- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- MОНГОЛ УЛСЫН МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ДУНД ХУГАЦААНЫ СТРАТЕГИ
Засгийн газрын 2002 оны 233 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт
MОНГОЛ УЛСЫН МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ДУНД ХУГАЦААНЫ СТРАТЕГИ
MОНГОЛ УЛСЫН МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ДУНД ХУГАЦААНЫ СТРАТЕГИ
Мэдээлэл, холбооны технологийг Монгол Улсын XXI зууны хөгжлийн үндсэн хурдасгуур гэж үзэж, төр-эрх зүй, эдийн засаг-бизнес, хүн-нийгмийн хөгжлийн таатай орчинг бүрдүүлэх, төрийн бодлого, зохицуулалтын тогтолцоог бий болгох зорилгоор "Мэдээлэл, холбооны технологийг 2010 он хүртэл хөгжүүлэх үзэл баримтлал"-д тулгуурлан тус салбарыг дунд хугацаанд хөгжүүлэх стратегийг дараахь байдлаар тодорхойлж байна.
Үндсэн зорилго
1. Мэдээлэл, холбооны технологи нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өсөлтийг хангах үндсэн хэрэгсэл гэж үзэж тус салбарын тогтвортой хөгжлийг хангах зорилгоор хөгжлийн бодлого, хууль эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх.
2. Мэдээлэл, холбооны технологид тулгуурласан аливаа үйл ажиллагааг хөхиүлэн дэмжих үүднээс мэдээлэл, холбооны найдвартай дэд бүтцийг бий болгох.
3. Хүний хүчин зүйл нь мэдээлэл, холбооны технологийн хурдацтай хөгжлөөс хоцрохгүй байж аливаа шинэлэг зүйлийг бүтээгч хүч учраас хүний хөгжлийг тэргүүн зэрэгт тавих.
4. Бизнес, хувийн секторийн үйл ажиллагааг дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний оюуны багтаамж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах гол хөшүүрэг болгоход чиглүүлэх, дэмжих.
1. Бодлого эрх зүйн орчин
1.1. Мэдээлэл, холбооны технологийг хөгжүүлэх, бизнесийн таатай орчин бүрдүүлэх зорилгоор бодлого, зохицуулалт, хэрэгжүүлэлтийн механизмыг боловсронгуй болгох асуудлыг судалж шийдвэрлэх (бодлого, зохицуулалтын оновчтой институцийг бий болгох);
1.2. Орон нутагт мэдээлэл, холбооны технологийн хоцрогдлыг (тоон ялгаа) арилгах, бүх нийтийг тэгш эрхтэйгээр интернетэд холбох төрөл бүрийн үйлчилгээ хүртэх боломжийг бүрдүүлэх, хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлд тодорхой хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх (интернэт холболт, зайн сургалт, зайн оношnлгоо, интернэт протоколыг ашиглан төрөл бүрийн үйлчилгээг хөдөөд нэвтрүүлэх);
1.3. Нээлттэй засаглалыг хөгжүүлэх, засаглалд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, засаглалын үйл ажиллагааг түргэн шуурхай болгох үүднээс электрон засаглалд шилжих бэлтгэл ажлыг хийж дуусгах, төрийн мэдээллийн найдвартай дэд бүтцийг бий болгох, программ хангамжтай болох, төрийн мэдээллийн электрон сан байгуулах, мэдээллийн хадгалалт, урсгалыг электрон хэлбэрт оруулах загвар, журмыг боловсруулан нэвтрүүлэх;
1.4. Монгол хэл дээрх электрон мэдээлэл, түүний агуулга, программ хангамжийг хөгжүүлэх;
1.5. Интернэтэд байршуулах үндэсний мэдээллийн агуулгыг системтэйгээр бүрдүүлэх бодлого боловсруулж хэрэгжүүлэх;
1.6. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын мэдээллийн санг шинэчлэн сайжруулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын сүлжээнд цахим картын системийг нэвтрүүлэх;
1.7. Татвар, гааль, даатгал, банк, санхүү зэрэг үйл ажиллагааг дэмжих үйлчилгээг электрон хэлбэрт шилжүүлэх бодлого боловсруулан үе шаттайгаар хэрэгжүүлж эхлэх;
1.8. Бүх байгууллага, аж ахуйн нэгжийг интернэт хуудас болон электрон хаягтай болгох, санхүүгийн төлбөр тооцоо, тайланг электрон хэлбэрээр хийх журамд шилжүүлэх хөдөлгөөн өрнүүлэх;
1.9. Мэдээлэл, холбооны технологийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хөхиүлэн дэмжих бодлого боловсруулж хэрэгжүүлэх;
1.10. Мэдээлэл, холбооны технологийг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг бусад салбарын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулах;
1.11. Мэдээлэл, холбооны технологийг хөгжүүлэх зорилгоор "Мэдээлэл, холбооны технологийг хөгжүүлэх сан" байгуулах асуудлыг судалж шийдвэрлэх;
1.12. Мэдээлэл, холбооны технологийн чиглэлээр хийгдэх ажил, үйлчилгээтэй (электрон засаглал, электрон арилжаа, электрон гүйлгээ, электрон гарын үсэг, интернэт хэрэглээ) уялдан гарч ирэх харилцааг тус салбарын хүрээнд мөрдөгдөж байгаа олон улсын гэрээ, хэлэлцээрт нийцүүлэн зохицуулах зорилгоор холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах;
1.13. Мэдээлэл, холбооны технологийн чиглэлээр дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжихэд чиглэсэн хөнгөлөлт, хамгаалалтын талаархи заалтыг холбогдох хууль тогтоомжид нэмэх;
1.14. Компьютер, интернэтийн үйлчилгээ, онлайн худалдаа болон программ хангамжийн үйлдвэрлэлийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг боловсруулж шийдвэрлүүлэх, хүн амд оногдох компьютерийн тоог нэмэгдүүлэх.
2. Дэд бүтцийн хөгжил
2.1. Нийт газар нутгийг хамарсан цахилгаан холбооны суурь сүлжээг тоон технологид шилжүүлэхэд чиглэгдсэн арга хэмжээг үргэлжлүүлэх, ялангуяа орон нутагт хүргэх асуудалд онцгой анхаарах;
2.2. Нийгмийн үйлчилгээний салбар, дунд сургууль, эмнэлэг, их, дээд сургуульд интернэтийг нэвтрүүлэх;
2.3. Иргэдэд мэдээллээр үйлчлэх төв буюу интернэт төвүүдийг (мэдээллийн нөөц төв) бүх аймаг, хот улмаар зарим боломжтой сумын төвүүдэд байгуулж эхлэх;
2.4. Олон нийтийн мэдээллийн хэрэгслийг тоон технологид шилжүүлж эхлэх;
2.5. Экспортод чиглэгдсэн мэдээлэл,холбооны технологийн үйлдвэрлэл, үйлчилгээ бий болгон хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор техно-паркууд байгуулах, татвар, дэд бүтцийн таатай орчин бүхий тусгай бүс байгуулах;
2.6. Төрөөс баримталж байгаа өмч хувьчлалын бодлоготой уялдуулан цахилгаан холбооны сүлжээг үе шаттайгаар хувьчлах замаар хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, либералчлалыг эрчимжүүлэх.
3. Хүний нөөцийн хөгжил
3.1. Мэдээлэл, холбооны технологийн үндэсний боловсон хүчин бэлтгэх хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж эхлэх, энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулийн сургалтын баазыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, дэлхийн нэр хүндтэй компаниас олгодог олон улсын зэрэглэлийн мэргэжлийн сертификат олгох сургалтын төвийг байгуулах;
3.2. Их, дээд сургууль болон үйлдвэрлэл, бизнесийн байгууллага хоорондын үйл ажиллагааг уялдуулах, эрдэм шинжилгээ судалгааны ажлыг хамтран хийх;
3.3. Сургалтын төрийн сан болон гадаад орон, олон улсын байгууллагын хөрөнгөөр мэдээллийн технологийн чиглэлээр сурах оюутны тоог нэмэгдүүлж чадварлаг боловсон хүчин бэлтгэх өрсөлдөөн бий болгох;
3.4. Англи хэлний сургалтын чанарыг сайжруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд мэдээллийн технологийг өргөн ашиглах;
3.5. Бүх нийтээр мэдээллийн технологийн суурь боловсролтой болох ажлыг зохион байгуулах, мэдээллийн технологийн анхан, дунд болон гүнзгийрүүлсэн шатны сургалтын курс, төвийн үйл ажиллагааг эдийн засаг, татварын болон бусад шаардлагатай бодлогоор дэмжиж иргэдийг өргөн хамруулах;
3.6. Төрийн албан хаагчийг мэдээллийн технологийн сургалтад хамруулах, сургалтыг сертификаттай сургалтын төвүүдээр дамжуулан зохион байгуулах;
3.7. Мэдээлэл, холбооны технологийн сургалтын хөтөлбөр агуулгыг орчин үеийн шаардлагад нийцүүлэн боловсруулах;
3.8. Мэдээлэл, холбооны технологи, ялангуяа интернэтийг сургалтын бүх түвшинд гол хэрэгсэл болгон ашиглахад чиглэсэн бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлэх замаар сургалтын хэлбэрийг сайжруулах, боловсролын байгууллагад техник, технологийн дэмжлэг үзүүлэх;
3.9. Мэдээлэл, холбооны технологид түшиглэсэн зайн сургалтыг хөгжүүлэх, нээлттэй сургалтад хамрагдаж албан боловсрол эзэмших тогтолцоог бий болгох, электрон сурах бичиг ашиглан үйл ажиллагаа явуулах сургалтын төв байгуулахыг дэмжих.
4.Бизнес, хувийн секторийн хөгжил
4.1. Үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд мэдээлэл, холбооны технологийг ашиглах;
4.2. Дотоодын аж ахуйн нэгжийн программ хангамж үйлдвэрлэл, мэдээлэл, холбооны технологийн бусад ажил, үйлчилгээг олон улсын стандартад хүргэх зорилгоор гадаад орны туршлагаас суралцах, олон улсын чанарын стандартын сургалтад хамруулж баталгаажуулах ажил зохион байгуулах;
4.3. Экспортод чиглэсэн программ хангамжийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжин хөгжүүлэхэд чиглэсэн бодлого зохицуулалтын арга хэмжээ авах, эдийн засаг, техник, технологийн болон бусад нөхцөлөөр хангах;
4.4. Мэдээлэл, холбооны технологийн салбарт шинээр эхэлж байгаа бизнесийг дэмжих, хөгжүүлэх зорилготой инкубатор төвийг байгуулан ажиллуулах;
4.5. Мэдээлэл, холбооны технологийн хэрэглээг (засаглал, нийгмийн болон банк, санхүүгийн үйлчилгээг электрон хэлбэрт шилжүүлэх) эрчимтэй бий болгох замаар мэдээлэл, холбооны технологийн дотоодын зах зээлийг нэмэгдүүлэх;
4.6. Мэдээлэл, холбооны технологийн салбарт хэрэгжүүлэх төслийг дэмжих, зохих хөнгөлөлт болон таатай нөхцөл бололцоогоор хангах;
4.7. Засгийн газар, бизнесийн байгууллага, иргэд хоорондын харилцааг шуурхай болгох зорилгоор мэдээлэл, холбооны технологийн туршилтын төсөл хэрэгжүүлэх /GtoG, GtoB, BtoB, BtoC/.
------оОо------
Текст томруулах
A
A
A