ ТӨРЛИЙН БАРААНЫ ХЭЛЦЛИЙН ҮНИЙН АРГА
6. Импортын барааны гаалийн үнийг нэгдүгээр аргаар тодорхойлох боломжгүй бол гаалийн үнийг нь тодорхойлж буй бараатай нэгэн зэрэг буюу ойролцоо хугацаанд худалдан авч импортоор оруулсан нэг төрлийн болон ижил төрлийн барааны хэлцлийн үнээр тодорхойлно. Ойролцоо хугацаа гэдэгт үнэлэгдэж буй импортын барааны гаалийн бүрдүүлэлт хийгдсэн өдрөөс өмнөх 90 хоногийн хугацааг хамруулна.
7. Гаалийн үнэлгээний хоёр болон гуравдугаар аргын дагуу хэлцлийн үнийг тодорхойлохдоо худалдааны адил түвшин (шууд үйлдвэрээс, бөөний болон жижиглэнгийн худалдаа гэх мэт)-д байгаа, ойролцоо тоо хэмжээнд импортлогдсон нэг болон ижил төрлийн барааны хэлцлийн үнийг үндэслэнэ.
8. Нэг төрлийн болон ижил төрлийн импортын барааны хэлцлийн үнэ гэдэг нь гаалийн байгууллагад хүлээн зөвшөөрөгдсөн Хэлэлцээрийн 1 дүгээр зүйл болон 8 дугаар зүйлийн дагуу тодотгол хийгдсэн гаалийн үнэ байна. Гэхдээ Хэлэлцээрийн 8 дугаар зүйлийн 2-т заасан тээвэрлэхтэй холбогдон гарах зардлыг тээвэрлэх зай, тээврийн хэрэгслийн төрлөөс хамаарч дахин залруулга тодотгол хийнэ.
Тухайлбал, хэрэв үнэлэх гэж буй бараа төмөр замаар импортлогдсон, харин харьцуулж буй нэг төрлийн болон ижил төрлийн барааны хэлцлийн үнийг агаарын тээврээр урьд нь тодорхойлсон бол энэ үнээс агаарын тээврийн зардлыг хасч, төмөр замын тээврийн зардлыг нэмж гаалийн үнэ тогтооно. Энэ байдлаар тээврийн зайнаас хамаарсан залруулга тодотгол хийнэ.
9. Эдгээр залруулга тодотгол нь үндэслэлтэй, үнэн зөв болохыг зохих нотлох бичиг баримтаар баталгаажуулна. Хэрэв ийм нотлох, баталгаажуулах бичиг баримт байхгүй, эсхүл залруулга тодотгол хийгдэх боломжгүй бол гаалийн үнэлгээний хоёр болон гуравдугаар аргаар гаалийн үнэ тодорхойлохгүй.
10. "Нэг төрлийн бараа" гэж физик шинж чанар, нэр хүнд зэрэг бүх үзүүлэлтээр адил барааг ойлгоно. Энэхүү тодорхойлолтод тохирч байгаа бараа гадаад байдлаараа ялимгүй ялгаатай байх нь түүнийг нэг төрлийн гэж үзэхэд саад болохгүй.
11. "Ижил төрлийн бараа" гэж бүх үзүүлэлтээр ижил биш боловч ижил зориулалтаар ашиглаж болох, арилжааны хувьд харилцан бие биенээ орлож чадах, үндсэн шинж байдал, бүрдэл хэсэг нь ижил барааг ойлгоно. Тухайн барааны чанар, нэр хүнд, худалдааны тэмдэг нь барааг ижил төрлийн болохыг тогтоохын тулд харгалзаж үзэх хүчин зүйлсийн тоонд орно.
12. Нэг төрлийн болон ижил төрлийн бараа гэдэг ойлголтод "физик шинж" гэдгийг тухайн барааны бодит шинж байдал гэж үзнэ. Бодит шинж байдалд:
- хэмжээ, хэлбэр
- техникийн болон бусад шинж чанар
- бэлтгэсэн болон үйлдвэрлэсэн арга зэрэг үзүүлэлтийг хамруулна.
ДӨРӨВДҮГЭЭР АРГА. ЯЛГАВАР ҮНИЙН АРГА
13. Нэг, хоёр болон гуравдугаар аргуудаар гаалийн үнэ тогтоох боломжгүй бол энэ арга руу шилжинэ. Үнэлэх гэж буй импортын бараа, эсхүл түүнтэй нэг болон ижил төрлийн барааг Монгол Улсад худалдан борлуулсан байвал энэ аргыг хэрэглэнэ.
14. Импортын барааны гаалийн үнийг энэ аргаар тодорхойлохдоо импортын бараа, эсхүл түүнтэй нэг болон ижил төрлийн барааг импортлох үед буюу ойролцоо хугацаанд (90 хоногоос хэтрэхгүй) харилцан хамааралгүй этгээдэд хамгийн их тоо хэмжээгээр худалдан борлуулсан нэгжийн үнийг суурь болгон авч дараахь зардлуудыг хасна:
14.1. Төлсөн буюу төлбөл зохих комиссын ердийн шимтгэл болон адил ангилал бүлгийн барааг Монгол Улсад худалдан борлуулахтай холбогдон гарсан ерөнхий зардал болон ашиг;
Хэлэлцээрт зааснаар адил ангилал бүлгийн бараа гэдэгт тодорхой нэг үйлдвэрийн газар, үйлдвэрлэлийн салбарын хүрээнд багтан үйлдвэрлэгдсэн бүлэг барааг хамруулан авч үзнэ.
14.2. Монгол Улсын нутаг дэвсгэрт гарсан тээврийн, даатгалын болон бусад ердийн нэмэгдсэн зардлууд;
14.3. Тухайн барааг импортлох, худалдан борлуулахтай холбогдуулан Монгол Улсад төлөгдсөн гаалийн татвар болон бусад албан татварууд.
Суурь үнийг сонгох жишээ:
Д/Д
|
Худалдсан хэмжээ
|
Нэгж үнэ (валютын нэгж)
|
Худалдааны
түвшин
|
Тухайн үнээр зарсан тоо
|
1.
|
1-10 нэгж
|
100
|
3 нэгжээр 5 удаа
10 нэгжээр 5 удаа
|
65
|
2.
|
11-25 нэгж
|
95
|
11 нэгжээр 5 удаа
|
55
|
3.
|
25-аас их
|
90
|
80 нэгжээр 1 удаа
|
80
|
Энэ жишээнд хамгийн их тоо хэмжээгээр худалдагдсан бараа нь 80 бөгөөд үнэ нь 90 валютын нэгж байна. Иймд 90 валютын нэгж нь ялгавар үнийн аргын үнэлгээний суурь болно.
Хэрвээ өөр өөр үнээр ижил тоо хэмжээгээр борлогдсон бол хамгийн бага үнийг суурь болгон сонгоно.
15. Импортын бараанд үнэ тогтоох үед түүнтэй нэг болон ижил төрлийн барааг өөрчлөлт оруулалгүйгээр дотоодод борлуулсан тохиолдол байхгүй бол мэдүүлэгчийн хүсэлтээр боловсруулалт хийсний дараахь үнийг ашиглана. Гэхдээ боловсруулалт хийсний дараахь үнийг дараахь тохиолдолд хэрэглэхгүй:
15.1. Импортоор оруулсан нэг төрлийн болон ижил төрлийн бараа нь өөрийн урьдах шинж чанараа боловсруулалтын явцад алдсан.
15.2. Урьдах шинж чанараа алдаагүй боловч боловсруулалтын дараахь эцсийн бүтээгдэхүүнд үнийн нөлөөлөл бага бол. Жишээ нь: дээлийн товч нь дээлний үнэд бага нөлөөлөлтэй тул товчны үнээр дээлийн үнийг тодорхойлох боломжгүй болно.
16. Мэдүүлэгчийн хүсэлтээр дөрөв болон тавдугаар аргын аль нэгийг сонгож болно.
ТАВДУГААР АРГА. НИЙЛБЭР ҮНИЙН АРГА
17. Үнэлгээний дараагийн арга нь нийлбэр үнийн арга болно. Нийлбэр үнэ нь дараахь үнэ, өртөг, зардлын нийлбэрээс бүрдэнэ:
17.1. Үнэлэх гэж байгаа тухайн импортын барааг үйлдвэрлэхэд зарцуулсан материал, үйлдвэрлэлийн болон бусад боловсруулалтын үйл ажиллагааны зардал буюу өртөг;
17.2. Үнийг нь тодорхойлж буй бараатай адил төрөл бүлгийн барааны арилжаанд тусгагддаг бөгөөд тухайн барааг Монгол Улсад экспортлоход үйлдвэрлэгчээс гаргасан ерөнхий зардал болон ашгийн хэмжээ;
17.3. Монгол Улсын гадна буй болсон тээвэрлэлтийн үйл ажиллагааны зардал болон даатгалын шимтгэл.
ЗУРГААДУГААР АРГА. УЯЛДУУЛАН ХЭРЭГЛЭХ АРГА
18. Энэ арга нь гаалийн үнэлгээний сүүлчийн арга бөгөөд тогтоох гэж буй гаалийн үнэ нь аль болох урьд нь тогтоосон гаалийн үнэ дээр үндэслэх ёстой. Уялдуулан хэрэглэх аргыг хоёр үндсэн арга замаар хэрэгжүүлнэ. Үүнд:
19. Нэгдүгээр арга замаар гаалийн үнэлгээний эхний 5 аргад заасан шаардлага, нөхцөлүүдийг багасгах, бууруулах, зөөлрүүлэх байдлаар хэрэглэнэ.
Нэгдүгээр арга: Мэдүүлэгчийн гаргасан зарим үнэ, зардлын бүрэлдэхүүн хэсгүүд нь баримт бичгээр нотлогдоогүй тохиолдолд гаалийн байгууллага болон бусад импортлогч нарт байгаа адил төстэй баталгаатай мэдээллийг ашиглах, мөн түүнчлэн бусад зардлуудтай харьцуулах байдлаар гаалийн үнийг тооцоолон гаргаж болно.
Хоёр болон гуравдугаар арга: Харьцуулах хугацааг 90 бус түүнээс дээш 6 сар, нэг болон хоёр жилийн хугацааг хамруулна. Бараанд тавих шаардлагыг зөөлрүүлэх буюу үйлдвэрлэгч, гарал үүсэлд тавих нөхцөлийг багасгаж болно.
Дөрөвдүгээр арга: Дотоодод борлуулсан хугацааны хязгаарыг ихэсгэж болно. Суурь үнийн сонголтыг зөөлрүүлнэ. Мөн боловсруулалт хийсний дараахь бага зэргийн өөрчлөлтийг хэрэгсэхгүй, эсхүл тооцоолж гаргаж болно. Хэрэв дотоод зах зээлд борлогдсон нэг болон ижил төрлийн бараа байхгүй бол адил төрөл бүлгийн барааг хамруулан авч үзнэ.
Тавдугаар арга: Материалын үнэ болон өртгийг өөр ижил төстэй барааны үнэ, өртөг дээр тулгуурлан авч үзэж болно. Хил хүртэл тээвэрлэсэн зардлыг бусад барааны зардалтай харьцуулах байдлаар тогтоож болно.
20. Хоёрдугаар арга замаар олон улсын худалдааны практик болон тухайн үеийн арилжааны бусад мэдээлэл дээр тулгуурлан тогтооно.
Энэ арга замаар гаалийн үнэ тогтоохдоо дараахь худалдааны мэдээлэл баримтыг ашиглана. Үүнд:
20.1. Худалдагчийн үнийн жагсаалт (price list), үнийн лавлагаа болон прейскурант, каталог;
20.2. Статистикийн мэдээлэл, нийтээр хэрэглэж буй зардлын тариф, комиссын шимтгэл;
20.3. Экспортлогчийн үнийн санал, дэлхийн томоохон барааны төрөлжсөн биржийн мэдээлэл, төрөлжсөн сонин хэвлэлийн мэдээлэл, томоохон импортлогчдын гэрээ, түүний үнэ;
20.4. Интернетээр нийтэд зориулан тараасан экспортын үнэ, худалдааны талаархи мэдээлэл;
20.5. Хил залгаа улс орны Монгол Улсад экспортоор гаргаж байгаа барааны үнийн судалгаа;
20.6. Гаальд мэдүүлж байгаа барааны тухайн цаг үед бий болсон үнийн дундаж үзүүлэлт зэрэг болно.
21. Энэхүү уялдуулан хэрэглэх аргаар гаалийн үнийг тодорхойлохдоо дараахь үнийг үндэслэж болохгүй. Үүнд:
21.1. Монгол Улсад үйлдвэрлэсэн барааг дотоодын зах зээлд худалдан борлуулсан үнэ;
21.2. Хоёр альтернатив үнээс өндөр үнийг нь гаалийн зорилгоор сонгох систем;
21.3. Экспортлогч орны дотоодын зах зээлийн үнэ (хил орчмын импортын барааны үнээс бусад);
21.4.Нэг болон ижил төрлийн барааны нийлбэр үнийг тодорхойлохоос бусад тохиолдолд гарсан үйлдвэрлэлийн зардал;
21.5.Монгол Улсаас өөр оронд экспортолсон барааны үнэ. Гэхдээ нийтэд зориулсан экспортын үнийн мэдээлэл хамаарахгүй;
21.6. Гаалийн доод үнэ;
21.7. Хийсвэр буюу зохиомол үнэ.
__оОо__
Текст томруулах
A
A
A