A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЗӨВЛӨХИЙГ СОНГОХОД БАРИМТЛАХ ТУСГАЙ ЖУРАМ (Засгийн газрын 2006 оны 22 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Бүлэг: 1979
Засгийн газрын 2000 оны 101 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт
 

ЗӨВЛӨХИЙГ СОНГОХОД БАРИМТЛАХ ТУСГАЙ ЖУРАМ
 
(Засгийн газрын 2002 оны 22 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Нэг.Нийтлэг үндэслэл

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай хуулийн (цаашид "хууль" гэх) дагуу төрийн болон орон нутгийн хөрөнгөөр худалдан авах зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгох ажиллагаанд энэхүү журмыг дагаж мөрдөнө.
2. Энэхүү журмын хэрэгжилтэд хуулийн дагуу Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын худалдан авах ажиллагааг хариуцсан алба, холбогдох төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага тус тусын чиглэлээр хяналт тавина. 
3. Хуулийн дагуу байгуулагдах Тендерийн хороо нь орон тооны бус байх бөгөөд хорооны шийдвэрийг тухайн Тендерийн хороог байгуулсан байгууллагын албан бичгийн хэвлэмэл хуудсан дээр гаргаж, тамга, тэмдгээр нь баталгаажуулна.
4. Энэхүү журамд заасан "зөвлөх" гэдэг нэр томъёонд зөвлөх компани, инженерийн болон менежментийн компани, олон улсын байгууллага, хөрөнгө оруулалтын болон арилжааны банк, их, дээд сургууль, эрдэм шинжилгээ, төрийн бус зэрэг байгууллага, хуулийн этгээд, мөн түүнчлэн барилгын менежер, худалдан авах ажиллагааны мэргэжилтэн, хяналт шалгалтын мэргэжилтэн, аудитор зэрэг хувь хүмүүсийг хамруулан ойлгоно. Бодлого боловсруулах зөвлөгөө, байгууллагын бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт, менежмент, инженерийн үйлчилгээ, барилгын хяналт, санхүүгийн үйлчилгээ, худалдан авах ажиллагаа, нийгэм, байгаль орчны судалгаа болон дээрх чиглэлийн төслийг тодорхойлох, бэлтгэж боловсруулах, хэрэгжүүлэх зэрэг өргөн хүрээтэй үйл ажиллагаанд захиалагчид[1] шаардагдах чадавхийг нэмэгдүүлэхэд туслалцаа авах зорилгоор эдгээр хуулийн этгээд, хувь хүнийг зөвлөхөөр сонгож ажиллуулна.
 

Хоёр.Худалдан авах ажиллагааны төлөвлөлт

5. Зөвлөх үйлчилгээ худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг зохиохдоо холбогдох бараа, ажил худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд үндэслэх бөгөөд эдгээр нь хоорондоо уялдсан байна. Зөвлөхийг сонгох ажиллагааны төлөвлөлтийн явцад хэрэглэх маягт, бүдүүвчийг энэ журмын 1, 2 дугаар хавсралтад тусгав.
6. Захиалагч нь төвлөрсөн болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр дараа онд худалдан авах зөвлөх үйлчилгээний төслийг боловсруулж дараа оны төлөвлөгөөний төслийн хамт улсын төвлөрсөн төсвийн хувьд Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад, орон нутгийн төсвийн хувьд тухайн шатны Засаг даргад тус тус ирүүлнэ.
7. Төрийн өмчит болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн хувьд түүний удирдлага, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн хувьд  Төлөөлөн удирдах зөвлөл (байхгүй бол гүйцэтгэх удирдлага) дараа онд худалдан авах зөвлөх үйлчилгээний төслийг зохих журмын дагуу батална.
8. Тухайн жилд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах зөвлөх үйлчилгээний төслийг баталж, холбогдох шийдвэр гарсны дараа захиалагч нь зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч сонгох ажиллагааны төлөвлөлтийг бэлтгэнэ.
9. Захиалагч тухайн жилд худалдан авах зөвлөх үйлчилгээний төлөвлөлтийг удирдах дээд шатны байгууллагаар батлуулна.
10. Зөвлөхийг сонгох ажиллагааны төлөвлөлт нь дараахь үе шатуудтай байна:
а) худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах;
б) худалдан авах зөвлөх үйлчилгээний жагсаалтыг зарлан мэдээлэх;
в) Тендерийн хороо болон үнэлгээний хэсгийг байгуулах;
г) зөвлөхийг сонгоход хэрэглэх үнэлгээний аргыг сонгох;
д) ажлын даалгавар бэлтгэх;
е) үнийн тооцоог (төсөвт өртөг) зохиох;
ж) шаардлагатай бол зарлан мэдээлэх;
з) зөвлөхийн хураангуй жагсаалтыг бэлтгэх;
и) саналын урилгыг бэлтгэж, тараах;
к) саналыг хүлээж авах;
л) техникийн саналыг үнэлэх;
м) санхүүгийн саналыг нээх;
н) санхүүгийн саналыг үнэлэх;
о) чанарын болон санхүүгийн эцсийн үнэлгээ хийх;
п) хэлэлцээ хийх , шалгарсан зөвлөхөд гэрээ байгуулах эрх олгох;
р) гэрээ байгуулах;
с) гэрээний хэрэгжилт.
11. Захиалагч нь тухайн жилд худалдан авах зөвлөх үйлчилгээний жагсаалтыг өдөр тутмын болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлан мэдээлнэ.
 

Гурав.Зөвлөхийг сонгох ажиллагааны зохион байгуулалт

12. Тухайн жилд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах зөвлөх үйлчилгээний төслийг баталсан холбогдох шийдвэр гарсны дараа хуулийн 7 дугаар бүлэгт заасны дагуу Тендерийн хороо болон үнэлгээний хэсгийг байгуулна.
13. Тендерийн хороо нь дарга болон 2-оос доошгүй гишүүнээс бүрдэнэ. Тендерийн хорооны хэлбэр болон бүрэлдэхүүнийг энэ журмын 3 дугаар хавсралтад тусгав.
14. Тендерийн хорооны шийдвэрийн дагуу хорооны даргаас бусад гишүүнийг үнэлгээний хэсгийн гишүүнээр томилж болох боловч тэдгээр нь үнэлгээний хэсгийн 2/3-оос илүү байж болохгүй. Тендерийн хороо, үнэлгээний хэсгийн гишүүн нь тухайн худалдан авах ажиллагаатай ямар нэг ашиг сонирхлын зөрчилгүй этгээд байвал зохино.
15. Үнэлгээний хэсэг нь зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч сонгох ажиллагаанд хэрэглэх журмыг сонгох, ажлын даалгавар бэлтгэх, саналын урилгыг зарлан мэдээлэх болон саналыг үнэлэх ажлуудыг гүйцэтгэж, гэрээ байгуулах эрх олгох тухай дүгнэлт гаргаж Тендерийн хороонд танилцуулна.
16. Үнэлгээний хэсгийн санал, дүгнэлтийг Тендерийн хорооны хуралдаанаар авч хэлэлцэн гишүүдийн олонхийн саналаар ил санал хурааж, гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж гаргана.
17. Захиалагч нь Тендерийн хорооны зөвлөмжийг үндэслэн, гэрээ байгуулах эрхийг уг зөвлөмжийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногийн дотор шалгарсан зөвлөхөд олгоно.
18. Тендерийн хороо аливаа асуудлыг хорооны хуралдаанаар шийдвэрлэнэ. Тендерийн хороо энэхүү журмын 10-т заасан холбогдох үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор болон шаардлагатай тухай бүр хуралдана.
19. Тендерийн хорооны хуралдааныг хорооны гишүүдийн 80-аас дээш хувь нь ирсэн тохиолдолд хүчин төгөлдөрт тооцно. Тендерийн хорооны бүх гишүүд саналын тэгш эрх эдэлнэ. Тендерийн хорооны гишүүдийн санал тэнцсэн тохиолдолд асуудлыг хорооны даргын саналаар шийдвэрлэнэ. Цөөнх болсон гишүүн бүрийн саналыг үндэслэлийн хамт Тендерийн хорооны шийдвэрт хавсаргана.
20. Тендерийн хорооны хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэл хөтлөх бөгөөд хуралдаанд байлцсан бүх гишүүд түүнд гарын үсэг зурж баталгаажуулна. Шаардлагатай тохиолдолд хорооны хуралдааны явцын талаар бичлэг хийж болно.
 

Дөрөв.Худалдан авах ажиллагаанд оролцогчдын эрх, үүрэг, хариуцлага

21. Захиалагч нь зөвлөхийн чиг үүрэг, хариуцлагыг нарийвчлан тодорхойлсон байх, зөвлөх тухайн ажлыг гүйцэтгэх чадвартай, гэрээний нөхцөл тодорхой, гэрээ хэрэгжих бүрэн үндэслэлтэй байх зэрэг асуудлыг хариуцна. Үүний тулд захиалагч гэрээг хэрэгжүүлэхэд шаардагдах тодорхой хэмжээний эрх мэдлийг зөвлөхөд олгоно.
22. Захиалагчийн зүгээс дотоодын зөвлөхийг сонгон ажиллуулахыг хөхиүлэн дэмжих бодлого баримтална. Шаардлагатай техникийн чадавхи, стандартыг хангасан тохиолдолд дотоодын зөвлөхийг сонгож ажиллуулахыг захиалагч онцгой анхаарна.
23. Зөвлөх үйлчилгээг дотоодын зөвлөхтэй хамтран гүйцэтгэх санал ирүүлсэн хөгжингүй орны зөвлөхийг захиалагч дэмжинэ. Ирүүлсэн саналууд үнэлгээний шалгуур үзүүлэлтийг ижил хэмжээнд хангасан тохиолдолд дотоодын зөвлөхтэй хамтран ажиллах санал дэвшүүлсэн гадаадын зөвлөхийг илүү үнэлэх чиглэл баримтална.
24. Захиалагч нь дотоод, гадаадын зөвлөхийн хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэх боломжтой төсөлд хамтран ажиллах чадвартай дотоодын зөвлөхийн жагсаалтыг тэдний мэргэшил, чадварын тодорхойлолтын хамт хураангуй жагсаалтад орсон гадаадын зөвлөхөд гаргаж өгнө.  Дээрх жагсаалтад орсон дотоодын зөвлөхийн алинтай ч хамтран санал ирүүлэх боломжийг тэдгээр гадаадын зөвлөхөд олгоно. Гэхдээ гадаадын зөвлөх нь дээрх жагсаалтад орсон дотоодын зөвлөхтэй заавал хамтарсан санал ирүүлэх үүрэг хүлээхгүй.
 
25. Гадаад болон дотоодын зөвлөх хамтран ажиллах тохиолдолд дотоодын зөвлөхийн гүйцэтгэх үйлчилгээг санал болон гэрээнд тодорхой тусгана.
26. Эцсийн зураг төсөл, тооцоо болон техникийн тодорхойлолтыг бэлтгэх үүрэг хүлээсэн зөвлөх үйлчилгээг чанартай, шаардлагын дагуу хийгдсэн болохыг бүрэн хариуцна. Ийм зөвлөхтэй байгуулах гэрээнд энэхүү хариуцлагын талаар зохих заалт оруулна. Бусад зорилгоор сонгогдсон зөвлөх нь захиалагчид техникийн бүх асуудлаар  зөвлөмж өгч ажиллах бөгөөд зарим тохиолдолд захиалагч түүнд эцсийн шийдвэр гаргах эрхийг тодорхой хязгаартайгаар олгож болно.
27. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан холбогдох жишиг саналын урилга, үлгэрчилсэн гэрээний  маягт, бусад журмыг захиалагч заавал хэрэглэнэ. Тухайн төслийн онцлогоос шалтгаалан зөвхөн зөвлөхөд өгөх зааварчилгаа болон гэрээний тусгай нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулж болно. Эдгээр нэмэлт, өөрчлөлт нь хууль тогтоомжид нийцсэн, аль болох бага байна. Үлгэрчилсэн гэрээний маягтад талуудын хүлээх хариуцлагыг тусгасан. Зөвлөхийг сонгох ажиллагаанд хэрэглэх жишиг бичиг баримтын жагсаалтыг энэ журмын 4, 5 дугаар хавсралтад тусгав.
28. Зөвлөх нь бодит байдалд тулгуурласан мэргэжлийн зөвлөгөөг өөрийн ирээдүйн ажилтай холбож үзэхгүйгээр үнэнч шударгаар үзүүлэх бөгөөд өөрийн  хариуцсан  бусад ажил болон ашиг сонирхлын холбоо бүхий этгээдийн сонирхлын зөрчлөөс хатуу зайлсхийх үүрэгтэй. Урьдах, эсхүл одоогийн бусад захиалагчийн өмнө зөвлөхийн хүлээсэн үүрэгтэй холбогдсон сонирхлын зөрчил үүсэхээр тохиолдолд эсхүл энэ нь захиалагчийн шаардлагад бүрэн нийцүүлэн ажиллаж чадахааргүй байдалд зөвлөхийг хүргэх бол түүнийг сонгож ажиллуулахгүй. Дор дурдсан нөхцөлд зөвлөхийг сонгож ажиллуулахыг хориглоно:
а) аливаа төсөлд бараа, ажлыг захиалагчид нийлүүлж байсан этгээд буюу түүнтэй ашиг сонирхлын холбоо бүхий этгээдийг тэрхүү төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэхийг хориглоно. Мөн аль нэг төслийг бэлтгэх, хэрэгжүүлэхэд зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан этгээд буюу түүнтэй ашиг сонирхлын холбоо бүхий этгээдийг тухайн төслийн эхний үе шатны зөвлөх үйлчилгээтэй холбогдсон бараа, ажил, үйлчилгээ нийлүүлэхийг (тухайн этгээдийн үзүүлсэн өмнөх зөвлөх үйлчилгээний үргэлжлэлээс бусад) хориглоно. Төрөл бүрийн (зөвлөх, гүйцэтгэгч, нийлүүлэгч) этгээд хамтран түлхүүр гардуулах гэрээ хэрэгжүүлэх тохиолдолд энэ заалт үйлчлэхгүй;
б) зөвлөх буюу түүнтэй ашиг сонирхлын холбоо бүхий этгээдийн үзүүлэх үйлчилгээ нь зөвлөхийн үзүүлж буй бусад зөвлөх үйлчилгээтэй агуулгын хувьд зөрчилдөх бол түүнийг сонгож ажиллуулахгүй. Тухайлбал: дэд бүтцийн төслийн инженерийн зураг төслийг бэлтгэхээр ажилласан зөвлөхийг тэрхүү төслийн байгаль орчны үнэлгээ бэлтгэхийг, мөн төрийн өмчийг хувьчлахад үйлчлүүлэгчид туслалцаа үзүүлсэн зөвлөхийг энэ өмчийг өөрөө худалдан авах, эсхүл эдгээр өмчийн талаар бусад худалдан авагчдад зөвлөлгөө өгөхийг зөвшөөрөхгүй.
29. Зөвлөх нь хариуцсан үйлчилгээг мэргэжлийн стандартад нийцүүлэн өндөр түвшинд гүйцэтгэнэ. Захиалагчийн өмнө зөвлөхийн хүлээх мэргэжлийн ёс зүйн талаархи үүргийн биелэлтийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу зохицуулна.
30. Үйлчилгээг хэрэгжүүлэх явцад мэргэжилтнийг солих зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд (жишээлбэл мэргэжилтний эрүүл мэндийн байдлаас эсхүл шаардлага хангахгүй болох нь нотлогдвол) зөвлөх тухайн мэргэжилтэнтэй жишихүйц эсхүл түүнээс илүү мэргэшсэн мэргэжилтнийг захиалагчид санал болгоно.
 

Тав.Зөвлөхийг сонгох ажиллагааны журмууд Хосолмол үнэлгээний арга

31. Зөвлөхийг сонгох ажиллагаанд ихэвчлэн хосолмол үнэлгээний аргыг хэрэглэнэ. Хосолмол үнэлгээний арга нь хураангуй жагсаалтад хамрагдсан этгээдийн ирүүлсэн саналын чанар (техникийн) болон үнийг (санхүүгийн) харгалзан шалгаруулах өрсөлдөөнд үндэслэнэ. Зөвлөх үйлчилгээний онцлогоос хамааруулан техникийн болон санхүүгийн үзүүлэлтэд өгөх оноог тухай бүр урьдчилан тогтоож хамгийн өндөр нийт оноо авсан зөвлөхийг шалгаруулна.
Бага үнийн арга
32. Хосолмол үнэлгээний аргын хялбаршуулсан хэлбэр бөгөөд аудит, инженерийн ердийн тооцоо, зураг төсөл зохиох зэрэг хэвшмэл үйл ажиллагаатай, төсөвт өртөг нь 10 сая төгрөгөөс хэтрэхгүй байх зөвлөх үйлчилгээнд хэрэглэнэ. Техникийн хувьд тэнцсэн саналуудаас санхүүгийн хувьд хамгийн бага үнэ ирүүлсэн саналыг шууд шалгаруулна.
Чанарын үнэлгээний арга
33. Чанарын үнэлгээний аргыг дараахь төрлийн зөвлөх үйлчилгээнд хэрэглэнэ:
а) цогцолбор, эсхүл тусгайлсан зөвлөх үйлчилгээнд ажлын даалгавар болон зөвлөхөөс гарах үр дүнг нарийвчлан тодорхойлоход хүндрэлтэй,  үйлчлүүлэгч зөвлөхөөс шинэлэг санаа (жишээлбэл улс орны эдийн засгийн, эсхүл салбарын судалгаа, хэд хэдэн салбарын техник-эдийн засгийн судалгаа, аюултай хог хаягдлыг боловсруулах үйлдвэрийн зураг төсөл, хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, санхүүгийн салбарын шинэчлэлт) дэвшүүлсэн тохиолдолд;
б) хамгийн сайн шинжээчийг сонгох шаардлагатай, чухал ач холбогдол бүхий (жишээлбэл, далан зэрэг дэд бүтцийн томоохон хэмжээний байгууламжийн техник-эдийн засгийн болон инженерийн зураг төсөл, улс орны хэмжээний ач холбогдол бүхий бодлого боловсруулах судалгаа, Засгийн газрын томоохон агентлагийн менежментийн судалгаа) зөвлөх үйлчилгээнд ;
в) саналуудыг шууд харьцуулах боломжгүй, харилцан адилгүй арга хэлбэрээр хэрэгжүүлэх (жишээлбэл, үйлчилгээний үнэ цэнэ нь задлан шинжилгээний чанараас хамаардаг менежментийн зөвлөлгөө, салбарын болон бодлогын судалгаа гэх зэрэг) зөвлөх үйлчилгээнд.
34. Чанарын үнэлгээний арга хэрэглэх үед саналын урилгад техникийн болон санхүүгийн саналыг нэг зэрэг тус тусад нь дугтуйнд хийж ирүүлэхийг шаардана. Саналын урилгад төсөвт өртгийг тусгахгүй бөгөөд зөвхөн мэдээлэл болгох зорилгоор голлох боловсон хүчний ажиллах хугацааг тооцоолон заана. Зөвлөх нь өөрийн төсөвт өртгийг чөлөөтэй дэвшүүлэх эрхтэй.
35.Техникийн саналд хамгийн өндөр оноо авсан зөвлөхийн санхүүгийн саналыг нээж гэрээний санхүүгийн болон бусад нөхцөлийг тохиролцохоор шууд хэлэлцээ хийнэ. Энэхүү хэлэлцээний дүнд үндэслэн гэрээ байгуулах эрх олгоно. 
Зөвлөх хувь хүнийг сонгох
36.  Зөвлөх хувь хүнийг ихэвчлэн дараахь тохиолдолд сонгон ажиллуулна:
а) мэргэжилтний баг шаардлагагүй;
б) нэмэлт мэргэжлийн туслалцаа шаардлагагүй;
в) хувь хүний туршлага, чадвар голлох үүрэгтэй.
Үйлчилгээг олон тооны хувь хүмүүс үзүүлэх нь тэдгээрийн зохицуулалт, удирдлага, хамтын үүрэг хариуцлагыг хүндрэлтэй болгох тул энэ тохиолдолд зөвлөх хуулийн этгээдийг сонгож ажиллуулна.
37. Зөвлөх үйлчилгээнд тавигдсан шаардлагад чадвар нь хэрхэн нийцэж байгаад үндэслэн зөвлөх хувь хүнийг  сонгоно. Зөвлөх үйлчилгээнд оролцох саналаа илэрхийлсэн хувь хүмүүсийн чадварыг харьцуулах замаар, эсхүл захиалагчид шууд хандсан зөвлөхүүдээс сонгож болно. Захиалагчийн сонгож ажиллуулах зөвлөх хувь хүн нь зохих шаардлагыг хангасан бөгөөд зөвлөх үйлчилгээг хэрэгжүүлэхэд хэрэгцээтэй чадавхийг бүрэн эзэмшсэн байна. Чадварыг суурь боловсрол, туршлага, шаардлагатай бол монгол хэл, соёл, зан заншил, засаг захиргааны тогтолцоо, төрийн байгуулалт, орон нутгийн нөхцөлийн талаархи мэдлэг зэргийг үндэслэн үнэлнэ.
38. Зарим тохиолдолд зөвлөх хувь хүн нь зөвлөх хуулийн этгээдийн үндсэн ажилтан, эсхүл зөвлөх хуулийн этгээдтэй хамтран ажиллагч байж болно. Энэ тохиолдолд энэхүү журамд заасан сонирхлын зөрчлийн талаархи заалтууд нь тэдгээр зөвлөх хуулийн этгээдэд мөн адил хамаарна.
39. Зөвлөх хувь хүнийг сонгох журам нь зөвлөх хуулийн этгээдийг сонгох журмаас хялбар байна. Зөвлөх хуулийн этгээдийг сонгоход баримталдаг ажлын даалгаврыг бэлтгэхтэй холбогдсон заалтыг зөвлөх хувь хүнийг сонгож ажиллуулахад хэрэглэж болно. Зөвлөх хувь хүнийг сонгож ажиллуулахдаа дотоодын зөвлөхийг аль болохоор хөхиүлэн дэмжих бодлого баримтална. Зөвлөх хувь хүнийг шууд эсхүл эрдэм шинжилгээний байгууллага, олон улсын байгууллага, зөвлөх хуулийн этгээд зэрэг аль нэг байгууллагаар дамжуулан сонгон ажиллуулж болно.         
40. Зөвлөх хувь хүнийг сонгоход мэдээллийн боломжтой бүх эх сурвалжийг ашиглаж тохирох нэр дэвшигчдийн дэлгэрэнгүй жагсаалт бэлтгэнэ. Дэлгэрэнгүй жагсаалт бэлтгэх зорилгоор урилгыг өдөр тутмын сонин болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлан мэдээлж болно. Сонирхлоо илэрхийлсэн нэр дэвшигчидтэй холбоо барьж, тэдний тухайн зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх сонирхол, бололцоо, чадварыг судална. Хураангуй жагсаалтад 3-аас доошгүй тооны нэр дэвшигчдийг оруулж тэдний чадвар, туршлагад нь үндэслэн байр эзлүүлж, эхний байр эзэлсэн зөвлөх хувь хүнтэй гэрээ болон санхүүгийн нөхцөлийг хэлэлцэж болно. Тохиролцоонд хүрээгүй бол удаахь байр эзэлсэн зөвлөх хувь хүнтэй хэлэлцээ хийнэ (шаардлагатай бол тохиролцоонд хүртэл энэ маягаар үргэлжлүүлнэ).
 

Зургаа, Саналын урилга Саналын урилгыг бэлтгэх, тараах

41. Захиалагч Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан жишиг саналын урилгыг хэрэглэнэ. Саналын урилга нь дараахь зүйлээс бүрдэнэ:
      а) урилга;
б) ажлын даалгавар;
в) санал болгосон гэрээ;
г)  зөвлөхөд хүргэх мэдээлэл.
Зарлал мэдээлэл
42. Зөвлөхийн дэлгэрэнгүй жагсаалт бэлтгэх зорилгоор гэрээ байгуулах гэж буй зөвлөх үйлчилгээний зорилго, захиалагчийн мэдээлэл, санхүүжилтийн эх үүсвэр, саналыг хүлээж авах огноо, цаг, хаяг зэргийг өдөр тутмын сонин болон  хэвлэл мэдээллийн  бусад хэрэгслээр зарлан мэдээлж болно.
Урилга
43. Зөвлөхийг сонгох ажиллагаанд оролцох сонирхлоо илэрхийлж дэлгэрэнгүй жагсаалтад орсон зөвлөхүүдээс чадварын үзүүлэлтийг хангасан 3 ба түүнээс дээш зөвлөхийг хураангуй жагсаалтад оруулж тэдгээрт саналын урилгыг илгээнэ.    
Зөвлөхийн хураангуй жагсаалт
44. Захиалагч хуулийн 27.3.2, 27.3.3-т зааснаар зөвлөхийн хураангуй жагсаалтыг бэлтгэнэ. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх санал ирүүлсэн, холбогдох чадвар бүхий этгээдийг захиалагч эхний ээлжинд авч үзнэ. Хэрэв тухайн зөвлөх үйлчилгээ нь жижиг хэмжээтэй, чадвар бүхий хангалттай тооны (3-аас доошгүй) этгээд өрсөлдөх боломжтой, гадаадын этгээдийг өрсөлдүүлэх шаардлагагүй бол хураангуй жагсаалтад зөвхөн дотоодын зөвлөхийг (өмчийн олонхийг Монгол Улсын иргэн, хуулийн этгээд өмчилдөг) хамруулж  болно. Гэхдээ гадаадын этгээд зөвлөх үйлчилгээ үзүүлэхээ илэрхийлсэн бол түүнийг зөвлөхийг сонгох үйл ажиллагаанд оролцуулахаас татгалзаж болохгүй.
Ажлын даалгавар
45. Захиалагч тухайн зөвлөх үйлчилгээний ажлын даалгаврыг бэлтгэнэ. Ажлын даалгаврыг тухайн төрлийн зөвлөх үйлчилгээнд нарийн мэргэшсэн хувь хүн, эсхүл хуулийн этгээд бэлтгэнэ. Ажлын даалгаварт тусгасан үйлчилгээний цар хүрээ нь зөвшөөрөгдсөн төсөвтэй нийцсэн байх шаардлагатай. Ажлын даалгаварт зөвлөх үйлчилгээний зорилго, зорилт, цар хүрээг тодорхой тусгасан байх бөгөөд зөвлөхийг саналаа бэлтгэхэд нь шаардагдах ерөнхий мэдээллээр (одоо байгаа холбогдох судалгааны жагсаалт болон үндсэн өгөгдлүүд гэх мэт) хангасан байна. Төслийн хүрээнд мэдлэг эзэмшүүлэх, эсхүл сургалт явуулах зорилт тавьсан бол түүнд шаардагдах зардлыг төсөвт тооцох боломжийг зөвлөхөд олгох үүднээс тэдгээр сургалтад хамрагдах мэргэжилтний тоо болон бусад мэдээллийг дэлгэрэнгүй заана. Ажлын даалгаварт зөвлөх үйлчилгээг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардагдах үйлчилгээ болон судалгааг (жишээлбэл, тайлан, өгөгдөл, газрын зураг, шинжилгээ г.м) жагсаана. Өрсөлдөж буй зөвлөхүүдэд өөрийн арга зүй, боловсон хүчнийг чөлөөтэй санал болгох бололцоог олгох үүднээс ажлын даалгавар уян хатан байна. Ажлын даалгаварт захиалагч болон зөвлөхөд хамаарах үүрэг, хариуцлагыг тодорхой тусгана.
Зардлын тооцоо (төсөвт өртөг)
46. Төсөвт өртгийг боловсон хүчний ажиллах хугацаа, материал техникийн талаар үзүүлэх туслалцаа, шаардагдах хангамж (жишээлбэл, тээврийн хэрэгсэл, лабораторийн тоног төхөөрөмж) зэрэг зөвлөх үйлчилгээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын тооцоонд үндэслэн аль болох бодитой тооцно. Зардлыг үндсэн хоёр хэсэгт хуваана:
а) хөдөлмөрийн хөлс (гэрээний төрлийн дагуу);
б) нөхөн төлбөр.
Эдгээр нь дотроо гадаад болон дотоод зардал гэж хуваагдана. Боловсон хүчний зардал нь гадаад болон дотоодын боловсон хүчний ажиллах бодит тооцоонд үндэслэсэн байна.
Гэрээний төрөл
 47. Захиалагч Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан үлгэрчилсэн гэрээний маягтыг хэрэглэх бөгөөд тухайн төслийн онцлогийг тусгах зорилгоор  өөрчлөлт оруулж болох боловч тэр нь аль болох бага байх зарчим баримтална. Ийм өөрчлөлтийг зөвхөн гэрээний өгөгдлийн хүснэгт, эсхүл гэрээний тусгай нөхцөлд оруулна. Үлгэрчилсэн маягтад орсон гэрээний ерөнхий нөхцөлд ямар нэг өөрчлөлт хийж болохгүй. Зөвлөхтэй гэрээ байгуулахад дор дурдсан үндсэн хоёр төрлийн гэрээг хэрэглэнэ:
а) Нийт үнэд үндэслэсэн (Тогтоосон үнэтэй) гэрээ. Үйлчилгээний үргэлжлэх хугацаа, агуулга болон зөвлөхөөс шаардах үр дүн нарийвчлан тодорхойлогдсон зөвлөх үйлчилгээнд нийт үнэд үндэслэсэн гэрээг ихэвчлэн хэрэглэнэ. Энэ гэрээг энгийн төлөвлөлт, техник-эдийн засгийн болон байгаль орчны судалгаа, жишиг ба энгийн бүтээцийн зураг төсөл, тооцоо, мэдээлэл боловсруулах систем бэлтгэх зэрэг зөвлөх үйлчилгээнд өргөнөөр хэрэглэнэ. Төлбөрийг тайлан, зураг төсөл, үнийн жагсаалт, тендерийн бичиг баримт болон компьютерийн программ хангамж зэрэг гарсан үр дүнгийн дагуу хийнэ.[2]
б) Хугацаанд үндэслэсэн гэрээ. Үйлчилгээний цар хүрээ, үргэлжлэх хугацааг тогтооход хүндрэлтэй, эсхүл гадаад орчны нөлөөллөөс хамааран үйлчилгээг дуусгах хугацаа өөрчлөгддөг, эсхүл тухайн зөвлөх үйлчилгээний зорилтыг хэрэгжүүлэхэд зөвлөхөөс шаардах үр дүнг үнэлэхэд бэрхшээлтэй бол хугацаанд үндэслэсэн гэрээг хэрэглэнэ. Энэхүү гэрээг цогцолбор судалгаа, барилгын ажилд хяналт тавих, зөвлөлгөө өгөх үйлчилгээ болон ихэнх сургалтын үйлчилгээнд  хэрэглэнэ. Төлбөр нь мэргэжилтэнд (гэрээнд ихэвчлэн нэрийг заана) цаг, өдөр, долоо хоног буюу сараар төлөх хөлс, бодитой зарцуулсан зардлын нэр төрөл, эсхүл тохиролцсон нэгж үнээр тооцож авах нөхөн төлбөрт үндэслэнэ. Мэргэжилтний хөдөлмөрийн хөлсөнд цалин, нийгмийн болон захиргааны зардал, хураамж (буюу ашиг) болон шаардлагатай бол холбогдох тусгайлсан зардал багтана. Энэхүү гэрээнд зөвлөхөд төлөх нийт төлбөрийн дээд хэмжээг заана. Энэ нь урьдчилан таамаглаагүй ажил болон хугацаанаас шалтгаалан гарах магадлашгүй ажлын зардал, шаардлагатай бол үнийн тохируулга хийх зардлыг багтаана. [3]
Валют
48. Гэрээний валютыг хуульд заасны дагуу  саналын урилгад тодорхой заана.
Үнийн тохируулга
49. Гэрээний үргэлжлэх хугацаа 18 сараас илүү бол гадаадын эсвэл дотоодын инфляциас хамааран гэрээнд үнийн тохируулга хийх заалтыг тусгана. Дотоод, гадаадын инфляци өндөр, эсхүл түүнээс урьдчилан сэргийлэх боломжгүй бол богино хугацаатай гэрээнд ч үнийн тохируулга хийх заалтыг оруулж болно.
Гэрээний төлбөр               
50. Төлбөрийн хэмжээ, хуваарь болон журмыг хэлэлцээний үед тохиролцоно. Төлбөрийг тогтоосон тогтмол хугацаанд (хугацаанд үндэслэсэн төлбөртэй гэрээнд), эсхүл тохиролцсон үр дүнгийн дагуу (нийт үнэд үндэслэсэн төлбөртэй гэрээнд) хийнэ. Гэрээний үнийн 10%-иас хэтэрсэн урьдчилгаа төлбөрийг (жишээлбэл хөрөнгө төвлөрүүлэх үед) урьдчилгаа төлбөрийн баталгаа ирүүлсэн нөхцөлд төлнө.
51. Төлбөрийг гэрээний заалтын дагуу шуурхай хийнэ. Төлбөрт маргаантай хэсэг байгаа бол зөвхөн тэр хэсгийг үлдээж, маргаангүй хэсгийн төлбөрийг гэрээний дагуу хийнэ.
Маргааныг таслах
52. Гэрээнд маргааныг хэрхэн таслах тухай тодорхой заана. Томоохон хэмжээний гэрээнд маргааныг таслах арга хэлбэрээр олон улсын худалдааны арбитрыг тэргүүн ээлжинд сонгон үзэж болно.
Зөвлөхөд хүргэх мэдээлэл
53. Зөвлөхөд хүргэх мэдээлэлд зөвлөхийг шаардлагад нийцсэн санал бэлтгэхэд шаардагдах бүх мэдээллийг тусгана. Зөвлөхийг сонгох үйл ажиллагааг аль болох ил тод болгох зорилгоор үнэлгээнд ашиглагдах шалгуур үзүүлэлт, бусад хүчин зүйл, тэдгээрийн эзлэх хувийн жин болон авбал зохих онооны доод хэмжээ зэрэг мэдээллийг мөн тодорхой тусгана. Зөвлөхөд хүргэх мэдээлэлд төсөвт өртгийг (үнэ нь үнэлгээний шалгуур үзүүлэлтийн нэг учраас) тусгахгүй, харин голлох мэргэжилтнээс шаардагдах ур чадвар болон боловсон хүчний ажиллах хугацааг заана. Зөвлөх нь зөвлөх үйлчилгээг хэрэгжүүлэхэд шаардагдах боловсон хүчний ажиллах хугацааны талаар өөрийн үнийн тооцоог чөлөөтэй дэвшүүлэх эрхтэй. Зөвлөхөд хүргэх мэдээлэлд саналын хүчинтэй байх хугацааг заана.
54. Захиалагч нь хуульд заасны дагуу Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан зөвлөхөд хүргэх мэдээлэл бүхий жишиг саналын урилгыг хэрэглэнэ. Тухайн төслийн онцлогоос шалтгаалан захиалагч зөвлөхөд хүргэх жишиг саналын урилгаар өгч буй мэдээлэлд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай бол техникийн өгөгдлийн жагсаалтад хийх бөгөөд үндсэн бичвэрт өөрчлөлт оруулахгүй. Зөвлөхөд хүргэх мэдээлэлд зөвлөх үйлчилгээний дараахь гол асуудлын талаар хангалттай мэдээллийг тусгана:
      а) зөвлөх үйлчилгээний товч тодорхойлолт;
      б) техникийн болон санхүүгийн саналын жишиг маягт;
      в) зөвлөхийн төлөөлөгч нэмэлт тодруулга авах, холбоо барих, шаардлагатай бол уулзах ажилтны нэр,  хаяг;
      г) зөвлөхийг сонгох дэлгэрэнгүй журам. Үүнд: хоёр үе шаттай аргыг хэрэглэж байгаа бол түүний тодорхойлолт;
      -техникийн үнэлгээний шалгуур үзүүлэлтийн жагсаалт, тэдгээрийн эзлэх хувийн жин;
      -санхүүгийн үнэлгээний дэлгэрэнгүй заалт;
      -хосолмол үнэлгээний арга хэрэглэх үед техникийн (чанарын) болон санхүүгийн (үнийн) эзлэх харьцангуй хувийн жин;
      -техникийн хувьд хангавал зохих доод оноо;
      -санхүүгийн саналыг нийтийн өмнө нээх талаар дэлгэрэнгүй заалт;
      д) зөвлөхөд шаардагдах голлох мэргэжилтний түвшин болон төсөвт өртөг (хүн-сараар), санал болгох голлох мэргэжилтнээс шаардах туршлага, боловсрол болон мэргэжлийн  түвшин, нийт төсөвт өртөг г.м;
      е) гадаад санхүүжилтийн талаархи дэлгэрэнгүй мэдээлэл;
      ж) хэлэлцээ хийх талаархи мэдээлэл, хэлэлцээний үед сонгосон зөвлөхөөс шаардах санхүүгийн болон бусад мэдээлэл;
      з) саналыг ирүүлэх эцсийн хугацаа;
      и) үйлчилгээний үнэ өртгийг илэрхийлэх, харьцуулах болон төлбөр хийх валют (валютууд);
      к)зөвлөхийн гэрээнд Монгол улсын хууль тогтоомжтой холбоотой тусгайлсан заалт орсон бол түүний ишлэл;
      л)зөвлөх үйлчилгээтэй сонирхлын зөрчил үүсгэхээр бол зөвлөх болон түүнтэй ашиг сонирхлын холбоотой этгээдийг төслийн дагуу бараа, ажил, үйлчилгээ нийлүүлэх шаардлага хангахгүй гэж тооцох тухай мэдэгдэл;
      м) саналыг ирүүлэх арга хэлбэр, түүний дотор санхүүгийн санал техникийн үнэлгээнд нөлөөлөхгүй байх зорилгоор техникийн болон санхүүгийн саналыг тусад нь битүүмжилж ирүүлэх шаардлага;
      н) санал ирүүлэхийг урьсан зөвлөхөөс дараахь зүйлийг хүсэх. Үүнд:
саналын урилгыг хүлээж авсан тухайгаа мэдэгдэхийг;
санал ирүүлэх эсэх талаар захиалагчид мэдээлэхийг;
      о)санал ирүүлэхийг урьсан зөвлөхүүдийн хураангуй жагсаалт, уригдсан зөвлөхүүд хоорондоо хамтрахыг зөвшөөрөх эсэхийг заах;
      п) зөвлөхийн санал хүчинтэй байх хугацаа ихэвчлэн 30-60 хоног байна. Энэ хугацаанд зөвлөх нь санал болгосон голлох мэргэжилтэн, нэгж болон нийт үнийг өөрчлөхгүй байх үүрэг, саналын хүчинтэй байх хугацааг сунгасан тохиолдолд зөвлөх саналаа өөрчлөх эрх;
      р) шалгарсан зөвлөхөөс үйлчилгээ эхлүүлсэн байхаар тооцож буй хугацаа;
      с) зөвлөхийн гэрээ болон мэргэжилтэн татвараас чөлөөлөгдөх эсэх тухай заалт; хэрэв чөлөөлөгдөхгүй бол хэдий хэмжээний татвар ногдох, энэ талаархи мэдээллийг хаанаас авч болох тухай болон зөвлөх өөрийн санхүүгийн саналд татварыг тусад нь тооцоолж тусгах тухай заалт;
      т) ажлын даалгавар, эсхүл гэрээний төсөлд тусгагдаагүй бол захиалагчаас хангах үйлчилгээ, байгууламж, тоног төхөөрөмж болон мэргэжилтний талаархи дэлгэрэнгүй заалт;
      у) зөвлөх үйлчилгээний үе шат (байгаа бол), зөвлөх үйлчилгээг үргэлжлүүлэх шаардлагатай эсэх;
      ф) саналын урилгад заасан мэдээллийг тодруулах журам;
      х) зөвлөх үйлчилгээний зарим хэсгийг туслан гүйцэтгүүлэх нөхцөл.
 

Долоо. Саналыг ирүүлэх, хүлээн авах, үнэлэх

               
Санал ирүүлэх
55. Зөвлөх нь саналын урилгыг хүлээн аваад ажлын даалгаварт заасан шаардлага, арилжааны болон гэрээний нөхцөлийг хангаж чадах бол шаардлагад нийцэх санал бэлтгэхэд шаардлагатай арга хэмжээ (тухайлбал ажлын талбайтай газар дээр нь очиж танилцах, хамтран ажиллах түнш хайх, бичиг баримт цуглуулах, бэлтгэл ажлын баг бүрдүүлэх)-г авна. Саналын урилгын бичиг баримт, түүний дотор сонгох журам, үнэлгээний шалгуур үзүүлэлтэд хоёрдмол утгатай, зөрчилтэй, тодорхой бус, эсхүл ялгаварласан буюу хязгаарласан зүйл байвал зөвлөх нь саналын урилгад заасан хугацаанд багтаж захиалагчаас бичгээр тодруулга хүсч болно.
56. Шаардлагад бүрэн нийцсэн саналыг саналын урилгад шаардсан бүх бичиг баримтын хамт ирүүлэхийг зөвлөх хариуцна. Үндсэн шаардлагыг хангаагүй байх нь саналаас татгалзах үндэслэл болно.
Саналыг хүлээн авах
57. Захиалагч нь зөвлөхөд санал бэлтгэхэд нь хүрэлцэхүйц хугацааг гаргаж өгнө. Энэ хугацааг тухайн зөвлөх үйлчилгээний онцлогоос хамааран тогтоох бөгөөд ихэвчлэн 30-60 хоног байна. Энэ хугацаанд зөвлөхүүд саналын урилгад тусгасан мэдээллийн талаар тодруулга авахаар хүсэлтээ ирүүлж болно. Захиалагч эдгээр хүсэлтийн хариуг бичгээр үйлдэж, түүний хуулбарыг хураангуй жагсаалтад хамрагдсан бүх этгээдэд илгээнэ. Шаардлагатай тохиолдолд захиалагч саналыг хүлээн авах хугацааг сунгана. Техникийн болон санхүүгийн саналыг нэг зэрэг тус тусад нь дугтуйлан, битүүмжилж ирүүлнэ. Саналыг хүлээн авах эцсийн хугацаанаас хойш техникийн болон санхүүгийн саналд ямар нэг нэмэлт, өөрчлөлт хийхийг хориглоно. Саналыг хүлээн авах эцсийн хугацаа дуусмагц Тендерийн хороо техникийн санал бүхий дугтуйг нээнэ. Санхүүгийн саналыг нээхгүй битүүмжилсэн хэвээр үлдээх бөгөөд түүнийг нийтийн өмнө нээх хүртэл Тендерийн хорооны дарга хадгална. Саналыг хүлээн авах эцсийн хугацаанаас хойш ирүүлсэн аливаа саналыг нээхгүй шууд буцаана.
Саналыг үнэлэх
58. Үнэлгээг саналын урилга болон хуультай бүрэн нийцүүлэн явуулна. Саналын үнэлгээг эхлээд техникийн (чанарын), дараа нь санхүүгийн (үнийн) гэсэн хоёр үе шатаар явуулна. Техникийн үнэлгээ дуусч, түүнийг Тендерийн хороо батлах хүртэл үнэлгээний хэсэг санхүүгийн саналыг нээх эрхгүй. Санхүүгийн саналыг зөвхөн техникийн үнэлгээг баталсны дараа нээнэ.
Техникийн (чанарын) үнэлгээ
59. Захиалагч (үнэлгээний хэсэг) дор дурдсан шалгуур үзүүлэлтийг харгалзан техникийн санал бүрийг  үнэлнэ:
а) зөвлөхийн тухайн зөвлөх үйлчилгээтэй холбоотой туршлага;
б) санал болгосон арга зүйн чанар;
в) санал болгосон голлох мэргэжилтний чадвар;
г) мэдлэг шилжүүлэх байдал;
д)зөвлөх үйлчилгээг хэрэгжүүлэх голлох мэргэжилтнүүдийн доторхи үндэстний оролцоо.
60. Шалгуур үзүүлэлт бүрт 1-ээс 100 гэсэн тоо хуваарилна. Дараа нь эдгээр тоог холбогдох хувийн жингээр тооцож оноо болгоно. Дор дурдсан хувийн жин нь жишээ бөгөөд тухайн төслийн онцлогоос хамааран өөр өөр байж болно. Хэрэглэх хувийн жинг саналын урилгад тусгана:
Зөвлөхийн тухайлсан туршлага:                    5-10 оноо
Арга зүй:                                                               20-50 оноо
Голлох мэргэжилтэн:                                         30-60 оноо
Мэдлэг эзэмшүүлэх:                                          0-10 оноо
Үндэстний оролцоо:                                          0-10 оноо
Нийт:                                                                      100 оноо
61. Захиалагч эдгээр шалгуур үзүүлэлтийг ихэвчлэн дэд үзүүлэлтэд хуваана. Жишээлбэл, арга зүйн дэд үзүүлэлт нь шинийг эрэлхийлэх болон нарийвчилсан байдал байж болно. Гэхдээ дэд үзүүлэлт аль болохоор цөөн байвал зохино. Саналын үнэлгээнд хэт нарийвчилсан дэд үзүүлэлт хэрэглэхээс зайлсхийнэ. Зөвлөхийг хураангуй жагсаалтад хамруулахад энэ үзүүлэлтийг урьд нь харгалзан үзсэн учраас туршлагад өгөх хувийн жин харьцангуй бага байж болно. Цогцолбор зөвлөх үйлчилгээнд (жишээлбэл, олон талыг хамарсан техник-эдийн засгийн болон менежментийн судалгаанд) арга зүйд үнэлгээний илүү хувийн жин өгнө.
62. Зөвхөн голлох мэргэжилтнийг үнэлнэ. Хэрэв санал болгож буй зөвлөх үйлчилгээ цогцолбор бол голлох мэргэжилтэнд үнэлгээний илүү хувийн жин өгнө. Захиалагч голлох мэргэжилтний анкетад тусгасан чадвар, туршлагыг хянаж үзнэ. Саналын хамт ирүүлэх голлох мэргэжилтний анкетыг тодорхой зааж бөглөн бүрэн гүйцэд боловсруулж, зөвлөх болон тухайн хувь хүн гарын үсгээ зурж огноог тэмдэглэнэ. Хэрэв зөвлөх үйлчилгээ нь төслийн удирдагч зэрэг голлох мэргэжилтний үйл ажиллагаанаас шалтгаалах бол ярилцлага явуулна. Хувь хүмүүсийг ажлын даалгавартай уялдсан дор дурдсан 3 дэд үзүүлэлтийн дагуу байр эзлүүлнэ. Үүнд:
а) ерөнхий чадвар: боловсролын ерөнхий түвшин, сургалтад хамрагдсан байдал, хэдэн жилийн туршлагатай, эрхэлж байсан албан тушаал, зөвлөх хуулийн этгээдэд үндсэн ажилтнаар ажилласан хугацаа, хөгжиж буй улсад ажилласан туршлага г.м;
б) зөвлөх үйлчилгээнд тохирох байдал: тухайн зөвлөх үйлчилгээтэй холбоотой тухайн салбар, чиглэл дэх мэргэжил, боловсрол, сургалтад хамрагдсан байдал, туршлага г.м.;
в) бүс нутгийн туршлага: орон нутгийн хэл, соёл, засаг захиргааны тогтолцоо, төрийн байгуулалт зэргийн талаархи мэдлэг.
63. Захиалагч санал тус бүрийг ажлын даалгаварт заасан шаардлагатай хэрхэн нийцэж буйг үнэлнэ. Ажлын даалгаварт заасан чухал заалттай нийцээгүй, эсхүл саналын урилгад заасан техникийн саналд авбал зохих доод оноог авч чадаагүй саналыг тохирохгүй гэж үзэн үнэлгээний энэ шатанд тухайн саналаас татгалзана.
64. Эцэст нь захиалагч саналуудын талаар үнэлгээний тайлан бэлтгэнэ. Энэ тайланд үнэлгээний дүнг нотолж, саналуудын харьцангуй давуу болон сул талуудыг тодорхойлно. Үнэлгээний хуудас зэрэг үнэлгээтэй холбоотой бүх тайланг хадгална.  
Санхүүгийн (үнийн) үнэлгээ
65. Захиалагч техникийн (чанарын) үнэлгээг дууссаны дараа техникийн (чанарын) доод хэмжээг хангаагүй, эсхүл саналын урилга болон ажлын даалгаврын шаардлагыг хангаагүй санхүүгийн саналыг нь битүүмжлэгдсэн хэвээр сонгох ажиллагаа дууссаны дараа тухайн зөвлөхөд буцааж хүргүүлэх талаар мэдэгдэнэ. Үүний зэрэгцээ санхүүгийн саналыг нээх огноо, цагийг чанарын шаардлагыг хангасан зөвлөхүүдэд нэгэн зэрэг мэдэгдэнэ. Санхүүгийн саналыг нээх огноо, цагийг энэхүү мэдэгдэл явуулсан өдрөөс 14-өөс дээш хоногийн дараа байхаар товлоно. Нээлтэд оролцохыг хүссэн зөвлөхийн төлөөлөгчийг байлцуулан санхүүгийн саналыг нээнэ. Санхүүгийн саналыг нээхэд зөвлөхийн нэр, техникийн үнэлгээнд авсан оноо, үнийн саналыг чангаар уншиж, тэмдэглэл хөтөлнө. Захиалагч нээлтийн тэмдэглэл хөтөлнө.
66. Нээлтийн дараа захиалагч санхүүгийн саналыг хянаж үзнэ. Хэрэв ямар нэг арифметик алдаа байвал түүнийг засварлана. Саналуудыг харьцуулах зорилгоор хуульд заасны дагуу үнийг саналын урилгад заасан нэг валютад хөрвүүлнэ. Захиалагч ийнхүү хөрвүүлэхдээ саналын урилгыг илгээсэн өдрийн Монгол банкны албан ханшийг баримтална.
67. Үнэлгээ хийхдээ "үнэ"-д дотоодын татварыг тооцохгүй бөгөөд харин томилолт, орчуулга, тайлан хэвлэх, нарийн бичгийн зардал зэрэг нөхөн төлөгдөх зардлыг оруулан тооцно. Хамгийн бага үнийн санал ирүүлсэн саналд санхүүгийн 100 оноо өгч болох бөгөөд бусад саналуудад үнэтэй нь харьцуулан санхүүгийн оноо өгнө. Мөн түүнчлэн шууд харьцуулах болон бусад аргыг хэрэглэж болно. Хэрэглэх арга нь саналын урилгад урьдчилан тодорхойлогдсон байна.
Эцсийн үнэлгээ (техникийн болон санхүүгийн хосолсон)
68. Техникийн (чанарын) болон санхүүгийн (үнийн) оноог тус бүрийн хувийн жинг харгалзан харьцуулж хооронд нь нэмэн нийт оноог гаргана. Зөвлөх үйлчилгээний нарийн түвэгтэй байдал болон чанарын ач холбогдлыг харгалзан "үнийн" хувийн жинг сонгоно. Үнийн хувийн жинд ихэвчлэн 10-20 оноо өгөх бөгөөд нийт 100 онооны 30-аас хэтрэхгүй байна. Техникийн болон санхүүгийн хувийн жинг саналын урилгад тусгана. Хамгийн өндөр нийт оноо авсан зөвлөхийг хэлэлцээнд урина.
 

Найм.Гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах

Хэлэлцээ хийх ба гэрээ байгуулах эрх олгох
69. Хэлэлцээгээр ажлын даалгавар, арга зүй, боловсон хүчин, захиалагчийн хариуцах хангамж болон гэрээний тусгай нөхцөлийн талаар тохиролцоно. Эцсийн бүтээгдэхүүний чанар, түүний өртөг болон эхний үнэлгээнд нөлөө үзүүлэхгүй зорилгоор хэлэлцээний үед анхны ажлын даалгавар, эсхүл гэрээний нөхцөл болзолд зарчмын өөрчлөлт оруулахгүй. Зөвхөн төсөвт нийцүүлэх зорилгоор ажлын цар хүрээг ихээхэн хэмжээгээр бууруулахыг хориглоно. Эцсийн ажлын даалгавар болон үйлчилгээ үзүүлэхэд ашиглахаар тохиролцсон арга зүйг гэрээний хэсэг болох "Үйлчилгээний тодорхойлолтод" тусгана.
70. Сонгох үйл явц хэтэрхий удааширснаас голлох мэргэжилтнийг солих зайлшгүй шаардлагатай гэж талууд тохиролцсон, эсхүл ийнхүү солих нь зөвлөх үйлчилгээний зорилгыг хангахад чухал ач холбогдолтойгоос бусад тохиолдолд шалгарсан зөвлөх голлох мэргэжилтнийг солихыг зөвшөөрөхгүй. Голлох мэргэжилтэн саналдаа өөрийн чадварыг буруу мэдүүлсэн нь тогтоогдвол тэр зөвлөхийг шалгаруулалтаас хасч удаахь байр эзэлсэн зөвлөхтэй хэлэлцээ хийнэ.
71. Татвар хураамжтай холбогдсон асуудлыг гэрээнд хэрхэн тусгахыг санхүүгийн хэлэлцээний явцад тодруулна. Хүн-сарын нэгж үнэ болон нөхөн төлөгдөх зардлын дүнг саналыг үнэлэх хүчин зүйл болгон үнэлгээнд харгалзсан тул онцгой нөхцөл байдал үүссэнээс бусад тохиолдолд хэлэлцээний үед дахин  хэлэлцэж өөрчлөхгүй.
72. Хэлэлцээ амжилтгүй болсон тохиолдолд захиалагч хэлэлцээг зогсоож, удаахь байр эзэлсэн зөвлөхийг хэлэлцээнд урина. Хэлэлцээг зогсоосон үндэслэлийг зөвлөхөд мэдэгдэнэ. Удаахь байр эзэлсэн зөвлөхтэй хэлэлцээ эхэлсэн тохиолдолд өмнөх хэлэлцээг захиалагч дахин үргэлжлүүлэхгүй. Хэлэлцээ амжилттай болмогц захиалагч хураангуй жагсаалтад хамрагдсан бусад зөвлөхөд шалгараагүй тухай нь мэдэгдэнэ.
Бүх саналаас татгалзах, дахин санал урих
73. Ажлын даалгаварт шаардсанаас ихээхэн зөрүүтэй, эсхүл ирүүлсэн үнийн санал нь анхны төсвөөс хэт давсан байснаас шалтгаалж бүх санал шаардлагад нийцээгүй тохиолдолд захиалагч бүх саналаас татгалзах эрхтэй. Ирүүлсэн бүх үнийн санал нь анхны төсвөөс хэт өндөр байсан тохиолдолд төсвийг нэмэгдүүлэх, эсхүл үйлчилгээний цар хүрээг багасгах талаар судалгаа хийнэ.
Нууцлах
74. Саналыг үнэлэхтэй холбогдсон мэдээлэл, гэрээ байгуулах эрх олгохтой холбогдсон зөвлөмжийг шалгарсан зөвлөхтэй гэрээнд гарын үсэг зурах хүртэлх хугацаанд санал ирүүлсэн зөвлөхүүд болон үнэлгээнд албан ёсоор холбогдолгүй бусад хүмүүст задлахыг хориглоно.
 

Ес.Худалдан авах ажиллагааны хавтаст хэрэг

75. Захиалагч худалдан авах ажиллагаа бүрт бичиг баримтын бүрдлийн хавтаст хэрэг нээж, хөтлөн, архивын нэгж болгон хадгална. Гэрээний хэрэгжилттэй холбоотой бичиг баримтыг тухайн худалдан авах ажиллагааны хавтаст хэрэгт хавсарган хөтөлнө. Худалдан авах ажиллагаа дууссаны дараа дор дурдсан баримтыг зохих журмын дагуу хавтаст хэрэгт бүрдүүлж товъёоглоно. Үүнд:
а) гарын үсэг зурсан гэрээ, хавсралт болон гэрээний өөрчлөлт;
б) урилга болон саналын урилга (холбогдох хавсралтын хамт);
в) шалгарсан зөвлөхийн ирүүлсэн санал (тохиролцсон зүйлс болон нэмэлт
нөхцөлийн хамт);
г) сонголтын явцад хийгдсэн хурлын тэмдэглэл, албан бичиг болон бусад холбогдох материал;
д) зөвлөхөөс ирсэн, түүнд өгсөн бичиг захидал;
е) шалгараагүй зөвлөхийн ирүүлсэн санал;
ж) гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл;
з) Тендерийн хороо болон үнэлгээний хэсгийн хурлын тэмдэглэл, үнэлгээг дүгнэсэн хүснэгт;
и) гэрээний хэрэгжилт, хяналт, үнэлгээ болон төлбөрт холбогдох бичиг баримт;
к) бусад зүйл.
 

Арав.Бусад зүйл

76. Зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгох үйл ажиллагаанд оролцож буй талууд худалдан авах ажиллагааны ёс зүйн хэм хэмжээг чанд мөрдөнө.
77. Зөвлөх нь шалгаруулалтад оролцох болон гэрээ байгуулахдаа авилгал, залилан мэхлэх үйл ажиллагаанд холбогдсон нь шүүх, эсхүл холбогдох байгууллагаар тогтоогдвол захиалагч түүнд гэрээ байгуулах эрх олгохгүй бөгөөд нэгэнт эрх олгогдсон, эсхүл гэрээ байгуулагдсан бол түүнийг цуцална. Энэ тохиолдолд захиалагч түүнд гэрээ байгуулах эрх олгохоос түр хугацаагаар буюу бүрмөсөн татгалзаж, энэ тухай нийтэд зарлан мэдэгдэнэ.
_____оОо_____
     
        
 
 
 
/Энэ хавсралтад 2002 оны 270 дугаар тогтоолоор оруулсан өөрёлөлтийг тусгав./
 
Зөвлөхийг сонгоход баримтлах тусгай журмын 1 дүгээр хавсралт

ЗӨВЛӨХИЙГ СОНГОХ БҮДҮҮВЧ

 
Зөвлөхийг сонгоход баримтлах
                                                                               тусгай журмын 2 дугаар хавсралт
 
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НИЙТЛЭГ ХУВААРЬ
(Цар хүрээ, төсвийг батлахаас үйлчилгээ үзүүлж эхлэх хүртэл)
 

¹
Долоо хоног
Үйл ажиллагаа
 
10
 
11
 
12
 
13
 
14
 
15
 
16
 
17
 
18
 
19
 
20
 
21
 
22
 
23
 
24
 
 
 
 
 
 
 
 
 
1
 
2
 
3
4
 
5
6
7
 
8
 
9
10
 
11
12
Сонирхлоо илэрхийлсэн зөвлөхүүдийг авч үзэх
Хураангуй жагсаалт бэлтгэж, Тендерийн хороог хуралдуулах
Үнэлгээний хэсгийн эхний хурал
Тендерийн хорооны баталсан компанийг урих
Зөвлөх санал бэлтгэх хугацаа
Хүлээн авсан саналыг үнэлэх
Үнэлгээний хэсгийн дараагийн хурал
Хамгийн сайн үнэлэгдсэн зөвлөхийг Тендерийн хороо болон захиалагч батлах, хэлэлцээнд урих
Гэрээний хэлэлцээ хийх
Тохиролцсон гэрээг батлах, гарын үсэг зурах
Ажлын бэлтгэл хангах
Үйлчилгээг эхлэх
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
                                                                              Зөвлөхийг сонгоход баримтлах
тусгай журмын 3 дугаар хавсралт
ТЕНДЕРИЙН ХОРООНЫ ХЭЛБЭР, БҮРЭЛДЭХҮҮН
 
Босго үнэ (төгрөгөөр)
Тендерийн хороо
 
Бүрэлдэхүүн
¹
Бараа, үйлчилгээ
Ажил
 
1
 
5’000’001-10’000’000
 
 
10’000’001-20’000’000
Сум, дүүрэг, байгууллагын
(төвлөрсөн төсвөөс санхүүжүүлэх бол)
Тендерийн хорооны дарга нь захиалагч байгууллагын дарга, эсхүл түүний эрх олгосон албан тушаалтан байна. Уг Тендерийн хороо нь санхүүгийн ажилтан, ажлын хувьд техникийн бичиг баримт бэлтгэх үүрэг бүхий нэг буюу хэд хэдэн инженер, зөвлөх инженер, бараа худалдах-худалдан авах гэрээний хувьд тухайн асуудал хариуцсан ажилтан болон техникийн шинжээчээс бүрдэнэ.
 
2
 
10’000’001-50’000’000
 
 
20’000’001-75’000’000
 
Аймаг, нийслэл, агентлагийн
(төвлөрсөн төсвөөс санхүүжүүлэх бол)
Тендерийн хорооны дарга нь аймаг, нийслэлийн Засаг дарга, агентлагийн дарга, эсхүл түүний эрх олгосон албан тушаалтан байна. Уг Тендерийн хороо нь захиалагч байгууллагын төлөөлөгч,  санхүүгийн ажилтан, тухайн асуудлыг хариуцсан нутгийн захиргааны байгууллагын төлөөлөгч, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын ажилтан (нийслэл, агентлагийн Тендерийн хороо бол), эсхүл санхүүгийн хэлтсийн дарга (аймгийн Тендерийн хороо бол), ажлын гэрээний хувьд техникийн бичиг баримт бэлтгэх үүрэгтэй нэг буюу хэд хэдэн инженер, зөвлөх инженер, дэд бүтцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын холбогдох ажилтан (нийслэл, агентлагийн Тендерийн хороо бол), салбар хариуцсан ажилтан (аймгийн Тендерийн хороо бол), бараа худалдах-худалдан авах гэрээний хувьд тухайн асуудал хариуцсан мэргэжилтэн болон техникийн шинжээчээс бүрдэнэ.
 
3
 
50’000’001-100’000’000
 
 
75’000’001-150’000’000
 
Яамны
(төвлөрсөн төсвөөс санхүүжүүлэх бол)
Яамны Тендерийн хорооны дарга нь тухайн яамны Төрийн нарийн бичгийн дарга, эсхүл түүний эрх олгосон албан тушаалтан байна. Уг Тендерийн хороо нь тухайн яамны санхүүгийн ахлах мэргэжилтэн, захиалагч байгууллагын төлөөлөгч, тухайн ажиллагааг хэрэгжүүлэх нутгийн захиргааны байгууллагын төлөөлөгч, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын мэргэжилтэн, ажлын гэрээний хувьд техникийн бичиг баримт бэлтгэх үүрэг хариуцлага хүлээсэн нэг буюу хэд хэдэн инженер, эсхүл инженерийн зөвлөх компани, дэд бүтцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын холбогдох ажилтан, бараа худалдах-худалдан авах гэрээний хувьд тухайн асуудал хариуцсан ажилтан болон техникийн шинжээчээс бүрдэнэ.
 
4
 
100’000’000- аас дээш
 
150’000’001 -ээс дээш
Яам дундын
(төвлөрсөн төсвөөс санхүүжүүлэх бол)
Тендерийн хорооны дарга нь төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн дарга, эсхүл түүний эрх олгосон албан тушаалтан байна. Уг Тендерийн хороо нь түүний томилсон Засгийн газрын холбогдох яам, агентлагийн ажилтнууд, захиалагч байгууллагын төлөөлөгч болон тухайн асуудал хариуцсан нутгийн захиргааны байгууллагын төлөөлөгчөөс бүрдэнэ.
 
5
 
5’000’001-ээс дээш
 
 
10’000’001-ээс дээш
 
 
Орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх
Орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх ажиллагаанд Тендерийн хороог тухайн шатны Засаг дарга байгуулна. Уг Тендерийн хороо нь захиалагч байгууллагын төлөөлөгч,  санхүүгийн ажилтан, тухайн асуудлыг хариуцсан нутгийн захиргааны байгууллагын төлөөлөгч, ажлын гэрээний хувьд техникийн бичиг баримт бэлтгэх үүрэгтэй нэг буюу хэд хэдэн инженер, зөвлөх инженер, бараа худалдах-худалдан авах гэрээний хувьд тухайн асуудал хариуцсан мэргэжилтэн болон техникийн шинжээчээс бүрдэнэ.
 
 6
5’000’001-ээс дээш
10’000’001-ээс дээш
Төрийн өмчит үйлдвэрийн газрын
Төрийн өмчит үйлдвэрийн газрын удирдлага Тендерийн хороог байгуулж, түүнд Төрийн өмчийн хорооны ажилтныг оруулна.
 
7
 
5’000’001-ээс дээш
 
 
10’000’001-ээс дээш
 
Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын
Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын удирдлага Тендерийн хороог байгуулж, түүнд орон нутгийн өмчийн асуудал хариуцсан ажилтныг оруулна.
 
8
 
5’000’001-ээс дээш
 
 
10’000’001-ээс дээш
 
50%-иас дээш төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн
Төлөөлөн удирдах зөвлөл (байхгүй бол гүйцэтгэх удирдлага) Тендерийн хороог байгуулна.
Санамж: Тендерийн хорооны дарга Тендерийн хорооны гишүүдийг томилно. Зөвлөх үйлчилгээний төсөвт өртөг 5’000’001 төгрөгөөс хэтрээгүй тохиолдолд захиалагч байгууллагын дарга худалдан авах ажиллагааг хэрэгжүүлж, гэрээ байгуулах эрх олгоно.
                                                                     Зөвлөхийг сонгоход баримтлах
тусгай журмын 4 дүгээр хавсралт
ЗӨВЛӨХИЙГ СОНГОХ АЖИЛЛАГААНЫ БОСГО ҮНЭ, ТҮҮНД
ХОЛБОГДОХ ЖИШИГ БИЧИГ БАРИМТЫН ЖАГСААЛТ
                               
      Сангийн яамнаас гаргасан худалдан авах ажиллагааны журам болон жишиг бичиг баримтыг төсөвт өртгөөс хамааруулан хэрэглэх зааврыг доорхи хүснэгтэд үзүүлэв.
 
 
Зөвлөхийг сонгох ажиллагаа
Д/д
Төсөвт өртөг /төгрөг/
Худалдан авах ажиллагааны журам
Худалдан авах ажиллагааны
жишиг бичиг баримт
 
1
5’000’001-10’000’000
Бага үнийн арга
Саналын урилга (энгийн)
Жижиг хэмжээний зөвлөх үйлчилгээний жишиг гэрээ (нийт үнэд үндэслэсэн төлбөртэй)
2
10’000’001-50’000’000
Хосолмол үнэлгээний арга
Саналын урилга (энгийн)
Жижиг хэмжээний зөвлөх үйлчилгээний жишиг гэрээ (нийт үнэд үндэслэсэн төлбөртэй)
Жижиг хэмжээний зөвлөх үйлчилгээний жишиг гэрээ (хугацаанд үндэслэсэн төлбөртэй)
3
50’000’001-100’000’000
 
Хосолмол, эсхүл
чанарын үнэлгээний арга
Саналын урилга
Жижиг хэмжээний зөвлөх үйлчилгээний жишиг гэрээ (нийт үнэд үндэслэсэн төлбөртэй)
Том хэмжээний зөвлөх үйлчилгээний жишиг гэрээ  (хугацаанд үндэслэсэн төлбөртэй)
Томоохон хэмжээний зөвлөх үйлчилгээний жишиг гэрээ (нийт үнэд үндэслэсэн төлбөртэй)
 Томоохон хэмжээний зөвлөх үйлчилгээний жишиг гэрээ (хугацаанд үндэслэсэн төлбөртэй)
4
100’000’001-ээс дээш
Хосолмол,  эсхүл
чанарын үнэлгээний арга
Саналын урилга
Жижиг хэмжээний зөвлөх үйлчилгээний жишиг гэрээ (нийт үнэд үндэслэсэн төлбөртэй)
Жижиг хэмжээний зөвлөх үйлчилгээний жишиг гэрээ (хугацаанд үндэслэсэн төлбөртэй)
Томоохон хэмжээний зөвлөх үйлчилгээний жишиг гэрээ (нийт үнэд үндэслэсэн төлбөртэй)
5.   Томоохон хэмжээний зөвлөх үйлчилгээний жишиг гэрээ (хугацаанд үндэслэсэн төлбөртэй)
                                                                     
                                                                    Зөвлөхийг сонгоход баримтлах
тусгай журмын 5 дугаар хавсралт
               
ЗӨВЛӨХИЙГ СОНГОХ АЖИЛЛАГААНЫ ЖИШИГ БИЧИГ БАРИМТ,
ҮЛГЭРЧИЛСЭН ГЭРЭЭНИЙ МАЯГТЫН ЖАГСААЛТ
 
Төрөл
Бичиг баримт
 
Зөвлөхийг сонгож ажиллуулах
Жишиг саналын урилга (ЖСУ)
     
Үлгэрчилсэн гэрээний маягт
2.   Томоохон хэмжээний зөвлөх үйлчилгээний үлгэрчилсэн гэрээ (хугацаанд үндэслэсэн төлбөртэй)
3.   Томоохон хэмжээний зөвлөх үйлчилгээний үлгэрчилсэн гэрээ (нийт үнэд үндэслэсэн төлбөртэй)
4.  Жижиг хэмжээний зөвлөх үйлчилгээний үлгэрчилсэн гэрээ (хугацаанд үндэслэсэн төлбөртэй) 
5.   Жижиг хэмжээний зөвлөх үйлчилгээний үлгэрчилсэн гэрээ (нийт үнэд үндэслэсэн төлбөртэй)
Жишиг бичиг баримт
Зөвлөх үйлчилгээ худалдан авах ажиллагааны үнэлгээний удирдамж
Бусад
Шаардлагатай үед
 
Санамж:   Хуулийн дагуу явагдах бүх гэрээнд мөрдөх жишиг бичиг баримт болон үлгэрчилсэн гэрээний маягтыг Сангийн яам баталж гаргана. Захиалагч эдгээр бичиг баримт, маягтыг мөрдөх үүрэгтэй.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
[1]                Энэхүү журам болон худалдан авах ажиллагаатай холбоотой бусад бүх баримт бичигт захиалагч гэдгийг худалдан авах ажиллагааг Засгийн газрын буюу ашиглагч байгууллагын нэрийн өмнөөс хэрэгжүүлж буй аливаа байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан /худалдан авах байгууллага, ерөнхий захиалагч, жинхэнэ захиалагч, захиалагчид туслах зорилгоор байгуулагдсан Тендерийн хороо, үнэлгээний хэсэг/ гэсэн өргөн утгаар ойлгоно.    
[2]               Тодорхой гарсан үр дүнгийн дагуу төлбөр хийдэг учир нийт үнэд үндэслэсэн гэрээний хэрэгжилтийг хянаж удирдахад хялбар байдаг.
[3]               Тухайн зөвлөх үйлчилгээ зохих хэмжээнд хэрэгжсэн, зөвлөхийн нэхэмжилсэн төлбөр бодитой болохыг баталгаажуулах зорилгоор захилагч хугацаанд үндэслэсэн гэрээний хэрэгжилтийг нарийвчлан хянаж удирдана.