A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • БАРАА, АЖЛЫН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОХОД БАРИМТЛАХ ТУСГАЙ ЖУРАМ /Засгийн газрын 2006 оны 22 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979
Засгийн газрын 2000 оны 101 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт


БАРАА, АЖЛЫН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОХОД БАРИМТЛАХ ТУСГАЙ ЖУРАМ
(Засгийн газрын 2006 оны 22 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
 

Нэг.Нийтлэг үндэслэл

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай хуулийн (цаашид "хууль" гэх) дагуу төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажлын гүйцэтгэгчийг сонгох ажиллагаанд энэхүү журмыг дагаж мөрдөнө.
2. Энэхүү журмын хэрэгжилтэд Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын худалдан авах ажиллагааг хариуцсан алба, холбогдох төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага тус тусын чиглэлээр хяналт тавина.  
3. Хуулийн дагуу байгуулагдах тендерийн хороо нь орон тооны бус байх бөгөөд түүний шийдвэрийг тухайн тендерийн хороог байгуулсан байгууллагын албан бичгийн хэвлэмэл хуудсан дээр гаргаж, тамга, тэмдгээр нь баталгаажуулна.
 

Хоёр.Худалдан авах ажиллагааны төлөвлөлт

4. Худалдан авах ажиллагааны төлөвлөлт нь захиалагчийн[1] хэрэгцээг цаг хугацаанд нь зүй зохистой санхүүжилтээр хангах, худалдан авах ажиллагаа хариуцсан ажилтнуудын үйл ажиллагааг нэгтгэн зохицуулахад чиглэгдэнэ. Төлөвлөлтийн явцад хэрэглэх жишиг маягтуудыг энэ журмын 1-6 дугаар хавсралтад тусгав.
5. Захиалагч нь төвлөрсөн болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр дараа онд худалдан авах бараа, ажлын төслийг боловсруулж дараа оны төлөвлөгөөний төслийн хамт улсын төвлөрсөн төсвийн хувьд Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад, орон нутгийн төсвийн хувьд тухайн шатны Засаг даргад тус тус ирүүлнэ.
6. Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн хувьд түүний удирдлага, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн хувьд Төлөөлөн удирдах зөвлөл (байхгүй бол гүйцэтгэх удирдлага) дараа онд худалдан авах бараа, ажлын төслийг зохих журмын дагуу батална.
7. Тухайн жилд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажлын төслийг баталж, холбогдох шийдвэр гарсны дараа захиалагч нь бараа, ажлын гүйцэтгэгч сонгох ажиллагааны төлөвлөлтийг бэлтгэнэ.
8. Захиалагч тухайн жилд худалдан авах бараа, ажлын төлөвлөлтийг удирдах дээд шатны байгууллагаар батлуулна.
9. Төсвийн төвлөрүүлэн захирагч, шууд захирагчийн тухайн зардлын нэр төрлөөр бараа, ажил худалдан авах жилийн хэрэгцээ нь 50,0 сая төгрөгөөс дээш гарах тохиолдолд жилийн нийт хэрэгцээгээр хууль болон энэхүү журмын дагуу худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулна. Ингэхдээ тухайн бараа, ажил хүлээн авах сар, улирлын хуваарь, төлбөр тооцооны зарчмыг тендерийн бичиг баримт болон гэрээнд тодорхой заана.
10.Төсвийн ерөнхийлөн захирагч болон төвлөрүүлэн захирагчаас шаардлагатай тохиолдолд тодорхой нэр төрлийн бараа, ажлын тендер шалгаруулалтыг нэгдсэн журмаар зохион байгуулсны үндсэн дээр гэрээ байгуулан бараа, ажил нийлүүлэх арга хэмжээ авч болно. Энэ тохиолдолд ерөнхийлөн захирагчийн хувьд Засгийн газар, Ерөнхий сайд, холбогдох аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын тогтоол шийдвэр, захирамж, төвлөрүүлэн захирагчийн хувьд Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрийн дагуу нэгдсэн журмаар зохион байгуулах тендер шалгаруулалтад хамрагдах бараа, ажлын нэр төрөл, байгууллагын жагсаалт, үйлчлэх хугацааг тодорхойлно.
11.Бараа, ажлыг худалдан авах ажиллагааны төлөвлөлт нь дараахь үе шатуудтай байна:
а) худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах;
б) худалдан авах бараа, ажлын жагсаалтыг зарлан мэдээлэх;
в) тендерийн хороо болон үнэлгээний хэсгийг байгуулах;
г) гүйцэтгэгч сонгох ажиллагааны журмыг сонгох;
д) хязгаарлагдмал тендер шалгаруулалт болон шууд гэрээ байгуулах аргыг хэрэглэх бол үндэслэлийг гаргах;
е) тендерийн бичиг баримтыг бэлтгэх ;
ж) тендерийн урилга гаргах, зарлан мэдээлэх;
з) тендерийг нээх;
и) тендерийг үнэлэх;
к) гэрээ байгуулах эрх олгох;
л) гэрээний хэлэлцээг эхлэх, дуусгах, гэрээ байгуулах;
м) гэрээний хэрэгжилт.
12.Захиалагч нь тухайн жилд худалдан авах бараа, ажлын жагсаалтыг өдөр тутмын болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлан мэдээлнэ.
 

Гурав.Гүйцэтгэгчийг сонгох ажиллагааны зохион байгуулалт 

13.Тухайн жилд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажлын төслийг баталсан холбогдох шийдвэр гарсны дараа хуулийн 7 дугаар бүлэгт заасны дагуу тендерийн хороо болон үнэлгээний хэсгийг байгуулна.
14. Тендерийн хороо нь дарга болон 2-оос доошгүй гишүүнээс бүрдэнэ. Тендерийн хорооны хэлбэр болон бүрэлдэхүүнийг энэ журмын 7 дугаар хавсралтад тусгав.
15.Тендерийн хорооны шийдвэрийн дагуу хорооны даргаас бусад гишүүнийг үнэлгээний хэсгийн гишүүнээр томилж болох боловч тэдгээр нь үнэлгээний хэсгийн 2/3-оос илүү байж болохгүй. Тендерийн хороо, үнэлгээний хэсгийн гишүүн нь тухайн худалдан авах ажиллагаатай ямар нэгэн сонирхлын зөрчилгүй этгээд байвал зохино.
16.Үнэлгээний хэсэг нь бараа, ажлын гүйцэтгэгч сонгох ажиллагаанд хэрэглэх журмыг сонгох, тендерийн бичиг баримтыг бэлтгэх, тендерийн урилгыг зарлан мэдээлэх болон тендерийг үнэлэх ажлуудыг гүйцэтгэж, гэрээ байгуулах эрх олгох тухай дүгнэлт гаргаж тендерийн хороонд танилцуулна.
17.Үнэлгээний хэсгийн санал, дүгнэлтийг тендерийн хорооны хуралдаанаар авч хэлэлцэн гишүүдийн олонхийн саналаар ил санал хурааж, гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж гаргана.
18.Захиалагч нь тендерийн хорооны зөвлөмжийг үндэслэн гэрээ байгуулах эрхийг уг зөвлөмжийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногийн дотор шалгарсан тендерт оролцогчид олгоно.
19.Тендерийн хороо аливаа асуудлыг хорооны хуралдаанаар шийдвэрлэнэ. Тендерийн хороо энэхүү журмын 11-д заасан холбогдох үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор болон шаардлагатай тухай бүр хуралдана.
20.Тендерийн хорооны хуралдааныг хорооны гишүүдийн 80-аас дээш хувь нь ирсэн тохиолдолд хүчин төгөлдөрт тооцно. Тендерийн хорооны бүх гишүүд саналын тэгш эрх эдэлнэ. Тендерийн хорооны гишүүдийн санал тэнцсэн тохиолдолд асуудлыг хорооны даргын саналаар шийдвэрлэнэ. Цөөнх болсон гишүүн бүрийн саналыг үндэслэлийн хамт тендерийн хорооны шийдвэрт хавсаргана.
21.Тендерийн хорооны хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэл хөтлөх бөгөөд хуралдаанд байлцсан бүх гишүүд түүнд гарын үсэг зурж баталгаажуулна. Шаардлагатай тохиолдолд хорооны хуралдааны явцын талаар бичлэг хийж болно.

  Дөрөв. Бараа, ажлын гүйцэтгэгчийг сонгох ажиллагааны журмууд                 Нээлттэй тендер шалгаруулалт

22. Бараа, ажлын гүйцэтгэгчийг сонгохдоо хуулийн 25.1, 26.1, 27.1-д заасан онцгой журам хэрэглэх нөхцөл байдал үүссэнээс бусад тохиолдолд нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэнэ.
23. Нээлттэй тендер шалгаруулалт нь шаардлагатай бараа, ажлыг хамгийн боломжит бодит үнээр худалдан авах, бүх тендерт оролцогчдод өрсөлдөх тэгш боломж олгох, гүйцэтгэгчийг сонгох ажиллагааг бүх талуудад урьдчилан тодорхойлж мэдэгдсэн шалгуурын дагуу нээлттэй, ил тод байдлаар явуулах, авилгал гарах боломжийг бууруулахад чиглэгдэнэ.
24. Нээлттэй тендер шалгаруулалтыг нэг буюу хоёр үе шаттай явуулж болно. Хуулийн 12.1-д зааснаас бусад тохиолдолд нэг үе шаттай аргыг хэрэглэнэ.
25. Хоёр үе шаттай нээлттэй тендер шалгаруулалтыг хуулийн 12.1-д заасан нөхцөл бүрдсэн тохиолдолд тухайн тендерийн хорооны даргын  шийдвэрийг үндэслэн хэрэглэнэ.
Хязгаарлагдмал тендер шалгаруулалт, шууд гэрээ байгуулах
26. Хуулийн 25.1, 26.1-д заасан онцгой журам хэрэглэх нөхцөл байдал үүссэн тохиолдолд хязгаарлагдмал тендер шалгаруулалтыг хэрэглэнэ.
27. Хязгаарлагдмал тендер шалгаруулалтын журам хэрэглэх үед хуулийн 37 дугаар зүйлд заасан бүртгэлд бүртгэгдсэн тендерт оролцогчдоос тодорхой тооны оролцогчдыг сонгоно. Хэрэв тухайн бараа, ажлын гүйцэтгэгчийн бүртгэл байхгүй буюу бүртгэлд тохирох ангилал байхгүй бол чадвартай гүйцэтгэгч, нийлүүлэгчдээс сонгож болно. 
28. Хязгаарлагдмал тендер шалгаруулалт болон шууд гэрээ байгуулах үед урилга аваагүй боловч тухайн бараа, ажлыг гүйцэтгэх чадвартай бэлтгэн нийлүүлэгч, гүйцэтгэгч оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тохиолдолд түүнийг тухайн тендерт шалгаруулалтад оролцуулахаас татгалзахыг хориглоно.
29. Хуулийн 27.1-д заасан нөхцөл байдал үүссэн тохиолдолд захиалагч шууд гэрээ байгуулах аргыг хэрэглэж болно.
Урьдчилсан сонголт
30.Томоохон барилга байгууламжийн ажил, түлхүүр гардуулах, өндөр үнэтэй болон техникийн нарийн тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээнд зөвхөн техникийн болон санхүүгийн чадвар бүхий компаниудыг тендер шалгаруулалтад оролцуулах нөхцөл, боломжийг хангах зорилгоор урьдчилсан сонголтыг явуулж болно. Урьдчилсан сонголтыг явуулахдаа эдгээр компаниудын зохих туршлага, өмнөх ажлын гүйцэтгэл, боловсон хүчин, тоног төхөөрөмж, байгууламж болон үйлдвэрлэлийн чадвар, санхүүгийн байдал зэргийг авч үзнэ.
31.Урьдчилсан сонголтыг явуулахдаа Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан урьдчилсан сонголтын жишиг бичиг баримтыг мөрдөнө.
32. Урьдчилсан сонголт явуулсан үед тендерийн урилга болон тендерийн бичиг баримтыг зөвхөн урьдчилсан сонголтод тэнцсэн тендерт оролцогчдод илгээж, тендер шалгаруулалтад оролцуулна.
 

Тав.Тендерийн бичиг баримт

33. Захиалагч нь шаардлагад нийцсэн тендер бэлтгэх боломжийг тендерт оролцогчдод олгох зорилгоор тендерийн бичиг баримтыг бэлтгэх бөгөөд тендерийн бичиг баримт нь дараахь зүйлээс бүрдэнэ:
      а) тендерийн урилга;
      б) тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа;
      в) тендерийн маягт;
      г) гэрээний ерөнхий болон тусгай нөхцөл;
      д) техникийн тодорхойлолт;
      е) ажлын тоо хэмжээ буюу үнийн хуваарь;
      ж) зураг (боломжгүй бол зурагтай танилцах хаягийг заах);
      з)тендерийн баталгааны болон гүйцэтгэлийн баталгааны маягт (шаардлагатай бол);
      и) бусад шаардлагатай материал.
34. Захиалагч нь Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан холбогдох тендерийн жишиг бичиг баримтыг мөрдөнө. Жишиг бичиг баримтын жагсаалтыг энэ журмын 8, 9 дүгээр хавсралтад тусгав. Тухайн бараа, ажлын онцлогоос шалтгаалан тендерийн бичиг баримтад өөрчлөлт оруулах шаардлагатай бол зөвхөн тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа болон гэрээний тусгай нөхцөлд оруулна.
35.Бараа, ажил болон тэдгээрийг бэлтгэн нийлүүлэх, суурилуулах хугацаа, байршил, баталгаат засвар, засвар үйлчилгээ болон шаардлагатай бусад нөхцөлийг тендерийн бичиг баримтад тодорхой тусгана.
36. Захиалагч худалдан авах бараа, ажлын шинж чанар, үйл ажиллагаа, аюулгүй байдал, түүнчлэн хэмжээ, таних тэмдэг, нэр томъёо, баглаа боодол, барааны нэр, шошго, эсхүл тэдгээрийн үйлдвэрлэлийн арга технологи, захиалагчаас мөрдөх стандарт болон журамд хамаарах шаардлагыг техникийн тодорхойлолтод тусгахдаа нэг буюу хэд хэдэн тендерт оролцогчдод бусдаас давуу байдал үүсгэх, ялгаварлах байдлаар бэлтгэх, тогтоох, хэрэглэж болохгүй.
37.Тендерийн бичиг баримтад тендерийг үнэлэх арга, нөхцөл болзол болон тендерүүдийг харьцуулахад харгалзах шалгуур үзүүлэлтийг тусгана.
38.Үндсэн тендерээс гадна тухайн бараа, ажлыг гүйцэтгэх өөр хувилбарыг (хувилбарт тендер) ирүүлэхийг зөвшөөрөх бол энэ тухай тендерийн бичиг баримтад тусгайлан заана.
39.Тендерийн бичиг баримттай холбоотой нэмэлт мэдээлэл, тайлбар, залруулга, эсхүл нэмэлт, өөрчлөлт гарвал энэ тухай тендерийн бичиг баримт авсан бүх тендерт оролцогчдод бичгээр мэдэгдэнэ.
Тендерийн баталгаа
40. Захиалагч тендерийн хүчинтэй байдлыг тендерийн урилгад заасан хугацаанд баталгаажуулах зорилгоор тендерийн баталгаа ирүүлэхийг  оролцогчоос шаардаж болно. Тендерийн баталгааны гол зорилго нь шаардлагад үл нийцсэн, эсхүл хуурамч тендерээс захиалагчийг хамгаалахад оршино. Тендерийн хамт тендерийн баталгаа ирүүлэхийг шаардсан тохиолдолд түүнийг ирүүлээгүй оролцогчийн тендерээс татгалзана.
41. Худалдан авах ажлын өртөг 50 сая төгрөгөөс, барааны өртөг 30 сая төгрөгөөс дээш бол тендерийн баталгаа ирүүлэхийг заавал шаардана. Тендерийн баталгаа нь тендер хүчинтэй байх хугацаанаас хойш 28-30 хоногийн хугацаанд хүчинтэй байна.
Тендер хүчинтэй байх хугацаа
42. Тендер нь тендерийн бичиг баримтад заасан хугацаанд хүчинтэй байна. Тендер хүчинтэй байх хугацааг тендерийг нээсэн өдрөөс эхлэн гэрээ байгуулах үйл ажиллагаа дуусахад хүрэлцэхүйц байхаар тогтооно. Ийнхүү тогтоохдоо Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан тендерийн жишиг бичиг баримтуудад заасан хугацааг харгалзан үзнэ.
43. Захиалагч тендер хүчинтэй байх хугацааг сунгалгүйгээр тендерийн үнэлгээг явуулахад шаардагдах бүх арга хэмжээг авна. Онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд тендерийн хороо тендер хүчинтэй байх хугацааг сунгах асуудлыг шийдвэрлэнэ. Хугацаа сунгасан тохиолдолд тендерийн хороо бүх оролцогчдод хандаж өөр өөрсдийн тендер хүчинтэй байх хугацааг сунгах талаар хүсэлт гаргана. Өөрийн тендер хүчинтэй байх хугацааг сунгахыг зөвшөөрсөн тендерт оролцогчоос тендерийнх нь агуулгыг өөрчлөхийг санал болгох, эсхүл өөрчлөлт оруулахыг зөвшөөрөхийг хориглоно. Өөрийн тендер хүчинтэй байх хугацааг сунгаагүйгээс тендер шалгаруулалтад цаашид оролцох боломжгүй болсон оролцогчийн тендерийн баталгааг хүчингүй болгоно.
Гэрээний төрөл, хэмжээ, нөхцөл
44. Бараа, ажлын онцлогоос хамааран гэрээг нэгж үнэ, нийт үнэ, эсхүл тэдгээрийн хосолсон хэлбэрээр байгуулж болно. Гэрээг ямар хэлбэрээр  байгуулахыг тендерийн бичиг баримтад заана.
45.Худалдан авах ажиллагааны цар хүрээ, ажлын технологийн онцлог болон байршлаас хамааран бараа, ажлыг багцалж гэрээ байгуулж болно.
46.Нарийн технологи, нэгдмэл үйлдвэрлэл шаардлагатай тохиолдолд захиалагч нь түлхүүр гардуулах гэрээг хэрэглэж болно.
47.Гэрээний ерөнхий нөхцөлд захиалагч, бэлтгэн нийлүүлэгч болон гүйцэтгэгчийн эрх, үүрэг, бараа, ажлын тодорхойлолт, захиалагчийн болон зохиогчийн хяналтыг хэрэгжүүлэх инженер, архитекторын эрх, төлбөрийн хуваарь, гүйцэтгэлийн баталгаа, баталгаат засварын барьцаа, үнийн тохируулалт, даатгал, алданги зэрэг зүйлсийг тусгана. Бараа, ажлын онцлогоос хамааран шаардлагатай бусад нөхцөлийг гэрээний тусгай нөхцөлд тусгаж болно.
48. Ажил гүйцэтгэх үед бараа нийлүүлэлтийн үнэ нь ажлын үнээс их байвал тухайн гэрээг барааны гэрээ гэж үзнэ. Барааны үнэд тухайн ажил гүйцэтгэхэд шаардагдах барилгын материалын үнэ орохгүй.
Тендерийн үнэ
49. Гадаадаас санал болгох барааны үнэд CIF[2] (СИФ), CIP (СИП)-ийн аль нэгийг, дотоодоос нийлүүлэх бололцоотой, эсхүл дотоодод үйлдвэрлэж, угсарсан, эсхүл урьд нь импортоор оруулж ирсэн барааны санал болгох үнэд EXW[3] (ИКСБ) нөхцөлийг үндэслэнэ. Хэрэв барааг хуурай замаар тээвэрлэх, эсхүл угсрах, ашиглалтад оруулах болон эдгээртэй адилтгах бусад үйлчилгээг гэрээнд хэрэгжүүлэх шаардлагатай бол үнийг тусад нь санал болгоно.
50. Захиалагч импортлох барааны тээвэрлэлт болон даатгалыг тусад нь шийдэх сонирхолтой бол санал болгох үнийг СIF, СIP-ийн аль нэгээс гадна FOB (ФОБ), CFR (СФР)-ийн аль нэг үнэд үндэслэнэ. Тендер шалгаруулалтын үнэлгээг зөвхөн СIF, СIP үнэд үндэслэх боловч захиалагч гэрээг FOB, CFR  нөхцөлөөр байгуулж, өөрөө тээвэрлэлт болон даатгалыг, эсхүл аль нэгийг нь хариуцаж болно.
51.Түлхүүр гардуулах гэрээнд тоног төхөөрөмж, далайн болон хуурай замын тээвэр, даатгал, суурилуулалт, ашиглалтад өгөх, гэрээнд шаардсан бол зураг төсөл, засвар үйлчилгээ, ашиглалт зэрэг бүх үйлчилгээний үнийг тусгана. Тендерийн бичиг баримтад өөрөөр заагаагүй бол энэ үнэд татвар, шимтгэл болон бусад төрлийн хураамжийг оруулж тооцно.
52. Барилга байгууламжийн ажилд нэгж үнэ, эсхүл нийт үнийг ирүүлэхийг тендерт оролцогчоос шаардах бөгөөд энэ үнэд татвар, шимтгэл болон бусад төрлийн хураамжийг оруулсан байна.
Тендерийн тооцоонд хэрэглэх валют болон тендерийг харьцуулах   валют
53.Тендерийн үнийг төгрөгөөр илэрхийлэхийг тендерийн бичиг баримтад заана. Төгрөгөөс бусад валютыг төлбөр тооцоонд зайлшгүй ашиглах тохиолдолд тендер зарласан өдрийн Монгол банкны албан ханшаар хөрвүүлэн тендерийн үнэлгээнд ашиглана. Тендерийн үнийг илэрхийлэх валютыг тендерийн бичиг баримтад тодорхой заана.
Үнийг тохируулах нөхцөл
54.Гэрээний үнийн гол бүрэлдэхүүн болох ажиллах хүч, тоног төхөөрөмж, материалын үнэ гүйцэтгэгчээс үл шалтгаалан өөрчлөгдсөн тохиолдолд гэрээний үнийг хэрхэн тохируулах тухай нөхцөлийг тендерийн бичиг баримтад тусгаж болно. Урт буюу 12 сараас дээш хугацааны гэрээнд үнийг хэрхэн тохируулах талаар заавал тусгана. Богино хугацааны энгийн гэрээнд үнийн тохируулга хийх шаардлагагүй. Суурь үнэ огцом өөрчлөгдсөн тохиолдолд захиалагч, гүйцэтгэгчийг алдагдалд орохоос хамгаалах зорилгоор үнийг өсгөх болон бууруулахаар тусгаж болно.
55.Гэрээний үнийн зөвхөн гол бүрэлдэхүүн хэсгийн үнийн өөрчлөлтийг тохируулна. Үнийг тохируулах аргачлалыг тендерийн бичиг баримтад тусгана.            
Урьдчилгаа төлбөр
56. Бараа, ажлыг гүйцэтгэх зориулалтаар хөрөнгө төвлөрүүлэх, материал хүргэх зардалд зориулан гүйцэтгэгчид урьдчилгаа төлбөр төлж болно. Урьдчилгааны дүн, түүнийг хэзээ, хэрхэн төлөх, ямар төрлийн баталгаа шаардагдах, хэрхэн суутгаж тооцох зэргийг Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон хөрөнгө зарцуулах эрх бүхий холбогдох байгууллага, албан тушаалтантай зөвшилцсөний үндсэн дээр тендерийн бичиг баримтад тусгана. Урьдчилгаа төлбөр хийж болох бараа, ажлын нэр төрлийг тендерийн бичиг баримтад  тусгана. Тендерийн бичиг баримтад тусгагдаагүй тохиолдолд урьдчилгаа төлөхгүй.
Гүйцэтгэлийн баталгаа, баталгаат засварын барьцаа
57.Захиалагч ажил гүйцэтгэх гэрээнд шалгарсан тендерт оролцогчийн гэрээний үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор түүнээс гүйцэтгэлийн баталгаа ирүүлэхийг шаардаж болно. Энэ тохиолдолд гүйцэтгэлийн баталгааны маягт, дүнг тендерийн бичиг баримтад тодорхой заана. Гүйцэтгэлийн баталгаа нь захиалагчийн эрх ашгийг хамгаалахад хүрэлцэхүйц хэмжээтэй байх бөгөөд тухайн ажлын онцлог, цар хүрээнээс хамаарч гэрээний үнийн 5-10 хувьтай тэнцүү байна. Гүйцэтгэлийн баталгаа нь захиалагчаас тухайн ажлыг хүлээн автал хүчинтэй байна.
58.Гүйцэтгэгчийн баталгаат засвар хийх үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор гэрээний үнийн дүнгийн 5-10 хувийг баталгаат засварын хугацаа дуустал барьцаа болгон авч үлдэх нөхцөлийг захиалагч тендерийн бичиг баримтад тусгаж болно. Гүйцэтгэгч нь  банкны төлбөрийн батлан даалт гаргаж түүнтэй тэнцүү дүнтэй хөрөнгийг баталгаат засварын барьцаа мөнгөнөөс урьдчилан авах эрхтэй байж болно.
59.Бараа бэлтгэн нийлүүлэх гэрээнд гүйцэтгэлийн баталгаа байх эсэх нь тухайн барааны зах зээлийн онцлог, худалдааны практикаас хамаарна. Бэлтгэн нийлүүлэгч, эсхүл үйлдвэрлэгчээс гэрээний гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор банкны төлбөрийн батлан даалт ирүүлэхийг захиалагч шаардаж болно. Энэ батлан даалтын тодорхой дүнг болон гэрээний үнийн дүнгийн тодорхой хувийг бэлтгэн нийлүүлэгчийн баталгаат засварын үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор барьцаа болгон баталгаат засварын хугацаа дуустал захиалагчаас төлөхгүй гэсэн нөхцөлийг гэрээнд тусгаж болно. Гүйцэтгэлийн баталгаа болон баталгаат засварын барьцаа нь гэрээний үнийн 5-10 хувьтай тэнцүү байна.
Даатгал, тээвэрлэлт
60.Тендерийн бичиг баримтад гүйцэтгэгч, бэлтгэн нийлүүлэгчийн хийлгэх даатгалын төрөл, дүн, даатгах барааны нэр төрөл, хамрах эрсдэл болон хугацааг тусгана. CIF эсхүл СIP нөхцөлийг үндэслэсэн бараа нийлүүлэх гэрээнд бэлтгэн нийлүүлэгч нь ачаа, тээвэрлэлтийн даатгалыг гэрээний дагуу хийнэ. FOB буюу CFR нөхцөлийг үндэслэсэн бараа нийлүүлэх гэрээнд ачааны болон тээврийн даатгалыг захиалагч хариуцна.
Алданги
61.Бараа, ажлыг хугацаанд нь бэлтгэн нийлүүлээгүйн улмаас бэлтгэн нийлүүлэгч болон гүйцэтгэгчээс захиалагчид төлөх алдангийн хэмжээг гэрээ болон тендерийн бичиг баримтад тусгана.
Гэнэтийн болон давагдашгүй хүчний нөхцөл байдал
62.Гэнэтийн болон давагдашгүй хүчний нөхцөл байдал үүссэний улмаас гэрээний аль нэг тал гэрээний үүргээ биелүүлээгүй бол хариуцлага тооцохгүй байх нөхцөлийг гэрээ болон тендерийн бичиг баримтад тусгаж болно.
Маргааныг шийдвэрлэх
63.Гэрээний нөхцөл болон үүргийн биелэлттэй холбогдон гарах маргааныг шийдвэрлэх арга замыг гэрээний нөхцөлд тодорхой тусгана. Бараа, ажил худалдан авах олон улсын гэрээтэй холбогдуулан маргаан гарсан тохиолдолд ямар улсын хуулийг хэрэглэх, аль улсын шүүх, эсхүл арбитраар шийдвэрлүүлэхийг тендерийн бичиг баримтад заавал тусгана.
 

Зургаа. Тендерийг зарлан мэдээлэх, нээх, хянан үзэх, үнэлэх

Зарлал мэдээлэл
64.Нээлттэй тендер шалгаруулалтын журам хэрэглэх үед тендерийн бичиг баримтыг бэлэн болмогц хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу тендер шалгаруулалт явуулах тухай зарлал, мэдээллийг өдөр тутмын сонин болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр хугацаа алдалгүй нийтэд зарлана. Олон улсын тендер шалгаруулалтын үед дээрх урилгыг Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын интернетийн вэб хуудсан дээр сурталчлах бөгөөд бэлтгэн нийлүүлэгч, гүйцэтгэгч нь оролцох магадлал бүхий улсын Монгол Улс дахь Элчин сайдын яам, худалдааны төлөөлөгчид хүргүүлнэ.
65.Тендерийн урилга буюу зарлал мэдээлэлд дараахь зүйлийг заавал тусгана:
а) захиалагч, эсхүл холбогдох байгууллагын тодорхойлолт;
б) худалдан авах бараа, ажлын товч агуулга;
в) тендерийн бичиг баримт, бусад мэдээлэл авах болон тендер ирүүлэх хаяг;
г) тендерийн бичиг баримтын үнэ (худалдах бол);
д) гүйцэтгэгч сонгох ажиллагаанд тавих шаардлага;
е) тендер хүлээн авах эцсийн хугацаа;
ж) тендер нээх хугацаа;
з) бусад шаардлагатай зааварчилгаа.
Тендерийн бичиг баримтыг тараах
66.Тендерийн бичиг баримтыг түүнийг бэлтгэхэд зарцуулсан өртгөөр үнэлж, тендер шалгаруулалтад оролцохыг хүсэгчдэд уг үнээр саадгүй олгоно.
Тендер бэлтгэх хугацаа
67.Тендер бэлтгэх хугацаа нь худалдан авах бараа, ажлын цар хүрээ, онцлогоос хамаарна. Тендер бэлтгэх хугацаа нээлттэй тендер шалгаруулалтад 30,  хязгаарлагдмал тендер шалгаруулалтад 15, шууд гэрээ байгуулахад  10  хоногоос доошгүй байна. Томоохон барилга байгууламжийн ажил, түлхүүр гардуулах гэрээ болон зураг төсөл боловсруулах-барьж байгуулах гэрээний үед тендер бэлтгэх хугацаа нь дээр дурдсан хугацаанаас илүү байж болно.
Тендер ирүүлэх
68.Тендерийг тендерийн бичиг баримтад товлосон хугацаанд, заасан хаягаар, тогтоосон хэлбэрээр тендерийн хороонд ирүүлнэ.
Тендерийг нээх
69.Тендерийн хорооны гишүүд хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу тендерийн урилгад заасан хугацаанд тендерийн нээлтийг нийтийн өмнө зохион байгуулна. Тендерийг хүлээж авах эцсийн хугацааг дууссанаас хойш 2 цагийн дотор тендерийг нээнэ. Тендерийг нээхэд Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан бараа, ажлын тендерийн үнэлгээний зааврыг ашиглана.
70.Тендерийг нээхэд тендерийн хорооны гишүүд нь тендерт оролцогч, түүний төлөөлөгчдөөс тодорхой зайтай байхаар зохион байгуулна.
71.Захиалагч тендерийг нээсний дараа тендерийн агуулга, ялангуяа үнийн талаар тендерт оролцогчтой санал солилцохыг хориглоно. Тендерийн агуулга, үнийг өөрчлөхөөс бусад чиглэлээр тайлбар, тодруулга ирүүлэхийг захиалагч тендерт оролцогчоос шаардаж болно. Эдгээр тайлбар тодруулгыг авахад зөвхөн бичгээр харилцана.
Нууцлал
72.Тендерийг нийтийн өмнө нээсний дараа гэрээ байгуулах хүртэл хугацаанд тендер шалгаруулалттай холбогдсон мэдээллийг захиалагчийн зүгээс задруулахыг хориглоно.
Тендерийг хянан үзэх, үнэлэх
73.Тендерийг тендерийн бичиг баримтад заасан шаардлагад нийцэж байгаа эсэх, эрх бүхий албан тушаалтны гарын үсэг байгаа эсэх, ерөнхий эмх цэгц, банкны төлбөрийн батлан даалт, тооцооны алдаа байгаа эсэхийг эхлээд хянаж үзнэ. Тендерийн бичиг баримтад заасан шаардлагад нийцээгүй  тендерээс татгалзана.
74.Урьдчилсан сонголт хийгдээгүй бол тендерт оролцогчийн туршлага, санхүүгийн болон техникийн байдал, боловсон хүчин, борлуулалтын талаар мэдээлэл ирүүлэхийг тендерийн бичиг баримтад шаардана. Эдгээр шаардлага хангаагүй  тендерт оролцогчийн ирүүлсэн тендерийг үнэлгээнд оруулахгүй.
75.Хуулийн 21 дүгээр зүйл болон Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан бараа, ажлын тендерийн үнэлгээний жишиг бичиг баримтын дагуу тендерийг үнэлж харьцуулна.
76.Тендерийн бичиг баримтад заасан нөхцөл, үнэлгээний аргын дагуу тендерийг үнэлнэ. Үнэлгээ хийхэд тендерүүдийн зөвхөн үндсэн үнийг харьцуулна. Хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг тодорхойлохдоо үнээс гадна тоног төхөөрөмжийн үр өгөөж, ашиглалтын зардал, ажлыг дуусгах буюу бараа нийлүүлэх хугацаа, борлуулалтын дараахь үйлчилгээ, сэлбэг хэрэгсэл зэрэг холбогдох шалгуур үзүүлэлтийг тендерийн бичиг баримтын дагуу авч үзнэ. Эдгээр шалгуур үзүүлэлтийг боломжтой бол мөнгөн дүнгээр илэрхийлж тендерийн бичиг баримтын үнэлгээний хэсэгт заана. Тендерүүдийг үнийн тохируулгын нөхцөлийг үл харгалзан зөвхөн үндсэн үнийг үндэслэн харьцуулах  бөгөөд бараа нийлүүлэх тендерүүдийн хувьд гаалийн болон импортын бусад татварын дүнг харгалзан үзнэ.
Тендерээс татгалзах
77.Хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу бүх тендерээс татгалзаж болно.
78.Захиалагч ирсэн бүх тендерээс татгалзаж болох тухай нөхцөлийг тендерийн бичиг баримтад заана.
Дахин тендер шалгаруулалт явуулах
79.Бүх тендерээс татгалзсан тохиолдолд хуулийн 23.4-т заасан үйл ажиллагааны аль нэгийг авч хэрэгжүүлнэ.
80.Өрсөлдөөн гараагүй, эсхүл техникийн тодорхойлолтыг бүх тендерт оролцогч биелүүлээгүй тохиолдолд тендерээс бүхэлд нь татгалзах бөгөөд  татгалзах болсон шалтгааныг хянан үзэж техникийн тодорхойлолт, тендерийн бичиг баримтад шаардлагатай засварыг хийсний дараа дахин тендер шалгаруулалт явуулна.
81.Бүх тендерийн үнэ батлагдсан төсөвт өртгөөс давсан тохиолдолд захиалагч тендерийн хороотой зөвшилцсөний үндсэн дээр дахин тендер шалгаруулалт явуулахгүйгээр хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчтой төсөвт өртөгт багтсан дүнгээр гэрээ байгуулах зорилгоор бараа, ажлын цар хүрээг багасгах, гэрээний үүргийн гүйцэтгэлийн эрсдэл, хариуцлагыг шилжүүлэн хуваарилах талаар хэлэлцээ хийж болно. Бараа, ажлын цар хүрээг өөрчлөх нь тухайн худалдан авах ажиллагааны эцсийн зорилго, үр дүнд сөргөөр нөлөөлөх ёсгүй. Бараа, ажлын цар хүрээг 5%-иас дээш бууруулах, гэрээний бичиг баримтыг өөрчлөх нь дахин тендер шалгаруулалт явуулах үндэслэл болно.
82.Бүх тендерээс татгалзсан тохиолдолд зөвхөн бага үнэ олж авах зорилгоор өмнөх тендерийн бичиг баримтыг ашиглаж дахин тендер шалгаруулалт явуулж болохгүй.
 

Долоо.Гэрээ байгуулах эрх олгох багэрээ байгуулах

83.Гэрээ байгуулах эрхийг тендерийн хорооны зөвлөмжийг үндэслэн шалгарсан тендерт оролцогчид захиалагч олгоно. Гэрээ байгуулах эрх олгох нөхцөл болгож техникийн тодорхойлолтод заагаагүй ажил гүйцэтгүүлэх, бараа нийлүүлэх, эсхүл тендерээ өөрчлөхийг шалгарсан тендерт оролцогчоос шаардаж болохгүй.
84.Журамд онцгойлон зааснаас бусад тохиолдолд шалгарсан тендерт оролцогчтой гэрээ байгуулахдаа түүний тендерийн үнээс доогуур үнээр гэрээ байгуулахыг шаардаж болохгүй. Гэхдээ хэлэлцээний дүнд арилжааны нөхцөл, техникийн тодорхойлолтыг харилцан тохиролцож өөрчилснөөр гүйцэтгэгчийн зардал буурсан тохиолдолд гэрээний үнэ нь тендерийн үнээс доогуур болж болно.
85.Захиалагч, эсхүл түүний томилсон төлөөлөгч гэрээ хэлэлцээг зохион байгуулж явуулна. Гэрээ хэлэлцээнд тендерийн хорооны болон үнэлгээний хэсгийн гишүүдээс оролцуулна.
86.Захиалагч болон шалгарсан тендерт оролцогч нь тендерийн хүчинтэй хугацаанд багтаж гэрээ байгуулна. Улсын төвлөрсөн төсвийн хөрөнгөөр санхүүжигдэх бараа, ажлын гэрээний хувьд Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн дарга, орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжигдэх бараа, ажлын гэрээний хувьд тухайн шатны Засаг даргын Тамгын газрын санхүү, төсвийн асуудал эрхэлсэн хэлтсээс зөвшөөрөл авснаар гэрээ хүчин төгөлдөр болно.
 

Найм.Давуу эрх

87.Дотоодын бараа болон гүйцэтгэгчид давуу эрх олгох бол давуу эрхийн зөрүү болон түүнийг хэрэглэх аргачлалыг тендерийн бичиг баримтад тодорхой зааж, тендерийг үнэлэх, харьцуулахад баримтална.
88.Давуу эрхийн зөрүү дор дурдсан хэмжээнээс хэтэрч үл болно:
а)тендерийн Монгол Улсын гарал үүсэлтэй барааг агуулсан хэсгийн үнийг бусад тендерийн тухайн хэсгийн үнэтэй харьцуулахад 10 хувь (Түлхүүр гардуулах гэрээний үед давуу эрхийн зөрүү нь барааны багцад бүхэлд нь бус зөвхөн уг багцад орсон Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд хамаарна);
б)давуу эрхийн шалгуурыг хангасан дотоодын гүйцэтгэгчийн ажлын гэрээний тендерийн үнийг бусад гүйцэтгэгчийн тендерийн үнэтэй харьцуулахад 7.5 хувь.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрх олгох
89.Монгол Улсын гарал үүсэлтэй бараа санал болгосон тендерт бусад бараа санал болгосон тендертэй харьцуулахад давуу эрх олгож болно. Давуу эрх олгох бол давуу эрхийн зөрүү, давуу эрх эдлэхийн тулд ямар нотлох баримт мэдээлэл ирүүлэхийг тендерийн бичиг баримтад тодорхой заана. Бэлтгэн нийлүүлэгч, үйлдвэрлэгч аль улсын иргэн болохыг давуу эрх олгоход харгалзахгүй. Давуу эрх олгох тохиолдолд дор дурдсан аргачлалыг мөрдөнө.
90.Харьцуулах зорилгоор шаардлагад нийцсэн тендерүүдийг дараахь байдлаар гурав ангилна:
а)А ангилал: Монгол Улсын гарал үүсэлтэй бараа санал болгосон тендер (Монгол Улсын гарал үүсэлтэй бараа болохыг тендерт оролцогч нотлон харуулах үүрэгтэй);
б)Б ангилал: Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгаа импортын бараа санал болгосон тендер;
в)С ангилал: Импортоор оруулж ирэх бараа санал болгосон тендер.
91.А ангиллын санал болгосон EXW үнэд дотоодын зах зээлээс худалдан авсан, эсхүл импортоор оруулж ирсэн үндсэн материал, эд ангид төлсөн буюу төлөх албан татварын дүнг оруулна. Б ангиллыг үүнтэй адилаар тооцно. А болон Б ангиллын санал болгосон үнээс эцсийн бүтээгдэхүүнд оногдуулдаг нэмэгдсэн өртгийн болон бусад адилтгах албан татварын дүнг хасна.  С ангиллын санал болгосон СIF, СIP үнээс гаалийн татварыг оролцуулан импортын бүх татварын дүнг хасна.
92.Эхний шатанд ангилал тус бүрийн доторхи үнэлэгдсэн тендерүүдийг харьцуулан хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг ангилал бүрээр гаргана. Ангилал тус бүрийн хамгийн сайн үнэлэгдсэн тендерүүдийг хооронд нь харьцуулсны үр дүнд А буюу Б ангиллын тендер хамгийн сайн үнэлэгдсэн тендер бол тус тендерийг ирүүлсэн тендерт оролцогчид гэрээ байгуулах эрх олгоно.
93.Хэрэв энэ журмын 92-т заасны дагуу хооронд нь харьцуулсны үр дүнд С ангиллын тендер хамгийн сайн үнэлэгдсэн тендер бол С ангиллын тендер бүрийн импортоор оруулж ирэх барааны үнэлэгдсэн үнэ дээр энэ барааны СIF буюу  СIP тендерийн үнийн 10 хувьтай тэнцэх дүнг зөвхөн харьцуулах зорилгоор нэмж А ангиллын хамгийн сайн үнэлэгдсэн тендертэй харьцуулна. Ийнхүү харьцуулахад А ангиллын тендер хамгийн сайн үнэлэгдсэн тендер бол түүнд гэрээ байгуулах эрх олгоно, эсрэг тохиолдолд С ангиллын энэ журмын  92-т заасны дагуух хамгийн сайн үнэлэгдсэн тендерт гэрээ байгуулах эрх олгоно.
94.Барааг бэлтгэн нийлүүлж угсрах болон түлхүүр гардуулах гэрээний үед давуу эрхийн зөрүү нь барааны багцад бүхэлд нь бус зөвхөн уг багцад орсон Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд хамаарна. Импортоор оруулж ирэх тоног төхөөрөмжид СIF буюу СIP үнэ, дотоодоос санал болгох тоног төхөөрөмжид EXW үнэ (нэмэгдсэн өртгийн болон бусад адилтгах татварын дүнг үл тооцсон) ирүүлэх ба зураг төсөл, ажил, угсралт, хяналт зэрэг бусад бүх нэр төрлийн үнийг тусад нь ирүүлнэ. Тендерүүдийг энэ тохиолдолд А, Б, С гэж ангилахгүй. Тендерүүдийг хооронд нь харьцуулах зорилгоор тендер бүрийн импортоор оруулж ирэх тоног төхөөрөмжийн СIF, СIP үнийг 10 хувиар өсгөнө. Тус багцад орсон холбогдох ажил, үйлчилгээнд давуу эрхийн зөрүү тооцохгүй.
Дотоодын гүйцэтгэгчид давуу эрх олгох
95.Ажлын гэрээний үед дотоодын гүйцэтгэгчид 7.5 хувийн давуу эрхийг дараахь шаардлагыг баримтлан олгож болно:
а)шаардлагад нийцсэн тендерүүдийг дараахь байдлаар ангилна:
А ангилал: давуу эрхийн шалгуурыг хангасан дотоодын гүйцэтгэгчийн ирүүлсэн тендер;
Б ангилал: бусад гүйцэтгэгчийн ирүүлсэн тендер.             
Харьцуулах зорилгоор Б ангиллын тендерийн үнэ дээр тус тендерийн үнийн 7.5 хувийг нэмнэ.
б)давуу эрх эдлэхийг хүссэн гүйцэтгэгч өмчлөлийн талаархи дэлгэрэнгүй  мэдээллийг ирүүлнэ. Энэ мэдээллийг дээрх ангиллын дагуу тухайн гүйцэтгэгч буюу хэд хэдэн гүйцэтгэгч дотоодын давуу эрхийн шалгуурыг хангасан эсэхийг тогтооход ашиглана. Давуу эрх, түүнийг олгоход мөрдөх аргачлалыг тендерийн бичиг баримтад тодорхой заана.
96.Шаардлагатай тохиолдолд, давуу эрхийн ангилал болон аргачлалыг Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гаргаж мөрдүүлнэ.
Дотоодын гүйцэтгэгч
97.Дотоодын гүйцэтгэгч өөрийн тендерийг бусад гүйцэтгэгчийн тендертэй харьцуулахад 7.5 хувийн давуу эрх эдлэх хүсэлтэй бол өөрийгөө дотоодын гүйцэтгэгч болох талаар нотлоход шаардлагатай бүх нотолгоог ирүүлэх үүрэгтэй. Ажлын гэрээний үед захиалагч дотоодын гүйцэтгэгчид 7.5 хувийн давуу эрхийн зөрүүг дараахь шаардлагыг баримтлан олгож болно. Дараахь шаардлагуудыг бүхэлд нь хангасан гүйцэтгэгчийг дотоодын гүйцэтгэгч гэж тооцно. Үүнд:
а)Монгол Улсад бүртгэгдсэн;
б)Монгол Улсын иргэн өмчийн олонхийг буюу бүхэлд нь өмчилдөг;
в)гэрээний үнийн 50-иас илүү хувийг гүйцэтгүүлэхээр гадаадын гүйцэтгэгчтэй туслан гүйцэтгэх гэрээ байгуулаагүй, цаашид байгуулахгүй.
98.Тухайн тендер шалгаруулалтад оролцохын тулд дотоодын болон гадаадын гүйцэтгэгчид нь талуудын эрх, үүрэг, хариуцлагыг нарийвчлан тусгасан гэрээний үндсэн дээр түншлэл байгуулж болно. Энэхүү түншлэл нь дараахь шаардлагыг бүрэн хангасан тохиолдолд мөн давуу эрх эдэлнэ:
а)дотоодын түнш(үүд) энэ журмын 97-д заасан шалгуурыг бие даан хангасан;
б)дотоодын түнш(үүд) гэрээний үнийн дүнгийн 50-иас илүү хувийг шууд  захиран зарцуулах эрхтэйгээр төлбөрт хүлээн авах, энэ талаар нөхцөлийг түншлэлийн гэрээнд заасан байна;
в)гэрээний үнийн 50 хувиас багагүй дүнтэй тэнцэх ажлыг дотоодын түнш гүйцэтгэхээр тендерт тусгасан.
 

Ес.Худалдан авах ажиллагааны хэвтаст хэрэг

99.Захиалагч худалдан авах ажиллагаа бүрт бичиг баримтын бүрдлийн хавтаст хэрэг нээж хөтлөн, архивын нэгж болгон хадгална. Гэрээний хэрэгжилттэй холбоотой бичиг баримтыг тухайн худалдан авах ажиллагааны хавтас хэрэгт хавсарган хөтөлнө. Худалдан авах ажиллагаа дууссаны дараа дор дурдсан баримтыг зохих журмын дагуу хавтаст хэрэгт бүрдүүлж товъёоглоно. Үүнд:
а)тендерийн урилга болон тендерийн бичиг баримт;
б)тендер шалгаруулалтад ирүүлсэн бүх тендер, түүний дотор шалгарсан тендер;
в)Тендерийн хороо болон үнэлгээний хэсгийн хуралдааны тэмдэглэл, үнэлгээний хүснэгт,  албан бичиг болон бусад материал;
г)тендер шалгаруулалтын өмнөх уулзалтыг зохион байгуулсан бол түүний тэмдэглэл;
д)тендерт оролцогчоос ирүүлсэн албан бичиг болон түүнд өгсөн хариу;
е)гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл;
ж)урьдчилсан сонголт болон гэрээ хэрэгжүүлэх чадварыг шалгах журам (хэрэв хэрэглэсэн бол);
з)гарын үсэг зурсан гэрээ, хавсралт болон гэрээний өөрчлөлт;
и)гэрээний хэрэгжилт, хяналт, үнэлгээ болон төлбөртэй холбогдох бичиг баримт;
к)бусад зүйл.
 

Арав.Бусад зүйл

100.Бараа, ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагаанд оролцож буй талууд худалдан авах ажиллагааны ёс зүйн хэм хэмжээг чанд мөрдөнө.
101.Бэлтгэн нийлүүлэгч буюу гүйцэтгэгч тендер шалгаруулалтад  оролцох болон гэрээ байгуулахдаа авилгал, залилан мэхлэх үйл ажиллагаанд холбогдсон нь шүүх, эсхүл холбогдох байгууллагаар тогтоогдвол захиалагч түүнд гэрээ байгуулах эрх олгохгүй бөгөөд нэгэнт эрх олгогдсон, эсхүл гэрээ байгуулагдсан бол түүнийг цуцална. Энэ тохиолдолд түүнд гэрээ байгуулах эрх олгохоос түр хугацаагаар буюу бүрмөсөн татгалзаж, энэ тухай нийтэд зарлан мэдэгдэнэ.
     
 
 
 
 
 
/Энэ хавсралтад 2002 оны 270 дугаар тогтоолоор оруулсан өөрчлөлтийг тусгав./
 
 
 
Бараа, ажлын гүйцэтгэгчийг сонгоход баримтлах тусгай журмын 1 дүгээр хавсралт

ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ ҮЙЛ АЖИЛЛАГАА БА ҮЕ ШАТ

 
ТӨСЛИЙН НЭР: __________________
ТӨСӨВТ ӨРТӨГ: _________________
 
А. ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГАА
 
Үйл ажиллагаа
Үргэлжлэх хугацаа /хоногоор/
доод
дээд
1
 Захиалагч байгууллага_________________________
 
 
2
Төслийн ¹ _________________________________
 
 
3
Тодорхойлолт ______________________________________
 
 
4
Төсөвт өртөг /батлагдсан зардал ________________
 
 
5
Хөрөнгийн эх үүсвэр ________________________  
 
 
6
Техникийн тодорхойлолт /ажлын тоо хэмжээ бэлтгэх___
 
 
7
Тендерийн бичиг баримт бэлтгэх __________________
 
 
8
Тендерийн бичиг баримтыг тендерийн хороонд танилцуулах
 
 
9
Тендерийн хороо "Батлах"  огноо___________________
 
 
10
Зарлан мэдээлэх /тендерийн урилга ___________________
 
 
11
Тендерийг хүлээн авах эцсийн огноо____________________
 
 
12
Тендерийг нээх огноо  _______________________________
 
 
 
Урьдчилсан шалгалт, тендерийг хадгалах  _______________
 
 
 
Тендерийн баталгаа (шаардлагатай бол)________________
 
 
 
Дүн  ______________________________________________
 
 
 
Хүчинтэй хугацаа _________________________
 
 
13
Үнэлгээний хэсэг үнэлгээг дуусгах ______________________
 
 
14
Гэрээ байгуулах эрх олгох дүгнэлтийг тендерийн хороонд
танилцуулах _______________
 
 
15
Гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл  ___________________
 
 
16
Гэрээнд гарын үсэг зурах ___________________________
 
 
 
Гэрээний төслийг бэлэн болгох_______________
 
 
 
Гарын үсэг зурсан гэрээг хүлээн авах огноо _____________
 
 
17
Гүйцэтгэлийн баталгаа хүлээн авах (шаардлагатай бол)____
 
 
 
Хүлээн авах огноо ________________________________
 
 
 
Дүн ______________________________________________
 
 
 
Хүчинтэй хугацаа __________________________________
 
 
18
Импортын зөвшөөрөл олгохыг хүсэх (шаардлагатай бол) __
 
 
 
Импортлох зөвшөөрлийг хүлээн авах __________________
 
 
19
Аккредитив нээх: ___________________________________
 
 
 
Аккредитивын дугаар  _______________________________
 
 
 
Нээсэн огноо     _____________________________________
 
 
 
Дүн ______________________________________________
 
 
 
Хүчинтэй хугацаа __________________________________
 
 
 
Төлбөр хүлээн авагчийн банкны нэр   __________________
 
 
 
 
 
Б. МАТЕРИАЛ ТЕХНИК ХАНГАМЖ
 
Үйл ажиллагаа
Үргэлжлэх хугацаа /хоногоор/
доод
дээд
20
Тээвэрлэлтийн захиалгыг хянах   ______________________
 
 
 
 
 
 
21
Барааны тээвэрлэлт _________________________________
 
 
 
Тээврийн бичиг баримтыг хүлээн авах _________________
 
 
 
Тээврийн бичиг баримтыг батлах  ______________________
 
 
 
Барааг [байршил] хүргэх огноо   __________
 
 
 
 
 
 
22
Гаалийн бүрдүүлэлт
 
 
 
Гаалийн мэдүүлгийг бэлтгэх __________________________
 
 
 
Гаалийн мэдүүлэг, тээврийн бичиг баримтыг танилцуулах
 
 
 
Боомт, буудлын хураамж төлөх г.м_____________________
 
 
 
 
 
 
23
Тээвэрлэж агуулахад хүргэх  _______________________
 
 
 
Барааг шалгах   _________________________
 
 
 
Дутагдал бий бол мэдэгдэх ___________________________
 
 
 
Гомдол гаргах (шаардлагатай бол)_____________________
 
 
 
 
 
 
24
Ажлын талбайд хүргэх, түгээх ________________________
 
 
 
 
 Бараа, ажлын гүйцэтгэгчийг сонгоход баримтлах тусгай журмын 5 дугаар хавсралт

БАРАА, ЖИЖИГ ХЭМЖЭЭНИЙ АЖИЛ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ БҮДҮҮВЧ


Бараа, ажлын гүйцэтгэгчийг сонгоход баримтлах тусгай журмын 6 дугаар хавсралт

ТОМ ХЭМЖЭЭНИЙ АЖИЛ БОЛОН ТЕХНИКИЙН ЦОГЦОЛБОР БАРАА ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ БҮДҮҮВЧ

(УРЬДЧИЛСАН СОНГОЛТЫН ЖУРМЫГ ХЭРЭГЛЭХ ҮЕД) 



Бараа, ажлын гүйцэтгэгчийг сонгоход баримтлах тусгай журмын 7 дугаар хавсралт
ТЕНДЕРИЙН ХОРООНЫ ХЭЛБЭР, БҮРЭЛДЭХҮҮН 
 
¹
Босго үнэ (төгрөгөөр)
Тендерийн хороо
 
Бүрэлдэхүүн
Бараа, үйлчилгээ
Ажил
 
1
 
5’000’001-10’000’000
 
 
 
10’000’001-20’000’000
Сум, дүүрэг, байгууллагын
(төвлөрсөн төсвөөс санхүүжүүлэх бол)
Тендерийн хорооны дарга нь захиалагч байгууллагын дарга, эсхүл түүний эрх олгосон албан тушаалтан байна. Уг тендерийн хороо нь санхүүгийн ажилтан, ажлын хувьд техникийн бичиг баримт бэлтгэх үүрэг бүхий нэг буюу хэд хэдэн инженер, зөвлөх инженер, бараа худалдах-худалдан авах гэрээний хувьд тухайн асуудал хариуцсан ажилтан болон техникийн шинжээчээс бүрдэнэ.
 
2
 
10’000’001-50’000’000
 
 
 
20’000’001-75’000’000
 
Аймаг, нийслэл, агентлагийн
(төвлөрсөн төсвөөс санхүүжүүлэх бол)
Тендерийн хорооны дарга нь аймаг, нийслэлийн Засаг дарга, агентлагийн дарга, эсхүл түүний эрх олгосон албан тушаалтан байна. Уг тендерийн хороо нь захиалагч байгууллагын төлөөлөгч,  санхүүгийн ажилтан, тухайн асуудлыг хариуцсан нутгийн захиргааны байгууллагын төлөөлөгч, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын ажилтан (нийслэл, агентлагийн тендерийн хороо бол), эсхүл санхүүгийн хэлтсийн дарга (аймгийн тендерийн хороо бол), ажлын гэрээний хувьд техникийн бичиг баримт бэлтгэх үүрэгтэй нэг буюу хэд хэдэн инженер, зөвлөх инженер, дэд бүтцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын холбогдох ажилтан (нийслэл, агентлагийн тендерийн хороо бол), салбар хариуцсан ажилтан (аймгийн тендерийн хороо бол), бараа худалдах-худалдан авах гэрээний хувьд тухайн асуудал хариуцсан мэргэжилтэн болон техникийн шинжээчээс бүрдэнэ.
 
3
 
50’000’001-100’000’000
 
 
75’000’001-150’000’000
 
Яамны
(төвлөрсөн төсвөөс санхүүжүүлэх бол)
Яамны Тендерийн хорооны дарга нь тухайн яамны Төрийн нарийн бичгийн дарга, эсхүл түүний эрх олгосон албан тушаалтан байна. Уг Тендерийн хороо нь тухайн яамны санхүүгийн ахлах мэргэжилтэн, захиалагч байгууллагын төлөөлөгч, тухайн ажиллагааг хэрэгжүүлэх нутгийн захиргааны байгууллагын төлөөлөгч, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын мэргэжилтэн, ажлын гэрээний хувьд техникийн бичиг баримт бэлтгэх үүрэг хариуцлага хүлээсэн нэг буюу хэд хэдэн инженер, эсхүл инженерийн зөвлөх компани, дэд бүтцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын холбогдох ажилтан, бараа худалдах-худалдан авах гэрээний хувьд тухайн асуудал хариуцсан ажилтан болон техникийн шинжээчээс бүрдэнэ.
 
4
 
100’000’000 -аас дээш
 
150’000’001 -ээс дээш
Яам дундын
(төвлөрсөн төсвөөс санхүүжүүлэх бол)
Тендерийн хорооны дарга нь төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн дарга, эсхүл түүний эрх олгосон албан тушаалтан байна. Уг тендерийн хороо нь түүний томилсон Засгийн газрын холбогдох яам, агентлагийн ажилтнууд, захиалагч байгууллагын төлөөлөгч болон тухайн асуудал хариуцсан нутгийн захиргааны байгууллагын төлөөлөгчөөс бүрдэнэ.
5
 
5’000’001-ээс дээш
 
 
10’000’001-ээс дээш
 
 
Орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх
Орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх ажиллагаанд Тендерийн хороог тухайн шатны Засаг дарга байгуулна. Уг тендерийн хороо нь захиалагч байгууллагын төлөөлөгч,  санхүүгийн ажилтан, тухайн асуудлыг хариуцсан нутгийн захиргааны байгууллагын төлөөлөгч, ажлын гэрээний хувьд техникийн бичиг баримт бэлтгэх үүрэгтэй нэг буюу хэд хэдэн инженер, зөвлөх инженер, бараа худалдах-худалдан авах гэрээний хувьд тухайн асуудал хариуцсан мэргэжилтэн болон техникийн шинжээчээс бүрдэнэ.
 
 6
5’000’001-ээс дээш
10’000’001-ээс дээш
Төрийн өмчит үйлдвэрийн газрын
Төрийн өмчит үйлдвэрийн газрын удирдлага Тендерийн хороог байгуулж, түүнд Төрийн өмчийн хорооны ажилтныг оруулна.
 
7
 
5’000’001-ээс дээш
 
 
10’000’001-ээс дээш
 
Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын
Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын удирдлага Тендерийн хороог байгуулж, түүнд орон нутгийн өмчийн асуудал хариуцсан ажилтныг оруулна.
8
 
5’000’001-ээс дээш
 
 
 
10’000’001-ээс дээш
 
50%-иас дээш төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн
Төлөөлөн удирдах зөвлөл (байхгүй бол гүйцэтгэх удирдлага) Тендерийн хороог байгуулна.
Санамж: Тендерийн хорооны дарга тендерийн хорооны гишүүдийг томилно. Барааны төсөвт өртөг 5’000’001, ажлын төсөвт өртөг 10’000’001 төгрөгөөс хэтрээгүй тохиолдолд захиалагч байгууллагын дарга худалдан авах ажиллагааг хэрэгжүүлж, гэрээ байгуулах эрх олгоно.
Бараа, ажлын гүйцэтгэгчийг сонгоход баримтлах
тусгай журмын 8 дугаар хавсралт


БАРАА, АЖИЛ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ БОСГО ҮНЭ, ТҮҮНД ХОЛБОГДОХ ТЕНДЕРИЙН ЖИШИГ БИЧИГ БАРИМТЫН ЖАГСААЛТ 
 
  БАРАА
 
  АЖИЛ
 
 
Барааны
төсөвт өртөг
 
 
Бараа худалдан авах ажиллагааны
жишиг бичиг баримт
 
Ажлын
төсөвт өртөг
 
Ажил худалдан авах ажиллагааны
жишиг бичиг баримт
1
5’000’001-10’000’000
Бараа бэлтгэн нийлүүлэх, хүргэх, суурилуулах
Жижиг хэмжээний бараа худалдан авах
Үнийн саналын хүсэлт
10’000’001-20’000’000
Дунд хэмжээний ажлын
Жижиг хэмжээний ажлын
2
10’000’001-50’000’000
Бараа бэлтгэн нийлүүлэх, хүргэх, суурилуулах
Бараа худалдан авах
Жижиг хэмжээний бараа худалдан авах
 
20’000’001-75’000’000
Дунд хэмжээний ажлын
Жижиг хэмжээний ажлын
3
50’000’001-100’000’000
Бараа бэлтгэн нийлүүлэх, хүргэх, суурилуулах
Бараа худалдан авах
 
75’000’001-150’000’000
Томоохон хэмжээний ажлын
Дунд хэмжээний ажлын
 
4
100’000’001 -ээс дээш
Түлхүүр гардуулах гэрээ
Бараа бэлтгэн нийлүүлэх, хүргэх, суурилуулах
Бараа худалдан авах
 
150’000’001 -ээс дээш
Түлхүүр гардуулах гэрээ
Томоохон хэмжээний ажлын
Дунд хэмжээний ажлын
 
 
 
 
 Санамж: Харьцуулалт, шууд гэрээ байгуулахад жижиг хэмжээний бараа, ажил худалдан авах тендерийн жишиг бичиг баримтыг ашиглаж болно.


Бараа, ажлын гүйцэтгэгчийг сонгоход баримтлах
тусгай журмын 9 дүгээр хавсралт


ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЖИШИГ БИЧИГ БАРИМТЫН ЖАГСААЛТ
 
 
Төрөл
 
 
Жишиг бичиг баримт
 
Бараа худалдан авах   тендерийн бичиг баримт
Бараа худалдан авах
Бараа худалдан авах (жижиг гэрээ)
Бараа бэлтгэн нийлүүлэх, хүргэх, суурилуулах
Саналын хүсэлт (харьцуулалт ба шууд гэрээ байгуулах үед)
Ажил худалдан авах тендерийн бичиг баримт
Түлхүүр гардуулах гэрээ
Томоохон хэмжээний ажлын
Дунд хэмжээний ажлын
Жижиг хэмжээний ажлын (харьцуулалт ба шууд гэрээ байгуулах үед)
Худалдан авах ажиллагааны жишиг бичиг баримт
Бараа, ажлын тендерийн үнэлгээний заавар
Жижиг бараа, ажлын тендерийн үнэлгээний заавар
Урьдчилсан сонголтын жишиг бичиг баримт
Жишиг журам
Гүйцэтгэгчийн бүртгэлийн журам
Бусад
Шаардлагатай үед
 
Санамж:  Хуулийн дагуу явагдах бүх гэрээнд мөрдөх жишиг бичиг баримт болон үлгэрчилсэн гэрээний маягтыг Сангийн яам баталж гаргана. Захиалагч эдгээр бичиг баримт, маягтыг мөрдөх үүрэгтэй.
  
 
 

[1]               Энэхүү журам болон худалдан авах ажиллагаатай холбоотой бусад бүх баримт бичигт захиалагч гэдгийг худалдан авах ажиллагааг Засгийн газрын буюу ашиглагч байгууллагын нэрийн өмнөөс хэрэгжүүлж буй аливаа байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан /худалдан авах байгууллага, ерөнхий захиалагч, жинхэнэ захиалагч, захиалагчид туслах зорилгоор байгуулагдсан тендерийн хороо, үнэлгээний хэсэг/ гэсэн өргөн утгаар ойлгоно.
[2]               Энд дурдсан нөхцөлүүдийг ИНКОТЕРМС (INCOTERMS)-д дурдсанаар ойлгоно. СIF гэдэг нь далайн тээвэрлэлтийн үед (нэр заасан газар хүртэлх) тухайн барааны өртөг, тээвэр болон даатгалын зардлыг хамарна. CIP гэдэг нь тээврийн хэрэгслийг хосолсон үед  (нэр заасан газар хүртэлх) тээвэр болон даатгалыг хамарна. FOB гэдэг нь хөлөг онгоцонд ачих хүртэлх зардлыг хамарна. CFR гэдэг нь тухайн барааны өртөг болон тээврийн зардлыг хамрана.
[3]               EXW гэдэг нь ажил, үйлдвэр, эсхүл лангууны үнийг хэлнэ. EXW үнэ нь тухайн барааг үйлдвэрлэх, угсрахад хэрэглэсэн түүхий эд, эд анги, эсхүл барааг импортлохын өмнө төлөх бүх хураамж , татварыг багтаана.