- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГАДААД ХУДАЛДААНЫ ХЭЛБЭЛЗЛИЙН ХАМААРЛЫГ БАГАСГАХ, УДИРДЛАГЫГ САЙЖРУУЛАХ ТАЛААР АВЧ ХЭРЭГЖYYЛЭХ YЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
Засгийн газрын 2000 оны 188 дугаар тогтоолын хавсралт
ГАДААД ХУДАЛДААНЫ ХЭЛБЭЛЗЛИЙН ХАМААРЛЫГ БАГАСГАХ, УДИРДЛАГЫГ САЙЖРУУЛАХ ТАЛААР АВЧ ХЭРЭГЖYYЛЭХ YЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
Ерөнхий зорилго
ГАДААД ХУДАЛДААНЫ ХЭЛБЭЛЗЛИЙН ХАМААРЛЫГ БАГАСГАХ, УДИРДЛАГЫГ САЙЖРУУЛАХ ТАЛААР АВЧ ХЭРЭГЖYYЛЭХ YЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
Энэхүү үйл ажиллагааны төлөвлөгөөний гол зорилго нь Монгол Улсын экспорт, импортын гол нэр төрлийн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнийн хэлбэлзэл, уналт, гадаад худалдааны нөхцөлийн гэнэтийн өөрчлөлт, тэдгээрийн тус улсын эдийн засаг, нийгэм, хүн амын амьжиргаанд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах талаар Засгийн газраас богино (энэхүү төлөвлөгөө батлагдсаны дараахь 1 жилийн дотор) болон урт (энэхүү төлөвлөгөө батлагдсаны дараахь 4-5 жилийн дотор) хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээг тусгахад оршино.
Энэхүү төлөвлөгөө хэрэгжсэнээр Монгол Улсын макро эдийн засгийн тогтворжилтыг бататгах, зээлийн үнэлгээ дээшлэх, бизнесийн илүү таатай орчин бүрдэх, Монголын өрсөлдөх чадвар нэмэгдэхийн зэрэгцээ хүн амын амьжиргааны түвшин дээшлэх болно.
Yндэслэл
Монгол Улс цөөн нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаанаас ихээхэн хамааралтай орон билээ. Монголын нийт экспорт (435 ам.доллар)-ын 58 хувийг зөвхөн гурван нэр төрлийн бүтээгдэхүүн эзэлж байна. Тухайлбал 1999 оны нийт экспортод зэсийн баяжмал 25,9 хувь, мөнгөжөөгүй алт 22,2 хувь, ноолуур 10,0 хувийг тус тус эзэлж байна. Одоогоор Монгол Улс дэлхийн ноолуурын нийт үйлдвэрлэлийн 20 орчим хувийг эзэлж, сайн чанарын арьс шир, ноос болон мал аж ахуйн гаралтай бусад түүхий эдийг экспортолдог. Нефтийн бүтээгдэхүүн тус улсын импортын гол нэр төрөл бөгөөд 1999 оны байдлаар нийт импортын 16 хувийг эзэлж байна.
Экспортын цөөн нэр төрлийн бүтээгдэхүүн, нефтийн импорт болон гадаад худалдааны байгууллагуудын оновчтой бус зохион байгуулалтаас шалтгаалан 1998-1999 оны гадаад худалдааны нөхцөл нэлээд муудсан нь манай орны эдийн засгийн өсөлтийг сааруулж, хүн амын амьжиргаанд сөрөг нөлөө үзүүлсэн.
Зэсийн үйлдвэрээс улсын төсөвт оруулдаг албан татварын орлого ДНБ-ий 3 хувийг эзэлдэг байснаа 1998-1999 онуудад тэг хувь болон буурснаар үл барам зэсийн үйлдвэр өөрийн хэрэглэсэн үйлчилгээ, хангамж (эрчим хүч, тээвэр)-ийнхаа үнийг холбогдох байгууллагуудад нь төлөх чадваргүй болж эдгээр газрууд нь улсын төсөвт төлөх ёстой татвар, ногдол ашгаа төлж чадахгүй, бие биеэсээ хамаарсан өрийн сүлжээг үүсгэсэн. Ингэснээр 1997 онд ДНБ-д 8,6 хувийг эзэлж байсан төсвийн алдагдал 1998 онд 11,7 хувь болж өссөн. Энэ нь дэд бүтцийг хөгжүүлэхэд чиглэсэн улсын хөрөнгө оруулалтын чадавхийг бууруулан, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгоход хүндрэл учруулж, нийтийг хамарсан бусад арга хэмжээг санхүүжүүлэхэд зарим бэрхшээлүүдийг бий болгов. Төсвийн их хэмжээний алдагдал нь зээлийн хүүг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын хүрээг хумих, санхүүгийн салбарын хямрал (арилжааны банкны зээлийн 40 орчим хувь нь чанаргүй байна) үүсэхэд нөлөөлсөн. ДНБ-д гадаад худалдааны алдагдлын эзлэх хувь 1997 онд бага хэмжээтэй байсан бол 1998 онд 17,1 хувь, 1999 онд 10,1 хувь болж тус тус өссөн.
Импортын хувьд 1999 онд нефтийн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ бараг хоёр дахин өссөнөөс шалтгаалан Монгол Улсын тээвэр болон газар тариалангийн салбар ихээхэн бэрхшээлтэй тулгарав. Yүнээс шалтгаалаад 1998 онд 6 хувь болж буурсан инфляцийн түвшин 1999 оны эцэст 10 хувь болж өссөн.
Монголын эдийн засгийн явцуу бааз суурь нь тус улсын зээлийн зэрэглэлд нөлөөлөв.
Зорилтууд
I. Бүтээгдэхүүний үнийн хэлбэлзлийн нөлөөллийг бууруулах зорилгоор санхүүгийн удирдлагыг сайжруулах.
П. Гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн орлого, зарлагыг тогтворжуулах, нэмэгдүүлэх.
Ш. Монголын экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах.
IҮ.Экспорт болон төсвийн орлогын баазыг өртгөтгөн тогтворжуулах зорилгоор Монголын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх.
Байгууллагуудын зохион байгуулалт
Yйл ажиллагааны энэхүү төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх, хянах ажлыг Санхүү, эдийн засгийн яам зохицуулна.
Төр, засгийн үүрэг, оролцоо
Монголын эдийн засаг, төсвийн орлого нь экспортын цөөн нэр төрлийн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнийн хэлбэлзлээс ихээхэн хамараалтайг төр, засаг анхааралдаа авч эрсдэлийг бууруулах талаар зохих арга хэмжээ авч хэрэгжүүлж байх болно.
Зорилт нэг. Санхүүгийн удирдлагыг сайжруулах
Санхүүгийн удирдлагыг сайжруулснаар бүтээгдэхүүний үнийн хэлбэлзлийн нөлөөллийг бүрэн арилгана гэсэн үг биш юм. Гагцхүү дээрх арга хэмжээг иж бүрэн, цогц байдлаар хэрэгжүүлснээр төсвийн орлогын эх үүсвэрийг тогтвортой байлгаж, дэлхийн зах зээлийн үнийн хэлбэлзэлд хэт мэдрэмтгий байдлыг багасгана.
Yр дүн 1.1. Төсвийн төсөл боловсруулах явцыг сайжруулах
Арга хэмжээ 1.1.1. Дэлхийн зах зээлийн үнийн хэтийн төлөвийг харгалзан төсвийн орлогын хэмжээг тооцох
Төсвийн төслийг боловсруулахдаа гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнийн хандлага, гадаадын санхүүжилтийн урсгал зэргийг аль болох үнэн бодитойгоор тооцож төсвийн орлогын хэмжээг зөв тодорхойлж, санхүүгийн хүндрэлээс хамааран хамгийн наад захын зайлшгүй санхүүжилтийг хасах, төлбөр хойшлуулсаар өр хуримтлуулах, мөнгийг их хэмжээгээр нийлүүлэх зэрэг бэрхшээлтэй тулгарахгүй байдлаар зарлага буюу санхүүжилтийг зөв зохистойгоор төлөвлөх нь чухал юм. Төсвийн төслийг боловсруулахдаа үнийн ямар түвшинг, ямар эх сурвалжаас ашигласан, мөн гадаад санхүүжилтийг нарийвчлан тусгаж, аль болох орлого, зарлагын санхүүжилтийг тэнцвэржүүлж, банкны байгууллагаас авах зээлийн хэмжээг хязгаарлах бодлого баримтална. Одоогоор банкнаас Засгийн газрын авсан зээлийн хэмжээ ДНБ-ийн 3 хувьтай тэнцэж буйг тэглэхийг зорино.
Арга хэмжээ 1.1.2. Төсвийн зарлагыг улирал тутам шинэчлэн тооцож байх зарчим, арга механизмыг нэвтрүүлэх
Богино хугацааны буюу улирлын үнийн хэтийн тооцоо нь жилийнхээс илүү бодитой байдаг. Одоогоор жилд нэг удаа төсөв боловсруулж байгаа нь үнийн нөлөөллийг тэр болгон бодитой тусгаж чадахгүй байна. Иймээс гол нэр төрлийн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнийн улирлын хэлбэлзэл дээр үндэслэн төсвийн орлогын хэмжээг тооцон тодорхойлж, харин зарлагыг орлоготой нь уялдуулан төлөвлөх механизмыг бүрдүүлж хянаж байх тогтолцоо нэвтрүүлэх нь чухал юм. Ингэснээр төсөвт үзүүлэх үнийн нөлөөллийн хэмжээг аль болох бага дээр нь засах боломжийг олгоно.
Арга хэмжээ 1.1.3. Өмч хувьчлалын Trust Сан
Одоогоор өмч хувьчлалаас орж буй нийт орлого (ДНБ-ий 1,8 хувьтай тэнцэх)-ыг төсвийн дансанд төвлөрүүлэн зарцуулж байна. Гэхдээ өмч хувьчлалын орлого байнга биш, татварын орлого энэхүү эх үүсвэрийг нөхөх боломжгүйг харгалзан улсын төсвийн ирээдүйн тогтвортой байдал, санхүүжилтийг хангах зорилгоор Өмч хувьчлалын Trust сан байгуулах нь зүйтэй юм. Энэхүү сангийн анхны эх үүсвэрийг өмч хувьчлалын орлогоос бүрдүүлж, зарцуулалтыг Засгийн газар шийдвэрлэж байна. Хэрэв энэхүү сангийн хөрөнгийг гадаадад байршуулбал төсвийн орлогын бие даасан байдал, бүтээгдэхүүний үнийн хэлбэлзлээс хамаарах хамаарлыг багасгах болно. Одоогоор нэлээд олон томоохон аж ахуйн нэгжүүд улсын мэдэлд байгаа бөгөөд энэ асуудлыг Засгийн газар дунд хугацаанд судалж шийдвэрлэнэ.
Yр дүн 1.2. Татварын тогтолцоог хялбаршуулж, татварын суурийг өргөтгөх
Арга хэмжээ 1.2.1. Татварын чөлөөлөлтийг багасгах
Одоогийн мөрдөж буй татварын хуулиуд нь татварын олон төрлийн хөнгөлөлт чөлөөлөлтийг олгодог бөгөөд эдгээр нь тэр болгон шаардлагатай биш юм. Дээрх чөлөөлөлтийг багасгах, төсвийн орлогын эх үүсвэрийг тогтворжуулах, татварын дарамтыг татвар төлөгчдийн дотор аль болох тэгш хуваарилах зорилгоор одоогийн мөрдөж буй хууль тогтоомжийг дахин хянах нь чухал юм. Гэхдээ эцсийн шийдвэрийг гаргахдаа нэлээд хянамгай хандаж бусад хууль, тогтоомжтой уялдуулах нь чухал.
Арга хэмжээ 1.2.2. Татвар цуглуулалтыг сайжруулж, аж ахуйн нэгжийн албан татварын бүтцийг боловсронгуй болгох
Одоогийн мөрдөж буй аж ахуйн нэгжийн орлогын албан татвар нь 15 ба 40 хувь гэсэн хоёр шатлалтай байна. Энэхүү татварын их ялгаа нь цөөн тооны татвар төлөгчдийн нуруун дээр тохогдож байгаа. Энэ байдлаас зайлсхийх зорилгоор аж ахуйн нэгжүүд олон жижиг компани, аж ахуйн нэгжид хуваагдан татвар цуглуулах ажлыг хүндрүүлдэг. Иймээс төр, засгийн зүгээс улс, орны санхүүгийн ерөнхий чадавхид тохирсон, татвар төлөгчдийн хэтэрхий их ялгааг багасгахад чиглэсэн арга хэмжээг шат дараалан авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Арга хэмжээ 1.2.3. Татварын суурийг өргөтгөх
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад албан бус салбар өсч байна. Тэдгээрийн зарим нь жижиг хувийн бизнес эрхлэх хүрээнээс халин аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөх хэмжээний бизнесийн үйл ажиллагаа эрхэлж байна. Хэдийгээр тэдгээрийг бүртгэж татвар авахад бэрхшээлтэй боловч эдгээр аж ахуйн нэгжийг орлогын албан татвар төлөх хэмжээнд хүргэхэд чиглэсэн арга хэмжээ авах нь чухал юм. Ингэхдээ нөгөө талаас хамгийн түргэн хөгжиж, олон хүнийг ажлын байраар хангаж буй хувийн жижиг албан бус салбарыг татвараар боогдуулахгүй байх талаар анхаарах нь зүйтэй юм.
Арга хэмжээ 1.2.4. Татвар төлөгч томоохон аж ахуйн нэгж, байгууллагыг хариуцсан захиргааны нэгжийг байгуулах
Төвлөрсөн болон орон нутгийн төсөвт татвар төлөгчдийн төвлөрлийг сааруулах асуудал Төсвийн тухай хуульд тусгагдсан. Татаасыг бөөнөөр олгодог санхүүжилтийн өнөөгийн тогтолцооны үед глобаль татварын орлогын төвлөрсөн хяналт-шинжилгээ тэр бүр байхгүй болно. Үндэсний татварын ерөнхий газарт татвар төлөгч томоохон аж ахуйн нэгжийн хэлтсийг байгуулснаар орон нутгийн болон Засгийн газрын хооронд гардаг элдэв маргааныг шийдвэрлэхээс гадна татварын байцаагч нарын хоорондхи харилцааг сайжруулж улмаар татвар хураалтыг эрчимжүүлнэ.
Үр дүн 1.3 Татварын албыг бэхжүүлэх
Арга хэмжээ 1.3.1. Татварын хяналтын албыг хүчтэй болгох
Ил тод, тогтвортой байдал, албадлагыг бий болгосноор татварын тогтолцооны утга агуулгыг өндөржүүлж, улмаар төсвийн орлогыг нэмэгдүүлнэ.
Арга хэмжээ 1.3.2 Татвараас зайлсхийх явдалтай тэмцэх
Татвар хураалтыг сайжруулснаар төсвийн орлого бүрдүүлэлтийг нэмэгдүүлэх боломжтой юм. Үндэсний татварын ерөнхий газрын хүчин чадлыг нэмэгдүүлж татварын байцаагч нарт урамшуулал үзүүлснээр татвар хураалтыг нэмэгдүүлнэ.
Арга хэмжээ 1.3.3 Компьютерийн программ техник хангамжийг сайжруулах, татвар, гаалийн байгууллагуудын хооронд мэдээллийн сүлжээг нэвтрүүлэх
Мэдээллийн солилцоо дутмаг, мэдээллийг боловсруулах чадварын дорой байдал нь татварын албаны хүчин чадлыг нэмэгдүүлсэн ч татвар хураалтыг сайжруулж, татвараас зайлсхийх бололцоог хааж чадахгүй байна. Мөн тоног төхөөрөмжийн хангалтгүй байдал нь Үндэсний татварын ерөнхий газрын үйл ажиллагааг сулруулж байна. Хэдийгээр сүлжээ байгуулах ажил эхлэл төдий байгаа ч цаашид Үндэсний татварын ерөнхий газрын нэгдсэн сүлжээг байгуулах үйл ажиллагаанд илүү их анхаарал тавих нь чухал юм.
Зорилт хоёр. Гол нэр төрлийн барааны орлого,
зарлагыг тогтворжуулах, нэмэгдүүлэх нь
Зэс, алтны уурхай болон ноолуурын үйлдвэрлэл нь дунд хугацааны гадаад худалдаа, бараа солилцооны гол эх үүсвэр хэвээр байх болно. Нөгөө талаас гол зарлага нь нефть бүтээгдэхүүний импорт байхаар байна. Засгийн газар зах зээлийн хамгийн ашигтай арга хэрэглэх замаар барааны үнийн өөрчлөлтийн төсөвт учруулах нөлөөллийг багасгах ёстой. Мөн түүнчлэн үр ашиггүй ажиллаж байгаа томоохон улсын үйлдвэрийн газруудыг хувьчлах хэрэгтэй юм. Ноолуурын үйлдвэрлэлийн салбарт нэмүү өртгийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх нь эрхэм зорилго болж байна.
Үр дүн 2.1 Экспортын барааны үнийн хэлбэлзлийн эрсдлийг багасгах оновчтой арга замыг хэрэгжүүлэх
Арга хэмжээ 2.1.1. Зах зээлийн аргууд
Засгийн газрууд болон Олон улсын санхүүгийн компаниуд экспортын барааны орлого болон зарлагыг тогтворжуулахын тулд зах зээлд үндэслэсэн арга хэрэгслүүдийг авч хэрэглэсээр ирсэн билээ. Цаашид Монголын нөхцөлд бүх төрлийн эрсдэл, зардал, ашгийг хамарсан арга хэрэгслүүдийг хэрэгжүүлэх боломжийг Засгийн газрын зүгээс судлах нь зүйтэй юм.
Арга хэмжээ 2.1.2. Олон улсын шилдэг туршлагууд
Монгол Улс бол цөөн нэрийн экспортын барааны орлогоос хамааралтай цорын ганц орон биш юм. Экспортын цөөн нэрийн барааны орлогоос ихээхэн хамааралтай бусад орнуудад хэрэглэдэг орлогын менежментийн аргуудтай Засгийн газар танилцаж, тэдгээр орнуудын амжилттай хэрэглэж буй төрөл бүрийн арга хэрэгслүүдийг авч хэрэглэх, боломжийг судлах хэрэгтэй юм.
Арга хэмжээ 2.1.3. Хүний нөөцийн чадавхийг нэмэгдүүлэх
Засгийн газрын ажилтнууд, Эрдэнэт болон эдгээр арга хэрэгслүүдийг хэрэгжүүлж болох бизнесийн хүрээнд хүний нөөцийн чадавхийг нэмэгдүүлэх замаар боломжит эрсдэл, зардал, ашгийн төрөл бүрийн арга хэрэгслүүдийн талаар илүү их ойлголт, мэдлэгтэй болох шаардлагатай байна. Одоогийн орлогын менежментийн арга хэмжээнүүдийг улам боловсронгуй болгохын тулд ажилтнуудыг сургах нь зайлшгүй чухал юм.
Үр дүн 2.2 Экспортын барааны салбар дахь улсын үйлдвэрийн газрын үр ашиг ба ил тод байдлыг дээшлүүлэх
Арга хэмжээ 2.2.1. Улсын үйлдвэрийн газрыг хувьчлах
Улсын том үйлдвэрийн газруудад бүрэн хэмжээний аудит хийлгэх нь тэдгээрийн үр ашгийг дээшлүүлэх, хувьчлалд бэлдэх эхний алхам болно. Цаашдын зорилго нь улсын үйлдвэрийн газруудыг бүрэн хувьчлах явдал юм.
Арга хэмжээ 2.2.2. Олон улсын зөвлөх компанийг сонгож Эрдэнэт үйлдвэрийн үр ашиг, менежментийн үнэлгээг тодорхойлох
Эрдэнэт үйлдвэр нь манай эдийн засагт чухал нөлөөтэй тул менежмент болон үйлдвэрлэлийн үр ашгийг шалгаж, үнэлж өгснөөрөө ил тод байдлыг сайжруулж цаашдын үр ашгийг нэмэгдүүлэх юм.
Үр дүн 2.3 Нэмүү өртгийн өсөлтийг дэмжих
Арга хэмжээ 2.3.1 Монголын ноолуурын чанарыг дээшлүүлэх
Нийлүүлэлтийн бүх түвшин дэх ноолуурын чанарын сайжралт нь энэ сүлжээнд оролцож буй бүх оролцогчдын орлогыг нэмэгдүүлнэ. Чанарыг дээшлүүлэхийн тулд төрөл бүрийн арга хэрэглэж болох ба сургалт явуулах шаардлагатай юм. Чанарыг сайжруулах үйл ажиллагааны гол нь ноолуурын стандартыг мөрдөж, нийлүүлэлтийн бүх шатанд чанарын хяналтын баталгааг нэвтрүүлэх явдал чухал юм.
Арга хэмжээ 2.3.2. Дэлхийн зах зээл дээр Монголын ноолуурыг гаргах
Дэлхийн зах зээл дээр Монголын ноолуурыг улам их хэмжээгээр гаргахын тулд зах зээлийн зөв зохистой бодлого явуулж, дэлхийн зах зээл дээрх нэр хүндийг нь дээшлүүлснээр ноолуурын салбараас орох орлогыг нэмэгдүүлнэ.
Арга хэмжээ 2.3.3. Хөрөнгө оруулалтын урамшууллын өнөөгийн системийн талаар дэлгэрэнгүй тойм бэлтгэх
Ноолуур нь зөвхөн улсад нэлээд хэмжээний орлого оруулдаг төдийгүй бас хүн амын нэлээд хэсгийг ажлын байраар хангаж байдаг стратегийн чухал салбар юм. Нэг талаас малчид өөрсдийн түүхий эдийг өндөр үнэ хүргэх нээлттэй худалдааны орчин байгаа нь чухал боловч нөгөө талаас энэ нь ноолуурын үйлдвэрлэл хөгжихөд ихээхэн хохирол учруулж байгаа юм. Иймд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй үйлдвэрлэгчдэд Засгийн газар татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх замаар дотоодын ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих нь чухал юм.
Зорилт гурав. Монгол Улсын экспортын нэр төрлийг олшруулах
Эдийн засгийн явцуу бааз суурийг өргөтгөснөөр орлогын хязгаарлагдмал эх үүсвэрт тулгуурласан төсвийн хараат байдал багасна. Үүнд, экспортын шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн бий болгохыг дэмжих, экспортын чиглэлтэй үйлдвэрүүдийг шинэ зах зээл рүү чиглүүлэх явдал юм.
Үр дүн 3.1 Шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх
Арга хэмжээ 3.1.1 Монгол Улсын харьцангуй давуу талыг нягт судалж зөвлөмжийг боловсруулан гаргах
Монгол Улс байгалийн асар их нөөцтэй юм. Гэвч Монгол Улс дэвшин хөгжихөд байгалийн нөөц баялгаас гадна аялал жуулчлал, боловсруулах аж үйлдвэр, үйлчилгээний салбарын потенциалыг бүрэн үнэлж, дүгнэн илүү их судалгаа хийх шаардлагатай байна.
Арга хэмжээ 3.1.2 Экспортыг дэмжих нэгжийг байгуулах
Монгол Улсын тухай мэдээлэл хомс байгаа нь тус улсын экспортын өсөлтийг сааруулж байна. Иймээс бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үйлчилгээ үзүүлж буй дотоодын үйлдвэр, аж ахуйн нэгжийг олон улсын байгууллагатай холбож мэдээллээр хангах зорилготой Экспортыг дэмжих нэгжийг Засгийн газар бий болгоно.
Үр дүн 3.2 Зах зээлийг шинээр нээх
Арга хэмжээ 3.2.1 Чанарыг сайжруулах
Экспортын бүтээгдэхүүний чанарыг сайжруулах арга хэмжээ нь хоёр талын чиглэлтэй. Нэгд, олон улсын стандартын шаардлагын дагуу бүтээгдэхүүний чанарт мэдэгдэхүйц ахиц өөрчлөлт гаргах, нөгөө талаас бүтээгдэхүүний чанарыг сайжруулахад зохих урамшууллын хөшүүрэг хэрэглэх хэрэгтэй.
Экспортын чанартай бүтээгдэхүүн гэсэн шагналыг бий болгох, мах, махан бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, чанар шалгагчдыг сургалтанд хамруулах, салбар бүрт бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний чанарыг баталгаажуулах Засгийн газрын албыг бий болгох (ялангуяа мах боловсруулах салбар), үүний дотор аялал жуулчлалын салбарт төрөл бүрийн сургалт зохион байгуулах зэрэг арга хэмжээнүүдийг авах шаардлагатай.
Зорилт дөрөв. Монгол Улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх
Харьцангуй давуу талаас өрсөлдөөнт давуу тал руу шилжихдээ Монгол Улс бизнесийн таатай орчинг бүрдүүлэх, дэлхийн томоохон хоёр зах зээл болох Орос, Хятад улстай хөрш зэргэлдээ оршиж байгаа байдлыг ашиглах шаардлагатай байна.
Эдийн засгийн үйл явц, экспорт, хөрөнгө оруулалт, санхүүгийн салбар, бодлогын орчин, шинжлэх ухаан, технологи, дэд бүтэц, боловсон хүчний нөөцийн салбар дахь өрсөлдөөнийг тодорхойлдог олон үзүүлэлтүүдээрээ Монгол Улс хамгийн доод буюу доогуур байр эзэлдэг байна. Банкны тогтолцооны тогтвортой бус байдлаас шалтгаалан Монгол Улс нэлээд доогуур байр эзэлж байна. Нээлттэй байдлаараа Монгол Улс нэлээд дээгүүр орж, эрдэмтэн, инженерүүдээрээ дундаж хэмжээнээс бага зэргээр дээгүүр байгаа юм.
Үр дүн 4.1. Өрсөлдөөнийг сайжруулах арга барилыг тодорхойлох
Арга хэмжээ 4.1.1. Монгол Улсын өрсөлдөх чадварын өнөөгийн байдлыг дэлгэрэнгүй судалж, түүнийг сайжруулах арга замыг тодорхойлох
Засгийн газар Монгол орны бизнесийн өнөөгийн орчныг дахин хянаж бусад орнуудынхтай харьцуулалт хийнэ. Yүний үндсэн дээр тус улсын өрсөлдөх чадварыг эрчимжүүлэх арга замыг тодорхойлно.
Үр дүн 4.2 Нээлттэй байдал
Арга хэмжээ 4.2.1 Гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой хууль тогтоомжуудыг дахин нарийвчлан хянаж үзэх
Гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой хууль, эрх зүйн орчныг сайжруулснаар Монгол Улсад гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэн шинэ зах зээл, ноу хау, санхүүжилт, хөрөнгө оруулалт болон бусад боломжууд бүрдэж улмаар өөрийн зах зээлийг дэлхийн зах зээлтэй холбож өгөх болно.
Үр дүн 4.3 Бизнесийн орчныг сайжруулах
Арга хэмжээ 4.3.1 Эрчим хүчний салбарын шинэчлэлт
Эрчим хүч үйлдвэрлэж, дамжуулах явдлыг зах зээлийн харилцаанд оруулах, Эрчим хүчний удирдах газарт хуваарилалтын болон хяналтын бие даасан алба зохион байгуулах зэрэг эрчим хүчний салбарын шинэчлэлт нь бизнесийн орчныг сайжруулахад ихээхэн ач холбогдолтой. Жишээлбэл, эрчим хүч (цахилгаан, дулаан)-ний тогтвортой, найдвартай хангамж, боломжийн үнэ нь одоо эрхэлж буй бизнесийн тогтвортой байдлыг бататгаж, аз туршиж шинээр бизнес эрхлэх гэсэн тэдний бэлэн байдалд зохих дэмжлэг үзүүлэх болно.
Арга хэмжээ 4.3.2 Бизнесийн байгууллагын мэдээллийн хангамжийг сайжруулах
Цахилгаан, холбооны үйлчилгээ, мэдээллийн хангамжийг сайжруулснаар эдийн засгийн чухал салбаруудад хийх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ.
Арга хэмжээ 4.3.3 Газрын судалгаа явуулах, холбогдох мэдээллийг хэвлэх
Ашигт малтмалын салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд ашигт малтмалын нөөц, тусгай хамгаалалтад авсан газрын судалгаа, мэдээллийн хомсдол ихээхэн саад учруулж байна.
Үр дүн 4.4 Зохион байгуулалт
Арга хэмжээ 4.4.1 Авилгалтай тэмцэх
Засгийн газар аливаа асуудлыг шийдвэрлэхэд авилгал нь дэмжлэг болох бус харин хүндрэл учруулах эхлэл болдог. Авилгалтай тэмцэх үйл ажиллагааг Засгийн газар бүхий л шатандаа явуулах болно.
Арга хэмжээ 4.4.2 Засгийн газрын байгууллагуудын хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх
Засгийн газар нь сургалт, дахин сургалтыг нэмэгдүүлж, урамшууллын системийг дэмжих замаар хүний нөөцийн хөгжлийг хангах тодорхой төлөвлөгөөг авч хэрэгжүүлнэ.
Арга хэмжээ 4.4.3. Хууль, эрх зүй, удирдлага, шүүх тогтолцоог боловсронгуй болгох
Засгийн газар нь бодлого болон зохицуулалтын уялдааг хангана. Мөн макро эдийн засгийн тогтвортой орчныг бүрдүүлэх, түүнчлэн худалдааны зохицуулалтыг хангахын зэрэгцээгээр олон улсын худалдааны тогтолцоо, түүний туршлагатай уялдуулна. Бодлогын уялдаа, хяналт нь тогтвортой, тууштай байна.
Арга хэмжээ 4.4.4. Экспорт болон эдийн засгийг хөгжүүлэхэд саад болж буй захиргааны бэрхшээлүүдийг устгах
Аливаа үйл ажиллагаа эрхлэхэд зөвшөөрөл авах ажилд нэлээд хүндрэл, чирэгдэл учирдаг. Иймээс энэ чиглэлийн үйл ажиллагааг боловсронгуй болгоно.
Үр дүн 4.5. Санхүүгийн салбарыг бэхжүүлэх
Энэхүү асуудалтай холбогдох арга хэмжээ нь Санхүүгийн салбарын бүтцийн өөрчлөлтийн хүрээнд явагдана.
---оОо--
Текст томруулах
A
A
A